Улс төрчид тоглоомын дүрмээ тодорхойллоо. Сонгуулийн хуулийг санаачилснаас эхлээд хэлэлцэн батласан үйл явц агшин, хором болгондоо шүүмжлэл дагуулсан. Нэг л их засаг, төрөө удирдах ард түмний эрх мэдэл гэх боловч Сонгуулийн хуулийн гол хэрэглэгчид нь улс төрчид өөрсдөө юм байна гэдэг нь энэ хуулийг хэлэлцэн баталсан, ялангуяа УИХ дахь намын бүлгүүд зөвшилцсөн үйл явцаас тов тодорхой харагдлаа. Яаж сонгуулийн тогтолцоог улс орны онцлогт уялдуулж, хүртээмжтэй, шударга явуулах вэ гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүдэд ямар хувилбар нь надад, өөрт илүү ашигтай вэ гэсэн бодол санаа байсныг үгүйсгэх боломжгүй. Хэдий тийм ч энэ хууль урьд өмнө гарч байснуудаасаа өвөрмөц онцлогтойг дурдах ёстой. Анх удаа холимог тогтолцоог хуульчиллаа.

Эхэнд түүх хүүрнэх нь

Манай улс 1990 онд пропорциональ, 1996-2004 онд нэгж мандаттай жижиг тойргууд бүхий мажоритари, 1992, 2008 онуудад 3-4 мандаттай том тойргууд бүхий мажоритари зарчмаар парламентаа бүрдүүлж байсан. Улс төрийн намууд олон болсон үзэгдэл өөрөө цоо шинэ юм байсан болохоор анхны ардчилсан сонгуулиа пропорциональ зарчмын үндсэн хэлбэрээр явуулсан хэрэг. Үндсэн хэлбэр гэдэг нь намуудад авсан саналд нь харгалзах суудлыг хуваарилдаг энгийн арга л даа. Үүнээс бусад арга хэлбэрүүдийг туршиж үзээгүй. Харин дийлэнх олонхийн буюу мажоритари тогтолцооны сайн мууг бид хангалттай амссан. УИХ-ын 2000 оны сонгуульд л гэхэд нийт сонгогчдын 49 хувийн санал авсан АН цорын ганц суудалтай байлаа. 1992 оны сонгууль байна. Үндсэндээ сонгогчдын 60 орчим хувийн саналаар МАХН 70 суудал авч байсан. Ийм хүчтэй савлагаатай мажоритари систем Монголын улс төрийн намуудын төлөвшилд тээг болоод зогсоогүй улс орны хөгжилд ч сөргөөр нөлөөлсөн гэж судлаачид дүгнэдэг. Тэр ч байтугай, одоогийн парламентыг бүрдүүлсэн сонгуулийн үр дүн сөргөлдөөнд хүргэж, үймээн самуун тарин, хүний аминд хүрсэн гашуун сургамж бий.

Сургамжаас тулгамдсан нь

Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөн сайжруулах наад захын шаардлага нь “7 сарын 1” юм. Үймээн самуун мэдээж, тогтолцооноосоо шалтгаалаагүй. Сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн улс төрийнхний өөрсдийнх нь явуургүй булхай луйвар, арга саам, заль мэх хэтийдэж, шударга сонгууль явуулах эр зориг, сэтгэлийн хатгүй болоод эрх мэдлийн төлөө улайран зүтгэж, увайгүй загнах болсноос эмх замбараагүй байдал бий болж, цаашлаад нийгмийн ардчилал хямрахад хүрсэн юм. Гашуун шүү, цөөнгүй хүний амь нас, амьдрал ахуй, ажил төрлөөр “туг тахисан” даа. Энэ бодитой, сургамжтай, хор хохирол нь өнөөдөр ч гүйцэт илааршаагүй эмгэнэлт явдал УИХ-ын гишүүдэд 2008 оныхоос өөр хууль батлан гаргах ёс зүйн үүрэг тулгасан юм. Тийм л учраас тэд хугацаанд нь ам мөлтөс амжуулан баталлаа.

Анх төсөл ямар байгаад, хэрхэн хувирч өөрчлөгдсөн бэ гэдгийг яривал уул нь хачин драмтай нийтлэл болно л доо. Харамсалтай нь тэр бүхнийг дурдахад цаг, цаас их гарздана. Ямартай ч Д.Лүндээжанцан гишүүний анх өргөн барьсан төсөл цэвэр пропорциональ хувилбарыг, харин Л.Болд гишүүнийх 26 суудлыг мажоритариар, 50 суудлыг пропорционалиар сонгох зарчмыг тус тус санал болгосон байсныг дурдаад орхиё. Батлагдсан хуульд холимог дахь мажоритари, пропорционалийн харьцаа 48:28 болоод байгаагаас хэлэлцүүлэг ямар их зөрчилдөөн, зөвшилдөөнтэй явагдсаныг анзаарч болно.

