Уурандаа эхлүүлсэн бүхэн ичгэвтрээр төгсдөг жамтай!
Засгийн газар ууртай байна! Сайд Г.Занданшатар Монголд ирсэн “Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх улирдлагын багтай өнгөрсөн долоо хоногт уулзав.
Засгийн газар ууртай байна! Сайд Г.Занданшатар Монголд ирсэн “Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх улирдлагын багтай өнгөрсөн долоо хоногт уулзав. Тэд “Оюутолгой” компанид тавьсан 155 сая долларын татварын актыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан ч, шийдэлд хүрэлгүй салжээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд албан ёсоор хандсан. Зөвлөл ажлын 60 хоногт маргааныг шийдэх бөгөөд уг хугацаа энэ сарын сүүлээр дуусах юм. Ойлголцож чадахгүй бол арбитрт хандах эрх талуудад нээгдэнэ. Маргаан олон улсын арбитрт очлоо гэхэд “Рио Тинто”-г ялж чадах эсэхдээ Засгийн газар эргэлзэж, бас 155 сая долларын татварыг багасгавал дотоодын шүүх дээр унана гэдгээс болгоомжилж байгаа.
Засгийн газар ууртай байна! Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын нэгэн амлалт таг гацаад хагас жил болов. Тэд 100 хоногт багтааж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг дуусгана гэсэн юм. Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авч, ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон. Гэвч Засгийн газрын энэ шийдвэр шүүхийн шат бүр дээр дараалан унасаар яваа. Тэгэхдээ засаг гандан буураагүй. Хамгийн сүүлд, энэ сарын 6-ны өдөр төрийн төмөр нүүрийг харуулан “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг хүчээр хуралдуулж зарим шийдвэр гаргажээ. Гэтэл дахиад л шүүхээс ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгож түдгэлзүүлэв. Мөн төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ-д чиглэл өгөхгүй, хуралдуулахгүй, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг шүүхээс даалгажээ. Уг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нь УИХ-ын тогтоолтой, тэр нь Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлттэй хэрнээ Засгийн газрын шийдвэр нь Иргэн, Захиргааны хэргийн шүүх дээр унаад байдаг юм. Засгийн газар нь УИХ-ын тогтоолыг буруу ойлгоод, эсвэл буруу хэрэгжүүлээд байна уу, мэдэхгүй ямар ч гэсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажил жинхэнээсээ хуулийн мухардалд оржээ.
Засгийн газар ууртай байна! Гүйцэтгэх засаглал Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг хувьчлахаар УИХ-д санал оруулав. Тэндээс зөвшөөрөл авна. Гэтэл эхнээсээ бүдэрлээ. Жишээ нь, Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар хувьчлах санал оруулсан нь “хэтэрхий бага үнэллээ, Засгийн газар захиалгат хувьчлал явуулах гэж байна” гэх хардлагад өртөв. Хотын төвийн А бүст байрлалтай, “Миллинум IT” гэж дотооддоо ашигладаг программыг гэхэд улсын төсвийн 50 тэрбум төгрөгөөр авч өгсөн тус биржийн газрыг зарахад л хамгийн багадаа 35 тэрбум хүрнэг гэж зарим гишүүн үнэ тогтоов. Энгийн төвшинд харьцуулахад, Төрийн ордны зүүн талд байрлах Хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилга дуудлагаар 24 тэрбум төгрөгт хүрч байхад, баруун талд нь байх Хөрөнгийн бирж гэх байгууллагыг барилгатай нь хамт 20 тэрбумаар зарна гэдэг арай л үнэ л дээ. Төрийн банкийг хувьчлах үнийн санал ч бас маргаан дагуулав. Сум бүрт шахуу салбартай цорын ганц гэж болох тус банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлах саналыг Засгийн газраас оруулжээ. Гэтэл жилийн цэвэр ашиг нь 12.3 тэрбум төгрөгт хүрдэг банк дор хаяж 500 тэрбум төгрөг хүрэхээр байхад хэнд зориулж, хэнийг захиалгаар ийм хямд үнэ тогтоосон талаар гишүүд хэлж, эзэн хайв. Пүрэвдорж гишүүн гэхэд нэр зааж, Төрийн банкийг Ц.Нямдорж, Г. Алтан нарт 40 тэрбумаар хувьчлах гэж байна, Г.Алтан Төрийн банкнаас 35 тэрбумын авлагатай гэдэг, одоо 40 тэрбумыг төлөөд л авчихна хэмээн ил тод зарлав.
