М.Саруул-Эрдэнэ “Зугаатай хэл шинжлэл” номоос:

Цаг хугацаа гэж юу вэ? Оносон ганцхан хариулт байдаг уу? Цаг гээч хэзээ харвасан сум шиг өнгөрөөд хэдийд яст мэлхий шиг мөлхөнө вэ? Одоо цаг гэж огт байдаггүй гэдэг үнэн үү? Цаг хугацаа, хэлний цаг хоёр ямар холбоотой вэ? Монгол хэлний үйл үг хэдэн цагтай вэ?

Мундаг сэтгэгч биш учраас энэ бүхний хариуг мэдээж би өгч чадахгүй, гэвчиг хариулж чадахгүй байна аа гэдэг нь энэ тухай ярилцаж, хэлэлцэж болохгүй гэсэн үг бас биш учраас хир хэмжээндээ цэц булаалдаад авахад юу нь буруудах билээ?

Үйл явдлын дэс дарааг тогтоож, хир удаан үргэлжлэхийг нь болон хэдийд болохыг нь тогтоодог ойлголтыг “цаг” гэнэ гэсэн нэг тодорхойлолт байна. Нэг л хуурай, хөндий юм аа. Цагийн тухай элдэв сониныг хөөрөлдөнгөө эцсийн дүнд нь монгол хэлний үйл үг хэдэн цагтай болохыг тодорхойлох гээд оролдъё.

Магелланы алдсан хоног буюу газарзүйн цаг

1519 оны 9 сарын 20-ны өдөр хүн төрөлхтний түүхэн дэх анхны дэлхий тойрсон аялал Испанийн эргээс эхэлжээ. Агуу Магелланаар ахлуулсан 5 усан онгоц, 270 аялагч их аянд гарснаас ганцхан Викториа онгоц, арван наймхан зоригтон дэлхийг бүтэн тойроод Ногоон хошуунд (Африкийн баруун эргийн хойг – Cape Verde) эсэн мэнд ирсэн билээ. Усан цэргүүд эрэг дээр буунгуутаа нэг л зүйлд будилж, туйлаас их гайхсан гэдэг. Тэдний машид нарийн хөтөлсөөр ирсэн усан онгоцон дээрх хуанли ёсоор Лхагва гариг болж байсан бол эх газар дээр, өөрөөр хэлбэл орхин одсон нутагт нь Пүрэв гариг болж байх нь тэр. Гарцаагүй зөв тоолсоор байгаад бүтэн хоног алдчих гэж. Өнөөдөр хэний ч гайхахааргүй энэ хоногийн алдагдал 16-р зууны боловсролтой сэхээтнүүдийг тархийг гашилгаж, санааг зовоосон гэдэг.

Усан онгоцон дээр үгүй болсон хоногийн асуудал хурцдаж, Ром руу, Папын зүг эрдэмтэн мэргэдийг очиход хүргэжээ. 6-р Адриан Пап харин хаа очиж манай 8-р Богд шиг, юм юм сонирхдог хүн шиг байсан бололтой юм, алдсан хоногийг чөтгөр шулмын хорлол биш, шинжлэх ухаанаар тайлбарлаж болох зүйл хэмээн мэдэгдсэн гэдэг. Дэлхий баруунаас зүүншээ эргэнэ. Тиймээс та дэлхийг тойрон баруун зүг рүү аялбаас цаг хугацаа, хоног хожно, харин зүүн зүгт удаан хугацаагаар явбал хоног өдөр, цаг хугацааг алдах билээ.

Монголоос АНУ-д ирж буй зарим найз маань Нямд гараад бүтэн хоног аялаад Нямдаа хүрээд ирлээ гэж гайхах нь бий. 16-р зуунд гайхаж байсныг хорин нэгдүгээр зуунд хоёулаа гайхахгүй ээ хө, Магелланы зүүншээ аялахдаа алдсан хоногийг сөрж ирэхдээ та нөхөөд авчихсан хэрэг шүү дээ. Цаг хугацаагаар аялах боломжгүй л гэдэг, болоод байгаа юм биш үү?

Өнгөрсөн, одоо, ирээдүйн ялгаа буюу философийн цаг

Цаг хугацаа гэгч өнгөрснөөс одоогоор дамжин ирээдүй рүү хөвөрдөг, ганц хэмжээст урсгал гэх. Энэхүү ганц л хэмжээсийг зохиомлоор өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээн хуваадаг ч гэх. Оршихуйн ухааны (онтологи)-ы үүднээс өнгөрсөн, одоо, ирээдүйн ялгаа юу вэ?

Энэ талаарх гүн ухаантнуудын үзлийг ерөнхийд нь гурав хуваадаг.

