Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо
Та бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрах ёстой гэдэг эрхээ үндсэн хуульдаа тунхагласан. Энэ хүсээд буй нийгмийн гол суурь нь хүний эрх, хүртээмжтэй нийгэм, сайн засаглал юм. Харин энэ бүх гол ойлголтуудыг хооронд нь төдийгүй нийгмийн бүхий л оролцогч талууд дунд холбодог бүтэц нь мэргэжлийн, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сувгууд байдаг. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, улс төрийн бужигнаан, иргэд, дан ялангуяа залуусын дунд хөвөрч буй хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл, сошиал медиа дахь олон дагагчтай эрхмүүд рүү хандсан шүүмжлэл зэрэгтэй холбоотойгоор 71 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын зөвлөх, үүсгэн байгуулагч Ц.Мандхайхатан, “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны зохицуулагч З.Энхбаяр, “Мэргэжлийн Социологичдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Батзориг, “Иргэдийн Оролцоо” төслийн олон нийттэй харилцах ажилтан Г.Гансувд нар уригдлаа.
В.Ганзориг: Сүүлийн үед хүний эрх, иргэдийн оролцоо, залуусын нийгмийн идэвхи, ардчилал, засаглал гэдэг сэдвийг маш олон хүмүүс хөндөн ярьж бичиж байна. Та бүхэн яагаад залуу сэтгүүлчдийг онцлон тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх болсон бэ?
Г.Гансувд: Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын хэлэлцээрийн дагуу “Засаглалыг дэмжих, төвлөрөлийг сааруулах” том хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн нэг үндсэн нэгж нь манай “Иргэдийн оролцоо” төсөл юм. Энэхүү төсөл иргэдийн оролцоог хууль, эрх зүйн орчинд баталгаажуулах, залуучуудын бодит оролцоог дэмжих, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн зорилготой. Сүүлийн зорилгын хүрээнд “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-тай хамтран “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэд өөрсдийнхөө эдлэх ёстой эрх, хууль эрх зүй, улс төр, засаглалын талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдлэгтэй байж гэмээнэ тэдний нийгмийн оролцоо бодитоор бүрэлдэн баталгааждаг. Нөгөө талдаа иргэдийг мэдээллээр хангаж, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй хүмүүс нь сэтгүүлчид байдаг. Иймээс ялангуяа залуу сэтгүүлчдэд энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг түгээж, мэргэшүүлэн чадавхжуулахыг зорьсон. Ингэж байж иргэдийн мэдээллийн хүртээмж сайжирна гэдэг үндэслэлээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Ц.Мандхайхатан: Би энэхүү хөтөлбөрийг санаачлагчдын нэг. Манай “Бодлогод Залуусын Хяналт” ТББ залуучуудын нийгмийн утга учиртай оролцоог бий болгох, бодлого боловсруулах, хууль батлах, хэрэгжүүлэх үйл явцад оролцоотой байх зорилгоор 2014 оноос хойш тогтвортой ажиллаж байна. Нийгэм дэх залуусын оролцоо утга учиртай байх ёстой. Залууст зориулсан бүхэн хөгжөөнтэй, энтертайнмент, хялбаршуулсан, хөнгөн байх албагүй. Ийм байгаа учраас залуучуудад улс орныхоо шийдвэр гаргах процесст хаанаас, яаж оролцох тухай арга зүйн мэдлэг, дэмжлэг байдаггүй. Ийм учраас хуульч, сэтгүүлчдээс бүрдсэн манай баг ТББ байгуулан ажиллаж буйгаас гадна залуу сэтгүүлчдэд зориулсан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд зургаан жил гаруй хугацааг үдэж байна. Ардчилалд маш чухалд тооцогдох хууль ба сэтгүүл зүй гэдэг хоёр салбарыг огтолцуулж, бие биенээсээ харилцах суралцах боломжийг хөтөлбөрөөрөө дамжуулан оролцогчиддоо өгдөг.
