Энэ 7 хоногт
Н.Мөнхбат: Хөгжлийн банк алддаг биш олдог систем рүү санхүүжилт хийж байгаа
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай тус банкны холбоотой асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.
-2017 он хүртэл хамгийн багадаа хоёр их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ-
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай тус банкны холбоотой асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ. Хөгжлийн банкны тухай хуульд “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд” гэж заасан байгаа. Одоогоор ямар ямар томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжилж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.
Хөгжлийн банк хэзээ, хэрхэн байгуулагдсан, үйл ажилагааны чиглэл, санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс яриагаа эхэлье. Өнгөрсөн 2010 онд УИХ-аар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж улмаар 2011 оны тавдугаар сард албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өмнө нь манай улсад өөрийн гэсэн үндэсний хөгжлийн санхүүжилт хийдэг байгууллага ажиллаж байгаагүй.
Бидэнтэй адилхан 1990-ээд онд шинэчлэл хийсэн улс орнууд Хөгжлийн банкаа аль хэдэн жилийн өмнө байгуулсан. Харин манайд хожим байгууллаа. Тэр хэрээрээ 20, 30 жил дорвитой, томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Ялангуяа дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт зогссон байсан гэж хэлж болно.
Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн зорилго нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой санхүүгийн байгууллага. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд авто зам, төмөр зам, инженерийн дэд бүтэц, цахилгаан, дулааны станц шинээр барьж байгуулах, орон сууцжилт, барилгын материалын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, агаарын тээвэр, уул уурхайн салбарын, мөн экспортыг нэмэгдүүлж импортыг орлох чиглэлийн үйлдвэрийн төслүүд гэх мэтчилэн улсынхаа хөгжил дэвшилд тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. 2012-2014 онуудад зохих санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийж эхэлснээр олон жил хийгдээгүй байсан бүтээн байгуулалтын ажлууд бодитоор хэрэгжээд явж байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй эдгээр ажлын жагсаалтыг хуулийнхаа дагуу бодлогын түвшинд УИХ баталж, Засгийн газар хэрэгжилтийг нь хангаж байгаа.
Тухайлбал?
Хөгжлийн банкны тухай хуульд үндсэн үйл ажиллагааны цар хүрээ нэлээд нарийвчлан тусгагдсанаараа одоогийн хууль онцлог.
Тухайлбал, бидний хийх ажлыг УИХ баталдагаас эхэлнэ. Хуулийн 8.1-д “Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүр хаврын чуулганаар батална” гэсэн зохицуулалттай. Үүний дагуу 2011 онд УИХ-ын 15 дугаар тогтоол батлагдаж, дөрвөн томоохон төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлээр дамжуулан санхүүжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм.
Уг тогтоолын хүрээнд нэн тэргүүнд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгасан. Энэ хөтөлбөрийн хувьд үнэндээ маш өргөн хүрээг хамарсан, далайцтай агуулгатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлого юм. Яагаад гэвэл улсын хэмжээнд хийх нийт бүтээн байгуулалтыг тодорхойлох зорилготой. Жишээлбэл, хөтөлбөрийн хүрээнд аймгуудыг нийслэлтэй хар замаар холбох, инженерийн суурь дэд бүтцийг шинэчлэх, орон сууцжилт, барилгын материал, уул уурхай болон аж үйлдвэржилтийг дэмжих зэрэг агуулга багтсан.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөөс гадна “Шинэ Төмөр Зам”, “Сайншанд аж үйлдлвэрийн цогцолбор”, дараа төлөгдөх нөхцөлтэй авто зам, дэд бүтцийн төслүүд УИХ-ын 15 дугаар тогтоолоор батлагдсан. Манай банк үндсэндээ эдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хоёр жилийн турш амжилттай санхүүжүүлээд явж байна. Олон нийт ч гэсэн бүтээн байгуулалтыг нүдээрээ харж байгаа байх.
Энд нэг зүйл дурьдахад, УИХ-ын баталсан эдгээр дөрвөн төсөл, хөтөлбөрт зарцуулагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 50 орчим их наяд төгрөгт хүрнэ. Харин Хөгжлийн банк одоогоор тав орчим их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлээд байгаа. Үүнээс 3,3 их наяд төгрөгийг төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулаад байна.