Өдгөөч үзэлтнүүд (presentist) зөвхөн яг одоо оршиж буй, болж буй юмс, үзэгдэл жинхэнэ, бодтой, тэдгээрийг бид мэдрэхүйгээрээ хүртэж болно, харин өнгөрсөн хийгээд ирээдүй  гэдэг жинхэнэ биш юм. Энэ үзлээр бол жишээ нь Чингис хаан, үлэг гүрвэл бүгд бодит биш, харин Тайхар чулуу, та бид бол жинхэнэ юм мөн. Парменидас өдгөөч үзэлтэн байсан гэдэг. “Өнгөрсөндөө бүү харамс, ирээдүйдээ санаа бүү зов, өнөөдрөөрөө амьдар” гэсэншүү утгатай, толой сүүл холбосон янз бүрийн үг сургаал, ишлэл байдаг даа. Цаад санаа нь бол өдгөөч үзэл юм.

Өдгөөчид оршин буй хүнийг зөвхөн буй биетэй нь холбож үзэх бөгөөд бие нь үгүй болсноор тэр хүнийг бас үгүй болж буй хэмээн үзнэ. Дээр үед манай нэг хөдөөний малчин өвгөн “Ленин таалал болов, Ленин үүрд бидэнтэй хамт” гэх мэт мэдээ сонссоор байж толгой нь эргэчихсэн “Нэг үхсэн гээд, нэг хамт байгаа гээд, тэр Ленин гэж хүн босоо ороолон болжээ дээ, янз нь” гэж байсан гэдэг. Малчин өвөө бол эгээ л Парменидасын нэгэн адил өдгөөч үзэлтэн болох нь тодорхой байна.

“Өнгөрснөөс ургах” (Growing Past) хэмээх өөр нэг үзэл байна. Үнэн байдал гэгч тодорхойгүй, боломжит үнэнээс тодорхой үнэн болон “ургадаг” хэмээх үзэл аж. Энэ үзлийг баримтлагчдын хувьд өнгөрсөн, одоо хоёр бодит, ирээдүй харин үнэн биш ажээ. Тухайлбал Чингис хаан, үлэг гүрвэл ч үнэн зүйл, харин та бидний үхэл бол үнэн биш. Та бидний үхэх нь ирээдүйд болох учраас боломжит, тодорхойгүй үнэн гэдэгт нь орно. Зарим гүн ухаантан Аристотелийг “өнгөрснөөс ургах” үзлийг баримтлагч байсан гэдэг.

Дээрх хоёр үзлийг хоёуланг нь үгүйсгэгч “цул ертөнц” (Block Universe) хэмээх үзлийг сүүлийн үед олон хүн дагах болжээ. Тэднийхээр бол өнгөрсөн, одоо, ирээдүй гуравт ямар ч обьектив ялгаа байхгүй, цаг хугацааг нэгэн цул зүйл гэж үзэж байгаа учраас “цул ертөнц” хэмээн нэрлэгдэж байгаа юм. Бертранд Рассел энэ үзлийн гол төлөөлөгч. Бид цагийг гурав хуваадаг нь угаас ганцхан чиглэл бүхий нэг шугамыг л өөрсдийн үзэл санааны үүднээс, субьектив үзлээр салгаж байгаа гэнэ. Нэгэнт цаг хугацааг нэгэн цул шугам гэж үзэж байгаа учраас тэд ирээдүйн тухайд авч үзэхдээ боломжит олон ирээдүйг бус яг тохиолдох тэр л ирээдүйг авч үздэг.

Таны бодлоор өнгөрсөн, одоо, ирээдүйн аль нь чухал, бодит зүйл вэ? Эсвэл энэ гурав ялгаагүй юу?

Одоогийн Би нь өнгөрсөн Би-гийн удамшил, ирээдүйн Би-гийн эх буюу Киноны цаг


Цаг хугацааны эргэлтийг, цаг хугацааны философийг гүн гүнзгий харуулсан олон сайхан кино байх. Тэдгээрийн дундаас надад хамгийн их нөлөөлсөн нь Кристофер Ноланы найруулсан Мементо.  Эхнэрээ алуулснаас хойш богино хугацааны санах ойгоо алдсан Ленни гэж залуу гол дүр нь. Түр сатаарах, эсвэл дуг хийгээд сэрэх болгондоо өнгөрснөө мартана. Бүх өнгөрснөө биш л дээ, эхнэрээ алуулахыг хүртэл бол санаад л байна. Нэгэнт мартахаа мэдэж байгаа учраас уулзсан хүн бүрийнхээ зургийг полариодоор авч, тэмдэглэл хийн, үйл явдлын өрнөлийг холбож, эхнэрийнхээ өшөөг авахыг хичээнэ. Хамгийн сонирхолтой нь киног ингэж найруулснаараа Нолан гол баатрынхаа амьдралыг ойролцоогоор арван минутын үргэлжлэл бүхий хэсгүүд болон хуваачхаж байгаа юм. Леннигийн “Одоогийн Би” нь “Өнгөрсөн Би”-гийнхээ үргэлжлэл мөн үү? Ленни “Ирээдүйн Би”-дээ санаа өгөх гэж тэмдэглэл хөтөлж, зураг авч, биедээ шивээс хийлгэнэ. Ингэснээрээ Ленни хэнийг алах, дараа нь юу хийхээ шийдэхдээ тусалж байгаа юм. Гэтэл ихэнхдээ тэр бүгд нь буруу байсан байдаг. Тэгэхээр бид өдөр бүр өнгөрснөө хаяж, шинээр эхлэх ёстой юу? Ингэж чадах уу?

