“Хагархай Га” гэдэг нь төвд цагаан толгойн эхний үсэг. “Социализмын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрчээ” гэдэг шиг ардчиллын жилүүдэд лам нарын тоо эрс нэмэгдсэний улмаас “Хагархай Га ч үгүй юмнууд хэлтгий захтай дээл өмсөөд" гэх яриа гарсан байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Хорвоогийн хамаг л сонинг хачирлаж, нэмэрлэж өгсөн ярилцлагынх нь сүнс хуулийн байгууллагуудын шалгаж буй хэдэн дуулиантай хэрэг юм. Ц.Нямдорж сайд байхдаа бантахаараа баахан хэрэг ярьдаг байсан даа. Салбартаа хийж гавьсан юмгүй, бодсон бодлого байгаагүй учраас тэр биз, хорин жил л хэрэг ярьсан. Атал хууль биш, хэрэг ярьдаг сайд дахиад нэгээр нэмэгдэж. Х.Нямбаатараас өөр хүн ингэсэн бол “мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан” хэргээр шууд ачигдах байлаа. МАН-д ямар хууль үйлчлэх биш дээ...

Харамсалтай нь Хууль зүйн сайдын хэлсэн ярьсан бүхэн үнэн байдаггүйг нотлох нэг хэргийн талаар энд дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Тэр бол С.Зоригийн аллагын хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сүр дуулиан болгож суллаад хоёр жил мартчихсан аллагын захиалагчийг илрүүлэх ажил.

Болсон явдлыг сануулахад, Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” хэргээр хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажилтнууд ял авсны дараа УИХ-ын ажлын хэсэг болон Х.Нямбаатар, Ц.Нямбаатар нарын шахалтаар УДШ өмнө гаргасан /Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзсэн/ шийдвэрээ хүчингүй болгож, хэрэгтнүүдийг сулласан билээ. Дээд шүүх Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үйлдэл нь тэднийг гэм бурууг тогтоож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой эсэхийг нотолж чадаагүй боловч “эрүү шүүлт хэрэглэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл, шинээр илэрсэн нөхцөл байдал мөн” гэж үзээд тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаад хоёр жил өнгөрчихлөө. Гэвч сайдын ярианаас харвал “Шинээр томилогдсон ажлын хэсэг шинэ нотлох баримтууд дээр цоо шинээр харж мэдэрч ажиллана гэж найдаж байгаа”-гаас өөр зүйл хийгдээгүй юм байна.

Уг нь бол хэргийг шинээр шалгаж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн, тэр үед шинэ байсан ажлын хэсэг ч гэсэн хуучирсан, ямар нэг байдлаар үр дүн гарсан байх ёстой хугацаа л даа. Харин Х.Нямбаатар сайдын хувьд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг сулласнаар цаг хугацаа бүрэн зогссон бололтой юм.

Дээр нь эрүү шүүлт хэрэглэсэн асуудалтай холбоотой маш том гүтгэлгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ удаагийн ярилцлагаараа олон нийтэд тараажээ. “Эмэгтэй хүнийг ман­сууруулж байгаад гарын үсэг зуруул” гэсэн гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөг УЕП-ын орлогч батлан гарын үсэг зурна гэдэг байж болох уу? Гэсэн сэтгүүлчийн асуултад тэр “Гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус байсан учраас л хуулийн хариуцлага хүлээсэн” гэж хариулсан байна. Нэг үгээр сэтгүүлчийн хийсэн дүгнэлтийг Хууль зүйн сайд баталсан гэсэн үг.

Гэвч бодит үнэн гэвэл хэрэгт хяналт тавьж байсан прокурорын баталсан гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөнд “мансууруулах, нүцгэлэх”, эсвэл “зодож, дарамтлах” тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. “Гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслийг ашиглах” л гэдэг хуулийн үг хэллэг л байгаа. Ийм зүйлийг захын хуульч мэднэ. Г.Эрдэнэбат прокурор ч өөрөө хэлж байсан.

Мөн хоёрдугаарт, тэднийг яллахдаа “гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн” гэж яллаагүй. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ дээр явуулсан гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоогоогүй, мөрдөн байцаалтаар нотлоогүй гэсэн үг. Зөвхөн “Эрүү шүүлт хэрэглэсэн” гэдэг зүйл ангиар ял сонсгосон. Ингэхдээ 2015 онд гарсан хэргийг 2019 онд баталсан хуулиар ялласан. 

2017 оноос өмнө “эрүү шүүлт хэрэглэх” гэмт хэргийн субьект нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байсныг 2017 онд хуульд өөрчлөлт оруулж “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг” эрүү шүүлт хэрэглэсэн гэж үзэхээр хэргийн хамрах хүрээг нэмэгдүүлсэн байдаг. Төрийн албан хаагч гэдэгт нь хэрэгт хяналт тавьж байсан прокуророос эхлээд тагнуулын дарга, гүйцэтгэх ажилтнууд бүгд багтаад ял авсан.

Гэвч энэ хууль 2017 онд батлагдсан, харин эрүүдэн шүүсэн хэрэг 2015 онд гарсан. Шүүх нь хүртэл “Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй” /зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөлд Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэнэ/ гэдэг зарчмаа зөрчөөд ял оноосон байдаг юм. Харин Х.Нямбаатар шиг “Хагархай Га” ч үгүй хүний хувьд хууль юу юм бэ л болж байна.

Гэснээс эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон нөхөд олон удаагийн шүүх хурлын явцад "Зоригийн хэргийг материалыг нууцаас гаргаад, эрүүдэн шүүсэн хэргийг бас нууцаас гаргаад, шүүх хурлыг нээлттэй явуулаад өгөөч ээ. Тэгж байж Т.Чимгээ нар гэмт хэрэгтэн мөн үү, биш үү гэдэг олон нийтэд ойлгомжтой болно. Нэг талын мэдээллээр улс төр хийхээ болиоч ээ" гэж мөн ч их гуйсан, шаардсан даа. Тэртэй тэргүй гүйцэтгэх ажлын бүх материалыг нь телевизээр цацчихсаны дараа юугаа ч нууцлах юм. Хэрвээ Х.Нямбаатар сайд үнэхээр "шударга үнэн" сайд юм бол нэгэнт шийдэгдээд дууссан энэ хоёр хэргийн материалыг нууцаас гаргаж байгаад зөв, буруугаа мэтгэлцэх ёстой. Хууль зүйн сайд хүнд тэр зэргийн ёс зүй байх хэрэгтэй!!!  

inews.mn