Мягмарын Саруул-Эрдэнэ
Зохиогчийг жиргээгээр дагах хаяг @SaruulerdeneM

Монгол бичгийг төрийн бичиг болгох, сэргээн хэрэглэх, бүх нийтээр эзэмших тухай бүхий л шатанд ярьж, хэлэлцсээр байгаа боловч үр дүн нь хангалттай бус байна. Тэртээ 1989 онд, “Залуу уран бүтээлчдийн 2-р чуулган” дээр “шинэ мянганд хөтөлгөө морьтой оръё” гэж, өөрөөр хэлбэл 2000 он гэхэд тэл бичигтэн1 болчихсон байя гэсэн санал туйлын өөдрөг, уриалан дуудсан шинжтэй, биелэх бололцоот холын ирээдүй мэт сонсогдож байсан бол өдгөө тэрхүү шинэ мянган өнгөрөөд бүтэн арван өнгөрчхөөд байхад нийт ард түмний монгол бичгийн хэрэглээ 1990-ээд оныхоо байранд зогссоор байна гэхэд хилсдэхгүй.

Энэ нь монгол бичгийн сайн мууд байгаа биш, үндэстний сэтгэлгээ, идэвх, эх оронч үзэл, өөрийгөө хамгаалах зөн зэрэг зүйлээс хамааралтай юм. Зөвхөн бичиг төдийгүй бүхэл бүтэн хэлээ сэргээн хэрэглэсэн еврей хэлний жишээг дурдвал эрхэм монгол залуусын урам зоригт нөлөөлөх болов уу хэмээн үүнийг тэрлэв.    

Еврей хэл (англиар Hebrew, орсоор. Еврей, Иврит)

Семит язгуурын хэл. Израйль улсын албан ёсны хэл бөгөөд 7 сая хүн хэлэлцдэг. МЭӨ 3-р зууныг хүртэл Палестин орчимд хэлэлцэгдэж байгаад зөвхөн бичгийн хэл болж үлдсэн боловч 19-р зуунаас ахин амьд ярианы хэл болон сэргэсэн түүхтэй.

Элиезер Бен-Ехуда

Еврей хэл дахин сэргэсэн нь үе үеийн судлаач, сурган хүмүүжүүлэгчдийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Тэд бүгдийн дунд Элиезер Бен-Ехудагийн нэр онц тодоор дурдагддаг. Элиезер Бен-Ехуда 1858 оны 1 сарын 7-нд одоогийн Беларус улсын нутаг дэвсгэрт төржээ.
 

Элиезер Бен- Ехуда (1858-1922)


“Мөрөөдөл биелсэн нь” хэмээх өөрийн намтартаа тэрбээр “Бүхий л амьдралынхаа туршид миний бие хоёрхон зүйлд тайтгарахын аргагүйгээр харамссаар ирсэн билээ. Нэгд, би Ерусалимд бүү хэл, бүр Израйлийн нутаг дэвсгэрт ч төрсөнгүй, хоёрт, анхлан ярьж, шулганаж эхэлсэн хэл маань Еврей хэл биш байлаа”  хэмээн бичсэн байдаг2

Түүнийг багад еврей хэл гээч нь нэн эртний, халдашгүй нандин, шашны хэлд тооцогддог байв. Нутгийнх нь жүүдүүд бүгд иддиш хэлээр3 хэлэлцэх бөгөөд еврей хэлээр бол хааяахан нэг Библийн чамин ишлэл өгүүлэх төдий. “Амьд хэл биш боловч бас мөхсөн гэж хэлж болмооргүй”, тийм л хэл байжээ.  

  
Еврей хэлний цагаан толгой

Бен-Ехудагийн хожим дурссанаар еврей хэлний сэтгэлийг нь хамгийн их татсан чанар нь олон аялгууны дундын шинж нь байв. Литва, Галичүүд, мөн Истанбулын жүүдүүд бүгд өөр өөр хэл, аялгаар ярьдаг, хоорондоо ойлголцдоггүй боловч еврей хэлээр уншихаараа бүгд адил ойлгоно4.

Бен-Ехуда еврей хэл орчин цагийн амьд ярианы хэл байж болох юм байна гэдгийг еврей хэлээр орчуулагдсан Робинзон Крузо романыг нууцаар уншаад л гүн бат ойлгож авсан гэдэг. Нууцаар гэдгийн учир нь тэр үед еврей хэл шашны, ариун хэлд тооцогддог, хамаагүй уран зохиолын ном зэргийг ариун хэлээр орчуулах, унших хориотой байж.

