Энэ 7 хоногт
Хориотой хуушуур
Намайг дөрөв таван настай байхад манайх Богд уулын Бага тэнгэрийн амны зусланд гардаг байж. Тэр нь ээжийн ажилладаг байсан Багшийн дээд сургуулийн зуслан. Надад тэр үеэс санах юм даанч бага. Хэдэн жилийн өмнө давчуухан тэр аманд очоод багадаатоглож байсан зуслангийнхаа буурь баримжааг олох гээд бараагүй. Чухам хаана, ямар байшинд гарч, хэдүүлээ, яаж зусдаг байсныг санах юм одоо бараг алга.
Хэдхэн л бүдэг бадаг зураг алс тэртээ харагдаад алга болох шиг болдог. Нэг том саглагар модны дор урсах хүйтэн горхи, тэр горхины хажууд ногоон ширгэн дээр надад тараг халбагадан өгч суугаа Туяа эгч маань санаанд буудаг. Туяа эгч бол намайг төрсөн хэдэн дүү нараасаа ч илүү халамжилж хөлд, хэлд оруулж өгсөн хүн. Хожим, насанд хүрэхийн алдад, буруу замаар будаа тээж уруудахын даваан дээр намайг татаж босгож чадсан нэг том цамхагт кран. Дараа нь том охиныг маань өлгийдөн авч, хүн болгосон ачтан. Бага нас, Бага тэнгэрийн зуслан гэхээр л Туяа эгч санаанд юун түрүүн ороод ирдэг нь амьдралд минь хожим тохиолдсон тэдгээр хэрэг явдалтай ч холбоотой биз. Хүний төлөө гэсээр яваад дэндүү залуугаараа хорвоог орхисон доо, хайрт эгч минь...
Нартай халуун өдөр ойр орчмын олон хүүхэд тэр горхины дэргэд л тоглож, зуны урт өдрийг бардаг байсан биз. Сүүлд дуулахнаа алдарт Далхжав багшийн хэдэн банди авга ах нартай маань гэмгүй сайхан үерхэж, нэг нэгнийхээрээ байнга орж гараастай байсан гэдэг. Түүнээс хорин жилийн дараа тэдний бага хүү, надтай чацуу Ганцогт нь “Сансар”-ын үйлчилгээний төвийн хавьд бидний хэсэг нөхөдтэй хальт таараад, сүрхий дотно мэндэлж марсайнгаа, бугуйн “Сэйко” цагийг минь сэм мултлаад авчихаж билээ. Нэг хартал цаг алга. Мэдрэмж, мэдээлэл гойд сайтай Долгион найзын ачаар хулгай дорхноо илрэв. Харин цагаа эргүүлж авах гэж бөөн нүдээн болсон юмдаг. Гэхдээ энэ бол бүр хожмын явдал. Бага тэнгэрийн зусланд хамт тоглож байсан хүүхдүүд гэхээр л энэ явдал санаанд ороод ирлээ.
Зусланд байх тэр үед аав надад ачааны тоглоомон машин авч өгчээ. Цайвар ногоон өнгөтэй төмөр машины тэвшин дээр нь би хөлөө нугалаад суухад багтдаг байсныг бодоход нэлээд том эд байж. Бүхээгнийх нь хоёр хаалга онгойж, түгжигддэг, бүхээг дотроо жолоо, суудал гээд бүх юм бүрэн, хамар дээрээ “ЗИС” гэж товойлгосон жижигхэн бичээстэй, түүний дор байх маневийл шиг юмыг эргүүлэхээр тэвш нь өргөгдөж ачсан элс, шороогоо хойш асгадаг, дөрвөн дугуй нь хар хаймран эмжээртэй гээд...үнэхээр сайхан эд байв. Айлын ганц хүү надад өөр олон тоглоом байсан биз ээ. Гэхдээ тэр олон тоглоомноос санаанд үлдсэн нь энэхүү ногоон “ЗИС” машин. Олон олон юм мартагдсан ч машиныхаа тэвшин дээр суучихаад Туяа эгчээрээ чирүүлж явсан минь огт мартагдаагүй нь сонин.
Хот, Бага тэнгэрийн зуслангийн хооронд урт хамартай, дээгүүрээ шар, доогуураа цэнхэр өнгөтэй, алаг автобус явдаг байв. Тэр автобусны хаалгыг жолооч суудал дээрээсээ гялгар төмөр хөшүүргээр нээж, хаана. Жолооч ах хаалгаа хаах, нээх бүрдээ тэр хавьд бөөгнөрөх хүмүүс рүү “өө-аалга-аалга-лагалд” (одоо бодвол “Хөөе, хаалганаас холд” гэсэн үг бололтой) гэж хашгирна. Тэр хашгираан нь сүүлд миний зүүдэнд аймшгийн нэгэн сэдэв болон үе үе орж, гардаг байсан тул тэр “өө-аалга-аалга-лагалд” нь одоо хэр чихэнд хоногшоостой.
Зуслангийн унаа Багшийн дээдийн баруун талын цэцэрлэг хавиас хөдөлнө. Тэр нь саяхан нураасан Лениний хөшөө хавьд байсан шиг баримжаалагддаг. Мэдээж, Багшийн дээдийн баруун тал, Лениний хөшөө гэх мэт нэр ус, барилга баримжааг би хожим хойно л мэдэж авсан. Зуслангийн унаанд аль нэгний өвөр дээр тухлан нойрмоглож явсан тэр цагт юугаа л мэдэж, баримжаалж байв гэж.
Харин автобусны буудал дээр зардаг байсан хуушуурны үнэрийг бол би маш сайн мэддэг байв. Авч өгөх болов уу гэж горьдоод нэмэргүй. Ах, эгч нарын хэн нэг нь надад тэр хуушуурнаас амсуулж байгаад эмээд загнуулжээ. “Хүүхдэд шар халдаачихна” гээд надад өгүүлэхгүй тас хорьдог атлаа ах, эгч нарыг болохоор яагаад ч юм хорьдоггүй байв. Тэд хуушуур авчихаад надаас нуугдаж мод, бутны ард орж идээд байгаа нь мэдрэгддэг байв. Автобусанд намайг тэврээд ороход тэдний гар, нүүр, хувцас хунараас хуушуурын сайхан үнэр ханхийж байгаа хойно мэдэлгүй ч яахав. Тэр гоё үнэрийг мэдэрч, “Ганц сайхан хуушуур идэхсэн” гэж байнга мөрөөддөг байснаа сайн санаж байна.
Хориотой жимс амттай гэдэг. Зөвхөн жимс гэлтгүй, хориотой бүхэн л амттай. Миний хувьд хуушуурын хорио эмээг бурхан болтол хүчин төгөлдөр байсан даа. Эмээг нутаглуулсан тэр жилийн хавар байрныхаа хүүхдүүдтэй 20-р дэлгүүрийн үүдэнд дөчин литрийн сав дүүрэн хуушуур зарж яваа авгайтай таарч, хамаг мөнгөө шавхан нийлүүлж байгаад тос нь гоожсон баахан хуушуур авч, пологдтолоо идэн дуусгаж билээ. “Хорио одоо хүчингүй болоо биз дээ” гэж бодсоноос ч тэр үү, энэ бодлоосоо ичиж бяцхан гэмшсэнээс ч болсон уу, овоолоостой тэр хуушуур тийм ч амттай байгаагүй.
Хожим МОНЦАМЭ-д ажиллаж байхад өдрийн цайгаар голдуу хуушуур авдаг, түүнийгээ шалавхан залгичихаад л гүйдэг байж. Тэнд ажилласан долоон жилд хуушуур идэх нормоо гүйцээсэн байх. Одоо би хуушууранд дургүй.
