Гуравдагч хөрш: Төв Ази руу хийх цөмрөлт

Цөмрөлт гэдгийг англиар challenge гэж дүйцүүлэх гээд мэрийгээд яваа нэгэн. Сорилт гэх нь жулдаад гэх үү дээ. Японы Цог жавхлант эзэн хааны Төрийн айлчлалыг би яг тэгж нэрлэж сошиалд бичсэн. ТВ-ээр ч тэгж ярьсан. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүд, ерөөсөө дэлхий дахин руу хандуулсан том challenge хэмээн би үзсэн. Гадаад бодлогын том ололт (магадгүй ялалт) хэмээн үзсэн. Гадаад бодлогын түүхнээ алтан үсгээр бичигдэнэ.

Тэгвэл дараагийн том challenge маань Төв Ази (хуучнаар Зөвлөлтийн Дундад Ази) тэр чигээрээ хэмээн лав 2025 оны гадаад бодлогын түүхнээ тэмдэглэгдэнэ. 

Энд У.Хүрэлсүх, Б.Батцэцэг хэмээх хоёр бие хүнд хамаг гавьяаг тохох санаа надад байхгүй. Ерөөсөө Монголын өнөөгийн Төр-засаг гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж залгамж чанарыг тасралтгүй, бүр шинэ шинэ агуулгаар баяжуулан хөтлөн явж чадаж байна, гадаад бодлогын ололт амжилтуудаар 2022 оноос хойшхи энэ гурван жилд Монгол Улс давалгаалж байна гэдгийг тэмдэглэх нь зүй. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, тэр дундаа ГХЯ, монголын нийт ард түмэн бүгдээрээ тэр гавьяаг хүртэнэ хэмээн Элчин сайд байсан дипломатчийн хувьд дүгнэж байна. 

Ковидын хоёр жил гэж нэг хэсэг сатаарсан гадаад бодлого маань үнэхээр огцом өргөжин тэлсэн, Африк, Латин Америк нэг их холын биш ирээдүй цаг дээр тэр өргөжин тэлэлтийн дараагийн бүс нутаг байх болно, түүндээ Монголын Төр-засаг хүрнэ. Би тийм итгэлтэй байна.

Социализмын үед найрамдлын сарын арга хэмжээ зохиогддог (Монголын соёлын өдрүүд, эсвэл Зөвлөлт Тажикистаны соёлын өдрүүд, Зөвлөлт Казахстаны кино 7 хоног гэх мэт), манай оюутан, ТМС-ийн сурагч бэлтгэх уурхай болж байсан ах дүү Зөвлөлтийн Дундад Азийн БНУ-ууд, тэр бүс нутаг эдүгээ манай гадаад бодлогын чухал чиглэл, бүр тодорхой онож хэлбэл бидэндээ шинээр нээгдсэн гуравдагч хөршүүд болж хувирсныг өнгөрсөн хоёр гуравхан жилийн хоёр талын дээд өндөр түвшний айлчлалууд, стратегийн ба иж бүрэн түншлэлийн харилцааг тунхагласан найрсаг хоёр улс (Казахстан, Узбекистан) гээд бэлхнээ харж болохоор санагдана.

Хүснэгтээр үзүүлье.

Он
Ерөнхийлөгчийн айлчлал
Хариу айлчлал
2022


ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын
зөвлөлийн XXII хуралдаан
(Самарканд,   Узбекистан)

2023

Киргиз yлсын Ерөнхийлөгч

2024
Узбекистан
ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын   зөвлөлийн XXIV хуралдаан (Казахстан, Acтaнa)
Туркменистан
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн   удирдагчдын дээд түвшний уулзалт (“COP29”,   Баку, Азербайжан)
Казахтсаны   Ерөнхийлөгч
(Стратегийн түншлэлийн харилцаа)
2025

Туркменистаны Ерөнхийлөгч
Узбекистаны   Ерөнхийлөгч
(Иж бүрэн түншлэл)

Төр-засгийн тэргүүн нарын айлчлалд 2023 онд Ерөнхий сайд Киргизстанд айлчилж, мөн ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн XXII хуралдаанд оролцсон, 2024 онд УИХ-ын дарга, Киргиз улсын Жогорку Кенешийн дарга нар харилцан айлчилсан нь айлчлалын давтамжийг хадгалахад чухал үүрэгтэй байсныг дурдах хэрэгтэй. Гадаад харилцааны сайдын түвшинд ч харилцан айлчлалууд хэрэгжсээр ирсэн. Шадар сайд, бусад яамдын сайд, ЗГХК-ын хурал зэргийг энд нэмбэл Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа шат шатандаа ахисаар иржээ.

Гадаад харилцааны сайдын харилцан айлчлал хүснэгтээр

2021
Казахстан
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг   бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд   нарын VI уулзалт

2022
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хурал (Баку)
AХАИББХ-ын Гүйцэтгэх захирал


2023
Узбекистан
Киргиз yлсын Гадаад   хэргийн сайд
2025


Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаа Киргизстан, Тажикистанд Төрийн айлчлал хийнэ.Өмнөх он жилүүдэд манай Төр-засгийн удирдагчид Төрийн айлчлал хийхээр энэ хоёр улсад морилж байгаагүй байж болно. Хэрэв тийм бол анх удаагийн Төрийн айлчлал гэж үзэж болно. “Төрийн” гэдэг тодотголын цаана агуулга нь өргөн дэлгэр, үр дүн нь илүү тод ба шахуу, Монголын улс төр, түүх-соёл, бизнес-хөрөнгө оруулалт, худалдаа гээд олон салбарыг хамардаг. Хэдхэн өдөрт тэр улсыг “Монголоор амьсгалуулаад” дуусдаг. Тийм уламжлал тогтсон. Тийм учраас Төв Азийн энэ хоёр улсад Монголын маш том сурталчилгаа, танилцуулга, манай ард түмний найрсаг сэтгэлийн илэрхийллийг тээж Төрийн тэргүүн ба дагалдагсад очих болно.

