Алдагдсан үеийнхэн, Завсрын үеийнхэн
Энэ өгүүлэл хоёр жилийн гаруйн өмнө гарч араасаа нэлээд хэл ам таталж байсан.
Энэ өгүүлэл хоёр жилийн гаруйн өмнө гарч араасаа нэлээд хэл ам таталж байсан. Хамгийн гол нь тавь жараад оныхон өөрсдийгөө алдагдсан үеийнхэн гэж хэлүүлсэндээ, дал наяад оныхон өөрсдийгөө завсрын үеийнхэн гэж нэрлүүлсэндээ гомдох шиг болсон. Үнэндээ энэ үеийнхний төрийн мэнэжмэнтэд гарч ирсэн цөөн тооны төлөөллийг ингэж дүгнэсэн болохоос тавьтай л бол хоцрогдсон, дөчтэй л бол завсрынх гэж хоморголоогүй юм. Шийдвэр гаргах төвшинд буй төлөөллийн үе хоорондын тэмцэл улам тодрон ширүүсч буй өнөөдөр энэ өгүүлэл арай өөрөөр уншигдах болов уу гэсэндээ дахин нийтлэж байна. Дахиад арван жил “амьд” байх гэж байна гэж зохиогчийг ч их хардсан, үнэндээ би улс төрөөс бүр мөсөн холдоод хэдийнээ арван жил болсон гэдгийг давхар анхаараарай.
Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын үед Японы Ерөнхий сайд 24 настай байв. Нийгэм солигдох үед шинэ залуу үе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны үед арвин туршлага гэхээсээ эрч хүч илүү чухал байдаг бололтой. Ийм үед ихэнхдээ туршлага үгүйсгэгддэг. Энэ нь ч аргагүй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгүй.
1911 оны үндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дөнгөж дөч шүргэж байв. 1921 онд ч ялгаагүй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дөнгөж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мөн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хүрээгүй байв. Нийгмийн хувьсгал гэдэг шинэ эрч хүчийг шаарддагаараа тэргүүний залуучуудад түүхэн бололцоо олгодог аж. Гэтэл үе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггүй. Тогтсон нийгэмд юун түрүүн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын үед туршлага гээч юмтай уялдаагүй шинэ цус шаарддаг онцлогтой аж.
Энэ чанараараа биологийн эволюцитай их төстэй. Алив организм байгалийн жамаар шалгаралаараа дасан зохицож аажмаар хөгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгүүт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд өдөр тутам тохиолдож байдаг авч 99,99999... хувь нь хортой, организмыг өөрийг нь ихэнхдээ үхэлд хүргэнэ. Чухам тэр ховор 0,0000...1 хувьд л аугаа ололт, цаашид шинээр хөгжин дэвжих үр хөврөл бий. Иймээс амьд байгалийг хөдөлгөх жинхэнэ хүч нь өдөр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.
Ерэн оны бацаанууд өнөөдөр 50 хүрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны их хувьсгалын оройлогч төдийгүй оролцогч, хөндлөнгийн ажиглагч, эсэргүүцэгч бүгдээрээ нийгмийн энэхүү донсолгоонд хамрагдсан бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн хорин жилд эд бүгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд өнөөдөр манай нийгмийг авч яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий. Гуч хүрээгүй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж өдгөө Ерөнхийлөгчийн насанд хүрсэн, улс орныг хөгжүүлэх арван жилийн хөтөлбөр гаргалаа, энэ бол түүний нийгмийн идэвхитэй байх хугацаатай мөргөж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм түүнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хүссэн хүсээгүй нийгмийн менежмент шинэ үеийнхэнд очно. Анхны парламентийн гишүүн асан Баяр ч тавь өнгийлөө, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь өвгөн партизаны яриа эхлэнэ.
Хүний үе солигдох хугацааг 20-25 жил гэж үздэг. Ингэхээр дараа үеийнхэн өдгөө гуч орчим настай л байна. Социализм коммунизмын тухай сураг л сонссон, өөрөөр хэлбэл тэр үзэл суртлаар хордоогүй;, эрх чөлөөг бэлэг гэж үздэггүй, хүнд угаасаа заяамал зүйл гэж хар нялхаасаа мэдэрсэн;, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хүний нийгмийн байх ёстой ердийн төлөв гэж хардаг;, ардчилсан тогтолцоогүйгээр өнөөгийн нийгэм оршин тогтнох бололцоогүй гэж үздэг залуус. Нийгмийн менежментийн төлөөх эдний өвөр хоорондын өрсөлдөөн эрүүл саруул явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь өрнийн боловсролтой, соёлтой, хүнлэг, шудрага, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ төлөвшинө. Урт хугацаагаар үргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш ердийн шалгарал голлох үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ л тэр болтол дор хаяж арван жилийн зай байна.
