М.Саруул-Эрдэнэ “Хит дууг хэлээрээ дуулъя буюу дуугаар англи хэл сурах нь” номоос

Рок дотроо прогрессив рок (progressive rock) бүлэгт хамаарах АНУ-ын Канзас хэмээх хамтлагийн Dust in the Wind дуу нь үг, ая аль ч талаараа монголчуудын анхаарлыг татах нь зүй. Энэхүү дуу 1978 оны 4 сарын 22-нд Биллбоардын Шилдэг 100 (Billboard Hot 100) дууны 6 дугаарт жагстлаа ахиж байсан  юм.  Канзас хамтлагийн түүхэнд Биллбоардын Шилдэг 10-т багтсан ганцхан дуу нь энэ болохоос гадна уянгалаг ая, найраглаг шинж, гүн ухааны аяс зэргээрээ ”Хумхын тоос” нь Канзасын бусад дуунаас эрс ялгаатай. Канзас дахиж ийм акустик (цахилгаан хөгжимгүй) дуу дуулаагүй байна.

I close my eyes
Only for a moment and the moment’s gone
All my dreams
Pass before my eyes with curiosity

Нүдээ ганцхан агшинд л аних төдийд тэр агшин аль хэдийн урсан одсон байна, түүнчлэн бүх сайхан мөрөөдөл минь нүдний өмнүүр өнгөрсөөр...

Эхний бадагтаа дууг зохиогч, Канзас хамтлагийн гитарчин Керри Ливгрен цаг хугацааны тухай, тэрхүү эцэс төгсгөлгүй, эхлэлгүй, зогсолтгүй, бас заримдаа утгагүй ч мэт санагдах тэр цаг хугацааны тухай өгүүлжээ.

Same old song
Just a drop of water in an endless sea…

Нэр алдарт гарсан рок хамтлагийн гитарчин хүн гэхэд уран бүтээл, дуу зэргээ мөнхийн бүтээл, гарамгай авьяас гэж харахаасаа илүү маш өргөнөөр сэтгэж, “Бас л нэг байдаг дуу, хязгаар үгүй и хдалайд бол ердөө ганц дуслын л төдий...” хэмээсэн байна.

All we do
Crumbles to the ground, though we refuse to see…

Яг энэ хэсэгт Буддын гүн ухааны чухал санаа тод орч ирдэг. “Бидний бүтээж байгаа бүхэн бүгд нуран унана, гэвч тийм зүйл болохыг ойлгохыг, харахыг бид хүсдэггүй...” Хуран үүдсэн бүхэн мөнх бус, эхэлсэн зүйл бүрт төгсгөл гэж бий хэмээн Бурханы шашинд сургадаг билээ. Энэхүү сургаалыг улам тодруулж байгаа хэсэг нь дахилт нь юм:

Dust in the wind
All they are (дараагийнхаа дахилт дээр we are) dust in the wind.

“Бид бүгдээрээ салхинд хийсэх өчүүхэн тоосонцор төдий юм шүү дээ...”

Керри Ливгрен үнэн хэрэгтээ Буддын гүн ухаанаас бус Америкийн уугуул индиануудын нэгэн дууг сонсож байгаад “For All We are is Just Dust in the Wind” гэсэн мөрийг сонсоод энэхүү дууныхаа санааг олсон гэдэг. Гэвч мөн чанарын хувьд чухам нэгийг өгүүлсэн нь илт байна.

Now don’t hang on
Nothing last forever but the earth and sky
It slips away
And all your money won’t another minute buy

“Үлдэх гэж учиргүй чаргууцалдаад хэрэггүй ээ, тэнгэр, газар хоёроос өөр мөнх юм гэж байхгүй, тэгээд ч чиний хамаг мөнгө баялаг ганцхан минутын амьдралыг ч худалдан авч дийлэхгүй...”