Аав, ээж хоёр сургууль номоо хөөн хойш, урагшаа яваад гэртээ тогтоно гэж бараг үгүй. Тиймээс би эмээтэйгээ л үлдэнэ. Намайг “эмээгийн эрх хүү” гэдэг байлаа. Хүү ч юу байхав. Ач нь л даа, уг нь. Эмээ маань олон ач, зээтэй байв. Гэхдээ тэр олон дотроос намайг л илт онцлоод байдаг, үүнийг нь бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг байж. Хүлээн зөвшөөрөхгүй гээд ч яах билээ. Өнөр өтгөн манай том бүлийн цөм нь учраас эмээгийн үг, үйлдлийг сөрөх хүн байхгүй. Эмээгийнхээ нөмөр нөөлөг дор би гэж амьтан хар нялхаасаа л эрх танхил, биеэ тоосон пээдгэр нөхөр болж торнисон юм.
Эмээ гэж... Эмээ маань энэ хорвоогийн хамгийн дотно хүн минь байлаа. Нэр нь Маньдарь. Дондогийн Маньдарь. Оросын Цагаан хааны үед Эрхүүгийн гимназ төгссөн хүн гэдэг бол гучаад оны Монголд эрдэмтэн профессор л гэсэн үг. Нөхрөө дагаж өвөг дээдсийнхээ гал голомт их Монгол Улсаа бараадсан мянга мянган буриадын нэгэн. ХХ зууны эхээр Монгол нутагт гарсан эрх чөлөөний хувьсгал эх орныхоо хилийн цаана үлдсэн монголчуудын сэтгэлийг соронздон дуудаж, их Чингис хааныхаа гал голомтыг хамтдаа бадраалцах хүсэл эрмэлзэл төрүүлсэн юм билээ.
Өвөөг маань Аюур гэдэг байж. Агрономич мэргэжилтэй. 1920-иод оны дундуур Оросоос нүүж ирээд шууд л хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэн болжээ. Тэр чиглэлээрээ ажилласаар Мал тариалангийн яаманд Газар тариалангийн хэлтсийн дарга байхад нь 1937 онд баривчлан хорьж, дараа нь Оросын Дотоод яаманд тушааснаар Сибирийн аль нэгэн хорих ангиднас эцэслэн, хэлмэгджээ.
Гурван хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэн эмээ маань тэднийгээ өсгөх гэж зүдэрсэн гэдэг. Эсэргүүний ар гэр гээд ажилд авахгүй, авлаа ч цэвэрлэгч, үйлчлэгчээс дээш гаргахгүй. Сүүлдээ Өндөр хоршоонд худалдагч хийж байгаад олон ач, зээтэй болмогцоо тэднийгээ асрах үүргийг өөртөө оноосон хүн.
Эмээ гэрийн ажлаа завсарлаж, амсхийх зуураа байнга ном шагайна. Тэр нь голдуу орос уран зохиолын ном. Нэг зэрэг хоёр гурван ном эхлүүлчихээд, ээлжилж уншдаг зуршил нь сүүлд надад халдсан байдаг. Эмээ унаган орос хэлтэй, орос хэлээр унших дуртай ч, яагаад ч юм оросоор ярих дургүй байж. Оросуудыг голдуу л “мангад” гэх агаад үүнээсээ болж аавтай зөрчилдөнө. Гадаа гудамжинд хүмүүстэй элдэв этгээд дуудлагагүй цэвэр сайхан монгол хэлээр ярьчихдаг хэрнээ гэртээ бол засаршгүй буриад. Надтай бол тэр буриад аялгуугаараа л ярина. Яагаад? гэхээр “Том болоо гээ, ойлгонш” гэж ам таглана.
Эмээ бид хоёр хоёулхнаа манай гурван өрөө том байранд бие биеэ бараадан нэг өрөөнд нь байрлана. Сургуульд орсон хойно эмээгийнхээ өвөрт унтдаг маань илэрч, ангийнхан дотроо шившиг болж байлаа.
Нэг шөнө гэнэт сэртэл эмээ алга. Хэд хэд дуудаад ирэхгүй болохоор нь хошуугаа унжуулчихаад хайгаад очтол гал тогооны өрөөнд гартаа ном барьчихсан, уйлчихсан сууж байх юм.
-Яав аа, эмээ. Бие чинь зүгээр үү?
-Өө, хүбүүмни. Биеэмни зүгээр гэж толгойг минь илснээ,
-Амьдрал гээшэмнай сонин гээш... Буруу зубыень хэнэ мэдые гээд барьсан номоо харууллаа.
-Ямар ном юм бэ? Би үзье гэтэл
-Өө энэ шинь томо хүний ном гээ гээд нүүрийг нь нуумар аядаж байна.
Би тэр номыг ногоон хавтсаар нь аав Москвагаас түрүүн ирэхдээ авчирсан баглаа номын нэг байна гэдгийг танив. Зохиогч нь Ги Де Мопассан хэмээн гурав тасардаг, сонин нэртэй хүн юм гэж харж байснаа ч санав.
Аав Москвагаас, ээж Эрхүүгээс хайрцаг хайрцгаар ном зөөнө. Бас Улсын их дэлгүүрийн зүүн талын номын сангаардамжуулан сонгодог зохиолчдын олон боть захиж авна. Тэр үеийн сэхээтний дунд дэлгэрсэн моод. Аав, ээж хоёрын мэргэжлийн дагуу түүхийн, биологийн ном манайд зөндөө. Гэхдээ уран зохиолын ном түүнээс ч олон байдаг байж. Манай гэрээс эмээ л тэр бүх сонгодгуудыг уншиж барсан байх. “Залуу байхди уншаагүйбгээ одоо л уншажа, жаргажа байнам” гэдэгсэн.
Тэр шөнө эмээ номоо нуумар аядаагүй бол би тэгсгээд л мартах байсан биз. Гэтэл “том хүний ном” энэ тэр гэж байгаад миний саваагүй занг хөдөлгөж орхив. Чухам энэ мөчөөс эхлэн “том хүний ном” гэж юу байдгийг мэдэх, шохоорхох, тийм номонд шунан дурлах хорхой минь гозгоножээ. Хүүхдийн үлгэр, зөгнөлт, адал явдалт зохиол гэх мэтийн гэнэн марзан юм хөөцөлдөхөө орхиж, ном сонгохдоо эмээгийнхээ хэрхэн нууцалсан байдлаар баримжаа авдаг болов. Номын тавиурын ар луу, аль болох цаана нуусан, хавтсыг нь цааш харуулсан тийм номуудыг сорчилж унших болов. Эмээгийн болгоомжгүйгээс болоод “том хүний” номонд би ийнхүү дурлаж, цаад учрыг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй, хөндлөн гулд машинддаг болов. Ийнхүү Стефан Цвейг, Ги Де Мопассан, Куприн, Лев болон Алексей Толстой, “Мянга нэгэн шөнийн үлгэр”, “Декамерон” мэтийн хүүхдэд хаалттай байх учиртай “ертөнц” рүү балчир тархи, сэтгэл хоёроо бэлчээж эхэлсэн юм даа.
Эмээ маань намайг арван нэгтэйд бурхан болсон гээд бодоход хайр сэтгэл, янаг амрагийн адал явдлаар дүүрэн номын ертөнц надад нээгдэх үед би найм, естэй л байж. Арай л эрт эвдэрч эхэлж дээ, одоо бодоход.
