“Гучаад жилийн өмнө Москвад оюутан байлаа. Улс улсаас ирсэн оюутнууд өөр өөрийн бичгээр үг өгүүлбэр бичилцэж, нэгнийхээ бичгийг ихэд сонирхдог байлаа. Би ч бас кирилл бичгээрээ бичээд үзүүлэв. Тэгсэн бүгдээрээ “Өө хөөрхий, Оросын бас нэг бага ястан байна” гэж байна. Үгүй ээ, манайх тусгаар тогтносон улс гэсэн, тэгвэл өөр бичигтэй байх биз дээ гэнэ. Тийм ээ бичигтэй гээд харамсалтай нь тэр бичгээрээ юу ч бичиж чадсангүй. Ингээд л дотроо монгол бичгээ заавал сурах юм шүү хэмээн бүр тэгэхэд л өөртөө андгайлсан юм...”

АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судлаач, Мэрилэнд мужийн Фредерик хотоос хүрэлцэн ирсэн Доржбалын Доржсүрэн “Монгол бичгийн зуслан”-д ирсэн зорилгоо ийн тайлбарлаж байна. Гэхдээ зүгээр суусаар ч байгаад ирж байгаа хэрэг биш, зорилгодоо хүрэхийн тулд бие даан үзсээр нэлээд дөртэй болчихжээ. Түүнтэй хамт гэргий Юндэнгийн Бадралмаа нь эх бичгээ сурахаар ирж. Нөхөртэйгээ харьцуулахад монгол бичиг сурахын ач холбогдлыг тийм эрт биш, харьцангүй хожуу ойлгосон гэнэ. “Би орос сургууль төгссөн, Монголд дээхэн, нэг хэсэг монгол бичгээ биш орос хэл сайн мэдэх нь илүүд тооцогддог үе байсан шүү дээ. Тэгээд нэг их анзааралгүй явж. Харин АНУ-д суурьшин амьдрах болсноосоо хойш амьтан хүнд энэ миний бичиг ээ гээд орос үсэг үзүүлээд явах нь зохимжгүй болохыг ойлгосон юм. Нөхөр шигээ бие дааж үзсэн юм байхгүй ээ, бүр эхнээс нь эхэлнэ дээ” хэмээн Бадралмаа ярилаа.

2013 оны 7 сарын 4, АНУ-ын Тусгаар тогтнолын баярын энэ өдөр Америк дахь бүлэг монголчууд тэр улсын баярыг тэмдэглэхээсээ илүү босоо монгол бичгээ сурахаар Индиана мужийн Блүүмингтон хотноо цуглаад, хичээл эхлэхээс өмнө танилцан хуучилж буй нь энэ. Мэриландын хоёртой хамт Монгол бичгээ суръя хэмээн Иллиной мужийн Чикаго хотоос Машбатын Батгэрэл, Лодонгийн Энхнасан, Паркридж хотоос Базарын Аюуш, зээ хүү Эрдэнэхүүгийн Тэмүүлэнтэйгээ, Нэйпэрвилл хотоос Хэнмэдэхийн Батсанаа,  Фрипорт хотоос Тогтохын Дагиймаа, Индиана мужийн нийслэл Индианаполисоос Далхжавын Доржмаа, Жефферсонвилл хотоос Содномсамбуугийн Рэнцэнсамбуу, Цогбадрахын Цогзолмаа, Сангийн Ариунаа, Виржиниа мужийн Арлингтон хотоос Баярхүүгийн Уранчимэг нар хүрэлцэн ирж, “зуслангийн найзууд” болон, цагийг алдалгүй хичээлдээ орлоо.

Эхний өдөр (7 сарын 4)

Өглөө 10 цагаас бид хичээлээ эхэллээ. Эхний цаг дээр Монгол бичгийн гарал үүслийг тайлбарлаад үндсэн зурлагуудаа үзэж, эгшиг үсгээ сурав. 7 эгшгийг үзсэний хойно дан эгшгээс бүтсэн цөөн үг бичиж чадаж байгаадаа сурагчид их урамтай байлаа. Өөрөөр хэлбэл 10 цагт юу ч мэдэхгүй эхэлсэн улс 10 цаг дөчин минутад “Ой (мод), Үй (түм), Ай (хөөрхий)” гэсэн үгс бичээд сууж байсан гэсэн үг юм.