Монголчуудад үе мултрах хэмээх 12 жилийн мөчлөг бий. Энэ нь тооллоосоо л болж байгаа болохоос хүний үеийн мөчлөгтэй хамаагүй. Ерэн оныхон ба арван жилийн дараа гарч ирэх учиртай шинэ үеийнхэн хоёрын голд монгол тооллоор үе дөнгөж мултарч буй завсрын үеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгүй, нийгэм улс төрийн гаж шалгарлаар тодорч өдгөө улс төрийн тавцанд шийдвэр гаргах болсон цөөн бүлгийг хамруулж байна. Тэдний дийлэнх нь хоёр зууны зааг дээр тодорсон, ерэн оны хавьцаа арван жилийн сургууль, зарим нь дээд сургууль дөнгөж төгсөөд байлаа. Шилжилтийн эхэн үед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хүний ёс ёуртахуун нийгэмд бүрэлдэж амжаагүй байх завсрын үеийн бүтээгдэхүүн. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан үед мэргэжлийн үнэмлэхтэй болцгоосон. Боловсролын үнэ цэнэ шалан дээр байсан үе учраас өөрөө ч тогтоож амжаагүй олон мэргэжилийн үнэмлэх өвөртөлсөн төдийгүй жуулчилж явсан орнуудынхаа худал үнэн нь мэдэгдэхгүй өргөмжлөл маягийн гуншинтай болцгоосон. Мөнгөөр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зүүсэн нь нэн олон.
Улс төрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд олон байж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, үзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зүйлс огтоос багтахгүй. Тэд прагматикчид боловч нэг зүйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгүй гэсэн эндүүрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Үнэндээ хүний нийгэмд хувьсгал удирдагч нартайгаа хөгширсөөр тогтсон нийгэмтэй залгадаг. Тэднийгээ Сталин шиг алж хяддагүй л юм бол! Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Үүл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж өгнө. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгаралаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бүрэлдэнэ. Хүний нийгмийн бүхий л үед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж өөр юм болох шалтгаан байхгүй. Нийгмийн хувьсгал ч өөрөө дэндүү өртөгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зүйл биш аж. Харин тэд нэг зүйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хүчин хөгшин хөвөөгөөрөө дуудуулж улс төрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс төрийн хожоо гаргах гэсэн хэсгийнхэн удирдлагад байсан тохироо ч бүрэлдсэн тал бий. Гэхдээ энэ нь завсрын үеийнхэн Ардчилсан намд байхгүй гэсэн үг огт биш, концентраци нь арай л бага юмуу даа. Нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн голлох хоёр хүчнийг түлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мөрөөдөлдөө хөтлөгдөн “эволюцийн хууль”-ийг зөрчих гэж мурчийна.
Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндүү том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар төрж буй болсон, өөрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бүтээгдэхүүн боловч үүнээсээ салах бүрэн эрмэлзлэлтэй, гол төлөв романтик бодолд хөтлөгдсөн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмент хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн төлөө авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Иймээс нэг талаас алдагдсан үеийнхэн юм. Өнөөдөр нийгэм хөрөнгөжихийн хэрээр тэдний тарааж үрж цацаж “ард түмнээ харж үзэх” зөн билэг нь улам тодроно. Нэг амаараа зах зээлийн зарчим суртчилах боловч ард түмнээ өрөвсдсөндөө болоод нөгөө амаараа төрөөс үнийг зохицуулах тухай сургана. Төрийг үйлчилгээний газар гэж онолдох авч өөрөө төр болчихоороо бүхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ настолги нь хөдөлдөг бололтой уяраад л уйлаад л харж үзээд л буян үйлдээд л. Бэлэг тараадаг өвлийн өвгөнтэй улам төстэй болно. Социализм бол патриархи үзлээс гаралтай. Иймээс ард түмнийг өөрснөө шийдвэр гаргах чадваргүй гэж үздэг учраас эцгийн халамжийг байнга үзүүлнэ. Алдагдсан үеийнхний далд ухамсар өнөөгийн Монголын нийгмийн менежментийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгүй. Зөв шалгарлаар гарч ирэх дараа үеийхнийг дахиад арван жил хүлээхээс өөр арга үгүй.
