“Галзуу” олширч нийгэм эрүүлшинэ
Бид өдөр бүр л нийгмийн сэтгэл зүй хэвийн бус байгааг харж байна.
Бид өдөр бүр л нийгмийн сэтгэл зүй хэвийн бус байгааг харж байна. Тэнд ч Эйнштейний санаагүйг санасан нэг нөхөр бүтээлээ туурвиж, энд Чингис хааны нэгэнт “тодорсон” хойт дүр нь тодрох гэж буй хойт дүртэйгээ заалдаж, бас нэг этгээд гадны хүн болгоныг “хадны мангаа” болохыг сурталчилж, ингээд зогсохгүй мөнх тэнгэрийн гэрийн утасны дугаарыг мэддэг, тэрүүгээрээ ярьдаг огторгуйн “суурин төлөөлөгч” төр барилцаж байхад “Би хаана төрөө вэ” гэсэн бодол хэн хүнд төрөгдөх нь зүй.
Мэдээж, энэ бүхнийг ардчилж, чөлөөт нийгэмд орсноос үүдэлтэй гэж бид үздэг. Ардчилсан нийгэмд бусдын эрүүл амьдралд садаа болохгүй л бол өөрийнхээрээ “галзуурах” бүрэн эрхтэй учраас тэгэх нь зөв.
Харин социалист дэглэмд зөвшөөрснөөс бусад бүх зүйл, тэрний дотор өөрийнхээрээ галзуурах ч хориотой. Галзуу амьтанд ч амь насаа хамгаалах зөн байдаг учраас өвчнийхээ шинж чанарыг тас нууж дөнгөнө. Зөвхөн хүнд шатны “чөдөр галзуу” нар л биеэ хянаж дийлэхгүй тул албадан эмчилгээ, хориотой орон руу одно.
Манай голд Жалцав гэж нэг “галзуу” байсан. Сайн лам яваад, баривчилгаа энэ тэрээс болоод галзуурчихсан юм гэсэн. Айл хэсээд явахаас өөр гэмгүй нэгэн. Заримдаа “Жасаа уншиж байна” гээд төвд ном цээжээрээ уншинэ. Учир мэдэх хөгшчүүл “их зөв уншиж байна” гэдэгсэн. Хөөрхий Жалцав машинаас айна гэж жигтэйхэн. Машины дуу гармагц өнөө жасаа масаагаа хаяад “намын дарга ирлээ” гээд орны хөндий, хураалттай аргал энэ тэр гээд хоргодож нуугдах газар хайн сандарч алийгаа алдана. Социалист дэглэм бол галзуу өвчнийг ч галзууртал айлгасан хатуу тогтоц бөлгөө. Та нар үнэмшихгүй л байхдаа, Ю.Цэдэнбал даргыг үхэж гэж зүүдэлснээ сонирхуулж ярьсан оюутан шийтгэгдэж, шоронд үхсэн гэдэгт!
Коммунизм өөрийнхээрээ галзуурахыг тэвчдэггүй байсан боловч өөрөө галзуурал, хийрхэл дээр тогтсон нийгэм байлаа.Нийгмийнх нь мөрөөдөл хүртэл эрүүл бус. Хэдэн жилийн дараа дэлгүүрт орсон хүн дуртай бараагаа хүссэн хэмжээгээрээ, үнэгүй аваад явдаг болно гэхэд үнэмших хүн өнөөдөр хэд гарах бол? Гэтэл коммунист нийгэмд орохоор “Хүн бүхэн чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд, нийгмийн баялгаас хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” гэж ухуулж, бүгдээрээ л түүнд итгэж явсан. Нөгөө нэг үзмэрч эмэгтэй “Түрийвчээрээ даллаад мөнгө олно” гэж олныг хуйлруулдгаас юуны өөр вэ?
Орчин үеийн урлаг баларч байна л гэцгээх юм. Зураач Г.Думбурээг “10 ямаа” зураадахсан чинь Улс төрийн товчооны гишүүдтэй адилхан болж гэж ирээд шийтгэж байсан нь урлаг мандаж явсны баримт юм байх даа.
