Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе. Хашэкийн “Эрэлхэг цэрэг Швейк дэлхийн дайнд хөгөлсөн паян” романд бичихдээ их хотод хулгайч нар хүртэл нарийн мэргэшсэн байдаг ба Швейк бол зөвхөн айлын нохойн хулгайч юм гэж тодорхойлсон байдаг. Дээр үед миний нэг танил цагдаа ярихдаа Улаанбаатарт зөвхөн айлын тагтнаас үнэг чононы өлгөсөн арьс хулгайлахад мэргэшсэн гарууд байдаг гэж билээ.

    Нүүдэлчний нийгэм бол хөдөлмөрийн хуваарьт хамгийн бага орсон орчин юм. Айл болгон айраг тараг, мах сүү, ноос ноолуур үйлдвэрлэдэг жижиг аж ахуй. Эргэн тойрны бүх хөршүүд нь яг ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул нүүдэлчдийн дунд харилцан солилцоо бараг үл явагдана. Иймээс бүтээгдэхүүн солилцоо зөвхөн иргэншсэн өөр улс үндэстнүүдтэй хийгдэнэ. XVI зууны үеэс Монголд төвдийн шашин нэвтэрснээр эхний хөдөлмөрийн хуваарь буй болж эхэлсэн бололтой байдаг. Лам багш, лам эмч, лам эрдэмтэн, лам мэргэч төлөгчөөс гадна сүм хийд барьдаг, бага сага худалдаа явуулдаг, гоёл чимэглэлийн дарх үйлддэг хүмүүс, тэрбайтугай сүм хийдийг даган биеэ үнэлдэг хүүхнүүдийн мэргэшил ч буй болж. Гэлээ ч хүн амын ер гаруй хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр байсан болохоо ХХ зууны дунд хүртэл нийгэм хөдөлмөрийн нарийн хуваарьт орж чадаагүй л явсан юм.

    Гучаад оны анхдугаар соёлын хувьсгалын үеэр хөдөө талд соёлын үрийг суулгахаар бэлдсэн анхны түгээмэл мэргэжил нь багш байхаа. Их хядлагын дараа хамаг сэхээтнээ алдсан монголчууд дэлхийн II дайны дараагаас шинэ үеийн шинэ мэргэжилтнүүдийг бэлдэж эхлэв. 1960 онд Улаанбаатар 100 мянган иргэнтэй болж урбан хотын хэмжээнд хүрснээр малын бус орлогоор амьдардаг үй олон иргэд шинээр буй болов. Нүүдэлчдийн үр хүүхэд хэдэн мянгаараа хот орж цоо шинэ мэргэжил эзэмшиж эхэллээ. Ялангуяа хамтрал нэгдэл буй болон малчдын хөрөнгийг хурааснаас болж үй олон хүн хөдөөнөөс зугтан хот руу ирж шинэ мэргэжил, шинэ амьдралаа эхлүүлсэн билээ.

    Их дээд сургуулиуд, улмаар техникум, ТМС байгуулагдан тэнд сурч боловсрон шинээр орчин үеийн мэргэшилд гаршсан олон мянган мэргэжилтнүүд Монгол орны нүүр царайг үндсээр нь өөрчилж эхлэв. 1950-1990 онд ЗХУ болон бусад социалист орнуудад 50 мянга орчим мэргэжилтэн бэлтгэгдсэнээс 16 мянга нь дээд мэргэжил эзэмшижээ. Үүнийг дагаад хотжил, иргэншил, үйлдвэржилт эрчимтэй хөгжсөн юм. 1950 онд хүн амын 80 шахам хувь нь нүүдлийн мал аж ахуйгаар амьдарч байсан бол саяхи 2010 оны тооллогоос үзэхэд том хот сууринд хүн амын 70 орчим хувь нь амьдардаг ба ердөө 15 хувь нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Нийгмийн бүтэц үндсээрээ өөрчлөгдсөн гэсэн үг.  Ийм богино хугацаанд ийм том нийгмийн дэвшилд хүрсэн өөр үндэстэн өнөөгийн ертөнцөд тийм ч элбэг биш болов уу.