Монголчуудын байнга сургадаг хэдэн чухал санаа энэ сүүлчийн бадагт байна. Хөх тэнгэр ганцаар мөнх оршино хэмээх үзэл, мөн “дэлхий ээж – тэнгэр эцэг” хэмээн хамтад нь, нэг юмны хоёр тал болгон ойлгох санаа тусчээ. Сүүлчийн мөр нь “энэ хорвоод ганцхан шударга зүйл бол үхэл юм. Цаг нь ирвээс баян, ядуу хэнийг ч ялгалгүй авч одно” хэмээн манайхны өгүүлдэгтэй агаар нэгэн болсон байна.

Канзасын энэ дууг ерөнхийд нь дүгэнэхэд эгээ л манай Маанийн сургаалын гол санаа явж байна уу даа гэж уулга алдмаар. Маанийн сургаалд:

Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү

Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санааарай
Өнгөөр хуурч болдоггүй
Үйлийн үрийг бодоорoi

Ухааран шинжвэл хоосон
Усанд туссан сараа
Нотлон шинжвэл хоосон
Нойронд ургасан зүүдээ

Үхэх төрөхийн орчилд
Үнэн чанарыг таниасай...

хэмээдэг билээ.

Ингээд дууныхаа англи үгийг бүтнээр нь, өөрийн монгол орчуулгын хамт толилуулъя. Канзас хамтлаг дууныхаа үгийг маш тод хэлж дуулж байгаа учраас хэл сурч байгаа хүнд бол сайн дадлага болохуйц байна.

Монгол орчуулгаа аль болох аянд нь тохируулж, даган дуулж болохоор хийхийг оролдсон учраас хамтлаг дуучид, сонирхогч оюутнууд монголоор нь дуулах гээд үзвэл бас болох юм шүү.

Kansas

Dust in the Wind

I close my eyes,
Only for a moment, and the moment"s gone
All my dreams,
Pass before my eyes, in curiosity

C: Dust in the wind,
all they are is dust in the wind

Same old song,
Just a drop of water in an endless sea
All we do,
Crumbles to the ground, though we refuse to see

Don"t hang on,
Nothing last forever but the earth and sky
It slips away,
And all your money won"t another minute buy

C: Dust in the wind,
all we are is dust in the wind
Dust in the wind,
everything  is dust in the wind


Канзас

Хумхын тоос

Аньсгаан аяархан буулгаад
Агшин төдөхөд л аль хэдүйн өнгөрчихсөн байна
Хамаг сайхан мөрөөдөл
Хачирхалтайгаар нүдний өмнүүр урсан одно

Хумхын тоос
Хуурамч хорвоод бид бүгдээрээ хумхын тоос

Өнөөх л байдагдуу
Өргөн далайд бол ердөө дуслын төдий
Бүтээсэн хийсэн маань
Бүгд үгүй болно, гэвч бид ойлгохыг үл хүснэ

Амьдралаас зуураад хэрэггүй ээ
Алтан дэлхий, цэнхэр тэнгэрээс бусад нь мөнхийн бус
Буцах л цаг ирвээс
Бум бумаар нь төлөөд ч нэг ч мөч торгоож чадахгүй

Оргүй хоосон
Орчлонд та бид оргүй хоосон
Хумхын тоос
Хуурамч хорвоод бид бүгдээрээ хумхын тоос

Одоо харин Канзас хамтлагийн анхлан дуулсан уг эхийг сонсоцгооё:.

http://www.youtube.com/watch?v=11mYdYrZfSI

Жич: Саруул-Эрдэнэ багшийн бичсэн “Хит дууг хэлээрээ дуулъя буюу дуугаар англи хэл сурах нь” номд рок поп урлагийн түүхнээ тодоор бичигдэн үлдсэн 14 хит дууг дээрхийн маягаар орчуулжээ. Номыг Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдээс гадна хилийн чанад дахь уншигчдад зориулан Ebay сүлжээгээр борлуулж байна.