Чингис хаан бол монголчуудад хамгийн их хор хүргэсэн, дайсан этгээд байсан гэвэл өнөөдөр хэн үнэмших билээ? Харин 1990 оноос өмнө бүгд л тэгж итгэх үүрэгтэй байсан.
Хэрвээ “Дэлгүүрээс хүссэн хэмжээний бараагаа үнэгүй аваад гарахыг хулгай л гэдэг юм”, “Чингис хааныг арай ч тэгж хэлж болохгүй. Тэр бол Монгол гүрнийг үндэслэн мандуулсан баатар” гэж сөргөлдвөл нийгмийн дайсанд тооцогдон шоронд орно. Галзуу согтууд тоологдоод үлдвэл харин ч аз дайрсан явдал болно.
Хаа байсан америкийн хар арьст эмэгтэй, барааг нь хэзээ ч хараагүй Анжела Девис гэгчийг өмөөрөөд л үхэнгээ алдаж, түүнийг суллуулахыг шаардан жагсаж явсан нь эрүүл явдал уу? (Харин өвчтэй зовлонтой нэгэн найздаа эмчилгээний мөнгө цуглуулбал социалист төрийн эрүүлийг хамгаалах салбарыг чадамжгүйд тооцон басамжилсан гэмт хэрэгт унана)
Бас “Хятадын түрэмгийлэгчид өнөө маргаашгүй ороод ирэх гэж байна, Америкийн атомын бөмбөг хэзээ хэзээгүй дээрээс унах магадтай болов” хэмээн иргэний хамгаалалтын сургууль хийж, нуувч ухаж, сургуулийн түгшүүрээр босон, орондоо унтах завгүй явсан өчигдөр маань эрүүл саруул явдал уу?
-Дайсан биднээс далдуураа
Дарь хүхрээ бэлдэн байж
Алаг үрсийн минь толгой дээр
Атомын бөмбөг зэхэж байна аа...
...Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж
Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна
Бөмбөг дэлбэрвэл аюултай гэж
Бүсгүйн сэтгэл шаналан байна гэхчлэнгийн алдарт дууг сонсож өссөн
-Дайн өнгөрөөд энх цаг
Дахиад ирэхийг бид горьдтол
Америкийн доллар хямралыг тарьж
Английн Черчиль дайныг даллав... хэмээн цээжилж явсан үеийнхэн л Америк Канадын
хөрөнгө оруулагчдыг дайсан гэж бодохгүй бол, ураны хайгуулчдыг атомын бөмбөг дэлбэлэх гэж байна гэж
хардахгүй бол өөр хэн тэгж бодож, тэгж
сэжиглэх билээ? Гэтэл өнөөдөр манай
нийгэм ийм үзэл санаагаа буруушааж байгаа нь эрүүлжиснийх биш үү?
Хэдэн жилийн өмнө ном бичих материал цуглуулж байхдаа ийм нэг баримт олсон юм. “Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэнгийн дэргэдэх намын үүрт:
...С.Лувсанвандан “Дашдоржийн Нацагдорж” гэдэг зүйлд:Монгол бичгийн хүний хэмжээнд хүрэхэд дорно дахины соёлын охь манлайгаас хүртэх хэрэгтэй байсан Д.Нацагдорж тийнхүү хүслээр 18-р зуунаас монгол хэлнээ орчуулсан “Ший мэргэний шийтгэсэн хэрэг”, “Гурван улсын түүх”, “Хүйтэн уулын бичиг” зэрэг хятадын сонгодог зохиолын дээжийн орчуулгыг чармайн үзэх болов”(123 тал) гэж онцлон бичжээ.
