Монгол Улсын Хүний гавъяат эмч Зэвэгийн Мэндсайхантай хийсэн ярилцлага.



-Мэндээ эмч ажлаа өгчээ. Халагдах өргөдлөө өөрөө өгсөн байх юм. Хална гэхээр үгүй гэж зүтгээд, шүүхдээд эргэж томилогдоод, ядаж ажилгүй үеийнхээ цалинг нөхөж аваад байдаг болсон “сайхан” цагт яасан сонин явдал вэ гэж...

-Цэргийн албанд байтал Сайдын зөвлөл ажлын тайлан хэлэлцэнэ гэж дуудлаа. Уул нь тайлан хэлэлцэнэ гэдэг нь тодорхой хугацаатай, өөрийн дүрэм журамтай эд.  За энэ ч яахав гээд чөлөө аваад очлоо.

-Галзуурахад ч дэс дараа байдаг гэгчээр тайланд хугацаа байдаг гэдгийг ойлгож байна. Харин өдий насны хүн “цэргийн алба ч гэх шиг”, “чөлөө аваад ч гэх шиг” юу ярьчихав аа.

-Би армид алба хааж байгаад бэлтгэлээр халагдсан ахлах офицер, өнөөдрийн байдлаар бэлтгэл хурандаа хүн л дээ. Монгол улсын хуулиар дуудсан цагт бэлхэн байж, цугларалтад очих үүрэгтэй. Энэ л үүргийнхээ хүрээнд цугларалтанд дуудагдан татагдаад байтал Сайд дуудсан. Эрхбиш энх цаг юм хойно чөлөө аваад очсон хэрэг. Гэтэл эмнэлгүүдийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэдэг юмаа хэлэлцээд хамгийн муу үнэлгээтэй хоёр эмнэлгийн тоонд манайхыг оруулаад ирлээ.  Ингэнгүүт л “За өнөө гуя дагуулж хүзүү зарна” гэгч л болж байна гэж бодогдоод суулаа. Мэргэжлийн хяналтын газрыг төлөөлөн Сайдын зөвлөлд нэг гишүүн асууж байнаа -   “Энэ үнэлгээнд мэргэжлийн хяналтын үнэлгээг харгалздаг уу?” гэж. Яамны Хяналт үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюунсүрэн гээч охин: “Мэргэжлийн хяналтын үнэлгээг харгалздаггүй” гэж тууж байна. Би тун их гайхаж суулаа. Мэргэжлийн хяналтын агентлагаас эмнэлгүүдийн чиглэлээр явуулж байгаа  чанарын хяналтын үйл ажиллагааг яам нь байгууллагуудынхаа  ажлыг дүгнэхэд хэрэглэхгүй юм бол яах гэж энэ том агентлаг байгаа юм бол гэсэн асуулт гарна.

Олоон жилийн өмнөөс яамдууд харъяа байгууллагуудаа үнэлэх дүгнэх нь өрөөсгөл субъектив хандлагатай байна гээд улс төрийн шийдвэр гарч хөндлөнгийн үнэлгээ шалгалт хийж байхаар Улсын мэргэжлийн хяналтын газар гэх энэ том агентлагыг байгуулаагүй бил үү ? Эмнэлгүүдийнхээ магадлан итгэмжлэлийн дүнг ч  бас харгалздаггүй байх нь гэсэн шүү юм бодож суулаа. Сайдын зөвлөлийн бас нэг гишүүн асууж байна аа. Жилийн өмнө гэмтлийн эмнэлгийн удирдлага хэд хэд солигдоод яаж хямарч байлаа. Гэтэл жил гаруйхан хугацааны дараа тогтворжиж эхэлж байна. Тэгэхээр энэ байгууллагыг  тогтвортой ажиллаж байсан бусад том, бага байгууллагуудтай “нэг шүүр”-ээр үнэлж болж байгаа юм уу? гэхчилэн асуусан боловч олигтой хариулт хэн нь ч өгч чадсангүй. Том, бага аливаа эмнэлгийн гол ажил нь эмчилгээ, үйлчилгээний ахиц дэвшил. Үүний түвшинг Мэргэжлийн хяналтын агентлаг болон эмнэлгүүдийн магадлан итгэмжлэлийн дүнгээр тогтоодог. Магадлан итгэмжлэл нь ирж үзээд 4 жилдээ ажил үүргээ дажгүй гүйцэтгэнэ гэсэн үнэлгээ өгөөд удаагүй байдаг. Ер нь олон улсын практикт энэ магадлан итгэмжлэл гэдгээр үнэлэгдсэн байвал уг байгууллагад гадаад, дотоодын аль ч хэрэглэгч итгэлтэй хандаж болно гэсэн үг л дээ. Нэг, хоёр жилээр эргэж үзэхээр хугацаа өгвөл энэ байгууллага бас жаахан “но”той засч сайжруулах юмтай л гэсэн үг. Бас л нэг хөндлөнгийн үнэлгээний хэлбэр. Эмнэлгийн ажлын  үзүүлэлт нь хоног болоогүй нас баралт,хэвтсэн өвчтөний тоо, сайжирсан, нас барсан өвчтөний тоо, дундаж ор хоног, орны эргэлт гээд дэлхийн стандарт болсон өдий төдий статистик үзүүлэлт нь гэмтлийн эмнэлгийн хувьд ноднингийн эхний хагас жилээс сайжирч гарсан байдаг. Гэтэл энэ гол үзүүлэлтээ харгалздаггүй юм байна. Тэгээд, эдгээр ажлыг нь “монитор”-дож байдаг мэргэжлийн хяналтын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн үнэлгээгүйгээр дүгнэнэ гэж байх уу?. Тэгээд л зориуд зохион байгуулалттайгаар миний эсрэг хийж байгаа ажил болох нь ойлгомжтой болж ирлээ. Гаргасан үндэслэл нь бүтэмжгүй болоод ирэхээр “манлайлал” энэ тэр гэж хүртэл ярьсан...