Эмээдээ эрхэлсэн банди нар ямар байдаг билээ, би тийм л байв. Хичээлээ тараад орж ирүүтээ нэг их гавьяа байгуулсан, дайн дажнаас эсэн мэнд эргэж ирсэн хүн шиг л “Хөөе эмээ, өлслөө, цангалаа. Тийм юм идье, ийм юм ууя” гэнэ. Гэтэл нэг өдөр хичээл тараад иртэл эмээ намайгаа урьдын адил уруул дэвсэн угтсангүй. Эрхлэх гэтэл
-Байж цаашаа гээд шууд өрөөнд минь оруулаад, хаалгыг нь хаачихлаа.
Эмээ гал зуухны өрөөндөө эргээд оров. Тэнд нэг хүнтэй хэрэлдээд ч байгаа юм уу гэлтэй чанга чанга яриад байх юм. Чухам юу яриад байгаа нь үл дуулдана. “Гүнгүнгүн” гэх эрэгтэй хүний дуу гарч, хариуд нь эмээ “жонжонжон” гээд л. Унд цайг өрөөнд минь авчирч өгөөд эмээ надад ганц ч үг хэлэлгүй эргэн очиж, тар тур хийсэн яриагаа үргэлжлүүлж байна.
Тэгж тэгж хүн явах чимээнээр би цухуйлаа. Саарал цувтай бүдүүн хар хүн намайг хяламхийж харчихаад, гэрийн үүд саваад алга болов. Зөрөөд гал зууханд орвол эмээ жижиг сандал дээр бөгтийчихсөн, уйлаад сууж байна. Намайг хэсэг зуур тэвэрч, нулимсаа урсган суух зуураа “Аюур өвөөг нь шоронд хийсэн хүн гээ...” гэлээ. Би тэр хүнийг зүс үзсэн байв. Хичээл тараад харих, гадаа тоглох үед ганц нэг тааралддаг байсан. Хүнсний том цүнх, эсвэл тор барьчихсан явж харагддаг хүрэлгэр царайтай, хөгшин, бүдүүн эр.
Ингээд маргааш нь итгэлт найз Акалядаа хэллээ. (Одоо энэ “Сансар” кабелийн ТВ-ийн гүйцэтгэх захирал Энхжаргалд бага байхад нь гэрийнхэн нь яагаад ч юм ийм нэр хайрлаж. Коля биш Акаля. Хаанахын, юу гэсэн утгатай үг юм, бүү мэд ч найзыгаа бүх насаар нь бид ийн дуудлаа) “Өвөөг шоронд хийлгэж алуулсан хүнийг би мэднэ. Хоёулаа хойноос нь мөрдье” гэлээ. Ингээд нэг өдөр мөнөөх тор барьсан хүн явж байхаар нь бид хоёр дагалаа. Тэрбээр тороо санжигануулан сажилсаар, одоогийн Энхтайван найрамдлын ордны зүүн талд байх Тавин мянгатын нэг байранд яваад орчихов. Энхжаргал араас нь шурдхийн дагаж ороод, гарч ирэхдээ “Хоёр давхрын баруун тийш харсан хаалга...” гэв.
Миний сэтгэлд өшөө авах хүсэл бадарна. Өвөөг минь шоронд хийлгэж алуулсан хүнээс бүр цусан өшөө авах юм шүү гэж дотроо шүд зуун тангараглана. Уншсан элдэв ном зохиолоосоо л ийм нэр томъёотой болсон хэрэг. Харин тэр өшөөгөө яаж авах байсан юм, бүү мэд. Дэмий л өнөө бүдүүн ахыг байсхийгээд мөрдөж, дагадаг болов.
Гэтэл нэг өдөр хичээлээ тараад иртэл эмээ “Өвөөгш матхан бүдүүн матаас үхжээ” гэв. Би гэрээсээ годхийн гарч, Тавин мянгат руу чавхдан хүрэв. Бүдүүн нөхрийн орцны үүдэнд монгол гэр барьжээ. Хурим хийх, хүн нас барах хоёрт л орон сууцны гадаа гэр барьдгийг би мэддэг болсон байв...
Сүүлд дуулснаар тэр бүдүүн эр эмээтэй маань суух гэж өвөөг Дотоод яаманд матсан байж. Өвөөг шоронд орж, хэлмэгдсэний дараа дэр нэгтгэе гэж эмээг маань их шалсан гэсэн. Аятайхан, сайхан бүсгүйчүүдийн нөхрийг хилс хэрэгт гөрдөж далд оруулаад, эхнэрийг нь булаан авдаг явдал 30-аад оны тэр бурангуй цагтнэг биш гардаг байсан гэдэг. Харин тэр хүний нэр ус, энэ тэрийн талаар олонудаа асууж шалгаасан ч эмээ нууцаа бүрэн хадгалсаар бурхан болсон доо, хөөрхий...
Арав хүртлээ би “гахай” Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа. Тарган хүүхдийн зовлон их. “Гахай”, “мантуу” гэж хочлох нь наад захынх. Өнгөтэй өөдтэйг минь булаах гэнэ, өгөхгүй гэвэл гөвнө. Үгүйдээ л араас амбаардчихаад зугтаана. Хойноос нь хөөгөөд гүйцэх биш. Гүйцлээ ч хариугаа авах зориг дутна. Тарганаа дагаад аймхай болдог аж. Аль нэгэнтэй маргалаа гэхэд чиний зөв байсан ч тарган учраас чи л буруутай. Хөвгүүд дээрэлхэнэ, охид үл тооно. Бүгд нийлээд шоолно. Тарган хүүхдийн зовлонг багадаа тарган байсан хүн л ойлгоно.
Байнга дээрэлхүүлсээр байгаад өөрийгөө үргэлж голдог болно. Хамгийн ноцтой нь үүндээ дасаж эхэлнэ. Дээрэлх үүлэх тусмаа ийм л байх ёстой юм байлгүй гэсэн арчааг үй хандлагад аяндаа автана. Боолын ийм сэтгэлгээтэй явсаар хамаг амьдралаа барах хувь заяа тохиосон бол яана гэж бодогддог байв. Тэгвэл үүнээс илүү эмгэнэл гэж юу байх билээ.
Эмгэнэлт ийм хувь заяанаас намайг аварсан хаврын нэгэн өдрийг би мартдаггүй юм. Аварсан ч юу байхав, аврах эхлэлийг нь тавьсан, эр хүн болох замыг минь заасан гэвэл илүү онох байх. Бага сургуулийн сурагч байсан үе. Эмээ цэргийн баярыг тохиолдуулан миний дуртай интоорын компоотыг орос дэлгүүрээс авахуулахаар хүн хард захижээ. Түүнийгээ нөгөө айлаас нь очиж авчихаад, булаалгачихгүй гэсэндээ өвөртөө гүн далдлан, сэмхэн алхаж явтал гай газар дороос гэгчээр нэгэн этгээдийн нүдэнд би өртөөдөхөв.
-Хөөш, “гахай” Баяр, нааш ир! гэж савлуур дээр буй нэгэн банди намайг дуудлаа. Би түүнийг зүс муухан мэдэхээс цаашгүй бөгөөд долдугаар гуанзны хойд байрны Бат-Үүл хэмээх өсвөрийн хулигаан гэсэн сураг л дуулсан байв. Цаанаа л нэг этгээд зэвүүн, навтгар хамартай тэр нөхөр намайг таниад, бүр хочоор минь хүртэл цоллон дуудаж байдаг. Тэр хавьд эргэлдэх бацаануудаас нэр гуншинг минь тэрүүхэн зуур асууж мэдсэн ч байж магад.
Би уг нь хэрэндээ муу санаалж, хүүхэд бужигнах газрыг тойрсхийн даялж яваад эрсдэлт бүсээс гардгийн даваан дээр ийн дуудагдав. Даялмар аядсан минь харин ч сэжигтэй харагдсан бололтой. Буруу тактик сонгосноо ойлгоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгдэгнэх намайг навтгар хамарт дахин дуудлаа.
