Дэлхийн хамгийн сэтгэл татам металлын төлөөх тэмцэл

КЭМП ДЭВИДЭД БОЛСОН НУУЦ УУЛЗАЛТ


Сангийн яамны ерөнхий нарийн бичгийн даргад долларыг спекуляторуудаас хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг ав хэмээн үүрэг өгсөн.
- Ричард Нисконы ард түмэндээ хандаж хэлсэн үг,
1971 оны наймдугаар сарын 15-ны өдөр


Энэ аймшигт хэргийг өгүүлэхийн өмнө бид алт ид төлбөрийн чухал хэрэгсэл болж байсан үеийг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ түүхээ хамгийн зартай гэмт хэргүүд үйлдэгдэж байсан газар – Лондонгоос эхлэе. Энэ бол Их хямрал гарсан үе. Английн банкны алтны нөөцийг гадныхан шавхаж, Британийн хувьд хүндхэн үе ирсэн юм. Байдал бүр дордож, V Георг хаанд олгох тэтгэмжийг хүртэл 50.000 фунтаар бууруулж байв. Төрөөс тэнгисийн цэргүүдийн цалинг хасах үед Шотландад байсан далайчид ажил хаялт зарлажээ. Гадны хадгаламж эзэмшигчдийн хувьд “бослого” гэсэн үг яг л хувьсгал гэж байгаа мэт сонсогддог ажээ. Ингээд төв банкнаас ганцхан долоо хоногийн дотор дөчин сая фунтээр үнэлэгдэх алт гадагш гарсан байлаа. Английн банк засгийн газрыг мөнгөн дэвсгэртийг алтаар солихыг болиулахыг гуйж байв. Эцэст нь Парламент хууль гаргаж, Британи улс алтан стандартыг халав.

Хэдхэн хоногийн дотор дөчин долоон орон Британийн жишгийг дагаж, алтан стандартаас татгалзсан байжээ. Харин жилийн дараа гэхэд алтан стандарттай тавхан орон үлдсэн нь: Франц, Швейцар, Нидерланд, Бельги болон Америк байв. Гэнэтийн явдалд балмагдан, цаасан мөнгөө алт болгох явдал улс орны хэмжээнд асуудал үүсгэж эхлэв. Ганцхан өдрийн дотор Америкийн Сангийн яамнаас Бельгийн төв банк 106 сая ам. долларын алт, харин Франц 50 сая ам. долларын алт гаргуулан авчээ. Хэдэн долоо хоногийн дараа Франц дахин 70 сая ам. долларын алт авахаар эргэн иржээ. Ерөнхийлөгч Хөрбөрт Хүүвэр “алтыг ингэж нэг улсаас нөгөө рүү нааш цааш шидэлцэх нь дэлхийн тавцанд галт зэвсгээр наадаж байгаа мэт үйлдэл” хэмээн анхааруулсан байдаг.

Америкийн нөөц баялгийг үгүй хийхийг зогсоох амлалт өгсөн нэгэн эр 1932 оны арваннэгдүгээр сарын сонгуульд Хүүвэрийг ялсан юм. Гэвч ялалт байгуулсан Франклин Д.Рүзвэлтэд дараа оны гуравдугаар сар хүртэл энэ амлалтаа хэрэгжүүлж эхлэх боломж гарахгүй байсан юм. Энэ урагшгүй өнгөрүүлсэн хугацаанд олон зүйл өрнөж... байдал улам хүндэрсэн билээ. Хүүвэрийн нэрлэснээр тэрхүү галт зэвсэг дэлхий даяар “галласаар” байжээ. Рүзвэлтийн засгийн газарт ажиллаж байсан нэгэн эр алтан стандартыг халах нь хамгийн ухаалаг алхам болно хэмээн санал гаргах хүртэлх хоёрхон сар хүрэхгүй хугацаанд Сангийн яамнаас 320 сая ам. долларын алт гадагш гарсан байлаа. Алтаа аваад зугтсан нөхдийн дунд америкууд өөрсдөө багтаж байв. Амласан зүйлээ хэрэгжүүлэх тухай ярихгүй байгаад нь Рүзвэлтэд итгэл алдсан америкууд ийнхүү мөнгөө алтаар солихоор яарцгаасан байлаа. Гэвч энэ нь тэдэнд таатай зүйл авчраагүй юм.

Эцэст нь 1933 оны гуравдугаар сарын 4-нд Рүзвэлт ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авчээ. Түүнээс хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 9-нд Рүзвэлт Emergency Banking Act-ыг баталсан юм. Энэ хуулиар ерөнхийлөгчид алтны эзэмших эрхийг зохицуулах эрх мэдэл олгосон байна. Харин дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тэрээр “АНУ-ын нутаг дэвсгэрт алтан зоос, алтан гулдмай болон алтан гэрчилгээ хадгалахыг хориглох” тухай 6102 тоот зарлигт гарын үсэг зурав. Энэхүү зарлигаар аливаа хувь хүн, нөхөрлөл, нийгэмлэг эсхүл корпораци нь алт эзэмших нь гэмт хэрэгт тооцогдох болсон юм. Хуульд шүдний алтан ломбо, цуглуулгын ховор алтан зоос энэ хуульд хамаарахгүй болохыг заажээ. Харин бусад бүх алт улсын өмч болох бөгөөд зарлигт гарын үсэг зурснаас 25 хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс өөрт байгаа алтаа тухайн үеийн ханш болох нэг унцийг 20,67 ам. доллараар тооцон хураалгахыг заажээ.