Сонгогчид санал авах байранд хоёр хоёр саналын хуудсаар санал өгнө. Нэгээр нь тухайн тойрогт нэр дэвшсэн хүнд, нөгөөгөөр нь 76 горилогчоо сонгуульд сойсон нам, эвсэлд. Эхний хуудас нь зөвхөн тойргийн сонгуулийнх бол нөгөө нь үндэсний хэмжээний санал хураалтынх. Дэмжсэн хүн маань сонгогчдын 28 хувийн санал авалгүй ялагдлаа ч улсын, цаашлаад даян дэлхийн хэмжээний том тойрогт өгсөн санал маань депутатуудын суудлыг бүрдүүлэхэд гарцаагүй оролцоно. Нэг ч санал хаягдахгүй. Харж байгаа биз, бүр 49, 50 хувиараа санал хаягддаг байснаас хамаагүй дээр. Гэхдээ энд бас асуудал бий.

Эрх мэдэл шилжих нь

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт бий. Энэ заалт үндсэндээ сонгуулийн мажоритари тогтолцоог хуульчилсан заалт. Намыг бус, хүнийг буюу гишүүнийг шууд сонгох тухай энэ заалтаар УИХ-ын Сонгуулийн хууль Үндсэн хуулийн Цэцэд “дуудагдах” магадлал байгаа. Хэрвээ ийм юм болбол 2012 оны сонгууль хуучин хуулиараа хийгдэхээс аргагүйд хүрнэ.

Дийлэнх олонхийн буюу мажоритари 26 той­ргийн 48 мандат дээр өрсөлдсөн нэр дэвшигчдийн ялагдал хүлээсэн ч сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан заримыг намын нэрээр оногдох 28 суудал руу гулсуулж болохоор заасан. Хэдийгээр сонгуульд оролцож байгаа нам, эвсэл бүр 76 нэр дэвшигч дэвшүүлж байгаа ч энэ зохицуулалтаас болоод тэдний зарим нь огт сонгуульд оролцолгүй үлдэж, зарим нь нэг сонгуульд хоёронтаа оролцох тэгш бус нөхцөл үүссэн. Хэнийг сонгуулийн гадуур чулуудаж, хэнийг гулсуурын дундуур шургуулахаа нам шийднэ. Холимог доторх пропорционалийн эзлэх суудлын тоо цөөн, нөлөөлөл бага ч гэлээ энэ хэмжээгээр сонгогчдоос засгийн эрх барих мэдэл нь улс төрийн намд булаагдана гэсэн үг. Цаашлаад энэ нь намуудын дотоод бүтцийг суудал хуваарилах эрх мэдэлд тулгуурласан лидерүүдийн төвлөрөлд хүргэх агаад зонхилогчдын тогтолцоотой, цөөн тооны хэсэг бүлгийн улс төрийг өөгшүүлж мэдэх юм.

Босго, тотгыг бодлогошрох нь

28 суудлын төлөө пропорционалиар өрсөлдөхдөө нам, эвслүүд сонгогчдын 5-аас доошгүй хувийн санал авах босго тавьсан. Манай улс МАН, АН гэсэн хоёр гол улс төрийн хүчинтэй, Дээд шүүхэд албан ёсоор 20 нам бүртгэлтэй ч ихэнх нь парламентын гадна байдаг. Иргэний зориг, Ногоон нам, Бүгд найрамдах нам, “Эх орон” нам зэрэг цөөн хэдэн хүчин парламентад орж ирж байсан ч суудлынх нь тоо 1-2-оос хэтэрч байгаагүй. Тэгэхээр зонхилогч хоёр намаас бусад нь маш үр дүнтэй сонгуулийн тактик хэрэглэхгүй л бол, хүчээ нэгтгэж эвсэхгүй л бол энэ босгыг давж гарах чадвар суугаагүй.

