Базарсадын БАТСАЙХАН: Ээж, нутаг хоёр сэтгэл зүрхэнд мөнхөд ХАЙРЛАГДАЖ ЯВАХ ЗАЯАТАЙ

“Ярилцъя” булангийнхаа энэ удаагийн зочноор Булган аймгийн МоАХ-ны дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Базарсадын Батсайханыг урилаа. Түүнийг олны танил, хамгийн дуулиантай эрхмүүдийн нэг “Буян”-гийн хэмээх Жаргалсайханы дүү гэдгийг уншигчид сайн мэднэ. Тэр бүр ил гарч ирдэггүй энэ эрхмийг ахаасаа тэс өөр зан төлөвтэй хүн гэж олны ярьдаг үнэн санагдсан. 
Нээлттэй хэрнээ хаалттай юм шиг, зөөлөн… даруухан атлаа ганцаардмал юм шиг, хэнээс ч дутахгүй хүчирхэг хэрнээ хэн дуртайд ноолуулж ноцуулаад л явж байдаг, өөрөөр байх өчнөөн боломж байтал тэгэхээс тэгэх гэсэн шиг өөртөө хамгийн адармаатай замыг  сонгож  алхдаг… Ийм нэгэн сонирхолтой зочин өмнө минь сууж байна.


-Таныг хүмүүс ихэвчлэн энэ нөгөө “Буян”-гийн Жагаагийн дүү шүү дээ гэж танилцуулж байгаа харагддаг. Ааваар тань биш ахаар тань ингэж овог­лоод байх танд ямар санагддаг вэ?

-Мэдээж хүн л юм чинь эцгийн­хээ нэрийг гаргаж, эцгийнхээ нэ­рээр дуудуулж явахыг л хүснэ шүү дээ. Би ч тэгж хүсдэг. Намайг Базарсадын Батсайхан гэдгээр минь дуудаасай гэж. Би чинь аавтай хүн шүү дээ. Аавын л хүү юм чинь хүсэл минь ийм байх нь ойлгомжтой.
Монгол орныг өөрч­лөлт ши­нэч­лэлийн давалгаа нө­мөрч, шинэ хувьсгал хийсний дараа урьд өмнө огт байгаагүй зах зээлийн нийгэмд бид хөл тавьсан. Энэ үед Монго­лын анхны хувийн хэвш­лүүд бай­гуу­лагдаж, анхны пүүс компа­ниуд үүд хаалгаа нээ­сэн. Тэдгээр анх­дагч нарын нэг бол “Буян”, “Женко” гэх мэт компаниуд. Эдгээр улс бол бүх хүч хөдөлмөр, залуу нас, авь­яас чадвар, мэдлэг боловсролоо зориулж байж Мон­голын анхны хувийн хэвш­лийн суурь фундамыг тавьж байсан. Өөрсдийн хүч хө­дөл­мөрөөр үндэс­ний брэнд бол­сон компаниудыг босгож, улс ор­ны­хоо хөгжилд хувь нэмрээ оруул­сан. Энэ хөдөлмөр зүтгэлийг нь ард түмэн үнэлж, байгуулсан компа­ниар нь тэдгээр анхдагчдыг нэрлэ­дэг болсон түүх­тэй. “Буян”-гийн Жаргал­сайхан, “Женко” Баттулга гэж. Ингээд хара­хаар бахархалтай санагддаг. Х.Бат­тулга сайдын явуулж буй бод­лого, олон түмний дунд хүндлэгдэж байгаа нэр төр, Засгийн газрын гишүүд дотор бол үнэхээр л сонд­гой байгаа биз дээ. Орон сууцны бодлого, төмөр за­мын бодлогыг хар. Монгол орны хөгжлийн тул­гуур бодлогууд шүү дээ. Үнэхээр ялгарч л байна даа. Тэр хүний бизнесийн салбараас хуримт­луулсан асар том туршлага, мэд­лэг чадвар, лидерийнх нь ёс зүй­гээр үнэхээр бахархдаг.

-Аль ч утгаараа бахархал шүү?

-Үнэхээр тийм.  

-Одоо таны тухай мэдмээр байна?

-Би бол бусдын л адил Улаан­баатар хотод төрж өссөн. Жирийн л нэг сэхээтэн айлын хүүхэд.

-Та аль хороололд өссөн бэ?