Дараа нь, 11 цагаас анхны гийгүүлэгч Н үсгээ үзсэнээр монгол бичгээр анх удаагаа бүтэн өгүүлбэр буюу “Энэ үнэн” хэмээн бичих боломжтой болсон юм. Үүний дараа нь М үсэг үзэнгүүтээ “Энэ миний ном. Энэ Ононы номын үнэ” гэх мэт уртавтар өгүүлбэрүүд бичин дадлага хийв. Бас анх социализмын төгсгөл үед монгол бичиг зааж эхэлж байхад Н, М үсэг үзээд ийм өгүүлбэр бичдэг байлаа хэмээн дурсамж сэргээн “Энэ ни энэ он-у нам-ун үнэн” хэмээн бичээд уншуултал арван наймтай хүүгээс бусад нь зөвхөн уншихаар барахгүй юун тухай ярьж байгааг сайтар ойлгож байна. Тэмүүлэн хүү харин “Намын Үнэн” гэдэг нь юу юм бэ гэж гайхан асууж билээ.

Хамгийн хөгжилтэй нь зуслангийн нөгөө багш Ц. Наранцэцэг 10 цагаас бидний хичээлийг эхлүүлчихээд өдрийн хоолны хэрэгцээт зүйлс цуглуулахаар хот руу явсан юм. 12 дөхүүлээд ирээд бидний энэ дээрх өгүүлбэрийг уншиж бичиж байгааг харчихаад “Өө за за, хоёрхон цагийн өмнө Титэм, гэдэс гээд эхэлж байсан улс одоо бүр улс төрийн текст бичээд сууж байх чинь вэ” хэмээн инээдэм болж билээ. Үнэхээр л тэгсэн юм даа.

Хоолны дараа Л, Б, Р үсгүүдээ үзлээ. Гэхдээ нэгэнт зуслан болохоор бас дундуур нь сурагчдынхаа алжаалыг тайлж байхгүй бол хэтэрхий их нүдээд залхаачих аюултай. Тиймээс Блүүмингтон хотоос урьж авчирсан мэргэжлийн ёогийн багшаар алжаал тайлах дасгал, анхан шатны ёогийн хичээл заалгалаа. Үргэлжлүүлээд С, Д үсгээ үзээд оройн хоолондоо оров. Хоолноос гараад Га, Гэ үсэг, Инхэлиг үсэг үзснээр сая сурагчдаа амраалаа. Зуслангийнхан авьяастай гэж жигтэйхэн гитар тоглодоггүй хүн гэж бараг алга, орой бүгд тойрч суугаад бага залуу насаа дурсан, ихэвчлэн орцны дуу гитартай дуулж цэнгэв.

Удаах өдөр (7 сарын 5)

Өглөө яг л зуслангийн хүүхдүүд адил бүгд эртлэн босч, дасгал болгон Төвөд Монголын Шашин Соёлын Төвийн модон дундуур гаргасан горооны жимээр алхлаа. Ирээд цайгаа уугаад л монгол бичгийнхээ хичээлд оров. Эхний цаг дээр Ха Хэ, Т үсгүүдээ үзлээ. Унших бичих дадлага жаахан хийгээд өдрийн хоолноос өмнө Ч-Ц, Ж-З үсгүүдээ үзэв.

Өдрийн хоолны дараа Йа, Ш үсгүүдээ үзсэнээр монгол үгэнд ордог бүх үсгээ ийнхүү үзэж дууссан юм. Бүгдийг нь сурчихлаа гэсэн үг биш л дээ. Тэмдэглэлээ хараад, мартсан санасан үсгээ эргүүлж тойруулж байгаад ямар ч үгийг уншчихаар болж байна аа л гэсэн үг.

Үсгээ үзэж дууссанаа тэмдэглэхээр, өөрөөр хэлбэл Үсэглэлийн баяртаа зориулж, “Оливер дарсны газар”-т аялал хийлээ. Тэнд биднийг нэгэн ажилтан нь хүлээн авч, дарсны үйлдвэрийнхээ түүхийг, дарсаа хэрхэн хийдэг арга технологийнхоо тухай дэлгэрэнгүй ярьж өгөв. Төрөл бүрийн дарснаас амтлан үзэж, дуртайгаа сонгон, цөөрмийн эрэгт хэсэг тухлан алжаалаа тайллаа.

