Өвөр Монголын тэмдэглэл
Монгол хүн газар орныг заахдаа уулын ар, өвөр гэж ярьдагтай нэг адил говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэж нэрлэжээ гэж тайлбарласан нь бий. Өмнөд хилээс урагш амьдрах элэг нэгтнүүдээ монгол үндэстнүүд “Өвөр Монгол” хэмээдэг. Түүхийн зарим бичигт "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий ч энэ нь Хятад, Орос, Японы байр суурийг тайлбарлахын тулд юм.
Монгол хүн газар орныг заахдаа уулын ар, өвөр гэж ярьдагтай нэг адил говийн хойд талын нутгийг "Ар Монгол", өмнөд талын нутгийг "Өвөр Монгол" гэж нэрлэжээ гэж тайлбарласан нь бий. Өмнөд хилээс урагш амьдрах элэг нэгтнүүдээ монгол үндэстнүүд “Өвөр Монгол” хэмээдэг. Түүхийн зарим бичигт "Дотоод Монгол" гэж бичих тохиолдол бий ч энэ нь Хятад, Орос, Японы байр суурийг тайлбарлахын тулд юм. Хятад хэлээр Nei Mongu буюу “дотоод монгол” гэж бичигддэг нь Манж хэлний “dorgi” (дотоод), tulergi (гадаад) гэдэг үгнээс эхтэй, Хятад төвтэй энэ нэрийг Монголоос бусад хэлэнд түгээмэл хэрэглэдэг.
Өдгөө Өвөр Монголын хүн ам 20 саяас хол давж 30 сая дөхсөн ч найман сая хүрэхгүй монголчууд, үлдсэн 70 гаруй хувь нь хятад иргэд байдаг аж. Хятад дахь монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг учраас ястан тус бүрийн хүн амын тоог мэдэхэд хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар ялгардаг Цахар, Сөнөд, Үзэмчин, Авга, Авханар, Урад, Ордос, Хошууд, Халх, Баарин, Ар хорчин, Онгиуд, Хишигтэн, Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Өөлд, Торгууд гэх олон яст монголчууд Өвөр Монголын нутагт амьдарч байна. (Википедиа)
Мянга сонсохоор нэг удаа үз
Эрээн хотоос урагш зориход захгүй их элсэн цөл үргэлжлэх атал Хөх хотоос нааш эргэхэд “Далан хар” нэртэй тоо томшгүй олон элс, хайрганы карьерийг эгнүүлэн өрсөн мэт үелсэн урт хар уулыг даван явсаар мөн л зах хязгааргүй урт тал хөндийтэй золгоно. Далан хар уулыг даван давтал замын хоёр талд зоосон зам, барилгын том том техникүүд, уул нүхэлсэн түнелууд жирэлзэн өнгөрнө. Өмнө Хөх хот руу ирж, очдог хоёр урсгалтай нарийнхан замыг нэг урсгалтай болгож, орох, гарах чиглэлийг салгаснаа одоо Далан хар уулыг нэвт нүхэлсэн шулуун замыг дахин барьж байгаа аж. Уулын бэлээс оройг хүртэл хүний гараар тарьж ургуулсан мод, бут үргэлжилнэ. Хур тунадас бага унах учир тарьсан модоо хатаахгүйн тулд уулын орой дээгүүр нарийн хоолой шугам татаж, механик аргаар усалдаг байна. Элс, чулуу ихтэй уруу газар усаа урсгаж алдахгүй хөрсөнд нь шингээхийн тулд мод нэг бүрийг цемент хашлагаар хаяалсан байх аж. Мөн ч их хөдөлмөр өө...