-Хөөш, дөрвөн нүдэт ээ! Нааш ир гэж байна чамайг! хэмээн тэр зандрахдаа миний өөр нэгэн хочийг олонд тунхаглав. “Муухай дээрээ улцан” гэдэг шиг би тарган дээрээ өөртөө томдсон нүдний шил зүүдэг болчихсон байсан үе. Хөлс чийхарч, хамар дээр тохоостой шил доош гулсав. Зугтах байсан бол эхнээсээ л жирсхийх хэрэгтэй байж. Одоо бол оройтжээ. Очихоос өөр зам үлдсэнгүй. Хүрмэн доторх компоотоо доош дарсхийгээд хөдөллөө. Айснаа харуулахгүйг ихэд хичээн савлуурт тулж очив.
Үнэгүй үзвэрийн үнэр авсан байрны бацаанууд тоглоомоо орхин бөөгнөрөв. Таних, танихгүй арваад хүүхэд байна. Бат-Үүл цатгалан муур шиг инээвхийлээд л, жартгар нүдээрээ намайг доогтой ширтээд л, савлуур дээрээ савсаар нэг хэсэг болов. Бодвол “вариант босгох” хувилбараа сонгож байсан биз. Тэгснээ савлуураасаа тап хийтэл тоос манарган үсэрч буугаад, яриа дэлгэв. Тэр ярианаас хойш дөч гаруй жил өнгөрсөн тул бүрэн эхээр нь сэргээн толилуулах аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ ярианы ерөнхий агуулга, өнгө аяс нь иймэрхүү байв.
-Сайн уу хө, Баяр аа. Хаа хүрч явна даа?
-Гэртээ харьж...
-Наад өвөрт чинь юу томбойгоод байгаа юм бэ?
-Юу ч байхгүй.
-Байна ш дээ. Нэг юм байна. Энэ томбойж байна. За үнэнээ хэлчих...
-Компоот...
-Воот, зөв. Худлаа хэлэх муухай. Тиймээ, гахай Баяр аа. Ямар компоот юм бэ?
-Вишневый...
-Орос сургуулийнхан ч монголоо мэдэх биш дээ. Интоорын гэдэг юм.
-Гаргаад ир. Үзье. Би хүрэмнийхээ цахилгааныг бага зэрэг доошлуулан, савтай компоотныхоо бөөрийг нь цухуйлгав.
-Орос дэлгүүрт гардаг компоот байна, би мэднэ. Дотроо жижигхэн жижигхэн ястай, тийм ээ?
-Тийм.
-Ийм сайхан компоотыг чи арай ганцаараа идэх гэж байгаа юм биш биз. Ганцаараа идсэн гахай яадаг билээ, “гахай” Баяр аа хэмээн түүнийг асуухад тойрон зогссон бацаанууд нирхийн инээлдэв.
Бат-Үүлийн хэлсэн уран санаа, түүний логик гаргалгаа бацаануудад таалагджээ. Тэд хэлснийг нь давтан шуугиж, хөдөлгөөнд оров. Араас минь дэлсээд ч авч байх шиг. Энэ байрны элсэн дээр хамт тоглож өссөн хэд гурван найз минь хүртэл тэдний дунд харагдав. Гэхдээ тэд намайг өмөөрөхгүй, тэдний зүгээс аврал ирэхг үй гэдгийг би мэдэж байв. Би тарган. Бат-Үүл туранхай. Би аймхай. Бат-Үүл эрэлхэг. Үнэгүй үзвэр сайхан. Дээр нь өвөрт буй компоот маань олны хүртээл болох урьдчилсан шинж тодроод ирсэн нь бүр ч сайхан. Улс төр судлалын сурах бичигт үүнийг л “нийтлэг эрх ашиг” гэдэг дээ. Нийтлэг эрх ашгаараа сүрэглэсэн олныг хэн буруутгаж, ямар нь дийлэх билээ.
Бацаанууд шуугилдан дэвхцэж байна. “Гахай Баяр ганц сайхан баригдлаа даа. Ганцаараа идэх гэж байж… Өвөртөө нуучихсан байгаам даа. Дөрвөн нүдэт… муу гахайг хашраах хэрэгтэй, нийлээд балбая” гэх үг, горимын гэмээр тодорхой санал ч дуулдаж эхлэв. Ганц нэг муу хулигаан биш, олон түмэн намайг жигшиж, үзэн ядаж байгаа аж. Би жинхэнэ ангийн дайсан, нийгмийн адгийн шаарын дүрд хувилав.
Тэдний дунд торойн зогсож байсан тэр мөчид иймэрх үү улс төр-уянгын халилд бодол зарах сөгөө байтугай, тийм юм бодох ухааны хэлтэрхий ч надад байсангүй. Хэрэг бишидлээ гэдгийг л би сайн ойлгож байв. Компоотоо алдах нь тодорхой. Гэхдээ компоот ч ёстой яамай. Тарган ч гэсэн биеэ, муу ч гэсэн нэрээ аврах хэрэгтэй боллоо.
-За, одоо компоотоо гаргаад энд задалчих уу даа, Баяр аа. Бид хүлээж байна хэмээн Бат- Үүл маань эелдэгхэн зөвлөж байна. Бяр нь амтагдахаас гадна хүрээлсэн олны хүчтэй дэмжлэг авсан тэр надтай хатуурхах огт шаардлагагүй, зөөлхөн харилцаж зөвлөгөө өгөхөд л асуудал аяндаа шийдэгдэнэ гэж зөв тооцжээ.
-Энэ компоотыг чинь манай эмээ хүнд захиж надад авч өгсөн бэлэг...
-Өө, эмээгийнхээ өгсөн бэлгийг найз нартайгаа хуваах харин ч гоё ш дээ. Чи ганцаараа идэх гээд байгаа юм уу. Арай үгүй байлгүй дээ гэж Бат-Үүл үнэн голоосоо гайхаж буй бололтой, хоёр гараа алдлав.
“Эмээгийн бэлэг” хэмээн би дэндүү жул шалтаг тоочжээ. Харин Бат-Үүлийн хэлсэн санаа, үндэслэл нотолгоо нь бацаануудад минийхээс хавьг үй илүү үнэмшилтэй байсан нь ойлгомжтой. Хамгийн гол нь нийтлэг эрх ашиг, нийгмийн шударга ёсны талаасаа маргаангүй зөв бууж байлаа. Байрны бацаанууд Бат-Үүлийн үгийг улангасан дэмжиж, бүр ч шуугилдав. Намайг ганц нэг шудраад авч байсан бол одоо бүр цохих, өшиглөхдөө хүрч эхлэв. Намайг нийлээд балбах нь гарцаагүй болж таарлаа. Саравчтай малгайг минь хэн нэгэн шүүрч газар чулуудав. Айснаас болж өвдөг чичирч, цавиар халуу оргино. “Арай шээж байгаа юм биш биз” гэж бодогдов.
-Өө, боль боль. Малгай энэ тэрийг нь оролдох хэрэггүй. Нааш аваад аль. Май өмс, Баяр аа гээд Бат-Үүл малгайг минь надад сарвайв. Тэгснээ
-Чи өөрөө л мэд. Би чамтай одоохондоо эвээр ярьж байна гэж тэр сануулав.
-Үгүй! Би өгөхгүй. Авмаар байгаа бол чи намайг зодоод ав. Хоёулаа зодолдъё гэсэн үг миний амнаас гарлаа.
Гэнэт нам гүм болов. “Гахай” Баярын амнаас ийм үг гарна гэж хэн бодох билээ. “Эмээгийн эрх” гэгдэх хулчгар жаал өөрөө хүртэл хэлснээсээ цочив. Хэлснийхээ дараа л чухам юу хэлж зүрхэлснээ ухаарав. Орох нүхгүй болсон хулгананд муурын зориг орно гэдэг энэ. Олны хөлд өчиггүй арчуулснаас нэгтэй нь үзээд үхье гэж хулгана шийджээ.
