Улс төр дэх “Ромнизм” буюу нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ
Их ойрын жишээнээс эхэлье л дээ. Тэтгэвэртээ суусан аав, ээж хоёр маань зуслангийнхаа хашаанд зуны байшин барих санаатай тэтгэврийн зээл авч, Түнхэлийн модны үйлдвэрээс хэдэн палк татжээ. Хавар цагаан сарын өмнө, үнэ хямд дээр нь гэж татсан хэдэн палкных нь хагасыг цагаан сарын дараа нэг удаа очиход нь хулгай аваад явчихсан байв.
Учир нь аав маань тэр палкуудыг мод бэлтгэлээс ширхэгийг нь 12 мянган төгрөгөөр худалдаж авч, түүнийгээ зуслангийн хашаанд хүргэхийн тулд портер машин хөлсөлж, түлш шатахуун хийсэн гээд нэлээдгүй цаг хугацаа, зардал чирэгдэл болж. Гэтэл шүүх зөвхөн палкийг худалдаж авахдаа төлсөн үнийг нь хохирлын хэмжээнд үнэлснээс биш бусад өртөг зардлыг тооцсонгүй. Дээр нь өнөөдөр нэг палкны үнэ 12 мянга биш, 15 мянга болж өссөн байна. Энэ бол амьдрал дээр өдөр тутам тохиолддог энгийн нэг жишээ.
Байгалийн баялаг гэдэг байгаль дээр бэлэн байгаадаа баялаг биш. Бас хэний ч өмч биш. Харин түүнд хүний гар хүрч, хөлс хүч орж, тодорхой хэмжээний өртөг шингэж байж үнэ цэнэ нь тогтож, өмч болдог. /Гэхдээ үүнийг тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүр хийдэг ур муутай мужааны үлгэртэй эндүүрч болохгүй л дээ/ Эдийн засгийн онолын эхний хичээл дээр үздэг дээ. Нүүрс, эсвэл мод газрын доор түүхийгээрээ байхдаа, эсвэл ууланд ургаа чигээрээ байхдаа баялаг биш. Иргэн Дорж Богд уулан энгэрт байгаа арван ширхэг ургаа хусыг иргэн Дондогт зарж болдоггүй. Учир нь тэр хэний ч өмч биш учраас хэн ч үнийг нь тогтоох боломжгүй юмаа гэж. Тэр бол зүгээр л байгалийн нөөц төдий. Харин нүүрсийг хэн нэгэн олборлоод, газар дээр ил гаргаад, эсвэл ургаа модыг хөрөөдөж огтлоод палк болгосны дараа жинхэнэ баялаг, хэн нэгний өмч болж үнэ цэнэ нь тогтдог. Байгалийн бусад баялаг ч ялгаагүй. Тиймээс байгалийн баялгаараа бардах бидний сэтгэл, баялгийг эзэмшигч буюу хөрөнгө оруулагчидтай харьцах харьцаа хоёрт тодорхой хэмжээний ялгаа зааг байх ёстой гэсэн үг.
Харин үүний хажуугаар зайлшгүй барьж явах ёстой нэг бодлого бол байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй хөгжлийн бодлого. Тиймээс энэ талаар нэр дэвшигчийн байр суурийг тандах гээд үзье. Ингэхдээ нэр дэвшигчдийн мөрийн хөбөлбөрт байгаль орчны бодлого хэрхэн туссан талаар шинжээчийн хийсэн эрсдлийн үнэлгээг эш үндэс болгов. Нэгэнт МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвалын “Таван БОДЛОГО-Таван зорилт” нэртэй мөрийн хөтөлбөрт нь байгаль орчны чиглэлээр тусгасан зорилт байхгүй учраас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарийнхыг харьцууллаа.
Шинжээч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг эко систем, байгаль орчны хамгаалал, байгаль орчны засаглалын асуудал, ой, усны бодлого, цөлжилт, газрын доройтол, ногоон технологи, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой уул уурхайн бодлого, экологийн боловсрол, байгаль орчны салбарын хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны гэмт хэрэг, цацраг идэвхит бодис, цөмийн хаягдал, цөмийн эрчим хүч гэсэн 12 чиглэлээр задлан шинжилгээ хийсэн байна.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэний хувьд эко систем, байгаль орчны хамгаалал, Байгаль орчны засаглалын асуудал, тогтвортой уул уурхайн бодлого гурваас бусад зүйлд ямар нэг санал санаачлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл ой, усны бодлого, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгальд ээлтэй ногоон технологийг хөгжүүлэх, цацраг идэвхит бодисийн хэрэглээ, цөмийн хаягдлын асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлээгүй, байгаль орчны гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар ямар ч төсөөлөлгүй, Монголын залуу үед хамгийн их дутагдаж байгаа экологийн боловсролын асуудлыг огт хөндөөгүй байна. Харин байгаль орчны хамгааллын асуудлаар “Эх байгалиа хамгаалах чиглэлээр гарч буй иргэдийн бүхий л үүсгэл санаачилгыг дэмжинэ” гэсэн ганц өгүүлбэр оруулжээ. Тэгвэл энэ талаар нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт “Онгон дагшин байгаль, давтагдашгүй ховор, эмзэг экосистемийг хамгаалахад чиглэсэн иргэдийн санал санаачлагад тулгуурлан “Байгалийн нөөцийн үндэсний парк” байгуулах тухай зарлигийнхаа хэрэгжилтийг хангана. Байгаль орчныг сэргээх, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэхээр ажиллаж буй иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, байгаль орчны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Байгаль хамгааллын ажлыг мэргэжлийн байгууллагууд, иргэдийн болон орон нутгийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан байна.
