Д.Төрмөнх: Далай лам, Улс төр, Өмнөд хөршийн бодлого…
“Түмний нэг” хөрөг цуврал ном бүтээж “Миний мэдэх Женко Баттулга”, “Миний мэдэхгүй З.Энхболд” номоо уншигчиддаа өргөн бариад буй зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхтэй ярилцлаа. Залуу сэтгүүлч надад аз таарч түүний дараагийн бүтээл болох “Төрийн хүн
“Түмний нэг” хөрөг цуврал ном бүтээж “Миний мэдэх Женко Баттулга”, “Миний мэдэхгүй З.Энхболд” номоо уншигчиддаа өргөн бариад буй зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхтэй ярилцлаа. Залуу сэтгүүлч надад аз таарч түүний дараагийн бүтээл болох “Төрийн хүн Дорлигжав” ном дээр хамтран ажиллах завшаан тохиосноор түүнийг илүү ихээр таньж мэдэх боломж олдсон юм. Тиймээс “Түмний нэг” хөрөг цувралын талаар болон амтай бүхэн янз бүрээр ярьж буй Далай ламын манай улсад хийсэн айлчлалын талаар гээд өргөн сэдвээр “Ардчилал” сонинд дэлгэрэнгүй ярилцлаа.
-“Түмний нэг” хөрөг цуврал дээр хамтран ажиллах хугацаанд таны талаар илүү их зүйлийг мэддэг болсон учраас их олон сэдвээр ярилцахаар зорьж ирсэн маань энэ. “Түмний нэг” хөрөг цувралын хажуугаар кино зохиол бичих, бясалгах гээд үнэхээр их ажилтай суух юм. Одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-“Түмний нэг” цувралын гурав дахь номоо удахгүй хэвлэлтэнд өгөх гэж байна. “Миний мэдэх Женко Баттулга” маань 13000 зарагдаж гайхал төрүүлсэн. Би сайн бичсэн гэхээсээ өөрөө их сонирхолтой хүн юм даа. Би хэдэн номоо нэг мянган ширхэгийг л хэвлүүлдэг. Тэгээд тэр нь хэдэн жил дамжиж зарагдаж дуусдаг болохоор их гайхалтай явдал болсон хэрэг. “Түмний нэг” хөрөг цуврал бол намтарчилсан дурсамжийн ном биш. Тэр хүний амьдрал бодлоос зарим нэг голлох сэдвийг барьж хийж буй баримтат атлаа утга зохиолын хэлбэрт оруулсан цуврал гэх үү дээ. Өөр ч хүмүүс бас хандаж л байгаа. Яг одоо бол найруулагч Сэнгэдорж, продюсер Б.Навчаа, гол дүрд Г.Анхмаа (3-охин хамтлагт дуулдаг) нарын хүсэлтээр “Тавилан тавилангаараа” гэж нэртэй кино зохиол дээр сууж байна. Ирэх хоёрдугаар сараас зургандаа орох юм. Өөр бас бус ажил байна. Саяхан Мяньмар явж нэг баримтат киноны зураг аваад ирсэн. Цагаан сараас өмнө дуусгах бодолтой ажиллаж байна. Надтай их удаан хамт ажилласан А.Мягмар гэж залуу найруулга дээр ажиллаж байгаа. Миний хуурай дүү Б.Дөлгөөн гэх залуу хамт явж бясалгал суунгаа дроноор зураг авч оруулж байгаа гэх мэт. Ингээд ярихаар олон ажлыг зэрэг амжуулж л байгаа л юм шиг...
-Бясалгал гэснээс баясалгадаг хүнтэй уулзсаных Далай ламын Монголд хийсэн айлчлалын талаар асуумаар байна. Энэ айлчлалаас болж Хятад улс өгөх гэж байсан зээлээ зогсоосон гэх мэт улс төржсөн асуудлын хажуугаар жирийн иргэд Далай лам юуны талаар айлдаад буцав аа гэдгийг нэг л сайн ойлгохгүй байх шиг. Таны хувьд түүний хэлсэн үг, илтгэл зэргээс бидэнд юуг чухалчилж хэлж байгааг анзаарсан байх ёстой?
