“Алтан” шаантаг
Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.
“Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явна”
Эрэлхэг цэрэг Швейк. (Я.Хашек)
Эрэлхэг цэрэг Швейк. (Я.Хашек)
Нэг. Залгихыг нь би, зогьсохыг нь чи.
Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.
Хямралын буруутан нь мэдээж улс төрчид, төрийн түшээд. Яалт ч үгүй бидний дунд “шургалсан этгээд”-аас хамаг юм болж байгаа.
Гэхдээ энэ хямралын уг сурвалж монголын ард түмний 2012 онд хийсэн сонголтоос эхтэй. Энэ сонгуулиар Н.Энхбаярын нам үнэн хэрэгтээ ялсан юм. (МАХН гэдэг бол түүний хоч төдий зүйл бөгөөд үнэн хэрэгтээ гэр бүлийн нам билээ).
Сонгуулиар АН ялж, МАН чамгүй олон санал авсан. Харин МАХН-д ард түмний өгсөн жаахан санал (2012 оны сонгуулиар) энэ намгүйгээр засгийн эрх барих ямар ч боломжгүй болгосон. АН эрх барихиуц олонхи болохын тулд тэднийг засагтаа оруулах хэрэгтэй, засагтаа оруулахын тулд юу хүсснийг нь хийхээс өөр аргагүйдээ тулсан. Энэ утгаараа, МАХН-ын эзэн Н.Энхбаяр дарга хаана суугаагаасаа үл хамааран монголын засгийн газрын “албан бус тэргүүн” хийсээр дөрөв дэх жилдээ орох гэж байна. Сая өршөөлийн хуулийн талаар ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд буй “хилийн чанадаас засгийн газрыг удирдаж буй хүн”-ий тухай тодорхойлолт үүнд холбогдоно.
Ийм учраас хууль цаазаа боловсронгуй болгож, засгийн эрхэнд шаантаг болж орсон гэр бүл, компанийн намууд болон онцгойлон тодорсон сайн дурын уран сайханч нарын хамаарлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Цаашдаа манай хууль, төрийн тогтоц энэ хэвээрээ явах юм бол улс төрийн намуудаас илүү гуравдагч хүчин, парламентад шаантаг болж орсон бүлэглэлийн гарт улс орны хувь заяа шилжих болно.
Үүнээс болоод улс төрийн намууд төлөвшин хөгжих, дотоод ардчилал бүхий хүчирхэг улс төрийн нам бүрдэх процесс өөрөө зогсох болно. Олонхи, цөөнхийг бүрдүүлдэг эрх баригч намын хэсэг буюу “барын сүүл” байсанд орвол ямар ч үед эвсэл бүрдүүлээд, болж өгвөл сангийн, багадаа эдийн засгийн яамыг нь авчихдаг гэр бүлийн нам, “батганын толгой” явсан нь дээр гэдгийг захын тэнэг ойлгоно биз дээ. Нэгэн үе манай улс төрд “алтан гадас” фракци гэж их чухал бүлэглэл байв аа. Харин өнөөдөр “алтан шаантаг” болж, түүгээрээ “алтан шантааж” үйлдэж чадвал бүхнийг шийдэх цаг ирж.
Ингээд зогсохгүй хамаг хариуцлагыг хоёрын хооронд олонхи болсон улс төрийн нам хүлээдгийг хэлэх үү? “Залгихыг би залгина, зогьсохыг чи зогьс”гэсэн үг мөн үү?
Гэтэл өөр хүнд идүүлчихээд өөрөө зүгээр суултай биш. Хамаг лайг нь үүрч байж бусдаасаа бага идэлтэй ч биш, тийм үү?
Хоёр. Улс төрийн “улаан бурхан”
Нөгөө талаасаа энэ бол монголын төрийн нялхсын өвчин, туулан гарахаас өөр замгүй жам ёсны үзэгдэл юм. Монголын ардчиллын хорин тавны жил (хий насгүйгээр) орж байна. Энэ бол ардчилсны ой ч биш ерөөсөө орчин үеийн маягтай, тусгаар тогтносон монгол улсын өөрийн гэсэн төрийн хорин тавны ой. Хүний үеийг дундаж наслалтаар бус үржлийн чадвар бүрдэх мөчлөгөөр тооцдог аргачлалаар бол хүмүүний амьдралын нэгэн үе дуусч, шинэ нь эхэлж байгаа гэсэн үг.