Засгийн газар ууртай байна! Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон байлаа гэхэд монголчуудын хувьд боломж дуусчихаагүйг зарим хүн хэлдэг. Оюутолгой төсөл усаа 40 км-ийн цаанаас Гүнийн хоолойгоос татдаг. Хэдийгээр тодорхой хувийг нь буцааж ашигладаг ч Оюутолгой төсөл секундэд 870 литр ус хэрэглэдэг байна. Иймд 40 жилийн турш ашиглах усны нөөц, хэрэглээгээр нь Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай дахин хэлэлцээрт орж, 34 хувьдаа оруулах мөнгөгүй юм бол, усан дээрээ танц эргэе гэж эрдэмтэн судлаачид хэлдэг юм. Харин үүнийг урьтаж анзаарсан хөрөнгө оруулагчид саналаар 40 км-ийн хол орших Гүний хоолойг Оюутолгойн ордын лицензид талбайд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Үүнийг нь иргэний нийгмийнхэн эсэргүүцэж шүүх дээр Засгийн газар ба Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хамтарсан багийг ялж яваа. Өөр нэгэн ноцтой жишээ гэвэл, Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс усны төлбөр авахгүй байхаар Засгийн газар шийджээ. Усны төлбөрийг орон нутгийн ИТХ тогтоох эрхтэй ч, Засгийн газар ингэж шийдэв. Ханбогдын хамгийн том хуулийн этгээд нь, хамгийн их ус хэрэглэгч нь Оюутолгой төсөл л дөө. Усны төлбөр авахгүй гэсэн Засгийн газрын энэ шийдвэрийг иргэний нийгмийнхэн шүүхдэхээр зэхэж буй.
Засгийн газар гарц олжээ! “Эрдэнэт”-ийн 49 хувь, нэр бүхий аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн, мөн өмч хувьчлалтай холбоотой зарим шийдвэр нь шүүх дээр очиж унаад байгаа учраас, басхүү хожмоо унах магадлалтай тул Засгийн газар өөрийгөө хамгаалах мэргэн санаа олжээ. Тэр нь хуульд өөрчлөлт оруулж, хуулиар өөрийгөө хамгаалах арга юм. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж, Засгийн газрын хуралдаанаас дэмжив. Удахгүй УИХ-д өргөн барина. Төслөөр бол Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төв болон төрийн захиргааны байгууллага, бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах эрхгүй болох юм. Нутгийн захиргааны байгууллга гэдэг нь орон нутгийн ИТХ, Засаг дарга шүү дээ. Амьдрал дээр аливаа захиргааны шийдвэр л иргэдийн эрхийг хамгийн их зөрчдөг. Гэтэл захиргааны ийм шийдвэрийн талаар иргэд гомдол гаргах эрхгүй, шүүх хянахгүй гэсэн үг.
Төслийг хөлбөмбөгийн аваргын дуулиан, улсын наадам угтсан найзгайрал дунд, олон түмний нүднээс далдуур УИХ нь “машиндаад” батлахаар тооцсон бололтой юм. Хэрвээ энэ төслөөр батлагдвал Захиргааны хэргийн шүүх бараг харьяалах гомдолгүй болж татан буугдах биз. Мөн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүх дээр яваа олон зуун төрлийн маргаан шууд хүчингүй болно. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр жишээлэхэд, төрд авсан Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлж ТУЗ-ийг томилсон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийн талаархи маргааныг шүүх хянах эрхгүй, шаардлагагүй болно. Ханбогдод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй болно гэсэн үг. Бүр энгийн жишээн дээр гэхэд яам, агентлагийн дарга, Засаг даргын шийдвэр бол ихэнхдээ боловсон хүчний томилгоо, халаа сэлгээтэй холбоотой байдаг. Энэ дунд хэн нэгнийг хохироож, хууль бусаар ажлаас халсан бол халагдсан хүн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалах эрхгүй болно. Иргэндээ халтай, Засгийн газар, агентлаг, Засаг даргын буруутай үйлдлийг хуулиар хамгаалсан ийм л хуулийн төслийг У.Хүрэлсүхийн танхим зүтгүүллээ. Хууль санаачлах онцгой эрхээ ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгох гэсэн энэ үйлдлийг ашиг сонирхлыг зөрчил гэж харж болох. Хамгийн гол нь “эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт, Монголын Улсын иргэний эрх хаачих вэ?
Үүнээс өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяраас Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан “Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянаж байгаа буруу практикийг залруулах тухай” санал илгээсэн. Гэвч Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Цэцийн даргын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байв. Энэ бол бас л ньюанс бөгөөд Засгийн газрын захиргааны шийдвэрийг шүүхийн хяналтгүй болгох гэсэн “дараагийн алхам” нь дээрх хуулийн төсөл боллоо. Засаг яагаад захиргааны шийдвэрээ шүүхэд хянуулахгүй гээд байна вэ? Хамгийн ойроос нь, хамгийн амраар нь үзэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр нь шүүх дээр унаад байгаа учраас, мөн Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай татварын хэрүүлтэй зэрэгцүүлж усны маргаан үүсгэхгүйн тулд ийм төсөл санаачиллаа гэж хардаж болохоор. Гэтэл нэг хэсэг хүнийг шүүх дээр дийлэхийн тулд 28 жил явсан нийгмийнхээ үнэт зүйл, нийт иргэдээ хорлож, хохироож болох уу. Үүний оронд, үнэхээр л буруу шийдвэр гаргаж, ийм төсөл санаачлахаас аргагүйд хүргэж байгаа бол тэдгээр шүүгчидтэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй. Ардчиллын үнэтэй, нийт иргэдийн эрх эрх чөлөөтэй тэнцэх нэг хэсэг хүмүүс эрх ашиг гэж байх ёсгүй билээ.