-“Далай ламын айлчлал бидэнд гай чирчихлээ”, “Хятад улс Түвдрүү чиглүүлж байсан галыг аравдугаар Богд гэх нэг нууц хүүхэд гаргаж ирснээр нааш нь татчихлаа” гэх хүн ч олон байна. Анх ирэхэд нь л эсэргүүцээд байсан лам нарыг “хуурамч” Ванчин Богд санхүүжүүлдэг тухай ч чих дэлсэв. Хятадын тал нээрээ ч зээлийн тухай ярих гэж байсан уулзалтуудаа цуцаллаа.
Энэ айлчлалын тухай ганц нэгхэн үгээр тайлбарлах аргагүй юм. Эхлээд тэр ламтан юу хэлэв гэдгийг харах хэрэгтэй. Далай лам уулзалт бүртээ Бурхан багшийн өөрөө нээж, биеэрээ хийсээр гэгээрэлд хүрсэн випашяна бясалгалыг хамгийн дээд нь, үүнийг л хий гэж давтаж ярьсан. Бясалгалын олон янзын арга байдаг ч випашяна бясалгал бол “ориг” нь юм л даа. Бусад нь дуураймал гэхүү хялбаршуулсан бясалгалууд юм. Энэ тухайд нарийн ялгааг ихэнх хүн мэдэхгүй тул нилээд холоос тайлбарлах хэрэг гардаг. Монгол улсын түүхэнд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн байдаг. Хамгийн анх Хүннү гүрнээс Хядан гүрэн хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурханы шашны түрүү дэлгэрэхийн үе бөгөөд энэ үед бясалгал жинхэнэ утгаараа орж ирсэн болж таардаг. Дараа нь Чингис хаанаас Тогоонтөмөр хаан хүртэлх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт гэж үздэг. Мөн Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурханы шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг бөгөөд хамгийн анхны дэлгэрэлт бол бүр Хүннү гүрний үе буюу Энэтхэгт Ашок хаан байх үед випашяна баясалгалын хэлбэртэй хамт онол орж ирсэн байдаг. Анхны дэлгэрэлтийн үед бясалгал орж ирсэнийг батлах нэг баримт нь Азар хэмээх бурхдын дүр билээ. Одоо ч бясалгалын багшийг ачиара хэмээх бөгөөд энэ самгарди үгний монголжсон хувилбар нь азрууд гэх илтэд бараан царайтай бурханы сэрэг дүр байдаг. Ер нь Далай ламын яриаг тун анхааралтай ажиглаж байхад Түвдэд дэлгэрсэн шарын шашин олон урсгалтай болж их зөрчил дунд байгаа гэдгээ Далай лам далдуур хэлээд бясалгалд шамд гэж захиад буцах шиг боллоо.
-Таны хэлээд буй “ориг” бясалгал их дээр үед манайд байсан ч устаад, одоо сэргээд байгаа хэрэг үү?