Үндсэндээ 2012 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, мөн Засгийн газрын 1,5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгийг босгосноор дээр дурьдсан том төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж эхлэх, мөн үргэлжлүүлэн амжилттай хөрөнгө босгох нөхцөл боломж олдсон гэж хэлж болно.
“Бондын мөнгийг нийгмийн халамж, улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлж болохгүй” гээд заачихсан
Таны бодлоор манай улсад сүүлийн жилүүдэд дорвитой бүтээн байгуулалт хийгдсэн гэдэгтэй санал нийлэх үү?Сүүлийн 25-30 жилд Оюутолгой, Тавантолгойг эс тооцвол бараг л үгүй. Дор хаяж цахилгаан дулаан, авто зам, тээврийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт дутагдаж ирснийг нуух аргагүй. Бодлого, шийдвэрүүд УИХ, Засгийн газрын түвшинд гарсаар байсан боловч санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж чадахгүй явсаар ирсэн. Тиймээс тэр гацаанаас гаргахын тулд Хөгжлийн банкийг байгуулсан юм.
Өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэд хэдэн эх үүсвэр бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн том эх үүсвэр нь Засгийн газрын гаргасан “Чингис бонд” байна. Уг бондын талаар товчхон мэдээлэхэд, 2012 оны арванхоёрдугаар сард 1.5 тэрбум ам.долларыг олон улсын зах зээл дээрээс босгосноос 500 саяыг нь таван жилийн хугацаанд эргэн төлөх, 4,125 хувийн хүүтэй, үлдсэн нэг тэрбум нь 10 жилийн хугацаатай 5,125 хувийн хүүтэй. “Чингис бонд” гаргахыг УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталж, хөрөнгө боссоны дараа хийх ажлыг нь хүртэл тодорхой батлаад өгчихсөн. Бондын мөнгөөр нийгмийн халамж, улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлж болохгүй гээд заачихсан байгаа.
“Чингис бонд”-оос гадна Хөгжлийн банкны өөрийн босгосон хөрөнгө болох таван жилийн хугацаатай, 5,75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын евробонд, Японы хөрөнгийн захаас босгосон 1,52 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай “Самурай” бонд, мөн хоёр хөрш гүрний Хөгжлийн банкуудтай төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу авч байгаа худалдааны зээлүүд, Хөгжлийн банкны 300 сая ам.долларын анхны олон улсын синдикат зээлийн зэрэг эх үүсвэрүүдийг бүрдүүлж ажиллаж байна.
2013 оноос Хөгжлийн банк ашигтай ажиллаж эхэлсэн
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүгийн гол эх үүсвэр нь бондуудын хөрөнгө байсан. Харин одоо үйл ажиллагаа нь жигдэрч, бусад хөрөнгө оруулагчаас таатай нөхцөлөөр зээл авах боломж бүрдсэн гэсэн үг үү?Байгууллагын үйл ажиллагаа жигдэрч, ашигтай, амжилттай ч ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчдад ч танигдаж буй гэж ойлгож болно. Тиймээс өөр эх үүсвэрээс хөрөнгө татах үүд нь нээгдсэн.
Нэг зүйл хэлэхэд өнгөрсөн 2011, 2012 онд санхүүгийн эх үүсвэр муутайгаас болж зургаан тэрбум орчим төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байдаг. Гэхдээ Засгийн газраас манай банкны үйл ажиллагаа нь улс орны хөгжилд онцгой нөлөөтэй болохыг харсан учраас жил бүрийн улсын төсөвт банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ирлээ. Дүрмийн сан жил бүр нэмэгдэж буй болохоор зургаан тэрбум төгрөгийн алдагдлыг ч нөхөж чадсан.
Харин 2013 оноос ашигтай ажиллаж эхэллээ. Тодруулбал, манай банкны татварын өмнөх ашиг 2013 онд 35 тэрбум төгрөгт хүрч, 2014 онд одоогийн байдлаар 131 тэрбум төгрөг даваад байна. Энэ нь нэг талаараа Хөгжлийн банк чанартай санхүүжилт хийж, олгосон зээлийнхээ эргэн төлөлтийг хангаж чадаж байгаа, үйл ажиллагаа эрүүл байгаагийн илрэл юм. Нөгөө талаас, манай банк бүхэлдээ татвар төлөгчийн өмч учраас ашгийнхаа хэмжээгээр татвар төлөгчийн өмч хөрөнгийг нэмэгдүүлж байна гэсэн үг.
