УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа. Тэрээр хямралын эсрэг Засгийн газрын төлөвлөгөөг иж бүрэн бус, гадныхныг хэт шүтсэн, мөнгө олж ирээд зүгээр л элсэнд асгасан ус шиг үр дүнгүй хөрөнгө оруулалт хийх нь гэж  шүүмжиллээ.  Тиймээс тэрээр хэсэг нөхдийн хамт хямралын эсрэг төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнийгээ албан ёсны шийдвэр болгох, Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулахын тулд өнөөдрөөс идэвхтэй ажиллах юм байна. Н.Батбаяр гишүүн “Гадна, дотноос мөнгө олж болно оо, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулах схемээ эхлээд зөв томъёолох хэрэгтэй. Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг яаралтай  хийж, тэр нь инфляцийг хөөрөгддөггүй тогтолцоог бүрдүүлмээр байна.   Гадныхны барьцаанд орж, олдох олдохгүй нь мэдэгдэхгүй мөнгө хайж цаг хугацаа алдсанаас эхлээд дотоод боломжоо ашиглаж, айлаас эрэхээр авдраа уудалмаар байна” гэж хямралынг эсрэг өөөрийнхөө төлөвлөгөөг тодотгов.

 

-Та хямралын эсрэг Засгийн газрын төлөвлөгөөг Австралийн хуулбар гэсэн байна лээ?

-Тэгсэн,  Австралийн хямралаас гарах төлөвлөгөөний хуулбар байна лээ. Сангийн сайд С.Баярцогт   ч тийм гэдгээ  хэлсэн.

-Улс орныг хямралаас гаргаж чадаж л байвал хуулбар нь чухал  биш шүү дээ?

-Улс орнууд бүгдээрээ адилхан хямарч байгаа ч, шалтгаан нь өөр өөр. Тухайн орны эдийн засгийн орчин, нөхцөл байдал, хөгжлийн төвшингөөс шалтгаалж байгаа. Австралийн хувьд эдийн засаг нь  хөөсөрч яваад  одоо борлуулалтгүй болчихсон. Манайд борлуулалтгүй болчихоогүй. Харин ч бүх юм хэрэгтэй байна. Манайд мөнгөний хомсодлоос болж хямарч  байна. Мөнгөтэй хүн байхгүй боллоо. Хувь хүн, компани, банк, бүр засаг ч мөнгөгүй боллоо.  Хямарсан  шалтгаанаа зөв  олсон, тэрхүү шалтгаандаа тохирч л байвал С.Баярын Засгийн газрын хувилбар байна уу, Австралийн хуулбар байна уу, хамаагүй. Гол нь өвчнийхөө оношийг зөв тогтоож, түүндээ таарсан эмчилгээг дэс дараатай хийж байж л үр дүнд хүрнэ.  

-Шалтгаан нь өөр ч, онош ижил бол, эмчилгээ адилхан байдаг юм биш үү?

-Австралийн нөхцөл байдал өөр. Тэнд мөнгө байгаа ч, үйлдвэрүүд нь захиалгагүй болоод зогсчихсон.  Үйлдвэрүүдээ ажилтай, иргэдээ цалинтай  байлгахын тулд улсаас нь захиалга өгч ажил хийлгүүлэх гэж байгаа. Манайд бол хүмүүс ажил хиймээр байна. Ганцхан мөнгө нь алга. Эндээс Австрали, Монгол хоёрын хооронд тэмээ ямаа шиг ялгаа гарч байгаа биз. Би хэлсэн л дээ, Австрали, Монгол хоёрын нөхцөл нь Галсан мээрэнгийн авгай гэдэг чинь шал хөгшин чавганц гэдэгтэй адилхан хоёр өөр юм байхгүй юу гэж. Австрали бол хоолондоо пологдсон хүний өвчин. Манайх бол өлсгөлөнд нэрвэгдсэн айлын өвчин.

-Гадуур яагаад  мөнгөгүй болчихов оо. Өмнөх жилүүдэд  байсан их мөнгө хаачив аа?

-Энэ бол Монголбанкнаас явуулсан мөнгөний  буруу бодлогын гай. Манайд болж байгаа  хямралын үндсэн шалтгаан нь дэлхийн зах зээлийн нөлөөллөөс гадна дотоодын мөнгөний буруу бодлогоос үүдэлтэй. Бид хямралын дохио өгч байгаа эдийн засгийнхаа нуухыг авах гээд нүдийг нь сохолчихоод сууж байна. Монголбанкны хуучин ерөнхийлөгч энийгээ ч мэдсэн байх,  өргөдлөө өгөөд алга болж өглөө. Мэдээж, дэлхийн зах зээлийн орчин нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. Гэхдээ зөвхөн үнэ ханшаар л нөлөөлсөн. Энэ нөлөөлөл нь зэс, нефтийн үнийн бууралтаар мэдрэгдсэн. Гэхдээ зэсээс орж ирдэг  орлого, нефтэнд гарч байгаа зарлага хоёр жилийн жилд ойролцоо, тэнцвэртэй явдаг.  Өнгөрсөн жил л гэхэд аль аль нь ойролцоогоор 850 сая орчим ам.доллар байсан. Энэ тэнцвэр нь манай эдийн засгагт  тоон утгаараа өсөлт бууралт гэж  мэдрэгдэхээс бус, агуулгын хувьд нэг их хүндрэл авчирдаггүй. Хэрвээ зэсийн үнэ буураад нефтийн үнэ өсч байсан бол Монголд жинхэнэ хямрал болох байсан. Ер нь энэ хямрал бол хөөсөн эдийн засаг нь бодит нөхцөл дээр бууж ирж байгаа байхгүй юу.  Жишээ нь зэсийн үнэ 8000 ам.доллар хүрч байхад зэсийн өөрийн өртөг 1000 ам.доллараас хэтэрдэггүй. Зөрүү зургаа, долоо мянган ам.доллар нь  хөөс л байсан байхгүй юу. Өнөөдөр зэсийн үнэ 3200 ам.доллар байна гэдэг нь бидний хувьд сайн үнэ.  Эдийн засаг жинхэнэ  унаж байх үед зэсийн үнэ 1500 ам.доллар л байсан. Тэрэнтэй харьцуулахад “Эрдэнэт” өнөөдөр алдагдалд ороод байх нөхцөл шалтгаангүй. Гэтэл  алдагдалтай ажиллаж байгаа нь хямрал гэхээсээ илүү менежментийн л алдаа.

 - Харин ч Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг багасган 30 гараад байсан инфляцийн хувийг бууруулж зөв бодлого барьсан юм биш үү?