-Энэ бол манайд огт судлагдаагүй шахуу сэдэв юм. Энэтхэг зэрэг оронд бол эхний 500 жил бясалгал байгаад сүүлийн хоёр мянган жилд устаж үгүй болж онол нь ихээхэн мухар сүжиг болж өөрчлөгдсөн байдаг. Ялангуяа Түвд бол хаант засагтай улс байсан бөгөөд гармава, сажава, гэлэгба… гэх мэтээр хоорондоо салж тэд хоорондоо үзэлцээд дийлсэн нь хаан болдог уламжлалтай буюу улс төржсөн шашинтай болсон улс юм. Энэ Далай лам ч гэсэн Доржшүгдэн шүтэхийг хориглосон, Шүгдэнгийн нэг гол лам Гүрдаваа ренбүчи гэх Өвөр Монгол лам манайд ирж энэ урсгалыг тараасан гэх мэт олон салаа асуудал байдаг. Түүхчид энэ сэдвийг манайд ямар байдалтай хувирч өөрчлөгдсөөр ирснийг анхаарч судлах хэрэгтэй байх. Манай монголын зүйр цэцэн үгэнд Ганжуураас буюу бясалгалын дараа орой бүр айлддаг номын айлдвараас шууд орж ирсэн үг маш олон байдаг. “Нэр хугархаар яс хугар” гэдэг үг бол бурхан багш зургаан жил хатуу шийдвэрийн бясалгал хийж байх үедээ өөрийгөө хатуужуулж хэлсэн үг бол “Уур биеийг зовооно, уул морийг зовооно” ч гэдэг юм уу “Үйл үйлээ дагана, үнээ тугалаа дагна” гэх мэт үгс туйлын олон байдаг нь үүнийг гэрчилнэ. Тэр ч бүү хэл арван гуравдугаар зууны гол баримт бичиг болох ИХ ЗАСАГ хуулийн 23 дугаар зурваст “Өтгөстийг хүндэлж, ядуусыг тэтгэх хэрэгтэй. Богд мэргэд ба бясалгачдыг хүндэтгэвэл зохино” хэмээн шууд оноон заасан байх нь тэр цагт бясалгалчид илтэд олноор байсныг илтгэнэ. Мөн 25 дугаар зурваст “Шашны хэргэмтэн, шавь нар, эмч, сурагчаас бусад бүх ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй” гэж тэднийг татвараас чөлөөлдөг хуультай байж.
-Аравдугаар Богд монголд төрснийг Далай лам зарласан нь улс төр болоод хувирчихлаа гэх. Энэ Богдыг манайд тодруулах гээд байгаа нь бурхан шашнаас гадна давхар өөр сонирхол яваад байгааг илтгээд байх шиг. Энэ талаар...?
-Ламын шашин гурван том толгой ламтай байдгийг бүгд мэднэ дээ. Далай богд, Ванчин богд, Жавзундамба богд гэж. 1959 онд Түвд Хятадад эзлэгдэхэд Далай лам хил гарч дүрвээд Энэтхэгт очсон ч Ванчин богд дүрвэж гарч чадалгүй Түвддээ үлдээд 1989 онд таалал болсон байдаг. Шарын шашны гурван тэргүүний Богд Жавзундамба бас саяхан хэдэн жилийн өмнө манайд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын зарлигаар Монголын иргэн болж байж байгаад эндээ нирваан дүрийг үзүүлсэн. Тэр гурван богдын аль нэг нь заавал залуу байхаар эртнээс тааруулсан байдаг бөгөөд нэг нь таалал болоход нөгөө хоёр нь нийлж байгаад дараагийн дүрийг тодруулдаг байж. Гэтэл 1989 онд Ванчин богд Далай ламаас ангид байж байгаад таалал болсны дараа Далай лам нэг Түвд хүүхдийг хойд дүрээр тодруулсан ч түүнийг нь Хятадууд шоронд хийчихсэн одоо амьд үгүйг хэн ч мэдэхгүй. Яг тэгтэл Түвдэд байгаа хутагт хувилгаад Хятадын шахалтаар өөр нэг Хятад хүүхдийг Ванчин богдоор бас тодруулчихсан бөгөөд тэр нь одоо 30 гарсан том лам энд тэнд Хятадын санхүүжилт дэмжлэгтэйгээр том том арга хэмжээ хийгээд яваад байгаа. Мэдээж багаас нь бэлтгэсэн болохоор маш их номтой лам болсон байдаг. Түвдүүд ч Өвөрмонголчууд ч түүнийг Ванчин богд л гэж үзсээр байгаа. Гэтэл Далай лам нас дээр гарчихсан. Богд Жавзундамба жанч халчихсан болохоор хэрвээ Далай лам нирваан дүрийг үзүүлэхэд ганц өнөөх Ванчин богд хойд дүрийг нь тодруулах дээр хүрэх тул Хятад Далай лам бий болно гэсэн үг. Тэгэхээр Түвдүүд хүссэн ч, эс хүссэн ч Богдыг Монголоос тодруулахаас өөр гарцгүй болчихсон үе юм. Түвдүүд эртнээсээ шашинаар дамжуулж Хятадын эсрэг манайхныг хөдөлгөж байсан түүхтэй.