Монголын төр наанадаж найман зууны, цаанадаж хоёр мянганы түүхтэй ч өнөөгийн ертөнцийн залуу, бүр орь залуухан төр. Хүннүгийн төр, Чингисийн Их монголын төр нь үндэстнээрээ баялаг бүтээж, улсаа цэцэглүүлэхийн оронд дайны олз хувааж, бэлэн юм хуваарилдаг ганц бизнестэй байгууламж байсан.
Олз хуваахгүй бол овог аймгийн гишүүд эзнээ хаяад явна. Ийм учраас байнгын “нөхөр”-тэй, үргэлжийн олзтой байхын тулд хажуу хавиргынхан руугаа байнга довтолж, дайтахаас өөр гарц байсангүй. Монгол төрийн “нийгмийн хамгааллын бодлого”-д байнга хэлмэгдэж ирсэн хөршүүд нь үе дамжин хаширч, залхаж ирсэн нь дамжиггүй.
Яг нарийндаа, Манж нар, сүүлд Зөвлөлтүүд учиргүй их олз олох, тал нутгийн тодорхойгүй баялагт шунахаасаа илүүтэйгээр хэдэн жил тайван амьдрахын тулд монголчуудыг эрхшээлдээ байлгахаас өөр гарцгүй болсон ч юм билүү !
Үйлдвэрлэх, бүтээхийн оронд булааж аваад хуваадаг монголын төр ёсны уламжлал нийгмийн халамж гээч юмыг анх бий болгожээ. Орчин үеийн судлаачид ч нийгмийн халамжийн ууган жишээг Монголын их гүрэн, Юань улсаас хайж олж, энэ санаагаа батлах нь байдаг.
Өнөөгийн монгол төрд ч энэ уламжлал бат шингээстэй. Дайн хийж олз олохоо байсан ч гэсэн бөөн мөнгө, гэнэтийн олз тараагаастай. Хүүхдийн мөнгө, оюутны далан мянга, уул уурхайн хувь, ерөөсөө монгол хүн болсны шан харамж гэхчлэн тараана. Сонгуульд орохдоо иргэд нь “Бидэнд хэр хэмжээний дайны олз хуваах вэ” гэдгийг сонирхож, аль болох их мөнгө өгөх намд эвсэлд “биеэ худалдана”. Харамсалтай нь өнөөгийн монголчуудад дайн хийж юмыг нь булаах гадаадын дайсан олдохгүй. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдынхаа юмнаас зээлж, булааж тараана.
Хөрөнгө оруулагчид аа гэж... Очиж байлдах, хот сууринг нь эзлэх илүү дутуу ажилгүй. Өөрснөө хөрөнгөө авч ирээд булаалгадаг гадаадын хөрөнгө оруулагчид бол юун Хорезм, юун Алтан улс, юу яасны Тангуд вэ, бэлэн зэхээний, буян нь дэлгэрсэн дайсан ажгуу. Өнөөдөр монголын сонгогчид “Хэн гадаадын хөрөнгө оруулагчдын бусдаасаа илүү дээрэмдэж, бидэнд ахиухан юм хуваах бол” гэдгийг сонирхож байна. Хуучин цагийн дайны олз нь өнөөдөр эх орны хишиг хувь нэртэй болжээ.
Ийм учраас монголын уламжлалт төр нь орчин үеийн төрөөс нэлээн ялгаатай. Эдийн засаг хөгжүүлж, үндэстнээрээ баялаг бүтээлгэн хөгжихийн оронд бусдын юмыг булааж аваад тараадаг “дайн үеийн жанжин штаб” маягтай, нэг талаасаа. Эсвэл манж ч юмуу, Зөвлөлтийн төрийн бодлогыг дагаж хэрэгжүүлдэг тийм онцлогоор хөгжиж ирсэн байна. Энэ уламжлалаасаа одоо ч салж чадахгүй хэцүүдсээр.
Монголын төр анх удаагаа биеэ дааж, дайн олз хуваахын оронд баялаг бүтээн үндэстнээ хөгжүүлэх замаар орсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Хулгайч луйварчин аль ч үед байсан л байх. Гэхдээ хулгай луйвраа хуулиар халхлан хийж, булхайгаа хууль ёсны болгож, өөрсдөө өөрсдийгээ хууль ёсоор өршөөж байгаа энэ бүхэн бас л анхны тохиолдлууд. Бие даасан, энх цагийн монгол төрийн, иргэншлийн замд бэдэрсэн, ардчилсан нялх төрийн ууган шуухинаа, анхны ханиад, эхний хатгаа эрэмбэ ёсоороо тусч байх шиг байна.
