Могой жилийн битүүнд хаалтаа хийсэн УИХ-ын 2013 оны намрын чуулган үндсэндээ эдийн засгийн чуулган боллоо. Төсөв, төрийн мөнгөний бодлогоос гадна Хөрөнгө оруулалтын тухай, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” болон алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож бууруулах тухай зэрэг ихэвчлэн эдийн засгийн суурь асуудал хэлэлцсэн нь ийн дүгнэхэд хүргэж буй юм.

Чуулганыг бүхэлд нь тоймлон харвал тун сонин дүр зураг гарч байна. Гарааны нөхцөл нь төсвийн хямрал байв. Төлөвлөсөн орлого 1.8 их наядаар дутагдаж, гадаад валютын нөөц хомсдож, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1650-аас 1700 төгрөг рүү эрчимтэй өгссөн үе байжээ. Статистикийн ерөнхий хорооноос мэдээлснээр 2013 оны эхний 9 сард өмнөх оны эхний гурван улирлынхаас 130 сая гаруй ам.доллараар бага экспорт хийсэн байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оныхоосоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй, цаашид нэмэгдэх магадлал муутай, үндсэндээ эдийн засаг царцанги байдалтай байв.

Гаж хөгжилтэй төсөв


“Хөөсөрчихсөн төсвийг зогсоох хэрэгтэй”. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм томъёоллоор 2013 оны төсвийг тодорхойлсон юм. Тэгвэл “төсвийн хөөсрөл” гэж чухам юу байв? Эрдсийн салбараас орох орлогын эх үүсвэрийг буруу тооцож, гадаад зах зээл дээр болж байгаа нөхцөл байдлыг дутуу үнэлэн, хэт өөдрөгөөр төсөвтөө хандсан нь бүр хэлэлцүүлгийн шатнаасаа орлого, зарлагыг зохиомлоор хөөсрүүлж, олон нийтийн дунд хүртэл макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтээр бодит байдалд хандан, үнийг хөөрөгдөх нөхцөл бий болгосон гаж үзэгдлийг Засгийн газар ч, УИХ ч ийн дүгнэсэн хэрэг. Хууль ёсоор төсвийн алдагдал ДНБ-ий 2.0 хувиас хэтэрч болохгүй. Гэтэл энэ удаагийнх гурван хувиас давчихсан. Улсын төсөвт урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй энэ аварга том цоорхойг “цойлдох” нь чуулганы нэн түрүүний асуудал байлаа. Төсөвт оруулсан өөрчлөлт нийт эдийн засгийн 30 шахам хувийг хамарсан тодотгол болсон юм. Уг тодотголыг 2014 оны төсөвтэй нэгэн зэрэг хэлэлцсэн нь улсын төсвийг төлөвлөх, захиран зарцуулах ажлын хүрээнд ямар их сахилга, хариуцлагын алдаа, учир дутагдал байгааг илрүүлсэн явдал болов.

Урсгал зардал дээрээ манай улсын төр хэтэрхий цамаан загнаж, бараа үйлчилгээ, урсгал засвар, гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, зочин хүлээн авах гэх мэт зардлуудаа 2000 оныхоос 2,7-15,3 дахин өсгөсөн Ерөнхий сайд парламентад илчилсэн юм. Төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалтын төслүүд удаашралтай, жил дамнах тусам өртөг нь өсдөг явдлыг 2014 оны төсөвт царцаах нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Илүү зардал төсөвт асар их байна, илүү бодолтууд ч маш их байна гэж Засгийн газрын дүгнэснийг УИХ хүлээн зөвшөөрсөн.