Иврит буюу еврей хэлийг сэргээн хэрэглэх гэсэн оролдлого мэдээж тийм амархан бүтсэнгүй. Бас хүн бүр ямар сайхан үйл хэрэг вэ гээд дагачихсангүй. Шашны ариун хэлээ хүн бүрийн ярьдаг хэл болгохын эсрэг олон ч зүтгэлтэн, бүр нэр төртэй хүмүүс хүртэл тэмцсэн байна5.

Зарим нь ариун, нандин гэдэг утгаар нь биш ерөөс боломжгүй мөрөөдөл, нэгэнт мөхсөн хэл орчин цагийн хөгжилд зохицохгүй гэсэн үүднээс эсэргүүцэж байжээ. Жишээлбэл, Унгарт төрсөн Теодор Херцл хэмээх нэрт сэтгүүлч аль хэдүйн мөхсөн хэлийг сэргээхээр тийм их цаг, эрч хүч зарах хэрэггүй, жүүд шашинтны дундын хэлээр герман хэлийг хэрэглэж болно хэмээн үздэг байж. 

19-р зууны сүүлч гэхэд дэлхийд нийтдээ 10 сая 600 мянган жүүд амьдардаг гэсэн тооцоо байлаа. Тэдний гуравны хоёр хувь нь иддиш хэлээр ярина. Орост 4 сая, АНУ-д нэг сая хагас жүүд суудаг байв. Бас түрэг, франц, араб, ладино хэлээр хэлэлцэгч жүүдүүд ч олон байлаа. Дэлхий даяар тарсан, дээр нь энэ олон өөр хэлээр хэлэлцэгч жүүд нарыг хэрхэн нэгтгэх талаар Бен-Ехудагийн санаа зовж байв. 1879 онд бичсэн алдарт “The Burning Questions” (Хурц асуудлууд) өгүүлэлдээ “Үндэстнээ сэргээе, үүний тул хэлийг нь бас сэргээе” хэмээн уриалан дуудсан байдаг. Үнэхээр улс үндсээ дахин нэгтгэх Сионист хөдөлгөөний гол цөм нь хэл шинжлэлийн асуудал байлаа.

АНУ-ын судлаач Жак Феллман Бен-Ехудагийн еврей хэлийг нөхөн сэргээхэд оруулсан хувь нэмрийг нь тусгайлан судлаад, үйл хэргийг нь гурван шат болгон хуваасан байна. Үүнд:

1. Еврей хэлийг айл гэрт
2. Еврей хэлийг сургуульд
3. Үг, үг, үг…

Амьд ярианд хэрэглэгдэхээ болиод хоёр мянга гаруй жил болсон хэлийг сэргээн ярина гэдэг маш хэцүү үйл хэрэг байсан нь ойлгомжтой. Олон хүн үүнийг боломжгүй гэж үзэж байсан нь ч учиртай юм. Еврей хэлээр бичигдсэн бүтээл, өөрөөр хэлбэл хэлээ нөхөн сэргээх утга зохиолын баримт нь болох еврей хэлээрх Библи нь зургаан мянга орчим л үгээс бүтсэн бол ганц Шекспир л гэхэд зохиол бүтээлдээ гучин таван мянган үг ашигласан байдаг. Гэтэл бас өдөр тутмын хэрэгцээнд бий болсоор буй олон мянган үгийг шинээр зохиох хэрэгтэй байдаг.

Бен-Ехуда “Еврей хэлийг айл гэрт” хэмээсэн эхний шатныхаа үйл хэрэгт үнэндээ хувийн амьдралаа золиосолсон байна. Намтартаа бичсэн нь:

“Миний (эхний) эхнэр бол хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь эхлэн еврей хэлээр ярьсан манай үеийн анхны еврэй эх билээ... Бид хоёр хүүгээ еврейгээс өөр хэлээр ганц ч болов үг сонсчих вий, өөр хэлэнд нөлөөтчих вий гэж маш их санаа зовон хаалга цонхоо битүүлдэг байлаа... Үүний хүчинд миний хүү түүхэнд анх удаагаа еврей хэлээр хэлд орсон хүүхэд болсон юм”  Мэдээж хоёр мянган жилийн өмнө хүүхдүүд еврей хэлээрээ л хэлд ордог байсан байгаа. Бен-Ехудагийн хүү тэгэхээр түүхэнд анх удаа ч бас биш, сүүлийн хоёр мянган жилийн түүхэнд анх удаа гэвэл үнэн болох юм.

