Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нам жим болоод байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амраг”-ийн асуудал /тэр нь бүр хар тамхичин, хулгайч, биеэ үнэлэгч гэж байгаа шүү/ дахин босч ирэв. Энэ асуудлаас болж сайдыг суудлаас нь буулгахаар өргөн барьсан этгээд нь эцсийн мөчид “мэдээллийг шалгах шаардлагатай байна” хэмээн үзэж, огцруулах үндэслэлээ буцаан татсанаар асуудал нэг хэсэгтээ намжсан билээ. Хуулиараа бол асуудал өргөн барьсан этгээд саналаа буцаан татсан тохиолдолд УИХ дахин уг асуудлыг хэлэлцдэггүй номтой. Гэвч энэ нь хэн нэгний, хэсэг бүлгийн санааг тэгтлээ амраахгүй байгаа бололтой. Товчхон хэлэхэд цагдаагийн байгууллага доторх “өшөө авагчид” амархан бууж өгөх бодолгүй байх шиг.

Сайдтай нэр холбогдоод буй Г.Сарангэрэл гэгч эмэгтэйн хоёр өмгөөлөгч өчигдөр хэвлэлийнхэнд хандаж нэгэн ноцтой баримт дэлгэв. Саяхан даа, хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байсан тэр эмэгтэй урьдчилан хорих төвөөс батлан даалтаар гарч ирсэн даруйдаа буудалд байрлан телевизүүдэд ярилцлага өгч, “Х.Тэмүүжин сайдтай би унтсан, унтаагүй” хэмээн баахан самарсныг уншигчид санаж байгаа байх. Гэтэл тэр сонирхолтой “сюжет”-ийн ард цагдаагийн байгууллагад дээгүүр алба хашдаг нөлөө бүхий эрхмүүд байсан тухай өмгөөлөгч нар өчигдөр мэдээллээ. Манай цагдаагийн дарга нар хувийнхаа мөнгөөр /буу сумаа хүчрэхгүй байж арай л байгууллагын төсвөөс гаргаагүй байлтай/ буудалд люкс зэрэглэлийн өрөө захиалж, телевиз дуудаад өөрсдийн хүссэн “кино”-гоо хийдэг болсон байна. Тэр ч байтугай сэжигтэний өмгөөлөгч рүү утасдаж “Ингэж тэгж, ярь. Мэдүүлгээ ингэж өөрчилж, ингэвэл хэргийг чинь хөнгөлж өгнө, ялаас мултална” /яг тэр хэлүүлэх гээд байгаа үг нь бол энд буулгаж бичих нь байтугай баргийн хүний аманд багтаж гарахааргүй л юм билээ л дээ /http://video.news.mn/video/13039.shtml?catid=174/ гэж наймаалцсан, захиалсан мэдүүлгээ өгүүлэхийн төлөө урьдчилгаа мөнгө төлсөн ч гэх шиг.

Уг нь бол энэ тохиолдолд өмгөөлөгч нар хэвлэл мэдээллийнхэнд хандахаасаа өмнө хэргийг хянаж байгаа прокурорт гомдол гаргаж, задраад байгаа цагдаагийн дарга нарыг нам дарах ёстой байсан байх. Гэвч харамсалтай нь тэдэнд ч гэсэн айдас байдаг бололтой. Цагдаагийн хурандаа өмгөөлөгч рүү утасдаж, мэдүүлгийг нь өөрчил гэж үүрэгдсэн тэр өдөр Г.Сарангэрэлийг хугацаанаас нь өмнө суллаж, батлан даалтад гаргах тухай шүүхийн тогтоол гарсан байна. Нэг үгээр хэлбэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хоёр оролцогч нь нэг талдаа гарчихсан байна аа гэсэн үг.

Өмнө нь нэг удаа Хууль зүйн сайд “Миний хуулиар хамгаалагдсан хувийн эрх чөлөө, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, хууль зөрчин гүйцэтгэх ажил явуулсан байна. Гүйцэтгэх ажлын явцад авагдсан гэх мэдээллүүд нь хуурамчаар үйлдэгдсэн, зориуд зохион байгуулсан зүйл байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэдэг хүсэлтээ тагнуулын байгууллагад гаргаж байсан. Тагнуулын байгууллага ч үүнийх нь мөрөөр шалгалт явуулаад “Хууль зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгая” хэмээн прокурорт хүсэлт тавихад “Эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй” гээд зогсоож байсан удаатай.

Ингээд цагдаа, шүүх, прокурорын байгууллага бүгд нэг талдаа гарчихсан тохиолдолд өмгөөлөгчдийн хандаж болох ганц зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэслээр дамжуулж олон нийтэд үгээ хүргэх. Нэг үгээр хэлбэл, нийгмийн зүгээс хамгаалалт, дэмжлэг хүсч байна гэсэн үг. Монголын хууль, цагдаагийн байгууллага ингэтлээ дор орсныг юу гэж ойлгох вэ?

Үндсэндээ цагдаагийн байгууллагыг толгойлж байгаа нөхдүүдэд салбарынхаа сайдыг хэрхэн “намнах” вэ гэдгээс өөр бодох зүйл, хийх ажил байхгүй болсон байна. Уг нь бол Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг УИХ дээр ярьж байх үед гишүүдийн зүгээс хамгийн их шүүмжилсэн нэг зүйл бол “гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Сүүлийн 2-3 жилд гарсан гэмт хэргийн тоо жил тутам 10 хувиар өсчээ” гэх мэдээлэл. Х.Тэмүүжин сайд энэ тухайд “Нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн хэлтсийг 13 болгон нэмэгдүүлж, хүн амд нь ойртуулсан учраас гарсан гэмт хэрэг нэг бүрийг бүртгэж байгаа. Иргэд ч цагдаадаа итгэж, хандах болсон. Тиймээс гэмт хэргийн статистик буурахгүй, цаашдаа нэмэгдэж ч магадгүй” хэмээн хариулсан билээ. Тэгвэл сүүлийн хэдэн сарын дотор цагдаагийн зарим хурандаа нарын зохион байгуулж байгаа энэ мэт хууль бус ажиллагаанаас харахад үхсэн хатсаных нь цагдаад итгэж найдах. Нэг муу албан тушаалын зэрэг дэвийн төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, хуулийн байгууллагын халхавчин хувийн хүсэл шуналаа гүйцэлдүүлээд сурчихсан ийм нөхдүүд цагдаад шургалж, цагдааг удирдаж байхад “Цагдаад итгэ” гэж хэнд, яаж хэлэх юм бэ? Х.Тэмүүжин сайд аа!

Хураалгасан цол хэргэм, авч чадаагүй албан тушаалынхаа араас үхэн хатан гүйцгээсэн, эрх мэдэл нь хумигдахын хэрэээр амьдрах арга зам нь давчдаж хүн алахаас буцахгүй болсон энэ цагдаа нараа зайлуулна уу, Б.Билэгт дарга аа!

Товчхон хэлэхэд, Монголын цагдаад шинэчлэл биш, цэвэрлэгээ хэрэгтэй болсон байна.