Цар тахлын дараах дэлхийд Монгол Улсын идэвхтэй байр суурь илүү чухал
С.Эрдэнэ мөрийн хөтөлбөртөө “Гадаад харилцаанд төвийг сахих чиглэл бүхий бодлого” баримтлахаа ид тод мэдэгдэн шууд зарлажээ. “Медалийн тавцанд Монгол мартагдсан” өнөөдрийнх шиг унтаа нөхцөлд цар тахлын дараах дэлхий ертөнцөд “төвийг сахих” гэдэг идэвхгүй бодлого төдийлөн тохиромжтой биш.
Аливаа улсын тусгаар тогтнол гэдэг ард иргэд нь хэрхэн үзэхээс илүүтэй гадаад улс орнууд хүлээн зөвшөөрөх эсэхээр хэмжигддэг хамгийн ариун нандин бөгөөд асар түвэгтэй үйл явц юм. Тийм ч учраас тухайн улс орны гадаад нэр хүнд бол тусгаар тогтнолынх нь баталгаа болж байдаг төдийгүй тэрхүү тавцанд өөрийн нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн төлөөх эрмэлзэл нь үргэлж чухал байсаар ирсэн. Энэхүү чин эрмэлзэл, хүсэл зорилгоо хэрхэн тодорхойлох, хэрхэн хэрэгжүүлэхийг гадаад харилцааны бодлого хэмээн товчхон томьёолж ч болно. Монгол Улсын хувьд гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй ганц субъект бий нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ бол Үндсэн хуулиар түүнд олгогдсон бусадтай хуваалцашгүй бүрэн эрх нь юм. Чухамдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ид хэлэлцүүлж буй энэ өдрүүдэд бид Монгол Улсын гадаад харилцааны ирэх зургаан жилийн бодлогыг шийдэх гэж байгаа хэрэг.
Монгол явах ёстой. Явахгүй бол хэн ч хүрч ирэхгүй. Өөрөөр хэлбэл, бид идэвхтэй гадаад бодлого баримталж байж илүү үнэлэгдэнэ. Энэ бол жижиг улс орнуудын хувьд жишиг болон тогтсон зарчим юм. Ялангуяа цар тахлын дараах дэлхий ертөнцөд бид идэвхтэй гадаад бодлого баримтлахгүй бол өнгөрсөн хоёр жилийн нөхцөл байдал улс орнуудыг өөр өөрсдийнх нь хилийн дотор түгжихтэй зэрэгцэн Монгол мартагдсан. Магадгүй энэ идэвхгүй унтаа гадаад бодлого дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй одоогийн Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганыг алгасаж, үүнийгээ “улсын төсвийг хэмнэх ёсто” гэдэг тайлбараар хаасан тэр үеэс эхэлсэн биз ээ. Гадаад харилцаанд улсаа төлөөлөх бусадтай хуваалцшгүй үүргээ хэрэгжүүлэхэд төсөв байтугайг зарцуулах ёстой байв. Монголын гадаад харилцааг цар тахлын дараах дэлхий ертөнцөд дахин сэрээх ёстой тийм цаг үе ирж байна. Үүнийг хэн чадах вэ.
Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөртөө гадаад харилцааны бодлогыг нэлээн чухалчлан дэлгэрэнгүй авч үзсэн байгаа ч “Гадаад харилцаанд төвийг сахих чиглэл бүхий бодлого” баримтлахаа ил тод мэдэгдэн шууд зарлажээ. Энэ бол Ц.Элбэгдоржийн зарлан тунхаглаад суудлаас буусан, учрыг нь ч олж амжаагүй эргэлзээ бүхий мэдэгдэл байсныг бүгд санаж байгаа. Энэ нь ямар төлөв байдлыг хэлэх вэ гэдэг маргаан мэтгэлцээн чамгүй хугацаанд эрчтэй өрнөж байгаад эрхбиш мартагдсан ч өнөөдөр С.Эрдэнэтэй хамт дахин хэлэлцүүлэгт орж ирэв.
“Медалийн тавцанд Монгол мартагдсан” цар тахлын дараах дэлхий ертөнцөд идэвхтэй гадаад харилцааг эрмэлзэхгүй бол дагаад нэр хүнд, байр суурь унаж байгаа өнөөдрийнх шиг унтаа нөхцөлд “төвийг сахих” гэдэг идэвхгүй бодлого төдийлөн тохиромжтой биш. Цаашид ч энэ нь Монголд тохирох бодлого мөн эсэх нь эргэлзээтэй.
