Хүнээр биш, хуулиар засаглуулна
Улс орны эдийн засгийн хөгжилд хуулийн засаглал 15 хувиар нөлөөлдөг тухай Дэлхийн банкны судалгаанд өгүүлжээ. Харин манай улсын хувьд хууль зүйн салбар нь нийгмийнхээ хөгжлийг дор хаяж 15 жилээр хойш татаж байгаа гэдгийг одоогоос хоёр жилийн өмнө болсон “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” үндэсний чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин илтгэж байв.
1992 онд анхны ардчилсан Үндсэн хууль батлагдаж, түүний араас өмнөх нийгмийн үед мөрдөгдөж байсан социалист маягийн хуулиудаа өөрчлөн шинээр бичиж эхэлсэн ч тэдгээр нь өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж байгаа нийгмийнхээ шаардлагыг хангаж чадахгүй, эдийн засгийн хөгжилдөө чөдөр тушаа болж, чөлөөт өрсөлдөөнийг хааж, хүний үндсэн эрх болон хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байгаа тухай байнгын шүүмжлэл дагуулдаг. Харин 2002 онд тухайн үеийн парламент эрх зүйн шинэтгэлийн эхний алхмыг хийж, Эрүүгийн болон Иргэний хуулиуддаа өөрчлөлт оруулжээ. Тухайн үед Монголд ажиллаж байсан гадаадын хамтын ажиллагааны байгууллагууд болон хараат бус судлаачид, хуульч мэргэжилтнүүд эрх зүйн шинэтгэлийг илүү өргөн хүрээнд харж, холбогдох хуулиудын төслийг 1997 оноос эхлэн Монголын Засгийн газрын захиалгаар бичиж эхэлсэн ч 2000 оны сонгуулиар төрийн эрх мэдэл улс төрийн өөр хүчинд шилжсэний дараа “Ийм өргөн хүрээний шинэтгэл хийхэд Монголын нийгэм бэлэн биш, эдийн засгийн боломж ч муу” гэдэг шалтгаар шинэчлэлийн ажлыг зогсоосон байдаг.
Харин өмнөх УИХ-ын үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн тухай багц хуулиудад өөрчлөлт оруулсан нь 2002 онд эхлүүлээд орхисон эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх эхний алхам болсон юм. 2012 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар, Хууль зүйн яам өнгөрөгч энэ салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогоо танилцуулсныг олон нийт “Эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь давалгаа эхэллээ” хэмээн хүлээж авсан билээ. Тэгвэл энэ хүрээнд хийгдэх хуулийн өөрчлөлтүүдийг өнгөрөгч баасан гаригт болсон “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулган дээр танилцууллаа.
“Алдагдсан” 50 хувь
Манайхаас хоёр дахин их хүн амтай Финлянд улс 3000 орчим хоригдолтой. Харин манай улсын хувьд 2012 оны байдлаар 8000 шахам хоригдол хорих ял эдэлж байгаа дүн мэдээ гарчээ. Жилд дунджаар 7000 орчим хүн хорих ял авч, 3000 гаруй хоригдол шоронгоос суллагддаг гэсэн тооцоог ШШГЕГ-аас танилцуулсан. Шүүхээс өгч буй нийт ялын 77,5 хувийг хорих ял, 5,6 хувийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, 11,6 хувийг баривчлах, үлдсэн хувийг бусад төрлийн ял эзэлдэг байна. Хорих ялын эзлэх хувь ийм өндөр байхад нийт хоригдогчдын 50 хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, шоронгийн хаалгыг хоёр дахь, гурав дахь удаагаа татахад хүрдэг шалтгаан юу юм бол?
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд хууль зүйн салбарыг шинэчлэхэд чиглэсэн нийт 42 хуулийг өөрчилж, шинээр боловсруулаад байгаа юм байна. Үүнээс эхний зургаан хууль нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээд эхэлчихсэн байгаа. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Mаршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслүүд. Араас нь Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Захиргааны ерөнхий хуулиуд хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж байна.
