ИЗН-ын дэд дарга Ц.Ганхуягтай ярилцлаа. Сүүлийн түүний бичсэн   уран, цөмийн эрчим хүчний сэдвээр дагнасан судалгааны  нийтлэлүүд нь   олны анхаарлыг татаад байгаа юм.
-Улстөрч хүн яагаад гэнэт ураны сэдвийг сонирхох болов оо. Манай сонин гэхэд л ураны талаар бичсэн таны гурван ч  нийтлэлийг гаргасан?
-Уран, атомын эрчим хүчний асуудлаар манай физикчдийн ярилцлагууд миний сонирхлыг их татдаг, Монгол Улсад ийм боломж байгаа эсэх дээр айхтар өргөн хүрээнд биш юмаа гэхэд бяцхан хэлэлцүүлгүүд явдаг байсан. Аажимдаа энэ  сэдэв миний хобби болсон гэх үү дээ. Монгол Улс яагаад атомын эрчим хүч үйлдвэрлэж болохгүй билээ гэдэг үүднээс  сонирхон судалж эхэлсэн. Тэгээд өөрийн олсон мэдээлэл дээрээ тулгуурлан нийтлэл бичиж байна.

-Та уг нь салбарынх нь  сайд болтлоо дэвшсэн хөдөө аж ахуйн талын хүн юм биш үү?

-Миний улс төрийн амьдралын түүх яах аргагүй хөдөө аж ахуйтай шууд холбогддог. Анх ардын аж ахуйтны холбоо байгуулаад Монголын бараг бүх аймгаар хөндлөн гулд явж энэ их ажилд иргэний хөдөлгөөний шинжтэй үүрэг гүйцэтгэсэн. Малыг  хувьд шилжүүлсэнээр Монголд анхны хувийн өмчтөний бүхэл бүтэн сектор бий болсон. Сайд байхдаа Атрын гуравдугаар аяны хүрээнд газар тариаланг сэргээн хөгжүүлэх их ажил эхэлснээр монголчууд тариа будаагаа өөрсдөө тарьж ургуулах үндэсний хүч бүрэлдэж эхэлсэн гээд ярихаар яах аргагүй миний үйл хөдлөл, оролцоо хөдөө аж ахуй салбарт мөрөө үлдээсэн. Харин эзэмшсэн мэргэжил гэвэл  хөдөө аж ахуйн чиглэлийнх биш.  Би физикийн багш мэргэжлээр ЗХУ-д сургууль дүүргэсэн юм шүү дээ. Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хүн гэсэн үг.

-Тэгвэл ураны сэдэв  таны хобби гэж дээ, эзэмшсэн мэргэжил чинь юм байна шүү дээ?

-Бас ч тийм биш юм аа. Би оюутан байхдаа дорнын эмийн ургамлын найрлагын концентраци, спектр зүй тогтлыг судалдаг, энэ чиглэлээрээ аспирантурт суралцах гэж байсан ч дээд сургууль төгсөөд гурван жил ажиллуулдаг тэр үеийн хүнд суртлаас болоод үргэлжлүүлж чадаагүй.Одоо өөрийгөө физикч гэж хэлж чадахгүй, харин физикийн нэг чухал салбарын хувьд цөмийн эрчим хүчний талаар олон нийтэд танин мэдэх чиглэлээр жаал юм хийх санаа байна. Эзэмшсэн мэргэжил маань 20 гаруй жилийн дараа уран, цөмийн эрчим хүчийг ойлгоход бага сага хэрэг болж байна. Мэргэжлээ бараг мартсан байна.  Монгол Улс дэлхийн тавцанд нэр хүндтэйгээр гарч ирэх том боломжийг ураны эрэлт хэрэгцээ бий болгож байна гэж үздэгээ өөрийн нийтлэлдээ бичиж байсан.