Тогтвортой ажиллахын тулд алдагдалгүй ажиллах ёстой
Танай банкны өөрийн хөрөнгө одоогоор хэдэн тэрбум төгрөгт хүрсэн байгаа бэ?
Засгийн газраас орж ирсэн дүрмийн сангийн мөнгө, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан ашгаа нэмээд одоогоор дүрмийн сан 226 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ бол байгуулагдаад удаагүй байгаа шинэ банкны хувьд том амжилт. Хөгжлийн банкны тухай хууль ч биднийг ашигтай ажиллах зарчим баримтлахыг шаарддаг. Бид, төрийн энэ байгууллага яагаад ашгийн төлөө ажиллах ёстой юм бэ гэвэл Хөгжлийн банк дунд, урт хугацаанд тогтвортой ажиллах ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын хөгжил ганц, хоёр жилээр хэмжигдэхгүй шүү дээ. Тэгэхээр хөгжлийн олон арван жилээр хэмжигдэх төслүүдийг манай банк л санхүүжүүлнэ.
Нэг жишээ хэлэхэд манай санхүүжүүлсэн гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлд зарцуулсын зээлийн эргэн төлөлт 5-8 жил. Шинэ төмөр замын төслийн зээлийн эргэн төлөлт бүр 10 жилээр яригдах асуудал. Чухамдаа ийм урт хугацаатай төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банк өөрөө тогтвортой, найдвартай байх учиртай. Хамгийн гол нь энэ байгууллагын тогтвортой ажиллах баталгаа нь алдагдалгүй ажиллах явдал юм. Хуулиараа Хөгжлийн банк ашигтай, алдагдалтай ажиллах хариуцлагаа дангаараа үүрдэг.
Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны санхүүжүүлэх ёстой хэчнээн багц төсөл байгаа билээ?
УИХ-аас баталсан дөрвөн том төсөл, хөтөлбөрийг дээр нэрлэсэн. Засгийн газар манай банкны санхүүжилтийн чадавхийг тооцоолж байгаад эрэмбэлээд шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийнх нь дагуу бид санхүүжүүлдэг.
Ер нь санхүүжүүлж байгаа төслүүдийг хоёр хувааж харах шаардлагатай. Эхнийх нь дэд бүтэц барьж байгуулах төсөл, хөтөлбөрүүд. Учир нь “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-т тусгагдсан, уг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас шийдвэрлэсний дагуу манайхаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн дийлэнх нь дэд бүтцийнх байгаа. Энэ багц төслүүдийн цаад утга учир нь асар их байгалийн баялгаа бодит орлогод хувиргах, зах зээлд хүргэх тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх шууд зорилготой. Нөгөө талаасаа иргэдийнхээ орчин үеийн, наад захын стандарт хангасан нөхцөлд, шуурхай, үр ашигтай, бүтээмжтэй ажиллаж, амьдрах орчныг бий болгох шаардлагатай юм. Дэд бүтэц байхгүй бол бид өчнөөн сайхан зүйл мөрөөдөөд орчин үеийн эдийн засагтай болж чадахгүй.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкнаас шууд үйлдвэржилтийг дэмжих санхүүжилт хийж байгаа.
Санхүүжүүлсэн үйлдвэрүүд төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байна
Иргэдийн дунд ийм нэг яриа үүссэн байна л даа. “Хөгжлийн банк эдийн засаг хүнд байгаа үед гудамж, талбай санхүүжүүлж байхын оронд өөр бүтээмжтэй зүйлд зарцуулаасай” гэж. Үүнд та ямар хариулт хэлэх вэ?
Бид өнөө маргаашаа харсан төсөлд бус ирээдүйд ямар нэгэн байдлаар эдийн засгийн өсөлтийг бий болгох төслүүдийг санхүүжүүлж байна. Хөгжлийн банкны хувьд үйл ажиллагаагаа богино биш дунд, урт хугацаанд төлөвлөж явуулдаг. Тийм болохоор манай банк жилийн дотор эргэлддэг бизнесийг санхүүжүүлдэггүй. Үр дүн нь гурваас дээш жилд гарах тийм бүтээн байгуулалтад илүү анхаардаг.