    Тавиад оны үед Монголын анхны орчин үеийн мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэгдлээ. Малын эмч, зоотехникч, агроном, хөдөө аж ахуйн эдийн засагч гэх мэт. Гэвч хотжил, иргэншил, үйлдвэржүүлэлтийн амтыг авч эхэлсэн шинэ үеийн сэхээтнүүд тун удалгүй хөдөө аж ахуйн мэргэжлээс аль болох татгалзах хандлагатай болов. Илүү шинэ соргог, илүү дэвшилттэй гэсэн мэргэжил сонирхож эхэлсэн хэрэг. Удахгүй нэгдэлжих хөдөлгөөн ялснаар эргэж хөдөө явах хүсэлгүй болсон залуус энэ мэргэжлээс бүр ч холуур явахыг бодох болсон. Нэгэнт нийгмийн өмч болсон мал аж ахуйг хөгжүүлэх өөриймсөг бодол ч хэн хүнд байхаа больсон учир малын эмчийг үхсэн малд акт тавьдаг хүний хэмжээнд үзэх болсон юм. Иймээс энэ мэргэжлийн нэр хүнд нэлээд унах хандлага түгээмэл ажиглагдах болов. Үнэндээ малын эмч гэдэг бол тун нарийн мэргэжил, биологи, физиологи, анагаах, хими гээд нарийн шинжлэх ухааныг эзэмших шаардлагатай эд. Хүний эмчээс огт ялгаагүй, гагцхүү харилцах субьект нь гомдол гаргадаггүй үнэ цэнэ муутай нийгмийн мал. Ямар сайндаа хэдэн жилийн өмнө хуулийн сайд болсон нэгэн хөлхи эр мэргэжлээсээ ичиж өөртөө “амьтны инжинер” гэсэн хачин хоч маягтай мэргэжил зохиож бодож олсон байхав.

    Наяад оны үед Монгол нь ДНБ-ийхээ гуравны нэгийг цэрэгт өгдөг дэлхийн хамгийн милитаржсан орон болсон юм. Тэр үед офицерийн нэр хүнд мөн ч доогуур байж билээ. Гэтэл өнөөдөр манай нийгэмд офицер нь хамгийн нэр хүндтэй мэргэжил болж. Батлан хамгаалахад зүтгэж буй цэрэг эрс маань нийгэмдээ хамгийн боловсролтой, соёлтой, мэдлэг чадвартай, юм үзэж нүд тайлсан давхрага болжээ. Гэтэл урьд сэтгүүлч, яруу найрагч, хэлмэрч гэх мэтийн мэргэжил их л хүндлүүштэй эд байснаа өдгөө жаахан боловсрол тааруу гэсэн далд утга агуулах болсон бололтой. Гэхдээ энэ бүхэн бол тухайн тухайн үе дахь нийгмийн нийтлэг маягийн түр зуурын үзэмж болохоос үнэндээ эзэмшиж чадвал мэргэжил бүхэн гоё.

    Нийгэм дэвшихийн хэрээр хөдөлмөрийн хуваарь улам нарийсан салбарлаж, шинэ шинэ төрөлд мэргэжилтэн улам ихээр шаардах болно. Социализмын үед хүмүүс хүсэл сонирхлоороо гэхээсээ өмнө нам засгийн хэрэгцээнд зориулж аль нэг мэргэжил эзэмшдэг байсан тул тухайн мэргэжлийн хүний тоо болоод төрөл нь улсын хатуу хяналтад байжээ. Тухайн мэргэжлийг эзэмшсэн хүн хаа нэгтэй ямар нэг ажлын байранд очдог, чадвар бүтээмжээсээ үл хамаараад цалин цавуутай байдаг байв. Ийм учраас дипломтой л бол хоолтой гэсэн үнэлэмж ойлголт нийгэмд нэлээд гүн шингэсэн байв. Тэр үед 16 мянган оюутантай байсан бол өдгөө арав дахин нэмэгдэж Улаанбаатар хотын хүн амын 13 хувь нь ямар нэг дээд сургуульд оюутнаар суралцаж буй нь үүний нэг илрэл биз. Ерээд оны эхээр нийтээр гадаад хэлний мэргэжил эзэмшихээр хошуурлаа. Гэтэл зах зээл өөрийн багтаамжтай учир янз бүрийн гадаад хэлтэй гэх залуус олноор ажилгүй хоцорсон. Хэл шинжлэл болон гадаад хэлний багшийн мэргэжил бол нэг өөр хэрэг. Зүгээр л гадаад хэл гадарлах нь шал өмнөө асуудал.