Эргэж ирээд оройн хоолны өмнө амжаад монгол тоо хэрхэн бичихийг үзсэнээс гадна хүн бүр овог нэрээ бичиж сурлаа. Содномсамбуу, Доржбал гэх мэт олон төвд, Аюуш, Базар гэх мэт самгарди нэр ч байсан тул овог, нэрнийх нь утга учрыг мөн тайлбарлаж өгөв.

Ингээд оройн хоолны дараа гурван анги хоорондоо Татаатунгаа, А-хаа тэмцээнээр өрсөлдөв. Гурван анги гэснээс зуслангийн 13 сурагч А, Б, В гурван бүлэг болон хуваагдсан юм. Яг л арван жилийн сургууль шиг анги бүлгээрээ маш өрсөлдөөнтэй тоглон, инээд хөөр дүүрэн тэмцээн болсон билээ.

Сүүлчийн өдөр (7 сарын 6)


Өглөөний дасгал, цайны дараа гадаад үгэнд ордог хэдэн үсгийг сурав. Энэ хичээл ялангуяа харь улсад амьдарч буй монголчуудад, аж төрдөг хот мужаа бичихэд нь чухал хэрэгтэй юм. Дараа нь гурван анги бүлэг бүлгээрээ ажиллаж, Монгол улс кирилл үсэгт шилжээгүй байсан үеийн ном сэтгүүлийг таних, дотроос нь мэдээлэл олох дасгал хийв. Нэг ангид Уран үгсийн чуулганы анхны дугаар, нөгөөд нь дунд сургуулийн 3-р ангийн Газарзүйн сурах бичиг, сүүлчийн ангид Эмэгтэйчүүдийн эрх хэмээх сэтгүүл оногдлоо. Энэ дасгал хэд хэдэн ач холбогдолтой болов. Юуны өмнө сурагчид хоёрхон хоног монгол бичиг үзсэн атлаа ангиараа нийлж байгаад тухайн нэг ном, сэтгүүлээс ямар их мэдээлэл олж чадаж байгаагаа өөрсдөө мэдэрч, үүндээ ч их урамшсан юм. Хоёрт манай түүхийн бас нэгэн дурсгал болсон эдгээр номтой танилцана гэдэг чухал.

Өдрийн хоолны цагаар Далай багшийн төрсөн өдөрт зориулсан сонирхолтой арга хэмжээ Төв дээр болж, сурагчдад маань ч оролцох хувь тохион, хадаг өргөлөө. Энэтхэгээс, Далай багшийн хийдээс ирсэн долоон төвд лам шашны урлагийн тоглолт хийж, ном хэрхэн хаялцдагийг жүжигчлэн үзүүлснээс гадна Мандала хэрхэн бүтээдгийг бодитоор харуулав.

Үдээс хойш эхлээд, Чингисийн чулууны бичээсийг хэзээ яагаад бичсэн, одоо хаана байгаа, ямар түүхтэй зэргийг зааж, хялбаршуулан бичсэн хувилбараас нь өөрсдөөр нь уншуулахыг оролдлоо. Эцэст нь тийн ялгалын нөхцөлүүдийг хэрхэн бичдэгийг зааснаар зуслангийн хичээл өндөрлөсөн юм. Хичээлийн дараа нэг томоохон эхийг нэг нэгээрээ өгүүлбэр өгүүлбэрээр салган уншваас зарим нь огт торолгүй, зарим нь үсэглэсээр, ямар ч байсан бүгд уншиж чадсан нь үнэхээр бахархалтай. Монголоор уншдаг болно гэж ирсэн, чадчихлаа шүү дээ.

