Сонголт бүхий шаналангийн тухайд

“Жинхэнэ жентелменүүд салсан хүүхэн саалгасан татварынхаа талаар гоншигнодоггүй гэх алтан үг бий” хэмээлцэх нь угтаа улайхдаа тулсан хуурмаг үг. Би дөнгөж саяхан л тааваараа зохиолоо шүү дээ. Уучлаарай. Гэвч, хэрэв ийм үг үнэхээр байдаг сан бол “эрүүл амьдрах арга ухааны тухайд яриад ч нэмэргүй байх” гэх боловсон хүний нөхцөл байдалд хувилж ч магад. Мэдээж шүү дээ, ямар л жинхэнэ эр эрүүл мэндийнхээ талаар олны өмнө дуржигнатал ярих вэ дээ, ёстой ч нэг үгүй юм байх аа. Надад ингэж л санагдаад байна. 

Мэдээж намайг жинхэнэ жентелмен биш гэдгийг хэнбугай ч сэхээрэхтэйгээ, энэ талаар нэг бүрчлэн анзаарах хэрэггүй, гэлээ ч яахин ийм номыг бичихтэйгээ суугаадаа багахан зовниж л байна. Гэхдээ учирлал ч шиг бишүүрхэл ч шиг энэ ном гүйлтийн тухай мөн атлаа, эрүүл амьдрахуйн арга ухааны ном ч бас биш юм аа. Би энд “за бүгдээрээ өдөр бүр гүйж, эрүүл амьдарцгаая аа” гэх мэт уриалаад байхын учир үгүй. Ерөөсөө л би гэдэг хүний тухайд гүйсээр ирсэн гэдэг нь чухам ямархуу зүйл болохыг, тэр талаараа бодож эргэцүүлж, эсвэл ерөөс өөрөөсөө асууж түүндээ өөрөө л хариулсан төдий. 

W.Somerset Maugham “ямар ч янз бай үс засалтад хүртэл философи бий” хэмээн бичсэн дээ. Ямар ч аахар шаахар зүйл бай түүнийгээ өдөр өнжилгүй үргэлжлүүлээд байвал тэнд ямар нэг гэгээрүүлэх маягийн зүйл төрдөг гэсэн шүү утгатай юм болов уу даа. Би ч гэсэн Maugham-ын энэ тайлбартай чин сэтгэлээсээ санаа нийлмээр байна. Тийм болохоор юм бичдэг хүнийхээ хувьд, бас гүйгчийнхээ хувьд ч гүйх гэдэг зүйлийн талаар хувийн маягтай хөнгөхөн юм бичиж, хэвлүүлж гаргахад тэгтлээ зам мөр хазайсан болохгүй биз ээ. Ядаргаатай зантай хүн гэх үү, би юмыг үсгээр л босгохгүй бол олигтой тунгааж чаддаггүй бөгөөд өөрийнхөө гүйлтийн утга учрыг эргэцүүлэхэд гараа хөдөлгөж, бодитоор ийн өгүүлбэр бичиж үзэхээс нааш ер санаа амардаггүй билээ. 

Нэг удаа Парист зочид буудлын өрөөнд хэвтээд International Herald Tribune сонинг уншиж байтал марафон гүйгчийн тухай тусгай нийтлэл санаандгүй үзсэн юм. Хэд хэдэн алдартай марафончоос ярилцлага авч тэд гүйж байхдаа замдаа өөрийгөө шамдуулахын тулд чухам ямар уншлагыг тархи толгойдоо давтан явдаг вэ гэх асуулт байлаа. Нэлээн учир жанцантай санаа юм. Түүнийг уншихаар үнэхээр л цөм элдэв юм эргэцүүлэнгээ 42,195 км зайд гүйдэг байх нь гэж талархангуй бодож билээ. Зөвхөн энэ гэхэд л бүрэн зайн марафон хэмээх хэтийдсэн зовлонтой уралдаан юмсанж. Тарни ч болтугай уншиж явахгүй бол барахгүй шүү. 

Тэр дунд нэг хүн түүний ахаасаа (ах нь ч бас марафон гүйлтийн тамирчин) сурсан нэгэн шадыг гүйж эхлээд л замдаа толгой дотроо нэхэн санаж байнга уншин, боддог гэж ярьсан хүн байлаа. “Pain is inevitable. Suffering is optional.” Энэ бол түүний уншлага. Ньюансыг нь зөв гаргаж япон хэлээр орчуулахад хэцүү ч, махчлах маягтайгаар хялбархан буулгавал “Өвдөлтөөс зайлж барахгүй ч шаналал бол дараагийн асуудал” гэх маягтай болно. Жишээ нь гүйж байхад “Ээ, яасан хэцүү юм бэ, ёстой барахгүй нь” хэмээн бодогдовч “хэцүү” гэх зүйл нь зайлсхийх аргагүй гэлээ ч “Ёстой барамгүй юм” гэх эсэх нь эцсийн эцэст хүний өөрийн тэвчээрийн хэмжээнд л даатгагддаг аж. Энэ үг марафон хэмээх уралдааны хамгийн чухал хэсгийг товчоор хураан хэлсэн шиг санагдана. 

Гүйлтийн тухай ном нэжгээдийг бичье хэмээн бодож зориглосон нь бараг тэгж ингэсээр арав гаруй жилийн урьд агаад тэр цагаас хойш энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэх бодолдоо түүртсээр яг бичье гэх нь гар эвлэхгүй явсаар он цаг улирчээ. “Гүйнэ гэдэг...” амандаа ийн бувтнавч ачир дээрээ ерөөс сэдвийн хувьд хэт огцомдоод чухам юуг, яаж бичвэл дээр вэ гэдэг санаа ер буухгүй, эвлээгүй билээ л. 

Тэгтэл нэг өдөр сэр хийтэл “өөрийн мэдэрч буй зүйл, тунгааж яваа юмаа л толгойноосоо тэр чигт нь шуудхан өөрийнхөө үг өгүүлбэрээр гаргаж үзье. Ийнхүү ямар ч гэсэн юуны өмнө эндээс эхэлж үзэхээс өөр аргагүй” хэмээн сэтгэж 2005 оны зунаас буулгаж, бага сагахан ахиулсаар бичиж эхлээд 2006 оны намар дуусгавай. 

Нэг хэсэг газар урьд өмнө бичсэн зүйлийн хэсгээс эшилж, харин бараг дийлэнх хэсэг нь “одоогийн сэрж мэдэрсэн зүйл”-ээ тэр л хэвээр нь буулгасан юм. Гүйнэ гэдэг зүйлийн тухай шударгаар бичнэ гэвэл, би гэдэг хүний тухай л (зарим хэмжээнд) шударгаар бичнэ гэсэн үг. Зам зуураа үүнийг анзаарлаа. Тийм болохоор энэ номыг гүйх гэдэг үйлдлээр дулдуйдсан нэгэн төрөл “дуртгал” хэмээн уншваас болмоор санагдана.

Энд “философи” гэж хэлэх хэмжээний зүйл үгүй юм аа гэхэд нэг төрлийн туршлага гэхээр зүйл хэд хэд багтсан билээ. Тэгтлээ сүрхий эд биш байж магад, тэр бол багаар бодоход л би өөрийн бие махбодыг бодитоор хөдөлгөж байж, сонголттой шаналлыг туулан байж, туйлын маягтай, хувь өөрөө сурч мэдсэн зүйл билээ. Нийтлэг бус зүйл тэгтлээ байхгүй байж мэдэх юм. Гэсэн ч ямар байлаа ч би гэдэг хүн би билээ л.


2007 оны наймдугаар сарын нэгэн өдөр