-Таны ярианаас үнэхээр аравдугаар Богд төрсөн ч юм уу гэх хар төрчихлөө. Манайхан бүр одоо нэг даргын үр ач нь аравдугаар Богд гээд яриад эхэлчихсэн ч байх шиг...
-Тийм явган яриа их явж байгаа. Тэр хүүхдийг ил зарлахгүй байх бас шалтгаан бий. Аминд нь цөвтэй шүү дээ. Бид 1990 онд ардчилалтай золгосны дараа шашин дахин дэлгэрсэн үед амьд бурхан бол Далай лам л байсан. Тиймээс тэр хүн оргодол зуйгуул байна уу, Энэтхэгт орогносон тоглоомын гэмээр засгийн газрын төлөөлөл байна уу, лам хувцастай улс төрч ч байна уу, бүр АНУ-ын гар хөл ч байна уу хамаагүй. Энэ зүг чиггүй, шүтэх хайрлах юмгүй үнэт зүйлгүй болсон оронд ганц гялайх гэгээ нь Далай лам байсаар ирсэн байх ч болов уу. Анхны сэтгэгдэл гэгч хамгийн сүүлд өөрчлөгдөн алга болдог зүйл юм. Энэ тухай бас Далай ламын онцлон дурдаад буй випашяна бясалгалын номын айлдварт яг байж байдаг. Алив нэг хүний тухай чиний сэтгэлд анхны сэтгэгдэл муу үлдсэн бол та тэр хүнийг их удаан муу хүн л гэж дүгнэдэг. Бараг л насаараа тэр хүн чамд муу л харагдана. Олон жил өнгөрч өнөөх хүн маань чөтгөр байснаа бурхан болсон байсан ч, бурхан байснаа чөтгөр болсон байсан ч хамаагүй анхны сэтгэгдэл маш чухал аж. Хорин жилийн өмнө хэрэлдэж муудалцаж танилцсан бол 20 жил чи түүнийг дайснаа гэж бодон шаналж бодох бүрт дотор чинь арзайж тэгээд өнөөх хариу үйлдэл дахин дахин хийгдсээр тэр хүн чиний сэтгэлд шүглэсэн чөтгөр болж орхино. Чи л өөрөө түүнийг чөтгөр болгож сэтгэлдээ зураад байгаа хэрэг шүү дээ. Өнөөх хүн таг мартсан байж ч мэднэ. Огтоосоо чамайг сайнаар ч муугаар ч боддоггүй байж ч болно. Сэтгэл буюу оюун ухаан дөрвөн хэсгээс бүрддэг аж. Үүнийг бурхан багшийн пали хэлээр виня, саня, ведна, санкара хэмээн хуваадаг. Випашяна бясалгалын дөрөв дэх өдрийн номын айлдварт өгүүлэхдээ “Хүний оюун ухаан сэтгэл гэгч дөрвөн хэсгээс бүтдэг. Нэг дэх нь “виняана” буюу тийн мэдэхүй юм. Гэрэл гэгээ, үнэр танар гэх мэт гадны тусагдахуун нүд, хамар, чих, ам, хүртэхүйн таван мэдрэмжинд шүргэхэд мэдээлэлийг дүгнэхгүйгээр хүргэх үүрэгтэй аж. Чихэнд дуу авиа шүргэхэд виняана зөвхөн дуу авиа сонсогдлоо хэмээн мэдэх болно. Ингэнгүүд сэтгэл, оюуны хоёр дахь хэсэг болох “Санияа” тийн мэдэхүй ажиллаж эхлэнэ. Ирсэн дуу авиа магтаалын үг байна эсвэл чамайг доромжилсон муу үг байна гэх мэтээр сайн, муу гэж дүгнэж орхино. Дүгнэнгүүт дараагийн хэсэг болох “Ведна” буюу мэдрэмж ажиллаж эхэлдэг байна. Сайхан үг гэж таниад биеэр тааламжтай дулаан мэдрэмж дүүрч эсвэл муулсан хараалын үг байна гэж