Дүдү машин өөрөө бүтээх заавар


Энэхүү номд нарс модоор уралдааны машин хийх үйл явцыг эхнээс нь төлөвлөж, загвар гарган уралдаанд оролцох өдрийг хүртэл бүхий л үе шатыг нарийвчлан ойлгомжтойгоор зураглан харуулжээ. Түүнчлэн Даш, Дотти, Дизайнер Макс, Профессор Спийд зэрэг хүүхэлдэйн дүрүүд таныг болон хүүхдийг тань машин бүтээх аялалд замчлан дагуулах болно. Энэхүү зааврын дагуу томчууд хүүхдүүд хамтран ажилласнаар хурд, үрэлтийн хүч, потенциал энерги гэх мэт физикийн үндсэн ойлголтыг мэдэж, туршин цаашлаад аливаа зүйлд тууштай хандах, бүтээлч сэтгэлгээтэй болоход түлхэц болно. 

Урлан бүтээх сонирхолтой хүн бүхэнд зориулж, хамгийн хурдан бөгөөд гайхалтай өнгө үзэмж бүхий Дүдү машин бүтээх арга барилуудыг хөнгөн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан энэхүү номыг Дүдү Боловсролын сангийн санаачилгаар эрхлэн гаргаж, уншигч таны хүртээл болгож буйдаа нэн таатай байна.

Хэрвээ таны хүүхэд урьд өмнө нь уралдааны ДҮДҮ машины талаар огт сонсоогүй бол та яг зөв газраа ирсэн байна.Энэ ном нь хүүхэд та хоёрыг залхаахгүйгээр уралдааны ДҮДҮ машиныг хэрхэн хийх талаар эхнээс нь дуустал заах болно.

Зохион бүтээх нүсэр ажиллагааг долоон жижиг хэсэгт задлаад алхам алхмаар нь тайлбарласан. Алхам бүрийг өдөр өдрөөр нь салгаж хийвэл хүүхэд тань уурлаж унтууцахгүй бас ядрахгүй шүү дээ. Хэрвээ нэгээс хоёр алхмыг долоо хоногт цагийн хуваарь гарган гүйцэтгэвэл уралдааны өдөр гэхэд машинаа өлхөн хийж амжина.

Уралдааны ДҮДҮ машин зохион бүтээх явц бол хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх гайхалтай арга төдийгүй хүүхдэд тань өөрийнхөө бүтээсэн зүйлээрээ бахархах сэтгэлгээг хөгжүүлэхэд тусална. Багаар ажиллаж, хүүхдээрээ энэ бүтээлийг гардан гүйцэтгүүлэхээс бүү ай.Энэ бол түүний төсөл шүү дээ.Хэрвээ та машиныг нь хийгээд өгчихвөл хүүхэд тань яаж уралдааны ДҮДҮ машиныг хийхэд суралцах билээ? Санаж ав, ДҮДҮ машин хийх хамгийн гол зорилго бол цагийг зугаатай өнгөрөөх юм шүү.