Хоёрхон гоцлоочтой Монголын улс төрийн дүр зургийг 1992 оноос өнөөг хүртэл хэрэглэсэн сонгуулийн мажоритари систем бий болгосон юм. Энэ систем олон намын гэхээсээ хоёр туйлт тогтолцоог бий болгодог нь дэлхий дахины туршлагаар нотлогдсон. Харин пропорциональ нь олон намыг дэмжих боловч тэднээс асар гүнзгий төлөвшил шаарддагаас гадна дээрх босго өндөрсөх тусмаа жижиг намуудыг “жагсаалаас гаргадаг” сул талтай. Өнөөдөр хуульчлагдаад байгаа энэ босго дэлхийн жишгээр бол хамгийн өндөрт тооцогдоно.

Хариуцлагаар хууль чамбайрах нь

Монголыг ардчилсан болгож харагдуулдаг ганцхан юм бол уг нь сонгууль. Гэвч дөрвөн жилд ганц удаа явуулдаг энэ ажлаа бид булхай, луйвар, гүтгэлэг, доромжлол, үймээн самуун, жирийн иргэдийн хувьд бараг л залхаан цээрлүүлэлт болгож хувиргаад байхаар яаж “ардчилсан” харагдах билээ. Тэгээд ч бүх бурууг тогтолцоо руу чихээд суух нь учир дутагдалтай. 2008 онд сонгууль явуулсан хуулийг муу байсан, тийм учраас “7 сарын 1” болсон гэж би хувьдаа хэлэхгүй. Хуулийн нүх сүвээр шургалсан, улайм цайм будилж, зөрчиж дайрсан улс төрчдийн ёс зүйгүй байдал, сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх, зохион байгуулах ур чадвар дутсан, цаашлаад төрийн механизмын дотоод дахь зэврэл, ялзралаас буруутныг эрсэнд нь УИХ-ын гишүүдэд талархал дэвшүүлмээр байна.

Цөөнгүй сонгуулийн туршлага хуримтлуулсан парламентчид кампанит ажил, санал авах, тоолж тооцоолох гээд бүхий л үед гарч болох хууль бус зүйлсийг өөрсдөө туулж, туучсаны хувьд урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “хорио цээр”-ийг хангалттай оруулжээ. Тухайлбал, мөнгө, эд хөрөнгө өгөх, эд хөрөнгөтэй хол­богд­­сон эрх олгох, газрын тос, эрдэс баялгийн бо­лон бусад салбарын орлогоос хишиг, хувь, тэд­­­гээр­тэй адилтгах зүйл хүртээх талаар амлах, зээлийн болон бусад өр төлбөрийг хү­чин­гүйд тооцох, хөрвүүлэх, үнэ төлбөргүй, хямд­рал­тай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зууч­лах, ажилд оруулах болон ажилд оруулахаар ам гарах гээд хориглосон зүйл хуульд их бий. Гагцхүү тэр бүгдийг нэгд нэггүй хянаж, хуулийг сахиулж ажиллах нь юу юунаас илүү чухал. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглож, төрийн, төрийн бус, үйлдвэрчний эвлэлийн, шашны болон өр төлбөртэй ба байгуулагдаад нэг жил болоогүй байгууллага, гадаадын хийгээд харьяалалгүй хүн, хүүхдээс татвар авахгүй байхыг чандалж өгсөн.

Туршлагыг унших нь

Хуульд зохион байгуулалтын нарийн ширийн зохицуулалтуудыг тусгасан олон заалт байгаагийн дотор санал авах өдрөөс наашхи 20 хоногийн дотор нэр дэвшигчээ татан гаргах, нэрээ татахыг хориглосон явдал сонирхол татаж буй. Зориуд оруулсан энэ зохицуулалт урьд өмнө өрсөлдөгчдийн хооронд тойргоо наймаалцах явдал байсныг илчлээд өгсөн. Гадаад улсын иргэн, хуулийн этгээдээс сонгуулийн сурталчилгаа, идэвхжүүлэлт, арга тактиктай холбоотой зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглосон нь бас л нэгийг хэлнэ. Холимог тогтолцооны алинаар өрсөлдөхөө нэгэнт тогтоод, шийдвэр гаргуулсан нэр дэвшигч өөрчлөх боломжгүй болгосон, улс төрийнхөөс бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчтэй, эсвэл ийм өмчийн оролцоотой байгууллагын удирдах албан тушаалтан сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн бол нэгдүгээр сарын 1-нээр ажил, албанаасаа чөлөөлөгдсөн байх, нам, эвслээс нэр дэвшигчид тус тусдаа бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглох зэрэг зарчмын шинжтэй зүйл, заалтууд хуульд олон оржээ.

Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар тогтоосон нь хүн ёсны дэвшил болж байгааг тэмдэглэхээс аргагүй. Анх удаа саналыг автомат төрөөхөмжөөр тоолохоор боллоо. Дэлхий дахинаа шалгарсан ES&S, Dominion voting, Miru data system гэх мэт сонгуулийн санал тоолох олон систем байдгийн чухам алиныг авч хэрэглэхээ хараахан тогтоогүй байгаа ч “дэвшил гаргахаар” шийдвэрлэсэн улс төрийн шийдэл нь өөрөө дэвшил болж буй. Эрхийгээ гозойлгож, “Эй” тавихаар юм олон байгаа ч энэ хуулийг төгс төгөлдөр болсон гэж хэлбэл амьтны доог болно.

Давуу байдлыг цоолборлох нь

Хууль тогтоогчид өөрсдөө улс төрийн карьертаа санаа тавьсныг хэд хэдэн газраас харж болж байна. Жишээ татъя. Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг СЕХ-ноос тогтоосон тоо, хэмжээг баримтлан гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн ИТХТ тогтоож өгөхөөр хуульд заажээ. Тэгээд олон нийтийнхээс бусад радио, телевизээр цацах төлбөртэй сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаа хоногт хоёр цагаас хэтрэхгүй, нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 20 хэвлэлийн хуу­дас сонин, хэвлэл, 10 хэвлэлийн хуу­дас ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, сурталчилгааны бусад материалыг 10 хэвлэлийн хуудсанд, харин бие даагч эдгээрээ тус бүр 10 дахин бага хэвлэлийн хуу­дсанд багтаах хэмжээ тогтоож өгчээ. Сурталчилгааны хэм хэмжээтэй холбоотой энэ зүйл дотроо бараг 20 шахуу заалттай. Хамгийн марзан нь, яг ард талд нь, УИХ-ын гишүүн, бүх шатны ИТХ-ын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь хориг хязгаар тогтоосон өмнөх зүйлд үл хамаарахаар тусгасан байгаа юм. Өмнөх дөрвөн жилд улс төрчийн явуулсан ажлууд, түүнийгээ тайлагнахаас илүү сурталчилгаа гэж байх уу?

Мөн хуулиар сонгуулийн сурталчилгаандаа нэр дэвшигч шашны зан үйл ашиглахыг хориглоод, 37.20-оор, шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих, шашны эд өглөгийн зүйл тараахыг шашны зан үйл ашигласан гэж үзнэ гэнгүүтээ, 37.21-д, иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах нь 37.20-д хамаагүй гэсэн байх юм.

Хуулийн 37.15.2-оор “Биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах”-ыг хориглосон байна. Харин 37.16-д нь “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа энэ хуулийн 37.15.2-т хамаарахгүй” гэснийг үзээд мэл гайхав. Хэзээ байтлаа биеийн тамирын уралдаан, урлагийн тоглолт, дайллага, цайллагыг улсын төсвөөр хийгээд байлаа. Төсөвт тусгуулсан гурав гурван тэрбум төгрөгөө эхний хагас жилд багтааж зарцуулах гарц гарам бодож олсон нь нэг иймэрхүү болхи болчихсон бололтой юм.

Эцэст эргэлзээ илэрхийлэх нь

Сэтгүүлч нөхөр минь үзэл бодлоо илэрхийлэв. “Ээ, наад хуулиар чинь явбал Монголын парламентад шинэ сэргэг, залуу улс төрчдийн дуу хоолой мөд орохгүй. Цэц дээр уначихаасай, тэгвэл ялимгүй ч болов салхи энэ бүгчимдэж үхширсэн улс төр рүү үлээж магад” гэж. Хуучин хууль бидний зүрхэнд шар ус хуруулж орхисон болохоор эргэж буцъя гэж тийм ч олон хүн хүсэхгүй л байх. Гэвч бүрэн эрхийнхээ бүх хугацааны турш хэрэлдэж, хэлэлцэж батласан хуулийнхаа шүүрэн шанаганых шиг нүх сүв болгон дээр одоогийн улс төрчид нэг нэгээрээ сандайлчихаад, төрийн ажил, төсвийн мөнгөөр сонгогчдоо авилгадан, өөрсдөдөө албаар давуу байдал бий болгож, сонины хуудас, зурагтын дэлгэц дүүргээд суугаад байхаар хэн тэдэнтэй өрсөлдөж чадах юм бэ?

2011.12.21