-Дөчин мянгат. Одоо энэ их дэл­гүү­рийн баруун талд л өссөн. Улаан­баатар хотын хоёрдугаар төрөхөд төрөөд, хүүхэд нас маань яг энэ дүүрэгт өнгөрсөн. Зун боллоо л бол аавын­хаа нутаг Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн сумдын нутаг руу оччихдог байсан. Аав маань сур­гууль төгсөөд Дашинчилэн сумын зоотехникчээр очиж байсан. Ма­най аав хос мэргэжилтэй хүн бай­сан л даа. Анх Санхүүгийн техни­кум төгсч эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшээд, дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг зоотех­никчээр төгссөн.

-Аавын тань анхны томилолт уу?

-Аав маань Булган аймгийн Гур­ван­булаг суманд төрсөн. Айлын ганц хүү. Номтой мундаг лам хүний хүү шүү дээ. Гурванбулагийнхан бол үрж­лийн өвөө гэж манай өвөөг авгайлдаг байсан юм билээ. Аав маань Дашин­чилэнд ажиллаж байгаад хот руу орж ирсэн. Хотод орж ирээд санхүүгийн чиглэлээрээ дагнаад ажиллачихсан. Сангийн яаманд ажиллаж байсан. Дараа нь цэргийн хүн болоод НАХЯ-ны харьяа салбарт ажилласан ийм хүн. Дөнгөж 57-тойдоо өвчний улмаас залуугаараа өнгөрсөн дөө. Манай аав сайхан шагай харвадаг хүн байсан. Багадаа аавыгаа дагаж шагайн тойр­моор их явдаг байлаа. Анчин Содно­мын гэж алдартай баг байсан. Одоо энэ хонхрын тойром, Дундго­вийн зуу­тын хийдийн тойром энэ тэрээр их дагаж явдаг байсан.  Манай аав шагай­чид дотроо их хүндлэгддэг, өөрөө сай­хан харвадаг хүн байсан.

-Та одоо тэр спортыг сонирх­дог уу?

-Би Дашинчилэнд Хар бухын бал­га­сын тойром гэж байгуулаад, аавын­хаа нэрэмжит болгоод үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 20-30 баг ирж оролцдог ийм сайхан тойром байгуул­сан. Аавынхаа дурсгалыг бодож, энэ тойр­моо сайн сайхан аваад явахыг эр­мэлздэг. Шагай бол эр хүний наа­дам. Бие биенээ таньж мэдэхгүй, газар газ­рын сайхан эрчүүдийг шагай гэдэг нэ­рэн дороо бүгдийг нь цуглуулж нө­хөр­лүүлдэг ийм сайхан спорт.

-Дунд сургуульд хаана сурч байсан бэ?

-Улаанбаатарт. 24 дүгээр дунд сургууль төгссөн. Би таван хүүхэдтэй айлын бага. Нэлээн хөдөлгөөнтэй, зодоонч хүүхэд байсан юм шиг байгаа юм. Дээр нь их шартай. Нэг хүүхдэд зодуулчихвал гэртээ гүйж ирж нүүр амаа угаачихаад буцаж гүйж очоод гэрийнх нь үүдэнд хүлээж байдаг. Одоо хоёулаа ахиад нэг зодолдчихъё гээд л. Ахиад л зодуулчих юм бол гэртээ ирж цусаа угааж, гэр орноо цэвэрлэж янзалчихаад дараа нь сургууль дээрээ оччихсон бол хичээлийг нь тартал гадаа нь хүлээгээд л сууж байдаг. Ийм л их шартай хүүхэд байсан. (инээв) Одоо бодохоор хөгжилтэй санагддаг.

-Ёстой инээдтэй юм. Ах нартаа хэлээд л зодуулчихгүй яагаад өөрөө шийдэх гээд байдаг бай­сан юм бол. Ах нартай хүүхэд их ондоо байдаг шүү дээ?

-Сонин ш дээ. Манай Жагаа ах на­майг хүүхдэд зодуулчихаад ирэ­хээр “Чи тэрэнд өөрөө л зодуулаа биз дээ. Чамайг би зодоогүй биз дээ. Тэгээд юунд нь ингээд уйлаад суу­гаад байгаа юм. Ороод нүүр амаа угаа. Тэгээд ахиад л зодолдохгүй юу” гэдэг байсан. Тэгээд л би ороод цусаа угаачихаад ахиад л нөгөөхтэй зодолдох гээд явдаг байсан.

-Дүүгээ өмөөрөөд поогоодох­гүй юу?

-Поогоодохгүй. Чи өөрөө очиж наад асуудлаа шийд. Өөрөө яв л гэдэг байсан.

-Одоо ч гэсэн таныг ер нь өм­гөөлдөггүй байх аа?