Тухайлбал, Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийг Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хууль болгон өөрчилсөн байна. Учир нь одоо хэрэглэж байгаа Эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуулинд давхардсан заалт олон байдаг тул шүүгч, прокурор хэн байхаас шалтгаалаад ижил хэрэг дээр нэгэнд нь 10-20 жилийн хорих ял оноож, нөгөөд нь торгох ял өгөөд өнгөрөх зэргээр хуулийг ялгавартайгаар хэрэглэх тохиолдол олон. Ингэхдээ мэдээж эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, ардаа хамгаалалттай нөхдүүд нь ял завшиж, харин жирийн иргэд хохироход хүрдэг. Улсад 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Хадгаламж банкны Ц.Чимэдцэрэн шүүхээс зургаан жилийн ял авч, дөрвөн жилийн дараа магадлангаар суллагдсан байхад 10 сая төгрөгийн зээлээ төлж чадаагүй жирийн иргэн “залилан”-гийн хэргээр, эсвэл амьдрахын эрхэнд 10-20 мянган төгрөг хулгайлсан хүүхэд давтан гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр “рецетив гэмт хэрэгтэн” нэр зүүгаад 10-20 жилийн чангатай сууж байгаа. Ийм жишээ Монголын шоронгоор дүүрэн бий. Тиймээс л Монголын хууль ард иргэддээ хатуу, авлигач түшмэлүүдэд өршөөлтэй гэдэг гомдол, шүүмжлэл тасардаггүй. Ар хударгаар нь хуулийн энэ давхардлыг ашиглан хууль бус аргаар хөрөнгөжсөн хууль шүүхийн нөхөд ч сонсогдож л байдаг. 2012 оны сонгуулийн дараа хотын даргаар томилогдсон Э.Бат-үүл өмнө нь хууль зөрчиж олгосон бүх газрыг хураах, чөлөөлөх захирамж гаргасан ч эцэстээ “Хууль бусаар олгосон газрыг чөлөөлөх гэсэн биш, захиргааны хэргийн хэдэн шүүгч нарыг баяжуулах ажил болох нь байна, больё” хэмээн амаа барьсан байдаг. Одоо манайд үйлчилж байгаа хуулиар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй нь ээ л гэсэн үг.
Тиймээс хуулийн энэ ялгаварлалыг арилгахын тулд одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулиа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хууль хэмээн задалж, юуг гэмт хэрэг гэж үзэх, юуг зөрчил гэж үзэхийг тус тусад нь, нэг бүрчлэн зааж өгсөн байна. Хууль зөрчсөн бол гэмт хэрэг, нийтээр дагаж мөрдөх журмыг зөрчсөн бол зөрчил гэж үзнэ гэдэг ч юм уу. Оногдуулах ял шийтгэлийн хувьд ч ялгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон учирсан хохирол, гэм буруугийн хэмжээ, хохирлыг сайн дураараа барагдуулсан байдал зэргийг нь үнэлж үзээд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг ялгавартайгаар оногдуулна. Хууль зөрчсөн байлаа ч учирсан хохирол нь бага байвал, эсвэл нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчсөн байлаа ч учирсан хохирлын хэмжээ их бол ялын хэмжээ тэр хэмжээгээр хөнгөрч, хүндэрнэ гэсэн үг. Ингэхдээ хорих ялыг аль болох бага оногдуулах, ялын олон төрлийг бий болгож, гэмт хэрэгтнийг нийгэмших, засрал хүмүүжлийг олоход нь туслахад ялын бодлого чиглэнэ гэж байгаа. Учир нь нэг удаа хулгай хийсэн хүн шоронд суугаад гарахдаа хийсэн хэрэгтэй харамсах, гэмшихээсээ илүү дахин өөр гэмт хэрэгт суралцаад гардаг. Нийгэм нь ч гэсэн тэднийг хүлээж авах хүсэлгүй, ялгаварлан гадуурхах хандлагатай байдгаас нэг удаа шоронд ял эдэлсэн хүн хоёр дахиа гэмт хэрэг үйлдэх нь 50 хувьтай гэдгийг хуулийнхан өөрсдөө хэлж байна.
