Сайн мэдээ
Сонгуулийн өмнө хоёр тасарч манангаа хадаасан МАН, МАХН хоёрыг тойрсон битүүлж байна, шинэлж байна гэх мэт марзан мэдээллээс өөр нүд хужирлах юмгүй суух зуур Прокурорын газраас нэгэн сайхан мэдээ цацаж сэтгэл баясгав. Сайхан мэдээ саарынхаа бараанд дарагдаад сонсогдох нь ховордсон энэ үед үнэхээр олзуурхууштай явдал юм.
Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар өнгөрсөн жил юу юу хийж амжуулснаа сэтгүүлчдэд мэдээлжээ. Хүчни й байгууллагууд уг нь ингэж гадагшаа саймширдаггүй. Угаасаа хийдэг ажил нь бүх л болох бүтэхгүйтэй зууралдаж байдаг. Хуулийн дагуу шалгаж, байцааж, ял шийтгэл оноож байдаг үйлийн үртэй газрууд болохоор иргэд ч нэг их “дэлгэрэнгүй тайлан” шаардаж гороолдоггүй. Тэр хэмжээгээрээ хаалттай газрууд. Гэхдээ хоморголсон, нэг намыг “бай”-гаа болгон барьж аваад авлаж буй нь нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлээд байгаа учраас тэдний зүгээс ийнхүү зарим хэсгийнхээ ажлыг тайлагнах хэрэгцээ байсан байх.
Прокурорын байгууллага өнгөрсөн онд иргэдээс 12855 гомдол санал хүлээн авчээ. Түүнийхээ 10906 буюу 80 гаруй хувийг хувийг шийдвэрлэсэн тооцоо гарсан байна.
Энэ бол өндөр үзүүлэлт. Прокурор бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг газар. Энэхүү эрх үүргийнхээ дагуу 2012 онд эрүүгийн 54697 хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 6584 хэргийг шүүхэд шилжүүлж, 17614 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 11410 хэргээс 2816 хэргийг хялбаршуулсан журмаар шалгуулж шийдвэрлүүлжээ. Энэ бол ажлын аргачлал технологийн хувьд сайн жишиг. Хэргийг хүндрүүлэх боломжийг налж биш хялбаршуулах, хөнгөвчлөх журмуудыг эрэлхийлж ажиллаж байгаа нь нийгмээ гэрэл гэгээжүүлэх, хүмүүнлэгжүүлэх зүгт хийж буй сайн дэвшил гэж үзэхээс өөр аргагүй.
Эднийд ирдэг бүх гомдол санал иргэдийх байдаггүй. Өнгөрсөн жил төрийн байгууллагаас гэхэд 769.895.936 сая төгрөгийн нэхэмжлэлтэй 121 хүсэлтийг прокурорт гаргасан байна. Мэдээж ийм хэргүүд дээр прокурор шүүх хуралдаанд төрийн ашиг сонирхлыг хамгаалан оролцдог. Анхан шатны шүүхээр энэ үүргээ үүрч ороод 358.312.557 сая төгрөгийн үнийн дүн бүхий 112 хүсэлтийг шийдвэрлэж чаджээ. Энэ бол төрийн нүдэнд харагддаггүй хүчир ажлуудын нэг. Төрийн өмнө хүлээсэн энэ мэт үүргийнх нь төлөө төр тэднийг шагнаж урамшуулдаг, алдар гавьяаг нь үнэлдэг. Чингэх нь ч зүйн хэрэг юм.
2012 онд 155 холбогдогчид холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Шууд утгаараа 155 хүнд баяр баясгалан бэлгэлсэн байна. Бүр мөсөн цагаатгагдсан хүн 132 байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэрэг 54 буюу 20,8 хувиар, цагаатгагдсан хүн 26 буюу 19,6 хувиар өссөн үзүүлэлт аж. Манайхан хилсээр ял тохож хамаг амьдралыг нь үрчихээд уучлал ч гуйдаггүй гаргаад л явуулчихдаг. Энэ муухай жишиг ялангуяа төрийн албан хаагчдадмаш халгаатай тусдаг гэдгийг мэддэггүй. Төрийн албан хаагчдын шалгагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнөгүй цацдаг атал гэм буруугүй нь тогтоогдсоны дараа алга дарам цаас ч үгүй орхичихдог. Дараа нь нөгөө төрийн албан хаагч “хар данс”-нд орчихдог. Албан тушаал ахих энэ тэр бол будаа. Нэр төрийн хувьд ингэж хохирдог. Уг нь цагаатгана гэдэг бол хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй ойлголт. Шударга ёсны нэгэн том тал. Нийгэмд ийм том сарны гэгээ тусч байх ёстой. 2012 онд хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 74 иргэнийг прокурорын тогтоолоор суллаж, 613 хоригдогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Энэ мэдээ үнэхээр сайн мэдээ. Ийм сайн мэдээ үргэлж ирж байгаасай. 74 хүн өргөст торноос мултарч орон гэртээ ирсэн байна. Хоолтой ч бай хоосон нойтон ч бай тэр хүмүүс, тэр айлууд яасан сайхан битүүрээ бол. Гэрийн эзэн нь оргодол хоригдол ч бай ород ирэх нь л сайхан шүү дээ. Энэ бол амьдралын үгээр өгүүлшгүй бүлээн дулаан амь шүү дээ.