-Үгүй. Жоохон байхад ойчоод өвдгөө шалбалчихаар “Чи өөрөө ойчоо биз дээ. Тэгээд юунд нь уйлаад байгаа юм” гэж хэлээд л дуугүй болгочихдог байсан. Энэ мэт “А” үсгээс эхлээд ахаасаа сурсан юм их бий. (инээв)

-Таны ээжийг УМБГ-ын мөрдөн байцаагч байсан гэж сонссон. Их чанга, зарчимч, ааваас тань илүү хатуу зан төлөвтэй хүн гэж үнэн үү?


-Миний ээж Төв аймгийн Эрдэнэ сумын хүн. Хүүхэд ахуйдаа хөдөө орон нутагт мал маллаж байсан. Удмыг нь хөөвөл тайж угсаатай хүн юм билээ. Анх хотод орж ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад тэндээсээ хуулийн сургуульд орж төгссөн. Тэгээд л насаараа Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газар ажилласан ийм хүн. Хүүхдийн мөр­дөн байцаах тасаг гэж байсан, тэнд л тасралтгүй ажилласан ийм сайхан хөгшин бий. Ер нь бол миний ээж хайр нь дотроо хал нь гаднаа л хүн. Бүх юманд өөрийнхөөрөө л явах ёстой. Өөрийнхөө хүчинд итгэж найдаж яв гэж биднийг багаас сургасан. Өөрөө ч тэгж амьдарсан.

-Ээж ааваас тавуулаа. Та тав хаана, ямар ямар сургууль төгссөн бэ. Бүгдээрээ онц сур­лагатнууд байсан гэсэн?


-Манай хамгийн том эгч бол эдийн засагч хүн байдаг. Монголд МУИС-ийн Эдийн засгийн ангийг төгссөн. Дараагийн ах маань ОХУ-ын Воронеж хотод хуулийн дээд сургууль төгссөн. Олон улсын хуульч мэргэжилтэй. Улсын прокурорт насаараа ажиллаад сая тэтгэвэртээ гарсан. Базарханд гэж хүн бий. Дараагийн ах маань  Жагаа. Энэ хүнийг бол тайл­барлалтгүй байх. Бүх хүн мэдэж бай­гаа. (инээв) Мөн ОХУ-д дээд боловс­рол эзэмшсэн. Сансрын физикч мэргэжилтэй. Манай Жагаа ах чинь мундаг физикч хүн байлаа ш дээ. 10 жилд байхдаа миний физикийн хичээлийг дандаа хийж өгдөг байсан. Өөрөө орос сургуульд сурдаг байсан. Бас миний орос хэлний хичээлийг давтуулна. Дараагийнх нь Цогтсайхан гэж хүн бий. Яг миний дээд талын ах. Москвагийн их сургуулийн олон ул­сын эрх зүйчийн ангийг төгссөн. Одоо “Буян” компанийн захирлаар ажил­лаж байгаа. Тэгээд би. Би Ря­занийн Техникийн дээд сургуулийг тээврийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дараа нь АНУ-д мастер хамгаалсан. Биднийг багад ээж аав маань хичээл сурлагаа л хичээ, эрдэм номд шамд гэсэн ганцхан л шаардлага тавьдаг байсан. Түүнийх нь хүчинд бид бо­ловсролоо олж авцгаасан.

-Яагаад тээврийн эдийн зас­гаар сурсан юм бэ. Ах нар ши­гээ Орос явж сурна, гоё гээд л сонгочихсон уу. Зорилготой сонголт байв уу?

-Намайг конкурс өгөөд хуваариа авах гээд ороход Ленинградын Хүн эмнэлгийн академи байсан. Ээж маань намайг энэ сургуульд яв, миний хүү эмч бол гэж ятгаад. Би болохоор үгүй гээд. Учир нь би тех­никт их сонирхолтой хүүхэд байсан. Энэ мэргэжлийг их ч сонирхсон. Өөрийнхөө хүссэн ангийг аваад л гарч ирсэн. Ээж маань нэлээн зэмлэж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Танайх ахуй амьдралын түв­шин ямархуу айл байсан бэ?


-Жирийн сэхээтэн айл ямар бай­сан яг л тийм айл байсан. Аав маань Монголд анхны хувийн машин унаж бай­сан хүмүүсийн нэг байсан. 67 гэ­дэг машин орж ирэхэд эхний ээлжинд зогсч байгаад л авчихаж байх жи­шээтэй. Дараа нь победа гээд машин га­рахад бас л тэрийг аваад унаж бай­сан. Ер нь манай аав өөрөө техникт их сонирхолтой хүн байсан л даа. Айл гэрийн эзэн хүний хувьд ахуй амьд­ралаа хэнээс ч дутахгүй аваад явчих­даг. Хүүхдүүдээ сурах болол­цоо­гоор нь хангаж өгнө. Ийм л нэгэн эцэг хүн байсан даа.

