ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛД АШИГТАЙ ЮУ?
Жишээ нь бүтээгдэхүүн гарахтай уралдаж төмөр замаа тавих, цахилгаан станцаа барих, орж ирж байгаа их орлогод дулдуйдаж санхүүгийн зах зээл, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нь бидний нэн тэргүүний хийх ёстой ажлууд юм.
2018 оны 4-р сард хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч Ц.Батболдын Дефакто Газет сонинд бичсэн нийтлэлийг энд оруулж байна.
Оюу толгойн гэрээг үнэлж дүгнэхэд анхаарвал зохих эдийн засгийн онолын үндсэн зарчмыг тайлбарлахыг оролдов.
- Рио Тинто бол үндэстэн дамнасан “public” буюу нийтийн компани. Өөрөөр хэлбэл олон сая хувьцаа эзэмшигчийнхээ найдаж өгсөн мөнгийг алдалгүй, аль болох өндөр ашигтай эргэлдүүлэх гол үүрэгтэй бизнес байгууллага. Тийм учраас гаргасан бүх зардлаа нөхөөд зогсохгүй, “normal” буюу хэвийн ашиг өөрөөр хэлбэл бусад оронд хэрэгжүүлж байгаа төслүүдээс олж чадах түвшнээс дутахгүй ашиг гарах нөхцөлд л монголд хөрөнгө оруулна. Тийм ч учраас бусад оронд ашгийн татвараас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх зардал, түүний дотор зээлийн хүүгийн төлбөр, капиталын элэгдлийн шимтгэлийг чөлөөлж, ашиггүй үеийн алдагдлаа ашигтай дараа үедээ шилжүүлж татвар хасуулахыг зөвшөөрдөг. Жишээ нь АНУ-д ийм “loss carry over” хойшлуулах хугацаа 20 жил байдаг бол уул уурхай ихтэй Австрали, Англи, Канад, Норвеги, Чили, Ботсвана зэрэг оронд хугацаагүй байдаг. Норвегийн нефтийн тусгай татвараас юy ч олоогүй үрэгдсэн хайгуулын зардлыг ч хасаж өгдөг байна. Эцсийн дүнд дээр дурдсан хэвийн ашгаас давсан, ордын чанар, зардлаас шалтгаалдаг хэт ашиг буюу “rent”-ийг л хуваалцах боломжтой. Түүнийг ихэсгэх зорилго хоёр талд адилхан учир булаацалдахаасаа илүү хамтарч ажиллах нь үр дүнтэй. Төслийн бүх эрсдлийг үүрэх уул уурхайн компанийн хувьд зөвхөн зах зээлийн үнэ өсч “rent” нэмэгдсэн үед л ашгаа дахин хуваалцах боломж бүрдэнэ. Тэгвэл өнөөдөр зэсийн үнэ буурч эхэлсэн, Хятад-Америкийн худалдааны дайн үргэлжилвэл бүр унах магадлалтай болчихоод байна. Тийм учраас нэг хоёр жилийн татварын маргаанаар ажил гацааж алдагдал хүлээж байснаас нийт төслийн ерөнхий тооцоонд анхаарч, аль алиндаа ашигтай хамтран ажиллахад анхаарууштай.
- Уул уурхайн салбар нь том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, удаан хугацааны дараа зардлаа нөхдөг, эцсийн ашиг нь түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, баялагтай орны бодлого, татварын нөхцлөөс хамаардаг тул зөвхөн олон жилээр тогтвортой байх баталгаатай тохиролцооны үндсэн дээр л хөрөнгө босгох, оруулах бололцоотой байдаг. Гэтэл нөгөө талаас “time inconsistency” буюу цаг хугацааны туйлбаргүйдэл гэж, түнш нь нэгэнт хөрөнгөө оруулсны дараа амлалтаасаа буцаж монжих сонирхол эдийн засагт байдаг. “Pacta sunt serventa” буюу байгуулсан гэрээгээ заавал биелүүл гэсэн бизнесийн эрхийн хамгийн эртний зарчим бол түүний сонгодог илрэл ба ийм соёлгүй түнш, төслийн зардал өсгөснийхөө үр дагаврыг, (чиний үүсгэсэн эрсдлийн төлбөр гэж хэлэхгүй ч) хүүгийн “risk premium” нэмэгдэх, дивиденд багасах зэрэг аль нэг хэлбэрээр үүрч таардаг. Уг нь ингэх магадгүй нөхцөлд хөрөнгө оруулагч гэрээ байгуулдаггүй. Анх Нобелийн шагналт Т.Саржент “Төв банк инфляци нам байлгана гэж амлачихаад түүнд нь итгэсэн бизнесүүд цалин, үнээ өсгөхгүй болсны дараа мөнгөний нийлүүлэлтээ нэмэх гэдэг нь мөнгөний бодлогын инфляци барих чадварыг сүйтгэдгийг тайлбарлан нэрлэсэн энэ үзэгдлийн шийдвэр нь “өөрөө гараа уях” буюу туйлбартай байхаас өөр аргагүй механизм олоход оршдог”.