Мэдээж хэрэг энэ хуулийг эсэргүүцэгчид гарч ирсээр байсан юм. Тэдний нэг болох Нью Йорк хотын даатгалын хуульч 67 настай Фрэдэрик Барбэр Кэмпбэл өөрийн эзэмшиж байсан 27 алтан гулдмайг аван Чэйс Нэйшнл Банкинд очжээ. Энэ алтны үнэ нийтдээ 200.000 ам. доллар болж байв. Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор банк алтыг солихоос татгалзсан учир, Кэмпбэл тэднийг шүүхэд өгчээ. Тэрээр мөн шүүхэд банк алтыг авч засгийн газарт хүргэхийг хориглох хүсэлт гаргажээ. Кэмпбэл тус зарлиг, мөн ерөнхийлөгчид алт эзэмших эрхийг олгосон хуулийг үндсэн хуульд харшилсан гэжээ. Харин засгийн газар Кэмпбэлийг Сангийн яаманд өөрийн эзэмшилд буй алтаа мэдээлээгүй, хувьдаа хууль бусаар алт хадгалсан хоёр зүйлээр буруутгав. Хэрэв энэ хоёр үндэслэлээр түүнийг яллавал тэр хамгийн дээд тал нь хорин жилийн хорих ял авахаар байжээ. Эцэстээ тэр шоронд хорих ял сонсоогүй ч, заргаа авч чадаагүй юм. Энэ хэргээс гурван жилийн дараа Кэмпбэл өөрийн оршин суудаг Ийст 60 дугаар гудамжинд зүрхний шигдээсээр нас барсан байна. Харин Сангийн яам түүний алтыг авчээ.

Ийнхүү хувийн өмчийн бүх алт төрд шилжсэнээр төрийн сан хөмрөг нилээд хэмжээгээр нэмэгджээ. 1930 онд Америк 7.000 тонн алтны нөөцтэй байсан бол алт хураах арга хэмжээ авснаас хоёр жилийн дараа буюу 1935 онд энэ нөөц 10.000 тонн-д хүрчээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хувийн өмчийг хураах замаар нэмэгдсэн хэрэг биш байлаа. Европчууд дайн ойртож байгаад сэтгэл түгшин, зарим нөөцөө далайгаар илүү аюулгүй газар болох Америк руу зөөж байжээ. Энэ бүхэн Сангийн яамны алтны нөөцийг нилээд арвижуулсан байна. Харин 1939 онд дайн дэгдэхэд үйлдвэрүүд нь тогтвортой ажиллаж, мөн дайнд оролцоогүй байсан Америк улс дайчдад зэвсэг болон бусад бараа таваар нийлүүлэх гол нийлүүлэгч болов. Алтны импорт эрчээ авч байлаа. Тавхан жилийн дотор Сангийн яамны алтны нөөц 100% нэмэгдэж 1940 он гэхэд 21.000 тонн нөөцтэй болов. Гэвч зөвхөн тоо хэмжээнд өөрчлөлт гараад зогссонгүй. Нэг унци алт 20,67-оос 35 ам. доллар болж өссөн нь бараг 70 хувиар нэмэгдсэн хэрэг байлаа. Энэ бүхэн маш хурдан хугацаанд болж өрнөсөн нь Америк алтны үнийг хуурмагаар хөөрөгдсөнтэй холбоотой.

Алт хураах зарлиг гаргамагцаа Рүзвэлт алтны доллартай харьцах харьцааг 60 хувь хүртэл бууруулах эрхтэй болсон юм. Өөрөөр хэлбэл нэг унци алт авахад өмнөхөөс илүү их доллар шаардлагатай болжээ. Доллар өмнөх шигээ чанга биш болсон ч зах зээл дээрх долларын хэмжээ өссөн байна. Ингэж их хэмжээний мөнгөн тэмдэгт эргэлтэнд оруулж, эдийн засгийг хямралаас гаргахыг л Рүзвэлт хүсч байсан юм.

Алтны үнийг өсгөх тун амархан байв. Сангийн яам хүссэнээрээ үнэ тогтоож байлаа. Сангийн яамны нарийн бичгийн дарга Хэнри Моргэнтау өөрийн тэмдэглэлд ерөнхийлөгчийн хамт алтны үнийг хэрхэн тогтоосон тухайгаа ийн тэмдэглэн үлдээжээ:

Франклин Рүзвэлт хуучны хийцтэй улаан зандан модоор урласан орондоо тухлан хэвтэж байгаа байх... [Алтны] бодит үнэ төдийлөн хэлбэлзэхгүй байна. Бидний зорилго бол үнийг аажмаар өсгөх...
Би нэг л өдөр дэлхий нийтийн байдалд юу юунаас илүү санаа зовниж, улмаар бид үнийг 19 центээс 22 цент болгож өсгөх тухай төлөвлөж суулаа. Рүзвэлт над руу харснаа 21 цент болгоё гэв. “Энэ бол азын тоо, долоог гурав дахин үржүүлсэн байгаа биз дээ” гээд инээсэн юм.


Дайны туршид хөдөлшгүйгээр хадгалагдаж байсан Америкийн алтны нөөц дайны дараах жилүүдэд тус улсыг дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлох хүчирхэг байр суурьтай болгож, Америкийн Сангийн яам энэ үеэс мөнгөн тэмдэгтийг хямдаар нийлүүлэх болж долларын статусыг баталгаажуулсан билээ.


НЭПКО Хэвлэлийн газар