-Юу? Надтай зодолдох оо? Чи юу? гэж Бат-Үүл сайтар тодруулав. Хоёр чихэндээ тэр итгэхгүй байгаа аж. Царайнаас нь цатгалан муурны инээвхийлэл арчигдсан мэт алга болсон байв. Хорхойд хоргүй хулганаас ийм зориг гарна гэж хулгана өөрөө мэдээгүй байхад анд гарсан муур багш яаж мэдэх билээ.
-Тийм. Хоёулаа халз үзнэ. Дийлсэн нь энэ компоотыг аваг гэж би хариулаад бид хоёрыг бүчин зогсох бацаануудыг тойруулж харлаа. Над руу чиглэсэн олон нүдний харцанд гайхах, бас хүндлэх өнгө аяс тодорчээ. Ийм харцаар намайг хэн ч урьд өмнө харж байсангүй.
Энэ бол эргэлтийн цэг байв. Санаачилга миний гарт ороод ирснийг би мэдрэв.
-Хаана үзэх юм бэ, тэгээд? Энд зодолдох юм уу? гэж Бат- Үүл асууж байна.
-Гадаа дэмий. Хүн харчихна гэв.
-Тэгээд хаана гэж?
-Орцонд оръё. Манай орцонд үзье. Харин олуулаа тийш явахгүй шүү. Хоёулаа яваад л үзье хэмээн зодооны болзоо тохироо хэзээний хийж дадсан хүн шиг би тун ажил хэрэгч санал тавив.
Санаачилгыг гэнэт алдсандаа сааталд орсон Бат-Үүл дуугүй л толгой дохиж байна. Тэр ч, бацаанууд ч үйл явц, уур амьсгалын гэнэтийн огцом өрнөлтийн хурдыг гүйцсэнгүй. Мэл гайхсандаа миний хэлсэн болгоныг тэд хүлээн зөвшөөрлөө.
Бат-Үүл бид хоёр тэднийг орхин, хүнсний 20 дугаар дэлгүүртэй манай байрыг чиглэн хамт алхав. Нөгөө интоорын компоотоо би ил гаргаад барьчихсан байлаа. Цээжин доторх айдсын хар үүл арилж, дотор нэг л уужим саруулхан болчихсон байв. Навтгар хамарт Бат-Үүл, найзын хуншгүй бацаануудад ялагдах нь хамаагүй. Гол нь би өөрийгөө, дотор минь орогносон хулчгар “гахай Баярыг” ялжээ. Үүнийгээ би дараа нь л ухаарсан байх. Харин тэр өдөр бол “Энэ мууд зодуулсан ч яахав, энэ муу компоотыг алдсан ч яахав. Би харин овоо шүү” гэх ухааны юм бодож, дуу аялмаар ч юм шиг, хөл ер бусын хөнгөрчихсөн учраас нисмээр ч юм шиг сайхан байлаа.
Бид хоёр манай орцонд ороод өгсөв. Хоёр, гуравдугаар давхрын хоорондох жижиг талбай хүрээд өөд өөдөөсөө харан зогслоо. Хар айдас сэтгэлийг минь дахин бүрхээд авав. Хоёр өвдөг үл ялиг чичирч байгааг мэдмэгц түүнийгээ нуух гэж гутлын үдээсээ чангалж байгаа дүр эсгэв. Дээрээс хүн уруудаж байгаа нь дуулдлаа. “Манай гэрийнхэн байгаасай” хэмээн тэр хооронд би дотроо залбирав. Биш байлаа. Хажуу айлын хөгшин сав санжигнуулсаар бууж ирж байна. Бат-Үүл бид хоёр болзож уулзаж байгаа хоёр найз царайлаад түүнийг дэргэдүүрээ өнгөр өөв. Айлын хөгшин гадагш гарч, орцны хаалга дор хаагдах чимээнээр Бат-Үүл идэвхжлээ.
-За, наад компоотоо энэ тавцан дээр тавьчих гэж байна. Тэгснээ хамар дээрээс нүдний шилийг минь шүүрч аваад компоотны хажууд тавилаа.
-Нүдний шилийг чинь хагалчихвал гай. Энд байж байг. Нүцгэн гараараа л үзнэ шүү. Хамраас цус гарвал ялагдсанд тооцно. Шатны уруу түлхэхгүй, өшиглөж өвдөглөхгүй. За юу гээд өрж байгаа бололтой хоёр гар нь гозосхийв.
Би хасах дөрвийн шил зүүдэг байв. Шилгүй болмогц хоёр алхмын цаадах бүх юм бүдэг бадаг. Манан дотор Бат- Үүл хөдлөх шиг болонгуут би нүдээ тас аниад өөдөөс нь ухасхийлээ. Хараа муу, нүдээ аньсан ч, нээсэн ч дүндээ дүн л дээ. Хоёр гараа тээрмийн сэнс мэт эргүүлэн би давшилтанд орлоо. Бат-Үүлийн ясан нударга толгой, хацар, цээжин дээр минь бууж байсан ч би тээрмийн сэнсээ зогсоолгүй, хамаг чадлаараа савсаар л байв. Тэгтэл Бат-Үүл гэнэт
-Хөөе, зогсоорой. Хамраас цус гарч байна. Чи харахгүй байгаа юм уу гэж байна. Асуултынх нь өнгө, өгүүлбэрийнх нь өргөлт нэг л сонин. “Би дийлжээ” гэсэн бодол тархинд минь зурсхийн орж ирэв.
-Би сайн харахгүй байна. Би чамайг дийлсэн үү? гэж лавлан асуулаа.
-Тэнэг юм уу, хаашаа юм. Цус гарвал ялагдана гэж яриа биз дээ. Тэнэг юм асуугаад... гэж тэр уцаарлаж байна.
Тавцан дээрээс тэмтчин байж шилээ авч зүүв. Хараатай боллоо. Бат-Үүлийн навтгар хамрын нэг нүхнээс нь цус гарч байна. Би халааснаасаа эмээгийн индүүдсэн нусны алчуураа гаргаж түүнд сарвайв.
-Май, үүгээр арч.
Тэр алчуурны үзүүрийг шүлсээрээ норгоод, навтгар хамраа арчив. Дараа нь бид хоёр орцны чулуун шалан дээр энд тэнд дуссан цусны ганц нэг толбыг гутлынхаа улаар тарааж, арчмар аядав. Ажил ч ерөнхийдөө цэгцрээд ирлээ.
-Май, энэ компоотоо ав гээд Бат-Үүл цонхны тавцан дээр байсан компоотыг минь надад өгөв. Нүүрэнд нь цусны ор мөр үлдсэнгүй. Хамар нь надад яагаад ч юм, тийм ч зэвүүн навтгар санагдсангүй.
Би яах учраа олсонгүй. Зодуулсан хүн яадгийг би сайн мэднэ. Харин зодолдоод дийлсэн хүн яах ёстойг хэн ч надад заагаагүй байлаа. Тийм туршлага надад огт байсангүй.
-Энэ компоотыг хоёулаа хувааж идье. Манайд орох үү, Бат-Үүл ээ! гэлээ.
Миний энэ үгийг сонсоод Бат-Үүл цахилгаанд цохиулсан мэт болов. Түүний царай тэр дороо нөгөөх догшин хулигаан төрхөө олж, хамар нь дахин зэвүүн навтайгаад ирэв.
