Атилла хааны мөрөөр Альпийг “байлдан дагуулсан” 7 хоног (Хоёрдугаар хэсэг)
Маргааш өдөр Австрийн хэвлэлүүдээр бидний талаар юу гарч байгааг тус улс дахь манай элчингийн ажилтнаас сонирхоход, Монголын Ерөнхийлөгчийг “чанга гар” гэсэн утгаар бахдан бичиж байна гэж өгүүлсэн билээ.
Маргааш өдөр Австрийн хэвлэлүүдээр бидний талаар юу гарч байгааг тус улс дахь манай элчингийн ажилтнаас сонирхоход, Монголын Ерөнхийлөгчийг “чанга гар” гэсэн утгаар бахдан бичиж байна гэж өгүүлсэн билээ. Нээрээ ч төрийн тэргүүн маань хаана, хэнтэй ч уулзсан ярианы санаачлагыг тэр дороо авч, хэрэгтэй газраа зөв олон хөнгөнөөр хошигнон хүмүүсийг инээлгэн, оновчтой зүйрлэлээр жишээ татан нижигнэтэл алга ташуулан тун чөлөөтэй уур амьсгалыг хавь орчиндоо бүрдүүлчих юм. Хоёр улсын Ерөнхийлөгч уулзалтынхаа дараа хэвлэлийнхэнд зориулан мэдээлэл өгөх хоромд Австрийн сэтгүүлчид манай Ерөнхийлөгчөөс монголчууд яаж нэг ч цонх хагалалгүйгээр ардчилсан хувьсгал хийж чадсаныг, авилгын эсрэг хэрхэн тэмцэж байгааг, Монголд айлчилсан Путин, Си Жинпэн нарын тухай , Душанбед болсон Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын талаар ихэд сонирхон асууж байлаа.
Энэ намар Монголд болсон тэрхүү айлчлал, уулзалт дэлхий дахины сонорт байсныг дээрх асуултууд нотлох буй за. Ардчилал, хувь хүний эрх чөлөө, эрх тэгш байдал, төрт ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санаа монгол хүний цус генд нь уг язгуураасаа байдаг болохоор монголчууд ардчилсан хувьсгалаа амжилттай хийсэн, энэ зарчмаасаа монгол хүн хэзээ ч буцахгүй ээ. Ерөөсөө Европыг Дорно дахинтай холбосон чөлөөт худалдааны анхны суваг алдарт торгоны замыг монголчууд бий болгон, шашин шүтлэг, үзэл бодлоор хэзээ ч бусдыг ялгаварлалгүй, төрт ёс, хуул цаазыг тогтоон дэлхий дахинд хамгийн анх ардчилалын дэг журмыг тогтоож явсан үндэстэн бол бид юм. Монголын гүн ухаанд хувь хүн хүчирхэг байж, хүчтэй төр засгийг бий болгодог гэж үздэг. Тиймээс эхлээд биеэ,дараад гэрээ, удаад төрөө засах ёстой гэсэн сургаалийн дагуу хүмүүжин төлөвшдөг хэмээн Ерөнхийлөгч хариулж байна билээ. Монгол Улс авилгын индексээрээ дэлхийн улс орнуудын жагсаалтад байраа 26-р урагшуулсан мэдээллийг баруунд алга ташин хүлээн авч сонсож байлаа. Сүүлийн хоёр жилд Монголд авилгын индекс хоёр оронтой тоогоор буурч байгаа нь бидний бас нэгэн том бахархал. Энэ бүх мэдээллийн дараа Австрийн бизнес эрхлэгчид Монголд уул уурхай, хөдөө, аж ахуй, аялал жуулчлал гээд бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа шууд илэрхийлж байна билээ.Түүнчлэн Ерөнхийлөгч маань З000 жилийн өмнө монгол удмын хаан Атиллагийн өвөг дээдэс хэдэн арван жилээр нүүдэллэн хүрч ирсэн энэ газарт өнөөдөр би Монголын тал нутгаасаа ердөө наймхан цаг нисэн хүрч ирээд та бүхэнтээ харилцаагаа улам, идэвхжүүлье, худалдаа наймаагаа харилцан ашигтай өргөжүүлье хэмээн айлчилж байна гээд улс хоорондын харилцаанд итгэлцэл хамгийн чухал, монголчуудад , бидэнд итгэж болно оо, бид хэнд ч хамгийн сайн нөхөр,түнш байж чаддаг ард түмэн гэдгийг нүүр бардам хэлнэ гэсэн нь Венад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн дээ. Эзэн богд Чингис хааны “Хүмүүний сэтгэлийг хураахуй дор бие нь хаа одохуй ” хэмээх билигт сургаал юутай үнэн билээ.