Дөчөөд минут яваад Далан хар уулаас бууж ирсний дараа бас л хөндий дүүрэн мод, бут үргэлжилнэ. Хойд зүгээс ирэх элсний нүүдлийг зогсоохын тулд хүний хүчээр бүтээсэн бас нэг “хэрэм цайз” гэлтэй. Ар Монголын Засгийн газар арваад жилийн өмнө “Ногоон хэрэм” гэж хөтөлбөрийг эхлүүлж Тужийн нарсанд нэг хэсэг гацуур суулгаад мартсантай харьцуулах аргагүй. Хүн бүр жилд нэг ширхэг мод тарих үүрэгтэй, хэрвээ тарихгүй бол улсад мөнгө төлдөг. Одоо бол нүх ухах ажлыг техникийн хүчээр хийдэг болсон учраас хүний хүчин зүйл харьцангуй багассан гэнэ. Энэ бүхнийг харсан шигээ атаархах сэтгэлдээ дийлдэж явтал Хөх хотоос гарахаас өмнө хоолны ширээн дээр сонссон нэгэн яриа санаанд оров. Өвөр Монголд өмнө очсон манайхны нэг нь “Эндээс 200 дарга Монголд аваачвал ч улс маань тэр дороо л босоод ирнэ дээ. Манай дарга нар ч гэсэн энд ирж ажил сурахгүй юу” гэж хошигноход нөгөө нь “Яах юм бэ, хайран сайхан мод нь үхчихнэ” хэмээн үнэнээсээ санаа зовнисон юм гэнэ лээ. ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь хатагтайн аав өдгөө 70 жилийнхээ ойтой золгож буй ӨМӨЗО-ыг байгуулсан хүн аж. Үүнээс хойш гурван үеэрээ энэ орныг удирдаж байгаа.
Эрээн хотыг зорих замд хятад үндэстэн голлосон энэ улсад монгол үндэстний уламжлан суусан Дөрвөд хошуугаар дайран өнгөрнө. Манжийн үед Монголын ноёд эрх мэдлээ булаалдан ахан дүүсээ хөнөөж байхад Хасарын удмын дөрвөн хөвгүүн өөр хоорондоо эвдрэлгүйгээр газар нутгаа хуваан захирч суусан учраас “Дөрвөн хүүхдийн хошуу” хэмээн нэрлэгдэж байгаад хожмоо дуудлага нь сунжирсаар “Дөрвөд хошуу” гэх болсон тухай жолооч маань хүүрнэв. Өдгөө хот болгон өөрчилсөн Улаанцав аймгийн харьяат хошуу юм байна.
Холын зорилго, ойрын зовлон
Хөх хотод болж өнгөрсөн Монгол-Хятадын Экспо 2017 болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын форумын үеэр олон хэлийн хүмүүс цуглаж, олон ч чухал асуудлыг хэлэлцэв. Эдийн засаг, бизнес, соёл, боловсрол гээд. Хэзээ ажил болж гарт баригдах нь тодорхойгүй эдийн засгийн том том бодлогуудаас илүү одоо тулгамдаад байгаа бэрхшээл зовлонгоо хуваалцсан “Өвсний аж ахуйн хөгжил, шинэчлэл 2017” чуулган зарим хүний анхаарлыг арай илүү татав. Хятад хэл дээр “өвсний аж ахуй” гэж орчуулагдаад, эргээд монгол руугаа тэр хэвээр нь буулгачихсанаас биш үнэн хэрэгтээ бол бэлчээрийн л тухай л даа.
ӨМӨЗО-ны хувьд манай улстай нэгэн адил мал аж ахуйн орон. Нүүдлийн мал аж ахуй, экологийн цэвэр бүтээгдэхүүн дэлхий нийтийн сонирхлыг татдаг ч гэлээ манайд байгаа бэрхшээл тэнд ч бас байна. Өнөөдрийн ашиг орлогын араас хөөцөлдөж, малын тоо толгойд хэт шунаснаас болж бэлчээрийн даац хэтэрч, экологийн доройтолд хүргээд байгаа нь хожмын өдөр ямар ч үнээр нөхөн сэргээх боломжгүй хор хохирол юм гэдгийг чуулганд оролцсон олон хэлийн эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хэлж байна. Гэхдээ л бэлчээрийн менежмент тал дээр манай хүрсэн түвшин, тэдний хүрсэн түвшин өөр өөр.
