ФОНТАН БА Г.МӨНХБАЯР

Өвгөнтийнхөн гэж нэгэн омгийн­хон бий болоод олон жил болж байгаа билээ. Одоо тэдний ихэнхийг газар доорхи хон­гилийн “эзэд” болсон гэж ярьдаг. Юутай ч тэдний тухай на­­рийн тоон мэдээлэл үгүй ч хэ­­сэг бусгаараа энд тэнд ор­шин тогтносоор  байгаагаа илт­гэн урин цагаар ил гарч ирц­гээн хэдэн сар “нарладаг” нь үнэн.  

Шарх сорвиндоо баригдаж сал­майт­лаа нооройсон манай нөхдүүд энд тэнд атиралдан хэвтэж, орой үдшийн цагаар нүдэндээ теньтэй, авгай нар нь цыганууд шиг дуулалдан бай­даг “Хар хорин” захын хажуу­гийн орчинд хааяа нэг очиж тэд­нийг ажиглан зогсдог байлаа. 

Харин жилийн өмнө  тэр талбайг  “үгүй хийж” оронд нь ши­нэ амьдрал цогцлоосон. Тэнд­хийн ноололдсон  амьд­рал сарнин алга болж, оронд нь нялх модод ургаж, хөгжимт усан орги­луур цацарч, цаахан талд нь цөөрөм дотор загас бужиг­налдаж танихын аргагүй шинэ амьд­рал цогцлоосныг очиж сурвалжилж байсан минь сая­хан. Жилийн дараа ахиад оч­лоо. Тэндхийн гэж миний нэр­лээд байгаа, тэдний гэж жаахан ялгаварлаад байгаа мөнөөх  амьдрал хажуу хавирганд нь наалдаастай хэвээрээ үлдсэн ч,  нөх­дүүдийн жинхэнэ хогон дээр тулалд­даг талбарт  анх удаа хөрсний усыг ашиглаж бүтээсэн мөнөөх цэцэрлэгт хү­рээлэн бий болсон нь сайхан.

Цөө­рөмтэй, цөөрөм нь дөрвөн метр орчим гүн бөгөөд дотроо төрөл бүрийн загас­тай. Явган зам, замын гэрэлтүүлэг, сууж тухлах орчин бүгдийг иж бүрэн бодож цогцоор нь шийдсэн. Энэ бол зүгээр нэг энүүхэн Эрээнээс хуйлж авчраад, хулдаж  дэвсээд хуурчихаж байгаа хиймэл зүлэг биш. Инженерийн шийдлүүдээр хийгдэж буй ажлууд. Инженер мээр энэ хотыг удирдан  ажиллаж байгаа­гийн энгийн илрэлүүд.

Үүнээс ч гоё цэцэрлэгт хүрээ­лэн­­гүүд манай хотод хэд хэдээрээ бий болж, энд тэнд сэтгэл татсан гэ­гээ­­лэг орчин нэмэгдэж, ногоон гэгээн агаар тэлсээр байгаа нь сайхан. Явуу­­гийн цэцэрлэг, Цэрэндоржийн гу­дамж гээд өнөө жил үүд хаалгаа нээ­сэн гоё газруудыг бид бүгд мэдэж байгаа. 

Ногоон дэлхий, ногоон эдийн засаг, ногоон урлаг...ногоон сэтгүүл зүй...ногоон ногоон... Хүн төрөлхтний дэлхийгээ аврахын төлөөх шинэ зууны тэмцэл. Жинхэнэ даяаршиж буй тэмцэл.  Энэхүү ногоон тэмцэл рүү  манай дарга нараас хамгийн том алхаж орон, дэлхийн хэмжээнд цуурайгаа гаргаж буй нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. 