Нийслэлийн гудамж, талбай дэд бүтэц бол нийтийн хөрөнгө. Тиймээс бид нийтийн хөрөнгийг сэргээн босгож санхүүжүүлсэн. Ингэснээр ямар үр дүн гарах вэ гэхээр, жишээлбэл барилгын бизнес хийдэг иргэн Болд ажлынхаа шаардлагаар 100 айл ч юм уу, бусад түгжрэлтэй замуудад хэдэн цагаар гацаж цаг, зав, бензин шатахуунаараа хохирохгүй. Мөн нэг барилгын материалын үйлдвэр байгуулахад цахилгаан дулаан, бохир цэвэр усны шугам сүлжээ нь хүрэлцээтэй байдаг, иргэд, хувийн хэвшлийг боомилдог тэрхүү саадыг арилгаад өгөхөөр нийтэд, иргэдэд, Болдоод нийгмийн болон эдийн засгийн талаасаа асар их хэмнэлт, үр ашиг, дэвшил гарч байгаа юм. Энэ Монгол Улсад чинь гурван сая Болд байна шүү дээ. Товчхондоо хариулт энэ.
Цаашилбал, Хөгжлийн банкны санхүүжилтээр үр дүн нь гараад эхэлсэн Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт хотод бариад дуусч байгаа дотоодын анхны бүрэн шат дамжлагатай гангын үйлдвэр зэрэг төслүүд төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөгөө үзүүлээд эхэллээ. Мөн “Эрдэнэс Таван толгой”-д 2017 онд эргэн төлөх хугацаатай 200 сая ам.долларын зээл өгснөөр 2012, 2013 онд олборлож, экпортолсон нүүрсний хэмжээ нь өмнөх онуудаасаа ахисан. Харамсалтай нь нүүрсний үнэ бага байгаагаас болж улсын төсөвт төлөвлөсөн орлого нь бүрдэхгүй байгаа.
Хөтөлийн цементийн үйлдвэр л гэхэд шууд бус ямар эерэг нөлөө үзүүлээд байна вэ гэвэл 2012 онд манай төмөр замын ачааллын 60 хувь нь Хятадаас оруулж буй цемент эзэлдэг байжээ. Харин уг үйлдвэр ашиглалтад орсноор төмөр замын ачааллыг арилгаж чадсан. Эдгээрээс гадна төлбөрийн тэнцлийг сайжруулах зорилготой “888” төсөл, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрүүд зэрэгт хийсэн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Манай улс өмнө нь жил бүр хоёр тэрбум гаруй долларын худалдааны алдагдалтай буюу энэ хэмжээгээр валют гадагшаа урсгадаг байсан. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдаа 131.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Тэгэхээр Хөгжлийн банкны өгсөн санхүүжилт энэ суурь эерэг өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлсэн болов уу.
Өөрөөр хэлбэл, бид алддаг биш олдог систем рүү хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Арилжааны банкуудын санхүүжүүлж чаддагүй тэр хөрөнгө оруулалтыг манай банк санхүүжүүлж, хувийн хэвшлийн хүлээсийг тайлж буй гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн хугацаанд яг хэр хэмжээний санхүүжилт хийв?
Экспортыг дэмжих, импортлох орлох бодлогын хүрээнд манайхаас хийгдсэн санхүүжилт нэлээд өндөр байрыг эзэлж байна. Тухайлбал, 2013 оны тоогоор төлбөрийн тэнцлийг санхүүжүүлэх чиглэлд 690 тэрбум, нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд 750 тэрбум төгрөг өглөө. Хөгжлийн банкны нийт санхүүжилт одоогийн байдлаар 3,3 их наяд төгрөгт хүрсэн байна.
Хөгжлийн банк улсын төсөв, арилжааны банкнаас ялгаатай
Хөгжлийн банкийг иргэд арилжааны банкны үйл ажиллагаатай адил гэх ойлголттой байдаг юм билээ?Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тодорхой бус зүйл байдгийн нэг нь энэ. Тодруулбал, бид нэг талаасаа төсвийн гадуур улсын санхүүжилтийг хийдэг. Энэ утгаараа Хөгжлийн банкны санхүүжилтийг улсын төсөвтэй нийлүүлэх шаардлагатай гэдэг.