-Нэгэн үе амтай болгон нь алт, зэс, Оюутолгой гэж ярьдаг байсан. Өнөөдөр бараг хүн бүр ураны тухай ярих боллоо. Бүр Цөмийн эрчим хүчний газар, ураны асуудлаар дагнасан төрийн компани байгуулагдлаа. Ураны сэдэв яагаад ингэж  хүчээ аваад байна вэ?

Тийм ээ. Энэ салбар ялангуяа шийдвэр гаргачдын анхааралд өртөж эхэлсэнд их баяртай байгаа. Улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын талаас нь аваад үзэхэд Монголын уран нь  Оюутолгойн зэс, алт, Тавантолгойн коксжсон нүүрсээс дэндүү өндөр  ач холбогдолтой юм. Ашиглаж чадвал уран бол Монголыг дэлхийд гаргаж чадна. 2015 оноос хойш дэлхийн улсуудад эрчим хүчний хямрал нүүрлэж эхэлнэ гэж зарлагдсан. 2030 оноос нефтийн нөөц дуусч эхэлнэ. Хүн ам л гэхэд 2050 онд 9 тэрбумд хүрэх нь. Дэлхийг эрчим хүчээр яаж хангах вэ, улс бүр асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг дээр сүүлийн үед анхаарал их төвлөрч, эрчим хүчнийхээ стратегид засвар, өөрчлөлт хийж байна. Нөгөө талаар, цэвэр эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхгүй л бол дэлхийн цаг уурын хурдан өөрчлөлт дэлхийг өөрийг нь устгах аюул бий болголоо гэдгийг ойлгож, Киотогийн протокол гарган хэрэгжүүлж эхэлсэн.

Цэвэр эрчим хүч гэдэг шалгуурт нар, салхи, цөмийн гэсэн эрчим хүч зонхилдог ч нар, салхины эрчим хүч зардал ихтэйгээс гадна, ийм төрлийн эрчим хүчээр орон нутгийн шинжтэй асуудлыг шийдэж чадна. Харин цөмийн эрчим хүч массовый эрчим хүч үйлдвэрлэнэ. Тиймээс ч ойрын 20 жилд 700 шахам цөмийн реактор шинээр барих төлөвлөгөө гарчээ.

Манай улс л гэхэд 2021 он гэхэд атомын өөрийн цахилгаан станцтай болох зорилт дэвшүүлсэн.

-Энэ хэрэгцээг дагаад ураны эрэлт нэмэгдэж байгаа нь тодорхой. Ер нь ураны нөөц ямар байдаг вэ?

-Ураны дэлхийн нөөцийг 10 сая тонн гэж ярьдаг. Зөвлөлтүүдийн гаргасан судалгаагаар, манайд 1,4 сая тонн нөөц байгаа. Энэ бол батлагдаагүй нөөц юм. Чи түрүүн асуусан даа. Ураны сэдэв яагаад гэнэт хүчээ авчихваа гэж. Товчхондоо  Монголыг урантай гэдгийг дэлхий дөнгөж саяхан, 2005 оноос л мэддэг болсон. Одоо бид батлагдсан нөөцөөрөө эхний 15-д орсон. Энэ байр одоо урагшилж байгаа. 1,4 сая тонн нөөц гэдэг бол Монголыг ураны зах зээлийг тодорхойлогч Австрали, Канад, Казахстаны түвшинд аваачиж байна гэсэн үг.


-Манай ураны батлагдсан нөөц 60 гаруй мянган тонн гэж сонссон юм байна. Гэтэл та өөр тоо хэллээ?

-60 гаруй мянга, заримдаа 70 гаруй мянган тонн ч гэдэг. Энэ бол хуучнаар Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн судалгаагаар гаргасан тоо. Ураны эрэлт өссөнөөс хойш манайд тогтвортой хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүд хэдэн арван мянгаар нь шинээр нөөц тогтоож байгаа. Далайцтай хэмжээнд буюу үйлдвэрлэл явуулах хэмжээний нөөцөө тогтоож, зарлая гэхээр хайгуул хийх талбайг хэрэгтэй хэрэггүй баахан компаниудад хуваагаад өгчихсөн нь одоо гай болж байна.