 -2007 оны сүүлээс эхлээд 2008 оны турш инфляц явсан. Монголбанкны  өмнөх ерөнхийлөгч инфляцийн өсөлтийг мөнгөний нийлүүлэлт ихэссэнээс боллоо гэж дүгнэсэн. Тэгээд мөнгөний нийлүүлэлтээ бууруулах бодлого барьсан. Энэ бодлогынхоо хүрээнд арилжааны банкуудын зээлийг хязгаарласан. Энэ нь мөнгөний хомсдолыг бий болгох суурь шалтгаан болсон. Арилжааны банкуудын зээл багассанаар иргэдийн банкинд итгэх итгэл суларч хүмүүс аажмаар мөнгө татсан. Мөнгөө татсанаар үндэсний валютдаа итгэх итгэл буурч, долларыг шүтэж эхэлсэн. Тэгэнгүүт төгрөгийн ханшийг унагаахгүй, долларын  ханшийг барина   гээд Монголбанк ихээхэн хэмжээний интервенц хийсэн. Гэтэл интервенц хийсэн доллар нь Монголын зах зээлээс гадагшаа гараад явчихсан. Доллар бол аль ч улсад хөрвөж болдог гадаад валют. Төгрөг бол зөвхөн Монголдоо л байх үндэсний валют. Ингээд валютынхаа нөөцийн нэлээдийг  тавиад туучихсан.

-Хэдий хэмжээний доллар алдсан юм бол ?

-1.2 тэрбум долларын нөөцтэй байснаа оны эцэст 600 сая боллоо гэж байсан.  Ихэнхийг нь интервенцээр гаргаж, багахан  хэсэгт  нь  гаднынхан манайхаас мөнгөө татчихсан. Долларын ханш савлаад эхлэнгүүт инфляц болох нь гээд гаднынхан  мөнгөө татчихаж байгаа юм.

-Тэгвэл мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр  инфляц өслөө, инфляц өссөнөөр хямрал боллоо гэдэг нь худлаа юу?

-2008 онд мөнгөний өсөлт 2007 оныхоос өсөөгүй. Бүр хорогдсон. 2007 оны эцэст байсан нийт мөнгө 2008 оны төгсгөлд  буурчихсан.  Энэ бууралт Монгол Улсыг зах зээлд орсноос хойшхи анх удаагийн  тохиолдол. Урьд  нь мөнгөний нийлүүлэлт жилд тогтмол 30-50 хувийн өсөлттэй гардаг байсан. Мөнгөний нийлүүлэлтийн  50 хувийн өсөлттэй жилүүдэд инфляц нэг оронтой тоотой явсан. Харин өнгөрсөн жил мөнгөний нийлүүлэлтээ багасгаад байхад л  инфляц 22 хувьтай гарсан. Сүүлийн арван жилд инфляц ийм өндөр хэмжээнд очоогүй. Энэ бол инфляц мөнгөний нийлүүлэлтээс болоогүйг нотлох үзүүлэлт бөгөөд Монголбанкны мөнгөний бодлого буруу байсны нотолгоо. Мөнгөний нийлүүлэлтийг багасгаж  инфляцийг өсгөснөөр иргэдийг худалдан авах чадваргүй болгож Монголд эдийн засгийн хямралын эхийг тавьсан. Мөнгөний нийлүүлэлтийг багасгаж  зээлийг хязгаарласан бодлогоор  хэвийн явж байсан бизнесийг зогсооосон. Цоргоноос ус гоожиж байхад крантыг хаачихвал ус гоожихоо болино оо доо. Үүнтэй адил бизнесийн хэвийн үйл ажиллагааны горимыг гэнэт зогсоочихсон. Үр дүнд нь өнөөдөр нийтээрээ  мөнгөгүй, дуусаагүй баахан  барилгын карказтай, зарагддаггүй барааны үлдэгдэлтэй, иргэд нь худалдан авах чадваргүй болчихоод байна.

-Хямрал бас хавтгайрсан халамжаас боллоо гэж байна?

-Халамжаас боллоо гэдэг харьцангуй ойлголт. Урьд орж ирсэн мөнгөө баялаг бүтээдэг салбарт илүү зарцуулах ёстой байсан гэдэг нь үнэн. Халамжаас татгалзах  юм бий. Халамж их нь их. Өнөөдрийн байдлаар 14 төрлийн халамж үзүүлдэг.  2000 онд халамжинд нийтдээ 13 тэрбум төгрөг зарцуулж байсан.  2009 онд  274 тэрбум буюу 2000 оныхоос  хорь дахин их мөнгө зарцуулж байна. 2000 онд 234 мянган хүн ямар нэгэн халамжийн үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл одоо давхардсан  тоогоор 2.7 сая хүн халамжийн үйлчилгээ авч байна.    Гэхдээ би халамжийг өөр нүдээр хардаг. Халамжийн хамгийн сул тал нь хүмүүсийг ажил хийх сонирхолгүй болгодогт л байгаа юм. Халамжаас гадна  урсгал зардлууд их байна.  Халамж бол хямралын үндсэн шалтгаануудын нэг биш, харин дайвар шалтгаан байж болно

-Тэгвэл зөвхөн мөнгөний хомсдлоос болсон хямралыг  мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж эмчлэх  хэрэгтэй юм байна, тийм үү?

-Тэгнэ, мөнгөний нийлүүлэлтийг л нэмэгдүүлэх ёстой. Засгийн газар хямралын эсрэг  төлөвлөөгөө гэж дангаараа асуудал оруулж ирлээ. Гэтэл тэнд нь мөнгөний бодлогын тухай  байхгүй. Олон түмний хамгийн их санаа зовж байгаа төгрөгийн үнэгүйдэл, валютын ханшийн өсөлтийг яаж барих зогсоох тухай ерөөсөө алга.  Бид дээгүүрээ энд яриад л байдаг, доогуураа тэнд  иргэдийн гар дээрх төгрөг үнэгүйдэж долларын ханш  өсөөд л байвал юуных нь хямралаас гарах төлөвлөгөө байдаг юм, тийм биз дээ. Жинхэнэ амьдрал Төрийн ордон, яамд дотор биш, зах дээр ард түмний дунд л байдаг байхгүй юу. Албан тасалгааны цонхны цаана л амьдрал байдаг. Зүй нь Засгийн газар, Монголбанк хоёр хамтарч Төрийн ордны гадаа байгаа амьдралыг л хямралаас гаргах хөтөлбөр  оруулж ирэх байсан юм. Гэтэл мөнгөний бодлогын тухай  байхгүй.  Засгийн газын төсөл нь болохоор зүгээр л хөрөнгө оруулалтын жагсаалт байна лээ. Их сонин, өнгөрсөн намар бид төсөв хэлэлцэж баталсан. Тэр үед хөрөнгө оруулалт хэрэггүй гээд хассан. Тэгчихээд  хямралтай үедээ баахан хөрөнгө оруулатын жагсаалт оруулаад ирж байгаа юм.