Милан дахь Монголын бас Путины өдрүүд
Аравдугаар сарын 16-17:
Итали орон, тэр тусмаа Милан хот Монголын нүүдэлчидтэй түүхийн нягт холбоотой. Өгүүлбээс манай тооллын 452 оны хавар Хүннүгийн их цэрэг Ромын эсрэг ээлжит аян дайнаа эхэлж, Дунай мөрнөөс хөдлөн Альпийн нурууг даван Умард Италид цөмрөн Падуа, Милан зэрэг олон арван хот тосгодыг эзлээд Атилла хаан Милан дахь баруун Ромын эзэн хааны ордонд засаглан суухдаа “Би тэнгэрийн ташуур Атилла байна” хэмээх алдарт, аймшигт үгээ цуурайтуулсан гэдэг. Яг тэр газар энэ өдөр бид хүрэлцэн ирвэй. Дэлхий дахинд тулгамдсан нэн даруу шийдэх ёстой “проблем” олон байна. Учрыг нь үл олох Эбола вирусийн тархалт, Африк, Арабын болон Зүүн Европын бүс нутгуудад улам өргөжиж байгаа дайн дажин, эсэргүүцлийн хөдөлгөөн, бослого үймээн самуун, терроризмын аюул улам идэвхжин, ажилгүйдэл, ядуурал газар авч, санхүү,эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа энэ цаг дор Ази, Европын улсуудын дээд хэмжээний 10-дугаар уулзалт АСЕМ-д оролцохоор 53 орны төр, засгийн тэргүүнүүд Миланд хуран чууллаа. АСЕМ –ын уулзалт бол хоёр тивийн улс орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчим дээр тулгуурлан өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Европын холбооны гишүүн 15 улс, Норвеги, Швейцарь, Зүүн өмнөд Азийн буюу АСЕАН –ны гишүүн 10 орон, Зүүн хойд Азийн 10 орон болон Европын комисс, АСЕАН-ны Нарийн бичгийн дарга нарын газар гээд 51 улс орон байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Дээд хэмжээний уулзалт нь хоёр жил тутамд Ази, Европын улсуудад ээлжлэн зохион байгуулагддаг, энэ чуулганд шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид оролцож саналаа солилцож, үзэл бодлоо илэрхийлдэг чөлөөт индэр хэмээн ойлгож болно. Энэ жил Казахстан, Хорват улсууд гишүүнээр элсэн анхныхаа чуулганд оролцож байгаа нь бас нэг онцлог байлаа. Ингэснээр АСЕМ 53 гишүүнтэй боллоо гэсэн үг. Монгол Улс 2008 онд гишүүнээр элсэн орсноосоо хойш чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг ихэд үнэлдэг бололтой санагдсан. Энэ аравдугаар чуулганд гэхэд Монгол Улс маань Австрали, БНХАУ, Энэтхэг, Шинэ Зеланд, Япон, БНСУ, Мьянмар, ОХУ, Пакистан багтдаг Зүүн хойд Азийн буюу NESA-ын орнуудын дэд бүлгийг ахлан даргалж, зохицуулагчаар оролцож байгаа нь хүндэтгэлтэй. Италийн цэл залуухан ерөнхий сайд Меттео Ренци, “Миланд цугларсан удирдагчид энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, технологийн шинэчлэл, усны менежмент, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний гэсэн цогц асуудлаар ярилцана”хэмээн ярилцлага өгч байсан ч манийн хувийн ажиглалтаар дээрх асуудлаас илүү Орос-Украины маргаан энэ чуулган дээр хэлэлцэх хамгийн хурц асуудлын нэг байх шиг санагдсан. Милан-2014 уулзалтыг нээж тавхан хүн үг хэлсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа. Мөн тэрбээр салбар хуралдааныг Зүүн хойд Азийн улсуудын зохицуулагчын хувьд даргалж үг хэлэхдээ “Энэ чуулган Ази, Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийг улам нэмэгдүүлнэ гэдэгт Монгол Улс санал нийлж байна. Бид үүний төлөө тодорхой санал санаачилга гаргаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сард Тажикстаны Душанбе хотноо Монгол-ОХУ-Хятадын гурван талт дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулж, транзит тээврийг хөгжүүлж, дэд бүтэц хамтын ажиллагаа болон худалдааны саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон. ОХУ, Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа ийн хөгжиж байгаа нь Ази, Европыг улам ойртуулж холбоход чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй...” гэсэн юм. АСЕМ-ын үйл явцаас харахад манай улс Евразийн бүс нутагт тодорхой нөлөөтэй тоглогч болсныг олон улс хүлээн зөвшөөрч эхэлжээ.