Хятад улсад бэлчээрийг хуваарьтай ашиглуулж, малчин айлын ам бүлийн тоотой харьцуулан газар хуваарилдаг, хуваарилсан газрын даацад тохирсон тоо толгойгоор мал өсгөхийг зөвшөөрдөг. Даацыг хэтрүүлэн бэлчээр доройтуулсан, эвдрэлд хүргэсэн тохиолдолд малчдад төлбөр оногдуулдаг аж. Газар нутгийн хэмжээ, хүн ам болон малын тоо толгойноос шалтгаалан хуваарилсан газрын хэмжээ өөр өөр. Шилийн гол аймагт жишээ нь, нэг хүний 360 му (манайхаар бол га)-гаар бодож бэлчээр хуваарилдаг. Хоёр хүүхэдтэй дөрвөн ам бүлд 1440 му газар оногдоно гэсэн үг. Ам бүлийн тооноос хамаарч хамгийн багадаа 40-50 хонь, найман үхэртэй байхыг зөвшөөрдөг. Эндээсээ зүүн тийшээ хүн ам, газар нутаг ихтэй аймгуудад 1000 хүртэл толгой малтай “баян” айл ч байх. Малчдын амьдрал ерөнхийдөө манайхтай төстэй, дээр доор, баян ядуугийн ялгаа ихтэй.
Бэлчээр доройтуулсны төлбөрийг 30 хувийг малчин өрхөөс, 70 хувийг улсаас гаргаж нөхөн сэргээлт хийдэг ч сүүлийн үест малчид “мөнгөгүй” гээд төлбөр төлөх нь хойрго болсон тул (энэ ч бас л малчдын амьдрал өдрөөс өдөрт доройтож буйн бас нэг илрэл) 100 хувь улсаас санхүүжүүлдэг болсон байна. Хятад улс энэ ажилд их хэмжээгээр мөнгө зарах болсон тул нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн компаниуд ч захаас аван. Өвөр Монголдоо бол Минцао групп толгой цохидог гэнэ. Бэлчээрийн менежментээр жилдээ 4000 гаруй, сүүлийн арван жилд 40 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэгдсэн ч энэ нь хаана ч хүрэлцэхгүй байна, бэлтгэсэн мэргэжилтнүүд нь чадваргүй байна, ажилдаа сэтгэл гаргахгүй байна гэх шүүмжлэл ч бас сонсогдож л байв. Ажил явж байхад асуудал хаа мундах билээ.
Харин манайхны хувьд ХААИС-д нэг хэсэг бэлчээрийн менежментээр мэргэжилтэн бэлтгэж байгаад одоо больжээ. Аль ч шатны төрийн байгууллага, хувийн хэвшилд бэлчээрийн асуудал хариуцсан албан тушаалтан, мэргэжилтний орон тоо байдаггүй учраас угаасаа л төгсөөд ажлын байргүй нөхдийг сургууль, боловсролоор бэлтгэхээ больсон байна. Уг нь бол сум болгонд Мал эмнэлэг үржлийн тасаг гэж байдаг, сумын ЗДТГ-т харьяалагддаг. Тэнд нь нэг зоотехникч, нэг малын эмч, нэг бүртгэл статистикийн ажилтан л орон тоогоор ажилладаг. Өөрөөр хэлбэл, малаа л өсгөхийг урьтал болгохоос биш мал аж ахуйнхаа үндэс, суурь болсон бэлчээрийн асуудалд огт анхаарч байсангүй. Айлаар яривал хэзээ мөдгүй цөмрөхөд бэлэн болчихсон шалан дээрээ авдар саваа давхарлаж нэмээд байна аа л гэсэн үг.
МУИС-иин Газар зүйн танхимын профессор, Өвөр Монголын Их сургуулийн хүндэт профессор, газар зүйн шинжлэх ухааны доктор С.Шийрэв-Адьяа Авөр Монголын Багшийн их сургуулийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч Монгол орны бэлчээрийн нөхцөл байдлын талаар 10 гаруй жил хийсэн судалгааныхаа үр дүнг чуулга уулзалтынханд танилцуулсан. Улсын хэмжээнд бэлчээрт ашиглагдаж байгаа газрын хөрсний нөхцөл байдлыг ургамлын хамт судлан бэлчээрийн тэжээлийн нөөцийг тооцож, үүндээ тулгуурлан тухайн бэлчээрийн нөөцөд тохирсон малын тоо толгойг тооцож гаргасан байна. Мэдээж энэ бол олон жилийн судалгаа, дүгнэлтээс чихэнд тод сонсогдсон нэгээхэн хэсэг нь.
