Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын банкуудаас 300 сая ам.долларын  хамтарсан буюу синдикат зээлийг босгохоор болжээ. Чингис бондтой дүйцэхүйц бага хүү, таатай нөхцөлтэй гэгдэж буй энэ санхүүжилтийн талаар Credit Suisse Securities-ийн гүйцэтгэх захирал Пол Трегидго Нью Йорк дах Блүүмбэрг телевизэд өгсөн ярилцлагаас хүргэж байна. 



-Хөгжлийн банкны босгосон синдикат зээлийн үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын Хөгжлийн банкны олон улсын банкуудаас босгосон синдикат зээл олон талын үр өгөөжтэй.Энэхүү үйл явдал нь  цоо шинэ зах зээлрүү  нэвтэрж байгаагаас гадна   шинэ хөрөнгө оруулагчдыг бий болгож байна. Монголыг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдыг улам бүр нэмэгдүүлсэн алхам боллоо.

-Хөрөнгө оруулагчдын Монгол руу хандсан сонирхол хүчтэй байна гэж ойлгож болох нь ээ?
-Монголд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд олон бий ч Монголын талаарх хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй хэвээр байгаа. Хөгжлийн банк Монголын эдийн засгийг  урт хугацаанд тогтвортойгоор хөгжүүлэх үүрэгтэй. Энэ удаагийн хөрөнгө босгосон алхмын хувьд  Монголыг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбож өгөх маш  чухал зүйл болсон. Ганцхан Монгол улс ч биш дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал бага зэрэг тогтворгүй байна. Олон улсын макро зах зээлийн нөхцөл, бодлогын хүүгийн өөрчлөмтгий байдал, геополитикийн асуудлууд гэж ирээд яривал  нөлөөлсөн хүчин зүйл олон бий. Ийм нөхцөлд Монгол Улсын Хөгжлийн банк өөр зах зээлд нэвтэрч, шинэ хөрөнгө оруулагчдыг татаж,  урт хугацаатай санхүүжилт олж авах боломжтой болсон нэг том шалтгаан бий.  Монголын эдийн засаг дунд, болон урт хугацаандаа өндөр өсөлттэй байх учраас хөрөнгө оруулагчид танай улсыг их сонирхож байна. Монголд хөрөнгө оруулах тохиромжтой цаг ирсэн гэсэн үг.

- Монголд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирсэн гэдгээ тодруулаач?
-Монголын эдийн засаг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр оронтой тоогоор өссөн нь хөрөнгө оруулагчдад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Мөн Монголын эдийн засаг илүү нээлттэй болсон нь дэлхийн эдийн засагтай нэгдэх нэг том  шалтгаан болсон гэдгийг онцолж дурдмаар байна. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал сул байгаа энэ үед улс орнуудын стратеги, хөрөнгө оруулагчид болон удирдлагуудын хамтын ажиллагаа л бодитой  үр дүн авчирна. Банкны зах зээлийн хувьд бусад зах зээлүүдээс ялгарахуйц давуу тал,  чадвартай байдаг учраас олон улсын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж чаддаг юм. 

-Хөгжлийн банкны энэ  удаагийн босгосон санхүүжилт хөрөнгө оруулагчдын хандлага нааштай байгаа учраас амжилттай болсон гэсэн үг үү?
-Хөрөнгө оруулагчдын өмнө тулгарч буй хамгийн гол асуудал бол Монголд амжилттай явж байгаа бизнесийг олж харж, хөрөнгө оруулалтаа зөв салбарт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа улс орон болон салбараа сайтар судалж асуудлуудыг нь бүрэн дүүрэн ойлгосон байх ёстой. Энэ бол хамгийн  түрүүнд яригдах ёстой чухал асуудал. Хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа нь боломжийг нь олж харсан гэсэн үг. Монгол Улсын  Хөгжлийн банк олон улсын зах зээлээс хөрөнгө босгож хөрөнгө оруулагчдаа амжилттайгаар тэлж чадсан нь ч үүнтэй холбоотой.

-Credit Suisse-ийн хувьд Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид Монголын Засгийн газар болон Хөгжлийн банктай урт хугацаанд харилцан холбоотой ажиллахаар тохиролцсон. Credit Suisse банк дэлхийн хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын жагсаалтыг гаргаж, тэдгээр улстай хамтран ажиллах тал дээр анхаардаг. Эдгээр улсын дунд Монгол Улс ч багтаж байгаа. Монголын эдийн засгийн хувьд зах зээл болон дэд бүтэцтэй холбоотой шийдвэрлэх томоохон асуудал байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа шаардлагатай гэсэн  том дохио. Ийм хамтын ажиллагаа тухайн улс орны зорьж төлөвлөсөн ажлаа биелүүлэхэд том дэм болж өгдөг. Урт хугацаанд хэрэгжих боломжтой шийдвэрийг түргэн хугацаанд гаргана гэдэг нь бараг л боломжгүй зүйл шүү дээ. Тиймээс бид үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгохын тулд урт удаан хугацаанд хэрэгжих боломжтой шийдвэрт гол анхаарлаа төвлөрүүлж байгаа. Тодруулж хэлбэл  олон улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улстай холбож өгнө гэсэн үг л дээ. Ингэснээр Монгол Улс   тулгараад байгаа олон асуудлаа шийдэж чадна.

-Тэгвэл дээрх үйл явдал нь олон улсын хөрөнгө оруулагчидад хэрхэн нөлөөлсөн бол?
-Хөрөнгө оруулагчдын хувьд авч үзвэл тэдэнд тулгарч болох хамгийн гол асуудал бол Монголд амжилттай явч байгаа бизнесийг олж харч хөрөнгө оруулалтаа зөв салбарт хийх явдал юм. Тэгэхээр энд боловсролын асуудал яригдах юм, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа улс орон, салбараа сайтар судалж асуудлаа бүрэн дүүрэн ойлгосон байх ёстой. Энэ бол нэн тэргүүнд яригдах ёстой хамгийн чухал асуудал мөн. Тиймээс ч МУХБ олон улсын зах зээлээс  зээл босгож хөрөнгө оруулагчдаа амжилттайгаар тэлж чадсан нь үүнтэй холбоотой.