Үүний тод жишээ АСЕМ-ын XI дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгосон явдал юм. Энэ нь нэг талаараа өнгөрсөн 25 жилд монголчууд бид ардчилал, эрх чөлөө, шудрага ёсыг тууштай хэрэгжүүлж, дэмжиж ирснийг дэлхий нийт үнэлж байгаагийн, бидний замнал, туршлага бусад улс орнууд хэрэгтэй байгаагийн, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд хэчнээн өндөр байгааг, бидэнд дэлхийн хамтын нийгэмлэг итгэдэг болсныг харуулж байгаа хэрэг. Бид хоёр тивийг холбосон харилцаанд цаашдаа гүйцэтгэх үүргээрээ ухаалаг тоглогч байх боломж бололцоо бүрэн харагдаж байна гэж хэлж болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого үүнд чиглэж буй нь ч анзаарагдсан. Үүнтэй холбоотойгоор зориуд нэгэн зүйлийг онцлон бид дотооддоо эв нэгдэлтэй, Монголынхоо төлөө нэгдсэн нэг эрх ашигтай байх нь нэн чухал гэдгийг хэлэхийг хүслээ. Энэ нэг муухай богино зайны популизм хийж , улс орноо балласан хийрхүү улстөр, улстөрчдөөс яаравчлан болих, салах хэрэгтэй юм байна. Тэнд гадаад ертөнц Монгол Улсад өндөр итгэл өгч байхад энд бид дээр дороо орон бужигнаж байх нь харамсмаар.
АСЕМ-ын үеэр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель , Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Шведийн ерөнхий сайд Стефан Лёвен нар өөрсдөө хүсэлт тавьж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Ер нь Милан дахь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын од нь Монгол Улс бас ОХУ-ын Ерөнхийлөгч Путин байлаа гэхэд хилсдэхгүй. Италийн болон Европын хэд хэдэн сонин тэргүүн нүүрнээсээ яг ингэж гарчигласан байсан. Ази, Европын орнуудын дээд хэмжээний 10 дугаар уулзалтын дарга, Европын Холбооны Ерөнхийлөгч Херман Ван Ромпиу, Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануел Баррозо нар чуулганы төгсгөлд Монгол Улсад АСЕМ-ын дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг олгосноо зарлан гишүүн орнуудын бэлгэдэл төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэлтэйгээр гардуулах тэр мөчид дэргэдээс нь бид харж зогслоо. Хоёрхон жилийн дараа Монголд дэлхийн хүн амын 60 гаруй хувь, эдийн засгийн 50 илүү хувийг бүрдүүлдэг Ази,Европын 53 орны төр, засгийн тэргүүнүүд ирэх болно. Тэдний хамтаар олон улсын бизнесийн болон төрийн бус байгууллагууд, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын олон мянган төлөөлөгч ирнэ. Тэгэхээр энэ том арга хэмжээг нүүр бардам зохион байгуулахын тулд бэлтгэл ажлыг өнөөдрөөс эхлүүлэхгүй бол хэцүү. Монгол хүн бүрийн оролцоо чухал. Бидний нэр хүнд, Монголын чансаа, чадлыг энэ арга хэмжээ дэлхийд илтгэх болно. АСЕМ-ыг хүлээн авснаараа нэр хүндээс гадна Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт бүрэн эрхт байдал, улс үндэстний аюулгүй байдал улам батжин бэхжих нэн чухал ач холбогдолтой гэдгийг ухаарах хэрэгтэй юм. Нэгэн цагт эх орноосоо гадагшлан дэлхийг хурааж явсан өвөг дээдсийн үр сад энэ удаа эх орондоо тэднийг хуралдуулан цуглуулж, түмэн хэлийн хүн зоны мянган бэрхшээлийг шийдвэрлэхээр хэлэлцэх гэж байгаа маань асар хариуцлага дагуулсан нэр төрийн хэрэг болой. Атилла хааны агуу үг, үйл хэргийг нэгэн цагт дэлхийд сонордуулсан Альпийн энгэрээс АСЕМ-ын эрхийг Монгол Улс авсан нь жир хэрэг биш байхаа.