Мөн ой, усны бодлого, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Монгол Улс олон улсын идэвхи санаачлагад нэгдэж, тухайн асуудлаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамрагдан үр шимийг нь хүртэгч байна гэсэн бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт энэ талаар нэг ч үг байхгүй.
Түүнчлэн байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх талаар Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт “Байгаль орчинд халтай зөрчил, гэмт хэргийн зүйлчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, хохирлыг нөхөр төлүүлэх нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх механзмыг бий болгоно” гэсэн бол Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн хөтөлбөрт энэ талаар нэг ч үг өгүүлбэр ороогүй.
Ерөнхийдөө түүний мөрийн хөтөлбөр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдээс илүү их дэмжлэг авсан гэж өөрийнх нь тооцож байгаачлан Оюутолгойн гэрээг өөрчлөх дээр тулгуурлан хийгдсэн, орд газруудыг аль болох төрийн мэдэлд авах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг хавчихад чиглэснийг үг өгүүлбэрээс нь төвөггүй харж болно. Гэхдээ энэ бүхэн яаж хийгдэх вэ, эргээд эдийн засагтаа ямраар нөлөөлөх вэ гэдэг тооцоо судалгаа байхгүй учраас мань хүн орон нутаг, аймаг болгонд очихдоо тухайн орон нутгийн иргэдийн асуусан асуултад тааруулан өөр өөр утгатай зүйлүүд яриад яваа. Нэгэнт өөрийнх нь мөрийн хөтөлбөрт зайлшгүй хэрэгжүүлэх ёстой, тооцоо судалгаатай хийгдсэн төлөвлөлт байхгүй учраас уулзсан хүн болгоны сэтгэлд тааруулан юу дуртайгаа ярьж болно. Гэхдээ ийм бодлогогүй амлалт, болгоомжгүй үгэнд итгэж саналаа өгөх нь мэдээж эрсдэлтэй. Хоёр монгол хүний уулзахад дундаас нь зарчмын зөрүүтэй гурван өөр санал гардаг гэдэг шиг Монгол Улсын насанд хүрсэн сая 500 мянган хүн нэг бүрийн амаар ажлаа хийнэ, нийгмийн хэсэг бүлэг болгонд нэг бүрчлэн тааруулсан бодлого гаргана гэвэл Ерөнхийлөгчийн институт байтугай УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдлөөд, дөрөв байтугай 40 жил зүтгээд ч мөрөөдөлдөө хүрэхгүй.
Тиймээс л Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хүний хийх ажил, хэлэх үг одооноос эхлээд цэгцэрч, нэг бодлогод зангидагдан хайрцаглагдсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч одоо сонгогчидтой уулзахдаа цуглуулаад яваа тэр санаанууд аль эрт цуглуулаад, эрх ашгийн зөв дарааллаар эрэмбэлээд, болох болохгүй, бүтэх бүтэхгүйгээр нь ялгаж салгаад цэгцэлчихсэн, тэндээс нь сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөр нь урган гарсан байх ёстой. Нэг үгээр хэлбэл хэрвээ энэ хүн Ерөнхийлөгч болбол Монгол Улсын төлөө, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө юу хийж чадах вэ гэдгийг баталгаажуулсан албан ёсны баримт бичиг, нэг ёсны сонгогчидтойгоо хийж байгаа гэрээ юм. Тиймээс тэр нь ялангуяа одоо УИХ, Засгийн газрын түвшинд хийгдэж байгаа нааштай өөрчлөлт, санал санаачлага, нийгмийн оюун санааны эерэг өөрчлөлтийг үгүйсгэсэн байх учиргүй. Тиймээс л сонгуулийн хуулиар нэр дэвшигч болгоноос “мөрийн хөтөлбөр” гэх зүйлийг шахаж, түүнийг нь жишиж шинжиж, үнэлж цэгнэх гээд буй хэрэг.
