АНУ-ын Ерөнхийлөггч Барак Обама дахин терроризмтэй шийдвэртэй тэмцэх асуудлыг хөндлөө. Алан хядах ажиллагааг таслан зогсооход Америкийн тусгай албаныхан хамгийн чухал үүрэгтэй. Гэтэл тэд маш муу ажиллаж, алдаа гаргасан гэдгийг Америкийн Ерөнхийлөгч өнөөдөр онцлон дурдсан юм. Хамгийн гол нь тэд байгаа мэдээллээ нэгтгэн багцалж, дүгнэлт хийж чадаагүй аж.

 Шинэ он гарахын өмнө Амстердамаас Детройт хот руу нисч явсан “Delta-Northwest” компанийн онгоцонд  Умар Фарук Абдулмутталл гэгч тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдсан билээ. Сэжигтэй хүмүүсийн жагсаалтад байсан түүнийг АНУ-д ирэх гэж байна гэсэн мэдээлэл тусгай албаныханд байсан гэнэ. Гэвч сонор сэрэмжтэй байж чадсангүй.

 Энэ хэрэг  Америкийн эрх баригчдыг терроризмтэй тэмцэх асуудлыг дахин хөндөхөд хүргэлээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн  нисэх онгоцоор Америкт ирж байгаа зорчигчдыг шалгах шинэ журам үйлчилж эхлээд байгаа. Түүнд зааснаар Йемен, Нигер, Афганистан, Пакистан, Ливи, Сомали  гээд зургаан орны иргэдийг онцгойлон шалгахаар болсон. Харин бусад орны иргэдийн хувьд шаардлагатай гэж үзвэл тусгайлан шалгаж байх гэнэ.

Гэмт хэрэгтнийг байцаах явцад  чухал мэдээлэл авсан хэмээн Америкийн тусгай албаныхан Ерөнхийлөгчид мэдээлсэн байна. Чухам ямар мэдээлэл гэдгийг Цагаан ордны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга  Роберт Гиббс хэлсэнгүй. Алан хядагчид хэд хэдэн ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байгааг мэдсэн бололтой.  

23 настай Нигерийн нэгэн банкны захирлын хүү   Умар Фарук Абдулмутталл нь “Аль-Кайда” бүлэгтэй холбоотой ажилласан. Тэрбээр байцаалтан дээр  “Над  шиг олон хүн байгаа. Би бол зөвхөн эхнийх нь “ хэмээн хэлжээ. Үүний дараахан  “Аль-Кайда” заналхийсэн тул Йемен дэх АНУ-ын ЭСЯ түр хугацаагаар хааж өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн. Гэтэл Нигерийн эрх баригчид  ганцхан хүнээс болж Нигерийн 150 сая иргэн хохирч байна хэмээн эсэргүүцсэн.  Тэгээд тус улсад алан хядагчдаар дүүрсэн гэсэн ташаа ойлголт хилийн чанад бий болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн юм.  Үүнтэй холбогдуулан Нигерийн Хэвлэл мэдээллийн яамны сайдаар ахлуулсан тусгай ажлын хэсэг байгуулсан. Тэд улс орныхоо унасан нэр хүндийг сэргээх кампанит ажлыг өрнүүлэх зорилготой юм байна. Ийнхүү үзэн ядалт, хардалт, үйл ойлголцол газар авсаар байдал улам хүндэрч байна.  

Улс орнуудыг  онцгойлон дурдаж ирсэн хүн бүрийг нь  нэгжиж шалгах  нь дорвитой үр дүнд хүрдэггүй гэдэг нь өмнөх жилүүдэд авсан арга хэмжээнээс харагдсан. Харин харилцан итгэлцлийг бий болгох нь асуудлыг шийдэх цорын ганц арга. Арабын ертөнц, Америкийн хоорондох  итгэлцийг хэрхэн сэргээх тэр арга замыг Америкийн эрх баригчид олох ёстой юм.


Ю.Дэлгэрмаа