Хүний засаглалаас хуулийн засаглал руу
Өмнөх УИХ-ын үед баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Хуульчийн мэргэжил эзэмшиж, Хуульчдын холбооноос мэргэжлээрээ ажиллах лиценз авсан хүнийг хуульч гэнэ ээ гэж. Өмнөх нийгмийн үед эрх зүйн чиглэлээр сургууль төгссөн л бол цагдаагаа ч хийдэг, шийдвэр гүйцэтгэгч ч, прокурор ч хийдэг, тэгээд бүгд л хуульч гэдэг нэр зүүдэг байв. Харьцуулбал, хагалгаанд орж байгаа мэс заслын эмч, сувилагч, асрагч нарыг нийтэд нь эмч хэмээн нэрлэхтэй ижил. Харин одоо бол өмгөөлөгч, прокурор, шүүгч гэсэн шүүхийн үйл ажиллагаанд оролцож мэтгэлцээн явуулах эрх бүхий гурван субектийг л хуульч гэж үзэхээр болсон. Харин бусдыг нь хууль сахиулагч хэмээн нэрлэж, үйл ажиллагааных нь хэм хэмжээг тогтоож өгөхөөр Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгажээ. Тэгвэл хууль сахиулах байгууллага гэж юу юм бэ?
Жишээ нь АНУ 1800 гаруй хууль сахиулах байгуулагатай гэсэн сонирхолтой баримтыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дэлгэсэн. Учир нь тус улсын хувьд 50 гаруй муж улсуудтай тул муж улс болгоныхоо хууль сахиулах байгууллагыг тус тусад нь авч үздэг байна. Харин манайх шиг нэгдмэл байгуулалтай бусад улсын хувьд дор хаяж 15-16 хууль сахиулах байгууллага ажилладаг гэнэ. УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байгаа Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуульд тусгаснаар Цагдаа, ШШГ, Хил хамгаалах, Онцгой байдал, Гадаадын иргэн харьяат, Маршалын алба, Мөрдөх алба гэсэн долоон байгууллагыг эхний ээлжинд хууль сахиулах байгууллагын хүрээнд хамруулж байгаа юм байна. Тэгээд тэдгээр байгууллагын албан хаагчид иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргийн газар ажиллах, нотлох баримт бүрдүүлэх, мөрдөн шалгах гэх мэтчилэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ямар стандартыг барьж ажиллах, юуг зөвшөөрөх, юуг хориглохыг нь хуулинд нарийвчлан заасан байна. Хуулийн логик нь иргэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх бол төрийн байгууллагад зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Тиймээс иргэд, хуулийн этгээдэд албадлага хэрэглэж эрхтэй хуулийн байгууллагууд хэрхэн үүнийгээ хэрэгжүүлэх талаар хуулийн зохицуулалт, стандарт байхгүйгээс нэг бол өөрсдөө хууль зөрчсөн гэмт хэрэгтэн болох, эсвэл хүний эрхийг хохирооход хүрдэг байна. Тиймээс цагдаагийн байгууллага хэн нэг иргэнийг баривчлах, саатуулахдаа ямар арга технологи хэрэглэх, хэний зөвшөөрлөөр ажиллах гэх мэтчилэн үйл ажиллагааных нь алхам бүрийг сантиметр сантиметрээр нь нэг бүрчлэн зааж өгнө өө гэсэн үг. Ингэснээр наад зах нь долдугаар сарын 1-ний хэргийн үеэр гарсан шиг “Дарга тушаал өгсөн” гээд гар хоосон иргэн луу бүү шагайхгүй, байцааж байна гээд эрүүдэн шүүхгүй, хуулийг төлөөлж байгаа хэн нэгний дур зоргоор биш, хуульд юу гэж бичсэн, тэр дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Хууль сахиулах байгууллага хэмээн нэрлэгдэж байгаа бусад байгууллагын хувьд ч гэсэн ялгаагүй. Үүн дотроос Мөрдөх алба болон Маршалын алба нь Монголд шинээр бий болж байгаа байгууллагууд.