Орой Хонхны баяраа тэмдэглэлээ. Монгол бичигтэн болсныг нь тодотгон өгүүлэх батламж гардуулснаас гадна нэгэнт нэгэн анги болж нөхөрлөснийх монтаж ч хийлгэж өгөв. Дуу хуур, бүжиг дискотой яг л төгсөлтийн хонхны баяр яаж болдог вэ, тийм л баяр боллоо. Хамгийн гол нь монгол бичгээр уншаад сурчихсан гэдэг омогшил бахархалтайгаар чин сэтгэлээсээ хөөрөн баяссан юм.

Их үйлийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй

Энэ бол түүхэнд анх удаагаа хичээллэсэн “Монгол бичгийн зуслан” байлаа. Шинэ үсгийг анх зааж байхад ингэж нийлүүлж, дугуйлан болгон үздэг байсан гэдэг юм. Зуслан болгож монгол бичиг заалаа гэж гадаадад байтугай Монголдоо ч сонсоогүй юм байна.

Их үйлийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг. Ганцхан санаачилгаар болчихдог эд биш ээ. Тиймээс оролцсон тусалсан бүхнээсээ танилцуулан талархваас:

МУБИС-ийн монгол бичгийн багш Үүрэг овогтой Ариунболд 5 сарын 3-ны өдөр, Вашингтон хотноо Олон улсын Монголч Эрдэмтдийн хуралд ирээд байхдаа бид бүхний энэ санаачилгыг сонсоод жинхэнэ хэл бичигтээ элэгтэй багшийн ёсоор ихэд баярлан, Монгол улсад очингуутаа батламж, зуслангийн хаяг болох хулдаасан хэвлэл зэргийг монгол бичгээр хэвлүүлэн илгээлээ. МУБИС-ийн Соронзон багш ч бас үүнд хувь нэмрээ оруулсан.    
 
Монгол бичгээр уншиж сурсан шавь нарт маань зориулж МУБИС-ийн уран бичээч Жумдаан багш Үлэмжийн чанар, Талын хүчтэн зэрэг бэлгэтэй сайхан үгсийг уран гоё каллиграфаар бичиж ирүүлснийг бүх сурагчдадаа, бас ёогийн багшдаа дурсгасан билээ.

Хичээлдээ хэрэглэсэн гол сурах бичиг маань ч МУБИС-ийнх, Авирмэдийн Цог-Очир багш, тус сургуулийн төгсөгч үүнийг бичигчийн шавь Алтанзул нарын хамтын бүтээл “Монгол бичиг – 1” номоор заасан юм.

МУБИС-аас мөн Ангийн журнал ч  ирсэн, эх болсон сургууль маань, мэргэжил нэгт нөхөд маань энэ удаад бас л намайгаа дэмжиж, зусланг амжилттай болоход ихээхэн хувь нэмэр боллоо.

Аливаа зуслангийн хамгийн чухал юм нь хоол байдаг. Монгол соёлын төвийн идэвхтэй гишүүдийн нэг, Улаанбаатар, Баянгол ресторануудад ахлах тогоочоор ажиллаж байсан Банзайн Амаржаргал эгчийн амтлаг сайхан хуушуур, хууцай, чанасан мах, шөл манай зуслангийн чимэг байлаа. Мэргэжлийн тогоочоор хоолоо хийлгэдэг, азтай юм аа, шавь нар маань ч.

Ангийн монтажны зургийн эхийг тооцоолуурын дезайнерч Гомбожавын Дарьсүрэн зохиомжлон бэлдэж тусаллаа. Төгсөлтийн баяр дээр энэ монтаж үнэхээр сонирхолтой, санаанд оромгүй бэлэг болсон юм.

Өөрөө сурахынхаа хажуугаар бас нэвтрүүлэг, мэдээ бэлдэж зуслангийн үйл ажиллагааг олонд түгээн таниулсан, мөн Монгол бичгийн эртний дурсгалыг тайлбарласан “Монгол бахархал” хэмээх булан надтай хамтран хийснээ ДВД болгон бүх сурагчид бичиж өгсөн АНУ дахь ЮМОН ТВ-ийн эрхлэгч Б. Уранчимэгт баярлалаа.