-Xувааж идье ээ? Хуц! Чиний энэ мууг горьдоно гэж бодоо юу? Наадахаа аваад зайл. Хамар санаандгүй оночихоод өөрийгөө юу болчихлоо гэж бодоод байгаа юм, чи муу. Хуц, муу дөрвөн нүдэт. Муу “гахай” Баяр гэж хараал урсгасаар шатны уруу пижигнэн алга болов. Орцны хаалга дор тасхийн хаагдаж байгаа нь дуулдлаа.
Би гайхав. Компоот хувааж идье гэсний төлөө ингэтлээ уурлах нь юу билээ. Тавлаж байна гэж ойлгосон юм байх даа. Би уг нь “сайдъя” гэсэн санаатай л хэлсэн юмсан. Гэхдээ эмээгийн маань хэлдэгчлэн “Юу хайхан гээ, дур хайхан”. Хөл хөнгөрчихсөн би хэдхэн харайгаад л гэртээ оров.
Эр зориг гарган эргүүлж олж авсан эмээгийн маань тэр компоот ер бусын амттай байж билээ. Би түүнийгээ ганцаараа биш, эмээтэйгээ хувааж идсэн тул тарга тэвээргэнд маань нөлөөлөөгүй биз.
Тэр өдрөөс хойш ойр хавийн бацаанууд намайг “гахай”, “дөрвөн нүдэт” гэж хочлохоо, элдвээр шоглодгоо үндсэндээ болив. Бат-Үүл тэдэнд юу хэлснийг би мэдэхгүй. Надтай зодолдохоор яваад компоотг үй буцаж ирсэн болохоор юм хэлэх хэрэг гараагүй ч байж мэднэ.
Дараа жилийн хавраас нь би гэнэт суга өсөж эхлэв. Бие, сэтгэлийн асар их зовлон надад амсуулсан мяраа тарга маань ашгүй нэг шувтарч, би ердийн хүүхдийн эгнээнд баяр бахдалтайгаар багтан жагсаж билээ.
Энэ явдлаас хойш бүхэл бүтэн амьдрал өнгөрчээ. Тэгж “танилцсан” Бат-Үүл бид хоёрыг хувь заяа маань түүнээс хойш овоо сайн гагнаж өгсөн дөө. Амьдралд маань юм юм л тохиолдож байв. Гэлээ ч навтгар хамартад би ач санаж явдаг. Хаврын тэр нэг өдөр тэнэж яваад “айдсын эсрэг вакцин”- ыг хажуу байрны “гахай” Баярт овоо сайн тунгаар санаандгүй шахчихсан гэдгээ тэр яаж мэдэх билээ. Амьдралыг утгагүй болгодог юм бол айдас. Түүний эсрэг “вакцин” нь эр зориг. Нас насандаа таарсан ийм “вакцин” хийлгэж байх нь хэрэгтэй юм билээ...
1977 оны намар Москвагийн Их Сургуулийн төгсөх ангид ороод дипломын ажлынхаа сэдвийг сонгох болов. Багштайгаа зөвлөтөл “Парламентын засаглал ба Монголын жишээ” гэсэн сэдэв санал болгож байна. Энэ нь оюутанд байтугай эрдмийн зэрэг горилж буй эрдэмтэнд ч ахдахаар сэдэв. Парламентын засаглал гэдэг нь ч нарийндаа яг юу юм, Монголын маань жишээ ч гэж юу билээ гэж халшрав. Эргэлзээд байгааг минь багш анзаараад “Бүү ай. Хол харайвал ядаж алхам ахина. Ойрхон харайвал алхам ч ахихгүй. Танай Ардын Их Хурал байгуулагдсан түүх, нөхцөл байдал нь өвөрмөц сонин. Энэ чиглэлийн судалгаа, баримтыг сайхан бүрдүүлээд наад ажлаа хийж эхэл. Эхлээд авбал цааш явах зам чинь харагдана” гэлээ. Миний багш, профессор Давид Львович Златопольский бол олон ном, сурах бичиг гаргасан, Орост байтугай дэлхийд нэртэй том эрдэмтэн байв. Ийнхүү багшийн зөвлөгөө, шахалтаар илт томдсон малгай шиг нэг тийм сэдэвтэй болж авлаа.
Нутагтаа дипломын практик хийхээр ирээд, энэ тухайгаа хариуцсан дарга нартаа хэлэв. Би сургуульд явахдаа Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн нэр дээр явсан тул намайг хариуцдаг байгууллага энэ байв. Явах, буцах замын зардал даах, хааяа цуглуулж семинардах маягаар л тэд хариуцах агаад би тэндхийн ирээдүйн боловсон хүчинд тооцогдоно. “Яахлаараа парламент энэ тэр гэсэн сэдэв авдаг билээ. Чи парламентын нэр дээр биш, манай нэр дээр сурч байгаа шүү” гэж хэсэг цааргалсан ч эцэстээ Ардын Их Хурлын архивт сууж, материал шүүх талаар ярьж өгөв. Ингээд би Төрийн ордны (тэр үед ордныг тэнд байрлах гол байгууллагын нэрээр нь Төв хороо л гэдэг байж) архивт сууж, Ардын Их Хурлын тухай шинэ, хуучин элдэв баримт сөхөж, өөрт хэрэгтэйгээ том бор дэвтэртээ тэмдэглэдэг ажилтай болов.
Нэг өглөө ажилдаа иртэл архивын бичиг хэргийн нэг авгай “Чамайг өчигдөр Жалнаа даргын туслах асуусан шүү” гэлээ. “Жалнаа дарга гэж хэн билээ” хэмээн асуухад ”Жалан-Аажав дарга. Улс Төрийн Товчооны гишүүн. Чи одоо оч, оч” гэж байна. Төрийн ордны урд гол хэсэгт, гуравдугаар давхрын баруун талд байх өрөөг нь сурагласаар очив. Үүднийх нь том өрөөнд унжийсан урт эрүүтэй залуу урдаа баахан бичиг дэлгэчихсэн сууж байна. Жалан-Аажав даргын туслах Төмөр-Очир гэдэг хүн аж. Яваад ортол нэрийг минь асууснаа над руу жаахан таагүй харж байна. Би архивын шороо тоосонд сууна гээд нэг муу хар бараан хүрэм өмссөн байв.
-Жалан-Аажав дарга чамайг бүр өчигдөр сурагласан. Гэтэл чи ийм хачин юм орж ирж байдаг. Дэлгүүрийн ачигч биш дээ. Наад хувцсаа солиод, зангиа зүүгээд ир гэж байна.
Гэртээ очиж госжоомоо өмсөв. Зангиа байдаггүй. Хуучин хогшилтой чамдаан ухаж байж, аавын нэг хөх зангиаг олж зүүгээд буцаад очлоо. Урт эрүүтэй нөхөр намайг гарахад байсан яг нөгөө байдлаараа цаас шагайгаад сууж л байна. Намайг хальт харснаа
-Дарга өнөөдөр хүлээж авах завгүй. Маргааш өглөө ир гэлээ.
Маргааш өглөө нь очтол дарга бас л завгүй, үдээс хойш ир гэж байна. Нөгөөдөр нь ч мөн адил. Би тэр том даргад бараалхана гээд нэг их догдолсонгүй, яарсан ч үгүй. Учир нь “Жалнаа дарга” намайг яах гэж дуудсаныг би гадарлаж байв. Урьд нь огт уулзаж байгаагүй тэр том дарга надтай юу ярих, би түүнд юу гэж хариулахаа багцаалж байлаа. Даргын дуудлага хүлээнгээ бор дэвтэртээ ганц нэг тэмдэглэл хайнгадуу хийсэн шиг, уртаашаа ганц госжоомтойгоо архивт орчихсоныг хэлэх үү, тоостой хавтас нааш цааш хөдөлгөхдөө цэмцэгнээд л байж байв.