таниад бие арзайж хүйтэн мэдрэмж биеэр тарна. Дотор пал хийтэл хэлчихлээ гэдэг шүү дээ. Ингэнгүүт дараагийн дөрөв дэх хэсэг “Санкхара” хуран үйлдэхүй ажиллаж эхлэнэ. Хуран үйлдэхүй хариу үйлдэл хийнэ. Сайхан мэдрэмжинд шунан сайхан юм дахиад дахиад гэх шунал, хүсэл төрнө. Муухай хараалын үг гэнгүүт биеэр тарсан муухай мэдрэмжинд дургүйцэн уурлаж бухимдан шаналж эхлэнэ. Бид бүгдээрээ төрөлхөөсөө мэдрэхүйн таван мэдрэмжээрээ хариу үйлдэл хийж ирсэн дадалтай байдаг ажээ…” хэмээсэн байдаг. Бид үйлийн үр гэж байнга ярьдаг ч тэр болгон ойлгох нь бага. Эхний хэсэг винянягаас ямар ч үр гарахгүй, дараагийн хэсэг саннягаас ч мөн л үр гарахгүй, Ведна буюу мэдрэмжээс ч үр гарахгүй харин санкара буюу хариу үйлдээс л өнөөх үйлийн үр төрөн гарна. Үргэлж уурлаж дургүйцэх эсвэл хүсэж шунах үйлийг дахин дахин хийсээр байгаад тийм дадал буюу үйлийн үр сэтгэлийн гүнд суудаг байна. Энэ үр боловсорсоор цаг нь болохоор ямар нэгэн үйлдэл хийх буюу өнөөх сэтгэлийн гүнд үүссэн санкара галт уул дэлбэрэх мэт гарч ирдэг. Үүнийг үйлийн үр хэмээнэ. Гэтэл анх та тэр хүнтэй таараад төрсөн саня гэх хэсгийн дүгнэлтээс болж биеэр сайхан эсвэл муухай мэдрэмж үүсэхэд хариу үйлдэл нь муухай байсан болохоор дараа нь өнөөх хүн хичнээн сайхан юм хийсэн ч муу гэсэн бодол хадаатай үлдсэн болоод тэр. Гэтэл тэр хүн өөр нэгэнд бол хамгийн сайн бурхан байгаа нь бас ойлгомжтой. Мөн тэр хүн анх чамтай учрахдаа яагаад ч юм бэ зүгээр л муу сэтгэгдэл төрүүлээд орхисон ч тэрийгээ таг мартсан эсвэл угаасаа муу юм огт хийгээгүй, танд л тэгж санагдсан ч байж болно. Иймээс бусдыг уучлах гэдэг бол зүгээр л өөрийнхөө сэтгэлийг бухимдал уур хилэнгээс чөлөөлж, амрааж, өөрийгөө л зовлонгоос чөлөөлж байгаа хэрэг юм. Уурлахад хамгийн эхний хохирогч нь өөрөө л байдаг юм. Бид өнөөдөр ингэж сэтгэл дотроо үй олон нисванис агуулж зовсоор яваа билээ. Англиар ч гэсэн “First impressions are the most lasting” хэмээх үг байдаг. Гэвч анхны сэтгэгдэл үнэн байх ерөөсөө албагүй юм. Та л тэгж хадгалчихаад насаараа зовж яваа байх бүрэн үндэстэй. Миний сонсож мэдсэнээр бол 1981 онд випясана бясалгалын их багш С.Н.Гоенка Далай ламтай уулзаж нөхөрлөсөн бөгөөд тэр цагт тэр хоёрын бясалгал жоохон өөр байсан байдаг. Тэгээд эцэстээ Далай лам випашяна хэмээх анхны хувилбарыг хүлээн зөвшөөрч өөрөө хийх болоод зогссонгүй Дарамсалад бясалгалын төв байгуулж өнөөг хүртэл бясалгал заасаар байгаа. Гадаадын шавь нараа ч эргэлзээгүй энэ бясалгалд арав хоног суухыг зөвлөдөг юм билээ.