Гурав. Сайн хүн дууссаан, дууссан!
Нөгөө талаасаа бидний уламжлалт итгэл үнэмшил үеэ өнгөрөөн хямарч байна гэж хэлж болно. Үлгэр домог, хаант ёс, ард түмний нэрээр дарангуйлах тогтоцоос үүдэлтэй итгэл үнэмшил хямарч байгаа хэрэг. Хувь хүн өөрөө тавилан заяагаа хөтлөн тодорхойлох чадваргүй бөгөөд хүн ард улс үндэстнээ аврах заяатай төрсөн баатар л тэднийг жаргааж өгдөг тухай домог амьдаараа л байна. Чингис хааны цадиг, ардын хувьсгалыг санаачлан хэрэгжүүлэгч Сүхбаатарын домог, ард түмний эцэг Чойбалсангийн хайр халамжийн үлгэр, удирдагч Цэдэнбалын мэргэн жолоодлогын туульс... одоо ч амьд, идэвхтэй хэвээр. Ард түмнийг аз жаргалын замаар удирдан залсан МАХН-ын зөв мэргэн жолоодлогын тухай нэн шинэ домог ч амьд, идэвхтэй хэвээр.
Ийм болоод л “монголыг аврах учиртай сайн нам маань юу болчих нь энэ вэ” гэж балмагдаад л, тэнд л нэг “сайн хүн” гарч ирж байна хэмээн шаваад л, энд л харин “эх орноосоо өөр юм боддоггүй гайхал” төрсөн шиг байна гэж хуйлраад л, одоо тэр нам л хамгийн сайн нь бололтой гэж уяан дээр нь тоос босгоод л байгаа юм. Онош нь тодорхойгүй хүнд өвчин туссан хүн тэр бариач, энэ ч үзмэрч, эндхийн ч маарамба, тэндхийн ч зайран руу гүйсээр тамираа бардаг шиг үзэгдэл.
Үнэн хэрэгтээ орчин үеийн улс төрийн ертөнцөд “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно”, “Ард түмний заяа буянаар төрсөн жанжин Түгжил” байдаггүй. Харин системийн сул тал, нийтийн итгэл үнэмшлийн сиймхийг соргогоор харж тоглолт хийдэг, эрх мэдлийг гартаа оруулж чаддаг овжин гарууд бол байсан, байгаа, байх ч болно.
Ний нуугүй хэлэхэд, ард түмний төлөө төрдөг “сайн хүн” аль эрт бурхан болсоон. Алтан савыг нээлгэхэд “Үүрд нирвааныг олсон тул завсрын ертөнцөд эгэхгүй” гэсээн. Сайн хүн эрж хаширсан хүн төрөлхтөн “хүн сайн байхаас өөр аргагүй” хяналтын тогтоц, удирдлагын механизм бодож олсон.
Америкийн ерөнхийлөгч, тэдний төр бол бурханы бэлэг, иргэдийнх нь заяа буяны хэмжүүр биш. Харин улс үндэстнийх нь мөн чанарын тусгал. Оросын ерөнхийлөгч ч ялгаагүй. Нэг айхавтар нөхөр хаа нэгтэйгээс гарч ирээд Кремлийн эзэн болчихоогүй, үндэстнийхэээ чин эрмэлзлийн биелэл болон тодорсон удирдагч. Цаашлаад, Ленин, коммунизм, Сталин бүгдийг үндэстний онцлогтой холбон судлаачид тайлбарлах нь байдаг.
Яг түүнчлэн Үндэсний удирдагч, “улсын гуравдах”, ардчилал, АН, МАН, МАХН бүгд л бидний мөн чанарын илэрхийлэл. Эрх баригчид авилга авах, авилгаа хамтарч цагаатгах, үүнийг хуулиар дамжуулан хийх нь зөв гэж байгаа юм биш. Энэ талын дархлаа суугаагүй эмзэг нялх төрийг хамгийн түрүүн нэрвэдэг халуун ханиад, ужиграх аваас раак болдог эмгэг туссан тухай ярьж байна.
Хүн болгон хувь заяаныхаа эзэн бөгөөд ямар ч улс төрч, зүтгэлтэн түүнийг удирдах жолоодох заяанд төрөөгүй гэдгийг ухаарахад өнөөдрийн туршлага багадаж байгаа бол “сайн хүмүүс” цаашдаа ч дахин дахин төрж, үндэстний хувь тавилангаар тоглосоор байх болно.