Ийнхүү хос хоёр гэртээ зөвхөн еврей хэлээр ярьсаар хүүхдүүдээ мөхсөн байсан еврей хэлээр ярьдаг болгочихжээ. Үүний дараа мөрөөдөл биелэх боломжтойг харуулсан хүүхдүүдээрээ үлгэр жишээ болгон үзүүлж, хоёр дахь шат буюу еврей хэлийг сургуульд үздэг болгохоор тэмцэж эхэлсэн байна. Ингээд 1886 онд Израйлийн нэг жижиг тосгонд анхны Еврей хэлт сургууль байгуулагдав. Бэрхшээл гэвч дэндүү их байжээ. Эцэг эхчүүд хэн ч ярьдаггүй тийм хэлтэй сургуульд хүүхдээ өгөхдөө дургүй байлаа. Еврей хэл заах байтугай өөрсдөө ч ярианы еврей хэлээ сайн сураагүй, эртний бичгийн еврей хэл мэддэг  багш нартай байжээ. Сурах бичиг гэж бол бүр огт байсангүй.

Ингэлээ гээд еврейчүүд шантраад больчихдог улс биш аж. Хамгийн гол нь тэр бүхний ард Сионизм буюу үндэстнээ нэгтгэх агуу их үзэл нь байсан учир улам зоригжин тэмцсээр 1903 онд Еврей Хэлний Багш Нарын холбоо байгуулагдаж, 60 багш нэгдэн, үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн байна. 1909 он гэхэд хамгийн анхны еврей хэлт хот болох Тель-Авив байгуулагдлаа. Еврей хэлт хот гэхийн учир нь энэ хотын бүх зарлал, хаяг еврей хэлээр бичигдэнэ. Хотод зөвхөн еврей хэлээр ярина. Орчин гээч юмыг ингэж л бүрдүүлж өгсөн хэрэг. Тус хотын зөвхөн иддиш хэл мэддэг улс нэг бол иврит (еврей хэл. адил) хэлээ сурах үгүй бол хотоос нүүхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Ийнхүү еврей хэл Израйль даяар тархаж, илүү олон сургууль еврей хэлээр хичээлээ заах болсноос болж зөрчил бас үүсэв. Энэхүү зөрчлийг “Хэлний дайн” гэж түүхэнд албан ёсоор тэмдэглэсэн байдаг. Учир нь тэр үед олон мянган еврей Германд амьдардаг, мөн инженерийн боловсрол олоход герман хэл илүү дөхөм гэсэн үзлийн үүднээс боловсролын дээд түвшинд, ахлах сургууль, их дээд сургуулийн хичээлийг герман хэлээр заана гэсэн нэг үзэл баримтлал байжээ. Хоёр мянган жилийн өмнөх хэл хоцрогдсон, шинэ зууны шинжлэх ухаан, технологид герман хэл зохицно гэж ялангуяа Германд боловсрол олсон еврей багш нар үзэж байлаа. Гэтэл харин еврей хэлээр ярьж болдгийг мэдсэн жүүдүүд үүнийг эсэргүүцэн, еврей хэлээр шинжлэх ухааныг явуулж болно хэмээн үзүүлэхийн тулд Израйльдаа анхны еврей хэлээр хичээлээ явуулдаг дээд сургууль болох Технион буюу Израйлийн Технологийн Дээд Сургуулийг 1912 онд байгуулж орхив. Чухам энэхүү сургуулиас 2010 онд Израйлийн шинжлэх ухааны салбар дахь анхны Нобелийн шагналтнууд төрснийг энд дурдах нь зүйтэй биз ээ.
Ийнхүү Дэлхийн нэгдүгээр дайн дуусахад еврей хэл Израйльдаа энгийн ярианы хэл болж чадсан байжээ.

Энэ бол тэмцэлд ялчихлаа гэсэн үг биш юм. Бен-Ехуда гуравдахь шатны тэмцэлдээ, “Үг, үг, үг” гэсэн ажилдаа орсон байлаа. Библээс өөр томоохон дурсгалгүй хэлэнд орчин цагийн нэр томьёо байхгүй нь ойлгомжтой. Бен-Ехуда өөрөө толь зохиох ажилд ихэнх цагаа зарцуулан 17 боть Еврей хэлний толь боловсруулсан байна. 1922 онд түүнийг нас барахад мэдээж хэрэг толины ажил нь дуусаагүй, гэвч үйл хэргийг нь үргэлжлүүлэгчид олон байлаа. “Хэлний дайн” гээчийг үзсэн ард түмэн учраас, герман болон бусад томоохон хэл дөнгөж дахин сэргээд байгаа үгийн сангаар мөхөс хэлнийх нь дэргэд хавьгүй хүчтэй байгааг мэдэх тусмаа тэд еврей хэлээ улам илүү хамгаалж, улам илүү хэрэглээнд оруулахаар тэмцэж байлаа.