Дараахан нь сэтгүүлч, хуульч эдийн засагчийн мэргэжил ёстой нэг моодонд орсон доо. Ийм дипломтой бол үнэгүй хоолтой гэж хэн ч хэлсэн юм бол? Монгол улсад хуульчийн зах зээл 3 мянган мэргэжилтнээр хязгаарлагддаг гэж дуулсан. Одоо зөвхөн дээд сургуулиудад энэ тооноос арав дахин олон оюутан бэлтгэгдэж байгаа гэж дуулсан. Оростой хийсэн гэрээгээр улсын тэтгэмжээр уул уурхайн төв Камеровод хориод мэргэжилтэн бэлтгэхээр болжээ. Сурч буй сургуульдаа уулын мэргэжлээр ганцхан оюутан байдаг бай бусад нь нуль эдийн засаг, хууль. Гадаадад сурч буй оюутнаас юугаар сурч буйг нь асуухад хавтгайдаа л бизнес, худалдааны эдийн засаг, банк санхүү, хууль гэсэн хариу сонсоно. Эргэж ирээд ихэнх нь их бодож зах дээр ногооны худалдагч болохоос хойш тэгтлээ их мөнгө зарах шаардлага байдаг юм болов уу? Солонгоор, Хятадаар, Европоор, Америкаар, Японоор нэг хууль эдийн засгийн мэргэжилд сурч буй монгол оюутан!
Эзэмшиж чадвал мэргэжил бүхэн сайхан. Мундаг хуульч, өмгөөлөгч нар өдгөө манай нийгэмд хамгийн их орлоготой хэсгийн нэг. Сайн нягтлан бодох бол компани болгоны хайж хөөцөлддөг мэргэжил. Геологи уул уурхай болон барилгын мэргэжил асар том зах зээлтэй байна. Өдгөө цахилгааны, сантехникийн олигтой инжинер олдохгүй хувийн хэвшлийнхэн ийм мэргэжилтнийг гаднаас өндөр үнээр урьж авчирч байна. Сайн гагнуурчин бол урьдын цагт мөн ч үнэлэгддэг байж билээ, одоо бол бүр ч хадандаа гарсан. Зах зээлийн тогтолцоо дипломыг биш ур чадвар, бүтээмжийг үнэлдэг. Сайн мэнэжэр эрэлт ихтэй, гэхдээ мэнэжэр байхын тулд диплом биш төрлөх авъяас хавьгүй ач холбогдолтой. Хүнтэй аятайхан харилцаж арга эвийг нь олж чадахгүй байж мэнэжмэнтээр сураад ч яах юм билээ. Солгой хоолойтой байж СУИС-ын дуурийн дуулаачийн ангид сурч байна л гэсэн үг шүү дээ.

Миний л бодоход ирээдүйд хуульч-ногооны худалдагч болох, банкны мэнэжэр-захын чихрийн чээнж болох баахан оюутанд хавтгайд нь тэтгэлэг тарааж эрхийн тэнэгийг нь улам гааруулж байхаар зах зээлд нэн шаардлагатай байгаа мэргэжлээр сурч буй оюутнуудад дэмжлэг үзүүлбэл улс оронд ч, сурч буй оюутанд ч, хөгжил дэвшилд ч хавьгүй дээр санагдах юм. Ийм хандлагын чиглэлтэй төрийн оролцоог л төрийн бодлого гэдэг байх. Халамж бодлого хоёр шал тусдаа л даа.

Их хурлын гишүүн гээд сайхан гар байдаг юм (түүхийн багшийн дипломтой эр л дээ). Тэр зурагтаар ярьж байнаа: Майкрософтод Монголоос долоон залуу ажиллаж байна, ингэхээр ОТ, ТТ болон бусад уул уурхайн бүх ордыг монголчууд дангаараа ашиглаж чадна гэсэн үг. Мань эр өөрийнхөө мэргэжил боловсролтой л харьцуулж ийм дүгнэлтэд хүрсэн байх л даа. Бахархах нэг хэрэг, бодит байдал арай өөр. Ертөнцийн үндэстэн болгоны хэдэн арван мянган хүн ажилладаг тэр аварга компанид монгол долоон залуу ажиллаж буй нь нэг талаас бахархалтай ч нөгөө талаас ХХI зууны иргэншиж соёлжсон, бараг толгой дараалан дээд мэргэжилтэнтэй Монгол орны хувьд хүн амтай нь харьцуулахад цөөдөж байж ч магадгүй. Ер нь ч тэгээд хөдөлмөрийн хуваарь асар тэлж мэргэжилийн тоо арав хорин мянгад хүрсэн өнөө үед ийм баримжаагаар чадвар чадамжийг үнэлдэг нь ч юу билээ? Бид сурах хэрэгтэй, дэлхийн тэргүүний технологид суралцах хэрэгтэй, техникийг нь эзэмших хэрэгтэй байна. Хэдэн сая долларын үнэтэй соронзон туяаны томограф багаж авчирчихаад үзсэн хүн болгоноо тархины хавдартай гэж оношилж байсан явдал манайд саяхан гарсан шүү дээ. Гэтэл дуран дээр нь ялаа наалдаад үхчихсэн байсан гэсэн байх аа.  

Уг нь манай улс 10 мянган хүнд оногдох оюутны тоогоор дэлхийд нэгд орж байгаа л даа. Манай дараа АНУ ордог. Давтан сургалтынхан, шинэ мэргэжил эзэмшигчид, курс дамжаанд суралцагсадаар бас л дэлхийд нэг. Энэ статистикийг Дэлхийн өрсөлдөх чадварын хүрээлэнгээс гаргаж өгсөн юм шүү. Одоо нэг юм л туйлын шаардлагатай байна. Чанар, бас дахин чанар. Энэ л бидэнд дутаад байна. Зүгээр л сураад байх юм бол сүүлдээ тэрэндээ дасаад ажил хийх дургүй болчихдог юм гэсэн. Дөчин жил сураад 57 насандаа анх удаа ажилд орж хөдөлмөр эрхэлж эхэлсэн нэг эрийг би таних юм байна. Хөөрхийг арай ч дэндүүлчихлээ, сурах завсраа ганц нэг жилээр бас алба хашиж байсан юм шүү.
2011.08.01