-Хямрахын хэрээр бүх зүйлийг л мөнгө төгрөгтэй холбох болж. Бурхны шашинг хүртэл...
-Шашин шүтэхдээ хүртэл мөнгөтэй болгоод өгөөч гэх нь холгүй болсон. Доллар гэх ганц л бурхантай болоод удсан. Ерээд оноос бид капиталист орон болно гэж ойлгосон нь бүгд баян болно л гэсэн ойлголт байлаа. Тэр үеийн улс төр өнөөдрийхөөс их өөр байсан. Анхандаа эх орон, ардчилал, тэгш эрх гэж ярьж байсан улс төрчид аажимдаа баян л болох тухай бодолтой болчихсон. Үнэхээр тэд л баяжсан ч ард олон ядуу хэвээрээ байсаар л байна. Өнөөдөр УИХ-д нэг ч ядуу хүн байхгүй шүү дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгийг нь харчихаарай. Холимог тогтолцоо буюу пропорцналь хувилбар бага ч гэсэн байх үед бол листээр ядуу буюу ядуувтар ангийн төлөөлөл УИХ-д буюу улс төрд орж ирдэг байсан одоо хаалттай болсон. Тэгээд тэр баячуудын идэж уусныг л ядуус нь шүлсээ гоожуулахын зэрэгцээ атаархан ярьдаг болсон шүү дээ. Өнөөдөр манайд хэт баян, баян, ядуувтар, нэн ядуу гэсэн анги л үүссэн. Өнөөх К.Марксын ангийн тэмцэл гэгч бий болох дээрээ тулсан. Ядуу болоод ядуувтар анги манай хүн амын наян хувийг эзэлж байна. Дундаж давхарга гэж үгүй болсон.
-Дундаж давхарга гэдэг ойлголт улс орон бүрт харилцан адилгүй ойлголт болоод байна. Яг одоо дэлхий даяар ямар ангийг хэлж байна вэ?
-Яахав өнөөх К.Маркс эхлүүлээд В.И.Ленин хувьсгал болгож бөөн юм болсны дараа хөрөнгөтөнгүүд энийг засаж эхэлсэн. Хэнри Форд хүртэл “Миний машиныг миний ажилчид унахгүй бол би машин хийж яах юм…” гэж хэлээд ажилчиддаа хямд машин зээлээр буюу ипотекээр өгч эхэлсэн зэргээр дундаж чинээлэг анги бий болсон түүхтэй юм билээ. Дундаж анги гэдэгт жилийн хугацаанд нилээд дажгүй чинээлэг маягтай амьдраад оны эцэст 10-100 мянган ам.долларын хуримтлал үүсгэж буй ангийг нэрлэдэг юм байна. Хуримтлалд мэдээж ипотекээ төлөх гэх мэт орно. Одоо АНУ-ын иргэдийн 51 хувь нь энэ дундаж ангид хамаардаг бол Хятадад ийм ангид 400 сая гаруй хүн хамаардаг болж. Энэ бол АНУ-ын бүх хүн амаас ч олон тоо л доо.
-Та телевиз киноны хүн. Өнөөдрийн киноны тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Социализмийн үед мөн ч их кино ухуулга хийжээ дээ. Одоо ч ард түмэн үзсээр л байх юм?
-Манайх шиг гуравхан сая хүнтэй оронд мэдиагаар мөнгө олно гэдэг их хэцүү болоод дээшээ явахгүй байна. Яахав хийж л байгаа ч зүгээр л ганц хоёр зуун саяар хийх гэж үзэж тарж байгаа болохоор бушуухан ашгаа олох юм л хийнэ шүү дээ. Манайх шиг ийм цөөн хүнтэй оронд Холливүүдийн арга огтоос таарахгүй. Бид гурван сая хүнтэй, АНУ гурван зуун сая хүнтэй. Тэгэхээр төрөөс кино урлагийг дэмжих зайлшгүй шаардлагтай. Би энэ талаар их ярьсан. “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах гэж маш их судалгаа хийсэн ч тэр нь явахгүй таг зоссон. Өнөөдөр баян нь ч ялгаагүй ядуу нь ч ялгаагүй гадны хүүхэлдэй, хүүхдийн киногоор л хүүхдийнхээ тархи зүрхийг хооллож байгаа шүү дээ. Ардын хувьсгал л гэж агуу зүйл байсан жанжин Сүхбаатарыг бид Дашнамжил гэдэг хүний бүтээсэн дүрээр л ойлгодог. Гэтэл ардчилсан хувьсгал гарсан л юм бол яагаад нэг ч кино өнөө хүртэл хийгээгүй юм гэх мэт маш том сэдэв юм. Үнэндээ одоо ярихаас ч залхаж байна. Ном бол яахав цөөн хэвлэхэд хоёр гурван саяар гардаг. Тэгээд ч уншихгүй юм даа. Кино бол доод тал нь хоёр, гурван зуун саяар бүтдэг ийм л юм даа.
