Технологи бол хүний эрх!
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15) Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд амжилттай болж өнгөрөв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15) Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд амжилттай болж өнгөрөв. Энэ удаа инновац, эдийн засаг, оролцоо гэдэг гурван том сэдвийг онцолж ярилцав. Харин энэ гурван сэдвийг хооронд нь болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмтэй холбох гол гүүр нь технологи гэдэгтэй талууд бүгд санал нэгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх (right), хэрэгцээ (need), хэрэглээ (demand) гэсэн ойлгуултаас бид хамгийн чухал нь болох эрхийг нь тэр бүр онцолж чаддаггүй юм байна. Бүр анхан шатны хэрэглээ, үсрээд л хэрэгцээ дээрээ төвлөрөөд, тэндээ хамаг төсөв мөнгөө зарцуулаад, цаг аргацаасан шийдэл дээр ажиллаад том зургаа харахгүй байна. Асуудлыг сууриас нь эхэлж харж, ондоо хандлагаар шийдэх ёстой ажгуу.
Цар тахалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, хүүхдүүд, алс хязгаар нутагт амьдардаг хүмүүс хамгийн хүндээр нэрвэгджээ. Энэ хэрээр дэлхийн нийтээрээ хөгжлийн ялгаа томорч, нийгмийн тэгш бус, боломжийн шударга бус байдал гаарч, үр дүнд нь эрүүл мэнд, боловсролын салбарын идээ бээр зад татагдав. Харамсалтай нь үүнийг дагаад ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нэмэгдэж, хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Гэхдээ цар тахал бол энэ бүх асуудлыг шийдэх боломж гэж дүгнэв. Энэ боломжийг бодит үйл болгох зүйл нь технологи болж таарч байна. Монголын 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг иргэд дунд хэдэн паразит байгаа бол? Халамжийн мөнгө авахын тулд худлаагаасаа группт орж, төрийн түшмэдэд авлига өгдөг нь баригдсан хэд хэдэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Төрийн албан хаагчид нь нэг удаагийн авлига аваад хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг байснаас сүүлдээ сар бүрийн халамжийн мөнгөний тодорхой хувийг нь насан туршдаа авна гэдэг “шаардлага” тавьдаг болсон тухай яриа ч чих дэлсэж байсан. Энэ бүхний бүртгэлийг блокчэйн дээр хийгээд, технологийн дэвшлийг хэрэглээнд оруулбал ямар их төсөв мөнгө хэмнэж, ямар том авлигын үүдийг хааж, ямар сайхан шударга боломжийг ялгаатай иргэдэд өгч чадах бол оо?
Дэлхий дээр 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Та бидний 7 хүн тутмын нэг гэсэн үг. Энэ дундаас оюуны ялгаатай хөгжилтэй иргэд, хүүхэд залуус өөрийгөө бусдад илэрхийлж чадахгүйн улмаас хөгжих эрхээ хамгийн ихээр алдаж байдаг. Энэ эрхийг нь яах аргагүй технологи баталгаажуулах ажээ. Ковид та биднийг бие биенээсээ ямар их хамааралтай ажиллаж амьдардгийг батлан харууллаа. Хатуу хөл хорионд хүн амьтантай уулзахгүй, нийгмийн харилцаанд орохгүй хэдхэн хоноход ямар хэцүү, бачимдмаар, бүр боож үхмээр байдгийг та бид бүгд мэдэрсэн.
Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдрал яг ийм байдаг гээд төсөөлөөд бодоорой!
Харин технологийн нөлөөгөөр ялгаатай хөгжилтэй хүмүүсийн нийгмийн оролцоог тодорхой түвшинд хангах бүрэн боломжтой болжээ.
Технологи бол хүний эрх ажээ.