-Ажил бол сайн байсан гэх гээд байна уу

-Хэрвээ эмнэлгийн ажлыг нас баралт, эндэгдлийн тоо мэтийн дээрхи үзүүлэлтүүдээр үнэлсэн бол энэ хамт олны  ажил сайн байсан. Энэ тоог хаанаас ч харж болно. Энэ жил гаруйн хугацаанд Франц-Монголын засгийн газар хоорондын гэрээгээр 4,5 сая еврогийн өртөг бүхий оношлогооны болон мэс заслын багаж хэрэгсэл, хүчилтөрөгчийн үйлдвэр зэргийг энэ хамт олон эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж цаг хугацаанд нь суурилуулсан. Хүчилтөрөгчийн үйлдвэрийг байшинг нь барьж зэс хоолойгоор  сэхээний тасгийн ор болгонтой холбож үйлдвэрийг 3-р сар гэхэд суурилуулсанаар сар тутам 5 сая гаруй сая төгрөгөөр хүчилтөрөгч худалдаж авдаг байсан зардлыг хэмнэж чадсан.

-Ажлын цаг, үр ашиг гэдэг хоёр ойлголтын нэгдэл их чухал гэж ярьдаг.

-Хүмүүс ажилдаа цагтаа ирэх  нь байгууллагынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага. Харин цагтаа гэртээ харьж байх нь ажилтныхаа өмнө байгууллага өөрөө хүлээр хариуцлага. Ийм учраас ажлын цагийг баримтлах ба түүнийг үр ашигтай байлгах асуудал бол менежмэнтийн гол хэсэг.

Олон жил ашиглаж чадаагүй байсан өргөтгөлийн барилга дах хоёр хагалгааны өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн засварлаж ашиглалтад оруулсанаар 21-22 цаг болж байж хагалгаа дуусдаг байсныг ажлын цагтаа дуусгадаг болсоноор ажиллагсадаа цагт нь тарааж чаддаг болсон, олон сая төгрөгийн илүү цагийн мөнгө хэмнэж чадсанаас гадна хагалгааны өрөөний хэт ачааллыг бууруулж эмнэлгийн доторхи халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж чадсан. Угаалга ариутгалын өндөр үнэ бүхий орчин үеийн машинуудыг өрөө тасалгаа болгонд нь засвар өргөтгөл хийж суурилуулж бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан.Бараг бүх тасгууд өөр өөрсдийнхөө хуримтлалаар олон арван сая төгрөг босгож тасгуудаа тохижуулж засч чадсан.

Ялангуяа хүүхдийн тасгуу д/эрхлэгчБ.Жаргалсайхан, М.Болдбаатар/, түлэнхийн тасаг /эрхлэгч Галбадрах/, сэхээний тасаг /Ж.Батмагнай, Түмэн-Өлзий/  онцгой идэвхи санаачлагатай ажилласан. М.Болдбаатар эмч санаачлан Японы өвсний үндэс хөтөлбөрөөр бүхэл бүтэн тасаг тохижуулахад хүрэлцээтэй эмнэлгийн ор каталка захиалсан нь хэзээ мөдгүй буух дөхөж байна. Түлэнхийн тасгийн эрхлэгч Галбадрахын санаачлага идэвхитэй хөөцөлдөөний дүнд Солонгосын Хюндай корпорацаас санхүүжилт олж тасагтаа 100 гаруй сая төгрөгийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлуулж чадсан.