Ерөөс гагц санах ойгоо алдсан Ленни ч биш бид бүгдийн амьдралыг хоног хоногоор, цаг цагаар хуваах боломжтой. Бид яг одоогийнхоороо сэтгэж, шийдвэрээ гаргаж байна гэж боддог. Гэтэл бидний өнөөдрийн шийдвэр гэгч Леннигийнх шиг өчигдрийн Би-гээс удамшиж ирсэн, өөрөөр хэлбэл бид шийдэж байгаа биш, өнгөрсөн Би-гээрээ шийдүүлж амьдардаг юм биш биз?
Би олигтой тайлбарлаж чадахгүй байна л даа, уншигч та өөрөө энэ киног заавал үзээрэй. Биднийг яг Ленни шиг ойлгомжгүй байлгахын тулд найруулагч киногоо өнгөрснөөс ирээдүй рүү, ирээдүйгээс өнгөрсөн рүү гэсэн хоёр дарааллаар үргэлжлүүлсэн байгаа. Энэ нь ч маш сонирхолтой. Хар цагаан хэсэг нь цаг хугацааны зөв дарааллаар, өнгөт хэсэг нь эсрэгээр явна.

Мементо киног “Мементо, Мори” гэдэг өгүүллэг дээр үндэслэж хийсэн юм билээ. Тэр өгүүллэг нь интэрнэт дээр бүрнээрээ буй.

http://www.esquire.com/fiction/fiction/memento-mori-0301?click=main_sr

Төгсгөл хэсэгт нь ийн өгүүлнэ:

“Ихэнх хүмүүсийн хувьд цаг хугацаа гэдэг гурван хэмжээс. Гэвч таны хувьд, миний хувьд цор ганц л юм. Ганцхан мөч. Энэ л мөч. Яг л та цагийн төв мэт, гар тань цагийн зүү мэт. Цаг таныг тойрон хөдөлнө, гэвч таныг бол хөдөлгөх ч үгүй. Танд нөлөөлөх хүчээ цаг алджээ... Цаг хугацаа бол хийсвэр. Ганцхан хамаатай зүйл бол энэ л мөч. Энэ л мөч сая удаа давтагдана. Надад итгээрэй, энэ л мөч хангалттай олон давтагдвал, та хичээсээр байвал дараагийнхаа зорилгод хүрэх болно” хэмээн өгүүлдэг.

Цагийн Цагны хоёр

Хэл гэж ухаантай тогтолцоо. Өөрөө өөрийгөө зохицуулна. Хэрэггүй зүйлээ өөрөө гээж хаяна, хэрэгтэй хэлбэрийг шинээр буй болгож авна. Хэл шинжээч үүнийг шийдэж байгаа биш хэл өөрөө аяндаа цэгцэрч байгаа нь тэр.

Та бидний хэлэлцэж буй цаг хугацааг монголчууд товчоор “цаг” гэдэг. Цаг хугацааг хэмждэг багажийг бас “цаг” гэнэ. Англиар бол Time – Clock/Watch  гээд ялгаатай байгаа. Ингэлээ гээд монгол хэлэнд нэг их андуураад сүйд болоод байх юм байхгүй л дээ. “Цаг хэд болж байна вэ” гэвэл time гэж, “Таны цаг яасан хөөрхөн юм бэ” гэвэл watch гээд л ойлгочихно л доо. Гэвч улам илүү ялган тодорхойлох ёстой гэж хэл өөрөө шийджээ.

Монгол хэлэнд яг одоо болж буй нэг сонирхолтой хувьсал бол адил үгээр илэрхийлэгддэг хийсвэр-бодтой ухагдахууныг ялгах оролдлого юм. Бодтой юмын нэрний ард харьяалах, гарахын тийн ялгал дээр тогтворгүй Н-ийн аналогиор үүссэн Н гийгүүлэгчийг нэмнэ.

Тийм ч учраас Цаг хугацааны тухай ярьж байвал хэзээ ч Цагны аяс гэдэгггүй, Цагийн аяс гэх атлаа бугуйн цагийн тухайд бол Цагны зүү, цагны оосор гэж болоод байна. Ер нь бол Цаг гэж үг тогтворгүй Н-гүй үг шүү дээ.