Тэгтэл нэг өглөө архивын дотуур утсаар даргын туслах “Одоо ороод ир” гэж дуудаж байна. Үүдний өрөөнд нь яваад очтол урт эрүүтэй туслах үг дуугүй даргын өрөөнд дагуулж орлоо. Өрөө нь их том санагдав. Тэр том өрөөний цаад өнцөгт том ширээний ард бөөрөнхий царайтай, босоо үстэй, жижигхэн хүн сууж байна.
Тэрбээр инээмсэглэсээр надтай гар барьж мэндчилснээ том буйдан руу зааж суулгаад “Цай, чихэр аваад ир” гэж туслахдаа хэлэв. Дарга өөрөө хөндлөн байрлах арай жижиг буйдан дээрээ тухаллаа. Туслахаа бодвол сайхан зантай хүн юм байна гэж бодогдов.
-За хө, Санжаагийн Баяр гэдэг чинь ийм хүү байдаг байх нь. Аав шигээ өндөр нуруутай... Номтой хүн байсан шүү, Санжаа багш. Ээж нь нөгөө загасаа судалсан хэвээр л биз дээ. Златопольский багш надад захидал ирүүлж. Би бас шавь нь байгаа юм. Багш чамайг Москвагийн Их Сургуулийн аспирантурт үлдээх саналтай гэж бичсэн байна. Аав чинь бас МГУ-д хамгаалсан байх, тийм ээ? Чи юу гэж бодож байна, ямар сэдэв сонирхдог вэ гэж яриа дэлгэв.
Би тэр захиаг нь үзээгүй ч ерөнхий агуулгыг нь уншсан мэт тааж байв. Златопольский багш надад “Би монголчуудад элэгтэй еврей хүн. Бид цөөн, та нар ч цөөн. Боломж байгаа л бол бие биеэ дэмжиж явах ёстой. Чи бол миний отгон монгол шавь. Ёндондүйчир, Жалан-Аажав гэж хоёр шавь надад бий. Тэр хоёр хоёулаа том дарга болоод сайн яваа гэж дуулсан. Чи ч бас тэдний хойноос том дарга болохыг хэн байг гэх юм бэ” гэж хэлээд инээдэгсэн. Төгсөх ангид орох жил багш маань намайг аспирантурт үлдээх тухай байнга ярьдаг болоод байв.
Тэр яриаг нь би нэг их ойшоохгүй. Хууль зүйн мэргэжил сонирхолтой ч, эргэлзээ бас төрөөд байдаг байв. Бүх насаараа зөвхөн энэ хүрээнд л эргэлдэнэ гэж бодохоор нэг л тийм. Сургуулиа төгсөөд шууд аспирантурт үлдэж, тэгээд залуухан эрдэмтэн, доктор профессор болсон хүмүүс манай сургуулиар цөөнгүй. Ихэнх нь оросууд. Ганц нэг герман, болгар тэдний дунд бас харагдах бөгөөд бидэнд хааяа хичээл орно. Эрдэм боловсролтой ч, нэг л тийм хар залуугаасаа ядаргаанд орчихсон царайтай, номноос өөр юм мэдэхгүй гунигтай хүмүүс шиг санагддаг байлаа. Амьдралд намайг үүнээс арай илүү сонирхолтой ирээдүй тосож байж магад гэж дотроо боддог, горьддог байсан биз.
Гэхдээ би багшийнхаа саналд шууд “Үгүй” гэж зүрхлэлгүй, “Манай Монголд сургуулиа төгсөөд шууд аспирантурт үлддэг жишиг байхгүй. Манайх зөвшөөрөхгүй л байх. Хэдэн жилийн дараа би хөөцөлдөөд үзье” гэдэг байв. Тэгэхээр багш уцаарлана. “Жил алдах ямар хэрэг байна. Энэ хорвоод хамгийн үнэтэй юм бол цаг хугацаа. Чамд хугацаа товчлох алтан боломж гарч ирж байна. Хуулийн анги төгсөх хоёр зуун хүнээс хоёр гуравт нь л ийм алтан бололцоо олддог. Бодоод байх юмгүй. Одоо шийд. Арыг нь би даана” гэнэ. Арыг минь дааж байгаа нэг арга нь Хуулийн ангийн декантай аспирантурын нэг хуваарь урьдчилаад тохирсон гэх. Нөгөө арга нь Жалан-Аажав шавьдаа бичсэн түүний захиа аж.
Жалан-Аажав даргад энэ бүхнийг тоочилтой биш, багшид хэлдгээ л давтлаа.
-Давид Львович намайг аспирантурт үлд гээд байгаа юм. Миний хувьд бол ёс журмаараа л явсан нь дээр байх гэлээ.
-Ямар ёс журам? гэж дарга асууж байна.
-Сургуулиа төгсөөд аспирантурт шууд үлддэггүй журам бий гэсэн.
-Яг ч тийм журам үгүй л дээ. Сургууль нь хуваарь гаргаад, цаанаасаа дэмжиж байгаа гэж бичсэн байна. Энэ нөхцөлд асуудал арай өөр л дөө...
-Өө дэмий. Арын хаалгаар явж байгаа юм шиг шал дэмий. Сургуулиа төгсөөд, хэдэн жил ажиллаж байгаад дараа нь тэр тогтсон журмаар нь явах хэрэгтэй гэлээ.
Хожим яг энэ мөч надад эргэн эргэн санагддаг байлаа. Нэг муу оюутан “Тогтсон журмаар явах хэрэгтэй” гэж чухамхүү тэр “журмыг нь” тогтоодог хүнд сургамжлаад сууж байсан нь инээдтэй. Нам төрийн удирдагч тэр хүн Зөвлөлтийн багшийнхаа хүсэлтийг хүлээн авч, намайг аспирантурт явуулъя гэвэл чадах л байсан байлгүй. “Сургууль нь дэмжээд байгаа бол асуудал өөр” гэсээр байтал ам бардам нэгэн жаал өрөөнд нь орж ирчихээд өөдөөс нь “тогтсон журам” яриад, одооны хэллэгээр бол “томроод” байхад тэр гайхсан биз. “Энэ хүүхэд нээрээ ийм улаан галзуу шударга нөхөр үү, эсвэл угаасаа ийм эргүү балай амьтан уу” гэж эргэлзсэн ч байж мэднэ.
Жалан-Аажав дарга намайг хэсэг ажигласнаа
-За яахав, чи өөрөө тэгж бодож байгаа бол яая гэхэв. Чиний зөв ч байж мэднэ. Нээрээ хэдэн жил сайхан ажиллаад хаашаа ч явж болно л доо. МГУ ч явж болно, АОН (Нийгмийн Ухааны Академи) ч явж болно шүү дээ. Харин одоо сургуульдаа буцаж очоод бид хоёрын ярьсныг багшид бүгдийг нь сайн яриарай. Таны шавь Жалан-Аажав тусалъя гэсэн ч би өөрөө татгалзлаа гэдгээ хэлнэ шүү гэлээ.
Жалан-Аажав дарга бид хоёрын яриа үүгээр өндөрлөв. Гэнэтийн энэ уулзалтын тухай ээждээ ярилгүй явж байгаад хэзээ хожим хэлэв.
-Даанч дээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдэг энэ л байх. Ийм боломж чамд дахин олдооч уу. Ухаан суух мөн өдий байна даа, чи хэмээн халаглав.
