УИХ дээр сонгуулийн хууль гацаанд орсон нь МАН-ынхны хувьд болзошгүй нөхцөл байдлыг таамаглахад түвэгтэй байсантай нь холбоотой байх. Зөвшилцөлд хүрээгүй намын бүлгүүдийн удирдлагыг дуудаж уулзахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний харцнаас эргэлзээ олж харсан байж мэдэх юм. Өглөөнөөс хойш хуралдсан Дээд шүүх Ерөнхийлөгчийн өрөөнд болсон уулзалтын дараахан МАХН-ыг бүртгэж албажуулав. Сонгуулийн хуулийн талаарх хэт махрал нь бүлгийнхээ удирдлагыг солиход хүргэсэн МАН-ын УЗ-ийн хурал УИХ-ын гишүүддээ “шахалт” чиглэл болгосон нь ойлгомжтой байв. Бүлгийн хуучин удирдлага болох Д.Лүндээжанцан, Д.Дондог нарт ёс зүйн “асуудал” тулгасан байх магадлал бий. Уул нь бүр 2008 оны сонгуулийн дараа тэр үеийн Ерөнхийлөгч, намуудын дарга нар уулзаж, сонгуулийн хуулийг шинэчлэх хэрэгтэй гэдэг тохиролцоонд хүрч, гар хөлийн үсэг зурцгаасан. Бүлгүүдийн дарга нарыг дуудаж, зөвшилцлөө түргэтгэж УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргахыг даалгахдаа Ерөнхийлөгч ч үүнийг сануулж хэлсэн. Тэгээд, “Сонгууль шударга боллоо, бидний сонгосон хүн гарч ирлээ гэдэг ард түмний итгэл, төрд итгэх итгэлийг бэхжүүлэх нь хамгийн чухал. Энэ бол бидний хийх ёстой ажил, үүрэг. Сонгуулийн хуулийг энэ хаврын чуулган завсарлахаас өмнө батлах хэрэгтэй” гэсэн хугацаа зааж өгсөн юм.
Магадгүй, тэр өөрөө сонгуулийн тогтолцоог зөвшилцөхөд нь зориулж нөхцөл байдлыг бодитой болгосон байж мэдэх юм. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярт улс төрөөс зай барих сонирхол байхгүй. Тэр тусмаа МАХН хэмээх товчлолыг тавьж туух хүсэлгүй. Он гарснаас хойш  хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ хүчнийг сонгуулийн хууль батлахад тооцохгүй орхигдуулж чадахгүй дүлэгнэх МАН-ынханд Ерөнхийлөгч “шатрын хөлгийг нь дэлгэж” өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Ямар хөлөг дээр нүүдэл хийхээ мэдэж байвал зөвшилцөхөд нь МАН-д ч, АН-д ч амар гэж тэр үзсэн л бол түүгээрээ болох нь мэдээж. “Ойлголцоод ажилла” гэж хэлчихээд тэр Украйн руу явчихсан. Үүнийг хэл амнаас зайлсхийсэн, “гал намдахыг” хүлээж байгаа хэрэг гэж таах улс байна.  Н.Энхбаярт МАХН-ыг өгсөн Дээд шүүхийн шийдвэрийг түүнтэй холбох гав ганцхан тов тодорхой сэжүүр бий. Тэр бол Шүүх засаглалыг хамаарч ажилладаг эрх мэдлийн хүрээ нь. Харин түүнтэй огт холбохгүй байх түг түмэн учир шалтгаан уг нь байгаа. Ядаж л хүнийхээ хувьд тэд тэс өмнөө хүмүүс.