Яг ийм маягаар Үеийн нөхөр (хийсвэр, цаг хугацааг заасан) –Үений өвчин (бодит, бие эрхтнийг заасан), Номын хүн (хийсвэр, журамтай, дэгтэй гэсэн утгаар) – Номны хавтас (бодит ном), Хогийн машин (хийсвэр, муухай машин) - Хогны машин (бодит, чухам хог ачдаг машин), Сарын газар (хийсвэр, цаг хугацаа) -Сарны чулуу (бодит, тэнгэрийн эрхэс) гэх мэт эсрэгцэлдсэн хэлбэрүүд бий болж байна. Яваандаа энэ нь дүрэм болон хэвших болов уу даа.

Жорлонгийн цаас шиг хөврөх амьдрал буюу Сэтгэлзүйн цаг

Амьдралыг жорлонгийн цаастай зүйрлэх нь бий. Эхэлж байхдаа эргэж ядах атлаа дуусахаа дөхөхөөр гялалзаж өгдөг гэж байгаа. Настай хүмүүсийн хувьд цаг хугацаа, өдөр хоног маш хурдан өнгөрдөг бол хүүхдүүдийн хувьд тун удаан урагшилдаг нь физикийн цагийн биш “сэтгэлзүйн цагийн” ялгаа юм. Сэтгэлзүйн цаг гэдэг нь физикийн цагийг хувь хүн бүр оюун санаандаа хэрхэн хүлээн авч байгааг хэлнэ. Аливаа зугаатай мөч ямагт хурдан өнгөрдөг. Олимпийн тэмцээнд монгол тамирчин ганц оноо илүү байхад хэдхэн секунд ч өнгөрч өгөхгүй. Сэтгэлзүйн цаг ингэж удааширдгийн шалтгаан нь ямар нэг зүйлийг тэсэн ядан хүлээх үед цагийн өчүүхэн интерваль бүрд анхаарлаа төвлөрүүлдэгт оршино. Үнэн хэрэгтээ физикийн хувьд Олимпийн секунд ч, найзтайгаа наргиж суугаа секунд ч яг л адилхан хурдаар урсаж буй.

Нараа Номуунаа хоёрын маргаан ба цаг хугацаа орон зайн холбоо

2009 оны зун АНУ дахь Монгол Соёлын Төвийн хоёр бүсгүй үл ойлголцоод, маргаанаа биднээр таслуулах юм болов. Номуунаа жолоо барьж, Нараа “хадам ээжийн суудал” дээр зам зааж явсан юм байх. Дөрвөн замын уулзвар дээр ирж.

Номуунаа: Одоо хаашаа явах вэ?
Нараа: Цаашаа
Номуунаа: Цаашаа мэдээж явна аа, харин хаашаа эргэх вэ гэж асууж байна.
Нараа: Харин цаашаагаа эргэ гээд байхад чинь...

Энэ хооронд ногоон гэрэл асч, Номуунаа чигээрээ давхиж, Нараа уурласан явдал болж.

Энэхүү бяцхан үл ойлголцлын цаана хэл шинжлэл төдийгүй цаг хугацаа – орон зайн том асуудал нуугдаж байгаа юм.

Юуны өмнө монгол хэлний “цаана” гэдэг үгийн утга өгүүлэгч этгээдийн байрлалаас шалтгаалан байнга өөрчлөгдөнө. Нараа хэрвээ жолоочийн яг арын суудалд сууж явсан бол “цаашаа яв” хэмээх нь “чигээрээ яв” гэсэн утга илтгэнэ. Гэтэл дээрх тохиолдолд тэрбээр хадам ээжийн хэмээгдэгч суудалд байгаа тул “цаашаа” гэхээр “зүүн гар луугаа эргэ” хэмээж байгаа хэрэг. Номуунаа харин орос дунд сургууль, америк их сургууль төгссөн бүсгүй, нэг үг нэг л утга илтгэнэ гэсэн байр суурьтай, өгүүлэгч байрлалаа солих бүрт үгийн утга өөрчлөгдөөд байхад дургүй хүн. “Цааш нь умш” гэдэг шиг “цаашаа” хэмээх үгийг “үргэлжлүүлэх” гэсэн утгаар ойлгожээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэрбээр “цаашаа бол миний хувьд дальше” гэсэн утгатай хэмээн мэтгэсэн юм.

Үнэхээр нэг талаас нь бодвол Номуунаагийн буруу бас биш л дээ. Монгол хэлний “цааш” гэдэг үг орон зайн утга илтгэхээс гадна цаг хугацааны хувьд “үргэлжлэх, урагшлах, ирээдүй рүү” гэсэн утгыг бас агуулдаг. Зөвхөн “цаана, цааш” ч биш “урд, хойно, наана” гэх мэт орон зай заадаг үгс монгол хэлнээ цаг хугацааны утгыг давхар илтгэх нь бий. “Хорин жилийн хойно” гэхээр хойд зүгийг хэлээгүй нь лавтай. “Амь тавьдгийн наана” гэвэл орон зай биш гэдэг нь тодорхой.

