Герег улс дампуурснаар араасаа аварга том Европын холбоог хөлдөө чирлээ. Заан чирж нүх рүү унах гэж байгаа оготно. Юун түрүүн еврод аюул учруулав. Цаашлаад ерөөс Европын холбоо хэмээх энэ том айл оршин тогтнохыг эргэлзээтэй болгож байна. Герегийн хямрал Азийн бирж дээр хүртэл мэдрэгдэн донсолгоо үүсгэв. Арван хэдэн сая хүнтэй жижигхэн муу Герег мөрөөрөө байсан бол тэдний дампууралд хэн ч өртөхгүй байсан. Дампуурдаг л юм байгаа биз, хаа холын Шанхай, Токиогийн биржид ямар хамаа байна? Гэтэл тэд дундаа нэг валюттай хүчирхэг гэрбүлд гишүүнээр оржээ. Дундаа хоол хийдэг гэсэн үг. Бодвол дээр үед Македоны Александр хаан байхад манай Герег Энэтхэгийг хүртэл эзэлж байсан гэхээс өөр юм хийхгүй зүгээр суугаад байдаг юм байгаа биз. Юм хийдэггүй мөртөө зэргэлдээ ажилсаг германчууд францчуудын цалинг нэхээд хэвтчихсэн. Ард түмнээ харж үзэхийн дон болсон төр нь жагсаал болгоны дараа нэхсэн хэмжээгээр нь өгөөд байтал нэг харсан чинь дампуураад уналаа. Мөнгийг нь хэн төлөх вэ? Ажил хийдгүүд нь! Ангэла Мэркэль авгай муухай уурласан. Гээд яахав дээ, өмхий гээд хошногоо тайрдаггүй гэгчээр 400 тэрбум евро өгөхөөр боллоо. Зүгээр өгч байгаа юм биш шүү, эргүүлж төлөөрэй гэж авгай анхааруулсан. Ажилсаг германчуудын хөлсөөрөө олсон мөнгийг зүгээр суусан герегчүүдэд зүгээр өглөө гэж уурссан германчууд Мэркэлийн намыг орон нутгийн сонгуульд унагаж орхив. Чехийн Ерөнхийлөгч Клаус герегчүүдэд хандан ингэж хэлсэн: “Та нарт гурван зам байна. Эхнийх нь бүх цалин тэтгэмжээ 30-40 хувиар багасгаж орлого зарлагаа тэнцүүл. Эсвэл Европын холбооноос гарч евро хэрэглэхээ боль. Сүүлчийн арга нь улсын хувьд бүрэн дампуур”.

    Герегчүүд 400 тэрбум евро аваад ч засрах магадлал муу. Асуудал мөнгөндөө байгаа биш, тэдэнд өөрсдөд нь бий. Тэд хийснээсээ илүү авах гэдэг. Байсхийгээд л жагсана, сүүлдээ байчихаад төв банкаа шатааж орхисон. Хэрвээ тэд Европын холбооны улс биш байсан бол мөнгөн тэмдэгтээ үйлдвэрлээд л инфляцид баригдаад өөрсдөө зовоод л дампуураад явах байлаа. Гэтэл хэрэглэж байгаа мөнгө нь евро болохоор мөнгөний ханш унахгүй харин дотроосоо өөрийгөө идээд л явна гэсэн үг. Герегийн араас Португал, тэгээд Испани орж байна. Бага ажиллаж их авах натуртай хэсэг нь ингээд Европын холбоог дампууруулах нь л дээ. Сая Румынд тэтгэвэрийнхэн жагсан Төрийн ордон руугаа дайрлаа. Тэтгэвэрийн дундаж хэмжээ 190 доллар, төсвийн ажилтны дундаж цалин 350 доллар юм байна. Яаж л ажиллаж байна, тэр хэмжээндээ авч байна гэсэн үг. Европын орон мөртөө манайхтай л адилхан төвшинтэй юм. Ялгаатай нь тэд Европын холбоонд орох гээд оочирлоод зогсчихсон байгаа. Яг одоогийнх шигээ ажиллаж германчууд шиг цалин нэхэх нь. Ингэхээр Европын холбоо цаашид оршин тогтнох бололцоо бий юу?  