Хэрэвээ байгууллагын ажлыг ашигтай ажилласан, хэмнэснээр үнэлдэг бол манай эмнэлэг шиг ашиг орлоготой ажиллаж ирсэн нь цөөн байх. Ганцхан жишээ дурдахад: Мөнгөн гүүр гэдэг эмнэлэг дээр сард улсын төсвөөс 29 сая төгрөгөөр түрээслэж, өдөр тутмын телевиз, радиогоор “цоллуулж” байсан Түлэнхийн тасгаа бид үр дүнтэй менежмент хийж байж, мөн бүтэн 2 сар эмнэлэг дээрээ “субботник” хийж байж гурвын гурван тасгийг засварлан шилжүүлэн байрлуулж байж эмнэлэг дотроо оруулж багтаасан. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Үр дүн нь төсөв хүнд үед бид улсын төсвөөс 400 гаруй сая төгрөг хэмнэж чадсан. Энэ үр дүнг 2014 оны ажил дүгнэхэд хэн нь ч ойлгож ач холбогдол өгөөгүй. Байгууллагуудынхаа ажлыг “цаасан буу”-гаараа л дүгнээд өнгөрсөн. Би ч тэгэхэд нь олон юм хэлээгүй. Сүүлд нэг хурал дээр улсын төсөвийг 400 сая төгрөгөөр хэмнэснийг ярилцахад Шийлэгдамба сайд сонсоогүй явж байсан..Өөрсдийн орлогоор Тэрбум 200 сая төгрөг хуримтлуулж төрийн санд тушаасан.Энэ орлогийн багагүй хувийг түрээслэгч байгууллагуудаас оруулсан байгаа.

Хэрэвээ сайн менежмент хийж захиргааны  аппаратыг боловсронгуй, үр ашигтай болгосноор хэмждэг бол бид сайн ажилласан. Албан тушаалтай болгон нэг нэг өрөө эзэмшиж байсныг болиулж, японы ажлын байрны  зарчмаар нэг танхимд төвлөрүүлснээр эмчилгээ үйлчилгээний ямар их боломж, талбай гарсныг манайхан хэлээд өгнө.Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бараг 100 эмч сувилагчдыг гадаад дотоодод богино хугацааны сургалтад хамруулж чадсан. Тийм ээ энэ хамт олон муу ажиллаагүй, атгасан гар шиг нэгдэлтэй зүтгэлтэй байж энэ том ажлуудын ард гарсан даа. Тиймээс энэ 600-аад хүний ажлын салбартаа байтугаа өөрөө “нялх” охин, сайдынхаа амаар гутааж хамт олныг доромжилсонд би бухимдсаан. Үнэн.

-Хэвлэлээр таныг ажлын байрны түрээстэй холбоотой асуудлаар буруутгасан мэдээлэл тарааж байсан.