Бидний хувьд дэлхий дахины сонирхлыг үргэлж татсаар ирсэн ч үл ойлгогдох, хамгийн гол нь тэдэнгүйгээр бөмбөрцгийн тавцанд юу ч шийдэгдэхгүй агуу том хоёр хөршийн дунд оршдог. Тэднийг хамгийн сайн мэддэг, ойлгодог, тэрчлэн бөмбөрцгийн хамгийн халуун цэг хойд Солонгостой ч харилцдаг, үүгээрээ дэлхийн гадаад бодлогод нөлөө бүхий тоглогч байж чадах боломж зөвхөн монголчууд бидэнд бий. Үүгээрээ шатрын өрөг дээр нүүдэл хийхүйц идэвхтэй гадаад харилцааг эрмэлзэх үү, олон улсад мартагдах шахсанаа хүлээн зөвшөөрөөд хөнжилдөө шургах уу гэдэг сонголт дээр бид зогсож байна. Төвийг сахих гэдэг бол аливаа маргаан зөрчил дунд хөлөө хумиад хөнжилд шургахаас ялгаагүй. Харин ч бид асуудал дунд зуучлагч, нөлөөлөгч, санаачлагч байх идэвхтэй гадаад бодлого баримталж байж олон улсын тавцанд үнэлэгдэнэ. Энэ байр суурь, нэр хүнд бол эцсийн дүндээ Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болно. Эдийн засгийн утгаар бол гадаад зах зээлд бонд босголоо хүү нь арай хямдаар тогтоно, худалдаа эргэлт, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ биз дээ?!
Бүхэлдээ экс Ерөнхийлөгчийн баримталж асан гадаад бодлогын үргэлжлэл гэж ойлгогдож буй С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрт “Монгол Улс ба Европын холбоо хоорондын харилцааг шинэ шатанд гаргана. Тухайлбал, “Шенгений ханыг нураах” уриатайгаар ажиллана” гэжээ. Европын холбоо руу монгол иргэдээ визгүй зорчуулдаг болох популист маягийн зорилт. Үүнийгээ “Шенгений ханыг нураах” гэх дипломат бус үг хэллэгээр илэрхийлснийг юун түрүүнд Монгол дахь гадаад улс орнуудын дипломат албад уншиж суугаа биз ээ.
МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө “Олон улс, бүс нутгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэл, зөрчил сөргөлдөөнд анхааралтай хандаж, үндэсний ашиг сонирхлыг дээдлэн эвлэрлийг эрхэмлэгч байх идэвх санаачилгатай гадаад бодлого хэрэгжүүлнэ” хэмээн байр сууриа тодотгосон байна. Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглах, хоёр талын харилцаанд эдийн засгийн үр өгөөжийг чухалчлах, ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, авлига, бизнес эрхлэлтийн индексээр олон улсад нэг ч байраар ухрахгүй байх зэрэг зорилтуудыг онцолсон байна. “Хүчирхэг монгол гадаад паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж,монгол иргэд визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн прагматик амлалт ч бас багтсан байна.
Мөн “үндэсний дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлж, сахилга, ёсзүйн хэм хэмжээг чангатган алдаа дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн” нь анхаарал татахаар. Монголын нэр хүндийг өргөх, гадаад бодлогыг хэрэгжүүлэх учиртай, хуультай алба нь байсгээд чих халууцуулах болсон нь үнэн. Мөн энэ дунд “Дипломат төлөөлөгчийн газрууд тэргүүнгүй удаан хугацаанд ажиллаж байгаа гажуудлыг бүрэн арилгана” гэсэн байгаа нь Монголын гадаад харилцаа идэвхгүй, эзэнгүйдэх байдалд орсныг ч сануулсан үг хэмээн ойлгож байна.
Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хувьд гадаад харилцааны бодлогын үр дүнг голлон эдийн засгийн үр нөлөө, эдийн засгийн аюулгүй байдлаар хэмжих эрмэлзэлтэй байгаа нь мөрийн хөтөлбөрөөс нь харагдаж байна. Олон улсын хэмжээний уулзалт, хурал, бусад арга хэмжээг тогтмолжуулах, яриа хэлэлцээний зангилаа, төв болоход чиглэсэн алхмуудыг хэрэгжүүлэхээ мөн тусгажээ.
Гурван нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө гадаад харилцааны талаар нийтлэг байдлаар, уламжлалт гадаад бодлогын хүрээнд өөрсдийн зорилтуудыг дэвшүүлсэн байгаа хэдий ч гол ялгарах, онцлох зүйлсийг дурдахад ийм л зүйлс ажиглагдлаа. Юутай ч шинээр сонгогдох Ерөнхийлөгчийг цар тахлын дараах олон улсын тавцанд Монгол Улс идэвхтэй гадаад харилцааны бодлого баримтлах сорилт угтан авах нь тодорхой байна.
ESUIGEN
Зочин
mm