З.Энхбаяр: Би энтертайнментаас эрх зүй рүү шилжсэн сэтгүүлчдийн нэг байна. Ардчилал, хүний эрх, иргэдийн оролцоо гэдэг зүйлс манай нийгэмд ямар чухал гэдгийг 2018 онд энэ хөтөлбөрт хоёр сарын турш хамрагдахдаа маш сайн ойлгож авсан. Үндсэн хөтөлбөрийн хажуугаар дэд хөтөлбөрүүд зарлагддаг. Тухайлбал, хуулиар мэргэшүүлэх, сургагч багш бэлдэх гэх мэт. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хувь хүний ур чадвар сайжирч, энтертайнмент чиглэлийн сэтгүүлчээс эрх зүйн мэдлэгтэй, ахисан түвшний сэтгүүлч болж чадсан. Энэ ялгаа миний гаргаж байсан одоо хийж буй контентоос харагддаг. Би сэтгүүл зүйн салбарт долоон жил, голчлон телевизийн салбарт ажиллаж байна. Контентийн агуулгаас энэ хөтөлбөр намайг өөрчилсөн нь мэдэгддэг. “Эмнести Интернэшнл” байгууллагын “Хүний эрхийн зоригтон” уралдаанд багаараа тусгай байр эзэлсэн шагналаа саяхан хүлээн авсан. “Надад санал байна” гээд Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан уралдаанд дэд байр эзлээд дөнгөж сая шагналаа аваад ирж байна. Энэ мэтээр сэтгүүлчийн хувиар маш том үр өгөөжийнг энэ хөтөлбөрөөс авч чадсан. Хүний эрх, ардчилал, засаглал, иргэдийн оролцооны талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлж чадвал хувь сэтгүүлч хүн ямар том давуу талтай болдог гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Энэ эрчээрээ 2018 оноос хойш тууштай ажиллаж байна. Цаашдаа ТББ, мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран дата, өгөгдөл дээр суурилсан сэтгүүл зүйг хөгжүүлбэл нийгэмд маш том өөрчлөлт хийх боломжтойг олж харсан.
Н.Батзориг: Би социологич, судлаач бас нийтлэлч хүн. “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөр дөрвөн төгсөлт хийснээс би гурав дахь төгсөлтийг нь дүүргэсэн. Үүнээс хойш төгсөгчдийн холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажилласан. Энэ хугацаанд сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын хөтөлбөрт хүний эрх, ардчилал, засаглалын асуудал хэр туссан байна гэдгийг “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-тай хамтран судалсан. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын сэтгүүлчдийг чадавхжуулах, өгөгдөлтэй хэрхэн ажиллаж боловсруулах тал дээр сургалтууд хийж нилээдгүй ажил хийсэн. Түүчлэн бид 2019 онд Филиппин улсад туршлага судлах аяллыг хийж байсан. Энэ хамт олонтой ингэж холбогдсон түүхтэй.
В.Ганзориг: Сэтгүүл зүйн салбараа хэдүүлээ нэг дүгнэж үнэлье. Энэ салбартаа дүн тавиач гэвэл хэд гэдэг дүн та бүхэн тавих вэ? Яагаад?
Н.Батзориг: Монголд 4400 орчим хүн сэтгүүлчээр ажилладаг гэдэг хамгийн сүүлийн үеийн статистик тоо байдаг. Эдгээрийн 50% нь л сэтгүүлч мэргэжилтэй, энэ чиглэлийн албан боловсролыг эзэмшсэн. Энэ хэрээр мэдээ, нийтлэлийн чанар хэр байна вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Сэтгүүл зүй асар хурдацтай өөрчлөгдөж байна. Төрийг хянах, засаглалыг удирдахад оролцох, нийгмийн асуудлыг гаргаж тавих том хүч сэтгүүлчдэд байдаг. Иймээс сэтгүүлчид нийгмээс ирж буй шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Нөгөө талаас сэтгүүлчид маань хүний эрх, ардчилал, засаглалын асуудлаар хэр мэргэшиж чадаж байна вэ, их дээд сургуулиуд сэтгүүлч бэлтгэхдээ энэ агуулгыг хэр сайн оюутнуудын толгойд хийж өгч байна вэ гэдгийг бид хамгийн түрүүнд судалж үзсэн. Хангалттай дүн гараагүй. “Засаглалд Залуус Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөр эхэлсэн шалтгаан энэ судалгаанаас үүдэлтэй гэж хэлж болно.