Улсын хэмжээнд (мэргэжлийн байгууллагуудын албан ёсны хийх үүрэгтэй ажлуудыг эс тооцвол) яг хувь төрийн зүтгэлтнүүд дотроос хотын дарга Г.Мөнхбаяр шиг бодит юм хийж байгаа нь алга. Түүний нэр сийлээс­тэй үлдэх нь гарцаагүй болоод буй олон гоё төсөл үнэндээ улс төрийн балчиг намагтай хэрүүлээс илүү сэтгэл булааж байна. Тийм болохоор л манай  хотын “улаан” намын ногоон даргын хийгээд бужигнуулаад буй ажлууд  анхаарал  татаад байгаа юм.

Ногоон сэтгүүл зүй гэж манай сал­барынхан бас мэр сэр ярьдаг болоод бай­гаа. Гэхдээ “Өнөөдөр” сонины сур­валж­лагч Ц.Цэвээнхэрлэн шиг сүү­лийн арван хэдэн жил  байгаль орчны сэдвээр өөрийнхөөрөө чимээгүй ажил­ласан сэтгүүлч ховор. Уг нь хо­тын намын хорооны дарга Г.Мөнх­баяр, генсек У.Хүрэлсүх хоёр цаасаар ногоон “малгай” хийж өмсчихөөд  тодрох гэж далдганаж буй нөхдийг  тавь жаран сая төгрөгөөр улстөржин байж дэмжиж байхаар жинхэнэ гартаа үзэгтэй, сэтгэлдээ байгальтай, ногоон сэтгүүл зүйн төлөө дуугүйхэн алхаж яваад нь өгчих хэрэгтэй. Энэ тийм нууж хааж, намын шугам дагуулж хийгээд байх ч ажил биш. Ажилладаг сониных нь ногоон үзэл санааг нь л дэмжчихэд тэдний нэрэнд иймэрхүү замаг үсрэхгүй шүү дээ. Гэвч манай гайгүй улстөрчдийг гайтуулдаг  дээ­рээс шахдаг тулгалтууд олон байх юм даа. За, энэ ч яахав. Хальтирчихлаа. Сэлбэ, Туул хоёр дээр хийгдэж буй сэтгэл булаам төслүүдийг сонирхож явсан тухайгаа ярья.

Сэлбэ, Туул хэмээх манай хо­тынх­ны голын хайртай голууд байна. Сэлбэ нь устаж, Туулынх нь асуудал харанга дэлдэн буй энэ үед том төслүүдийг зоримогхон барьж авч буй энэ цагийн мээрийг элдэв үгээр ороохоо больё.   
 
СЭЛБЭ БА Г.МӨНХБАЯР

Одоогоос олон жилийн өмнө Сэл­бийн сэрүүн дэнж дээр хүүхдүүд шал­дан гүйлдэж,  гүүрэн дээрээс нь гэрэл үс­чүүлэн үсэрч нааддаг байсан гэнэм. Хотын хүүхдүүдийн хоргоддог хонхрын нэг  энэ байсан байна. Тэгээд одоо байсан гэж яригдах хүртлээ баларч, сайр чулуун судал л үлдсэн байна. Гэвч энэхүү мөхсөн голын судал дээр манай хотын мээр том төсөл эхлүүлэхээр шулууджээ.  

Сүйрч мөхсөн Сэлбийг  сэргээх ажлыг  ийнхүү эхлүүлж байгаа тухай­гаа тэр даруухнаар мэдэгдэв. Байгаль орчин сүйдэж дууслаа гэх таагүй мэ­дээ тасралтгүй ирэх болсон энэ цө­вүүн үед нийслэлийн мээр дурсам­жинд дуулж, дуулимд уйлах  болсон Сэлбээ сэргээхээр шийдсэн нь сайхан гэж хэлэх ч багадсан хэрэг.

Сэлбэ гол Хэнтийн нурууны ба­руун хойд салбараас эх аван урсч, Туул голын баруун хэсэгт ирж цутгадаг. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дундуур урсдаг хэсгийг сэргээхээр  Орос, Монголын хамтарсан баг ажил­лаж байна.  Тэнд боссон тоосон дун­даас бас л нэг бидний амьдралаас хөн­дийрсөн  уур амьсгал ханхалж байх юм. Орос, монгол инженерүүд  Сэл­бийн сайран дээр хамтран ажиллаж байна. Эрдэнэт, Төмөр замаас өөр газар хуучны ах нартайгаа бид тэр бүр хамтран ажиллахаа больсон. Тэднийг социализмын үеийнх шиг мөр зэрэг­цэн ажиллаж байхыг харах сонин, бас сайхан байв.