Дахиад сайхан мэдээ ирж байна. Гадаад орнуудад сууж байгаа манай зарим элчин сайдууд харийн оронд хоригдож байгаа иргэдээ эргэж тойрсон байна. Энэ бол бас л сайхан явдал шүү дээ. Хүний газар, гүний хошуунд хаалттай цоожны цаана ял эдэлж буй хүмүүсээ элчин сайдын яам нь эргэж тойрч байна гэдэг сайхан биз дээ. Нэг талаас энэ бол гэмшил дээр гэмшил нэмж, нулимсан дээр нулимс нэмсэн давхар “ял” ч нөгөө талдаа сайхан л явдал. Гадаадад хоригдож буй иргэд маань эх орондоо ял эдлэх хүсэлт тавьжээ. Хүн яаж ч ядарсан эх орноо бараадахыг бодно шүү дээ. Яг энэ үүднээсээ тэдний хүсэл бол ойлгож болох эерүү сайхан хүсэл билээ. Би монгол хүн юм болохоор харийн оронд ялтан ч бай, ямбатан ч бай бидний элэг нэгтэн гэж хүлээж авна. Хүн гэдэг амьтан энэ хорвоогийн эрхэм дээд төрөлтөн. Тиймээс хүнийг хүн гэдэг утгаар нь л хайрлан хүндэтгэж явах учиртай.
Хилийн чанадад манай улсын олон иргэн хоригдож байгаа. Зөвхөн хар тамхины хэргээр гэхэд 34 иргэн маань харьд хоригдож байна. Тэгэхээр харийн оронд ял эдэлж байгаа монгол иргэдийг Гадаад харилцааны яамны Консулын газраас болон тухайн улсад суугаа манай ЭСЯ-ныхан эргэж тойрч, ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна гэхээр сайхан мэдээнд онцлохоос яахав дээ. Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын газрын ажилтнууд тус улсад ял эдэлж буй иргэдтэйгээ уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд яасан их баярлаа бол. Хөх хотод манай улсын долоон иргэн хоригдож байгаа. БНЧУ-д есөн иргэн ял эдэлж буй.
Гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдийн дөрөв нь ялаа эх орондоо эдлэх хүсэлтэй байгаагаа эргэлтээр очсон Консулын ажилтнуудад дамжуулсан байна. Манайхан энэ чиглэлээр ажиллах биз ээ.
Өөр нэг сайн мэдээ.
Төв аймгийн Зуун мод суманд хонины ноосны ээрэх үйлдвэр байгуулагдаж нээлтээ хийлээ. Энэ үйлдвэр даавуу нэхэх үйлдвэр байгуулахын эхлэл болж байгаа юм. “Могол ноос” ХХК нь 1996 онд Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багт ноосны анхан шатны боловсруулалт хийх, угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулсаар байгаад өнөөдөр хонины ноос ээрэх үйлдвэр болон сүндэрлэж байгаа юм. Энэ бол өсөлт. Нэг компани маань ч гэсэн олон жилийн уйгагүй хичээлээр өсч, дэвжиж байна. Гоё мэдээ гэхээс өөр аргагүй байгаа биз дээ.
Энэ үйлдвэр хоногт хоёр ээлжээр 2,0 тонн утас ээрэх хүчин чадалтай юм байна. Монгол хонины ноосон даавуу төслийн хүрээнд байгуулагдаж байгаа энэхүү ээрэх үйлдвэр бусад ноос угаах, самнах 18 үйлдвэрээс самнасан ноос авч, ээрэх, нэхэх үйлдвэрлэлийг явуулах юм. 6000 тонн хонины ноосны хялгасыг ялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгээр ээрч даавуу үйлдвэрлээд, дамжлагын 2800 орчим тонн хаягдал хялгас дээр бодын хөөвөр нэмж, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх боломжтой аж. Болж байна. Өшөө илүү олон үйлдвэр байгуулагдаасай. Монгол улсын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар дахь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт 100 хувь гадаад зах зээлээс хараат байж ирлээ. Жилд 50 гаруй тэрбум төгрөгийн даавуу импортоор оруулж ирж үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд ноосон даавуу хийдэг үйлдвэр байхгүй л өдий хүрлээ. Бид хангалттай хэмжээний ноос бэлтгэдэг ч 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж чаддаггүй. Тэгвэл одоо ноосон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлдээ гаргаж, цаашлаад экспортлох боломжийг бүрдүүлэхээс гадна ажлын байрнууд ч шинээр бий болгохоор зүтгэж эхэллээ.Яаж баярлахгүй байх юм бэ. Тийм биз дээ.