-Та нар анзаарсан бол ажлаа өгсний дараа Эрүүл мэндийн яамнаас тараасан мэдээлэлд намайг өөрийн хүмүүсээ тийш нь оруулсан мэтээр гүтгэсэн байгаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэлээ гэгчээр  манай сайдын албатууд дотор эмнэлэг рүү утасдаад лавлачих сэхээтэй амьтан байгаагүй бололтой. Үнэн хэрэгтээ би тэнд томилогдож очоод тэнд байсан нэг ч газрын хэрэгжиж байсан  гэрээг нь цуцлаагүй. Сайн ч, муу ч ажил олгогч, цаанаа өдий төдий хүн тэжээж, бас татвар төлж яваа аж ахуйн нэгжүүд. Би хувийн секторт мундахгүй олон жил ажилласан тул мөнгө яаж бий болдгийг яс махаараа мэдэрч ойлгосон хүн. Хэвийн үйл ажиллагаагаа явуулаад болоод байгаа, татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн ажлыг нураагаад хэрэггүй гэж үзсэн. Тэрийгээ хэлээд гэрээний сахилгаа л сайн мөрдөхийг үүрэгдсэн. Зарим нь намайг очихоос арваад жилийн өмнө ч орсон газрууд байгаа. Тэр, өөрийнхээ эмийн санг байгуулсан гээд байгаа нь ч оргүй худал. Сая яамаараа, сайдтайгаа десант бууж ирж шалгасан гэсэн. Эмнэлэгт түрээсээр ажиллаж байгаа аптекуудад Монг-Эм ХХК-ийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн монгол эм тан нэг ширхэг ч байгаагүйг нүдээрээ үзээд явсан байна лээ.  Цайны газраас эхлээд эмнэлгийн үйлчилгээг дагасан үйлчилгээ л шүү дээ. Тэрнээс биш баар, ресторан, их дэлгүүр тэнд байна гэж үгүй. Энэ үнэнийг мэдэнгүүтээ л сайд нь сонгон шалгаруулалт хийгээгүй оруулсан байна гээд л телевизээр яриулж байна. Аль ч  эмнэлэг дээр түрээсээр ажиллаж байгаа хувийн аж ахуйн нэгжүүдэд хэзээ ч сонгон шалгаруулалт хийгдэж байгаагүй юм байна лээ. Харин намайг очсон даруйд тэрийг нь ч гаргах энийг нь ч гаргах хүсэлт шаардлагууд ирж байсан. Энэ эмнэлгийн дүрэм журмыг зөрчөөгүй л бол энэ аж ахуйн нэгжүүд хэнд гай болоод байгаа юм, ажлаа хийж л байг гэсэн. Түрээслэгчдыг дуудаад гэрээний үүргээ чанд биелүүлж байгаа нөхцөлд энэ эмнэлгийн эрхтэн дархтан, эмч ажиллагсад та бүхнээс “нэг аяга хоол ч үнэгүй дарамталж идэх” эрх байхгүй шүү. Хэн нэгэн их бага хэмжээгээр дарамтлавал шууд нэртэй устай нь над дээр авчраарай гэж ч хэлж байсан. Түрээслэгчид миний энэ үгийг бүгд санаж байгаа гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэг дээр түрээсэлж байгаа байгууллагуудаа сонгон шалгаруулалт хий гэдэг үүргийг сая 7 сараас хойш АТГ тус эмнэлэг дээр шалган туслах, соён гэгээрүүлэх ажлаар ирэх үедээ зөвлөмж болгож өгсөн. Энэ дагуу сонгон шалгаруулалт нь яваад дууссан одоо бодвол шийдвэр нь гараа биз. АТГ гэснээс  миний ажлыг авсан оройгоо яамныхан 25-р телевизээр, Мэндсайхан дарга АТГ-д шалгуулж байгаа, 11 газрыг түрээсээр оруулсан байсан учир ажлаас өөрчилж байгаа юм гэсэн утгатай гүтгэлэг цацсан. 25-р телевизээс асуухад ЭМС Яамнаас өгсөн захиалгат нэвтрүүлэг байсан гэсэн ам тайлбар өгсөн дөө.

Уг нь АТГ-ын зуны үзлэг бол өөрсдийнхөө графикийн дагуу л эмнэлгүүдээр хийж байгаа төлөвлөгөөт ажил гэсэн. Одоо ч дараа дараагийнхаа эмнэлгүүдээр хийж л яваа биз.Тэд танайх гайгүй байнаа. Зарим нэг тушаал дээр чинь хүчингүй болсон тушаалын ноймор байна. Уг нь яам чинь ийм ийм тушаалууд хүчингүй болсон гэдэг мэдээллээр эмнэлгүүдээ хангаж байх ёстой юм. Энэ тэрээ засаарай гэсэн зөвлөмжөө өгсөн.Энэ зөвлөмжийг одоо хэн ч үзэж болно Түрээсээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүддээ хууль биелүүлэх үүднээс сонгон шалгаруулалт хийх үүрэг өгөөд 9 сарын 1 гэхэд хийсэн ажлаа эргэж  тайлагна гэсэн үүрэг өгсөн. Бид ч тайлангаа хүргүүлсэн, одоо хариугаа авсан  биз.

“Мэндсайхан даргыг АТГ шалгасан юм огт байхгүй” гэж надаас ажил хүлээж авсан ГССҮТын даргыг түр орлон гүйцэтгэгч Бат-Оргил эмч хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн гэсэн. Нэвтрүүлгээр гарахдаа утга нь өөрчлөгдөж монтажлагдаад гүтгэлгийн чанартай болсон байсныг бүгд л үзсэн Эдгээр аж ахуйн нэгжүүд хэн нь  хэзээ, хэний үед энд ажиллаж эхлэснийг хэлэлгүй зориуд орхигдуулж байна л даа Тэртэй тэргүй хамт олон нь хэзээ хэрхэн орсоныг нь нэгд нэгэнгүй мэдэж байхад ингэж гөрдөх нь өөрсдийгөө л хэн гэдгээ харуулчихлаа. Хүмүүс хамт олон өөрийн бодолтой.Хуучин шиг сайд л үнэн байх ёстой гэж итгүүлдэг, итгэдэг үе маань өнгөрөөд 25 жил болчихоод байна шүү дээ.. Хэрвээ, гэмтлийн эмнэлэгт хүний эрүүл хөлийг тайрлаа гэж гөрдөөд баригдах дээрээ тулахаар “ нээрээ тэгсэн, гучин жилийн өмнө болсон явдал” гээд байвал ямар байх вэ, тиим юм.