Олон хүний хувьд нам нь сайн муугийн зааг, танай тал ба манай талын хуваагдал хэвээр байна.Сайн улс төрчид таны төлөө байдаг юм биш, харин муу улс төрчдийг, хэзээд хулгай хийж мэдэх албатуудыг өөрийнхээ төлөө байлгах, хулгай хийлгэлгүй зүтгүүлэх учиртай гэдгийг ухаарах хэмжээний туршлага хуримтлагдаагүй бол “сайн улс төрч” нар эргэн төрсөөр цаашаа явна.
Энэ нь зөвхөн эрх барьж буй ардчилсан намуудад тохиож байгаа хямрал бэрхшээл ч биш. Харин үндэсний шинжтэй үзэгдэл. Авилга хэмээх төр ёсны “улаан бурхан”, “салхин цэцэг” туйлдаа хүрч төр үндэстнээрээ халуурч, дэмийрч байгаа гэмээр үе. Энэ үзэгдэл бараг зайлшгүй бөгөөд үүнийг амжилттай туулж чадвал манай төр нэгэн дархлаа тогтох учиртай.
Төгсгөл. Гурван төгсгөл
Өрнөж буй үйл явц биднийг гурван гарцтай төгсгөл рүү хөтөлж байх шиг. Сайхнаас эхэлж ярихад, бид давах ёстойгоо туулаад, Монголын төр зохих дархлаагаа тогтоогоод цаашаа явна. Ингэхийн тулд сайн хүн ба сайн намын эрин дууссан байх ёстой. Улс төрийн зөв итгэл үнэмшилгүйгээр зөв механизм тогтох аргагүй.
Бидний ямар ч байсан “ухаалаг төр” гэж томъёолоод байгаа тэр хөтөлбөрийг хэлж байна. Гэтэл ухаалаг төр ухаарсан иргэнгүйгээр бүтэх юм биш. Төрд нүүрлэсэн хулгай, ичгүүргүй авилга, маргааш илүү том юм үмхэхийн тулд өнөөдөр гэмгүй царайлан гайхуулж яваа бэртэгчингүүд өөрснөө гэм буруутай. Гэхдээ тэднийг сонгож, бүтээн амилуулж өгсөн бид нар толинд өөрсдийгээ нэг сайн харах учиртай. Толинд юмны байршил солигдож, баруун гар зүүн талд гардгийг ч бодон бодон харах учиртай.
Хэрвээ... хэн нэгэн маань бусдаасаа илүү биднийг хайрлана гэдэгт үнэмшсээр байгаа цагт... Эх оронч гэж эх орноо хайрладаг тусгай сайн хүн төрдөг гэдэгт найдсан хэвээр цагт... Тэр сайн хүнийг л олоод толгой дээрээ залахын цагт жаргаана гэж санасаар яваа цагт... Бүх юм энэ л хэвээрээ байна. Яг л ээжийн мөөм бол хамгийн сайхан мөөм, амттан гэж итгэсэн хэвээр яваа жаал орь нас руу хэзээ ч алхаж чадахгүйн адил. Бас сүүлийн хоёроос өөр гарц биднийг тосохгүй.
Сүүлийн хоёр гарц гэж юуг хэлээд байна вэ гэхээр ийм юм. Төр нь тогтворгүй, дээр нь улс орноо бүрэн хянах чадамжгүй хөрш бол ямар ч гүрний аюулгүй байдалд харшлана. Дээр нь бас орчин үеийн терроризмын бялтыг нэгэн үзүүрээс нь асааж байдаг үл хүлцэх үзэл, эс тэвчих итгэл үнэмшлийн голомттой гэж байгаа. Ийм хөршийг өөрсдийн эрх ашгийн үүднээс хянах, тодорхой утгаар эрхшээлдээ байлгах нь хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхол мөн болно.
Яг л, гэрт орж ирээд түйвээхгүй мөртлөө байнга зодолддог, архидаж эсэн бусын амьтан цуглуулдаг, гэмт хэрэг гаргахаас ч сийхгүй хөрш ямар түвэгтэй билээ. Яаж ийгээд хавчиж байгаад нүүлгэх, боломжтой бол байрыг нь худалдаж авахаас өөр замгүй болдог шиг зүйл. Гэтэл хөрш айлыг нүүлгэж болдог ч хөрш улсыг нүүлгэж болохгүй. Иймд “байрыг нь худалдаж авах” л үлдэж байна, зүйрлэвээс. Яригдаад байгаа “Авилга тусгаар тогтнолд заналхийлж байна” гэдэг үг ийм учиртай.