    Нийгмийн харилцааны хамгийн чухал илтгэцүүр бол мөнгө. Мөнгө бол зөвхөн солилцооны хэрэгслэл төдийгүй хөдөлмөрийн үнэлэмж, үнэ тогтоогч, нийгмийн гишүүдийн хоорондын болон төр иргэний хоорон дахь итгэлийн илтгэлцүүр юм. Зуун долларын дэвсгэртийн хэвлэлийн өртөг нь хорин цэнт юм гэнэлээ. Манай хорин мянгатын дэвсгэртийн өртөг зуу хүрэхгүй төгрөг байх. Гэхдээ түүгээр 6-7 кг мах, эсвэл 3-4 шил архи авч болно. Ингэхээр тухайн дэвсгэрт эдийн засгийн хүрээнд өөрийн өртгөөсөө өөр үнэлэмжтэй байдаг байх нь. Тухайн улсад байгаа бараа үйлчилгээ, хөдөлмөр баялаг нь тухайн цагт зах зээлд байгаа нийт дэвсгэртийн тоо хэмжээтэй мөргөж байдаг. Нэгж дэвсгэртэд ноогдох нэгж бараа, нэгж үйлчилгээ, нэгж хөдөлмөр харгалзана. Баялаг, хөдөлмөр нэмэгдээгүй байхад цаасан мөнгөний тоог нэмээд унавал энэ харьцаа алдагдана. Үүнийг инфляци гээд байгаа юм. Сая манайд хэсэг эх орончдын шаардлагаар цалинг 30 хувь нэмэхээр боллоо. Нийгэм дахь баялаг, хөдөлмөрийн хэмжээ энэ хооронд ердөө дөрвөн хувь өсөх учраас инфляци 26 хувь болно гэж Сангийн сайд мэдэгдэв. Ингэхээр цаасан мөнгөний тоо зохих хувиар нэмэгдэх боловч тухай дэвсгэртээр худалдан авах бараа үйлчилгээ, хөдөлмөр бараг өсөхгүй болж таарч байна. Монгол нь Герег шиг еврогоор наймаа хийдэг байсан бол учиртай, цалингаа нэмчихээд л зөрүүгээ ажилсаг германчуудаас хусахгүй юу.

    Хүйтэн дайнаас хойш дэлхийн эдийн засаг хоорондоо нягт уялдаатай болжээ, өөрөөр хэлбэл дэлхий хавтгай болсон. Бараа үйлчилгээ, хөдөлмөрийн үнэлэмж ерөнхийдөө адил болсон гэсэн үг. Тэгвэл яагаад Румын, Монгол хоёрын адил ажил эрхэлж байгаа хүний хөдөлмөрийн үнэлэмж хоорондоо ижил мөртөө мөнөөх ажилсаг германчуудынхаас арав дахин доогуур байгаа юм бэ? Үнэлэмжийг нь зах зээл тогтооно. Тэдний хөдөлмөр, хөдөлмөрөөр буй болсон бараа болон үйлчилгээ зах зээл дээрээ илүү үнэлэгдэж байна. Үүний цаана бараа үйлчилгээний брэнд, брэнд бүтээхэд шингэсэн хөдөлмөр хүч хөрөнгө, итгэл хүлээсэн байдал, чанар, найдвар, туршлага, овсгоо гээд олон юм бий. Нэг л үгээр хэлэхэд монгол, румын хүмүүсийн хөдөлмөр зах зээл дээр германчуудынх шиг үнэлэгдэх яагаа ч үгүй байна гэсэн үг. Ийм л учраас үнийг зах зээл тогтоодог, ямар ч дарга тушаалаар, ямар ч жагсаалчин шаардлагаар, ямар ч иргэн гомдлоор үнэ тогтоодоггүй юм.

    Саяхан жагсаалчин цуглаанчдын шаардлагаар цалин нэмэхээр боллоо, улс төрийн намуудын амлалтаас болж иргэн болгондоо эхний ээлжинд 70 мянган төгрөг тараалаа. Үүний араас монгол төгрөгийг даах нэмэлт бараа үйлчилгээ, хөдөлмөрийн үнэлэмж, нэмэлт баялаг орж ирээгүй. Ингэхээр төгрөг тутамд ноогдох баялагийн хэмжээ буурч таарна. Ийм юм өөрөө хийчихээд Ерөнхий сайд маань зах дээр оччихсон өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах үүрэг өгөөд явж буй нь зөөлхөн хэлэхэд шог л юм. Нэгэнт УИХ-ын шийдвэрээр зах зээл рүү ардаа батлагаагүй төгрөг асар ихээр нь хийхээр инфляциас бага ч гэсэн хамгаалахын тулд Монгол банк бодлогын хүүгээ нэмэхээс өөр арга үгүй. Гэтэл ийм юм хийх шийдвэр гаргасан гишүүд маань төв банкаа буруу алхам хийлээ гээд шүүмжлээд унаж байгааг яаж ч зөөлнөөр нэрлээд ч “хар мал аа” гэж дуун алдахаас өөр яалтай!