Ц.Мандхайхатан: Сэтгүүлчдийг шүүмжлэх хандлага сошиал медиа, технологийн хөгжлийг дагаад зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар өрнөж байна. Гэтэл манай сэтгүүл зүйн дээд боловсрол олгож буй байгууллагууд ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, сайн засаглал, авлигын суурь, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн агуулга руу орохгүй уран зохиол, утга зохиол төвтэй сургалтын хөтөлбөртэй байсаар буй нь харамсалтай. Логик сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх, хуулиа ашиглаж чаддаг, рационал байх зэрэг суурь чадваруудыг сэтгүүлчид заавал эзэмших ёстой. Ийм учраас манай хөтөлбөр хувь сэтгүүлчдийн эдгээр ур чадварыг хөгжүүлэх зорилготой эхэлсэн. Сэтгүүлч хүн цаг үргэлж суралцаж байж өөрийгөө хөгжүүлдэг. Манайх шиг хөтөлбөр салбар бүрт бий болоосой гэж боддог.
Бидэнд сэтгүүлчтэй холбоотой гашуун туршлага бий. 2017 онд манай сургалтанд оролцсон сэтгүүлч биднийг үндэслэлгүй гүтгэж сониндоо нийтлэл бичсэн. Энэ салбарыг гаднаас нь шүүмжилдэг байсан би Хэвлэлийн хүрээлэнгийн зургаан сарын курст суугаад сэтгүүл зүйд олгодог ур чадвар, ойлголтыг нь сонсож үзэхэд хуулиа ашигладаг, асуудалд дүн шинжилгээ хийх, агуулга дээрээ анхаарах асуудлууд яах аргагүй дутагдаж байсан. Ардчилал гээд ярьдаг хийсвэр мэт зүйлийг бодит амьдрал дээр буулгаж чаддаг нь манай хөтөлбөр гэж би боддог.
З.Энхбаяр: Сэтгүүлчид сурч хөгжихийн төлөө явдаг. Энд тэнд олон сургалт зохион байгуулагддаг хэдий ч чанартай, чанаргүй нь бас бий. Нөгөө талдаа сэтгүүлчдийг хөгжихөд нь туслаж, сурч мэдэхэд нь цаг гаргах тал дээр ажил олгогчид анхаарч, боломж олгох ёстой. Иймээс манай сургалт амралтын өдрүүдээр зохион байгуулагддагаараа онцлог. Үндсэн ажилтай, өдөр тутам мэдээнд гүйдэг сэтгүүлчид хамрагдах бүрэн боломжтой гэсэн үг. Түүнчлэн эргэх холбоо маш чухал. Манай оролцогчид хөтөлбөрөө дуусгаад яваад өгдөггүй. Төгсөгчдийн холбоогоороо дамжуулан 120 орчим сэтгүүлчид одоо хүртэл өөрсдийгөө хөгжүүлсээр байгаа. “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-тай хамтран хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ажилладаг. Хамгийн сүүлд бид “Улс төрийн намын тухай хууль”-ийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
В.Ганзориг: Энэ хөтөлбөрийн дараагийн элсэлт нь хэзээ эхлэх вэ?
Г.Гансувд: Энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэгч Швейцарын Хөгжлийн Агентлаг 2024 оноор тасалбар болгон Монголоос гарч байгаа.
Ц.Мандхайхатан: Санхүүжилтээ босгож чадвал хөтөлбөрөө үргэлжлүүлэх хүсэл байгаа. Ажил дээр гарсан сэтгүүлчдэд энэ хөтөлбөр маш чухал учраас эхлүүлсэн энерциэ алдахгүй явах сонирхол бий.
В.Ганзориг: Энэ хөтөлбөрийн бодит үр дүнгийн талаар мэдээлэл авмаар байна!