Тэгвэл энэ номд бичсэн алдаатай зүйл нь маоист түүхчдэд ашиглагдаж болох санаа дүгнэлт юм. С.Лувсанвандангийн үндсэрхэг харш үзлийн илрэл түүний удирддаг тасгийн ажилтнуудад ч нөлөөлж байгаа нь цааш газар авах зүйл учир би намын гишүүний хувьд сэтгэл түгшихгүй байж чадахгүй байна...Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн ...тэр. 1981.6.14” Монголын нэг эрдэмтэн нөгөөгийнхээ тухай бичсэн матаасын өчүүхэн хэсэг л дээ.
Өнөөдөр дургүйгээ хүрсэн болгоныг хужаагийн эрлийзээр дуудаж, “ Харийн уул уурхайнхан монголын баялгийг цөлмөх гэж байгааг хараад эх орончийн хувьд тэсч чадсангүй” хэмээн дүвчигнэж байгаа этгээд, намын үүртээ матаас бичиж буй эрдэмтэн хоёр юугаараа өөр байгаа юм бэ?
Өөрийгээ ер бусын байдлаар төсөөлсөн нэгэн “Чингис хааны хойт дүрийг тодруулах” гэж оролдож, өмнө нь өөрийгээ “Чингисийн ханхүү”-гээр тодорхойлсон нөгөөх нь түүнтэйгээ заалдахыг хараад нийгмээрээ гайхширч байна. 1921 онд Ардын нам байгуулж, гадаадын дайсантай тэмцсэн эх орончдыг бүгдийг нь алчихаад, өөрийн үхлээр өөд болсон нэгийг нь “энэ нь удирдагч байсан “гэж тодруулж байсан жүжгээс ямар зохиомж нь өөр байгаа юм бэ?
Монголын “төр зүтгэсэн хүнд халтай, самарсан хүн ээлтэй байна” гэж ирээд л манайхан учиргүй гайхширч байна. Монголын төрийг мөхөөх нь хөгжлийн коммунист замналын үндсэн зорилго байсан шүү дээ. Тэр онол ёсоор бол “коммунист нийгэмд дэвшин ороход төр мөхнө. Үйлдвэрчниий эвлэл түүний үүргийг авна” гэж байсан. Зундуй гэдэг хүн “Монголын төр мөнх мандана” гэж бичсэн байхыг нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал гуай үзжээ. Тэгээд зохиогчийг буруушаан, марксист философийн боловсрол дутмаг болохыг шүүмжилж, монголын төр мөхөх учиртайг ухуулсан өгүүлэл хүртэл нийтлүүлсэн нь өчигдрийн явдал. Одоо тэгээд номоороо болж бид төрөө мөхөөж, Үйлдвэрчний “Фэнгшү” Гамбаа төрийг орлоогүй байгаа гэх үү?
Авъяаслаг дуучин С.Жавхлан өөрийгээ төр барих хүн гэж эргэлтгүй үнэмшчихсэн, биеийнхээ зарим газрын үсийг хусуулж давхиад байгаа нь шинэ цагийн үзэгдэл гэхээсээ илүү өнгөрсэн үеийн итгэл үнэмшлийн үлдэгдэл л юм. Коммунист “өв тэгш” буюу арван хуруу тэгш хүн бүтээх үзэл санааны золиос хэвээрээ яваа шинэ үеийн төлөөлөгч. Коммунизмын үзэл санааг үндэслэгч К.Маркс тэрхүү өв тэгш хүнийг “ Өглөө үйлдвэрт нормоо хийгээд, үдээс хойш загас барьж, орой нь урлагийн бүтээлийн талаар шүүмж бичнэ” хэмээн төсөөлж байжээ. Өглөө нь дуугаа дуулчихаад үдээс хойш нь төр барих гэж яваа дуучин хархүү К.Марксын үзэл санааны золиос биш гэж үү? Гоё дуулж, бүжиглэдгээрээ гайхуулаад байгаа их хурлын гишүүд ч мань Жавхаагийн ах нар. Өдөр нь төрөө барьчихаад үдэш нь бие даасан тоглолтоо хийдэг өвтэгш хүн болох мөрөөдлийн хэлтэрхий биш гэж үү?