-Ер нь бол ажил хийж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж хямралаас гарна гэдэг  зөв юм биш үү?  

-Зөв өө. Буруу юм байхгүй.  Гэхдээ эдгээр ажлыг гүйцэтгэх эх үүсвэрээ гаднаас олно гэсэн байгаа юм. Юу гэсэн үг вэ. Засгийн газар нь ийм байр суурь илэрхийлнэ гэдэг маань Монгол Улс дампуурчихаж, хэрэв гаднаас юм олж ирэхгүй л бол энэ улс өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй болжээ гэсэнтэй  адил сонсогдож байна. Манайх чинь тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Монголчууд бол түүхэндээ өлсч үзээгүй ард түмэн. Газар нутаг, байгалийн баялаг, хэдэн малынхаа буянд цаашид ч өлсөхгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ, айлаас эрэхээр авдраа уудал гэдэг философитой ард түмэн өөрсдийнхөө боломжийг ашиглахаас өмнө “таминь ээ биднийг авраарай” гэж явна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хүнд байгаа нь үнэн. Үнэхээр гаднаас мөнгө олоод ирвэл сайн л байна. Гэхдээ хүнд гээд өөртөө байгаа боломжоо боомилоод, Засгийн газар гаднаас мөнгө олж ирнэ гээд гараа хумхиад суугаад байх юм уу, бид. Үгүй шүү дээ. Ажил хийж амаа тосдох, ард нийтээрээ дотоодынхоо хүчээр энэ хямралын цаана гарах боломж байна. Түүнийгээ эхлээд ашиглая.  Гадныхан биднийг аврахгүй ээ, жаргаах гэж ч явахгүй.. Эцсийн эцэст улс орныхоо хувь заяаг гаднынханд даатгаж болохгүй. Улс бол айл гэртэй адил . Жишээ нь чи, би өөрийнхөө гэр бүлийн амьдралыг хэн нэгэнд даатгаад явна гэж юу байдаг юм. Болохгүй биз дээ.

-Төсөв алдагдалтай үед мөнгөний  нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл инфляц өснө. Импортын хэмжээ ийм их үед мөнгөний нийлүүлэлт хийвэл валютын ханшийг улам хөөргөж эдийн засгаа аврах биш, харин ч хөмөрнө гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ярьсан. ?

-Пүрэвдорж, та хоёрын ярилцлагыг уншсаан. Пүрэвдоржийн тэгж хэлсэн  нь нэг талаасаа зөв. Гэтэл аливаа юм эсрэг тэсрэгийн нэгдэл дээр оршин тогтнодог. Амьдрал ч гэсэн. Хүн амьдралын алтан дундажийг олж амьдрахыг хичээдэг. Энэн шиг Монголбанк алтан дундажийг л барьж ажиллах ёстой. Монголбанк хоёр үндсэн үүрэгтэй. Нэгд, инфляцийг  барих, хоёрт мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих. Бүх орны Төв банк ийм үүрэгтэй. Инфляцийг барина, тэгсэн мөртлөө эдийн засгаа дэмжинэ  гэдэг нь эсрэг тэсрэг хоёр юм. Монголбанк энэ хоёрын алтан дундажийг л барьж ажиллах ёстой юм.  Жишээ нь, Америкийн эдийн засгийг дээш доош нь хөдөлгөж байдаг хоёр юм  нь  инфляц, нөгөө нь ажилгүйдэл. Энэ хоёр бол эдийн засгийн эсрэг тэсрэг үзүүлэлт. Америкийн Төв банк энэ хоёрын голч, дундажийг олж л инфляцаа ч барьдаг, эдийн засгаа ч дэмждэг.

-Инфляцаа  өсгөхгүйгээр эдийн засгаа мөнгөний нийлүүлэлтээр  дэмжих арга байна  уу, тэгээд?

-Байлгүй яах вэ. Минийхээр нэн түрүүнд  дөрвөн юмыг хиймээр байна. Нэгдүгээрт зардлаа багасгах. Үүний тулд төсвийн тодолтголыг  маш яаралтай хийх ёстой. Хоёрдугаарт, төсвийн үр ашгийг нэмэгдүүлье. Гуравдугаарт дотоод эх үүсвэр, боломжоо эрчимтэй ашиглах. Дөрөвдүгээрт, гаднаас хөрөнгө оруулалт босгох.. Гэтэл  УИХ-аар хэлэлцүүлж байгаа Засгийн газрын төсөлд эхний гурав нь байхгүй. Шууд дөрөвдэхөөс нь эхэлсэн байгаа юм.   

-Таныхаар бол Засгийн газрын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээс өмнө сая хэлсэн гурван зүйлийг хийх ёстой юм байна. Засгийн газар харин ч  хөрөнгө оруулалтаа нэмж байгаа тохиолдол зардлаа хасч, хэмнэсний үр дүн гэж гарах уу?

-Миний саяын хэлдэг дөрвөн зүйл бол дараалж хийх төлөвлөгөө биш. Дөрвүүлэнг нь хамт,  зэрэгцүүлж хийх ёстой.  Эхний ээлжинд бүсээ чангалж зардлаа хэмнэх. Гадуур ярьж байна. Хямрал болж ресторанд ордог нь гуанзанд, гуанзанд ордог нь гэртээ хоолоо иддэг болсон гэж. Зөв шүү дээ, төр ч гэсэн ийм хэмнэлт хийх ёстой. Жишээ нь сэтгүүлчид та нар цагаан цаасан дээр бичдэг байсан бол бор цаасан дээр бич, төрийн байгууллагууд бичгийн цаасыг ар өвөргүй хоёр талаар нь ашигладаг бол л доо. Гишүүдийн зүгээс асуудал тавьсан. Засгийн газар нааштай хүлээж авч, ирэх долоо хоногоос төсвийн тодтголыг өргөн барих юмшиг байна.