Одоо байгаа бэлчээр, тэжээлийн нөөцөөс аваад үзвэл Монгол Улсын хэмжээнд хонин толгойгоор 45-50 сая мал өвөлжих боломжтой. Зуншлага сайтай жил 60 хүртэл сая толгой, харин зуншлага муутай жил бол энэ тоо огцом буурч 30-35 сая толгой мал өвөлжүүлэхэд хангалттай гэнэ. Гэхдээ энэ бол хонин толгойгоор тооцсон тоо гэдгийг дахин тодотгох хэрэгтэй. Хонин толгойд шилжүүлэхээр нэг тэмээ 9 хонь, адуу 7, үхэр 6, ямаа 1,9 хоньтой тэнцэнэ. Одоо байгаа 70 сая толгой малаа хонин толгойд шилжүүлбэл зохистой хэмжээнээс хэд дахин илүү гарна гэсэн үг. ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын хэлсэнчлэн энэ жил зуншлага муу, тариалангийн болоод бэлчээрийн ургац муу байгаа тул 45-50 сая хонин толгой мал өвөлжих боломжгүй болчихоод байгаа юм байна. Тиймээс мал өвөлжилтийн бэлтгэлийг зохицуулах төрийн бодлого хэрэгтэй болж байгаа ч одоогоор тэр бодлого нь харагдахгүй л байна. Тооцоолж гаргасан бэлчээр, тэжээлийн нөөцөөс үзвэл зүүн тийшээ Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад бэлчээрт өсгөх малын тоо толгойг одоо байгаагаас нэлээд өсгөх боломжтой. Харин баруун болон төвийн аймгуудад энэ харьцаа эсрэгээрээ, одоо байгаа малын тоо толгой нь бэлчээрийн даац буюу зохистой хэмжээнээс 3-4 дахин, зарим газар 4-5 дахин их байна. Ирэх өвлийг гарз багатай давья гэвэл ядаж л бэлчээр сэлгэх, отор нүүдэл хийх шаардлагатай гэсэн үг.
Асуудал хаанаа байна?
Сая 500 мянган кв.км газар нутаг дээр 70 сая толгой мал маллаж болохгүй болсон, бэлчээрийн даац хэтэрсэн шалтгааныг эрдэмтэд, судлаачид нэг л утгаар тайлбарлаж байна. Төрийн өмчийн буюу эзэнгүй газар нутаг дээр хувийн өмчийн мал өсгөж байгаа нь бэлчээрийг доройтуулах, эзэнгүйдүүлэх, эвдэрч гэмтүүлэх шалтгаан болж байна аа гэж. Хятад улс болон ӨМӨЗО-ны хувьд бэлчээрийг хуваарьтай ашиглаж, бэлчээрийн даацдаа тохирсон тоо толгойгоор малаа өсгөх шаардлага тавьдаг бол манайд аль аль нь байхгүй, ямар ч бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Үндсэн хуулиндаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн атлаа бэлчээрийг яагаад төр хамгаалж болоогүй юм гэхчлэн олон асуулт эндээс гарна. Хэрэвзээ төр хамгаалж чадахгүй гэвэл нь ядаж л бэлчээрийг хувьчлах, наад зах нь бэлчээрийг хуваарьтайгаар ашиглуулдаг систем рүү шилжихгүй бол одоо байгаа 70 сая малаа ч хадгалж хамгаалж чадахгүйд хүрэх нь. Малын тоо толгойг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх, өндөр үр ашигтай фермерийн аж ахуй байгуулах гэх мэт нь дахиад эдийн засгийн өөр том асуудал болоод явчихна.