Тиймээс манай банкны санхүүжилтийг улсын төсвөөс ялгах, зааг ялгааг нь хуульд нарийвчлах хэрэгтэй байна. Нөгөө талаасаа “Арилжааны банкны зээлийн хүүгээс бага дүнгээр санхүүжүүлэх ёстой” гээд хуульдаа тусгачихсан. Тэгэхээр хуулийг нарийвчлаад үзвэл Хөгжлийн банк хагас арилжааны шинжтэй ажиллах болж буй юм.
Хагас гэдгийг юугаар тодорхойлох вэ гэхээр бидний санхүүжүүлж байгаа дээрх төсөл, хөтөлбөрүүдийг арилжааны банкууд санхүүжүүлж чадахгүйд гол учир бий. Хэрэв тэдний санхүүжүүлэх хэмжээний төсөл байвал бид өрсөлдөнө гэсэн үг. Хамгийн гол нь манай банк арилжааны банкуудтай өрсөлдөх боломжгүй. Зөвхөн чадахгүй байгаа том төслүүдийг л Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Үнэндээ хуулиараа манай банкны хүү хямд, эргэн төлөлтийн хугацаа урт учраас шударга бус өрсөлдөөн болно. Нөгөөтэйгүүр бид арилжааны банк, төсвийн хөрөнгө оруулалтын завсрын шинжтэй. Монгол Улсын хөгжил өндөрт хүрээд ирсэн цагт манай банкны цар хүрээ хумигдана.
Үүнээс гадна Хөгжлийн банкны тухай хуулийн юу нь хангалтгүй, дутагдалтай байна вэ?
Ямар төрлийн хөрөнгө оруулалтыг улс дангаараа хийх ёстой юм бэ гэдгээс эхэлнэ. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийг улс төсвийн хөрөнгөөр, дангаараа барих ёстой. Нийгмийн шинж чанартай салбарууд шууд эдийн засгийн үр ашиг бий болгодоггүй учраас татварын орлогоос л санхүүжүүлэх ёстой. Харин авто зам, эрчим хүч гэх мэт дэд бүтцийн шинж чанартай төслүүд шууд эдийн засгийн өсөлтийг бий болгодог. Тиймээс хагас арилжааны зарчмаар санхүүжүүлэх боломжтой байдаг. Түүнчлэн Хөгжлийн банк яаж ажиллавал арилжааны банкуудын бизнесийг булаахгүй, жамаараа хөгжиж буй хувийн секторыг үймүүлэхгүй байх вэ, яавал өөрийнхөө таарсан орон зайд тогтвортой ажиллах вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгөх нь чухал гэж бодож байна. Гэхдээ хуулийн зохицуулалт хангалтгүй байлаа гээд төсөвтэйгээ хутгалтаад, арилжааны банкуудын хоолноос булаагаад байгаа юм бас биш. Үйл ажиллагаандаа зохих зааг ялгааг байнга баримталж ажиллаж байна.
Аж ахуй нэгжүүд гадаадаас ч юм уу зээл авсан тохиолдолд танай банк давхар батлан даах боломжтой юу?
Боломжтой. Хуульдаа зээлийн баталгаа гаргаж болно гээд заачихсан. Мөн төрийн хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжиж ажилладаг, гүйцэтгэдэг байгууллага.
Хөгжлийн банкны зааг ялгааг сайн гаргаагүй нэг эрсдэл бий
Монголбанкны бодлогоос танайхыг зөрдөг гэх шүүмжлэл бий. Танай банкийг мөнгөний бодлоготой уялдаагүй их хөрөнгө оруулалт хийснээс болж инфляцид сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг?Манайх арилжааны банк биш болохоор Банкны тухай хууль бус тусгай зориулалтын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч онцлогоосоо шалтгаалаад төсвийн болон мөнгөний бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулж явах шаардлага гарна. Өмнө нь “Чингис бонд”-ын үед тийм шүүмжлэл байсан байж болно. Харин одоо Монголбанк, Сангийн яамтай нягт уялдаатай ажилладаг. Үндсэндээ шаардлагатай чиглэлүүдээ аваад ажиллаж буй. Бидний ихэнх санхүүжилт нийтийн хөрөнгөд зарцуулагддаг учраас төсвийн бодлоготой зайлшгүй уялдана. Хөгжлийн банкны тухай хуульд төсөв, өөрийн хөрөнгө оруулалтын заагийг сайн ялгаагүйн нэг эрсдэл энэ юм.