Тодотголоор төсвийн зарцуулж байгаа нэг төгрөг бүрийн үр өгөөжийг сайжруулмаар байна. Үүний тулд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар зардлаа хэмнэх бололцоо байвч, түүнийг ашиглахыг хүсдэггүй. Яагаад гэвэл хэрэв зардлаа хэмнэчихвэл дараа жил Сангийн яам зардлыг нь хэмнэсэн байдлаар төсөвлөчихдөг. Өөрөөр хэлбэл, зараад бай, зараад бай, зарсныхаа хэмжээгээр ирэх жилийн төсвийнхөө хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн зарчим үйлчилдэг.  Тийм учраас төсвийн байгууллагууд аль болох үрэлгэн байж, тэр хэмжээгээр төсвөө батлуулж авах сонирхолтой байдаг. Энийг өрчилж, аль байгууллага хаана хэмнэлттэй ажиллаж байна, тэр нь төсвийн урамшуулал авдаг тогтолцоонд шилжмээр байна. Үргүй зардлыг хэмнэж, хэмнэсэн зардлаа аль болох өгөөжтэй зарцуулдаг тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Ингэснээр төсвөө зөв, хэмнэлттэй зарцуулах сонирхлыг бий болгож чадна.

Хөрөнгө оруулалтыг нэмж байхад зардал хэмнэсний үр дүн гарах уу гэж чи зөв асуулаа.  Энэ их чухал. Одоо бол тендер зарладаг, нэг компани шалгардаг, Шалгараад урьдчилгаа авдаг.  Чанаргүй, дутуу гүйцэтгэлтэй хөрөнгө оруулалтын бодлого явж байгаа.  Тендерт шалгарахын тулд хамгийн бага үнэ, богино хугацаа хэлдэг. Бидэнд хямд үнэтэй чанаргүй зүйл хэрэгтэй юү, эсвэл  өндөр чанартай, түүндээ таарсан үнэлгээтэй хөрөнгө оруулалт хэрэгтэй юү гэдгийг бодох цаг болсон. Урьдчилгаа мөнгөө авч байж  ажлаа эхэлдгийг больж,  ажлаа хийж байж чанар, гүйцэтгэлдээ таарсан  мөнгөө дараа нь авдаг тогтолцоонд шилжмээр байна.  Мөнгө-ажил гэсэн одоогийн зарчмаа  ажил-мөнгө  гэдэг схемд шилжүүлмээр байна. Урьдчилгаа мөнгө өгч хийдэг төсвийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлөөр гүйцэтгэдэг болно оо л гэсэн үг. Байгаа мөнгөний хэмжээгээр санхүүжилт хийх биш, хийсэн ажлын  чанар, обьёмоор санхүүжилт хийдэг болох хэрэгтэй. Хэрэв ийм схемд шилжвэл  компаниуд өөрийнхөө хөрөнгөөр хийж байгаа учраас үр ашгаа дээшлүүлнэ, үр дүн,  гүйцэтгэлээр дараа нь  төсвөө авах учраас чанартай гүйцэтгэнэ. Чанаргүй муу хийчихвэл төсвийн санхүүжилт тухайн компанид олдохгүй учраас хийж байгаа бүтээн байгуулалтдаа  эзний сэтгэлгээгээр ханддаг болно.  Мөнгөө зөв зарцуулах аргаа  олно. Энэ бүхний үр дүнд компаниуд ажилтай, иргэд орлоготой болно.  Хэн ажил хийнэ түүнд санхүүжилт олох  бололцоо бүрдэнэ. Тэгэхээр чиний амьдрал чамаас өөрөс чинь хамаарах болж байгаа байхгүй юу.  Ажилтай байхад амьдралтай, тийм үү.   

-Мөнгөтэй учраас гэж үү?

-Ер нь мөнгө өөрөө баялаг биш шүү дээ. Баялаг нь бий болж байж, мөнгөөр илэрхийлэгддэг юм.  Тийм учраас тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хувьд мөнгөгүйдэнэ гэдэг асуудал байж таарахгүй. Гагцхүү  төр засаг нь зөв бодлого явуулж байна уу үгүй юү, иргэд нь ажил хийх хүсэлтэй байна уу, хийсэн ажлынх нь чанар ямар байна вэ гэдгээр илэрхийлэгддэг. Ядуурал гэж ярьдагаа одоо бид болимоор байна. Зах зээлийн системтэй оронд эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлт бол ажилгүйдэл. Ажилтай бол амьдралтай. Энэ утгаараа хүн бүрийг ажлын байраар хангах, тухайн хүн сайн ажиллабал тэр хэмээгээрээ өндөр цалин авах тогтолцоог л бий болгож өгөх ёстой.  -Өөрийнхөө мөнгөөр ажил хийнэ гэхээр мөнгөтэй нь ч байна, чадавартай мөртлөө мөнгөгүй компаниуд ч  бий?

-Тухайн захиалгыг чанартай  хийх чадвар  нь мөнгөтэй юү, мөнгөгүй юү гэдгээс илүү чухал.  Менежмент, боловсон хүчний чадавхи, материаллаг бааз гурваар тухайн аж ахуйн нэгжийн чадавхи тодорхойлогдоно.  Компани бүрийн чадал, хэмжээ өөр өөр нь үнэн. Мөнгө бол хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь энэ ажлыг хийх боловсон хүчин, менежмент, материаллаг бааз тухайн компанид байна уу үгүй гэдэг нь л чухал. Энэ гурав нь байгаад тухайн ажлыг хийхэд өөрийнх нь мөнгө хүрэхгүй бол Засгийн газартай байгуулсан гэрээгээ барьцаалаад арилжааны банкнаас зээл авч болно. Арилжааны банк нь өгөх зээлгүй бол Монголбанкинд хүсэлт тавина. Энэ мэт гинжин холбоо нь эцсийн дүндээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх л нэг арга  юм.

-Түрүүн асуусан даа,  хэрэв мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэвэл инфляц өснө гээд байгаа?

-Хэрвээ хийсэн ажил, гарсан мөнгө хоёр уялдаж тэнцвэржиж байвал инфляц үүсэхгүй. Гагцхүү мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ нь хийсэн ажлаасаа илүү байвал л инфляц үүсдэг.  Урьд нь бид урьдчилгаа өгчихөөд дараа нь  ажлаа нэхдэг байсан. Жишээ нь 2008 онд 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж дүгнэдэг. Үнэн хэрэгтээ бараг дөчин хувь нь хийгдээгүй.  Дөчин хувь гэдэг маань 200 орчим тэрбум төгрөг. Тэгсэн мөртлөө тендерт шалгарсан хүмүүс нь энэ 200 тэрбум төгрөгөө бүгд урьдчилаад  авчихсан .  2007 онд хийсэн гэж  мөнгөө авчихсан мөртлөө 2008 онд хийгдээгүй ажил байж л байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтээр гарсан 200 орчим тэрбум төгрөгбол  ажил болоогүй гэсэн үг. Үнэ л хөөрөгдсөн. Одоо энэ схемээ өөрчилье. Эхлээд ажлаа нэхэж хийлгээд дараа нь мөнгийг нь өгдөг схемд шилжих  хэрэгтэй байна. Хэрэв ингэвэл нийлүүлэлтээр гарсан мөнгө бүр л ажил болоод байх ёстой юм. Нийлүүлэлтээр гарсан мөнгө, хийсэн ажил хоёр тэнцвэржиж байгаа тохиолдолд инфляц үүсэхгүй.