Дээр нь нөхөн сэргээлтийн асуудал. Манайд уул уурхайд ашигласан газрын нөхөн сэргээлтийг уг баялгийг ашигласан компани өөрсдөө хийх үүрэг хүлээж байгаа. Харин бэлчээрийн талхагдал, эвдрэл доройтлыг нөхөн сэргээх үүргийг төр ч, хувийн хэвшил ч хүлээгээгүй. Ялангуяа бэлчээр ашиглаж байгаа малчдын тухайд ямар ч хяналт, зохицуулалтгүй явж ирсэн. Төв аймгийн малчин Дорж Хэнтий аймагт очиж өвөлжөөд, нутаг бэлчээрийг нь доройтуулаад гараад явчихсан байлаа гэхэд эргээд ямар ч үүрэг хүлээдэггүй, төлбөр төлдөггүй. Нэгэнт хуулийн зохицуулалт, төрийн бодлого байхгүй учраас судлаач, эрдэмтэд хүч хавсраад эхний ээлжинд Хятадын талаас хөрөнгө мөнгөний дэмжлэг авч бэлчээрийн нөхөн сэргээлтийн ажлыг туршилтын журмаар эхлүүлэхээр болсон тухайгаа С.Шийрэв-Адьяа доктор дуулгав. Хэрэв энэ ажил амжилттай болж, үр дүнгээ өгч гэмээн төрийн нүд чих бас энэ зүг рүү хандаж, гар хөлөө дүрж мэдэх л юм даа. Тэгж гэмээн ХАА-н үйлдвэрлэлийн бас нэг шинэ салбар шангаа татах нь. Сургууль төгсөөд хот хүрээнд шигдэж, худалдааны лангуу түших, рестораны ширээ арчихаас хэтэрдэггүй гэж шүүмжлүүлдэг байсан малчдын хүүхэд ч ажлын шинэ талбартай болох юм. Үүний тулд дахиад л нөгөө боловсон хүчний асуудал... Техник, технологийг бол яах вэ, мөнгө нь байвал хаанаас ч хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломж дэлхий дүүрэн байна.
Онгоцонд болсон яриа
Эрээнээс Улаанбаатар орох нислэгт зам нийлсэн өвөрлөгч залуугийн яриа энэ аяллын бас нэг хөндүүр хэсэг болов. Газар тариалангийн мэргэжилтэй, сургууль төгсөөд компанид ажиллаж байгаа залуу Ар Монголд аялахаар анх удаагаа дөрөө жийсэн гэнэ. Монголын одуудыг хаана харж болох вэ? С.Жавхлан дуугаа дуулж байгаа юу? гэх мэт хөөрхөн, гэгээхэн асуултуудыг ар араас нь үргэлжлүүлнэ. Сүүлийн арваад жилийн дотор өнгө төрхөө сольсон Хөх хотын байдал (хүмүүсийн яриагаар шүү дээ, үүнийг бичигч бол өөрөө анх удаагаа хөл тавьсан нь энэ), Улаанбаатарынхаа утаа, тоос хоёрыг харьцуулан ичингүйрч явсан би гэдэг хүн “Таанууд Хятадад дуртай юу?” гэх асуултад мад суув. Манай одоогийн Ерөнхийлөгчид нэлээд таатай ханддаг бололтой. Би ч гэсэн эргүүлээд асуучихлаа.
-Өвөр Монголчууд яагаад хятадууддаа дургүй юм бэ?
-Бид дургүй бишээ, бүр жигшинэ шүү...
Өвөр Монголын хүн ам өсөхгүй байгаа шалтгаан нь Хятадын бодлоготой холбоотой гэнэ. Нэг айл хоёроос илүү хүүхэдтэй байж болохгүй. Малчин айлд байх малын тоог хатуу зааж өгснөөс малчид улам ядуурч байгаа гэнэ. 100 толгой малтай байна гэдэг үнэн хэрэгтээ зөвхөн хоосон хонохгүй идээд амьдрахад л хүрэлцэх хөрөнгө. Хүүхдээ сургуульд сургана гэвэл их сургуулийн төлбөр багадаа л 2-5 сая төгрөг. Гэтэл нэг хонь 200-300 юань буюу 70-100 мянган төгрөгийн үнэ хүрдэг байна. Эрээнд хонины гулууз мах 300 мянган төгрөг хүрч байхад хотондоо байгаа хонь яагаад ийм хямд байгааг асуухад “Энэ хоорондох ашгийг наймаачид авдаг. Малчид өөрсдөө малаа борлуулья гэхээр бөөнөөр нь бэлтгэх хэмжээний мал байхгүй, зардлыг нь бас дийлэхгүй ээ” гэнэ. Малчдын амьдрал тэнд ч, энд ч адил аж. “Манай аав, ээж бас малчин. Тэдний хувьд тэр нутагтаа л амьдарсаар байгаад үхэхээс өөр замгүй ээ” гэнгүүт хоолой өөд нэг юм өгсөөд явчих. Ялгаатай нь бид ядуу ч болсон ардчилсан орны иргэд. Дуртай газраа сууж, дуртай газраа явна. Тэдэнтэй харьцуулбал “Бор гэртээ богд” л юм даа.