Түүнчлэн “Бодоо сайдын дагуул Чойбалсан бол жинхэнэдээ ардын намын хоёр дахь хүн байсан. Д.Сүхбаатар нь үйл хэргээ түүнд итгэж үлдээсэн” тухай хувьсгалт домог ба “Давааням хунтайжийн тууж” хоёрын зарчмын ялгаа нь хаанаа байгаа юм бэ?
Ингээд харахаар манай нийгэм галзуурах биш, харинч галзуу явснаа мэдэрч, өвчнийхээ шинж тэмдгийг таньж эхэлсэн нь мэдэгдээд байгаа юм. Галзуурлын хэлбэрүүд хэвээрээ байгаа ч нийгэм түүнийг хүлээж авах нь өөр болсон.
Амьддаа үзээгүй, учрыг нь ч олоогүй Патрис Лумумба, Анжела Девис, доктор Хайдерийн төлөө нервээ барахаа байж, хүндээр өвдсөн, гэмтэж түлэгдсэн нэгнээ өрөвдөж, мөнгө цуглуулж, алтан амийг нь авардаг болсон. Дэвшил биш гэж үү?
1990 оноос өмнө нэгийгээ дайсантай, ялангуяа хятадтай холбон гүжирдсэн этгээд магтагдаж, “сонор сэрэмжтэй иргэн”, “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй зарчимч намын гишүүн” хэмээн сайшаагдаж байсан. Харин өнөөдөр ийм үг ярианаас нийгэм залхаж, дарамтлах гэмт хэрэг, рекэт гэдэг талаас дүгнэлт хийж, улс төр бизнесийн орчинд эрүүл уур амьсгал нэхэж байна. Нүд нь нээгдэж байгаа явдал биш гэж үү?
Бид нийгмээрээ галзуу байхдаа эрүүл саруул ганц нэгийгээ солиотойд тооцож байсан. “Улс орон минь нэг л унасан шинжтэй байна” хэмээн ганцаараа хэлсэн Р.Чойном ганцаараа шоронд суусан. Харин өнөөдөр амтай болгон л “улс орон минь унаж байна, улам унаж байна” гэж ярьж бичиж, дуулж, үсээ хусаж байна.
Өдгөө “Наадмаа ч хийж чадахаа байлаа, эрүүл саруул юм алга” гэж ирээд л амтай болгон наадмын комиссыг баалж байна. Тэгвэл МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн зургийг төв талбайн баруунтаа хадаад, удирдагчид өөрснөө индэр дээрээ зогсоод, өмнүүр нь тэднийхээ зургийг барин жагсаж байсан маань эрүүл саруул наадам байсан хэрэг үү?
“Алаг үрийн минь толгой дээр атомын бөмбөг унах нь, яанаа” хэмээн тоос татуулж давхисан, хардах донтой, парной өвчтэй хэсгээ бид “социалист сонор сэрэмжтэй” хэмээн дээдэлж, үлгэр жишээгээ болгон, нийгмээрээ дуурайдаг байсны хажууд өнөөгийн тоос манаргасан хэдэн дагалдагчид юу юм бэ, аан!
Нийгэм эрүүлшихийн хэрээр бид өвчнөө мэдэрч байна. Харин өвчтэй хэвээрээ үлдэж байгаа, чөлөөт ертөнцийн цэвэр агаарт эрүүлжихгүй байгаа хэсгээ онцгой анзаарч байгаа хэрэг. Өвдөж байгаа бол эдгэрэхийн дохио. Хамгийн аюултай өвчин юу болохыг та нар мэдэх үү?
Тэр бол өвчин мэдрэхгүйн өвчин. Ийм синдромтой хүн өвчин тусснаа мэдэхгүй явж байгаад ганцхан тас хийгээд л гүйцээ гэсэн. Учир иймд, энд тэнд часхийж, өвчин хуучин мэдэрч байвал эрүүл байгаагийн шинж, эрүүл байхыг баталгаа гэнэм.
“Галзуу” нь олон харагдахын хэрээр нийгэм эрүүлшихийн учир энэ.
2015.06.30