Хятадаас л зээл авахгүй бол сүйд болох гээд байна гэж яриад байгаад би их гайхдаг. Би Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор нэг баримтат кино хийсэн юм. Тэгээд Улаанбаатар хотын түүх харсан хэрэг л дээ. Тэгсэн манай хотыг анх хот шиг хот болгосон улс бол ЗХУ биш харин БНХАУ болж таарсан. Тавиад оны сүүлчээр Хятадын засгийн газраас 28 сая долларын тусламж үзүүлсэн байдаг. Эхлээд 11 сая долларын буцалтгүй тусламж болон дараа нь 17 сая долларын хөнгөлөлттэй зээл өгсөн бөгөөд тэр үеэс 40 мянгат 50 мянгат 120 мянгат (гэдэг нь тэдэн мянган кв метр талбайг барилгажуулах орон сууцжуулах төслийн нэр юм) Улсын Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудал, Их тэнгэрийн ам, Энхтайвны гүүр, 2-р цахилгаан станц гэх мэт маш их ажлыг хийж өгсөн бөгөөд гэхдээ бүгдийг нь Хятад ажилчид ирж хийж гүйцэтгээд зарим нь эндээ сууршиж Чайнаа таун үүссэн түүхтэй юм билээ. Дараа нь Орос Хятадын харьцаа муудсанаас болж 1969 оноос Ю.Цэдэнбал дарга тэднийг хөөж гаргаж эхэлсэн бөгөөд зарим барилга байгууламж дуусаагүй хоцорсон үе юм. Хэрвээ тэр яригдаад байгаа дөрвөн тэрбум долларыг тэд өгвөл мөн л өөрсдийн компаниудаар бариулах буюу Хятад ажилчид олноороо орж ирнэ гэсэн үг л дээ. Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар саяхан “Ийгл” телевизээр тусгаар тогтнолын өдөр ярихдаа “Бид ганцхан орноос л болгоомжлох ёстой. Энэ бол урд хөрш. 1919 онд бид ганцхан удаа хоёр жилээр Хятадад тусгаар тогтнолоо алдаж байсан улс шүү. Биднийг Хятадаас өөр эзлэх орон угаасаа байхгүй… Энэ утгаараа бол Далай ламын айлчлал манайд хэрэгтэй айлчлал болсон бид Хятадаас юундаа айх ёстой юм” гэсэн байр суурьтай байна билээ.
Гэхдээ бид мөнхийн хоёр хөршдөө өс санаж үзэн ядах огт хэрэггүй бөгөөд харин жоохон бодолтой байх л хэрэгтэй юм. Би дээр болж өнгөрсөн түүх ярилаа. Улс төр гэдэг үргэлж өөрчлөгдөж байдаг. АНУ өөр ерөнхийлөгчтэй боллоо, Орос, Хятад хоёрын харилцаа илт сайжирч байна гэх мэтээс болж нэг өдөр л өөр болчихож мэдэх эд. Нэгэнт нутгаа аваад нүүж чадахгүй болохоор аливаад тэгш амгалан сэтгэлээр хандах ёстой. Урд хөршийг үзэж чаддаггүй хүмүүс их олон байдаг нь өнөөх л улс төржсөн кино сэлтээс бас их хамааралтай юм. Түүх ч бас тэгж л өгүүлдэг. Гэхдээ урд хөрштэй “народный дипломат” буюу энгийн иргэдийн нөхөрсөг харилцаа сайн байдаг шүү дээ. Бид өөрсдөө ухаалаг байвал тэдний улс төрчид ч биднийг басаад байхаа болино. Зарим нилээд өндөр албатай хүмүүс хүртэл “Ингэж байхаар Хонг Конг шиг ч юм уу автономит маягтай урдаас тусламж авдаг орон болчихмоор юм… Өвөр Монгол, Түвдийг тэд их мөнгө өгч дээш татсаар байна, манайхыг өөд татах гэдэг тэр баян улсын хувьд маш бага мөнгө өгөхөд л дээшээ явчихна шүү дээ…” гэсэн утгатай үг ярьдаг болсон байна билээ.