Эдний орыг одоо шууд залган эрхийг булаах гээд байгаа Завсрын үеийнхэн бол харин нийгмийн зөв шалгаралаар гарч ирээгүй. Шийдвэр гаргах төвшний алдагдсан үеийнхэн нь өөрийн үеийхнийхээ тэргүүний хэсэг бол мөн тэр зиндаанд одоо оччихоод байгаа завсрынхан болохоор өөрийн үеийнхнийхээ хамгийн жудаггүй, ёс төргүй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн үеийн хамгийн хүнд, хамгийн дампуурч ёс суртахуунгүй болсон үеийн зэрэмдэг бүтээгдэхүүн. Алдагдсан үеийнхэн шиг сайн боловсрол ч үгүй, нийтийн төлөө гэсэн романтик үзэл ч үгүй, шудрага үнэн гэсэн баримтлал ч үгүй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мөнгөнөөс өөр эрхэм үнэлэмж үгүй. Мөнгөнд хүрэх цорын ганц аргыг эрх мэдэл, жудаггүй луйвар гэж үзнэ. Өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дарцаглах авч үнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн ёс суртахууны уналтын бүтээгдэхүүн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мөнгөн сарнай саргай, ардчилсан ардчилаагүй, социалист капиталист залуучууд болон талцан бүлгэрхэж эх орон ард түмэн хэмээн зурагдсан пянз шиг уухилах авч хулгай луйвар гэсэн аль л олхиогүй болгоны үнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхэлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр гарч иржээ. Ардчилал хэвшээгүй нийгэмд яагаад юун түрүүн нийгмийн адаг шаарууд нь шийдвэр гаргах төвшинд ардчилсан замаар гараад ирдэг вэ гэдгийг Хаек “Боолчлогдох зам” зохиолдоо яруу тод тайлбарласан байдаг.
Бүхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харъяалалгүй, хүсэл эрмэлзлэлгүй, эрхэлсэн ажил мэргэжилгүй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хөдөлмөр хэзээ ч эрхэлдэггүй нийгмийн паразит хэсэг юм. Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй – тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн адаг шаар байдаг авч үймсэн нийгэмд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг үзэгдэл. Баас хамгийн түрүүн хөвдөг. Эдэнд зориулсан Люмпэн элит гэсэн нэршил ч гарсан. Францийн хувьсгалаар ийм люмпэн элитүүд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гүнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитүүд Октябрийн эргэлтийн дараа сүрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дүрээр илэрхийлсэн байдаг. Сурвалжит язгууртан дүр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг өөрийг нь үхэлд хүргэдэг мөнөөх 99,9999... хувь болсон гаж мутаци л юм даа.
2008.02.12
baabar
kk
Plaipslib
Bayka
SR
batkhuu in chicago
Зочин
Зочин
Зочин
Энхбат
xxxx
halh
baabar ahad
Зочин
Barney
Зочин
Bayar
T.
che
Зочин
Зочин
Зочин
Хүн
Warta
uuganaa
zochin
Зочин
Зочин
санал
Гишүүн Сүхбаатарт
Гишүүн Сүхбаатарт
Зочин
Гишүүн СҮХБААТАРТ
Зочин
Зочин
Зочин
Зочин
ТАНИЛУУД
ТАНИЛУУД
ТАНИЛУУД
ООГИЙ Д
ООГИЙ Д
Уншигч
Зочин
Зочин
г
йй
монгол
Bi shine ue shuu dee...
Гайхалтай
м
залуу
Bi shine ue shuu dee...
аа
Òóóë
Зочин
Bi zavsriin uyiinh
tuya
td
EH ORONCHID
baabar bravo
Зочин
оогий
Зочин
baataruud
agii
Зочин
Зочин
Зочин
MSC
SUMATI GEH JUUD
MUTASIIN UR DUN
Baabar- MUTATSI iig uuruu zb shuu dee
feel
unen
unshigch
сарнай
gal
gal
gal
b
XA XA
engiinii
doka_10@yahoo.com
Зочин
Зочин
Зочин
mtsg
Shalgarliin iyiinhen
temuujeneen
temuujeen
Зочин
Зочин
Tanai veiin Baataryyd
Зочин
temuujin huue margaash
Manai veiin baatar shiw
ГОМДОГСОД
ГОМДОГСОД
Xywisgat baatryyd
Зочин
Зочин
sanal
Зочин
Зочин
Зочин
hi hi
Зочин
Зочин
Зочин
Boldoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ttt
brayan
Зочин
Зочин
Зочин
Зочин
sb
Íàìáàð
Æ¿âýéíè
zochin shde
ZAWSRIINXAN
Зочин
зориг
Зочин
Зочин
Зочин
Зочин
ОМА Б.Мунхням
Зочин
oyun
Зочин
irgen
уншигч
уншигч
bool.
gerch
Зочин
Яг үнэн
Зочин
Baabart bayarlalaa
Зочин
huuhed
Зочин
МОнгол
zavsar-n uye-nhen
hhhh
ojoo