Одоогоос яг арван жилийн өмнө би бээр уран бүтээлийнхээ ээлжит тайлан тоглолтыг “Сансар” кабелийн телевизийн дэргэдэх STV суваг байгуулагдсны 1 жилийн ойтой хавсруулан зохион байгуулсан аж. Энд би уг тоглолтын тухай дурсах гээгүй өөр нэгэн сэдвийг хөндье гэж бодсон юм. Энэ бол цаг барих асуудал. Тэгэхэд тоглолт маань 18.00 цагаас зарлагдаж урилга, тасалбар нь тараагдсан, UB паласын их танхимд болохоор байв. Тэр үед аливаа тоглолт, уран сайхны арга хэмжээ яг зарласан цагтаа эхэлдэггүй, хагас цаг, за бүр бүтэн цагаар ч хүлээгдэж эхэлдэг муухай зуршил нэгэнт тогтчихсон байлаа. Энэ үзэгдэлтэй тэмцэхээр шийдэж тоглолтыг удирдаж буйн хувьд яг цагтаа эхлүүлэхээр зориглов. За бас яг ч цагтаа эхэлж чадаагүй санагдана унжирсаар товлосон цагаас 15 минутын дараа эхлэх команд өглөө дөө. Танхим дүүрээгүй, хүмүүс нь уван цувсаар л, гуравны нэг нь цугларсан байв. Оролцож буй уран бүтээлчид маань нэлээд гайхсан байдалтай зарим нь дургүйцэх шинжтэй. Ямар ч л байсан эхлүүлсэн дээ. Хоцорч ирсэн үзэгч олон их дургүйцэж байна аа. Аргагүй шүү дээ, тасалбарыг нь мөнгө төлөөд авсан юм чинь. Дүүрсэн хэрэг гээд ямар ч л байсан чимээ шуугиан, орж гарч боссон суусны дундуур эхэлсэндэг.

Аливаа арга хэмжээ цагтаа эхлэнэ гэж байдаггүй эрүүл бус зуршлыг халахын төлөө чадах чинээгээрээ тэмцэж бусдыг уриалья гэсэндээ л ингэсэн хэрэг. Цаг барихгүй байх явдал бол маш бүдүүлэг ёс. Зөвхөн тоглолт, шоу гэхгүй бүхий л үйл ажиллагаа арга хэмжээнд хэвшсэн үзэгдэл. Үүнийгээ бас нүүдэлчин ард түмний зан заншилтай холбож тайлбарлана. Ухаандаа нараар амьдраад сурчихсан маягийн юм ярина шүү дээ. Бараг шалтаг юм даа. Энэ бол орон зайн хувьд өөр ертөнц юм аа. Нүүдэлчин ахуйн онцлог. Малаа дагаж нүүж сууж буй уужуу сайхан сэтгэлт ард түмний маань амьдралын онцлог. Харин өнөөгийн начигнан хурдласан хотын бодит амьдралын хэмнэлд бол яавч таарахгүй зүйл.

Гадаад оронд бол өөр юм. Жишээ нь Орост домогт Пол Маккартнигийн тоглолтыг үзэх завшаан надад олдсон аж. “Олимпийский” цогцолборт 50000 хүн нэг дор цугларав. Бүхээгт цэнгэлдэх хүрээлэнд хүмүүсээ олон хаалгаар орууллаа. Яг очер дарааллаараа цувна. Эхлэх цаг маань ч боллоо. Хоцрохнээ. Тэгтэл Полын зүгээс уучлалт хүсээд “би гадаа нэг ч хүн үлдээмээргүй байна, та бүхэн бага зэрэг хүлээчихгүй юу” гэж микрофоноор зарлахад хүн бас болгоох юм. Тэгээд ч бас зүгээргүй, тайзны хоёр талд байрлуулсан томоо гэгч лэд дэлгэцэн дээр зургийн цоморлиг үзүүлж, Beatles-ийн яруу сайхан дуунууд эгшиглээд уйдаахгүй.

Будапештын Пап Ласло-гийн битүү стадионд Эрик Клэптоны тоглолтыг үзэхэд бас л олон арван мянган үзэгч цугларсан. Европын ойр хавийн орнуудаас ирж буй харагдана лээ. Яг зарласан цагт хөгжим эгшиглэж халаалтын хамтлаг сонирхол татахуйц гоё тоглолт үзүүлнэ. Үзэгчид ёстой нэг “халах” шиг болонгуут Эрик Клэптон гарч ирж тоглолтоо эхэлсэн. Яг цэвэр хоёр цаг тоглоод л тайзнаас буусан. Хүнийг хүлээлгэж чилээж ядраагаагүй маш гоё таашаал авснаа ерөөс мартдаггүй. Лас-Вегаст очиж олон гоё шоу үзсэн. Яг л цагтаа эхэлнэ. Цаг хагасаас хоёр цаг л явна. Хүн ядрахгүй юм үзсэн шиг л болно. Манайхан тэгэхэд 3 цаг хүртэл тоглолтоо сунжруулна шүү дээ. Бид Лас-Вегасынхантай адилхан л хүмүүс. Бид бас хийх ажилтай, яаран тэмүүлэх гэр оронтой. Яагаад юмыг цагт нь эхлүүлж болохгүй гэж. Яагаад бид унжирч сунжирсан тоглолт үзээд баясгалантай бус урвагнаад бухимдаад гарч байх ёстой байдаг юм бэ.

Эхлээд түгжрэлд баахан зогсоно, танхимд ороод мөн л хүлээнэ, за тэгээд хэдэн цагаар үргэлжилсэн тоглолт үзнэ гэж “зовно доо”. Баяр бус ял мэт. Энэ нь тэгээд бусад арга хэмжээ, ёслолын ажиллагаанд халдварласныг нь яана. Түгжрэлд орлоо л гэж тайлбарлах болсон. Тэгвэл түгжрэлд орох цагаа бас тооцох ёстой бус уу? Энэ бол хүний наад захын соёлын хэм биз дээ. Ямар сайндаа миний найз Чулууны Ганболд бид хоёр энд тэнд арга хэмжээнд уригдна. Ямар ч л байсан цагтаа очно доо. Тэнэг юм шиг хоёулахнаа түрүүлээд ирчихнэ. Аргаа бараад бид хоёр хэд хэдэн удаа хүмүүс нь уван цувсаар ирээд нэг юм эхлэх гэтэл нь яг цагтаа ирж хүлээснээ тайлбарлаад гараад явчихдаг. Яаж ч чаддаггүй юм байна лээ.

Сүүлийн үед хотын соёлын газрыг толгойлох болсон Quiza буюу Батцэнгэл нилээд шийдэмгий арга хэмжээ авахыг оролдож буй харагддаг. Бид хотол олноороо дэмжиж үзэгчид ч тэр уран бүтээлчид ч тэр энэ байдлыг засна байгаа.

Б.ДОЛГИОН