-Зан чанарын хувьд та ээжтэй­гээ илүү адилхан уу, аавтайгаа юу?


-Аавтайгаа адилхан байх. Манай ээжийн зан чанаруудаас Жагаа ах илүү авсан юм шиг санагддаг.

-Та бол Жагаа ахаасаа тэнгэр газар шиг өөр хүн юм?
-Өөр байна уу.

-Өөр юм аа. Түүнтэй зүйрлэ­хээргүй зөөлөн хүн шиг... Жаргалсайхан гуай бол “ай­маар” хүн юм шиг са­нагддаг. Гэхдээ тийм ч муухай утгаар хэлээгүй шүү?

-Тэр чинь л худлаа даа. (инээв) Би тийм ч дээрэлхүүлээд явах амь­тан биш.

-Тийм үү. Ахаасаа илүү дөл­гөөн хүн гэж бодож байлаа. Ах гэснээс тэр нээрээ үргэлж л ийм байдаг уу?


-Үргэлж.

-Хааяа ч гэсэн уян зөөлөн, ний­тийн жишгээр амьсгалж, хү­мүүстэй энгийн сайхан ахуй амьдрал ярьж хөөрөөд суух­гүй юу?


-Улс төрийн характер нь тэр хүнийг бүхлээр нь тодорхойлохгүй л дээ. Яг амьдрал дээрээ бол надаас илүү зөөлөн хүн шүү дээ. Гэр бүлдээ гаргаж байгаа шийдвэр энэ тэр нь бол үнэхээр мундаг. Цаанаа бол маш цагаан цайлган хүн. Дээр нь энийг нэг аваад идчих юмсан, аваад, идээд, уучих юмсан гэсэн хомхой сэтгэлгүй. Ер нь бол манай ах их зарчимч, дээр нь асар хөдөлмөрч л хүн. Хөдөл­мөрлөх, эрсдэл үүрэх, ачааллаа даах зэрэг чанаруудаар бол ахад хүмүүс чирэгддэг. Заримдаа би ахыгаа үнэхээр цаг нь болоогүй байхад төрчихсөн хүн гэж хардаг. 

-Маш ороо бусгаа намтартай хүн. Ганц худагт ч хоригд­чихож байх шиг. Гарч ирээд ахиад л үзэж байх шиг. УИХ-ын гишүүн, сайд, компанийн захирал… янз бүрийн л Жа­гаа… Үнэхээр хачирхаж ха­на­даггүй юм аа?


-10 жилийн өмнө хэлж байсан үгнүүд нь одоо яг биеллээ олоод явж байна. Хүн төвтэй хөгжлийн бод­­­лого, хүмүүсээ ажил хөдөл­мөр­­­тэй, орлого­той, амьдрал ахуй­гаа ар­чаатай аваад явчих болол­цоо­той нийгмийн тухай л ярьж хэлж, тэмцэж ирсэн. Хүмүүсийг ажил хөдөлмөрт л уриалж ирсэн. Тэр­­нээсээ өчүүхэн ч гажаагүй биз дээ.

-Та ахыгаа шүтдэг ч гэсэн одоо бол өөр замаар явж бай­гаа шүү дээ. Улс төрийн өөр намд орсон. Ахынхаа намыг орхисон. Улс төрийн ийм шийд гаргахад тань тэр яаж хүлээж авсан бэ. Харааж загнасан уу?