Манайд уран олборлох туршлагатай компаниудаас гадна Монголын баялагийг бирж дээр зарах сонирхолтой бүлэглэлийн гарт ураны их хэмжээний талбай орсон. Тэд өөрсдөө юм хийдэггүй, бусдыг ч оруулдаггүй нэг ёсондоо энэ ажилд том саад болж байгаа юм. Төр төмөр нүүрээ иймэрхүү зүй бус ажиллагаанд гаргах цаг болсон.

Төр лицензийн бэлэг тараалтаар өгч  алдаа хийсэн бол одоо алдаагаа засах хэрэгтэй.  Цөмийн эрчим хүчний газар, төрийн өмчийн Монатом компани юуны өмнө үйл ажиллагаагаа лицензийн асуудлыг цэгцлэхээс эхлэх ёстой.

-Ер нь бол уран 1990-ээд он хүртэл хаалттай сэдэв байсан. Одоо л бид ярьж эхлэж байна.?

 -. Хүйтэн дайны үед зөвлөлтүүд нууцаар манайд уран олборлож байсан олон баримт саяханаас ил тод болсон.  БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай” маш нууцын зэрэглэлтэй Хэлэлцээр 1981 оны 12 дугаар сарын 23-нд байгуулагдаж, Дорнодын Мардайн орд газарт оросууд дангаараа олборлолт явуулж эхэлсэн байдаг. Оросууд түүхий эд тээвэрлэх 60 гаруй км урт төмөр зам барьж ашиглаж байсан. 1982-1988 онуудад оросууд Мардайн ураны орд газрыг түшиглэн, олборлолтын “Эрдэс” үйлдвэр ажиллуулж, Байгаль нуураас зүүн тийш 250 км зайд орших Краснокаменскийн уул уурхай-химийн үйлдвэрт түүхий эд нийлүүлж байсан байдаг.

Бас өөр нэгэн орд газар 800-900 метрийн урттай газар дор том хонгил барьсныг манайхан мэдээгүй байсан гээд бод доо. Тухайн үедээ цэргийн нууц нэрэн дор Монголын төр засгаас нууцалж байсан юм.

-Та яг одоо ураны талаар ямар судалгаа хийж байна вэ?

-Казахстан энэ салбарт ямар амжилт олж байгааг судалж байна. Түүнээс гадна Цагаан сарын өмнөхөн УИХ-д суудалтай намууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцсон зөвлөлдөх уулзалтаас Ураны асуудлаар тусгайлан уулзалт хийхээр тохирч, энэ уулзалтад манай нам саналаа танилцуулах чиглэл авсаны дагуу уран ашиглалт, цөмийн эрчим хүчний зах зээлд Монгол улс хэрхэн оролцох талаар бид саналаа бэлтгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхэлсэн учраас нэг хэсэгтээ хүлээх нь шиг байна.

УИХ-д Э. Бат-Үүлийн тэргүүлсэн ураны асуудлаар Ажлын хэсэг байгуулагдан, энэ ажлын хэсэгт манай намын дарга С.Оюун орсон байгаа. Ажлын хэсэгт саналаа танилцуулах бэлтгэл хийж байна.

Цаашид ураны асуудалтай холбогдуулан төрийн бус байгууллага байгуулъя гэж хүмүүстэй санал солилцож эхэлсэн.

-Казахстаны ямар бодлого явуулж байна вэ?