Иргэд айдастай байна! Улс орнуудыг Засгийн газар нь иргэдээсээ айдаг, иргэд нь Засгийн газраасаа айдаг гэж хоёр ангилдаг. Манай улс 1990 оноос хойш “Засгийн газар нь иргэдээсээ айдаг” ангилалд багтаж 28 жил явсан билээ. Наад зах нь төрийн албан хаагч үндэслэлгүй халагдвал, жирийн иргэн өмчилсөн газраа Засаг даргынхаа шийдвэрээр бусдад булаалгавал шүүхэд хандаад эрхээ хамгаалж болдог, чаддаг байлаа. Байлаа гэсний учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим санаачилж, олон хүний хувьд шударга үнэний манаач гэж ойлгогддог Ц.Нямдорж сайдын тэргүүлсэн яамны хянасан төслийн дараа Монгол Улс “иргэд нь Засгийн газраасаа айдаг” ангилалд багтаж магадгүй болов. Жирийн иргэн хэт хутга хулгайлбал хоригдоно, харин улстөрчид хаан ширээг хулгайлбал бүгдийг хүссэнээрээ удирдана гэдэг энэ ажээ. Иргэд нь Засгийн газрынхаа хууль бус шийдвэрийг сөрж болдоггүй, зөрчигдсөн эрхээ хамгаалах эрхгүй бараг хоёрхон улс дэлхийд бий. Нэг нь Хойд Солонгос, нөгөө нь Куба. Харин гурав дахь нь Монгол Улс болохоос иргэд айж байна! 1990 онд өлсгөлөнгөөр авчирсан ардчиллын хамгийн амин сүнс-иргэний эрх, эрх чөлөөг хуулийн өөрчлөлтөөр нугаслахаас иргэд айж байна!
Бурхан, Үндсэн хууль хоёр эзэн хаанаас ч эрхэм гэдэг нь худлаа л юм байна. Иргэдийнхээ зөрчигдсөн эрхээ хамгаалж гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхийг хориглох, Үндсэн хуулийн байгуулал болох бие даасан, хараат бус шүүхийнхээ нэг салаа мөчир-Захиргааны хэргийн шүүхийг бараг татан буулгах төсөл санаачилна гэдэг бас л зориг шүү. Ийм зориг Засгийн газрын Ерөнхий сайдын зөвшөөрөл, засаглаж байгаа намын даргын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх засаглалын босгыг давах боломжгүй. Учир нь хаана ч, аль ч улсад Ерөнхий сайд бол Засгийн газрынхаа тал нь, мөн намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд байдаг юм.
Засгийн газрын захиргааны шийдвэрийг шүүх хянах эрхгүй болбол юу болох вэ? Хаана хууль байхгүй байна, тэнд гэмт хэрэг гэж байхгүй гэж зарим хүн андуурч байх шиг байна. Гэтэл хаана шүүх эрх мэдлийн хяналтгүй байна, тэнд шударга ёс үгүй, шударга ёс байхгүй газарт хууль ёсны Засгийн газар бус, хулгайч дээрмчдийн бүлэглэл л засагладаг гэдэг. У.Хүрэлсүх гэж бие хүн нь улсын Ерөнхий сайд гэж бас андуурч байна. Гэтэл засаг бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй засаг гэх номлол бүхий бүгд найрамдах засаглалтай улс оронд иргэндээ эрх тэгш үйлчлэх хууль ёс л Ерөнхий сайд байдаг юм. Тийм учраас Монголын ард түмэн хөлбөмбөгөө үзэж, улсын наадмаа хүлээнгээ энэ хууль батлагдах эсэхийг л тэвчээртэй хүлээж, харж л байгаа. Ард түмэн “их далай”, улстөрчид бол “завь” юм. Хэрвээ энэ төсөл Засгийн газрын яг хүссэнээр нь батлагдвал эрх чөлөөг эрхэмлэгч “их далай” урсгаж яваа “завиа” өнөөдөр биш ч, маргааш сонгуулиар хөмөрч бас чадах л байх. Уурандаа эхлүүлсэн бүхэн эцэстээ ичгэвтрээр төгсдөг нь жам шүү, эрх баригчид аа.
Itoim.mn