-Та улс төрийн сэдвээр бичдэг. Туршлага бий. Гэтэл яагаад өөрөө улс төрд хүч үздэггүй юм бэ?
-Би дээр цухас хэллээ шүү дээ. Улс төр бол мөнгөтэй хүний ажил болоод удсан гэж. Нэг сонгуульд тэрбумыг зарах энүүхэнд. Тэгээд л УИХ-д нэг ч ядуу хүн байдаггүй. Тэгэхээр тэд хэний төлөө хууль хийх нь энгийн ойлгомжтой зүйл. Жаран тэрбумыг МАН цуглуулж сонгуульд орсон гэдэг үнэн шүү дээ. Баян хоосны ялгаа улам ихсээд байна. Тэдний л ажлыг хийж мөнгөтэй болдог, тэдний л фракцыг дагаж, цүнхийг нь барьж гүйж баян болох замаа засдаг нь ил байна шүү дээ. Тийм болоод хүн бүр улс төр сонирхоод яриад байгаа хэрэг.
Нийгэм дэх нийтлэг эрх ашгийн төлөө биш, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө эрх мэдлээ ашигладаг элитүүдийг олигархи гэдэг. Олигархи улс төрийн сиситемтэй оронд цөөн тооны гэр бүл харилцан ашиг унагах маягаар бие биетэйгээ нягт холбогдсон хэсэг бүлэг үүсч тэд баялагийн хувийг арслангийн амаар хүртэж байдаг. Ийм тогтолцоо бол Ардчилалын яг эсрэг цөөнхийн засаглал юм шүү дээ! Бид ийм болоод их удсан. Тэд нарт таалагдаагүй буюу өнөөх олзоос илүү авах гээд байгаа хэнийг ч шууд шүүх цагдаа юу байдгаар нь дарж нугачдаг. Одоо яг ийм юм болж байна.
-Олигархиудын хүрээгүй салбар үлдээгүй гэдгийг ч бид өөрсдийн биеэр мэдэрч байгаа. Хэвлэн нийтлэх эрх чөлөө хүртэл...?
-Чи өөрөө мэдэж байгаа. Манай энэ олон телевиз, сонин тэдний л хэрэгсэл шүү дээ. Одоогоор яахав нэг их сэтгүүлчдийг барьж хориод л байх нь тун гайгүй байна. Эд яахав ярьж л байг. Ямар ч мөнгөгүй ядуусаас юу ч авах юм гэж л бодоод мөнгөтэй хэсгийн хооронд олзоо булаалдсан дайсагнал явж л байгаа. Тэгээд ч ядуу сэтгүүлчдийг эхлээд мөнгөөр л оосорлоно шүү дээ. Ер нь баялаг мөнгө л шүтсэн элитүүдийг “улс төрчид” гэдэг болоод их удаж дээ. За ингэсгээд зогсох уу маш урт яриа болчих шиг. Урт болвол хүн залхуураад уншдаггүй болж.
-Тэгъе дээ. Сониндоо ч жоохон хураангуйлаад нийтлэх байхаа даа. Таниас дахиж сүүлд ирж яриа авна шүү… гэснээр бид хоёрын яриа өндөрлөсөн юм.
Б.ЦЭДЭВСҮРЭН