Технологийн үр шимээр зүгээр нэг хөгжил биш бүр шал ондоо бөгөөд хүртээмжтэй хөгжлийг (Inclusive Development) цогцлоох боломжтой. Иймээс энд зэрлэг өрсөлдөөн байх ёсгүй аж. Гэвч зарим улсууд дотоодын зах зээлээ хамгаалах нэрээр инновац, технологийн хөгжлийн удаашруулж, хууль эрх зүйн орчноор хязгаарлалт хийж, өөрсдийнхөө хөгжлийн боломжийг боомилдог тухай онцлон хөндөж улс орнуудад анхааруулж байв. Энэ тэнэг шийдвэрийн хамгийн том хохирогчид нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ажээ. Монголд Улсад түгээмэл ажиглагддаг үзэгдэл байгаа биз?!
Хуучин эд баялаг, баян ядуу гээд орлого, хөгжлийн тэгш буй байдлыг ярьдаг байсан бол одоо Боломжийн тэгш бус байдал суурь асуудал болчихжээ. Зарим хүн интернэтийн хэт хэрэглээнээсээ болж “зовон тарчилж” донтож байхад зарим хүнд энэхүү технологийг хэрэглэх боломж нь ч олдохгүй хэвээр байгаа нь үнэхээр гутмаар! Энэ том технологи, хөгжил, нийгмийн ялгаан дунд бусдаас хамааралтай амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж амь зуудаг гэж бодно?
Хүний амьдралыг сайжруулж чадахгүй юм бол технологийн ач холбогдол, хэрэглээ гэж ямар юмны баас нь байдаг юм бэ гээд хөгжлийн бэрхшээлтэй нэг залуу хурал дээрээс орилон бухимдаж байсан. Иймээс “энгийн” иргэн гэгддэг эрүүл, саруул бие оюунтай та бид өөрсдөө хамгийн түрүүнд технологийн вакуумаасаа гарах, хэрэглээ, дэд бүтцийг улам бүр хүртээмжтэй болгох, энэ хэрээр хүнээ хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, мэдлэг оюунаар цэнэглэх, зөв хэрэглээ бий болгох, ондоо дадлыг суулгах (Digital Inclusion) цогц ажлуудыг технологийн компаниуд заавал хийх хэрэгтэй байна аа. Энэ талаар олооон жилийн өмнө блог дээрээ бичиж байв. Сонирхвол ЭНЭ холбоосоор орж уншиж болно.
Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүн бусдын тусламж дэмжлэггүй бие даан амьдарч чадаж буй нийгмийг хамгийн өндөр хөгжилтэй нийгэм гэж тодорхойлдог болжээ.
Тэрнээс биш улс орны хөгжлийг эдийн засгийн чадавх, өндөр байшин, үнэтэй машинаар хэмжихээ хэдийнэ больсон байна аа найзууд минь! Хэнийг ч ардаа үлдээхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог заавал хангаж өгөх ёстой. Энэ боломжийг нь олгоогүй байж бид хүний эрх ярих ёсгүй ажээ. Энд тэнд хурал хуй, шийдвэр гаргалтыг харж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “үзмэр, чимэг” болгож “ашиглаж” буйгаас биш яг шийдвэр гаргах процесстоо оролцуулж, дуу хоолойг нь бүрэн сонсож чадаж байна уу гэвэл том асуултын тэмдэг гарна шүү. Ийм учраас зарим улс орнуудын шийдвэр гаргах түвшинд, тухайлбал УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай квот хүртэл байдаг.
Ялгаатай хөгжилтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахын тулд технологи ашиглах ёстой. Хүний технологи ашиглах нэг хэрэг харин өөрийнхөө технологио хөгжүүлэх нь бүр том үйл хэрэг болж байна. Энэ өөрөө цаашдаа манай улсын нийгмийн бүхий л салбарын хөгжлийн түлхүүр болохоор байна. Учир нь Орос, Хятад гээд хоёр аварга хөршийн дунд далайд гарцгүй хавчуулагдсан Монгол Улсын хувьд оюун ухаан дээрээ суурилсан технологийн салбарыг бусдаас үл хамааран хөгжүүлэх, дэлхийн зах зээлд экспорт хийх нь үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой гэж бодох юм аа.
#Inclusion #Participation #Empowerment #Dignity #Equality