МОНГОЛ: 11 ҮГЭЭР

Нэгдүгээр бүлэг. НУУГДСАН НҮҮР

Эрхэм уншигч танд нэгэн шинэ бүтээлийнхээ дээжийг барихдаа урамтай байна .Энэ бол “Монгол: 11 үгээр” хэмээх ном. Миний бие “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлэхийг хичээсэн болно.Гадныхан биднийг зөвөөр ойлгох, бид өөрсдийгээ жинхнээсээ танихад хэрэг болох ч юм бил үү, айн? Танин мэдэхүйн оргил нь өөрийгээ таних, судлан ухаарахуйн дээд нь өөрийгээ ажиглах хэмээн Дорнын мэргэд сурсгасан байдаг билээ.

Үен, нүүдэлчин хоёр.

Хадны үен хэмээх бяцхан махчин тал нутаг байдгийг хүмүүс тэр бүрий мэдэхгүй. Гэхдээ дараагийн өгүүлбэрийг уншихын хооронд, захын хүн ядаж л интернэт хайлт ашиглан, үенгийн тухай анхны мэдэгдэхүүнтэй болоод авсан байгаа. 

     Бодвол, үен жилийн дөрвөн улирлын турш өнгөө хувиргадаг тухай хэсгийг ч уншаад амжсан болов уу. Тиймээ, өвлийн улиралд үен цайвар үстэй болдог тул цасан дундаас түүнийг олж харахад амаргүй, хэрвээ таны хараа хурц бол түүний өчүүхэн боловч тод хар нүд өөдөөс ширтээд байж байдаг. Хавар болохоор, сааралтаад ов тов цас, эрээлсэн хөрсөн дундаас ч ялгарахгүй. Ийм болохоор үен яг ямар өнгөтэй болохыг тодорхойлох аргагүй. 

     Африкийн тивийн алаг тахь хар судалтай цагаан амьтан уу, эсвэл цагаан судалтай хар биетэн үү гэдэг дээр маргаан өрнөдөг. Үенгийн үнэн өнгө түүнээс ч дор. Цагаан үстэй хар амьтан уу, саарал үстэй цагаан уу, бор шаргал арьстай саарал биет үү, хэн мэдлээ. Тэднийг хавар харсан хүн саарал, намар харсан хүн бор шаргал, тааралдсан нэгэн цагаан өнгөтэй амьтан байна гэж бодох ажгуу.

     Яг түүн шиг, тал нутгийн нүүдэлчдийн тухай олон зуун ном зохиол, үй түмэн судалгаа байдаг ч тэдний үнэн нүүр жинхэнэ царайг нээн харуулсан нь ч тийм ч элбэггүй. Тэдний цэрэг дайны түүхийг судласан эрдэмтэд гарамгай баатрууд, эзлэн түрэмгийлэгчид гэж үзнэ. Дотоодын самууныг нь ажигласан хүнд бол “шуудайнд хийсэн үхрийн эвэр” шиг эв түнжингүй этгээдүүд болохыг танина. 

       Ертөнцийн хязгаарт хаягдаж, мухар сүсгийн хүлээсэнд торлогдсон. Бүдүүлэг харанхуй бөгөөд сөнөж бүхий үндэстэн хэмээн өрнөдийнхэн, Оросын Газар зүйн нийгэмлэгийн зарим туршуул-судлаачид үзэж байв. Тэд, Монголчуудыгэх орон эрх чөлөөгөө хамгаалан тулалдах байтугаа, бөөсөө албал тамд унана хэмээн үнэмшиж, ариун цэвэр сахихаас хүртэл эмээсэн арчаагүй амьтас болсныг зүйл бүрээр батлан тэмдэглэжээ. 

          Гэвч балар харанхуйн дунд мөн чанараа эрдэнэс мэт далдлан нуусан мэргэн ардууд, сэргээн дуудах бүрээн чимээг чагнан зүүрмэглэх баатрууд болгон харсан Хаслунд нарын хүмүүс ч байдаг. 

    Яг алин нь жинхэнэ монгол хүнийг харсан бэ? Алаг тахийн жинхэнэ зүс, хээрийн үенгийн үнэн өнгийг ялгагч тодрохын адил монголчуудын жинхэнэ араншинг тодорхойлсон нь хэн бэ? 

    Одоогоор, сайн хариулт харагдахгүй байна.