Сонин юм шүү, орон зай, цаг хугацаа хоёр хамааралтай болохыг дөнгөж саяхан, хорьдугаар зууны эхээр батлаа биз дээ? Эйнштэйний харьцангуй онол, Лоренцийн баталгаа ёсоор гэрлийн хурдтай хөдөлж буй бие хөдөлж байгаа зүгийнхээ дагуу агшдаг гэнэ. Түүнээс өмнө цаг хугацааг орон зайтай тийм шууд хамааралтай хэмээн хүн төрөлхтөн мэддэггүй байсан гээд байдаг. Гэтэл монгол болон бусад олон хэлний орон зай заах үг нь давхар цаг хугацааны утга илтгэсээр ирсэн нь нэг талаас Нараа, Номуунаа хоёрын толгойг эргүүлж, нөгөө талаас хүн төрөлхтөн орон зай цаг хугацаа хоёр хамаатай болохыг, харьцангуйн онолыг “цаагуураа” мэдсээр ирсний баталгаа юм биш биз? (Энэ “цаагуураа” гэдэг ч нохой үг дээ.)

Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай буюу Утга зохиолын цаг


Зун дуусав.
Ийм богино.
Зуун жил ч
Ингээд л замхарна...
Хагартлаа баяжих уу?
Нэрд гарах уу? За төвөг дөө...
Харин, цаг хугацааг л
Нэг зогсоож үзэх сэн.
Ли Бай (Г.Аюурзанын орчуулгаар)

Орчлонд наран биднээс өмнө гийж байлаа.
Огторгуйд одон биднээс өмнө гэрэлтэж байлаа.
Саяхан гишгээд өнгөрсөн саарал үнс чинь
Сайхан залугийн очтой хар нүд байлаа.
Омар Хайяам

Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурслаа
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах боллоо...
Д. Жаргалсайхан

Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Олон олон жилийн хойно эргэж ирэх гэж
Огт өөр дүрсээр дамжин дамжсаар
Одоогийн энэ төрхөндөө эргэж төрдөг юм
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай...
...Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Сац тэнд цацардаггүй гэгээ, харагддагүй одод байдаг
Хөшөө чулуу, ургаа модод, хүмүүн явдал аль аль нь
Хөх тэнгэрийн дор өөр өөрийн хугацаатай байдаг
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Ж. Болд-Эрдэнэ

Мэдэлгүй өнгөрсөн ба нөлөөлшгүй ирээдүй цаг


Логикийн үүднээс авч үзвэл бид өнгөрсөн явдлыг мэдэж, түүнээс сургамж авч болно, харин ирээдүй цагтаа нөлөөлж чадна. Олон зуун жилийн настай энэ үзэл харьцангуй онолоос хойш эргэлзээтэй болж эхэлж байна. Тайлбарлая.

Нар биднээс найман гэрлийн минутын зайд оршино. Өөрөөр хэлбэл яг одоо та нар луу харвал үнэн чанартаа найман минутын өмнөх үнэн байдлыг нь харж байна гэсэн үг. Үдшийн гялаан 27 гэрлийн жилийн зайд оршино. Өчигдөр орой буюу 2012 оны зуны сайхан үдэш миний харж зогсоо үдшийн гялаан маань тэгэхээр үнэн хэрэгтээ 1985 оны, хуучин хувилбар нь аж. Яг одоогийнх нь байдлыг та 2039 онд л харж чадна. Алтан гадас одноос 1582 онд гарсан гэрэл дөнгөж өнөөдөр л та бидний нүдэнд хүрч байна. Гүмбум хийд анх байгуулагдаж, Шекспирийн гэрлэсэн тэр жил шүү дээ. Муугаар бодоход 1682 онд Алтан гадас од дэлбэрээд мөхчихсөн байлаа гэж бодоход дэлхийн хүн төрөлхтөн тэрийг мэдэлгүй ахиад зуун жил амьдрах нь гээч.

Од эрхсийн амьдрал, нас гэдэг хэдэн сая тэрбум, наядаар тогтохгүй жилээр яригддаг учир Алтан гадас одны тухай жишээ астрономичдод бол инээдтэй сонстох байх, гэхдээ зарчмын хувьд тийм л юм. Бидний харж чадах хамгийн алсын од 15 тэрбум орчим гэрлийн жилийн зайтай гэж бодохоор арван тэрбум жилийн өмнө байхгүй болчихсон байхыг үгүйсгэх аргагүй билээ.

Гол санаандаа эргээд ороход, гэрлийн хурднаас илүү хурд байж болохгүй гэдгийг баталчихсан, тэгэхээр бид аливаа дохиог хамгийн дээд тал нь гэрлийн хурдаар хүлээн авч, гэрийн хурдаар эргүүлэн дамжуулах л боломжтой гэсэн үг. Тиймээс өнгөрсөн цаг гээч бидний мэдэж чадах өнгөрсөн цаг, мэдэж чадахгүй өнгөрсөн цаг гэж хоёр ангилагдах болж байна. Алтан гадасаараа жишээ татахад тэрхүү 430 жилийн онгорхой нүх бол хэдий өнгөрсөн боловч бид мэдэж чадалгүйгээр өнгөрсөн цаг юм.