    Ажил үйлчилгээ ажилтан авах журам сонгон шалгаруулалт дээрээ тулах юм бол сайдын өөрийн эргэн тойрны чухал албан тушаалтны хэд нь хууль зөрчөөгүй томилогдсон болохыг асуувал харин ч хариулт гарч ирнэ...

-Монхимо гэдэг компаниар эмнэлгийн байрыг нураалгаж өөрөө тасаг нээх гэж байсан ч гэх шиг юм яригдсан байсан.

- Монхимо компани ясны сийрэгжилтын лаборатори байгуулах, хэвтэж байгаа өвчтөнийг үнэгүй үзэж өх,амбулаторийн өвчтөнг хөнгөлттэй үнээр үзэж оношлож өх нөхцөлтэйгээр нилээд том талбай түрээслүүлэх санал тавьсан юм.Гэвч эмнэлэгт тийм том талбай олдоогүй, манай өвчтөнүүд Мөнгөн гүүр эмнэлэг рүү явган нүцгэн цувж мөнгө төлж үзүүлдэгийг нь “нэг цэгийн үйлчилгээ” болгох санаатай, хүлээн авах яаралтай тусламжийн дээр байдаг 4 баганыг шилэн витринээр үзэмж төгс бөглөөд шатаа хийж заал болгон түрээслэх, гэхдээ ТӨХ-ны зөвшөөрөл болон барилгын шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг өгөөд хамтран ажиллах гэрээ хийгээд амралтаа аваад явсан. Амралтаас буцаад иртэл эмнэлгийн дээр энэ компани ажлаа эхэлсэн, эмнэлгийн зааж өгсөн тэр хэсгийг буулгаж байсан. Юу хийж байгааг асуутал барилгын экспертүүд барилгын энэ хэсэгт цууралт үүссэн бөгөөд дээвэрийн хэсгийн 200тонн тоосго бетонон хэсгийг бид өөрсдийн зардлаар  буулган хөнгөлж 50 тонн болгож байгаа юм гэсэн хариулт өгч байсан. Гэвч удалгүй захиргаанаас өгсөн чиглэлээс тэс өөр, дураараа загнан жижиг байшин барих гэж байсан нь илэрсэн тул захиргааны зөвлөлийн хурлаар оруулж хохирол барагдуулах үүрэг өгөн гэрээг цуцалсан даа. Олон арван шийдэл шийдвэр гаргаж байсны дотрох нэг алдаа, хүнд итгэснээс болсон миний алдаа байсан.Гэвч эмнэлгээс нэг ч төгрөг гаргаагүй, цууралтыг зогсоох,барилгын ашиглалтыг сайжруулсан эсэхийг цаг хугацаа харуулах биз.

-Түрүүн нэг манлайлал энэ тэр гэх шиг болсон.

-Манлайллаар тааруу байна гэж сайд хэлсэн. Манлайлал гэдэг бол ХХ зуунд  хувьсгалт нам, хувьсгалт залуучуудын эвлэлийн амьдралд бий болсон ойлголт. “Намын гишүүний манлайллын шалгалт ирсэн”, “Аймгаас ирсэн төлөөлөгч эвлэлийн гишүүдийг шалгаж байна” гэхчилэнгийн хэллэг байсныг тэр үеийнхэн мэднэ. Царайлаг залуухан эмэгтэй гишүүний манлайллыг илүү “нухацтай” шалгадаг төлөөлөгчийн тухай жиг жуг ч бишгүй байсан, энэ ч энд ямар хамаа байхав.

Орчин үед  англи хэлний Leadership хэмээх үгтэй дүйцүүлэн хэрэглэх болсон энэ үгийн утга нь тухайн цагтаа арай ондоо байсан. Намын даргадаа долдогносон, салбарынхаа удирдлага руу “шовгор” барьж гүйсэн, хийж бүтээхээсээ илүү сүржигнэж давхисан,  “хувьсгалт сонор сэрэмж” нэрийн дор хавь ойрынхноо хардаж парнойтсон, найз нөхдөө матаж сүйдэлсэн, “Монгол-зөвлөлтийн найрамдалд үнэнч” нэрийн дор хүн амьтныг хэрэг түвэг рүү түлхсэн  сэнтэгтэй амьтны нэр л байсан шүү дээ.