Гадаад бодлого судлаачийн хувьд энэ удаагийн айлчлалын ба гарчигт цөмрөлт гэсэн утга тээсний цаад учгийг геополитикийн өнцгөөс харж байна. Монгол маань Төв Ази, мөн түрэг хэлт ертөнцөд хэрдээ тохирсон тоглогч болж бэхжиж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. 

Түрэг хэлтэй улсуудын дээд түвшний анхдугаар уулзалтыг Туркээс санаачлан 1992 онд зохион байгуулснаас хойш бүс нутгийн-иргэншил соёлын хамтын ажиллагааны энхүү байнгын механизм төлөвшиж, Монгол маань ч тэдэнтэй холбогдсон. Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны зөвлөл (Түрэг зөвлөл) нь 2021 онд Түрэг угсааны улсуудын байгууллага болж шинэ шатандаа гарсан. Туркменистаныг ажиглагч гишүүнээр элсүүлж, “Түрэг ертөнц–Алсын хараа 2040” хэмээх түрэг угсааны улсуудын нийтлэг эрх ашгийг хөндсөн стратегийн хөгжлийн баримт бичиг батлан мөрдөж байна. 

Тэгвэл Монгол Улс нь Түрэг угсааны улсуудын байгууллагын гишүүн гурван улстай (Турк, Казахстан, Узбекистан) түншлэлийн харилцаатай, мөн Азербайжан, Киргизстан, Туркменистантэй хоёр талын харилцаагаа идэвхтэй хөгжүүлж буй. Хэтдээ түншлэлийн харилцаа төлөвшнө. Бүхэлдээ энэ 6 улстай тогтоосон харилцаа нь ах дүүсэг, харилцан ашигтай, хоёр ард түмэндээ ээлтэй хөгжиж байна. Тэгэхлээр Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал бол Түрэг хэлт орнуудын хамтын нийгэмлэг рүү хандуулсан Монголын дипломатын томхон challenge байж болно. 

Геополитикийн бас нэг өөр өнцгийг орхигдуулж үл болно. Төв Азийн бүс нутагт уламжлалт түнш-холбоотон Оросоос гадна, АНУ, Турк, Европын Холбоо, Хятад, Энэтхэгийн ашиг сонирхлууд шууд төвлөрөх хандлагатай болсныг бид бүхэн ажиглаж байна. Төв Ази хэмээх энэ бүс нутаг нь ШХАБ-ын гурван том гигант–Орос, Хятад, Энэтхэгийн нөлөөний хүрээний, ашиг сонирхлын үндсэн талбар мөн бишийн тухай би өгүүлэх гээгүй. Орос бэхжсэн байснаа байр сууриа Хятадад эдийн засгийн хувьд алдах эхлэл тавигдсан. Гэхдээ энэ гурван улсын хэн нь ч нөгөө аль нэгийгээ Төв Азид хэт давамгайлахыг зөвшөөрөхгүй.

“Төв Ази ба Нэг” (“C5+1”) гэсэн дээд хэмжээний уулзалт-саммитын формат энэ цаг үед тун идэвхтэй төлөвшин байна. Туркийг би жишээлэхгүй. Тэр ойлгомжтой. Туркээс гадна хоёроос гурван ч том тоглогч тодрон гарч иржээ. Төв Ази дахь их гүрнүүдийн өрсөлдөөн Орос-Украины дайны өнгөн дээр илэрхий болж байна. Анх 2015 онд Самаркандад “С5+1” форматын уулзалтаас эхлэн АНУ ба Төв Азийн 5 улсын хамтын ажиллагаа АНУ-аас санаачилсан энэхүү “С5+1” гэх геополитикийн шинэ төслийн хүрээнд идэвхжсэн. Тухайн үед ОХУ түүнд огт таатай хандаагүй. Одоо ч тэр байр суурь хэвээрээ. АНУ-аас юугаар дутах билээ гэсэн шиг БНХАУ нь 2020 онд санаачлан виртуал дээд хэмжээний уулзалт “Хятад-Төв Ази” буюу бас нэг “С5+1” гэдгийг эхлүүлсэн. Хятад нь Төв Азид Туркийн хэмжээний нэр нөлөөтэй, улс төрийн ашиг сонирхолтойн нотолгоо хэмээн энэ форматыг үздэг. Түүний дараа Хятадын араас Европын Холбоо энэхүү бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг улам өндөрсгөж “C5+1” (Европын холбоо-Төв Ази) уулзалт зохион байгуулсан. 2022 оны 10 дугаар сард Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Астана хотноо Төв Азийн 5 удирдагчийн хамт анхдугаар уулзалтаа хийснийг дагалдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн л Астана хотноо ОХУ-Төв Азийн анхдугаар чуулга уулзалтад уригдсан баримт нэгийг хэлэх байх.

Төв Ази дэлхий дахины хувьд ийм чухал цэг, бүс нутаг болж хувирсан бодит хүчин зүйл манай улсын Төв Азийг харах өнцгийг улам хурцалж өгсөн хэмээн би үздэгээ нуух юун.