Одоо ирээдүйн тухай. Биднээс гэрлийн 6 жилийн зайд орших нэгэн гариг дээр сансрын туршилтын баг ажилладаг байлаа гэж бодъё. Гэтэл тэр гариг дээр гурван жилийн дараа айхтар дэлбэрэлт болж, хавь орчноо сүйрүүлэх тухай ямар нэг аргаар  дэлхийнхэн мэдэж л дээ. Сансрын багийг аварч чадах уу? Чадах боломж байхгүй. Ертөнц дэх хамгийн дээд хурдаар илгээсэн дохио дөнгөж замынхаа талд орж байхад дэлбэрэлт болно. Ирээдүйг бид тэгэхээр нөлөөлж чадах, чадахгүй гэж хоёр хуваах хэрэгтэй болж байна.

Ийнхүү энэ дэлхийгээс хальж, сансар оддын ертөнцөд цагийг авч үзвэл өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт бус, мэдэж өнгөрсөн, мэдэлгүй өнгөрсөн, одоо, нөлөөлж болох ирээдүй, нөлөөшгүй ирээдүй гэсэн таван цагт ангилагдах ажээ.

Монгол үлгэр дэх цагийн парадокс

Айлын гадаах омголон морь унаад алга болж өгдөг хааны тухай монгол үлгэрийн өгүүлэмж үнэн гоё. Жинхэнэ амьдралын зовлон жаргал бүхнийг туулаад эцэст нь эхнэр хүүхдээ алдан ид цөхрөнгөө барах үедээ цочин сэртэл өнөөх айлдаа ердөө л цай уух зуураа зүүрмэглэсэн байдаг. Зүүрмэглэх төдийд тэр бүх үйл явдал болсон байх ажээ. Цай нь ч хөрөөгүй. Энэ тэгээд зүүд үү, жинхэнэ амьдрал уу? Агшин зуур уу, өнө мөнх үү? Эсвэл ялгаагүй юм уу?

Адам Сандлерийн “Удирдлага” (Click) гээд кино яг энэ монгол үлгэрийн санааг авчихсан мэт санагдсан шүү. Гэр ахуйн барааны дэлгүүрт орон дээр түр дугхийгээд авсан Адам Сандлер амьдралаа гүйлгэж, зогсоож болдог супер удирдлага нэг нөхрөөс авдаг. За тэгээд л нөгөө хаан шиг ихийг үзэж, бүхнийг ойлгон, эцэстээ ид цөхрөнгөө барах үедээ аанай л нөгөө орон дээрээ сэрнэ. Дугхийсэн л байх аж. Яг монгол үлгэрийн өгүүлэмж. Монгол хаан, холливүүдийн жүжигчин хоёр ялгаагүй амьдралын мөч бүрийг үнэлж сурсан сэрдэг.

Монгол хэлний үйл үг хэдэн цагтай вэ?

Ихэнх хүн гурав л гэж хариулах байх. Дунд сургуульд тэгж заадаг хойно. Орос хэл үгсийн арван аймагтай учир монгол хэл бас арав, орос хэл дайвар үгтэй болохоор монгол хэл бас дайвар үгтэй байсан тэр үед орос хэлний үйл үг гурван цаг л ялган заадаг тул монгол хэл бас тийм байх учиртай байжээ.

Англи хэл тэгтэл үйл үгийн арав хорин цагтай, нарийн мундаг хэл гэх. Англи хэлийг олон цагтай, орос хэлийг цөөн гэдгийн учрыг үзүүлье.

“Өчигдөр орой сайхан унтсан - Өчигдөр чамайг ирэхэд унтаж байсан” хоёрыг англи, орос хэлэнд ингэж илэрхийлнэ.

Я спал хорошо - Когда ты приехал, я спал
I slept nicely - I was sleeping when you came in
Орос хэлний үйл үг спал гэсэн ганцхан хэлбэртэй байхад англи хэлэнд slept-was sleeping гэсэн хоёр өөр хэлзүйн хэлбэр байгаа нь англи хэл жирийн өнгөрсөн болон үргэлжлэн өнгөрсөн цагийг ялгадаг, харин орос хэлэнд тусгай хэлбэр байхгүй гэсэн үг юм.

Гэтэл монгол хэлэнд “Би сайхан унтсан – Өчигдөр чамайг ирэхэд би унтаж байсан” хэмээн тодорхойёо ялгана шүү дээ.

Одоо цагийн хувьд ч орос хэлэнд давтагдах болон үргэлжлэх цагийг хэлзүйн хэлбэрээр бус хам сэдвээр, эсвэл үгийн сангийн аргаар ялгадаг.

Сейчас я пишу письмо -  Обычно я пишу письмa
Харин англи, монгол хэлэнд өөр өөр нөхцөл, хэлбэр буй.
I am writing a letter  - I write letters
Би захиа бичиж байна – Би захиа бичдэг.