-Казахстан 2015 он гэхэд уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд шилжээд зогсохгүй цөмийн бүх циклд үйл ажиллагаагаа явуулна гэж мэдэгдсэн. Тэд маш ухаалаг бодлого явуулж байгаа. Хэнтэй ч муудалцахгүй, бас хэнийг ч гомдоохгүй, гол нь зарчим дээрээ тохирч чадвал энэ салбарт хориг саад хийхгүй байна. Казахстан өөрийгөө дэлхийн цөмийн ренесанс болно гэж зарлаж байна. Казахуудыг их амбицтай хөтөлбөртэй гэж шүүмжилдэг байсан ч одоо хүлээн зөвшөөрч эхэлж байна. Тэд өөрсдийнхөө өрсөлдөгчдөөр Австрали, Канадыг л нэрлэж байна. Ураны салбартаа хөрөнгө оруулалтыг маш сайн татаж чадсан. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг гуйх биш өөрийн болзлоо зоригтой тулгаж, зөвшөөрүүлж чадаж байна. Бид ийм л сэтгэл зүйн бэлтгэл, ур чадвартай байж Монголын эрх ашгийг хамгаалж чадна. Одоо идэвхтэй ярилцаж эхлэж байгаа нь нэг алхам юм даа. Ядахдаа парламент холбогдох хуулийг хурдан батлаад явахгүй бол цаг их алдаж байна. Парламентын гишүүд нойр хоолоо умартан ардын элчийн үүргээ идэвхтэй биелүүлээсэй гэж хүсэх байна.

-Цөмийн ренесанс гэж юу вэ?

-Ренесанс гэдэг нь сэргэн мандалт гэсэнтэй дүйж очно. Бүр томруулбал дэлхийн хөгжлийн шинэ үе гэж ч хэлж болох байх. Казахстан өөрсдийгөө нефть, байгалийн хийн ашгаар бус харин уранаар дэлхийд цахиур хагална гэж үзэж байна. Ураны их нөөцөөрөө тэд дэлхийд томоохон тоглогч болоод зогсохгүй, дэлхийд хөгжлийн хувсгал –Ренессанс авчирна гэж мэдэгдээд байна. Энэ бол хэтэрхий том амбицтай сонсогдож болох ч амбицтай байснаараа энэ улс хожоод байна.

Манай болзошгүй нөөц гэхэд л Казахстантай ойролцоо шүү дээ. Ази төдийгүй дэлхийд Монголын үүрэг роль хэрхэн өсөн нэмэгдэж байгааг эндээс харж болно. Бид зүгээр уулга алдаад суух биш, бүгд л энэ асуудалд санаа тавьж чадах ядахаараа хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм. Биднээс 60-аадхан км-ийн цаана байгаа Казахстан ийм хүчтэй бодлого явуулж байхад бид энд явган хэрүүлээс салж чадахгүй байгаа нь харамсалтай. Нөгөө талаас онолчид их болж. Одоо эх оронч, боловсролтой, сийрэг ухаантай менежерүүд л хүчээ гаргамаар байна. Өндөр хөгжилтэй улсуудад энэ салбарт нэрд гарсан эрдэмтдээ ч санхүү, мөнгө хайрлалгүй энэ асуудалд татан оролцуулах хэрэгтэй.

Тэгэхлээр тэнгэрийн металл болох ураны хувьд юуны өмнө Монголын амбиц юу вэ гэдгийг бодолцох, тодорхойлох цаг болсон. Одоо атомын цахилгаан станц хэрэгтэй юу үгүй юү гэдэг яриа үеэ өнгөрөөсөн. Энэ их нөөцдөө түшиглэсэн улс төр-эдийн засаг-дипломатын ухаалаг бодлого явуулах хэрэгтэй.

Бид өнөөдөр ашиг сонирхлоо маш тодорхой болгохгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орсон байгаа. Наад зах нь олон улсын стандартад нийцсэн холбогдох хууль, журмуудаа батлан гаргах хэрэгтэй юм. Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхол Монголын ураныг тойрон бодитой бий болж байгааг айхтар анзаарах цаг болсон.