Г.Гансувд: Энэ хөтөлбөрийн хамгийн том үр дүнг би төгсөгчдийн холбоо гэж хэлнэ. “Иргэдийн Оролцоо” төсөл 2022 оноор тасалбар болон дуусч байгаа ч залгамж халаа нь төгсөгчдийн холбоо болж, хүний эрх, хууль эрх зүйн чиглэлээр эхлүүлсэн ажлаа цаашаа үргэлжлүүлэн авч явж, иргэдэд зөв мэдлэг, мэдээллийг тогтвортой хүргэх болов уу. 20 гаран насны миний үеийн залуус хүний эрх, засаглал, иргэдийн оролцоо гэдэг агуулгыг нэг сайн сонсоод авбал дараа дараагийн мэдээллийг сонирхон хүлээн авч, улам гүнзгийрүүлэн судлахыг хичээдэг. Энэ хөтөлбөрөөр дамжуулан бид 120 сэтгүүлчид энэ талын мэдлэг, мэдээллийг түгээж чадсан гэж бодохоор эдгээр сэтгүүлчдээр дамжуулан улам олон хүнд хүрч чадна гэсэн үг. Ирээдүйд хүний эрх, ардчилал, засаглал, иргэдийн оролцоо гэдэг агуулгыг бичдэг, судалдаг сэтгүүлчид улам их сонсогч, уншигч, дагагчтай болно. Ардчилал, иргэдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг уншаад сонсоод ойлгох хэмжээний сонсогчид нэмэгдсээр байх болно. Учир нь хүн ямар нэг асуудлыг байн байн сонсох тусмаа санаа зовж эхэлдэг.
Н.Батзориг: Үр дүн дээр хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгт, манай сэтгүүлчид хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, суурь зарчмуудыг өөртөө суулгаснаар ёс зүйн шинжтэй алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх төдийгүй хууль эрх зүйн хамгаалттай болж чадсан. Хоёрт, олон нийтэд үнэн, бодит мэдээлэл хүргэхдээ дээрх зарчмууд дээр суурилж ажилладаг болно.
З.Энхбаяр: Энэ хөтөлбөрийн хүрээнд бичил төслүүдэд санхүүжилт босгох боломжтой байдаг. Залуусын хувьд иргэдийн оролцоо, ардчилал, улсын төсөв, хүний эрх гэхээр уйтгартай сэдэв санагдаж магадгүй. Гэхдээ уйтгартай гээд хаяж огт болохгүй. Бид хуулиар биеэ хамгаалах урлагт суралцах ёстой. Хөдөө орон нутгаас сэтгүүлчид ирж манай хөтөлбөрт оролцдог. Хөгжил Улаанбаатар хотоор хязгаарлагдах учиргүй. Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах маш чухал. Ардчилал, хүний эрхийн суурь ойлголтыг батжуулж чадсан орон нутгийн сэтгүүлчид богино хугацаанд том үр дүн гаргаж чаддаг. Ховд аймгийн Саруул гээд сэтгүүлч эгчийг онцолж дурдмаар байна. Хөтөлбөрт хамрагдаж, хууль эрх зүйн ойлголтоо нэмэгдүүлснээр аймагтаа тогтолцооны түвшинд болохгүй байсан асуудлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэвлэл мэдээллээр дамжуулан нөлөөллийн ажил хийж шийдүүлж чадсан.
Ц.Мандхайхатан: Бүр тодруулбал, бид хуулиар мэргэшүүлэх хөтөлбөрөөр дамжуулан нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийдэг гэсэн үг. Нийтийн эдэлбэр газрыг тохижуулах ёстой асуудлыг хөндөн шүүхээр шийдвэрлүүлж, түүний хажуугаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийсэн. Үүнээс гадна манай сэтгүүлчид сургагч багшаар бэлтгэгдэн дөрвөн аймгаар явж ажиллан, орон нутгийн сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн бүтээл хийх уралдаан буюу хакетон хийсэн. Үүнд оролцсон Дорноговь аймгийн ТВ стори теллинг буюу түүх өгүүлэхүй гэдэг нэвтрүүлэгтэй болж үлдсэн байх жишээтэй.