-Үгүй. Би анхнаасаа улс төрд нэг их ойртдоггүй байсан. Ахыгаа ардчилсан хувьсгалд оролцоод явж байхад урд нь ороод тэр үеийн хүмүүстэй хамт тэмцээд явж болох л байсан. Ард нь бол зөн­дөө л гүйж явсан. Тэгсэн хэрнээ улс төрд ямар ч санаархал бай­даггүй байсан. Бизнесээ хийгээд явж байлаа. Тэгээд яахав дээ өөрийн эрхгүй л орсон. Нийг­мийн маань амьдрал ахуй дорой­тоод, эдийн засгийн бодлогууд нь нэг л явж өгөхгүй. Бизнест зүтгэж ирсэн олон хүн ийм нөхцөл байдалтай нүүр тулсан байх. Нутагтаа яваад очдог. Нөгөө хэдэн тоглож өссөн найзууд бүгд зах зээлийн тэр хүнд үед хөл алдчихсан. Малаа бар­чихсан. Орон нутагт нь хөдөлмөр байхгүй. Хөдөлмөр байхгүй боло­хоор орлого байхгүй. Ямар ч гал цог байхгүй. Та өөрөө нутаг ор­ноо­роо явдаг байлгүй дээ. Үнэ­хээр сум орон нутгийнхаа хөгж­лийг хараад, найз нөхдийн­хөө амьдрах урам зори­гоо алдаж байгааг хараад хүнд юм бодогд­дог л юм билээ. Нийгмийн сайн сайхны төлөө төрийн бус байгуул­лага ч байгуул­лаа. Тэрүүгээрээ дамжуулж гад­наас хөрөнгө оруулалт татаж, янз бүрээр л юм хийх гэж оролдлоо. Гэвч энэ ажил улс төргүйгээр явах­гүй юм байна. Улс төрд оролцож байж, улс төрийнх нь энэ тэмцэлд өөрө­ө орж байж улс орны хөгж­лийн төлөөх бодлого шийдвэрүү­дэд оролцож байж явах юм байна. Зүгээр л ганцаараа хүмүүст тус­лаад яваад байдаг. Ямар ч ахиц байхгүй. Өөрийнхөө бодож санаж яваа юмаа хийж хэрэгжүүлэхийн тулд улс төрийн аль нэг хүчинд орж, хамтран ажиллаж байж, улс төрийн дэмжлэг туслалцааг авч байж явах юм байна гэдгийг ойлго­сон. Дээр үед бол ахыгаа дэмжээд ажиллаж л байлаа. Иргэн бүр л ажилтай орлоготой, тэрний­гээ дагаж амьдрал ахуй нь гэрэл­тэй гэгээтэй байж, нийгэм маань мөн энийгээ дагаж өөрөө өндийж хөл дээрээ босно гэсэн энэ логик нь өөрөө надад таалагддаг ч байсан. Тодорхой зүтгэлээ ч зориулж явсан. Гэвч амьдрал дээр бүх юм өөр хэвээрээ л байгаад бай­даг. Монголын улс төрд боди­той хоёр том нам л энэ улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байна. Үндэсний хэмжээний хоёр том хүчиндээ л иргэд нь итгэж дэмждэг. Угаасаа л ардчиллын төлөөх хүчнүүд бүгд нэг л зүгт явж ирсэн. Сонголтын хувьд эргэлзэж тээнэ­гэл­зэх юм байгаагүй. Ардчилсан намыг сонгож элссэн. УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцож Булган аймгаа би олон удаа тойрсон. Хамгийн сайхан аймаг ат­лаа ерөөсөө хөгждөггүй. Яагаад манай аймаг хөгждөггүйн шалтгаа­ныг өөрийн биеэр су­далж, хөлөө­рөө явж, ард түмнийх нь дунд ажил­лаж амьдарч байж бие сэтгэ­лээрээ мэдэрсэн. Тэгээд аймаг орныхоо төлөө ажиллая, юм хийе гэж хатуу шийдсэн. Би улс төрийн шийдвэрээ гаргалаа гэж ахдаа хэлсэн. Чиний өөрийн л сонголт. Чи өөрөө л мэд гэсэн. Өөр юу ч хэлээгүй.

-Та ахтайгаа зарим жилд нэг ч дуугарахгүйгээр өнгөрөө­дөг гэсэн үнэн үү. Эсвэл домог уу?


-(инээв) Домог байлгүй дээ.

-2004 оны сонгуульд орж байх үед бол та Булганы урд той­рогт нэлээн өндөр рей­тинг­­тэй байсан. Гэвч сонгуу­лийн явцад нэрээ татчихсан. Юу болсон бэ. Ц.Цэнгэл ги­шүүн гуйгаад байсан юм уу?

-Тэр үед манай орон нутагт нэр дэвшсэн хүмүүсээс төрийн өндөр албан тушаал хашсан нь, улс төрд илүү амжилт гаргасан нь, бас Монголын олон нийтэд илүү танигдсан нь яах ч аргагүй манай Ц.Цэнгэл гишүүн байсан. Тэр хүн­тэй харьцуулж үзээд би өөрийгөө тухайн үед чамласан. Би болоогүй юм байна. Би энэ орон нутагтаа дунд нь орж ажиллаж, юм хийж, илүү танигдах ёстой юм байна гэж бодсон. Хамгийн гол нь Мянганы замын хөтөлбөр байсан. Талий­гаач Л.Энэбиш дарга энэ замын хэвтээ тэнхлэгийг Булганы нутгаар дайран өнгөрөх маршрутыг бат­луул­сан байсан. Энэ ажлыг хөрсөн дээр буулгах хүн нь манайхан дотор бол яах аргагүй Ц.Цэнгэл гишүүн маань байсан. Тэгээд ч тэрийгээ хийсэн. Замаа тавьсан. Би гарчихсан байсан бол тэр замыг явуулж чадах уу. Ийм л бодлого байсан.