- Ямар ч бизнес, арилжаанд оролцогч талуудын ашиг хонжоо нь хэн хэнийгээ илүү монжиж чадахаар биш, өөрсдийнх нь анхдагч өртөг үнэлгээ нь зах зээлийн (буюу гэрээнд тохирсон) үнэлгээнээс хэр ялгаатай байгаагаар тодорхойлогддог. Жишээ нь анх гадаад худалдаа эхлэж байгаа хоёр орны олох ашиг нь тухайн орон гадаад худалдаагүй байсан үеийн дотоод үнэ олон улсын зах зээлийн үнээс хэр нам байснаас хамааран өөр өөр байдаг. Тэгвэл шаардлагатай технологи, хөрөнгөгүй буурай орны хувьд байгалийн орд нь олж илрүүлж олзворлох асар их зардал шаардсан буюу хасах үнэлгээтэй үхмэл хөрөнгө байдаг ба нарийн мэргэжлийн технологи, санхүү босгож төсөл хэрэгжүүлэх чадвар нь олон улсын цөөн том компанид төвлөрсөн байдаг. Ийм компани тухайн ордыг эдийн засгийн хувьд ашигтайгаар олзворлох бололцоо бүрдсэн нөхцөлд баялаг эргэлтэнд орж, тухайн орон “алтан дээр сандайлсан гуйлгачин” байхаа больж, хөгжлийн шат ахих бололцоо бүрддэг. Уул уурхайн гадаад хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх гол чиглэл нь эдийн засгийн бусад салбартай холбох, орж ирж байгаа дэлхийн түвшний технологи, бизнесийн арга барил, ур чадварыг нутагшуулах, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэг байдаг. Жишээ нь бүтээгдэхүүн гарахтай уралдаж төмөр замаа тавих, цахилгаан станцаа барих, орж ирж байгаа их орлогод дулдуйдаж санхүүгийн зах зээл, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нь бидний нэн тэргүүний хийх ёстой ажлууд юм.
- Байгалийн баялаг олзворлох нь гадаад дотоод хэнээр ч хийлгэсэн үр дүн адилхан, эдийн засгийн (Hotelling нотолсон) онолын үүднээс бол олон улсын зах зээлийн үнэ наад зах нь мөнгө үржих хүүгийн түвшнээс илүү хурдан өсөхгүй л байгаа бол аль болох түргэн ашиглах хэрэгтэй, хугацаа алдах тусам алдагдсан боломжийн өртөг нь өндөрсөж байдаг. Энэ үүднээс бол, нэгэнт байгуулсан гэрээтэй маргаж Оюу толгойн үйл ажиллагааг удаашруулсан хохирол нь гэрээ өөрчилснөөр олох ашгаас хавьгүй илүү төдийгүй, Таван толгой шиг үнэ нь цаашдаа улам унах нүүрсний ордын тухайд удаашруулж саатуулсан өдөр бүр асар их алдагдал, хохирол болж байна.
- Оюу толгой шиг баялаг олон жилийн томоохон хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн хувьд ашигтай бүтээгдэхүүн болдог. Орлого нь ирээдүйд өөрчлөгдөж таарах олон хүчин зүйлээс хамааралтай тул санхүүжилт босгохдоо хамгийн харьцангуй өөдрөг төсөөлөл тооцоо хийж, тэр нь цаг өнгөрөх тусам эрсдэл тодорч бодитой болж байдаг. Туйлын үнэн дүн нь зөвхөн уурхай хаах, байгаль сэргээх зэрэг эцсийн зардлууд дууссаны дараа л үлдэх цэвэр ашиг болж тодорно. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлд аль болох бага сөрөг нөлөөтэйгээр баялагаа ашиглаж байгаа оронд урьдчилан тогтвортой ашиг хүртээх нь гэрээний нэг гол зорилго байдаг. Хэрэв нийт төслийн тооцоо үнэн байх өндөр итгэлтэй бол тэр үнээр нь хөрөнгө оруулагчид шууд зарж, бүх эрсдлээ шилжүүлэх нь хамгийн ашигтай хувилбар байдаг. Жишээ нь, нефтийн салбарт 1960-аад он дуустал “risk service contract” буюу эрсдлийн үйлчилгээний гэрээ нэртэй яг тийм арга зонхилж байв.
