Авлигын хэргийн жинхэнэ хохирогчид хэн бэ?
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шүүх эрх мэдэл, хууль эрх зүйн салбарт шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлснээр өмнө нь сонсогдож байгаагүй авлига, албан тушаалын томоохон хэргүүд ар араасаа шил даран ил гарч, шалгагдаж эхэлсэн билээ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шүүх эрх мэдэл, хууль эрх зүйн салбарт шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлснээр өмнө нь сонсогдож байгаагүй авлига, албан тушаалын томоохон хэргүүд ар араасаа шил даран ил гарч, шалгагдаж эхэлсэн билээ. Хэдийгээр энэ салбарын хууль тогтоомжууд бүрэн гүйцэд шинэчлэгдэж амжаагүй, дөнгөж эхлэлийн шатандаа яваа ч ядахдаа энэ салбарт ажиллагсдын зүгээс гэмт хэргийг үнэлэх үнэлэмж, нийгмийн шударга ёсны тухай ойлголт арай өөр төвшинд очиж байна гэж болно. Ямарч байсан өнгөрсөн хорин жил эрх барьсан улс төрийн хүчин эрх мэдлийн гадна үлдсэнээр тэдэнд шууд болон шууд бусаар үйлчилж байсан хууль шүүхийн байгууллагуудад шинэчлэлийн салхи орж эхэллээ. Түүний нэг илрэл нь саяхан болж өнгөрсөн МИАТ компанийн удирдлагуудтай холбоотой мөнгө угаасан хэргийг шүүж, гэмт этгээдүүдэд ял оноосон явдал.
Анхан шатны шүүхээс МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ. Урьд өмнө Монгол Улсын шүүхээс улсын өмч хөрөнгө завшсан этгээдүүдэд энэ хэмжээний ял өгч байсан удаагүй. Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг хулгайлсан Ц.Чимэдцэрэнд шүүх зургаан жил, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улсад учруулсан долоон тэрбум төгрөгийн хохиролд ердөө 2,6 жилийн ял оноож байв.
Харин энэ удаад дээрх этгээдүүдийн “Дайны эрсдлийн сан” нэрээр/ Сангийн мөнгийг бүрдүүлэхийн тулд 2007 оноос хойш МИАТ компаниаар үйлчлүүлсэн хүн болгоны тийзний үнээс таван ам.доллар хураамж болгон авсан байдаг/ МИАТ компаниас мөнгө луйвардсан хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоосон нь 9,3 тэрбум төгрөг. Энэ мөнгийг компанийн удирдлагууд Япон, Хонконгод бүртгүүлсэн хуурамч компаниараа дамжуулан өөрсдийн хувийн дансанд оруулах замаар ашиг олж байсан нь нэгэнт тогтоогдсон. Хуулийн байгууллагууд хэрэгт холбогдогчдын улсад учруулсан хохирлыг арилгуулахын тулд тэдний нэр дээр хадгаламжийн дансанд байршсан 16,5 тэрбум төгрөг, 27 компанид оруулсан хувь болон үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байгаа.
Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, 166.3 буюу мөнгө угаах, 156.3 буюу банкны хууль тогтоомж зөрчих гэсэн зүйл ангиудыг үндэс болгож, одоо үйлчилж байгаа ялын бодлогыг мөрдөл болгон хөнгөн ялыг нь хүндэд нь багтаан шийдвэрлэсэн байдаг. /150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэл хугацаагаар хорих, 156.3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих, 1661.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан. Сурв/ Хэрэвзээ яллагдагч нар улсад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлсөн тохиолдолд л зөвхөн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэх асуудал яригдах учиртай.
Өөрөөр хэлбэл, Монголын төр, хуулийн байгууллагууд авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцохын зэрэгцээ тэдний нийгэмд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхийн төлөөнөө ажиллаж эхэлж байна. Өмнө нь тэдний хувьд 10 тэрбумыг нуучихаад гурван жил суугаад гарахад насаараа сайхан амьдарна гэж итгэдэг байсан бол одооноос эхлээд тийм боломжгүй боллоо гэдгийг өнгөрсөн удаагийн шүүх хурал харуулав.
Олонхи монголчуудын хувьд 10 тэрбумтай нөхөр гурван жилийн ял авахаас илүү 10.000 төгрөг хулгайлсан хүүхэд 10 жилийн ял авах нь гашуун байсан байж магадгүй. Яагаад гэвэл тэр үед “тэнгэрийнх нь тэнгэртээ, газрынх нь газартаа” гэдэг хуультай байсан юм хойно. Харин одооноос хуулийн өмнө хүн бүр тэгш гэдэг зарчим жинхэнээсээ мөрдөгдөөд ирэхээр гэмт хэрэгтнүүдийн зэрэг зиндаанд биш, учирсан хохирлын хэмжээнд нь захируулан яллах болж байна. Тэр дундаа авлига, хээл хахууль гэдэг нийгэм, олон нийтэд учруулж буй хор хохирлын хэмжээгээрээ хүн амины хэргээс ч илүү уршигтай. Яагаад гэвэл тэд нэг хүний амьдралыг хулгайлах бус, нэг хэсэг хүмүүс, нийтийн эрх ашиг, ирээдүйг хулгайлж байдаг. Тиймээс тэдний улсад учруулсан хохирлыг эргүүлэн төлүүлнэ гэдэг нь төсөвт орох хэдэн төгрөгийн орлого төдий биш, нийтийн эрх ашигт учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж буй хэрэг юм.
Олон хүний амнаас “Авлигачдын хулгайлсан мөнгөөр тэдэн цэцэрлэг, тэдэн сургууль барьж болох байлаа, халаг гэж“ гэсэн үг унадаг. Энэ бол зөвхөн нэг тал нь. Түүнээс ч илүү хор уршиг нь иргэд, олон нийтийн хууль ёсонд итгэх итгэлийг алдагдуулж, шударгаар амьдрах хүсэл эрмэлзлэлийг мохоодог явдал. Энэ бол хувь хүний ч, улс орны ч хөгжил дэвшлийн хамгийн том чөдөр тушаа билээ. Тиймээс авлигачдад харууцлага тооцохын зэрэгцээ тэдний нийгэмд учруулж буй хохирол заавал эргэн төлөгддөг байх учиртай. Үүнийг л нийгмийн шударга ёс гэнэ.
ЗАНДАНСҮХТУЛГА
Зочин
Зочин
Батнэрэн
Truth
Зочин
Зочин
zochin
Зочин
zochin
unen
Зочин
зочин
Хууль
Хууль үйлчилдэггүй дарангуйлагч Нямдорж
Zochin
сонгогч
Зочин
irgen
Зочин
Зочин
зочин