-Тэгвэл 2008 онд?


-2008 онд бол үзсээн. Эцсээ хүртэл үзсэн.

-Гэхдээ жаахан гомдмоор байсан уу. Таны өмнөөс бол гомдмоор л харагдаж бай­сан? 

-Үгүй яахав, ард түмэн надад дүн тавилаа л гэж би ойлгосон. Нутгийн маань ард түмэн чи арай болоогүй. Ахиад жаахан ажил­лаа­дах гэсэн үг хэлж байна л гэж хүлээж авсан. Харин ч надад Булган нутгийн төлөө ажиллах эрч хүч, урам зориг өгсөн. 2008 оны сонгуулийн дараа би шийдвэрээ гаргаж, бүр Булган аймагтаа нүүж очсон. Одоо аймагтаа ажиллаж амьдарч байна.

-Хөдөөнөөс хүмүүс хот руу тэмүүлж байдаг бол дөчин мянгатад төрж өссөн та эсрэ­гээр нь хийж байна. Таны амьдрал бол хөдөө байдаг. Хүмүүс заримдаа үнэхээр гомд­моор шүү дээ. Туслал­цаа дэмж­лэгийг бол өртэй юм шиг аваад л байдаг. Тэр үедээ найз шиг л мөрөн дээр алгадаад туугаад байна. Эргэж хараад жаахан худар­гагүй аашилчих нь энүүхэнд. Энэ шинж нь л таагүй хараг­даад байдаг юм?

-Хүнд нэг эрхэм зүйл байдаг шүү дээ. Үргэлж л нандигнаж, хайр­лаж, дээдэлж явдаг. Гомдох, туних эрх олгодоггүй. Мөнхөд л сэтгэл зүрхэнд хайрлагдаж явах заяатай. Тэр нь ээж, нутаг ус хоёр. Хүнийг хичнээн алдаж оноод, гуньж гутраад очсон ч тосоод л авч байдаг. Хичнээн мундаг амжилт бай­гуулаад хөөрөөд очиход маг­най нь тэнийгээд л бас угтаж байдаг. Ийм зүйл хүний амьдралд ээж нутаг хоёроос өөр байдаг гэж үү. Нутаг гэдэг бол хэзээ ч хүнийг цаашаа түлхдэггүй. Улам л татаад байдаг. Үнэхээр сонин шүү. Ямар ч байсан гомдож болдоггүй л ойлголт. Ард түмнийх нь хувьд аваад үзэхэд манай Булганыхан бол үнэхээр өвөрмөц шүү дээ. Сайн, муу бүх анхдагчид манай­хаас л төрсөн байдаг. Зан чанарын хувьд их тийм буцалж бургилсан хүмүүс. Газар нутгийн хувьд бол Монгол Улсын хоймор нь байна. Манай аймаг гоё ш дээ.

-Хамгийн сүүлийн орон нут­гийн сонгууль, ерөнхий­лөг­чийн сонгуулийн үеэр бол та хамаг бүхнээ л зо­риулж бай­гаа харагдсан. Ардчил­сан намын нэг гол дутагдал доод шатан­даа ямар ч хө­рөнгө мөнгөний туслалцаа­гүй хая­чих­даг. Хү­мүүс ­нь явган нүц­гэн л тав­хайгаа гялал­зуу­лаад гүй­гээд бай­даг. УИХ-ын сон­гуульд ч гэ­сэн төвөөс хоёр нөхөр гар­гаад л явуул­даг. Хүмүүсийг тар­тагт нь тултал ажил­луулж байгаад л хаяад явц­гаа­ч­ихдаг. Тэгсэн мөртөө аймгийн намаас сав­раа татаж өгдөггүй. Ялдаг­гүй мөрт­лөө л хараа бараандаа байлгах гээд зууралдаад байдаг. Яа­гаад өдий олон жилийн турш Булган аймагт цэнхэр туг хатгаж чаддаггүй юм бэ?