Хамгийн наад зах нь ирээдүйд дэлхийн тэргүүлэх хөгжилтэйд тооцогдож байгаа дөрвөн улсын хоёртой нь бидэнтэй хөрш төдийгүй энэ улсууд цөмийн эрчим хүчийг эрчим хүчнийхээ гол стратегиар хэдийнэ сонгосон, гол түлш болох ураны асар их хэрэгцээтэй байна. Хятад л гэхэд Австралитай уран нийлүүлэх удаан хугацааны гэрээ байгуулж байна. Орос ч мөн адил. Казахстан Хятадын зах зээлд нэвтрэх бодлогоо ил тод ярьж байна. 

Энэтхэг, Хятад эрчим хүчээр өлсөж, цангаж байгаа.

Массачушэтсийн Технологийн Хүрээлэнгийн мэдээлснээр Хятад 2050 он гэхэд 200 цөмийн эрчим хүчний үйлдвэр нэмж барьвал эрэлт нийлүүлэлт нь тэнцэнэ гэснийг аваад үзэхэд л аварга том зах зээл бидний өмнө цэлийтэл нээгдэх нь.

-Оюутолгойн алт зэсээ бид өөрсдөө ухаж чадахгүй гэдгээр  гаднынханд барьцаалагдчихаад сууж байна. Ураны талаар мэргэшсэн боловсон хүчин Монголд байна уу?

-Манай академич асан Н. Содном гуай Дубнад ажилласнаас хойш бүхэл бүтэн цөмийн мэргэжилтний том хүч бий болсон. Жаргал гуай гэхэд Олон улсын атомын эрчим хүчний агентлагт олон ажиллаж байна. Дэлхийн цөмийн томоохон лаборитариудад Монголын залуус ажиллаж, их сургуулиудад багшилж байгаа. Жишээ нь, Стенфордын Их сургуульд Ундраа гэдэг бүсгүй цөмийн физикч, зочин профессороор, түүний нөхөр Дашдорж мөн л цөмийн физикээр АНУ-д доктор хамгаалсан тэндээ уригдан ажиллаж байна. Энэ залуус л гэхэд Монголд цөмийн эрчим хүч хэрхэн яаж хөгжүүлэх талаар маш их санаа тавидаг, төр засгийн удирдлагуудад хандан саналаа хүртэл илгээсэн байсан. Ийм дэлхийн хэмжээний мэдлэгтэй, цөмийн эрчим хүчний талаар олон жил судалсан хүмүүсийнхээ хүчийг хөрөнгө мөнгө хайрлалгүй ашиглах л хэрэгтэй. Тэд л эх орондоо илүү үнэтэй зөвөлгөө өгч чадна.

Нөгөө талаар, бид инженер, техникийн ажилтнуудаа төрийн бодлогоор дэмжин сургах шаардлагатай байгаа. Одоогоор Орос, Франц, Япон улсууд туслахаа илэрхийлсэн гэж сонссон.

-Олон Улсын Атомын эрчим хүчний агентлагийн дарга Мохамeд Эл Барадeй Монголд айлчлах гэж байна Та энэ айлчлалаас юу хүлээж байна вэ?

-Дэлхийд нэртэй ийм том байгууллагын дарга Монголд албан ёсны айлчлал хийнэ гэдэг нь мэдээж ураны их нөөц илэрч дэлхийн улсуудын анхаарлыг татаж байгаа Монгол Улсын хувьд улс төрийн асар том ач холбогдолтой.  Энэ байгууллага атомын эрчим хүчний хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны хурал зөвөлгөөн зохион байгуулж, энэ чиглэлийн шинжилгээ судалгааны ажилд туслуулах зорилгоор өөрийн мэргэжилтнүүдээ улс орнууд руу илгээдэг, цөмийн хэрэгсэл, материалыг улс хооронд шилжүүлэхэд зуучлах, цөмийн хүч чадлыг цэрэг дайны зорилгод ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээр ажиллан жил бүр тайлангаа НҮБ-ын Ерөнхий чуулганд танилцуулдаг. Хамгийн гол нь атомын цахилгаан станц ажиллуулах зөвшөөрөл олгодог. Тэгэхээр энэ л хүрээндээ асуудлуудаа ярих биз ээ.