- Орчин үед уул уурхайн салбарт баялагтай оронд ашиг түрүүлж хуваарилах гол арга нь үйлдвэрлэлийн хэмжээнд үндэслэсэн “royalty” буюу эрдсийн төлбөр, ашигт үндэслэсэн компанийн татвар, хэвийн ашгаас давсан рентнээс хүртэхийн тулд олон улсын үнийн өсөлттэй холбосон хэт ашгийн татвар байдаг. Роялти хамгийн эрт эхэлдэг, илүү баталгаатай орлого боловч хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өргөжилтөд сөрөг нөлөөтэй учир аль болох нам түвшинд, компанийн татвар зах зээлийн гажуудал үүсгэхгүйн тулд бусад салбарынхтай ойролцоо түвшинд тогтоодог. Монголд мөн энэ хэлбэрүүдийг ашиглаж байгаа. Харин “equity” буюу дивиденд хүртэх өмчийн эрх авах нь улс төржилт, баялагийн үндсэрхэлтийг сааруулахад чиглэсэн, эдийн засгийн үүднээс бол ихэнх тохиолдолд ашиг олохоосоо илүү хохирол амсах эрсдэлтэй хэлбэрт тооцогддог. Өмчийн эрхээ нэмэгдүүлэх гэснээсээ болоод ашгаа алдаж, зээлийн өрөнд орсон Нигери зэрэг орны гашуун туршлага байдаг. Баялагийн эзэн гэж байгаад үнэгүй авлаа ч гэсэн төслийн хувьд энэ бол дивидендэд ногдуулах татвартай л адил зүйл бөгөөд амжилттай өргөжиж байгаа компанийн хувьд ашгаа дахин хөрөнгө оруулалтад зарах нь дивиденд хуваарилах буюу зээл авахаас илүү ашигтай байдаг. Тийм учраас гэрээгээ сайжруулж өмчийн эрхийг нэмэгдүүлнэ гэдэг нь харин ч ирээдүйн алдагдлыг илүү хүлээх эрсдэл нэмэх аюултай.
- Уул уурхайн төслөөс тухайн орон хүртэх ашгийн хэмжээ нь төслийн бүхий л үе шатанд гарсан зардал орлогын нийлбэр “Net cash flow” –ийн хэдэн хувь болж байгаагаар хэмжигдэх бөгөөд монголын хувьд энэ харьцаа бусад орны дундажтай ойролцоо, хөгжиж байгаа орнууд дотроо харьцангуй сайн байгааг НҮБ-ын Ази Номхон Далайн комисст ажиллаж байгаа Г.Уянгын саяхан гарсан номонд дурдсан байна. (78-р хуудас)Энэ нь байгуулсан гэрээ хэрэгжиж дөнгөж эхний үр дүн гарангуут шүүмжилж бужигнуулах биш, гэрээнд хүлээсэн үүргээ хугацаа сааталгүй хариуцлагатай биелүүлэх замаар нийт төслийн үр өгөөжийг хамгаалан арвижуулах нь илүү чухлыг харуулж байна.
- Олон улсын компани ажил үйлчилгээний гэрээнүүдийнхээ үнээр дамжуулан аль татвар багатай оронд ашгаа шилжүүлэх бололцоо ихтэй, түүнийг нь хянах гэсэн орнууд орлогоо алдаад байдаг. Ийм учраас НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Санхүүжилтийн газраас хөгжиж байгаа орнуудад зориулан 2011 онд Хөгжилтэй оронтой байгуулах татварын гэрээний модел, 2012 онд Үнэ шилжүүлэхтэй тэмцэх аргачлалын удирдамж гаргасан ба одоо удахгүй Олзворлох салбарын татварын тухай гарын авлага гаргах гэж байна. Мөн ОУВС-ийн сургалтын институт байгалийн баялагийг яаж ашиглах талаар хоёр сарын нийтэд зориулсан үнэгүй онлайн сургалтхоёр долоо хоногийн өмнө эхэллээ. Эдгээрийг манай улс төрчид, олон нийт сонирхмоор, ялангуяа ОУВС-тай хамтран бусад оронд хийдэг дээрх сургалтыг Оюу толгойн жишээн дээр монголд зохион байгуулах хэрэгтэй санагдлаа.
Зочин
Зочин
Б.Давааням
Зочин
Зочин
Зочин
Нара
Mongoloo
Зочин
Бат
Зочин
Зочин