Тель-Авив болон бусад хотын гудамжинд өөр хэлээр хэлэлцэгч еврейчүүдийг “Чи еврей л юм бол еврей хэлээрээ ярь” гэж шаарддаг, хэлээ хамгаалах нэгэн төрлийн хөдөлгөөн бий болжээ. Энэхүү хөдөлгөөний удирдагч нь Бен-Ехудагийн хүү, орчин цагийн еврей хэлээр хэлд орсон анхны хүн Итамар Бен-Ехуда байлаа.
1948 оны 5 сарын 14-нд Израйль улсыг тунхаглахад еврей хэлийг албан ёсны хэлээр нь зарлав. Үүнд гайхах эсэргүүцэх хүн байсангүй, учир нь бүх таатай нөхцөл тэгэхэд аль хэдүйн бүрдсэн байсан юм. Бэрхшээл бол мэдээж маш их байсан, гэвч еврей хэлээ хадгалах, сэргээх гэсэн ард олных нь эрмэлзэл, үндэсний ухамсар хир баргийн бэрхшээлээс хавьгүй хүчтэй байжээ.

Олон мянган шинэ үг, нэр томьёо зэргийг Бен-Ехуда мэтийн ганц нэг агуу хүнд найдаад орхидог цаг нь ч өнгөрч, хөөрхий тэд бол үүргээ хангалттай гүйцэтгэсэн билээ. 1953 онд Израйлийн төрөөс Еврей Хэлний Академийг албан ёсоор байгуулж, хуулиндаа “Еврей хэл судлалын дээд байгууллага болно” хэмээн зааж өгсөн бөгөөд энэхүү Академи нэр томьёо болон зөв бичлэгийн зөрөөг эцэслэн шийддэг, улс даяар бүх хэвлэл мэдээлэл эдний дүрэм, гаргасан нэр томьёог даган баримтлах ёстой.

Зуухан жилийн өмнө газрын дор орчихсон байсан еврей хэл ийнхүү эрчээ аван хөгжсөөр, эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж байхад түүхийн бүхий л цаг хугацаанд монгол түмэнтэйгээ хамтдаа байсан, шинжлэх ухааны ном сурах бичгийг хэвлэсээр ирсэн, амьдаас амьд, дэргэдээ байгаа монгол бичгээ та бид сурахад хэцүү, дуудлага бичлэг нь өөр, үгийн эцэст өөр хэлбэртэй болчихдог, англи орос хэл сурахад дөхөм болохгүй гэсэн шалтаг тоочоод, өөрсдөө ч сурахгүй, сайхан сураад, амьд жишээ болсон үр хүүхдээ ч дэмжихгүй байх нь ичгүүртэй, эмгэнэлтэй биш үү.

Еврейчүүд бидэн шиг уйлаад суусан бол, хөөрхий Бен-Ехудагийн хүүг ганцаараа еврей хэлээр яриад эхлэхэд нь “энэ хүүхэд туршилтын туулай болчихлоо”, “арай эртдчихлээ” гээд дооглоод хэвтсэн бол, шинжлэх ухаанд герман хэл нь илүү тохирно гээд герман хэлийг сонгосон бол, нэг үгээр хэлбэл бидэн шиг залхуу, өөнтөгч, мэдэхгүй юмаа эсэргүүцэгч байсан бол 1948 онд улс нь тусгаар улс болоход харийн аль нэг хэлийг албан ёсны хэлээ болгох байсан биз ээ.

1“Тэл хэлтэн, тэл бичигтэн” гэсэн энэ үгийг Монгол Ганжуурт хэрэглэсэн байдаг. Салаа, хос хэлтэн буюу англи хэлний bilingual хэмээх ойлголтыг илэрхийлэх үг. Тэлээ хурга гэдэгтэй ижил язгууртай. Хэрэглээнд хэвшүүлэх нь зохистой.

2Элиезерийн Израйльд төрөөгүйдээ харамсан, өөрийгөө зүхдэг хэсгийг уншихаар дээд монголчуудын “Хойт насандаа Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн гэдэг үг санаанд ордог юм. Сэтгүүлч Зандаахүүгийн бичсэн тэрхүү өр өвтгөм тэмдэглэлийг www.dayarmongol.com вэб сайтнаас хайж олон уншихыг зөвлөе.

3Анлиар Yiddish, орос хэлээр “иддиш” гэдэг, еврей хэлний үгийн сан ихтэй боловч германы нэг салбар хэл.

4Монгол бичгийн давуу талтай яг адил байна.

5Манайд ч бас Монгол бичгийн эсрэг улайран тэмцдэг нэртэй улс олон бий дээ.