Тойрог тойргоос сонгогдсон гишүүд тус тусын нутаг, бүсэд анхаарал тавьж, тийшээ их хөрөнгө хуваарилуулах, тэнд төсвөөр баригдах барилга байгууламжид хангалттай зардал шийдүүлэх гэдэг нь дасал болсон хэвийн зүйл. Харамсалтай нь танил тал, арын хаалгагүй, ном журмаар нь хөөцөлдөж яваа төслүүд зохистой үнийн дүнтэй байхад гишүүний түлхээстэй, сайдын татаатай төслийн өртөг хэдэн тэрбумаар нэмэгдэж орж ирдэг нь нууц биш. Зургаан жилийн өмнө 916 сая төгрөгөөр босгохоор тооцож эхлүүлсэн гал командын барилга одоо болтол дуусаагүй, өртөг нь 2,8 болж өссөн, дөрвөн жилийн өмнө 800 саяар барихаар эхлүүлсэн усан бассейны байгууламж мөн л дуусаагүй төдийгүй өртөг нь 4,5 тэрбум төгрөг болчихсон, анх 3.0 тэрбумд багтаана гэж байсан театрын барилга одоо 10 тэрбумаас наашгүй гэх мэт олон жишээг тухайн үед төрийн түшээд өөрсдөө гаргаж тавьсан. Олон нийт ч шүүмжилж, авилга шингэсэн хөрөнгө оруулалтуудыг хараахаараа харааж, зүхэхээрээ зүхсэн. Хамгийн гол нь хөрөнгө мөнгийг төлөвлөж, хуваарилж, зарцуулах одоогийн тогтолцоо, аргачлал, эрхзүйн болон эдийн засгийн орчин буруу байгаа нь хэлэлцүүлгийн явцад дурайтал тодрон харагдсан юм. Тендер нь зарлагдаад, гүйцэтгэгч нь шалгарчихаад байхад санхүүжилт өгдөггүй, бүр ажил нь эхэлчихээд байхад ч удаашралтай санхүүжүүлдэг нь үнийн өсөлтөөс шалтгаалсан өртгийн зөрүү бий болоход нөлөөлдөг байна. Цаг улирлын болон санхүүгийн жилийн харилцан хамаарал муутай. Дээрээс нь авилгатай, улс төржилттэй, сонгуулийн амлалттай гээд улсын төсөвт маань “гаж хөгжил” хэтэрхий олон байгааг намрын чуулган нээн харуулав.

Хариуцлагагүй төр

“Төсвийн алдагдлын гол буруутан нь нүүрсний үнэ биш, УИХ өөрөө юм” гэж гишүүн Р.Амаржаргал үзсэн юм. УИХ төсвийг хэлэлцэх явцдаа 1,8 тэрбумаар хөөсрүүлж, тийм хэмжээний хөрөнгийг сүйтгэж хаясан гэж тэр мэдэгдэж, улс төрийн хариуцлага хүлээх субьектийг эрсэн боловч олдоогүй. Боловсруулаад оруулж ирсэн төслийг нь УИХ-ын гишүүд 20-30 хувиар нь өсгөж, эсвэл танаж, ямар ч судалгаа шинжилгээгүй, сэтгэл хөдлөлөөрөө өөрчилж, хувиргаж байхад төсвөө хамгаалаагүй Засгийн газраас, Ерөнхий сайдаас, юу л байна, мөнгө л байна, санхүүжүүлээд өгье, төсөл, ажлаа бариад ир, төсөвт суулгаад өгье гэж асуудалд хандсан Сангийн сайдаас, Оюутолгойтой гэрээ хэлцэл хийж 450 сая төгрөг оруулна гэж мэдэгдэж байсан Засгийн газрын гишүүнээс, ийм хөөсрүүлсэн төсөв оруулж ирж батлуулсан УИХ-ын олонхийн бүлгээс, Төсвийн байнгын хорооноос хэн нь ч хариуцлага хүлээхийг хүссэнгүй. Эцэст нь арга барагдахдаа тэр энэ бүхний төлөө өөрөө ганцаараа хариуцлага хүлээхээр шийдэж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Монголын парламентын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй үйл явдал болсон юм.

Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг гишүүнээс чөлөөлөхийг бусад 75 гишүүн хүсээгүй гэсэн үг. Хүнлэг байгаа юм шүү. Үзэгдэл талаас нь харвал тухайн хүний хувийн хүсэл эрмэлзлийг албадан дарангуйлсан шиг санагдаж болох юм. Гэвч Р.Амаржаргал гишүүний хийсэн алхам нь өөрөө улс төрийн шинжтэй байсан тул УИХ-ын эцсийн шийдвэр ч мөн тийм л байсан хэрэг. Гишүүнээсээ чөлөөлөгдөхгүйгээ тэр урьдаас мэдэж байсан тухайгаа хожим илчилсэн бөгөөд улс төрийн хариуцлагын талаар дохио сэрүүлэг өгөх зорилгодоо харин хангалттай хүрсэн гэж дүгнэж болно. Харамсалтай нь сигнал хангинаад л өнгөрлөө. Цөөнхийн бүлгээс босгож хэлэлцүүлсэн Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайд нарыг огцруулах, эсэх тухай асуудал ч мөн л улс төрийн хий дулаа төдий байсан гэж болно. Төр хариуцлага хүлээх механизмгүй хэвээр үлдлээ. Ийм байгааг нь бид өнгөрөгч намрын чуулганаас л олж харлаа.

Гажуудсан төрийн удирдлага

Төсвийн хэлэлцүүлгээс тодорхой болж харагдсан “төрийн согогуудын” хамгийн ноцтой нь удирдлагын гажуудал байлаа. Үндсэн хуулиар манай улс парламентын засаглалтай. Гэтэл энэхүү засаглалын тогтолцоо гажуудаад УИХ ямар ч хүчгүй болж, Засгийн газраа хянаж чадахгүйд хүрсэн нь тодорхой болчихож. Засгий газар нь өмч хөрөнгө, төсөв мөнгөө хянаж чадахгүйд хүрчээ. Засаглалын бүхий л эрх мэдлийг ээлж дараалан хэрэгжүүлсэн цөөхөн улстөрчид өөр зуураа барьцаалагдан, бие биендээ хэлэх үггүй болж явсаар уг гажуудал өөрөө дотоод тусгай зохион байгуулалттай болох болтлоо нарийвлагдан, төрийн удирдлага дампуурч мэдэх ноцтой нөхцөлд тулж ирснийг намрын чуулган илрүүлэн харуулсан юм.

Монголын төр улс орныхоо эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, өсөж байгаа, буурч буйн алин болохыг тооцон тогтоож чадахгүй болсон нь харагдав. Хоёр Засгийн газрыг дамнан боловсруулагдсанаас болж 2013 оны төсөв муу болсон гэсэн гаргалгааг Ерөнхий сайд дэвшүүлсэн. Хамгийн муу төсөвт ганц өөрийнхөө Засгийн газрыг дангаар нь хамаатуулахыг хүсээгүй хэрэг л дээ. Эдийн засаг МАН-ынхны яриад байгаа шиг тийм ч муу биш, ахиц дэвшил гарч байгаа гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийж, бензин шатахуун, мах, гурил, цементийн үнийг тогтоон барьсан хөтөлбөрийнхөө үр дүнг тайлагнасан. Тэгээд ч эдийн засаг өсөлттэй явж буй. Бүр хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх өсөлтийн дүн гарсан. Цаашлаад, 2012 оны эцэст 14.8 хувьтай гарсан инфляци өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 9.9 хувь болгож буурсан нь бодит эдийн засаг муугүй байгааг харуулж буй үндсэн үзүүлэлт гэж Засгийн газар дүгнэсэн юм. Харин УИХ, олонхи, цөөнхийн бүлэг болон парламент дахь бусад субьектууд бүгд тэс өмнөө байр суурьтай байлаа.

Төсвийн цоорхойгоос үүдээд статистик үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргачлал, ач холбогдлын дараалал, үр дүнгийн системчлэлийн зөрүүгээр улбаалан хөгжсөн хэрүүл маргаан ужгирч, төрийн институцийг бүхэлд нь тогтолцоо, бүтэц бүрэлдэхүүн, хэм хэмжээ, моралийнх нь хувьд хөндөж эхлэсэн. Ерөнхийлөгч “ухаалаг төр”-ийн тухай концепц дэвшүүлж, улмаар УИХ-ын гишүүдэд өмсгөсөн эрх мэдлийн “давхар дээл”-ийг тайлах санаачилга хүртэл гаргаад байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын төдийгүй Үндсэн хуулийн хямралд ч хүргэж мэдэх том асуудал гэдгийг энд нуршин дурдах нь илүүц биз ээ.