-Үнэхээр манай Ардчилсан намын гол алдаа энд байдаг. Намын анхан шат руу чиглэсэн бодлого алдагдчихсан. Сонгууль болж өнгөрөөд л маргаашнаас нь анхан шатны байгууллага мар­тагд­чихдаг. Гэхдээ энэ байдалд өөрчлөлт хийгдэх байх. Намын гишүүний хувьд намдаа ялалт авчрахын тулд шат шатны сон­гуульд чадахаараа, ёстой нөгөө эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг. Өөр арга ч байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд бол бид ялалтын төлөө үнэхээр нойр хоолгүй зүтгэсэн. Ардчилсан ерөнхийлөгчийг гаргаж ирэхийн төлөө ард нийт бүгдээрээ л мэрийсэн. Үнэхээр хүссэн. Улс­төр­чийнх нь хувьд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг би маш их хүндэл­дэг. Сонгуульд ажиллах нь миний үүрэг. Гишүүний хувьд хүлээсэн үүргээ л биелүүлсэн.

-Тийм л дээ. Гэхдээ аймгийн Ардчилсан нам таныг жаа­хан гаднаас орж ирсэн хүн гэж хараад байдаг шиг са­нагд­даг. Улс төрийн хатуу шийдвэр гаргаад, эрсдлээ хүлээгээд, сонголтоо хий­гээд ажиллаж байхад ингэж гадуурхаад байх муухай санагддаггүй юу?

-Таатай санагдахгүй үе зөн­дөө. Гэхдээ энэ чинь амьдрал шүү дээ.

-Булганы Ардчилсан намын дарга нарыг огт танихгүй юм. Ерэн оны хувьсгалын үед аймгийн төв талбай дээр Ганболд гэж анхны дарга нь ганцаараа өлсгөлөн зарлаж байсныг санаж байна. Бас Амарын Ганболд, зохиолч Ц.Чинбат гээд цөөн хүн анхны идеалуудад орох байх. Аймгийн удирдла­гуу­дад өөрчлөлт хийх цаг болсон юм биш үү?

-Хоёулаа ийм сайхан юм ярьж байж тийм жижиг юм хөндөж хэрэггүй юм биш үү. Манай айм­гийн хүн зон бол үнэхээр гайхал­тай сайхан хүмүүс байдаг. Тэдний нэгдэл нягтралыг төвлөрүүлэх, тэгээд нийлээд аймаг орныхоо төлөө юм хийх цаг харин ирчихээд байна. Хөгжилгүй, цэцэглэлтгүй зогсонги байдлаас нь гаргах хэрэгтэй. Энэ л чухал.

-Хамаг хүчээ зориулж яваа байж эцэст нь та яагаад ҮЗХ-ны  гишүүн ч биш байгаа юм бэ?

-Энийг манай аймгийн намын удирдлагуудаас л асуу даа.

-Гишүүний татвараа ч төлж чадахгүй, өөрөө баахан нөх­дийн өмнөөс мөнгийг нь төлж байна ч гэх шиг сонин сонин мэ­дээлэл ирж байдаг. Эх­лээд зарчим, шударга ёс хоёрыг тог­тоох хэрэгтэй шүү дээ. Тэгээд дээр нь сэтгэл­гээ­ний хоцрогд­лыг нь арил­гах хэрэг­тэй. Төв нам дээр жаахан татаастай, тэгсэн хэрнээ орон нутгийн намаа бал­лаад л байдаг этгээ­дүүдийг удирдлагаас зай­луу­­лах хэрэгтэй биш гэж үү?

-Энэ миний хариулах асуулт биш байна. Яасан ч ширүүн өнгө аястай юм хөндөж байна вэ дээ. Юм өөрчлөгдөнө шүү дээ. Дандаа л бахь байдгаараа байгаад байна гэж байхгүй. Улс төрд тэвчиж сура­хаас эхлээд олон ёс зүй байдаг.

-Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагд­­сан нөхөр аймгийн орлогч дарга болсон гэсэн үү. Үүнээс болоод танай айм­гийн нам дөрвөн гишүү­нээ намаас хөөх шиг болсон. Энэ ер нь юу болсон бэ?