З.Энхбаяр: Энэ хөтөлбөр агуулга, ур чадварыг хослуулдаг. Оролцогчдыг төгсөх үед нь бүтээл хийлгүүлдэг. Үүгээр дамжуулан нийгмийн асуудлыг хөндөх, иргэдийн оролцооны сайн туршлагыг харуулсан кэйсийг гаргаж ирэх зорилготой. Би 2018 онд анх хөтөлбөрт оролцож байхдаа “Ангиртай бүс” гэдэг видео бүтээл хийж байсан. Гачууртад байдаг ангир шувуутай тусгай хамгаалалттай бүсийг суурьшлын газар болгох үед энэ асуудлыг иргэний оролцоотойгоор Нийслэлийн түвшинд гарган амжилттай шийдүүлж, тусгай хамгаалттай газар хэвээр үлдээж чадсан түүх, сайн туршлага бий.
Ц.Мандхайхатан: Хууль гээд ярихаар иргэдэд уйтгартай, иргэдийн оролцоо гээд ярихаар яг юу гэдэг нь ойлгомжгүй мэт санагддаг. Гэтэл бодит амьдрал дээр иргэдийн оролцоотой маш олон амжилттай кэйс, асуудлаа шийдүүлж чадсан төслүүд байдаг. Иргэдийн оролцоо гэдэг нь нийтлэг эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж төрийг ажлыг нь хийлгэдэг, шаардлага тавьдаг, өөрчлөлт хийх үйлдэл юм. Оролцоотой байх юм бол асуудлаа шийдүүлж, эрхээ хамгаалж болдог юм байна гэдгийг иргэд ойлгох ёстой. Энэ хэрээр сэтгүүлчдийн харах өнцөг өөрчлөгддөг.
З.Энхбаяр: Ардчилал, хүний эрх, сайн засаглалд иргэдийн оролцоо ямар чухал гэдгийг энэ хөтөлбөрт оролцон улам сайн мэдэрч, харах өнцгөө өөрчилсөн. Болохгүй саар зүйл биш болж бүтэж буй сайн туршлагыг нийтэд түгээх нь чухал байна.
В.Ганзориг: Танай хөтөлбөр анх тавьсан зорилгодоо хүрч чадсан уу?
Ц.Мандхайхатан: Анх бид “Иргэдийн Оролцоо” төсөлтэй 60 сэтгүүлчийг нэгээс хоёр өдөр сургах тухай нэг л хөтөлбөр дээр хамтрахаар ярьж байсан. Энэ төслийн дараа Швейцараас үнэлгээний баг ирж бидний ажлыг маш амжилттай явж байна гэж дүгнээд түншлэлийн хэмжээнд үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Гэхдээ албан тогтолцоонд илүү их өөрчлөлт хийхийг хүссэн. Иймээс бид өнөөдрийг хүртэл зургаа дахь жилдээ хөтөлбөрөө үргэлжлүүлээд явж байгаа юм. Яг одоо манай байгууллагын дэргэд “Орон нутгийн төсвөө хянацгаая” төсөл хэрэгжиж байна. Орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт дээр залуу сэтгүүлчдээ бүрэлдэхүүн болгож оруулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөтөлбөрийг бид мөн хэрэгжүүлдэг. Нийгэмд өөрчлөлт хийж, үр дүн гаргахын тулд сэтгүүлчид улам сайн мэргэшиж, сэдэв чиглэлээ нарийн болгох ёстой. Үүний тулд арга зүй хэрэгтэй. Энэ арга зүйг манай хөтөлбөр бий болгож чадсан.
З.Энхбаяр: Төгсөгчдийн хамгийн их хэлдэг зүйл нь хэр баргийн олддоггүй хүмүүсийг багшаар урин авч ирж хичээл заалгадаг гэдэг.