Ээж харамсаж, халаглана гэдгийг би мэдэж байсан учраас тухайн үед нь энэ талаар огт дурдаагүй юм. Эрдэм номын ажлыг юу юунаас илүү дээдлэх ээжийн хандлага минийхээс арай өөр. Ээж бол ховор боломжоо алдлаа л гэж үзнэ. Би бол түүнийг нь тийм ч ховор боломж гэж үнэлсэнгүй. Боломжоо алдаж байна ч гэж бодсонгүй. Ийм боломж байнга л байх юм шиг, дуртай цагтаа түүнийг ашиглаж болно гэж төсөөлж байж. Гэтэл амьдрал миний тэр гэнэн төсөөллөөс огт өөр гэдгийг амархан нотлоод өгөв.
“Тэр боломжийг ашиглах минь яав даа” гэж харамсах үе надад бишгүй тохиолдсон. Сургуулиа төгсөж ирээд учир нь олдохгүй ажилд томилогдож, үйлээ үзэж байхдаа, бас дараа нь цэрэгт мордож, офицер болчихсон явахдаа амаа хэд ч алгадав даа. Арга ядаад Златопольский багшид хамаг амьдралаа тоочсон урт захиа бичиж “Одоо нөгөө аспирантураа хөөцөлдвөл ямар вэ” гэж асууж ч үзэв. Багш хариундаа “Чи офицер болсон учраас мэргэжлээрээ ажилласанд тооцогдохгүй. Тэгээд ч аспирантурын хуваарь одоо алга” хэмээн шулуухан өчив. Захиа нь товч бөгөөд тодорхой байв. Оросуудын хэлдгээр “Поезд ушел” бололтой. Дээр нь багшийнхаа урмыг нь хугалснаа би хожимдож ухаарав.
1983 онд байна уу даа, намайг цэрэгт байхад Жалан-Аажав даргыг нам, төрийн бүх ажлаас нь буулган, хөдөө цөлсөн. Түүнийг буруутгасан Намын бүгд хурлын шийдвэрийг сонин хэвлэлээр нүүр дүүрэн нийтэлснийг нь уншиж, радио телевизээр зарлахыг нь сонсоод гайхав. “Ингээд л хусчихдаг юм байх даа. Улс төрийн товчоонд байсан таньдаг ганц даргыг маань, Златопольский багшийн маань ганц сайн шавийг хусчихлаа даа...” гэсэн бодол төрөв. Босоо үстэй, бөөрөнхий нүүртэй, уриалгахан тэр даргатай уулзаж байснаа энэ үед санахад нэг л харамсалтай, нэг л гунигтай байж билээ.
Хэлмэгдүүлэлтийн тээрэм зөвхөн Жалан-Аажав даргыг биш, орчин тойрных нь олон хүнийг тээрэмдсэн гэдэг. Миний мэдэхээс нөгөө туслах нь байсан Төмөр-Очир тэр үед Төв хорооны Хэлтсийн эрхлэгч болчихсон байснаа ажлаасаа бас хөөгдсөн дуулдсан. Сүүлд “Октябрийн туяа” билүү дээ, нэг тийм нэртэй жижиг сэтгүүлийн эрхлэгч хийж явахад нь би түүнтэй таарч байлаа. Өөр олон хүн ажил, амьдралгүй болсон гэдэг ч би тэднийг нь танихгүй юм.
Жалан-Аажав гуайтай би хожим олон уулзаж байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхад тэрбээр нэг өдөр гавьяатынхаа шинэхэн тэмдгийг зүүчихсэн, миний өрөөнд ороод ирэв. Би туслахаа дуудаж, бушуухан тавагны идээ дүүргэх, өөр хүн хүлээж авахгүй байх тухай үүрэг өгчихөөд Жалан-Аажав гуайд баяр хүргэв. Ёсыг бодож нэг юм задлах гэтэл “Хэрэггүй, хүү минь. Энд яаж болох вэ. Дараа нь би чамайг гэртээ дайлна” гэлээ.
Бид хоёр нэлээд удаан сууж, хууч хөөрөв. Сургуулийнхаа тухай, Златопольский багшийн тухай яриа мэдээж өрнөв. Би цэрэгт байхдаа багшид захиа бичиж, аспирантурын тухай асуугаад “Үгүй” гэсэн утгатай товчхон хариу авснаа ярив. “Багшаа гомдоочихсон байх даа” гэхэд Жалан-Аажав гуай:
-Үгүй биз. Тийм юманд багш гомдох учиргүй. Багш хүн шавьдаа гомдтолоо хол. Златопольский багш юм юм үзсэн хүн шүү. Дайнд оролцсон, хэлмэгдэж ч явсан гэдэг. Чамайг амьдралд сургаж байгаа нь тэр гэлээ.
-Би танаас нэг юм асууя гэж бодоод л явдаг. Та намайг тэр үед юу гэж бодсон бэ. Нэг их ам бардам жижиг амьтан өөрөөсөө том юм яриад байхад та гайхсан байх даа гэхэд
-Дарга байхад хүн юм гуйх гэж орж ирдэг болохоос, татгалзах гэж орж ирнэ гэж үгүй. Гэхдээ чиний зөв байж дээ гэж хэзээ хойно бодогдсон. Хэрэв тэр үед чи миний дэмжлэгээр сургуульд явсан бол миний хань хамсаатны тоонд бүртгэгдэж, хэцүүдэх байсан байж ч мэднэ. Миний дэмжиж байсан олон сайхан залуус ийм маягаар хохирсон. Тэдний буруу гэж юу ч байхав дээ гэж билээ.
Жалан-Аажав гуайгаас хэлмэгдсэн тухай нь нарийн ширийн юм асуухад тэр тоймтой юм надад хэлсэнгүй. Хэлмэгдэж, хохирч байсандаа хорсож гомдоод, өс санаад явах хүн тэр биш байлаа. Түүнийг өөд нь татаж гаргаад, дараа нь тэр өндрөөс авч хаясан Цэдэнбал даргын тухай түүнээс асуухад “Бал дарга ч мундаг хүн байсан шүү. Олон талын мэдлэгтэй, их ажилсаг хүн байсан. Сүүлд бие нь жаахан муудаад юм мартдаг болсон. Үүнийг нь далимдуулаад хажууд нь байсан ганц нэг хүн л үймүүлдэг байлаа” гэсэн шүү юм хэлээд өнгөрч билээ.
Өөрийг нь үг, өчиггүй хэлмэгдүүлсэн хүмүүст Жалан-Аажав гуай үнэхээр ийм өгөөмөр өршөөнгүй ханддаг байсан уу, эсвэл гомдох сэтгэлээ дотроо хадгалж, илүү юм ярихгүй байхыг чухалчлав уу гэж эргэлзэв. Юутай ч аргагүй л юм үзсэн төрийн хар хүний зангараг зааж байна даа гэж санагдаж билээ.
zochin
Зочин
Уншигч
Уншигч
Уншигч
Зочин
Зочин
Mongol
Mongol
Зочин
Зочин
Зочин
хамаатан
би
Songiiliin beltgel baina
Zaaa
Зочин
Зочин
Зочин
Niitlelch MUNKHBAYASGALAN!
Гэрэл
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
ghj
Зочин
Зочин
Зочин
Дорж
Зочин
Зочин
Зочин
Bayar guai-d
tsenk
irgen
Зочин
Зочин
бөа
би
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
takaranaran@yahoo.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
bat
иргэн
ард
Баяраа
бүгд танаас айдаг
Зочин
Зочин
Араас нь хутгалаад зугтдаг гар шүүүүүүү
Эхнэр солих авилгал авах эх орноосоо урвах адил
Бобо
Sohin
Зочин
Зочин
Зочин
HP
Зочин
Зочин
Зочин
Дагиймаа
жирийн иргэн
хэ цэс
хэ цэс
zz
zz
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ovoo shdee.. Bayar! sain bn!
zoogii
Зочин
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
[Everyday.mn] маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
Зочин
Булган
hmm
zochin
Уншигч
Зочин