Даншиг хийгээд “нутаг болдоггүй” Улаанбаатар
Монгол хүний аз жаргалын хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол нөхрийн чанар л танигдана гэдэг.
Сайн яваа л бол сайхан наадамд!
Монгол хүний аз жаргалын хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол нөхрийн чанар л танигдана гэдэг. Жалга жалгын мухарт сар, жилээр бясалгасан ганцаардлаа үргээж, олон түмэнтэйгээ бужигнах тэр өдрүүдэд гангарах морь, гоёх дээлтэй байвал амьд яваагийн хэрэг бүтдэг ард түмэн, бид. Их Д.Нацагдорж бээр үндэстнийхээ эрүүл энх ба аз жаргалын ийм мэдрэмжийг “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээн яруу сайхан илэрхийлсэн байдаг. Эрүүл явахын цаад зорилго нь наадам үзэх гэж л хэлээд байна даа.
Тийм болохоор сум орондоо эмнэлэг сургууль барьсан удирдагчийг бус тэгш ойг нь сайхан тэмдэглүүлж, гоё наадам хийлгэсэн дарга нарыг хайрлан хүрээлдэг. Тийм учраас тэмдэглэлт ойн дараа бүтээн байгуулалт бус харин сумын төдөн жил гэсэн хөшөө, “Тавтай морилно уу” гэдэг хаалга үлддэг. Олон түмэн түүндээ сэтгэл хангалуун хоцорно.
Дээр доргүй, үнэн сэтгэлээсээ ханддаг болохоор монгол наадам үнэхээр төгс төгөлдөр. Үнэн голын баяр хөөрөө шингээж нааддаг болохоор гадаадынхан монгол наадмыг сонирхоод байдаг бололтой.
Даншиг бол Чингисийн эрэл
Даншиг наадам сэргээн хийх гэж байна. Анхдугаар богд Өндөр гэгээнийг хутагтын ширээнд залаад “мандтугай” хэмээн хийсэн наадам бололтой, даншиг гэдэг нь.
Их Чингис хааны үед бар арслан явсан монгол үндэстэн нэг мэдэхэд бутран салж, тал нутаг дүүрэн “батганы толгой” болон таржээ. Энэ үед нийт монголчуудыг нэгтгэх үзэл санааны шүтээн эрэлхийлж явсаар шарын шашныг сонгосон аж. Анхдугаар Богдыг ширээнд залснаар жалгын нэг тарж явсан монголчууд нийт дундын үзэл сурталтай, оюун санааны удирдагчтай болоод авав. Түүнийг Түшээт ханы гэр бүлээс тодруулсан нь ч завсрын тохиол бус. Нийт монголчуудын үзэл санааны удирдагч эзэн Чингисийн алтан ураг дотроос тодорсон нь алсын хараатай улс төрийн бодлогын үр байсан хэрэг. Үүнийгээ тэмдэглэж их наадам хийсэн нь даншиг бөлгөө. Энэ утгаараа даншиг нь монголчуудын нэг нэгдлийн баяр, Чингис хааныг орлохуйц үзэл санааны удирдагчтай болсны тэмдэглэлт өдөр ажгуу. Нэгэнт үзэл санааны нэг удирддлагатай болсон монголчууд түүнийгээ тойрон хүрээлж, их гүрнээ сэргээх бодлогоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн байна.
Монголчуудыг ийм санааг ойлгосон Манж Чин гүрний хаан яаралтай хариу бодож олоод Богд Жавзандамба хутагтын дараа дараагийн дүрийг зөвхөн Төвдөөс тодруулж байх зарлиг буулгасан байна.
Улаанбаатар бол нутаг биш
Хүн амын гуравны нэгээс илүү нь нийслэлдээ суух боловч монголчууд Улаанбаатар хотдоо сэтгэл багатай. Ахмад үеийнхэн нь төрсөн нутаг хэмээн аль нэг аймаг сумыг нэрлэнэ, үр хүүхэд нь “Сэлэнгэ аймгийн, Хөвсгөл аймгийн уугуул” хэмээн өөр газарт сэтгэл зүрхээрээ харъяалагдана. Улсын наадмаар “Улаанбаатар хотын уугуул” хэмээн цоллуулах бөх байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт.
Нийслэлийн иргэд маань аль нэг аймаг сумаас Улаанбаатар хотод насаараа томилогдсон элчин, төлөөлөгчийн сэтгэлтэй. Анхны хайраа мартаж чаддаггүй, түрүүчийн авгай нь сэтгэлээс гардаггүй нэг тиймэрхүү хань ижлийн төрхтэй. Аятайхан боломж гармагц л нутагтаа очоод мал маллаад суучих санаатай явуулын хүн, бусдын нутагт малаа таргалуулж яваа оторчинтой ч адил юм уу? Гэтэл хөдөөнөө байгаа, ялангуяа залуу үе нь хот газар орж, иргэншлийн бужигнаанд нэгдэх бөөн мөрөөдөл.
ХХ зууны эхний хагасаас социалист маягаар суурьшиж, 1990 оноос жам ёсны иргэншил рүү орсон бидний нүүдэлчний сэтгэхүйн нөлөө л юм даа. Учир нь нэг газарт хаашаа ч нүүлгүй, нэг насаараа байтугаа хэдэн үеэрээ хөдөлгөөнгүй сууна гэдгийг бидний далд ухамсар хүлээн зөвшөөрөх болоогүй л бололтой. Хот бол бол өвөлжөө, хаваржаа,зуслан, намаржааны алин ч биш гэдгийг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч дуусаагүй аж. Хотыг соёлжуулан, иргэншүүлэх ажлын амин сүнс нь чухам энд буй санагдана.