Энэ нь гэхдээ орос хүн үргэлжилж байгаа, давтагдаж байгаа одоо цагийг мэдэрдэггүй, ялгадаггүй гэсэн үг огт биш, харин орос хэлний хэлзүй нь тийм ялгааг сонирхдоггүй, обычно, сейчас гэх мэт үгээр, өөрөөр хэлбэл үгийн сангийн аргаар ялгадаг гэсэн үг юм. Англи, монгол хэлэнд харин хэлзүйн тусгай хэлбэр буюу нөхцөл, туслах үйл үг зэрэг байдаг ажээ. Тийм ч учраас орос хэл нь хэлзүйн хувьд өнгөрсөн ганц, одоо ганц, ирээдүй ганц цагтай бол монгол, англи зэрэг хэл нэгээр тогтохгүй нь тодорхой байна.

Орос хэлийг дуурайж гурван цагтай гэдгээ больё гэдгийн маань учир энэ. Хэлшинжээчид монгол хэлний цагийг нарийн нягтлан судалж олон хэлбэр, ялгааг гарган, ангилсан байдаг. АНУ-д миний олон жил хамт ажилласан багш, одоо тэтгэвэртээ буй судлаач Гоогийн Бадан тэртээ 1979 онд үйл үгийн 21 цагийг бүртгэн тогтоосон бол Ц.Өнөрбаян багш монгол хэл нь 24 цагтай гэж үздэг. Солонгосын монгол судлаач Ким Ги Сонь бүр цагийн 70 хэлбэрийг жагсаасан нь бий.

Энэ талаар би бас өөрийн үзэл бодолтой. Юуны өмнө зөвхөн цаг гээчийг салангидаар авч үзвэл ямар ч хэл өнгөрсөн ба өнгөрсөн бус гэсэн хоёрхон цагтай байх юм. Гэвч бодит амьдрал, хэлний хэрэглээний хувьд ингэж салгах боломж байхгүй. Цаг заавал үргэлжлэх, давтагдах, төгс, төгс бус гэх мэт байдал буюу аспекттай хамт илэрдэг. Тэр бүгдийн хэлбэрийг нэг бүрчлэн бүртгэвэл бас өнөөх 70 цагтай гэдэг шиг зүйл болно. Иймээс англи хэлийг сургалтад заадаг шиг монгол хэлийг стандартчилж, системд оруулах хэрэгтэй юм. Тийм нэг оролдлого хийсэн, тэр үзлээр минь бол орчин цагийн монгол хэл үйл үгийн 12 цагтай.

Юун олон цаг вэ гэж зарим нь гайхдаг юм. Физикийн, газарзүйн, киноны, монгол үлгэрийн цаг хүртэл харьцангуй байсны адил монгол хэлний цаг бас харьцангуй учраас ийм тоо гарч байгаа юм л даа. Жишээ нь “Дорж өчигдөр ирсэн” гэвэл зөвхөн хэлж буй үеэсээ тооцон өнгөрснийг өгүүлж буй абсолют цаг бол “Өчигдөр намайг очиход Дорж ирсэн байсан. Өчигдөр намайг очиход Дорж ирж байсан” гэхэд Доржийн ирсэн үйл нь одоогоос бодоход өнгөрсөн боловч миний “очих” үйлтэй харьцуулахад өнгөрсөн, одоо өөр өөр төлөвтэй байна. Тэгэхээр өнгөрсөн хэмээх энгийн цагаас гадна “Өнгөрсний өнгөрсөн” хэмээх нийлмэл, харьцангуй цаг бас байгаа нь хэлзүйн хэлбэрийн хувьд ч “–сан байсан” гээд тод байгаа биз. “Маргааш намайг очиход Дорж ирчихсэн байна” гэхэд Доржийн “ирэх нь” одоотой харьцуулахад ирээдүй боловч миний очихтой харьцуулахад өнгөрсөн юм. Тиймээс ч тэнд “–сан” нөхцөл явж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл тусгай өгүүллийг минь уншсан нь дээр болов уу?

Монгол хэлний үйл үгийн тогтолцоонд юу илүү чухал вэ?

Орос хэлний үйл үгийн цагийн тогтолцоонд үргэлжлэх, давтагдах сонин биш гэж өмнө дурдаад өнгөрсөн билээ. Аливаа хэлний зүйн юуг ялгах, юуг үл ялгах, өөрөөр хэлбэл юуг илүү чухалчилж байгаа нь нэн сонирхолтой байдаг.