    Сталинизмийн харгислалын жилүүдэд нүүдэлчид  ямарч эргэлзээнгүй ардын дайсан илрүүлэгчид, тэднийг хайр найргүй устгагчид болон хувирсан юм. Улмаар, ХХ зууны сүүлийн хагасийн коммунист хэвлэлийг харвал, монголчуудыг хэрхэн феодализмыг алгасан социализм байгуулагчдын үлгэр болгон бичснийг харж болдог.

       1980-аад оны сүүлчээр монголд ажилласан Польшийн Ягеллоны их сургуулийн теологийн багийнхан “Монголчууд шарын шашнаас бүрэн ангижирсан ба марксизм тэдний шүтээн болон амжилттай төлөвшсөн байна” хэмээн дүгнэж байжээ. Тэдний уулзсан нэгэн “монголчууд Буддизмыг устгасан нь маш зөв болсон” гэж үнэмштэл нь ярьсан байдаг. Хожмоо тэр хүн гүн сүсэгтэн, Буддын шашныг сэргээх үйлсийн гол зүтгэлтэн болсон билээ. 

      Харин 1990 оны ардчилсан хувьсгалын маргаашаас монголчууд угаасаа дарангуйлагч дэглэмд дургүй, эрх чөлөөт үзэл санааний туг үндэстэн байсан нь тодорхой болов. Шарын шашинтай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулсан төдийгүй, нууцаар бурхан шүтээд баригдсан гишүүнээ эгнээнээсээ хөөж, ажил албагүй болгодог дотоод дүрэмтэй     МАХН хүртэл энд хамрагдав. МАХН-ыг анх Буддын шашинтнууд байгуулсан болж таарав. Тэд уг, уламжлалаа сэргээж, шашинд орсноо зарлахын сацуу Бурханы шашны Их хөлгөнтний урсгалын Нагаржунагийн үндэслэсэн хоосон чанарын “Төв ёсны үзэл”-ийг намынхаа хөтөлбөр болгон зарлаж байв. 

Тал нутгийн нүүдэлчид шарын шашин орсны дараагаар “Өвчин ээрдэг хүүхдийн нэрийг солин, чөтгөр болон ад зэдгэрийг хуурдаг” арга, дом нэвтэрсэн байсан юм. МАХН тэрхүү зан үйлийг өөр дээрээ давтан, МАН хэмээн нэрээ сольж, шинэ дүр хувирлаа аравнайлав. Христос дахин мэндэлвэй.

Монголчуудын жинхэнэ үзэл санаа алин нь вэ? Шашинтай, шашингүй нийгмийн суртлыг адилхан дэмжсэн үзэл санааны аль нь худлааюм бол. Эсвэл хоюулаа үнэн юм болов уу?

Үл хувирах, үл тогтнох чанар

Саяхан япон судлаач хэмээн олон түмний дунд алдаршсан Д.Төмөрбаатар гуайтай хууч хөөрлөө. Бидний яриа монголын шинэ үеийг авч явах үрэг хүлээсэн залуу сэхээтнүүдийн тухай сэдвээр өрнөж байсан юм.

-Манай залуучууд японоос юу сураад байгааг би ойлгохоо байлаа. Саяхан япон боловсрол эзэмшигчдийн байгуулсан бүлгэм, эвлэл маягийн хүрээлэлд орсон залуусын яриаг сонсоод их гайхлаа л даа. Тэдний тунхаг санааг харвал япон маягийн улс төр, нийгмийн зүтгэлтний дэг сургууль, бидний хэлж заншснаар “шкоол” үүсгэж байгаа бололтой. Гэтэл хэлж ярьж байгаагаас нь “Бид л мундаг”, “Биднээс бусад нь ч хүчрэхгүй” гэсэн монгол өнгө, хээр талын бардамнал нэвт үнэртэх юм. 

    Япон хүн хэзээ ч ийм хандлага гаргадаггүй.Хаана ч явсан “Би” гэдэг ойлголтоо дөвийлгэдэггүй. Өрсөлдөгчөө хүртэл машид хүндэтгэн “Сэнсай” гэж авгайлдаг үндэстэн. Гэтэл манай япончуудаас нэвт шувт “монгол хүн” үнэртээд байна гэж тэрээр ярьсан юм.

    Түүнийхээр бол японд амьдарч сурсан тэдгээр хүмүүст арлын орны ёс суртахуун, өрсөлдөөний соёлоос наалдсан юм багахан. Ердөө л японд хэдэн жил амьдарсан намтартай, япон хэлээр боловсрол эзэмшсэн нүүдэлчин болоод ирдэг аж. Гэхдээ, японд байх хугацаандаа тэдний соёл ахуйд үнэхээр л шингэн ууссан байдал харуулдаг аж. Яг л цасан дундах үен шиг.