Танай батлан даалт, зээлийн баталгаа авахад тухайн компани ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
УИХ-аас баталж өгсөн төсөл, хөтөлбөрийн бодлогын хүрээнд тухайн аж ахуй нэгжид зээлийн батлан даалт гаргана. Хамгийн гол нь компани зээл авахад тавьдаг шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Эргэн төлөх байдал, юу хийх гэж байгаа вэ, барьцаа баталгаа хангалттай юу гээд шаардлагууд бий.
Танайхаас авсан зээлүүдэд одоогийн байдлаар чанаргүй зээл бий юу?
Байхгүй. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа учраас бид ашигтай ажиллаж буй юм.
Хөгжлийн банкны зээлийн хүүг арилжааны банкныхаас доогуур гэдэг. Хуульд яг хэдэн хувиар доогуур байна гээд заасан юм бол?
Төдөн хувиар бага байна гэсэн тодорхой заалт байхгүй. Зөвхөн доогуур байх ёстой гэдэг л утга бий. Гэхдээ харилцагчдаа өгч буй зээлийн дундаж хүү жилийн нэг оронтой тоонд багтдаг.
Арилжааны банкууд бусад асуудлыг шийднэ
“888” төсөлтэй холбоотой асуултаар яриагаа үргэлжлүүлье. Уг төсөлд шалгарсан, санхүүжилтээ авч чадаагүй байгаа аж ахуй нэгжүүд “Манай төсөл яагаад, хаана гацчихав” гэж танайд их ханддаг байх. Энэ гацаа танайхаас болоод байна уу, аль эсвэл арилжааны банкууд дээр саатсан хэрэг үү?Нэн түрүүнд хэлэхэд тэдгээр төслүүд хувийн хэвшилд хамаарна. Хөгжлийн банк хөтөлбөртэй ерөнхийд нь танилцаж, санхүүжилтийг нь хийж буй болохоос биш бусад асуудлыг зээл олгож байгаа арилжааны банкууд шийдэх юм. Бид уг төслийн хүрээнд барилгын үйлдвэрлэлийн ч юм уу хэдэн үйлдвэр баригдаж, бодлогоор хоорондоо хэрхэн холбогдохыг хардаг. Зээл олгох эцсийн шийдвэрийг арилжааны банкууд гаргана. Хамгийн гол нь тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн эрсдэлийг арилжааны банк шууд өөр дээрээ авч буй. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлтийг банкууд л хариуцна үг юм.
“Төрийн бодлого арилжааны банкны эдийн засагчийн үзэгний үзүүрт унаж байна” гэх шүүмжлэл бий. Тэгвэл тэд төрийн бодлогод нийцээд, та бүхний шалгаруулсан төслийн ач холбогдлыг мэргэжлийн талаас олж харж чадах уу. Товчхондоо олгож буй зээл танил талаа харах ч юм уу, нүдээ олоогүй зээл байвал яах вэ?
Арилжааны банкууд сүүлийн 20 гаруй жил хувийн хэвшлийг санхүүжүүлж байна. Тиймээс арилжааны банкууд тухайн төслийн хөрсөн дээр буух үгүйг нь нарийн харж чаддаг. “888 төсөл”-ийн хувьд гомдол харьцангуй бага байгаа.
Дээрх төсөлд танайхаас хэчнээн тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бэ?
Өнөөдрийн байдлаар Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн хүрээнд 171 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл нь дотроо хэдэн янз байна вэ?
Ер нь тухайн төслийн өөрийнх нь онцлогоос хамаарч эргэн төлөлтийн хугацаа тодорхойлогдоно. Гэхдээ зам гэхэд шууд орлого олоод төлөлтөө хийхгүй. Гагцхүү тухайн зам барьснаар түүгээр зорчдог хүмүүсийн зардалд илүү хэмнэлт учруулж иргэний халаасанд мөнгө нь үлдэг. Тэр нь цаашлаад эдийн засагт эерэг үр дүнгээ өгнө. Иймэрхүү төслийн эргэн төлөлтийг улсын төсвөөс өгдөг юм. Бусад төслүүд жишээлбэл, дээр хэлсэн “Эрдэнэс Таван толгой” компани, арматурын үйлдвэр, Багануур зэрэг аж ахуй нэгжүүд зээлээ өөрсдөө төлдөг. Эргэн төлөлтийн хугацаа 5-8 жил байгаа. Манай санхүүжилт ихэнхдээ шинээр үйлдвэр, өргөтгөл барихад зарцуулагдаж байна.
Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгийн иргэд нэг гомдол гэмээр ч юм уу зүйл хэлж байна лээ. “Хөгжлийн банк хотын гудамж, талбайг сайхан болгоод байх юм. Харин хөдөө орон нутагт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй юм уу” гэж?
Манай банк байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл улсын хэмжээнд нийт 3.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийснийг онцолсон. Үүнээс тоймоор нь харвал гуравны нэг нь нийслэлд, дахиад гуравны нэг нь томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа Өмнөговь аймагт, үлдсэн нь бусад бүс нутгуудад хийгдсэн. Ер нь манай санхүүжилт орон нутаг болгонд гэж хардаггүй юм аа. Хамгийн гол нь улс орны хөгжилд ямар байдлаар эерэг нөлөөг хаана, хэрхэн, яаж үзүүлэх вэ гэдгийг онцолдог. Гэхдээ төслүүдийн түвшинд орон нутгийг жигд хөгжүүлэх асуудал яригддаг нь үнэн. Тухайлбал, “Гудамж” төсөл Улаанбаатараас гадна аймгийн төвүүдэд хийгдэх шаардлагатай гэж Засгийн газраас шийдвэр гарсан. Эхний байдлаар гурван аймагт хэрэгжиж эхэллээ. Түүнчлэн Төрийн орон сууцны корпораци байна. Тэд аймгийн төв болгонд 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийг эхлүүлсэн.
Хөгжлийн банк ойрын гурван жилд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна вэ?
Ирэх жил болон цаашид хамгийн багаар бодоход 800-900 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийнэ. Нийслэлд баталгаа гаргах замаар 2-3 хороололд санхүүжилт хийнэ. Энэ бүхнийг нэмээд ирэх хоёр жилийн дотор бараг хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг хийнэ.
Бонд дааж давахааргүй эрсдэл биш
Гаднаас хөрөнгө босгох ямар ажил, судалгаа хийж байна вэ?
Банк эх үүсвэр босгох талаар байнга ажиллаж ирсэн. Үүнд хариулахын тулд уншигчиддаа мэдээлэл болгох үүднээс бонд гэж юу юм бэ гэдгээс яръя. Орчин үеийн санхүүгийн хэрэгсэл, практикийг манай улсад хэрэглэж байж хөгжингүй орон болно. Тэгэхгүй бол олон улсын түвшинд очоогүй, болхи санхүүгийн систем ашигласаар байх нь зөв үү хэмээн бодох хэрэгтэй. Аливаа зүйлийг санхүүжүүлж болох хоёр арга л байдаг. Нэг нь зээл, хоёр дахь хөрөнгө оруулалт.
Орчин үеийн эдийн засагт нэг хүнд нь хөрөнгийн хомсдол үүсэж байхад нөгөөд нь илүүдэл бий болдог. Тэгэхээр илүүдэлтэй нь хэрэгтэй байгаа хүндээ хэсэг хугацаанд зохих хэмжээний мөнгө өгөөд хэрэглэснийх нь дараа буцаагаад өсгөөд авах нь хүн төрөлхтөний сүүлийн 5000 жилд хэрэгжсэн оновчтой тогтолцоо. Энэ бол зээл. Зээлийн хувьд авсан тал нь хэрэгтэй ажлаа хийсний дараа эргэж төлөөд өөртөө ашиг, өмч хөрөнгөө үлдээдэг. Гэхдээ авсан мөнгөө бүрэн буцааж төлөх хариуцлагаа үүрдэг. Зээлийг үнэт цаасжуулсан хэлбэр нь бонд юм. Ингэснээр стандарт нөхцлөөр олон талууд нэг зээлийг олгож болдог.