Урьд хүүхдийн монгол хэл соёлын зуслан санаачлахад дэмжин, анги танхим, орон байр бүгдийг гаргаж өгсөн, өдгөө мөн Насанд хүрэгчдийн монгол бичгийн зуслан нээхэд ч аанай л бүхнээр хангаж өгч буй Төвөд Монголын Шашин Соёлын Төв, тэргүүн Ажаа рэнбүчи, мэнэжэр Триш, Монголыг хариуцсан ажилтан М. Саранцэцэг нарт шавь нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Эцэст нь харь газар зав цөлөөгүй ажиллаж байгаа хирнээ монгол бичгээ сурна хэмээн хаа хол газраас хэрэг болгон ирсэн, эх оронч сэтгэлтэй, эх хэл хэл соёлдоо хайртай, анхдагч болсон арван гурван шавьдаа халуун баяр хүргэе. Хүн юм санаачлаад хийхэд тэрийг нь дэмжээд оролцоно гэдэг агуу сайхан сэтгэл байдаг юм. Ижилдэн нөхөрлөсөн 13 шавь-анддаа чин сэтгэлээсээ баярласан шүү.

хэмээсэн энэхүү сурвалжилгыг өндөрлөхийн өмнө жич өгүүлэх хэдэн зүйл байгаагаа дурдваас

Нэгэн зүйл


Гуравхан хоногийн дотор монгол бичиг сурна гэж юу байх вэ, өнөө алдартай багшийн худлаа амлалт шиг юм болж байна уу гэх мэт шивэр авир яриа биднийг эхлэхээс өмнө чих дэлсэж байв. Жаахан нухацтай бодоод үзвэл манай хөтөлбөр үнэн хэрэгтээ нэг сарын дамжаатай дүйж байгаа юм л даа. Учир нь сарын дамжаа ойролцоогоор өдөр бүр нэг цаг хичээллэлээ гэхэд долоо хоногт 5 цаг, сард 20 цаг болдог, бид харин зусланд өдөржин хамт байгаагаараа давуу талтай, өглөө, өдөр, орой хичээллээж, өдөртөө зургаан цаг, 3 хоногт 18 цагийн хичэл үзсэнээр үнэндээ бол сарын дамжааны агуулгыг дүүргэчхэж байгаа юм аа. Бас шинэ хэл үзэж байгаа хэрэг биш, эх бичгээ л үзэж байгаа гэдгийг санана биз ээ.

Нэгэн зүйл

Арван гурван хотоос ирсэн арван гурван монгол иргэн суугаа орчин бүрдээ, ажиллаж буй газар бүрдээ монгол бичгээр нэр усаа, хот улсаа, ойр зуур өгүүлбэр зэргийг бичиж үзүүлэх нь харь улсад Монголыг сурталчлах үнэхээр том “хөрөнгө оруулалт” болох юм. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарина гэдэг шиг Америкийн хот тосгодоор Монголын сурталчилгааг шавь нар маань бас тээх бөлгөө.

Нэгэн зүйл


Сар хүрэхгүйн өмнө Америкийн монголчууд зуун зуун бээрийн чинадаас хэрэг болгон очиж сонгуулиа өгсөн тухай мэдээ Монгол улс дахь сонгогчдод сүрхий анхааруулга болон сонстсоны адил мянган километрийг ардаа хийн ирээд, тэнгис далай гатлуулан байж авчирсан сурах бичиг зэргээр Монгол бичгээ сурсан энэ хүмүүсийн идэвх зүтгэл, эх нутагтаа, монгол бичгийн орчин дотор, олон сайхан багш нарын дунд суугаа атлаа залхууран үл үзэгч нөхдөд маань нэгийг өгүүлж, хоёрыг бодуулах буй заа.

Нэгэн зүйл

Гуравхан өдрийн өмнө “Багш аа, шилбэ нь шүднээсээ арай урт юм байна тээ” хэмээн асууж байсан залуус “Эбэсү усу арбин болбал Дондоб-ун морид улам өсүнэ” хэмээн уншин суухыг харах нь багш хүний нүдэнд нулимс гармаар бахархалт мөч байлаа. Эрдмийг хичээлээр гэдэг энэ буюу.

Одоо яах вэ гэж үү?  Наадам өнгөрөнгүүт эргээд Индиана явна, эцэг эхэд нь монгол бичиг заасан, одоо харин үр хүүхдэд нь монгол хэл соёлыг нь заана даа.


Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.