    Цалин тэтгэвэрээрээ авч байгаа барааны чанар эсвэл тоо хэмжээ нь аажмаар улам нэмэгдсэн нь дээр үү, эсвэл яг л тийм тоо хэмжээний барааг улам олон тоотой дэвсгэртээр авсан нь гаажтай юу? Хэрэв их цалин аваад тэрэнтэй харгалзан их мөнгөөр мах гурилаа авах гэж байгаа юм бол цалинг ердөө дөнгөж данган хоёр дахин нэмэгдүүлнэ гэж байхаар шууд л арав дахин нэмбэл зүгээр юм биш үү? Тэгээд кг махаа дөрвөн мянгаар биш 40 мянгаар авбал урамтай биш үү? Мах дөрвөн мянга хэвээрээ тэгээд цалин арав дахин нэмэх гэж байгаа бол бидний олох баялаг, хөдөлмөрийн үнэлэмж арав дахин өсөх ёстой. Энэ нь өөрөө зах зээлийн хууль, үүнийг зөрчих ямар ч бололцоогүй. Төр олон юм зохицуулж болох байх л даа, гэхдээ хэл, үнэ хоёр дээр шонгүй. Холивүүдийн кино, солонгосын дээдсийн амьдралын цуврал сериал үзсэн зоргоор бид шууд тэдэн шиг амьдрах бололцоогүй. Цаанаа өөрийн үл захирагдах хуультай! Зах зээлд зэсийн үнэ огцом өссөнтэй холбогдож 2007 онд цалинг 80 хувиар нэмэгдүүлж болж байсан. Дараа нь хямрал болоо биз дээ.

    Америк хүний хөдөлмөрийн бүтээмж нь ийм юм байна л даа, судалгаанаас авсан дүн хэлье. Хүн эхний 25 жилдээ сурч барьсаар байгаад бусдын тэтгэмжээр амьдрана. Дараагийн 25 жилд нийгэмд мөнгө хийдэг юм байна. Тэрний дараагийн 25 жилд мөнөөх хоёр дугаар үед хийсэн баялагийнхаа үр шимийг хүртдэг гэнэ. Тэнд мастер хамгаалсан хүн бүтээмжийн үедээ 2.5 – 3.5 сая долларын бүтээмж үйлдвэрлэдэг бол доктор хүн 7.5 – 11 сая долларын баялаг бүтээдэг аж. Гэхдээ энэ бол статистик дундач. Майкл Жордантой холбогдож буй болсон мөнгөн дүн 65 тэрбум доллар ч хүрсэн аж. Солонгосын нэг сериалын жүжигчин 40 тэрбум долларын эргэлт буй болгосон гэдэг. Энэ нь Жордан ийм их мөнгө хувьдаа авчихлаа гэсэн үг биш, тэрний зураг хөрөг, реклам, тоглолт гээд л түүнтэй холбогдсон мөнгөний эргэлтийг хэлж буй юм. Үүнтэй адил америкийн дундаж нэг докторыг тойрсон 25 жилийн мөнгөн эргэлт 8-9 сая доллар болох нь л дээ. Ингэхээр тэр хүн сайн цалин авах зах зээлийн бүрэн нөхцөл байгаа биз? Румын болон монгол доктор юун нийгэмд баялаг бүтээх, дээр нь нэмж нэхээд байхаар түүний зах зээлийн үнэлгээ ямар байх нь тодорхой.

    Өнөөдөр зах зээл дээр борлуулагдаж байгаа бараа үйлчилгээний үнийн 40 орчим хувь нь өртөгтөө шингэдэг гэнэ. Гэтэл бараг 60 хувийг нь пи ар, чанар, брэнд, копи райт, туршлага, уламжлал, мөн бүтээгдэхүүн хийж байгаа орны нэр хүнд зэрэг нь бүрдүүлдэг гэнэ. Румын болон монгол үйлдвэрлэгчийн бараа үйлчилгээний борлуулах үнэнд энэ 60 хувь огт байдаггүй, өөрөөр хэлбэл ямар ч брэнд үгүй, аягүй бол хулхи юм хийсэн учир копи эрхгүй, улсынх нь нэр айдас хүрмээр байгаа. Ингэхээр бид холивүүдийн ямар ч гоё кино үзлээ гээд амьдрал дээр өөрсдийгөө болон бараа бүтээгдэхүүнээ кинонд өгүүлсэн шиг үнэ хүргэж чадахгүй. Ердийн л муухай үнэн энэ байна.

    Дэлхийн дайны дараа Японы бүтээгдэхүүн нь чанар муутай боловч хямд юм зайлуул гэсэн нэрээр барууны зах зээлд гарч эхэлжээ. Өнөөдөр Япон гэдэг бол чанар гэсэнтэй ижил утгатай. Тайван, Солонгос ч энэ замыг туулсан. Одоо хятадууд араас нь хүчтэй түрж орж байна. Харин Филиппин, Индонез гэсэн нэр ямар байсан тэрүүгээрээ л үлдсэн. Юутай ч япон, солонгос, тайванчууд энэ замыг туулахад 50 жил зарцуулснаас гадна өөрсдийнх нь овсгоо самбаа нөр хөдөлмөр асар их орсон. Румынчүүд болон бид нар уг нь ажилсаг л даа, гэхдээ л цаана нь хугацаа хэрэгтэй байна.