Нөгөө талаас авилга цэцэглэж, хямрал үргэлжилсээр байх юм бол үндэстнээрээ цөхөрч болно. Төрийн түшээддээ алдарч байсан итгэл нь сүүлдээ төр рүү шилжинэ. Дунд нь амьдарч байсан сайн сайхан “эх оронч” нар нь төрийн жолоо барингуутаа л цагаандаа гарсан амьтан болчихоод байхаар төрдөө итгэл алдахаас өөр яах билээ.
Өөрийн гэсэн төрдөө итгэхгүй болж эхэлнэ. Эндээсээ цаашлаад өөрийн гэсэн төртэй байхдаа эргэлзэж, өөрөөр хэлбэл тусгаар тогтнол эрх чөлөөндөө эргэлзэнэ. Хүн өөрөө хууль цааз, эмх журмыг хүсэж, нэхэж байдаг амьтан. Ингээд эмх журам, хууль цааз, шударга ёсыг сэргээгээд өгвөл хэн ч байсан яах вэ гэсэн бодол төрнө. “Авилга тусгаар тогтнолд заналхийлж байна” гэдэг үг ийм учиртай юм шүү.
Олон хүнийг уурлуулсан нэг үнэнийг төгсгөлд хэлэхээс өөр арга алга. Тусгаар тогтнол газар нутгийн том багаас хамаардаггүй. Тусгаар тогтнол эдийн засаг дээр тогтдог юм. Аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй байж болох ч тусгаар тогтнол мөнгөн дээр л тогтоно. Монголд хөрөнгө оруулалт хийлгэхгүй, эдийн засгийг сэргээсэн том төслүүдийг хэрэгжүүлэхгүйн төлөө хийж байгаа бүхий л тэмцэл хөдөлгөөн нь манай эх орны нутаг руу орчин үеийн аргаар довтолж байгаа, газар нутгийг булаан эзэлж байгаа явдал мөнөөсөө мөн.
Мөнгөгүй болсон хүн гуйлга гуйж, өөрийг нь наашаа гэсэн хэний ч болов угаадсыг долооход хүрдэг шиг эдийн засаг нь унасан ямар ч орон хандив тусламж амласан ямар ч гүрний хараат болоход бэлэн дээрээ очдог.
Манайхан социализмын үеийн “Алтан өргөө” киног ишлэн “алтгүй амьдарч болно, усгүй амьдарч болохгүй” хэмээн цэцэрхэх нь их болж. Үлгэрийн киноноос зүгээр сэтгэлийн таашаал авчихаж чаддаггүй сонин “народ” шүү. Үнэн хэрэгтээ, устай хүн биш алттай хүн цангадаггүй юм. Алтаар усаа хамгаалж, усаа цэнгэгшүүлж, өөрийн усыг гамнахын тул бусдыг усыг худалдаж аваад уучихдаг, бүр ерөөсөө байгаагүй усыг ч бий болгодог юм. Саудын араб устай учраас биш мөнгөтэй учраас баян байгаа юм. Ээрэм цөлийн энэ үндэстэн алттай учраас хангалттай устай болж, тэр байтугаа антарктидээс зөөсөн эрмэл мөсийг усандаа холин ууж, тансаглаж байгаа хэрэг. Хэзээ ч энд орж байгаагүй цасыг хүртэл бий болгож, цанаар гулгаж явна, ямрав дээ?
Гэтэл дэлхийд хоёр ордог цэвэр усны нөөц болох Виктори нуурын эрэг дээрх Уганда, Танзани энэ тэр устай боловч мөнгөгүй учраас ядуу. Ус алт хоёрын бодит харьцаа гэж энэ. Меконг мөрний эрэг дээрх Лаос, Камбож, цэнхэр Нилийг хөвөөлөх өмнөд, хойд Судан, Египетийг ч хар.
Тусгаар тогтнолыг нь булаахын тулд газрыг нь булаадаггүй юм. Зүгээр л эдийн засгийн нь унагаад өөрийнхээ хараат болгочихоод “Чи муу өлсөхөөрөө намайг гэхгүй өөр яах юм бэ” гэж тавладаг юм даа.
...Төлөг тааруу л байна. Гэхдээ хүн төрөлхтний хайрыг булаасан баатарын нэг, цэргийн комиссоос “албан ёсны мангуу” гэсэн дүгнэлт авсан эрэлхэг цэрэг Швейк “юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” хэмээн хэлдэг билээ.