Төслийн хүрээнд Их тойруугийн гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1.2 км хэсгийг эхлээд  сэргээх юм. Одоо 1966 оны үерийн дараа барьсан 1.8 км урт төмөр бетонон хашлагыг ну­рааж, шинэчлэх ажил хийгдэж байна. Ус халиах бетонон босгонуудыг  хоо­ронд нь 150-180 м зайтай барьснаар 0.6-0.8 метр гүн усны толио үүсгэнэ гэнэ.  Урьд нь манайх ийм ажил хийж байсан ч цагийн аясаар бүгд сүйрчээ.

Сэлбэ голын тэжээлийн 69 хувийг хур бороо, таван хувийг цас мөс, 26 ху­вийг хөрсний ус эзэлдэг байж. Тий­мээс усны урсацыг хөрсний болон үе­рийн ус ашиглан нэмэгдүүлэх шийд­лийг сонгож авсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Тухайлбал, Улаанбаа­тар хотын төв ба хойд хэсгийн хөрс­ний усыг зайлуулах шүүрүүлийн бай­гууламжийн 800 мм голчтой хоолой­гоор 220 литр/секунд хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тус­ламж­тайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлнэ. Өвөлд нь Туул гол руу урсгана. Дараа нь уг шахуургын станцын тусламжтайгаар тус бүр 20 цацруулагчтай 20 м урттай хоёр эгнээ оргилуур ажиллуулахаар техникийн үндэслэлүүд хийгдсэн аж. 6-7 метрийн өндөртэй уг оргилуур нь мөн орчин үеийн гэрэлтүүлэгтэй байна. Голын хоёр талаар чулуун шат хийхээр тоо­цоолсон, өвөлдөө  тэр орчны 0.9 га талбайг мөсөн гулгуур болон ашиг­лана гэх зэргээр зураг дээр үнэхээр гоё төсөл амьдарчээ. Монголд анх удаа хийж буй энэ том ажлыг  “Норбу”, “Шимт газар” ХХК гэсэн Орос, Мон­голын компани ерөнхий гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байна.       

 “Сэлбэ” төслийн хүрээнд нийт 7.64 га газрыг тохижуулах юм. Үүний 1.4 га нь хараагүй хүмүүст зориулсан явган хүний зам байна. Мөн мод, бут, зүлэг бүхий ногоон байгууламж 1.29 га талбайг хамарна. Мэдээж хотын иргэдийн амарч суух энэ талбайд сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, шат, хогийн сав гээд бүх юм байна. 

Яг өнөөдрийн байдлаар 1,2 дугаар усан бассейны ажил болох 10.000 м3  газар шорооны ажлыг хийж дууссан бөгөөд  нийт ажлын 40 орчим хувь хийгдээд байна гэж гүйцэтгэгч компа­нийн захирал хэлж байна лээ. Үнэхээр хамгийн гоё төсөл энэ болох нь.

Цаашид зөвхөн Сэлбээр зогсохгүй Толгойт, Баян, Дунд голоо ч сэргээх зорилтыг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан тухай Нийслэлийн байгаль хам­гаалах газрын дарга, хатагтай Ю.Дэлгэрмаа ярьж байна билээ. Энэ ха­тагтайн гарт Туул голд минж нутаг­шуу­лах асар том төсөл бий.  Тэр жи­мээр сурвалжилж дараагийн удаа та бүхэнд хүргэх болно.