Өөрийн наадмаас өөрийн нутаг
Даншиг наадмыг нийслэлийн наадам, Улаанбаатар хотынхны их баяр болгон тэмдэглэх гэж байгаа бололтой. Даншгийг жуулчдыг татах зорилгоор хийж байгаа гэх боловч цаад учир холбогдол нь өөр юманд байгаа санагдана. Найр наадамд дуртай монголчуудад аз жаргалын шинэ мэдрэмж нэмнэ гэдэг бол асуудлын зөвхөн өнгөн тал нь. Хамгийн гол нь хотын өөрийн гэсэн наадамтай болно. Магадгүй, бөхчүүдийг “Хан уул, Сүхбаатар дүүргийн уугуул” хэмээн цоллож, “Чингэлтэй дүүргээс ногт ганзагалж ирсэн бөх гэнэ” гэлцэн шивэр авир хийнэ л биз. Чингэлтэй ч, хан уул ч хотын маань л хэсэг. Хамгийн гол нь монголчууд нийслэлийн, хотийн наадамтай болно гэдэг нь түүнээ тойрон нягтрах, “минийх” гэсэн соёл, үзэл суртлын голомт үүсгэх сайн талтай.
Бид хотын соёл, энээ тэрээ гээд их ярьж байна. Энэ нь “Улаанбаатар хот бол минийх” гэх сэтгэл бий болгохоос эхтэй. Харамсалтай нь бид нийслэлээ, Улаанбаатар хотоо түр сууж байгаа намаржаа, хэсэгхэн зуурын өргөн айлсалт мэтээр далд ухамсартаа төсөөлөөд байгаа юм. Бид, ер нь бол “Улаанбаатарт байгаа миний аав” гэгчээр завханаас, дорнодоос, увсаас нийслэлд сууж байгаа хүмүүс байхаа болих учиртай. Шинэ үеийн багачуудын сэтгэхүй өөр болсон байж болох ч хотынхоо хувь заяаг тодорхойлж байгаа хэсгийн сэтгэл зүй ийм л байгаа.
Монголчуудын хувьд орон нутгаа хамгийн их мэдэрдэг үе бол наадам,цагаан сар. Бөх үзэж байгаа хүмүүс энд л нутаг нутгаараа талцаж, аймгийнхаа, бүсийнхээ морь бөхийг дэмжинэ. Харин даншгаар дамжуулан хот өөрийн наадамтай болж байгаа нь Улаанбаатар өөрөө “нутаг” болох эхлэл санагдана.
Нутаг гээд байгаа нь ийм учиртай. Улаанбаатараар дүүрэн нутгийн зөвлөл байдаг нь бараг л албан бус засаг захиргааны нэгж гэлтэй. Хэнтий бол нутаг, Дорнод бол нутаг байхад Улаанбаатар бол нутаг биш аж. Улаанбаатар хотын ой энээ тэрээ болох боловч тэр нь улсын нийслэлийн хувьд яригдаад хот нь тоогдохгүй өнгөрнө. Даншгийн тухай ярьсны учир энэ.
Ер нь монголчуудын хамгийн дуртай баяр, амьд яваагийн бахдал болсон баяр наадмыг ч үндэстнийхээ эв нэгдэл рүү чиглэсэн менежмэнтээр хөтлөх цаг болсон санагдана. Өнгөрсөн жил монголын дийлэнхи сумд, өнөө жил үлдсэн хэсэг нь 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэлээ. Наадмыг муухай хийж үзээгүй монголчууд бүгдийг нь үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэсэн. Гэтэл энэ нь хуучин хошуугаа тарааж бутаргасны л ой юм шүү дээ. Өрх тасран айл гэр нэмэгдэх нь жам ёс, амьдралын баяр мөн. Харин аймаг хуваагдан, хушуу тасрах нь үндэстний бахархал яавч биш төдийгүй хэтийдвэл улс задрахын цондон.
Иймээс хуучин аймаг хушууныхаа ойг нийлж тэмдэглэвэл дөрөв таван зуугаар хэмжигдэх сүртэй урт ой болох ба ойр хавийн сум аймаг нэгдсэн нижгэр наадам болно. Одоо ч “манай сум, танай сум, манай аймаг, чиний аймаг” гэлцэн хэрэндээ толхилцож явдаг хүмүүс нэг хошуу, нэг аймгаа эргэн санаж төрөлсөж, ах дүүснэ. Монголчууд нэг талаасаа тарж бутрах дуртай боловч түүнийгээ нөхөх мэт төрөлсөх дотносох шалтаг хайж явдаг онцлогтой. Хуучин аймаг хошуугаа дагасан сайхан нөхөрлөл, дотносох нөхцөл дорхноо бүрдэнэ. Жишээлэхэд, “Манай цэцэн ханыхан” гээд ярихад өнөөгийн хэдэн аймаг, олон арван сумаар салсан хамтлагийг нэг туган дор авчрана. Ийм ой наадмууд нь үндэстний эв нэгдлийн цөм үүсгэх бөгөөд бидний иргэншлийн замд ус агаар мэт хэрэгтэй “улсаараа нэг гэр бүл” гэдэг үзэл санаа руу нэг алхам дөхүүлнэ.
07.08.2015