Ц.Мандхайхатан: Гадаадаас Германы Deutsche Welle телевизээс бид сургалт авч байсан. Сэтгүүлчдийн нэр хүнд унаснаас болоод анх манай дээр ирж багшлах хүмүүс ховор байсан. Сургалт авсан сэтгүүлч хэлж ярьсан зүйлийг нь гуйвуулчих вий дээ гэдэг болгоомжлол манай багш нарт эхний нэг, хоёр жилд байсан. Манай байгууллага хүртэл өөрсдөө сэтгүүлчид гүтгүүлж үзсэн түүхтэй. Харин одоо ямар ч сургагч багш ирээд тайван хичээлээ ордог болсон нь энэ хөтөлбөрийн нэг үр дүн гэж бодож байна.
З.Энхбаяр: Бид 2019 онд Филиппин улс руу явж туршлага судалсан. Ерөнхийлөгчийн засаглалтай, улс төрийн асар хүнд нөхцөлд ажиллаж буй Филиппины сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг хараад ардчилал байхгүй байна гэж бид бусдаас нэхэх ёсгүй гэдгийг маш сайн ойлгосон. Бид төрөөс санхүүждэггүй, хараат бусаар ажилладаг, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн Rappler агентлаг дээр ажилласан. Энэ байгууллагаас том урам зориг авсан. Уг агентлаг дотроо судалгааны том багтай, дата мэдээллээ цуглуулж боловсруулаад зарахаас гадна өөрсдөө эрэн сурвалжлах бүтээл гаргадаг байгууллага байсан. Бидэнд ийм байгууллага бий болгох зорилго бий.
В.Ганзориг: Болж бүтэж буй ажлууд олон байгаа хэдий ч та бүхнээс залуу хүний хувьд өөрсдийгөө нэг сайн шүүмжлээд аль гэвэл юу юуг хэлэх вэ?
З.Энхбаяр: Оролцоо! Хэчнээн ярьж, бичдэг ч залуусын оролцоо хангалттай түвшинд байхгүй байна. Залуус илүү хариуцлагатай болох ёстой. Залуусын оролцоо гэдэг нь өөрсдөд нь ямар хэрэгтэй, ямар чухал гэдгийг маш хурдан ойлгох хэрэгтэй байна. Манай хөтөлбөрт хандсан 100 хүний 30 нь тэнцдэг. Гэтэл тэнцээд ороод ирсэн 30 хүний зарим нь сургалтандаа бүтэн суухгүй, идэвх гаргахгүй байх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүн нөгөө 70 хүний боломжийг булааж орж ирчихээд үр өгөөжгүй оролцдог, бүдүүлэг зан гаргадаг тохиолдол бий. Энэ хариуцлагын асуудал дээр харамсалтай бас шүүмжлэлтэй ханддаг.
Г.Гансувд: 20 гаран насны манай үеийнхэн хоёр юмны дунд шийдвэр гаргаж чадахгүй яваад байдаг мэт санагддаг. Тэр нь чин сэтгэлээсээ нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийх, эсвэл цэвэр өөрийнхөө төлөө явах. Залуусын оролцоо гэдэг нь ямар нэг сургалт, хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ авах, эсвэл нэр төр хөөцөлдөх, намтар дээрээ бичүүлэх тухай ойлголт биш. Харамсалтай нь зарим залуус нийгмийн оролцооны агуулга дээр анхаарахгүй, өнгөц байдлаар ханддаг. Энэ бол хуурамч оролцоо! Нийгмээс, бусдаас юм авсан бол буцааж түгээх үүрэг бас хандлага залуучуудад байх ёстой.
Н.Батзориг: Сэтгүүлчдийн нийгмийн оролцоо, идэвх учир дутагдалтай хэвээр байна. Сэтгүүлчид өөрсдийн мэдлэг, боловсрол, ёс зүй, ур чадварын түвшингээр нийгмээ хэмжин, шууд дүгнэж болохгүй. Эрхээ мэдэхгүйгээс болоод алдаж буй олон тохиолдол байсаар байна. Эрүү, иргэний, зөрчлийн хэргүүдийг харж байхад сэтгүүлчидтэй холбоотой хэргүүд багагүй байна лээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн оролцоо багатай байгаа учраас өөрийн эрхээ хангалттай эдэлж чадахгүй байна гэсэн үг. Хоёрт, хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, тэрхүү кодоо сахин мөрдөх асуудал яригдана. Эдгээрийг анхаарахгүй бол бид олон улсад аяндаа жагсаалтын доогуур л гараад ирдэг.