Бонд гэдэг нь нэгэнт зээл учраас бондыг эргэн төлөх хариуцлагыг Монголчууд бид өөрсдөө үүрэх боловч ашиг орлогыг нь бас бүрэн хүртэх эрхтэй юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эрсдэлээ хөрөнгө оруулагч үүрэх боловч ашгаа бас тэд авна. Бонд нь тэгэхээр илүү өндөр хариуцлага шаардсан, гэхдээ урт хугацаандаа илүү ашигтай байж чадах боловсронгуй санхүүгийн хэрэгсэл юм. Бондын хувьд шууд л авангуутаа өрөнд унагаж байгаа биш. Гагцхүү биднийг илүү хариуцлагатай, найдвартай ажиллах үүрэг, итгэлийг гадаадын түншүүд маань хүлээлгэж буй хэрэг. Бондын мөнгийг халамжид тараагаагүй, дэд бүтэц, үйлдвэрүүд гээд хэрэгтэй зүйлд зарцуулагдаж байгааг иргэд харж буй байх.
Цаашид манай банк бүтээн байгуулалтыг санхүүжилтээр хомсдуулахгүйн тулд 2017 хүртэл жилд ойролцоогоор 600 сая ам.долларын санхүүжилт босгож байх төлөвлөгөөтэй ажиллана. Энэ оны хувьд 800 орчим сая ам.долларын санхүүжилтыг босгох байснаас дийлэнх хэсэг нь манай дансанд ороод ирчихсэн байгаа.
Та бид хоёр нэлээд яриа өрнүүллээ. Миний асууж амжаагүй, таны хэлэхийг хүсэж байсан зүйл байвал энэ мөчийг танд үлдээе.
Баярлалаа. Зээл гэдгийг өр гэж шууд адилтгаж ойлгоод муйхар аргаар бодож болохгүй. Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн 48 орчим хувийг улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлсэн байгаа. Гол улсын төсвийн эргэн төлөлтийн ачаалал 2017, 2022 онуудад тохионо. 2017 онд манай банкны авсан 580 сая ам.доллар. Мөн “Чингис бонд”-ын эхний 500 сая ам.долларыг төлнө. Энэ үед улсын төсөвт 660 гаруй тэрбум төгрөгийг суулгаж, эдгээр эх үүсвэрийн улсын төсөвт ногдох хэсгийг төлөх шаардлагатай. Харин 2022 онд “Чингис бонд”-ын нэг тэрбум ам.доллар нь төлөгдөх учраас улсын төсөвт 1,6 их наяд төгрөгийг төвлөрүүлэх юм. Гэтэл эдгээр дүнгүүдийг 2014 оны 7 их наяд төгрөгийн улсын төсөвтэй харьцуулахад дааж давашгүй ачаалал биш гэдэг нь харагдаж байна. Мэдээж тухайн үед эдийн засаг, төсвийн чадамж 2014 оныхоос дээшилсэн байна гэсэн төсөөлөл бас байгаа. Хөгжлийн банк ч гэсэн зээлийн төлөлтөө асуудалгүй хийгээд явах боломжтой. Зээлийн эргэн төлөлтийн эрсдэл одоогоор бага байна. Яагаад гэвэл манайх ямарваа зээлийг барьцаа, баталгаагаар дээд зэргээр хангуулж байж олгодог. Хамгийн энгийнээр тайлбарлахад, бондын хөрөнгөөр барьсан зам, гудамж талбай таны ажил амьдралыг хөнгөвчилж байна уу, санхүүжүүлсэн үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг та худалдаж авч хэрэглэж байна уу? Хэрвээ хариулт нь “тийм” бол бондын эргэн төлөлт хангагдаж байна аа гэсэн үг.
Нөгөөтэйгүүр бондын мөнгө өрөнд биш эдийн засгийн эргэлтэнд орчихсон явж байгаа гэдгийг дахин хэлье. Бүтээн байгуулалтыг бодитоор харж дүгнэх хэрэгтэй байх. Сүүлийн үед хэтэрхий харлуулсан байдлаар ойлгуулж байсанд харамсаж байна. Учир нь тэр үйлдвэр, зам, барилга барьж байгаа хүмүүс чинь урдах ажлаа хийгээд, эх орноо хөгжүүлээд явж байгаа Монгол хүмүүс. Хийж байгаа зүйлийг нь харлуулсаар байгаад юм бүтээх урам зоригийг нь мохоовол харамсалтай. Ингэхийн оронд болж байгаад нь урам хайрла л даа гэмээр санагддаг. Их хөгжил өөд хамтдаа зүтгэх цаг нь болж ээ гэж хэлмээр байна даа.
Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Тоймч Л.Баатархүү
Иргэдийн эрх зүйн “Содон” сэтгүүл
Иргэдийн эрх зүйн “Содон” сэтгүүл