-Орон нутгийн сонгуулиар Булган аймгийн Ардчилсан нам иргэдийн хуралд анх удаагаа 13 суудал авсан. МАХН 16 суудал авсан. Ард түмний бараг 47 ху­вийн саналыг авсан Ардчилсан нам өөрийнхөө мөрийн хөтөл­бөрт тус­гасан бодлогоо орон нут­гийн хөгж­лийн нэгдсэн бодлогод оруулахын тулд яах ёстой юм. Дээрээ бид хам­тарсан Засгийн газрыг байгуулаад ажиллаж бай­даг. Тэгэхээр манай намын төлөө­лөл орон нутгийн удирдах шатанд гарч ирж ажиллах ёстой юу, ёстой. Гэвч энэ бодлого гацаанд орж хоёр жил шахам хугацааг үрсэн. Намын дарга маань зөвхөн өөрөө л орлогч дарга болно гэж зүтгэсэн. Цаад Засаг дарга нь хүлээж авахгүй эсэр­гүүцсэн. Танайх өөр хүн оруулж ир ээ, энэ хүнтэй ажил­­лах боломжгүй ээ гээд суу­чихдаг. Тэгээд хөлд нь хэн хохир­сон. Ардчилсан нам хо­хир­сон. Энэ байдлаас гарах ёстой юу, гарах ёстой байсан. Асуу­дал энэ зарч­маар л явсан. Тийм учраас бид Д.Мөнх­сайханыг урьж авчирч дэв­шүүлсэн. Манай аймгийн намын дарга байсан хүн шүү дээ. Түүх нь мөн л энэ намтай салшгүй явсан. Аймгийн намын байгуул­лагыг бос­гох гэж өчнөөн зүтгэсэн ийм залуу юм билээ. Гэтэл асууд­лыг гацаа­наас гаргаж, намынхаа төлөө ажил­ласан гишүүдээ на­маас хөөчихсөн. А.Ганболд, Ц.Жар­гал­сайхан, Д.Мөнх­­­сайхан гээд намаас хөөгд­сөн. Уучлаарай, энэ гурван хүн гур­вуулаа Булган аймгийн Ардчилсан намын үе үеийн дарга нар байхгүй юу. Гур­вуу­лаа шүү дээ. Үе үеийн намын дарга нараа нэг өдөр л намаас нь хөөчихдөг. Ийм байж таарах уу. Гэхдээ энэ бүгдийг яриад хэлээд байх хэцүү байдаг. Булган айм­гийн намын хорооны нийт гишүүд бол үнэхээр сайхан хүмүүс. Бүг­дээрээ чин сэтгэлтэй, идеалдаа үнэнч. Ганц хоёрхон хү­ний гаргаж буй авирыг нийт гишүү­дэд нял­зааж болохгүй. Гэхдээ юм өөрчлөгдөх байлгүй дээ.

-Та аймгийн иргэдийн хур­лын төлөөлөгч бил үү?

-Би аймгийн ИТХ дахь Ардчил­сан намын бүлгийн дарга. Айм­гийн МоАХ-ны дарга. Үүргээ бие­лүүлэ­хийн төлөө л зүтгэдэг. Ма­най айм­гийн Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид маань ойлгож дэмждэг. Энэ нэг гаднаас ирсэн нө­хөр, энэ нөгөө “Буян”-гийн Жаргал­сайханы дүү, энэ нөгөө БНН-аас орж ирсэн нөхөр, ингээд одоо Булган айм­гийн намыг хага­лаад, бутаргаад сүйд болгочихлоо гэх мэтээр гүтгэж гүжирдэж, үргэлж ийм яриа түгээж явдаг ганц хоёр­хон л хүн байдаг. Тэгээд л Ард­чилсан нам руу БНН-ын гишүүдийг оруулж ирж байна. МоАХ-ыг тэр нөхдүү­дээрээ дүүргэ­чихлээ гээд л сум болгонд очиж ярь­даг. Би Жар­галсайхан гэдэг хүний дүү болж төрснөөрөө ингэж ад­лагдаж явах ёсгүй л гэж боддог. Тэр хүн миний ах. Тэр хүн өөр үзэл бо­долтой, тэрнийхээ төлөө л яв­даг. Би ч мөн адил. Миний үзэл бо­дол, миний улс төрийн сонголт тусдаа. Өөр өөрийн замаар л явж байгаа.

-Хөгжилтэй юм аа. Хүссэн ч, эс хүссэн ч хоёр том нам тойр­сон нэгдлүүд явагдаж байна. Нэг­дэх, төвлөрөх про­цесс өөрөө хамгийн эрүүл үзэг­дэл зүйл шүү дээ. Хө­дөө­гүүр дүүрэн тархай бу­тар­­хай жижиг жижиг намууд, хоорондоо хэрэлдээд л…?

-Юм өөрчлөгдөх байх аа. Хэрүүл биш хөгжил ярьдаг болох байх. Орон нутгийн нам гээд л ямар ч дүрэмгүй тоглож байдгаа больж, нэгдсэн дүрмээрээ ажил хэрэг нь явдаг болох байх. Ийм сай­хан нутаг оронд аж төрж бай­гаа хүн зон сайхан амьдрал­тай, ажил хөдөлмөр буцалсан, ор­логотой, ажлын байртай, хөгжил дэвшилтэй ирээдүйнхээ төлөө зүтгэж л таарна шүү дээ. Тэрний төлөө л зүтгэнэ дээ.