Өнгөрсөн онд болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид үеэр нэр дэвшигч Митт Ромни, Ерөнхийлөгч Б.Обама нар бараг тэнцүү саналтай, зарим тохиолдолд Ромни илүү саналтай явж байв. Гэвч сүүлийн санал хураалтаар Митт Ромниг ялагдалд хүргэсэн гол алдаа нь манай Б.Бат-Эрдэнэ аварга шиг муж, хот болгонд очихдоо хүн болгонд таалагдах гээд мөрийн хөтөлбөрт нь огт байхгүй зүйлүүдийг ярьж явсан явдал. Үүнээс нь болж Америкийн сонгогчид түүнд итгэхээс татгалзаж, харин нэр дэвшигчийн энэ “хүн болгонд таалагдах” гэсэн хүсэл шуналыг улс төрийн түүхэнд “Ромнизм” гэдэг үгээр тэмдэглэж үлдээсэн байна.
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн түүнээс ялгарч байгаа давуу тал нь тэр өөрийн мөрийн хөтөлбөрт оруулсан олон бодлогын тэн хагасыг нь өнгөрсөн дөрвөн жилд хийгээд эхлүүлчихсэн. Өөрийнх нь хэлсэнчлэн “сонгуулийн маргааш шууд шүүрч аваад хийгээд эхлэх” бэлэн ажлууд. Ерөнхийлөгч болонгуутаа ашигт малтмалын лицензийг замбараагүй олгодог байдлыг халснаар Дархан аймгийн газар нутгийг 60 дахин, Архангай аймгийн газар нутгийг тав дахин нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний газар нутгийг лиценз эзэмшигчдээс эргүүлэн авсан билээ. Сүүлийн гурван жилийн дотор бид “Монголын газар нутгийн тэн хагасыг лиценз нэрээр гадаадынхан авсан байна” гэдэг улиг болсон үгийг байгаль орчны иргэний хөдөлгөөнүүдээс дахин дахин сонсохгүй байгаа шалтгаан нь энэ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ашигт малтмалын шинэ хууль гарах хүртэл Монголын нутаг дэвсгэр дээр дахин лиценз олгогдохгүй. Харин уг хуулийн төсөл УИХ дээр энэ хавар нэг удаа орж ирээд буцсан, одоо төсөл санаачлагчид нь хуулиа дахин чамбайруулж байгаа. Хэлнэ гэдэг хийхийн хагас гэдэг энэ.
Хоёрдугаарт түүний ард УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа АН, МҮАН МАХН-ын “Шударга ёс” бүлэг, Н.Алтанхуягийн Засгийн газар бий. Жишээлэхэд Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Байгаль орчинд халтай зөрчил, гэмт хэргийн зүйлчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгоно” гэсэн амлалтын ард Хууль зүйн сайд зогсож байгаа. Шинээр боловсруулаад байгаа Мөрдөх албаны тухай хуулиар байгаль орчны эсрэг экологийн гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг гэмт хэргийн ангилалд оруулж Мөрдөх албанд харьяалуулах, иргэнд бус хуулийн этгээдэд хариуцлага тооцдог байхаар тусгасан байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа манай хуульд хуулийн этгээдэд хариуцлага тооцох, эрүүгийн хэрэг үүсгэх тухай заалт байхгүй. Байгаль орчны гэмт хэргүүд зөвхөн хувь хүн дээр хариуцлага тооцогддог, тэр нь гэмт хэргийн хэмжээнд үнэлэгддэг ч үгүй, зөрчил торгууль яриад л өнгөрдөг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ байгаль орчны эсрэг гэмт хэргийг мөнгө хөрөнгө, эрх мэдэлтэй хэсэг, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд л үйлддэг шүү дээ. Хүрз, түмпэн барьсан ядарсан нэг муу “нинжа” хуулийг өмнөө барьсан этгээдүүдээс илүү эрх дарх эдлээд, экологийн сүйрэл дагуулна гэж байдаггүй юм.
Тиймээс экологийн гэмт хэрэгтэй хийх тэмцийг илүү мэргэжлийн түвшинд явуулж, ял торгууль, хариуцлагын хэмжээг олон улсын жишигт хүргэх нь Ерөнхийлөгчийн гаргах ёстой бодлого, Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой ажил. Үүнийг улс төр дэх “Ромнизм”, “Ромнист”-үүдээр арилжих боломжгүй юм.
caruul
batdorj
buuz
buuz
buuz
buuz
buuz
Сонгогч
arai l
Зочин
Харьцуулалт
nomuun
e
BATAA
gefgfif
Zochin
Зочин
Зочин
Зочин
Ii
s
Зочин
Зочин
kkk
Баясаа
Mngl
Иргэн
ганаа
ганаа
хөдөө
Muugii
Semuun-d
сонгогч
emee
emee
Зочин
Songogchid
Зочин
Батаа ахынхаа буяныг наадамчид мартахгүй ээ
зочин
Зочин
zochin
зочин
Unshigch
хаха
зочин
zochin
Магадгүй
сайн
unshigch
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
д тэмүүжин
Зочин
зочин
зочин
Зочин
Зочин
xvnmon