Улаанбаатар хотын бодлого ийн­хүү ногоорсон байна. Хэрвээ тэдэнд  төс­вийн бүрэн бүтэн эрх мэдэл бай­дагсан бол тэд нийт төсвийнхөө 70 хувийг ногоон байгууламжид зориул­маар байна гэж дор бүрнээ дугарч бай­на. Энэ жилийн хувьд өөрт оногдсон 79 тэрбум төгрөгийнхөө есөн тэр­бумыг манай ногоон мээр хотынхоо ногоон бай­гууламжын төлөө есөн дүү­рэгтээ ху­ваарилсан. Ийм том бод­логыг түүнээс өөр хэн ч өмнө нь хийж байгаагүй.

ЦЭВЭРЛЭГЭЭ БА Г.МӨНХБАЯР


Нийслэлийн Засаг даргын захи­рам­жаар өмнө нь хувийн компаниу­даар хийлгүүлдэг байсан нийслэлийн ногоон бүсийн ой цэвэрлэгээний аж­лыг  Зэвсэгт хүчний анги салбараар гүй­цэтгүүлэхээр болсон билээ. Бат­лан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан нийслэлийн ногоон бүсэд ой цэвэрлэх ажлыг хийсэн.

Нийслэлийн Байгаль хамгаалах газар болон Ойн газрын мэргэжилт­нүүд цэвэрлэгээ хийж буй газар дээр очиж, хэрхэн огтлох, цэвэрлэгээг яаж явуулах талаар заавар зөвлөгөө өгч, сур­галт зохион байгуулж энэхүү ажилд чин сэтгэлээсээ нягт нямбай ханд­сан. Өнөөдөр ч цэвэрлэгээ үр­гэл­жилж хөөрхий муу цагдаа нарын за­рим Сэлбийн орчмын хогтой ноцол­дож байна. Цэвэрлэгээ үргэлжилж байгаа нь тэр.

Энэ жилийн хувьд  Сонгинохайр­хан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мухарын амны 2007 онд түймэрт өртөн, дахин сэргэх боломж­гүй болсон 75 га талбайн модыг огтолж цэвэрлэн, ойжуулалт хийхээр төлөв­лөж ажилласан. Эндээс бэлтгэсэн мо­дыг зэвсэгт хүчний анги салбаруудын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хямд­рал­тай үнээр борлуулах болсон. Тэр ажил ч горимоороо явж байгаа. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэ­рийн дөрөвний нэгийг ой эзэлдэг. Ха­вар намрын хуурайшилтай үед гарсан түймрээс гадна хортон шавьжийн нө­лөөгөөр дахин сэргэх боломжгүй бол­сон ой цэвэрлэх ажлыг өмнө нь ху­вийн компаниудаар гүйцэтгүүлж бай­сан. Гэвч хувийн байгууллагууд цэ­вэр­лэсэн модныхоо борлуулалтдаа голч­лон анхаарч, энэ ажилд өрөөсгөл байд­лаар ханддаг тул өнөө жилээс тех­ник хэрэгсэл, хүн хүчний болом­жийг нь үндэслэн цэргийнхнээр хийл­гэ­хээр болсон нь хамгийн зөв шийдэл байлаа гэж хатагтай Ю.Дэлгэрмаа хэлж байна.

Хотын ногоон бодлогын мөрөөр цаашаа яваад байвал өдий төдий гэрэл гэгээтэй ажлуудыг сурвалжилж боло­хоор байгаа нь сайхан. Юун улс төр, юун элдэв тэнэг асуулга...Цэцэг, мод гээд мээрийн орж ажиллаж яваа орчин хэтэрхий өргөн, гэгээн  байгаа боло­хоор тэр биз.

Түүнийг заримдаа бухимдаж бай­на, загнаж шаардаж байна гэх мэдээ чих дэлсдэг. Зангах төдий дүр эсгэчи­хээд л эрх мэдлийн байшиндаа ягаа­раад суугаад байсан бол өнөөдөр хийх юмаа олж ядсан шоучид түүн рүү шүл­сээ үсчүүлэхгүй байсан. Манайхан юм хийж байгаа руу дайрдаг, хэлбэр­дэж, хийдүүлж байгаа руу налдаг.  Ийм нэг хөгийн зуршлаасаа хэзээ салах юм бол доо, бид.