Хууль сахиулах үйл ажиллагааны 70-80 хувийг үндсэндээ цагдаагийн байгууллага дангаараа хэрэгжүүлдэг. Учир нь тэд өдөр тутам иргэдтэй харьцаж, Монгол Улсын 2,8 сая иргэнд нэг бүрчлэн хүрч ажилладаг учраас. Гадаа гудамжинд зам тээврийн осол гарсан ч, эзэнгүй айлд хулгай орсон ч тэр бүхэн дээр цагдаа хүрч ажилладаг. Гэтэл цаана нь иргэдэд шууд мэдрэгддэггүй хэрнээ нийгэмд асар их хэмжээний хохирол учруулдаг, далд үйлдэгддэг хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах гэх мэтчилэнгийн улс дамнасан, зохион байгуулалттай том хэргүүд бий. Эдгээр хэргүүдтэй цагдаагийн байгууллага халаасны хулгай, гудамжны танхайн хэрэгтэй тэмцдэг аргаараа, тэр бүтцээрээ тэмцэх боломжгүй /гэхдээ өнөөдрийг хүртэл тэмцэх гэж оролдож ирсэн/ гэдгийг бодит байдал дээр хүлэн зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх Мөрдөх албыг шинээр байгуулахаар болжээ. Нэг үгээр хэлбэл цагдааг нийгмийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, өдөр тутам үйлдэгддэг ахуйн гэмт хэргүүдтэй тэмцэх үүрэг бүхий хэв журмын цагдаа болон хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий Мөрдөх алба гэж хоёр хуваасан байна. Тэр ч утгаараа иргэдэд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлж байгаа цагдаагийн байгууллага, хил дамнасан гэмт бүлэглэүүдтэй тэмцэх Мөрдөх алба хоёрын үйл ажиллагааны стандарт өөр өөр байна.
Харин шинээр байгуулах Маршалын алба гэдэг нь гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүгдэгч ялтныг хуяглан хүргэх, шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүрэг бүхий шүүхийн харьяа байгууллага юм. Одоогоор энэ үүргийн заримыг нь цагдаагийн байгууллага, заримыг нь ШШГ-ээс өөр дээрээ авсан боловч зарим үүрэг нь огт эзэнгүй орхигдсон байна. Жишээлбэл, гэмт хэргийг илрүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо манай хуулинд байдаггүй. Үүнээс болоод хэрэгтэн тэднийг сүрдүүлж дарамтлах, худалдаж авах замаар мэдүүлгээс нь буцаах, үүнээс болж маш олон хэргүүд шүүхийн шатнаас хэрэгсэхгүй болох тохиолдол олон бий. Хэрвээ манайд Маршалын алба байсан бол жишээ нь Н.Энхбаярыг баривчлах үеэр тэр “Шүүхийн шийдвэр чинь хаана байна” хэмээн эсэргүүцэж АТГ-ынхны ажлыг бүтэн зургаан цагаар гацаахгүй, долдугаар сарын 1-ний хэргийн холбогдогч болох цагдаагийн дарга нарыг хорих анги руу шилжүүлэх ёстой цагдаагийнхан дүүргийн эмнэлэг рүү ачихгүй байв. Учир нь Маршалын алба шүүхийн харьяанд байдаг учраас тэдний хуулиар хүлээсэн үйл ажиллагаанд хэн ч саад учруулж чадахгүй.
“Хэн нэг хүнээс шалтгаалдаг шударга ёс бол шударга ёс биш. Харин хуулиар засагладаг шударга ёс л жинхэнэ шударга ёс юм” гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч баасан гаригт болсон “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганы индэр дээрээс хэлсэн. Харин тэр хуулийн засаглалыг илүү хүчтэй, иргэн бүрт хүртээлтэй байлгахын төлөөнөө салбарынхан нэг өдөр чуулж, хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар өөрсдийн санал, шүүмжээ илэн далангүй хэлцгээсэн. Цаашдаа энэ хэлэлцүүлэг илүү өргөн хүрээнд тэлж, нийгмийн бүх хэсгийг хамарч чадвал тэрхүү хуулийн засаглал илүү хүчтэй, илүү шударга болж чадах юм.
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
buuzgaa
Зочин
Эмээ
Зочин
Зочин