З.Энхбаяр: Ямар ч бодлогогүй, юуг зорьж ажиллаж буй нь ойлгомжгүй редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага одоо хүртэл Монголд бий. Энэ бол шууд утгаараа хараат редакц л гэж ойлгогдоно. Иймээс бид аль болох хараат бус редакц, сэтгүүл зүйг бий болгохын төлөө ажиллах ёстой.
Ц.Мандхайхатан: Манай байгууллага түнэр харанхуйг зүхэж сууснаас ядаж нэг лаа асаа гэдэг зорилготой ажилладаг. Энэ нэвтрүүлгээр засаглалтай холбоотой төслөө л бид ярьж байна. Үүнээс гадна улс төрийн санхүүжилт, нээлттэй мэдээллийн сан зэрэг олон төслүүд дээр ажилладаг. Удахгүй болох “Дата Эрх Чөлөө” үзэсгэлэнгийн үеэр нээлттэй мэдээлэл, нээлттэй өгөгдлийг ил тод болгох нь иргэдийн хяналтанд ямар ач холбогдолтой вэ гэдгийг ойлгуулахыг хичээнэ. Энэ мэтээр бид асуудлыг олж хараад тэрхүү асуудлыг тогтолцооны түвшинд хэрхэн шийдэж болох вэ гэдэг дээр ажиллаад явж байгаа болохоор өөрийгөө яг шүүмжлээч гэхээр шүүмж олдохгүй байна.
В.Ганзориг: Хэрвээ та бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд байсан бол дээр ярьсан асуудлуудыг шийдэхийн тулд бизнес загвараа хэрхэн томъёолох байсан бэ? Амжилттай эхлүүлсэн энэ хөтөлбөрөө тогтвортой цаашаа авч явах та бүхний шийдэл юу байна вэ?
Н.Батзориг: Бид Хонг Конг болон АНУ-ын Миссуригийн их сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөр, барууны мэдээллийн агентлагуудын бүтцийг нилээд сайн судалж үзсэн. Ингээд дүгнэлт хийж үзэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөгдөл цуглуулж боловсруулан дүн шинжилгээ хийдэг судлаач байх ёстой гэж гарсан. Үүниий дараа баримт нягтлагчид заавал байх ёстой. Мэдээж эцэст нь мэргэжлийн сэтгүүлчид байх ёстой. Энэ гурав нэгдэж, хамтран ажиллаж байж хэвлэл мэдээллийн салбарт нэмүү үнэ цэн үүсдэг. Хэвлэл мэдээллийн салбарт бид ийм бүтэц, бизнесийн загварыг бий болгох ёстой гэж бодож байна.
З.Энхбаяр: Филиппин улсын дээр дурдсан агентлаг судалгаагаа зарж мөнгө босгодог бүтэцтэй байсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дамжуулан том авлигын хэргийг олон нийтэд гаргаж тавих, нийгмийн асуудлыг хөндөж шийдэл рүү чиглүүлэх нь энэ салбарын үүрэг. Энэ судалгаа, өгөгдөл дээрээ ажиллан боловсруулалт хийж мөнгө олж болно. Мөн иргэдээс хандив авч болно. Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм сэдвээр судалгаа, бүтээл хийж байгаа тул хандив өгнө үү гээд тусгай булан ажиллуулдаг. Монголд ийм бүтэц байх ёстой. Гол нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ямар чиглэлээр ажиллах вэ гэдэг хараат бус редакцийн бодлоготой байх ёстой. Ийм учраас ашиг олох л зорилготой бизнесийн байгууллагуудаас хүний нөөц болон санхүүжилтын загвар нь ялгагддаг. Харамсалтай нь Монголд мэргэжлийн бус хүмүүс хэвлэл мэдээллийг байгууллагыг толгойлон, хэдхэн сонгуулиар л бизнес загвараа хардаг гэж би дүгнэдэг.