    Бид яаж ажиллаж байна, тэрэндээ л тохирсон цалин авч байгаа. Гэнэтийн бороо шиг хааяа хааяагийн 70 мянга, хүүхдийн мөнгө, авилгачдын хулгай дээрмийг энд тооцолгүйгээр зүгээр статистик дундачаа хэлж байна. Монгол багшийн бэлдсэн мастер цолтон ихэнхдээ зах дээр ногооны худалдагч болдог учраас, монгол эмчийн бүтээлийн үр дүнд дундач наслалт 70 хүрдэггүй, хүн амын дундах халдварт өвчлөлт өндөр, ой хүртэл хүүхдийн эндэгдэл дэлхийн төвшнөөс дээгүүр учраас манай цалин ийм байгаа. Монгол өвчтөн олсон мөнгөөө хармайлаад үгүйдээ л Эрээний эмнэлэг рүү, үгүй бол лам бөө үзмэрч рүү гүйдэг учраас. Дундаж монгол шүүгчийн гомдол барагдуулалт ихэнхдээ хэний ч сэтгэлд нийцдэггүй учраас. Монгол үйлдвэрлэгч нар 999 - үүлээ нийлж тус бүрдээ 700 доллар гаргаад энэ мөнгөөрөө 11 тэрбум долларын ашиглалтын өртөгтэй ордыг эзэмшинэ гээд таван кийлийн хүрз бариад дайрдаг учраас. Монгол дуучдын энүүхэндээ хит болсон хөгжим нь гадны юмыг эрээгүй хулгайлсан байдаг учраас. Монгол хүмүүс субботникоор 70 гаруй жилд ширэнгэ болохуйц олон мод тарьсан боловч 99 хувь нь ургадаггүй учраас. Монгол инженерүүд байгаа цахилгаан станцынхаа засварт хоёр шинийг барих мөнгө үрдэг учраас. Монгол эрдэмтэд “шинэ нээлтээ” зах зээлд гаргаж худалдахын оронд зөвхөн Монголдоо, эх орондоо зориулна, гадныханд ашиглуулахгүй гэж марзан юм ярьдаг учраас. Монголын парламентийн гишүүдийн үнэн сэтгэлээсээ ханддаг ганц юм нь морь уралдуудах байдаг учраас. Монголын Ерөнхийлөгч улсаа хөгжүүлэхийн тулд уул тахиж, хөгжлийн түлхүүрийг савдагаас гуйдаг учраас. Монгол Ерөнхий сайд зах дээр очиж өргөн хэрэглээний барааны үнийг буулгах үүрэг өгдөг учраас... бид ийм л цалин авдаг юм даа. Румын ч бас ялгаагүй ийм л юм шиг байна лээ. Лам хувраг, үзмэрч, бөө удган, илбэ жатгачингууд юу ч хэлдэг үздэг бай, энэ хорвоо өөрийн жамаараа л урагшилдаг.

    Байхгүй юмандаа сэтгэл гутрах биш байгаадаа сэтгэл дүүрэн жаргалтай явах гэж нэг үг бий. Дундуур аягыг бараг хоосон байна ч гэж хэлж болно, бараг дүүрэн байна ч гэж хэлж болно. Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болох гэж байна. Улирах зуунд ийм том дэвшил хийж урагш нэвт түрэн гарч ирсэн өөр үндэстэн энэ дэлхийд төдий л олон биш байх. Өнгөрсөн 20 жилд дэлхийн жаяг хэмжээ дамжааг ойлгосон бидний хурд бүр ч турботой эрчимжсэн. Сүйрлээ сүйдлээ, үхлээ хатлаа гээд явсаар хүний амьдралын богино хугацааг өнгөрүүлэх юутай гунигтай. Сүүлийн 100 жилд европ америк хүмүүсийн үе хооронд техникийн дэвшлийг эс тооцвол бараг хувирал гараагүй. Харин монголчууд бид юун үе байтугай тав арван жилийн дотор ямар их өөрчлөлтийн хуй салхинд яваа билээ. Үүнийг уншигч та эцгээсээ өвөөгөөсөө, хэрэв байдаг бол элэнц хуланцаасаа асуугаад үзээрэй. Бид хурдтай урагшилсаар л байгаа, гэхдээ Холивүүдийн киноны амьдрал хүртэл бас л хол байна.

2010 оны 5 дугаар сар 17