    Токиогоос эргэж ирүүтээ япон хэлтэй, японы дипломтой мов монгол болон хувирна. Харин буцаад тийшээ очих болбол “мов монгол”-оо хээр талдаа тайлж хаяад “яв япаан” дүрдээ орно доо.

     Түүнчлэн олноороо Солонгос, Японд хар цагаан хөдөлмөр эрхлэгчид ч ялгаагүй. Очсон газрынхаа дүрмийг ягштал баримтлан, дуулгавартай ажиллана. Туркт сарын 500 хүрэхгүй доллар аваад байр амжиргаагаа залгуулж, заримдаа гэр орондоо "нүүрсний мөнгө хэмээн 20 доллар гуйвуулж" байгаа хүмүүс ч ялгаагүй, тэгж л ажиллах гэж төрсөн аятай зүтгэнэ. 

  Харин монгол ирүүтээ солонгос маягийн хөдөлмөрийн сахилгаа дорхон нь тайлж шидээд үйлдвэрчний эвлэл маягийн ангийн эрх ашгийг хамгаалан тэмцэгч болчихно. Туркт олддогоос нь дээш доошоо жаахан зөрөөтэй цалин амласан ажлын байрууд хоосон цэлийнэ. 

Алин нь жинхэнэ монгол вэ? Японд япон шиг, Солонгост солонгос шиг, Туркт турк шиг, Монголд монгол шигээ байгаа энэ хүний жинхэнэ натурал төрх хаана вэ?


Бааш болсон үзэл санаа

1990-ээд он гаруут, Монголын ардчиллыг дэмжсэн, өхөөрдсөн олон газрууд гарч ирсэн юм. Тэдний ихэнх нь монголчуудын зах зээл, эдийн засаг, хууль эрх зүйн боловсролыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ингээд урт хугацааны болон аяланболовсрох олон тооны хөтөлбөрүүд гаргаад монголчуудыг оролцуулав.

   Ялангуяа, хуучин үзэл санааг хүчтэй баримтлагчид, шинэчлэлийг эсэргүүцдэг улс төрчдийг олноор нь урьж сургалт, танилцах аялал зохион байгуулсан юм. Энд МАХН-ын нэр бүхий хуучинсаг зүтгэлтнүүдийг олноор нь хамруулж байлаа. Монголчууд мэдлэг, мэдээлэл дутмагаас хуучинсаг үзэл гаргаж байна хэмээн барууны ардчилагчид үзэж байлаа. Гэвч тэд хол андуурсан юм. 

    Тэдэнд тодорхой үзэл баримтлал, ядахнаа марксист ч болтугаа суртал байсангүй. (Тэгж ярих юм бол, амин хувийн эрх ашгаа дээдэлсэн нүүдэлчин хүн ядаж марксист болчихвол том алхаж байгаа  гэдгийг дараагийн бүлэг өгүүлэх юм) Ардчилал, зах зээлийг зөв байтугаа буруу ч ойлгосон мэдлэг мэдээлэл байсангүй. Зүгээр л эсэргүүцэн таашаал авч, нураан бахаа хангагчид цөөнгүй байсан нь хожим тодорхой болсон юм. 

     Зөвхөн улс төрчид ч андуурсан юм биш. Шашин түгээгч, номлогч нар ч заль мэхний тойрогт татагдав. Мууны шашныг байгуулсан Сан Муун гэгч солонгос эр өөрийн зардлаар мөн ч олон монголчуудыг гадаадад урьсан төдийгүй, төрийн ордонд хуралдуулан, хилинц арилгах ёслол маягийн үйл хийлгэж байлаа. Учир нь төрийн ордонд орох, болж өгвөл дарга нарын гуанзанд хоол идэх боломж давхар гарч байгаа юм. Төр нийгмийн зүтгэлтэн, “бөх тэх” олон хүн тэдний мөнгөөр гадаад явж, гахайны шувууны махыг нь идчихээд Сан Мууныг салам мартаж билээ.

   Хэдэн жилийн өмнөөс улс төрд жигшигдэх ээлж таарсан нэгэн, Ц.Элбэгдорж ч билүү, Сан Муунтай уулзаж байсан зураг илрэв. Түүнийг дагаад Мууны хамсаатан, зургаа хамт авахуулсан улсыг жигших хөдөлгөөн өрнөж билээ. Монгол орон даяараа л нөгөө муу Элбэгдоржоос бусад нь Сан Мууны мөн чанарыг танин, буруушааж байсан юм байх аа. 

    Өнөөдөр цаасан дээр бүртгэлтэй Христийн сүм(цуглаан)-ы тоо Буддынхаас давсан байдаг.  (Статистикээс харвал, 2018 оны байдлаар  Монгол улсад Христийн 196, Буддын 134 сүм байна) Харин Ертөнцийн эзэндээ үнэнээсээ итгэсэн хэдэн загалмайтан тэнд суугааг,  бас хичнээн нь  анимизм, бөөг давхар шүтэж, Гандан ном хуруулж байгааг  усан нүдтэй бид хэрхэн тоолох билээ.

   Сонирхуулахад, манай томхон хийдийн хамбын ярьснаар, Буддын хурал номын газартцагаан сараар ээж аавыгаа явуулан жилийн ноён нуруугаа үзүүлэн, заслаа хийлгэдэг Христосын пастор нэг бус ажээ.

     Иймэрхүү үзэгдлээс уламжлан “Харвардын коммунист” хэмээх ёжтой нэр томъёо монгол хэлнээ орж ирэв. Энэхүү “шарын шашинтой поп”, “Католик аграмба” гэдэгэрхүү хоржоонтой хочлолыг, мэдээж Баабар анх сэдсэн юм.  Христийн сүмийн тараасан бараанаас загалмайлан байж хүртээд, орой нь бөө буулгах, улмаар хагас бүтэн сайнд Ээж хаданд очиж хувь заяагаа даатгаад, цагаан сараар суудлаа засуулдаг  бидний хувьд тийм ч гайхмаар юм биш л дээ. Гэхдээ л гадныхан гайхаж лавлаад "Барууны үлгэр жишээ сургуулиудад ардчилал, чөлөөт зах зээлийн онол эрдэм суралцсан нэр бүхий зүтгэлтнүүдийн санаачилга, удирдлагаар монголд хэрэгжүүлсэн социалист баримжаатай алхмуудаас энэ хоч-нэр үүссэн" болохыг тайлбарлуулаад байдаг юм.

       Өнөөгийн монголын төр засаг ч гэсэн Харвард гэхчлэнгийн нэр нөлөөтэй барууны сургуулийн “цагаан хуудас”-тай төгсөгчдөөр дүүрсэн байгаа. (Социалист тогтоцын үед сургууль курсийнхээ төгсөх шалгалтыг өгч чадаагүй хүмүүст “Манайд суралцсан нь үнэн” гэсэн хуудас олгодог байснаас “Цагаан хуудастай төгсөгч” гэдэг нэршил гарсан билээ. Хожмоо,сургуульдаа заасан юмыг огоот ойлгоогүй боловч шалтгалтаа сайн өгчихсөн төгсөгч нарын хоч болсон байдаг)

   “Харвардын коммунист”-уудын боловсрол, итгэл үнэмшлийн хэмжүүр нь тэндээ ойлгосон суртал,бичсэн курсын ажилд нь байгаа юу, эсвэл эндээ гаргаж буй шийдэл хандлагад нь орших уу? Бас л нэгэн “Орших, эс орших”-ын асуулт!

     Үнэндээ тэднийг, барууны улс төрийн сургуулийн тийм ч муу төгсөгчид байгаагүй гэж үзэлтэй. Багш профессорууддаа итгэл төрүүлэм харагдаж байсан нь гарцаагүй. Түүгээр ч барахгүй, барууны төр, олон улсын байгууллагад тэднийг ажиллуулбал үүргээ хэзээ ч хөсөрдүүлэхгүйд итгэж болно.

  Харин монголдоо эргээд ирвэл л “нэг биш” болоод явчихна. Тэгэхээр, асуудлын гол нь монголдоо ирэхдээ байна уу. Монголчуудын зан чанарыг тодорхойлогч, эсвэл Америк, Японд олж авсан ёс суртлынх нь алийг алдуулдаг нууцс нь тал нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд байгаа хэрэг үү? Яг л үенгийн жинхэнэ зүсийг тодорхойлогч нь цаг улирлын өнгө аяс байдаг шиг зүйл үү?Тийм, бас үгүй...

Үргэлжлэл бий.