Англи хэлний хамгийн идэвхтэй хэрэглэгддэг үгсийн дотор He, She, орос хэлнийх дотор Он, Она нэлээд дээгүүр заларна. Энэ нь англи, орос зэрэг хэл гуравдугаар бие буюу гуравдагч этгээдийг, бүр цаашилбал тэр этгээдийн эр, эм эсэхийг машид сонирхож, чухалчилж байна гэсэн үг юм. Гэтэл монгол хэлэнд эр эмээр нь ялгах байтугай гуравдугаар биеийн төлөөний үг ч гэж байхгүй. “Тэр” яасан юм бэ гэж үү? Тэр гэдэг чинь үнэн хэрэгтээ биеийн биш заах төлөөний үг шүү дээ. Бодоод байхад монгол хүн гуравдагч этгээдийн тухай яривал Дорж, Дулмаа гээд л нэрээр нь төлөөлүүлдэг, харин таньж мэдэхгүй хүний тухайд учиргүй яриад байх дуртай улс биш юм аа даа.

Үүнчлэн олон өөр цагийн хэлбэр юуг ялгах вэ гэдэг сонирхолтой. Англи хэлний цагийн хувьд үргэлжилж байна уу (continuous), төгс болсон (perfect) уу гэдэг чухал байдаг. Монгол хэлний хувьд хэд хэдэн сонирхолтой ялгамжаа байна.

Юуны өмнө Монгол хүний хувьд үйл явдал нүдний өмнө болох эсэх, өөрөөр хэлбэл өгүүлэгч этгээд үйл явдлыг биеэр гэрчлэх эсэх маш чухал ажээ. “Дорж ирлээ-Дорж иржээ” хоёр адилхан өнгөрсөн цаг боловч эхний тохиолдолд өгүүлэгч этгээд Доржийн ирснийг харсан, биеэр гэрчилсэн, өөрөө тосож авсан ч байж мэдэх утга илэрч байгаа бол хоёрдахь өгүүлбэр нь Доржийн ирснийг хараагүй, хэн нэгнээс сонсоод, хаа нэгтэйгээс уншаад хэлж байна. Үргэлжилж буй одоо цагийн хувьд мөн адил. Нүдний чинь өмнө ном уншиж суугаа бол “Дорж ном уншиЖ БАЙНА” гэх бол хаа нэг хол газар, далд үргэлжилж байгаа цагийг “Дорж номын санд ном уншиЖ БАЙГАА” хэмээн өөр хэлбэрээр илэрхийлнэ.

Сүүлийн үед монгол хэлэнд гарч буй нэг сонирхолтой хувьсал бол үйл үгийн цаг нь зохистой зохисгүй үйлийг ялган зааж эхэлсэн явдал юм.

Үргэлжилж буй одоо цагийг илтгэх “–ж байна, -аад байна” гэсэн хоёр хэлбэрийн ялгааг ажиглахад “-аад байна” хэлбэр нь ихэвчлэн болж буй үйл явдлын зохисгүйг үзүүлнэ. Тийм ч учраас эмнэлэгт ирсэн өвчтөнүүд “Миний зүрх дэлсЭЭД БАЙНА”, “Толгой өвдӨӨД БАЙНА” гэхчлэн ярьдаг ажээ. “Дорж унтаЖ БАЙНА” гэвэл зүгээр л болж буй явдлыг өгүүлж буй хэрэг, “Дорж унтААД БАЙНА” гэвэл босох цаг нь болчихсон, унтаж байгаа нь ямар нэг хэмжээгээр зохисгүй байгааг илтгэнэ.

Үгүйсгэх хэлбэр нь мөн адил, хоёр өөр нөхцөлтэй. “-аагүй байна” хэлбэр нь жирийн, “-хгүй байна” хэлбэр нь зохисгүйг илтгэнэ. “Дорж унтААГҮЙ БАЙНА “ гэвэл даалгавраа хийж байгаа ч юм уу, ердийн л үргэлжилж байгаа үйл явц, гэтэл “Дорж унтаХГҮЙ БАЙНА” гэвэл хар шөнө болчихоод байхад унтаж өгөхгүй, зохисгүй санаа гарч байна. Ямар нэг юм болж өгөхгүй бол дандаа л “Миний үзэг гарахгүй байна”, “Ээж ээ, энэ агаа чинь надад туслахгүй байна”, “Сүүлийн үед сайхан унтаж чадахгүй байна” гэх мэтээр байнга “-хгүй байна” хэлбэрээр өгүүлнэ. Өнгөрсөн цагийн “–аагүй, сангүй” хоёрын ялгаа ч тийм юм. Энэ бүхнийг дүгнэн, миний бие монгол хэлний үйл үг зохистой зохисгүй цагийг ялган заадаг гэсэн зоригтой дүгнэлт бүхий илтгэл, өгүүлэл бичин Индианагийн Их Сургуулийн сэтгүүлд хэвлүүлж байсан билээ.

Магелланы алдсан хоногоос монгол хэлний үйл үгийн зохисгүй цаг хүртэлх сонин сайхан, солио гажууг хуучлахад ийм байна.

хэмээсэн энэхүү өгүүлэл нь М. Саруул-Эрдэнэ багшийн өнгөрсөн долоо хоногт гаргасан “Зугаатай хэл шинжлэл” номд орсон нэг сэдэв юм. Хэл шинжлэлийн бусад сонирхолтой асуудлуудын талаар тус номоос уншаарай.