Харин орчин үед манлайлал гэдэг нь зөв зохион байгуулах чадвар, удирдсан газраа үр ашигтай байлгах авъяас, хамгийн гол нь ёс суртахууны хувьд үлгэртэй байх гэж л ойлгосон, шинэ цагийн манлайлал буюу Leadership гэдэг үгийг хуучныхаар бол удирдах ажил, өнөөгийн ойлголтоор мэнэжмэнт гэдэг  надад цоо шинэ зүйл ч биш. Гуч хүрээгүй  байхдаа л эмчээ хийхийн хажуугаар их бага хамт олныг удирдаж, очсон газар болгоноо өөд нь татаж босгож явсаан Дөнгөж төгсөөд УКТЭд дотрын эмчээр ажиллаад 3 жил болж байхад Сайд нарын зөвлөлийн тусгай тогтоолоор 1980 оны шинэ жилийн маргаашнаас Цэргийн госпиталд хэдэн нөхдийн хамт томилогдож дотрын тасгийн эрхлэгч,дотрын зөвлөх, Армийн дотрын зөвлөх зэрэг албыг 1991он хүртэл хашиж явлаа. Үндсэн ажлын зэрэгцээгээр ходоод гэдэс уушигны уян дурангийн шинжилгээг анх удаа Армийн Клиникийн Төв Эмнэлэгт нэвтрүүлж байв.

1990 оноос дотрын зөвлөхийн албатайгаа хавсруулан Уламжлалт Анагаар Ухааны тасгийг байгуулан улмаар пүүс компани болгон өргөтгөн зохион байгуулсан нь өдгөөгийн Эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн Монгол эмнэлгийн Монг-Эм ХХК. УАУны 200 гаруй нэр төрлийн эм тан өөрсдөө үйлдвэрлэдэг,оношлогоо эмчилгээ судалгаа явуулдаг, жилд 1000 гаруй хүн хэвтэн зөвхөн Дорно дахины уламжлалт аргаар дагнан эмчилгээ хийдэг ийм цогц байгууллага байгуулсаны төлөө 2007 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын хүний гавьяат эмч цолоор шагнуулж байв.

ГССҮТ-д ч тухайн үеийн ЭМЯны удирдлагуудын хүсэлтээр, олон дарга солигдсон, бослого хөдөлгөөн гарсан хүнд үед нь ирж байв.Даалгасан ажлыг нь нүүрийг нь улайлгахгүйгээр хийх итгэл зүтгэл өвөрлөн 1 жил 4 сар гаруй зүтгэлээ.

 2014 онд 10 хоног 2015 онд үнэндээ 15 хоног л амарсан. Хэн нэг нь ажилдаа ор гэж дарамтлаагүй ч төсөв мөнгө байхгүй, дулааны болон цэвэр бохирын шугам олон дахин хагарсан,засварын төсвийг нь хассанаас компъютер болон MRI аппарат доголдсон, энэ айлыг  энэ өвөл хөлдөөчихгүй, хоног тутам ирдэг ухаангүй хүнд өвчтөнүүдэд нь нэн чухал хэрэгтэй дээрхи 2 аппаратыг нь тасалдуулчихгүйн тулд л ажилдаа орж өөрөөс шалтгаалах болгоноо хийж ирсэн дээ. Байгууллагаа зөв удирдсан, зөв менежмэнтээрээ ашигтай үр дүнтэй ажиллуулсан, хүнийхээ хувьд ёс суртаалтай л байсан, эмнэлгийн хаалгаар халамцуу байтугай юм үнэртүүлчихсэн шагайсан удаа ч ядаж байхгүй.

Харин хувьсгал ёсны нам эвлэлийн манлайллаар бол яваагүй ээ, ажил хамт олон, яам тамгагүй мэднэ. МАХН-ын хүн сайд боллоо гээд Эрүүл мэндийн салбарт коммунизм байгуулна гэсэн үг биш байлгүй  дээ.

-Ярилцлагын эхэнд гуя дагаж хүзүү ч гэх шиг юм болсон гэж нэг үг хэлсэн юуг юутай зүйрлэсэн явдал болохыг асууя гэж бодож байсан юм.

-Яг үнэндээ бол социализмын үеийн нам эвлэлийн манлайллаар ажилладаг андынхаа нэгийг л манай сайд аврах гэсэн, өөр бусад найз нөхөддөө энэ суудлыг ямар ч аргаар хамаагүй авч өх гэснээс бүх юм үүдсэн. Тэрийгээ ч надад гуйх тулгах байдлаар хэлж шахаж байсан үе бий. Би тэгэхэд нь эмч болоогүй, хүн болж хүмүүжээгүй хүнийг би эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг хамгийн чухал гал тогоон дээрээ тавьж чадахгүй ээ л гэдгээ  хэлсэн..

Ер нь дээшээ зүүгдэж тогтдог хүний  доод ажил нь нурдаг байхгүй юу дээ. Тийм нэг андыгаа аврахын тулд, бас шахаасны хүндээ нэг хэсэг суудал бэлэглэхийн тулд “энэ ганцаараа муу байгаа юм биш, хэд хэдэн газар муу байна” гэж харуулахын тулд золигт гаргах амьтан хайхгүй юу даа. 

Тэр амьтнаа ганцааранг нь зодохоос халгаад  “харав уу, чи. Ганцхан чамайг балбаа юу” гэж өөрийгээ зөвтгөх байсан уу, “дутагдал хавтгайрсан учраас хамтдаа засахаас өөр аргагүй”  гэж нийтэд нялзаах,хажуугаар нь шахаж байгаад зайлуулж нэг бус орон тоо гаргаж авах гэсэн арга л гэж үзэж байна.Түүнээс биш долоо хоногт 200 гаруй мэс засал хийдэг ийм том байгууллагыг геронтологийн төв, хүүхдийн сувилал, арьсны эмнэлэг/эднийг би муу байгууллага гэдэг утгаар зүйрлээгүй гагцхүү жингийн тавганы хоёр талд гэмтэлийн эмнэлэгтэй зэрэгцүүлж тавьж болохгүй гэдэг утгаар хэрэглэснийг ойлгоно гэж бодож байна./ энэ тэртэй зүйрлэх аргагүй, ядахнаа орж гарсан хүмүүсийн тарьсан хог нь л гэхэд хэдэн зуун дахин их байдаг юм чинь.

Тэгээд хамгийн түрүүнд удирдах ажлаа сайн хийхийн оронд удирдах хүнтэйгээ сайн ажиллаж сураагүй  мань мэт л бууны овоо хараанд орсон хэрэг. 

Энэ санааг нь  нэвт хараад миний дургүй хүрч халагдах өргөдлөө ширээн дээр нь орхисон. Өргөдөлдөө эрүүл мэндийн салбарын бодлого ноцтой алдагдсан учраас цаашид тэвчиж ажиллах боломжгүй болсноо тэнд дурьдсан даа.

-Таныг сайн дураараа ажлаа өгсөн байтал араас чинь буруутгах шалтаг эрж давхиад байгаагийн учир юу юм бол,

-Эрүүл мэндийн тогтолцоог зөв гольдрилоор явуулья. Социализм ч биш капитализм ч биш нэг хурлийз бантан болчихоод яваа тухай, эрүүл мэндийн тогтолцоо эмнэлгийг улс төрчдөөс хол байлгая, даатгалын тогтолцоогоо өөрчлөе Эмнэлгүүдийн засаглалыг сайжруулья , гэх мэтээр би сүүлийн 20 иод  жил өөрийн үгээ хэлж нийтлүүлж яваа хүн. Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж яваагийн гол буруутныг миний бие Шийлэгдамба гэх этгээдээс ч хайгаад буруутгаад ч байгаа юм биш Энэ амьтан махны машин ажиллуулах зэрэг олиггүй үйлээс өөр юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой атал “бөөсөнд хутга” гэгчээр сайн ч муу ч сайд гээд сууж байгаа учираас л  энэ амьтанд хаяглаж бичсэн хэрэг.

Гэтэл энэ этгээд эрүүл мэндийн салбарт мундаг реформ хийж явахад нь би гэж нэг өчүүхэн бөөс таван үгтэй өрөгдөл өгөөд хамаг  нэр хүндийг маань унагачихлаа гэж эр бяраа гайхуулж байгаа ухаан нь энэ.Тавхан үгтэй өргөдөлд ингэж унаж үхэж байгаа бол өөртөө л гомдохоос. Өөрийн хийсэн, хийж явсан, хийж яваа  муу үйл чинь таныг ийм  болгочихсон юм биш үү. Харин энэ далимд миний бие эрүүл мэндийн тогтолцоонд бодлого ноцтой алдагдаж байгаа гэж үзэж яваагаа батлахын тулд сайд таныг хэвлэл мэдээлэл, телевизүүдийн өмнө нээлттэй мэтгэлцээнд урьж байна. Нэгэнт мэргэжлийн бус хүн гэдгийг чинь харгалзаад таныг яамныхаа бодлого тодорхойлж яваа гэгдэх “үүрэг гүйцэтгэгч” нартайгаа цуг ирж дэмжлэг туслалцаа авахыг тань  зөвшөөрье. Хэдийд хаана хийх гэдгээ эрх барьж байгаагаараа та шийднэ биз. Миний хувьд өвгөн буурал толгойгоо мөрөн дээрээ ганзагалаад ганцаараа очих болно.Таныг ирэхгүй байсан ч би зөвөөр ойлгоно

Харин энэ далимыг ашиглан Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог зөв горимд оруулах талаар санаа бодол үг хэлээ цээжиндээ хадгалан бухимдаж явдаг эрүүл мэндийн олон арван ахмад эмч эрдэмтэд ажиллагсадтай ийм нээлттэй хэлцүүлгийг орон даяар хийж байхыг хувь хувьсгалын хэвлэл мэдээллийн олон ажиллагсад сэтгүүлчдээсээ уриалмаар байна  Энэ бол та бид “гэртээ” сайн эрүүл мэндийн тогтолцоотой байх уу эсхүл гадны сайн эмнэлэг рүү хэдэн бор төгрөгөө бариад гүйгээд байх уу (эмнэлгийн туршилт ч болж байгаагаа тэр болгон мэдэхгүй шүү дээ) гэдгээ шийдмээр байна.

Өнөөдөр мөхөс миний бодлоор хөгжсөн бас өндөр хөгжилтэй орнууд эмнэлгүүдээр дээр хэдэн арван сая төг хаян хаян монголын өчүүхэн зах зээлийг улам бүр эзэлж байна.Дэлхийн Банкы тооцоогоор монголчууд 700 тэрбум төгрөгийг гадаадын эмнэлгийн үйлчилгээнд зарцуулж байна гэсэн байдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр улсуудын зах зээлийн түрэлтэд хамгийн түрүүнд манай төрийн байгууллагын албан хаагчид хамрагдан оролцох болсон явдал. Эд ичих нүүргүйгээр гадны том эмнэлгүүдийн брокер болсон байна. Ийм л юмханаар хүнийхээ үнэт зүйлсийг худалдаж чаддаг болсон байна.

Өнөөдөр улсын том эмнэлгүүдийн үүдэнд аль нэг улсын хандив тусламжаар авсан зарлалын самбарт тухайн эмнэлгийг биш тэр самбарын эзэн орныг, эмнэлгийг сурталчилсан реклам хөвөрч байгааг хүмүүс ажигладаг байх.

Би нэг аймагт ажиллаж явахдаа манай/ГССҮТ/ эмнэлэгт байсан нэг эмчээс  сонин яриа сонсож билээ. Жижүүртэй хоносон нэг ахмад сайн эмч түүнд “хоюулаа жаахан ачаалалтай хононо оо” гэжээ. Гэтэл шөнө ч болж. Нэг өвчтөн хагалгаанд оруулж. Түүний гарыг залгах учиртай юм байж. “Чи сайн наркоз өгнө шүү Би хийдгээ хийнэ” гэлээ Учрыг бүрэн ойлгоогүй ярилцагч маань сонин мэс засал болох нь дээ гэж бодоод орж. Мэс засал 6-8 цаг үргэлжилж. Учир нь бүхэл бүтэн гар залгасан байна. Хагалгааны дараа өнөөх эмчлэгч эмч маань надад 800.000 төгрөг өгдөг  юм байна. Гайхаж мэгдэж хартал “энэ чамд ногдох  учиртай юм аа. Энэ хүний хагас тасарсан гарыг би өчигдөр салгаад хаячихсан бол над 30 минут л хангалтттай байсан. Би сэтгэл гаргаад гартай нь үлдээж байгаа юм. Энэ хүнд мэс заслыг 8 цаг хийлээ гээд, хүнийг гартай нь үлдээлээ гээд миний цалин өнөөх л “ТҮ” зэрэглэлээрээ л байна шүү дээ. Энэ бол гартайгаа үлдсэн иргэний баярласан сэтгэл. Хахууль биш шүү. Манай тогтолцоо иймээс хойш, би хүнээ гартай болгоод зохих ёсны урамшууллаа хүнээсээ л авч байгаа юм Дүү минь цочирдох юмгүй ав. Систем нь ийм юм чинь чи бид хоёр баригдвал хоюулаа алуулна. