“ЗАНДАЛЧ, (ИН) дээрэмчин, тонуулчин зэрэг муу үйлээр
амьдрагч; зандалчин язгуур (ичгүүр сонжуургүй алах хулуух
мэтийн муу үйлээр амьдрагчдын язгуур)”

Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”

Ерөнхий сайд хэвлэлд ланжгар том ярилцлага өгчээ. “Н.Алтанхуяг: Илүү олон зүйлийг даацтай, далайцтай хийх болно” гэсэн гарчигтай уг ярилцлагадаа Засгийн газрын тэргүүн “бид гадаадын хөрөнгө оруулалтыг үргээчихсэн алдаа дутагдлаа засч, хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчиллээ... манай Засгийн газрын үед л хөрөнгө оруулалтын хууль батлагдлаа шүү дээ... Монголд хөрөнгө оруулалт хийвэл хуулийн орчин нь ойлгомжтой, түвэг чирэгдэл, хүнд сурталгүй болсон гэдгээ зарласан...” хэмээж. Ярилцлага “Өдрийн сонин”-д гурван нүүр дамнан хэвлэгдсэн яг тэр өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс “Гал үндэстэн” холбооны гишүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, Ж.Ганболд нарт Эрүүгийн хуулийн 177.2, 185.2 заалтуудаар 21 жил 1 сараас 21 жил 6 сарын ял оноолоо.

Хэргийн шалтгаан, нөхцөл

Оны эхнээс алгуурхан өссөөр байсан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2013 оны 9 дүгээр сарын 9-нд 1,712.38 төгрөг болж огцом нэмэгдсэнийг Монголбанкны мэдээллийн архиваас харж болно. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хямарч, халж байсан үе. УИХ-ын дарга З.Энхболд 9 дүгээр сарын 10-нд 156 тоот захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлуудыг ч зарлав. Ерөнхий сайдын “Манай Засгийн үед” гэж онцлон ярьсан Хөрөнгө оруулалтын хуулийг энэ ээлжит бус чуулганаар хэлэлцсэн юм. Үүнтэй хамт “урт нэртэй хууль” гэж нэрлэгддэг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.



Өрнөл

2013 оны есдүгээр сарын 16. Ээлжит бус чуулган нээгдлээ. Олон нийтийн, тэр дундаа байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын анхааралд байгаа маргаантай таван ч хуулийн төслийг хэлэлцсэн энэ чуулган тэдгээрийн алийг нь ч гараас гаргаагүй юм. Харин чуулганы босгон дээр үзэл санаа, байр сууриа илэрхийлсэн “Гал үндэстэн”-үүд хэрэгтний ширээн рүү шилжицгээсэн юм. “Овоо босгоогүй бол” гэдэг шиг үр дүнгүй, ээлжгүй хуралдаан зарлаж сүржигнэсэн УИХ-ын балаг тэднийг торон хашаан дотор торлогдоход хүргэсэн гэвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй.

Үзэл санааны тайлбар

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар юуны өмнө хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, нийтлэг үйлчлэхээр болгосноос гадна татварыг тогтворжуулах механизмыг баталгаажуулсан. Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ, үйл ажиллагаа явуулж байгаа байршлыг харгалзана. Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт 30 тэрбум төгрөгөөс, бусад салбарт 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн бол ААН-ийн орлогын, гаалийн, нэмэгдсэн өртгийн албан татварууд,  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулна. Бүхэлд нь энэ хуулийг “хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай хууль” гэж нэрлэсэн ч болохоор. “Гал үндэстэн” холбооныхон энэ хуульд байгалийн баялаг, экологийн үнэт зүйлс, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон үндэсний эрх ашгаа хамгаалсан ямар ч зохицуулалт байхгүйд анхнаас нь дургүй байсан юм. Ийм төрлийн бага ч болов зохицуулалт бүхий Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг дээрх шинэ хууль батлагдсантай холбоотойгоор хүчингүй болгох гэж байгаа нь тэдний эгдүүцлийг бүр ч хөөрөгдсөн. Гадаадынхны захиалгаар, олон нийтийн анхаарлын сиймхийгээр, “хулгайгаар” ээлжит бус чуулган зарлаж хууль батлахаар зэхэж байна гэж тэд хардсан. “Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин шинэчлэгдсэнээр манай улсын орд, баялгаас гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших хувь хэмжээг бүрэн чөлөөтэй болгож байна”, “Гадаадынхан манай улсын хэчнээн баялаг ордыг ч хэдээр нь хамаагүй зуун хувь эзэмших болох нь”, “Стратегийн орд гэх ангиллыг үгүй болгож, тэдгээрт гадаадынхны эзэмших хувь хэмжээг хязгаарласан зохицуулалтыг үгүй хийх нь туйлын буруу” гэж тэд үзсэн юм.

