Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Америк,  Хятадын харилцаанд тун ч таагүй уур амьсгал давамгайлах боллоо. Таагүй мэдээнүүд ар араасаа цуваж, бие биеэ буруутгаж ээлжлэн мэдэгдэл хийсээр байна.

Ираны эсрэг хориг тавихыг БНХАУ-ын эрх баригчид дэмжээгүй нь Цагаан ордныхныг бухимдуулж харилцаа хурцатдахад хүргэсэн. Үүний хариуд Вашингтон Тайваньд 6.4 тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээ байгуулахаар болсоноо албан ёсоор мэдэгдсэн юм. Хятадын эрх баригчид гэрээг даруйхан цуцлахыг шаардсан боловч нэмэр болсонгүй.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хятадын талаар хатуу бодлого баримтална гэдгээ  Сенатын гишүүдтэй уулзахдаа хэлсэ. Түүгээр ч зогсохгүй манай урд хөршийг хамгийн ихээр эмзэглүүлдэг Далай ламыг Америкийн  Ерөнхийлөгч ирэх долоо хоногт Вашингтонд хүлээн авч уулзахаар боллоо. Гэхдээ энэ нь хувийн шинж чанартай уулзалт байх гэнэ. Бээжин Америкийн компаниудын эсрэг хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Ийнхүү харилцаа нэлээд хурцадсаар. Энэ удаад Америкийн тал дахин юанийн ханшийг хүчээр барьж байна хэмээн Хятадын эрх баригчдыг буруутгаад байгаа.

Ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаад Бээжин буулт хийх янзгүй байна. Тиймээс үйл явдал хэрхэн өрнөх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хамгийн нөлөө бүхий хоёр гүрний харилцаа хэрхэхээс дэлхийн улс төрийн байдлын ирээдүй шалтгаална.

Хятад, Америкийн хооронд зөрчилдөөнтэй асуудал цөөнгүй. Юанийн ханш, хүний эрхийн асуудал зэрэг нь байнга хөндөгдөж байдаг сэдэв. Барак Обама Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарсан. Америкийн Ерөнхийлөгч Хятадад төрийн айлчлал хийж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойгоо саяхан тэмдэглэсэн юм.

Гэвч  бие биеэсээ хэтэрхий их хамааралтай болсон дэлхийн хамгийн их нөлөө бүхий хоёр гүрэн асуудлыг хэрхэн шийдэх бол. Америкийн хөрөнгө оруулалт, зах зээл нь Хятадын эдийн засгийн хөгжилд хамгийн ихээр нөлөөлсөн. Санхүүгийн байдал нь тийм ч сайнгүй байгаа америкчуудын амьдралд  Хятадын хямд бараа бүтээгдэхүүн  маш их тус дэм болдог. Хятадууд ч Америкийн Засгийн газраас гаргасан бондыг их хэмжээгээр худалдаж аваагүйсэн бол бас л хэцүү байхсан. Хятадууд өөрийн байр сууриа хатуу баримталж байгаа  нэг шалтгаан  Америкийн нөлөө улам бүр хүрээгээ тэлсээр байгааг зогсоох хүсэлтэй холбоотой. Ялангуяа зүүн Ази дахь нөлөөг болиулах зорилготой гэдгийг судлаачид дурдаж байгаа.

Харилцан хамаарал хэтэрхий их байгаагаас хэл амаа ололцохоос өөр аргагүй юм. Үүнийг хэн хэн нь мэдэж байгаа боловч буулт хийхийгү хүсэхгүй. Хэрвээ зөрчил гүнзгийрвэл дэлхийн улс төрийн байдал үндсээрээ өөрчлөгдөнө. Дахин дэлхий хоёр тал болон хуваагдаж дайсагналцахад хүрнэ. Үүнийг хэн хэн нь хүсэхгүй л байгаа болов уу.


                                                                                                   Ю.Дэлгэрмаа