Ц.Мандхайхатан: Энэ салбарын бизнес загварыг өөрчлөх ёстой. Сэтгүүл зүй ашиг олох нь зүйн хэрэг. Бид менторшип хөтөлбөрийг сэтгүүлч нарын дунд хоёр удаа хэрэгжүүлж үзсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд Миссүригийн их сургуулийн мэргэжилтнээс энэ асуултыг асууж байсан. Хэвлэл мэдээллийн салбарын бизнес загвар АНУ-д ашгийн бус болсон гэж хариулсан. Үүнтэй холбоотой маш олон янзын бизнесийн загварууд гараад амжилттай хэрэгжиж буй тухай ярьсан. Харин Монголд ашгийн бус байдлаар ажиллах хууль эрх зүйн орчин маш хязгаарлагдмал. Компани болж ажиллавал зөвхөн ашиг олох зорилготой болчихдог. Манай хэвлэл мэдээллийн салбарт ашгийн бус загвар хэрэгтэй байгаа. Мөн эрэн сурвалжлах арга зүй чухал. Энэ чиглэлийн том хэмжээний бүтээл гаргахад дор хаяж хоёроос гурван жил зарцуулж, энэ хооронд бүхэл бүтэн баг ажилладаг. Тогтолцооны хувьд болохгүй байгаа асуудлыг гаргаж ирэхийн тулд яах аргагүй санхүүжилтын асуудал яригдана. Иймээс олон нийтийн санхүүжилт маш чухалд тооцогддог. Эцэст нь сэтгүүлчдийг чадавхжуулдаг байнгын тогтолцоо зайлшгүй шаардлагатай гэж хэлмээр байна.
Г.Гансувд: “Иргэдийн Оролцоо” төслийн сүүлийн шат 2020-2022 оны хооронд хэрэгжээд дуусч байна. Хувь хүнээс илүү хүний эрх, ардчилал, иргэдийн оролцоо, засаглалын асуудлаар мэргэшсэн институтийг чадавхжуулах нь чухал болжээ. Иймээс энэ чиглэлээр мэргэшсэн 120 гаруй сэтгүүлчид бэлтгэгдсэн нь энэ хөтөлбөрийн хамгийн том амжилт юм. Ийм учраас 2022 онд бид “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-тай хамтран төгсөгчдөө чадавхжуулах ажлуудыг онцлон хийсэн. Бид төслийнхөө хүрээнд http://oroltsoo.mn/ сайтыг нээн ажиллуулж байна. Төсөл дуусч байгаатай холбоотой энэ сайтыг цаашид авч явах ажлыг төгсөгчдийн холбоо руугаа шилжүүлж байгаа. Цаашдаа сэтгүүлчид маань энэ сайтаар дамжуулан олон нийтэд мэдээ, мэдээллээ хүргэх, бүтээлээ нийтийн хүртээл болгох боломжтой. Төсөл дуусч байгаа хэдий ч эхлүүлсэн ажлуудыг цаашид тогтвортой авч явах байгууллагатай болж үлдэж буй нь бидний хамгийн том амжилт гэж хэлмээр байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
В.Ганзориг: Та бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрах ёстой гэдэг эрхээ үндсэн хуульдаа тунхагласан. Энэ хүсээд буй нийгмийн гол суурь нь хүний эрх, хүртээмжтэй нийгэм, сайн засаглал ажээ. Харин энэ бүх гол ойлголтуудыг хооронд нь төдийгүй нийгмийн бүхий л оролцогч талууд дунд холбодог бүтэц нь мэргэжлийн ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сувгууд байдаг. Энэ салбарт олон сайхан хөтөлбөр хэрэгжин, сэтгүүлч нарыг чадавхжуулж буйд хувь хүний хувьд таатай байна. Энэ хөтөлбөрөө улам өргөжүүлэхийг хүсч байна.
Зочин
DR. LOUIS