МАХН-ыг бүртгэх нь зүгээр л цаг хугацааны асуудал байсан ч байж болох юм. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-гийн “нам энэ хуульд заасны дагуу нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэх заалт дахь “үргэлжлүүлэн хэрэглэх” гэх цаг хугацааны тодорхой өгөгдөлгүй заалт өнгөрсөн оны 11 дүгээр сард бол өнөөдрийн МАХН-ынханд хамаатай байлаа. Хагас жил гэдэг бага биш хугацаа. Энэ хугацаанд “хуучин” МАХН-ын “үргэлжлэл” тасарсан. Одоо бол дээрх заалтад хамааруулахгүйгээр “цоо шинэ” МАХН-ыг бүртгэчихэж болно. Хуулийн заалтыг хэрэглэсэн энэ арга барилаас харвал Ерөнхийлөгчийн түлхээс гэж яаран дүгнэх боломжгүй болгож байгаа юм. Н.Энхбаярын хийсэн бас нэг чухал мэдэгдэл бол одоогийн МАН-ын гишүүд “МАХН гэдэг нэрийн дор ард түмэнтэйгээ уулзах ёстой” гэсэн нь. Түүний хэлсэн үгнээс УИХ-ын олон гишүүн МАХН-д эргэн ирэх юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Өөрийнх нь итгэл үнэмшил ч энэ сэтгэгдлийг бататгаж байлаа. Түүнийг УИХ, Засгийн газрын гишүүд, МАН, АН-ын улс төрчид, эрх мэдэл бүхий хүмүүстэй хамтран ажиллаагүй, ингэхгүйгээр “бор зүрхээрээ явсаар” МАХН товчлолоо бүртгүүлж авсан гэдэгт итгэхэд бэрх.

МАН одоо чухам бэмбэгнэж байна. Дээр дооргүй сандралдан бужигнаж байна. “МАН-аа татан буулгаад, МАХН-д эргээд дагаар орох уу” гэж арга ядан яваа заримын сураг ч дуулдлаа. Учир нь сүүлийн 7-8 сарын турш өрнөсөн энэ дөрвөн үсэгний маргаан чухамдаа товчлол, томъёоллоо булаалдсан төдий хэрэг биш байсныг Дээд шүүхийн шийдвэр тов тодорхой болголоо. “Наадах чинь шинэ нам шүү” гэж У.Хүрэлсүх хэчнээн үглэлээ ч, саналын хуудасны хамгийн ард бичлээ ч МАХН МАХН-аараа үлдэж байна гэж дүгнэж болох юм. Одоо л сонгуулийн “өрөг” харагдаж эхэлсэн болохоор Ерөнхийлөгчийн даалгасны дагуу УИХ дахь намын бүлгүүд “хольц”-ныхоо жорын тохиролцож чадах л байх. Гэхдээ тэдэнд асар их судалгаа хэрэгтэй. Сонгуульд зөвхөн оролцох биш бүр ялах эрмэлзэлтэйгээ Н.Энхбаяр “МАХН Тавантолгойг ард түмэндээ 100 хувь өгөхийн төлөө, Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг засахын төлөө, луйврын сонгууль явуулдгийг болиулж, 7 сарын 1-ний буруутныг тодруулж, хариуцлага тооцуулахын төлөө ажиллана” гэх амлалтаас нь амтагдаж байна. Үүгээрээ тэр намынхаа кампанит ажлыг нэгэнт эхлүүлчихээд байгаа нь ойлгогдож байна. Сонгуулийн тогтолцоо яг ямар байх, холимогийн “хольц” яаж шийдэгдэх нь түүний хувьд төдий л сонин биш. Яаж ч шийдэгдсэн тэр ялах гэж л зүтгэнэ.

Харин МАН, АН-ынханд бол пропорциональ, мажориторын балансыг хэд хэдээр тогтоох вэ гэдэг бол амин чухал асуудал. “90 жилийн түүхтэй, ард түмний сэтгэлд №1-т бичигдсэн” 19 дэх өрсөлдөгч гарч ирсэн нь бүр ч их адармаа бий болголоо. “Пропорционалийн сонгогчид МАХН-д саналаа өгч, мажориторынх нь Н.Энхбаярыг дугуйлчихвал...” гэх айдас МАН-ынхны зүрхэнд үнэхээр “шар ус хуруулж” байгаа нь гарцаагүй. Өнгөн дээрээ огтхон ч тоохгүй мэт царайлах тэдэнд одоо хоёрхон сонголт үлдсэн. Нэг нь, МАХН-тай эвлэрч, тэдний болзлыг зөвшөөрөх, нөгөө нь АН-тайгаа эвссэн чигтээ эвцэлдэн, “алтан аргамж”-аа сунгах. Дангаараа байх орон зай нь даанч дэндүү хумигдчихлаа.
2011.07.01