Үнэт зүйлийн тайлбар

“Урт нэртэй” хууль батлагдсан явдлыг байгаль орчныг хамгаалах талаар ажилладаг олон нийтийн байгууллагууд анхны ялалтаа гэж үзсэн юм. Гэтэл Засгийн газар хууль батлагдахаас өмнө олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах бус, харин ч ашиглуулна гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь “Гал үндэстэн”-үүдийн хувьд тэвчимгүй зүйл байсан нь мэдээж. Ашиглуулахдаа нөхцөл шаардлага хангах, ордын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт явуулах гэх мэт зохицуулалт оруулж ирсэн нь “урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэхгүй байх нүх гаргаж авах гэсэн заль байна гэж тэд үзсэн юм. “Урт нэрт”-эд ямар ч өөрчлөлт орохгүй, хууль хэвээрээ хүчин төгөлдөр үйлчлэх болно гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбарлах хэрнээ дагаж, мөрдөх журамд гол хуулийн үндсэн зохицуулалтыг мөрдөхгүй байж болох зохицуулалтыг оруулж буй нь хэний ч бодоожоор “хууран мэхлэлт” байсан хэрэг. Тийм ч учраас энэ хуулийн төслийг зөвхөн “Гал үндэстэн”-үүд ч биш УИХ-ын цөөнгүй гишүүн, зарим намын бүлгүүд ч эсэргүүцсэн юм. Одоо ч УИХ-ын ажлын хэсгүүдийн түвшнээс дээш гарч, парламентын хэлэлцэх асуудал болж чадаагүй байгаа хэрнээ энэ төсөл (төсөл ч болоогүй, Засгийн газрын санаархал төдий л байгаа) Ц.Мөнхбаяр тэргүүтнийг ялтан болгож дөнгөлөө.

Зүйл ангийг асуух нь

“Гал үндэстэн”-үүд чухам ямар үйлдэл хийснийг бид дээр, дооргүй мэдэж байгаа. Тэд ямар зорилго агуулж, юуны төлөө явж, түүндээ хүрэхийн тулд хэрхсэнийг энд нуршин өгүүлэх нь илүүц. Ямартай ч буудсан. Боохой элбэгшихэд монгол малчид хотондоо “буу тавьдаг” ёс бий. Санаа буруутныг үргээх, элэг нэгтнээ сэргээх зорилготой “буу тавьсан” нь ямар ч алах, агнах агуулгагүй байсныг бас бид дээр, дооргүй мэднэ. Харин хууль, шүүхийнхэн тэднийг “Зандалчид” гэж үзлээ.

Криминологийн шинжлэх ухааны онол ёсоор аливаа гэмт хэрэг үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. 1-рт, хэрэг үйлдэгч буюу гэмт хэрэгтэн, 2-рт, гэмт үйлдэл, 3-рт, хохирогч. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэг нь л байхгүй бол үйл явдлыг гэмт хэрэг гэж үзэхгүй байх шүүхийн практик бий. Хэрвээ “Гал үндэстэн” холбооныхон “зандалчлах” гэмт хэрэг хийсэн юм бол хэн зандалчлуулсан юм бэ?

Эрүүгийн хуулийн 177-д, “Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх...” зорилгоор зандалчилсныг шийтгэхээр заасан байна. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчлөх шийдвэр гаргахаас УИХ-ыг татгалзуулах гэж “Гал үндэстэн” тийм зүйл хийсэн нь үнэн. Гэхдээ энэ шийдвэр одоо ч гараагүй, бараг хэлэлцэж эхлээ ч үгүй байгаа. Тэгэхээр УИХ-ын субьектууд бие биенээ “зандалчлаад” шийдвэрийг гаргуулахгүй байгаа болж таарах уу? Эсвэл ерөөсөө ийм шийдвэр гаргах нь буруу байгаад, Ц.Мөнхбаяр нарын зөв байсан бол яах вэ?

Хүндрүүлэх нөхцлийн зөрүү


Зандалчлах гэмт хэргийг “зохион байгуулалтай бүлэг”-ээр үйлдсэн гэж үзээд тэдний ялыг хүндрүүлжээ. Хэлзүйн утгаар нь дүгнэвэл “Гал үндэстэн” холбоо яах аргагүй “зохион байгуулалттай бүлэг” мөн. Харин эрхзүйн агуулгаар бол...

Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2003 оны тавдугаар сарын 5-ны 10 тоот тогтоолд, “…зохион байгуулалттай бүлэг… гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгон эрхлэх зорилгоор урьдчилан нэгдэн нийлж удирдагч, гүйцэтгэгчээ томилох, үүргээ хуваарилах зэргээр зохион байгуулалтын бүтэц бий болгосон хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдлийг хамааруулан ойлгоно” гэсэн байх юм. Эх байгалиа хамгаалах, гол нууруудаа ширгээж хатаачихалгүй авч үлдэх, экологийн эвдрэл, сүйрлийг зогсоох зорилгоор цөөнгүй төрийн бус байгууллагуудыг нэгтгэн, улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж зохион байгуулагдсан “Гал үндэстэн холбоо”-г “гэмт хэргийн зорилгоор зохион байгуулагдсан бүлэг”-ээс ялгах тийм ч хэцүү биш санагдана. Уул уурхайн компаниудыг рекетлэж, мөнгө авдаг гэсэн хэрэг тэдэнд тохох зорилгоор “АУМ АЛТ” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж зэрэг зарим нэгнээр гүжирдүүлсэн боловч шүүх дээр нотлогдоогүй болохоор дурдахын ч хэрэггүй биз ээ.

Зохих шийтгэл

Эрүүгийн хуулийн 185-д “Галт зэвсэг /ангийн буунаас бусад/, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан” хэргийг зүйлчилсэн. Үүний хүндрүүлсэн нөхцөл болох “хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон болон зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн” гэх хэсгээр “Гал үндэстэн”-үүдэд хүлээлгэсэн ялыг харин үгүйсгэх аргагүй. Өмнө нь тэд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд ажиллаж байсан “Пураам”, “Сентерра гоулд” компаний машин техник рүү буудаж байсан. Хэдийгээр шүүх тухайн үед уг хэргийг хэрэгсэхгүй болгож байсан ч гэлээ буу шийдэмдээ тулж, “зэвсэглэн” ярилцах нь орчин үеийн, соёлт хүн төрөлхтний “хэл яриа” биш гэдгийг ухамсарлахад нь тэдэнд 185-аар хүлээлгэсэн ял л хангалттай байсан болов уу.