-Ажил-мөнгө гэсэн схемд шилжлээ гэж бодъё. Гэтэл хийх ажил нь байвч, түүнийг санхүүжүүлэх мөнгө нь байхгүй юм биш үү, одоо?.

-Монгол бол тусгаар тогтносон улс. Тусгаар тогносон улсын давуу тал нь хууль гаргах, өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй байх эрхтэй. Энэ давуу талаа ашиглах ёстой. Тусгаар тогтносон улсын үндэсний валют бол хязгааргүй зүйл. Хамгийн гол нь ажилла. Ажиллаад л байвал мөнгийг нийлүүлээд байж болно. Ер нь мөнгө олох нь нэгдүгээр асуудал биш. Дотоодын эх үүсвэрээс олсон ч бай, гаднаас олж ирсэн ч бай тэр мөнгийг яаж ашиглах нь хамгийн чухал. Одоогийнх шиг элс рүү ус асгаж байгаа юмшиг алга болчихвол хямралаас гарсан ч юмгүй улс орноороо гаднын хараанд орох аюултай. Бэлэн мөнгө авах бол сайхан, Тэр мөнгийг хэзэн нэгэн цагт төлнө шүү дээ. Төлөх хэцүү гэдгийг бодох ёстой. Хэрвээ ажил-мөнгө гэдэг схемээр явбал уг мөнгө эрүүл эдийн засагт очно.  Гэтэл Засгийн газрын төслөөр бол  өвчилсөн эдийн засгаа эмчлэхгүйгээр, ёроолгүй сав руу хөрөнгө  оруулалт нэрээр мөнгө хийх гэж байна. Тийм учраас л  Засгийн газрын хөтөлбөр  иж бүрэн биш байна гэж бидний нөхөд үзээд байгаа юм.

-Ер нь хэдийн хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийж байж эдийн засаг хэвийн горимдоо орох вэ?

 -Багаар бодоход нэг  их наяд төгрөгөөр нэмэгдүүл гэж Монголбанкныханд хэлмээр байна. Үүний тулд Монголбанк эхлээд хүүгээ бууруулах ёстой. Монголбанкны хүү 9.74 байгаа. Энийг нэг хувь болгож бууруулах хэрэгтэй.  Монголбанкны хүү өндөр байна. Дэлхийн бусад улсын Төвбанкны хүү үндсэндээ 0-тэй ойролцоо болчихсон.  Зах зээлээс мөнгө татах шаардлагатай бол хүү өндөр, зах зээлд мөнгө нийлүүлэх бол хүү бага байдаг.  Хүү бага байж л зээл авна. Мөнгөний нийлүүлэлтийг мэдээж төсөвтэйгөө уяж, төсвийн тодотголтой хамт оруулж ирэх ёстой.  Төсөвтэй уяхдаа  эхлээд ажил, дараа нь мөнгө гэдэг схемээр явбал нэмэгдүүлж байгаа мөнгө маань инфляц болчихгүй. Ажлыг санхүүжүүлэх учраас үнэ хөөрөгдөхгүй.  Ажил- мөнгө гэдэг схем бол мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгаа дэмжсэн  мөртлөө ифляцийг өсгөхгүй байх давхар боломж юм.

-Зөвхөн ажлыг санхүүжүүлж л мөнгөний нийлүүлэлтийг нэмэх үү. Өөр боломж бий юү?

-Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг гурван арга байдаг. Нэгд, Монголбанк алт худалдаж авбал алтны өөдөөс төгрөгөө гаргана.  Валют худалдаж авбал оронд нь төгрөг гаргаж байгаа. Гуравдахь нь бичилт хийх буюу бидний нэрлэдгээр төгрөг хэвлэж нийлүүлдэг. Гуравдахь нь сайн арга биш.  Эхний хоёр нь чухал. Тэгэхээр бид алт, доллар яаж олохоо бодох ёстой.  Хямралын үед хамгийн их үнэ хүрдэг баялаг бол алт. Одоо бараг 900 ам.доллар байгаа. Энэ ондоо 1000 ам.доллар гарчих байх.  Тийм учраас алтны компаниудаа дэмжиж алт олборлолтоо нэмэгдүүлэх  хэрэгтэй. Үүний тулд Гэнэтийн ашгийн татвараас алтны 68 хувийг тэглэх ёстой. Нэг тонн алтны дэлхийн зах зээлийн үнэ 850 ам.доллараас дээш байвал 68 хувийн татвар авах хуультай.  Дэлхийн зах зээлийн үнэ 900 гарчихсан учраас энэ татварыг авах хэвээр гэсэн үг. Тийм учраас 68 хувийг тэглэж, алт олборлогчдыг  татаврын дарамтгүй болгох ёстой.  Тэр битгий хэл, рояалтын таван хувийг багасгаж 2.5 хувь болгох хэрэгтэй. Ингэснээр алтны олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой. Хариуд нь алтаа Монголбанкинд тушаа, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайн хийхийг маш хатуу шаардах хэрэгтэй.  

-68 хувийн тэглэлээ гээд Монголбанкинд алт тушаалт нэмэгдэх үү?

-Хэрэв ирж тушаахыг нь хүлээгээд суувал нэмэгдэхгүй. Харин Монголбанкинд тушаах сонирхол, боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Жишээ нь, хэрэв Монголбанк хүүгээ нэг хүртэл буруулбал арилжааны банкууд аваад дөрөв хүртэл хувь нэмнэ. Тэгээд таван хувийн хүүтэйгээр алтын компаниудад өгнө. Мэдээж бас л ажил-мөнгө гэсэн зарчмаар зээлээ өгнө. Алтны компаниудын гол хэрэглээ нь дизель түлш. Тийм учраас арилжааны банк, алтны компани, нефтийн компани гэсэн гурвалсан гэрээ байгуулах хэрэгтэй. Тэгээд арилжааны банкууд алтны компанийн нефтийн хэрэгцээний мөнгийг шууд нефтийн компанид нь өгчих. Нефтийн компани нь гадагшаа гэрээ хийгээд нефтээ д шууд алтныханд өгчих. Алтныхан нь олборлосон алтаараа зээлээ төлчихнө. Хэрэв ингэвэл нефтийн нөөц  ч бий болно, үнэ ч өсөхгүй. Энэ бол бас л зардлыг  багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх  арга. Энэ бүхний эцэст алтны олборлолтыг 2009 онд 40 тонн-д хүргээч гэж байгаа юм. 2008 оны экспортын хэмжээ гэвэл 22 тонн байсан.  40 тонн алт гэдэг бол өнөөдрийн ханшаар 1-1.2 тэрбум ам.доллар.   Тэгээд экспорт импортын зөрүү 300 сая ам.доллар дээрээ байна гэвэл бид санаа зоволтгүй болж байгаа юм. Алтнаас зэсийн буурсан орлогынхоо зөрүүг олоод авчихна. Зэсэн дээр уг нь нэг их санаа зовоод байх юм байхгүй. зэсийн үнэ буурч байхад нефтийн үнэ буурч байгаа учраас энэ хоёр бие биеэ нөхөөд явна.

-Долларын ханшийн өсөлтөө яаж барих вэ?

- Манай экспорт импортын зөрүү -1.1 тэрбум ам доллар байгаа.  Яг амьдрал дээр нарийн үзвэл өнгөрсөн жилд л гэхэд 300 сая ам.долларын зөрүүтэй гарч ирж байгаа. Бид өнөөдөр 600 сая ам.долларын нөөцтэй сууж байна. Энэ бол нормальный, зохистой хэмжээ. Энэ нь бидэнд хямралыг давах бололцоо байна гэсэн үг. Нэгдүгээр сарын гадаад худалдааны баланс 42 сая ам.долларын ашигтай гарсан. Ингэж ашигтай гарч байгаа нь ханш өсөх бодитой шалтгаан байхгүйг илтгэж байгаа юм. Гэтэл долларын ханш өсөөд л  байна. Тэгэхээр манайд айдсаас болж долларын ханш өсч байгаа юм. Болохоо байлаа, юмыг яаж мэдэх вэ гэсэн айдас нь валютын ханшийг зохиомлоор өсгөөд байна.   1999-2008 оны хооронд валютын ханш тогтвортой байсан. Есөн жил 1000-1200 төгрөгийн хооронд үндсэндээ тогтвортой байсан. Гэтэл сая, ердөө хоёр гуравхан сарын дотор 20-30 хувь өсчихлөө.  Валютын ханшийн тогтвортой байдал бол иргэдийн бизнесийн таатай орчин болдог.  Зардал бий болгодог биш, орлого төвлөрүүлдэг бизнесийг л дэмжих ёстой. Үүний хүрээнд хамгийн түрүүнд алтны зээл олгомоор байна. Монголбанк алтны зориулалттай зээлийг арилжааны банкуудаар дамжуулж алтны компаниуд өгнө. Компаниуд алтаа Монголбанкинд тушаана. Ингэснээр Монголд долларын ханш тогтворжино.  Дээр нь  долларын зохиомол хэрэгцээг бууруулах ёстой.  Доллар бол  зөвхөн гадаад худалдаанд, эсвэл Монгол Улсын хилийн гадна л л хэрэглэх ёстой валют шүү дээ. Гэтэл өнөөдөр бараг хүн болгон түрийвчиндээ доллартай явдаг болж байна. Энийг болих ёстой. Энэ хүрээнд танай сониноос явуулж байгаа “Монгол төгрөгөө үнэгүйдлээс хамгаалах” уриалгыг би бүрэн дэмжиж байгаа. Долларын ханш тогтвортой байх нь төгрөгөөүнэгүйдлээс хамгаалах нэг арга.  Хэрвээ  зохиомол хэрэгцээг бууруулбал  долларын эрэлт багасна. Эрэлт багассанаар ханш нь тогтворжино. Мөн гадаад түншүүдтэйгээ үндэснийхээ валютаар худалдаа хийх боломжийг свопын үйлчилгээгээр хангаж өгөх хэрэгтэй. Тэгээд валютын ханшийнхаа коридорийг зарлачих. Долларын ханшийг төдөд баринаа гэж.

-Долларын ханшийг барихаас гадна, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Хэрэв нөөц ихтэй бол ханш бас тогтворжино биз?

-Зөв. Алт бол валютынхаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх гол арга. Доллараа нэмэгдүүлэх өөр нэг эх үүсвэр нь экспортыг дэмжих. Тийм учраас 2008 оныг экспортыг дэмжих жил болгон зарлах ёстой. Гадагшаа гаргаад валют олж ирж байгаа бүгдийг дэмжье. Нүүрс, төмрийн хүдэр, ноос ноолуур бүгдийг дэмжих хэрэгтэй. Нүүрс бол зэс, алтын дараа орох экспортын гол түүхий эд. Өнгөрсөн жил 180 сая ам.долларын нүүрс гаргасан. Гэтэл өнөөдөр он гараад хоёр сар өнгөрч байхад ганц ч тоннн нүүрс гадагшаа экспортлоогүй байна. Манай  хүнд сурталтай байгуулагуудаас болоод шүү дээ.  

 -Мөнгөний бодлогоос гадна гадаад худалдаа тал руугаа нэлээд анхаарах юм байна, тийм үү?

- Хямрал хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Удааширвал хүнсний хомсдол гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр  бид муу хувилбараас нь бодож бэлтгэх ёстой.  Хүнсээ дотооддоо зуун хувь хангадаг болох ёстой. Монгол хүний хувьд хүнсний гол хэрэглээ  нь  мах, сүү, гурил гэсэн гуравхан нэр төрлийн л бүтээгдэхүүн. Бид хэчнээн сая малтай билээ, ямар хэмжээтэй газар нутагтай билээ. Дээр нь хүн амынх нь тэн хагас нь залуучууд. Тэгсэн мөртлөө баахан ажилгүй хүнтэй.  Энэ давуу боломжоо ашиглахгүй шууд л гаднаас бадар барьж байх ёстой юм уу, үгүй л байхгүй юу. Гурилын хувьд манайх бодлогоо олчихсон. Тариаланчдаа татаасаар дэмжсэний хүчинд бараг ирэх хоёр жилийн дотор гурилын дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчих байх. Мах сүүний тухайд өөр. Хөдөөнийхөн махны үнэ хямдхан, хотынхон өндөр байна гэдэг. Энэ хоёр сонирхлыг нэг болгож болно. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэгцээг хангахын тулд мах сүү үйлдвэрлэгчдэддээ татаас өгч болно. Яг гурилтай адилхан, тариаланчдаа дэмжиж байгаа шиг. Тушаасан кг гурил, литр сүү тутуамд зах зээлийнх нь үнэ дээр нэмээд улсаас татаас өгч болно. Нэг талд малчид зах зээлийнхээ үнэ дээр  урамшуулалтай болно, нөгөө талд нь хотынхон хямд үнээр мах сүүгээ авах боломж бүрдэнэ. Ер нь дэлхийн аль ч улсад хөпдөө аж ахуй нь татаасан дээр байдаг.

-Дуусаагүй барилгуудаа яах вэ, дахин санхүүжүүлэх боломж байна уу?

-Өнөөдөр орон сууц маш өндөр үнэтэй болсон. Яаж хямдруулах вэ гэдэг чухал.Хямралд хамгийн их өртөж байгаа нь барилгын салбар. Асар олон барилга карказ болоод зогсчихсон. Барилга бол бусад салбараа дагуулж явдаг бизнес. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ. Жишээ нь, арматур цементийн үйлдвэр хөгжихгүй байна. Би сайд байхдаа арматур цементийн татварыг хөнгөлөх хууль батлуулсан. Харамсалтай нь биднийг  огцорсоны дараа уг хуулийг хүчингүй болгочихсон. Бид үнэ ингэж өснө гэдгийг урьчилж харж байсан. Тийм учраас арматур цементийг хэрэгцээг дотоодооосоо хангая, үүний тулд эдгээр үйлдвэрүүдэд татварын хөнгөлөт үзүүлье гэж байсан . Татварын хөнгөлөлт   хийж чадаагүйгээс арматур цементийн үнэ өсч, үүнийгээ дагаад байрны үнэ тэнгэрт хапдчхсан шүү дээ. Энэ алдаагаа одоо  засах ёстой. Одоо барилгын салбарт мөнгө хэрэгтэй. Өнөөдөр арилжааны банкуудын хүү өндөр, зээлийн хугацаа богино. Ийм байж болохгүй. Үүний тулд  Ипотекийн хуулийг яаралтай баталж, хоёрдогч зах зээлийг яаралтай эхлүүлэх ёстой.    Орон сууцны зээлийн тавин хувь нь долларынх, төлбөр бараг зуун хувь доллараар хийж байгаа. Тэгвэл одоо долараар гарсан орон сууцны зээлүүдийг төгрөгт шилжүүлэх ёстой. Иргэдийн гэрээ байгууулсан долларын  төлбөрийг ч төгрөгөөр тооцох шийдвэр гаргах ёстой.  Өнөөдөр долларын зээлтэй, доллараар төлбөр тооцоо хийдэг иргэд ханшийн өсөлтөөс болоод шаналаад л яваа. Тэдгээр  иргэдийнхээ төлөө төр ямар нэгэн зохицуулалт хийх ёстой. Долларын ханшийг өсгөж алдсан нь төрийн буруу болохоос, энгийн иргэдийн буруу биш шүү дээ. Аж ахуйн нэгжүүдийн ч буруу биш. Монголбанкны мөнгөний бодлогын  алдаа байхгүй юу.

-Таны ярьсан энэ бүхнээс  Засгийн газрын хөтөлбөртэй уялдаж байгаа юм байна уу?

-Засгийн газар механизм оруулж ирээгүй. Тийм тийм ажил хийнэ, санхүүгийн төлбөр нь төд, тэгээд 1.5 тэрбум ам.долларыг гадаадаас олж ирнэ  гэсэн хөрөнгө оруулалтын жагсаалт л оруулж ирсэн. Тийм учраас л би гадныхныг хэт шүтсэн байнаа, айлаас эрэхээр авдраа уудалъя гээд байгаа юм.  Дотооддоо эхлээд урьдчилгаа мөнгө- ажил гэсэн схемээ ажил-мөнгө  болгож өөрчлөх нь хамгийн чухал. Хямралын үед дуртай хүнд мөнгө өгдөг улс орон олдохгүй шүү дээ. Өглөө гэхэд нөхцөл болзолтой өгнө. УИХ-аас мөнгө олох зөвшөөрлийг нь өгчихдөг, Ерөнхий сайдад мөнгө олдохгүй бол яах вэ.

-Тэгвэл Засгийн газар огцрох байлгүй?

-Огцрохгүй тулд мөнгө олж байгаа нь энэ гээд   Монголоо худалдчихвал яах вэ.

-Арай хатуу хэлж байгаа юм биш үү?

-Тийм байж магадгүй. Гэхдээ л  Монгол Улсын тусгааар тогтолд харшлах, алсдаа ард түмнээ дааж давашгүй өрөнд унагах нөхцөлтэй гэрээ байгуулчихвал яах вэ. Энэ хэдэн сайд яах вэ, их л удаж огцорно  биз. Огцорсны дараа улс орон нь эдийн засгаа алдаж бүгдээрээ хохирно шүү дээ. Бүгдээрээ хохиролд аватхгүйн тулд л эхлээд дотоод нөөц боломжоороо зүтгэмээр байна.

-Тэгээд таныхаар гаднаас мөнгө хайх огт шаардлагагүй хэрэг үү?

-Гаднаас мөнгө хайх нь зөв. Ялангуяа ОУВС, Дэлхийн банк, Япон Солонгос улстай хэлэлцээрт орох ёстой.  Мөнгө хайх дарааллаа зөв тогтоох ёстой. Өнөөдөр Монгол Улс гадаад талдаа 1.3 орчим тэрбум ам.долларын өртэй. Энэ зээлийн төлбөрт жилдээ 100-200 сая ам.долларын хүү  төлдөг. Тэгвэл манайд зээл олгосон  Дэлхийнбанк, Азийн хөгжлийн банк, Япон Солонгос улсад “та бүхэн манайд мөнгө өгч чаддаггүй юм бол урьд олгосон зээлээ хүчингүй болгочих, та нар  Орос шиг л бай л даа” гэсэн санал тавих хэрэгтэй.  Магадгүй зөвшөөрвөл бидний хувьд сохорсон биш, завшив гэгч болно. Гадаад талдаа байгаа өрөө нимгэлнэ. Олон улсын санхүүгийн зах зээл дээрх нэр хүнд өснө, гаднаас мөнгө олох найдвар ч нэмэгдэнэ.  Гаднаас мөнгө олж авахын тулд зөвхөн Засгийн газар ганцаараа ажиллаад хэрэггүй. Мөнгө олж ирж чадах хувь хүн аж ахуйн нэгж бүгдээрээ ажиллах хэрэгтэй. Гаднаас валют олж ирсэн хувь хүнийг урамшуулдаг, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг хууль гаргахчихая. Олж ирсэн валютынх нь гурав хүртэлх хувьтай нь тэнцэх урамшуулал олгодог болъё.  Манайхан чинь шоргоолж шиг улс. Энэ олон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд олоод л ирнэ.  Засгийн газар дангаараа их мөнгө олж ирнэ гэж байхаар  олуулаа бага багаар мөнгө олж ирнэ гэвэл  олдох магадлал нэмэгдэнэ, хамгийн гол нь бага багаараа мөнгө олж ирвэл улсаараа бусдын хараат болохгүй шүү дээ.

-М.Энхсайхан “эдийн засгийн мэргэжилгүйн зовлон  Засгийн газрын сайд нарт байна” гэсэн байна лээ?

-Байгаа, бас хүнээсээ ч хамаарна. Мэргэжилгүйн зовлон бий бий.

-Танд бол ямар нэгэн амбийц байхгүй биз дээ. Зарим хүн таныг Сангийн сайд болж чадаагүйн хорслоо тайлж байна гэж магад?

-Би УИХ-ын гишүүний хувьд байгаа боломжийг мэдсээр, гарцыг харсаар байж улс орныхнхоо эдийн засгийг унагаж болохгүй шүү дээ. Тийм эрх байхгүй. Дуугүй сууж болохгүй. Энэ бүхнийг  хэлж, хийх гэж байнаа гэдэг маань би Засгийн газрыг дэмжиж байгаагийн л нэг хэлбэр.  Хэрвээ муу санаж амбийц хөөж байгаа бол дуугүй сууж байгаад  л, “муу тэнэгүүд харанхуй нүхэнд  сайхан унах нь дээ” гээд бодоод сууж байхгүй юү.  Юмыг сайжруулахын төлөө  санаа хэлж  байгаа хүнийг хорсол тайлж байна гэж үзэх үү. Хэрвээ хорсол тайлах гэж байгаа бол  энэ улс орны эдийн засгийг муутгах ёстой. Муутгахын тулд Засгийн газрын төлөвлөгөөг  хэлэлцэхэд таг дуугүй сууж байхад л болно.

-Та эдгээр санаагаа Засгийн газарт танилцуулсан уу, хүлээж авч байгаа юм байна уу?

-Одоо л харъя.  Би энэ төлөвлөгөөгөө Монголбанкны ерөнхийлөгч болон намын бүлэг, байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Харин сэтгүүлчдээс чамд анх удаа танилцуулж, танай сониноор нийгэмд дэлгэж  байна. Энэ бол ганцхан миний толгойных биш. УИХ-ын олон гишүүдийн санаа бодлын нийлбэр. Энд МАХН-ын гишүүд ч багтаж байгаа. Бид  энэ  төслөө шийдвэр болгуулахын төлөө идэвхтэй ажиллана.  Өнөөдөр нэг хүн, нэг бүлэглэлийн эрх ашиг, улстөрийн ашиг хожоо хардаг цаг үе биш, хямралын үе.  Хэрэв фракц бүлэглэл гээч нь байх ёстой юм бол Монгол Улс бүхлээрээ нэг бүлэглэл болж байж энэ хямралыг хохирол багатай даван туулна.

Францын ерөнхийлөгч Николя Саркози өнөөдөр дэлхийн хүчтэй лидер болчихлоо шүү дээ. Тэр лидер Засгийн газартаа хямралыг даван туулах тусгай бүтэц байгууллаа. Гэтэл бид хүнд зориулж албан тушаал бий болгож, яам байгууллаа гэж шүүмжлүүлж чаддаг мөртлөө хямралын эсрэг ажиллах  бүтцийг УИХ, Засгийн газрын аль ч төвшинд байгуулж чадахгүй л сууж байна. Ийм бүтэц байгуулж чаддаггүй юмаа гэхэд энэ хямрал эдийн засгийн утгаасаа гадна өөр юу харуулж байгааг бодлогын төвшинд олж хармаар байна.

-Тэр нь юу вэ?

-Энэ тухай хоёулаа тусдаа сэдэв болгоод ярилцсан нь дээр байх. Товчхон хэлэхэд   1929 оноос хойш бараг зуун жилийн дарахь өнөөдрийн хямрал нэг зүйлийг их тод хэлж байгаа. Өнгөрсөн зуун жилд  зах зээлийн чөлөөт эдийн засгийн бодлого явж ирсэн.  Зах зээлийг өрсөлдөөн, далд гар өөрөө зохицуулна гэсэн онол явж ирсэн. Гэтэл тийм биш гэдгийг, төр хувийн хэвшлийнхэн тус тусдаа, дангаараа яваад амжилтад хүрдэггүйг  энэ хямрал харууллаа. Төр, хувийн хэвшил хоёр хосолсон зохицолтой байх ёстойг харуулаа. Амьдрал өөрөө хоёр талтай, эсрэг тэсрэгийн нэгдэл.  Тэрэнтэй адил дагнасан бус, бие биеэ түшиж, нэгнийхээ давуу талаар нөгөөгийнхөө сул талыг нөхөж явдаг ийм систем байх ёстойг харууллаа. Тийм учраас цаашид төр, хувийн хэвшил  хосолсон систем илүү хүчтэй явах нь. Өөрөөр хэлбэл төрийн дэмжлэгтэй хувийн менежмент  зонхилсон тогтолцоо явна гэсэн үг.

-Таны энэ  төлөвлөгөөний үр дүн хэр хурдан  гарах вэ?

- Монгол  жижигхэн эдийн засагтай орон. Дэлхийн нэг том компаниаас ч жижигхэн эдийн засагтай. Дээр нь бид баян орон. Монгол бол нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр баян орон. Монголын дараагийн  давуу тал нь хүн ам нь цөөн. Цөөн хүн ам нь илүү оюунлаг ард түмэн. Мөн манай газарзүйн байршил бусад атаархмаар сайхан, таатай. Далайд гарцтай орон гэж ярьдаг даа. Зах зээлд хүрэх гарцыг л далайд гарцтай гэж байгаа юм. Түүнээс биш, далай өөрөө худалдан авагч биш шүү дээ. ОХУ, Хятад зэрэг том зах зээлтэй  харилцах гэж л далайд гарцтай гарцгүй гэж ярьж байгаа юм. Гэтэл тэр Орос,  Хятал нь хоёулаа манай хоёр талд байж байна. Өөрөөр хэлбэл, бид ямар ч далайгүйгээр нөгөө зах зээл рүү нь шууд гарчихаж байгаа юм. Ийм дөрвөн том давуу талтай улс оронд хурдан гарах амархаан. Төр нь, удирдлага нь л жаахан  ухаантай байхад болж байгаа юм. Гаднынхан зарим нь хэлдэг юм. Та нар ийм цөөхөн ард түмнээ ядуу амьдруулаихын тулд  үгүй мөн их ухаан зардаг байх даа гэж шоглож байгаа байхгүй юу.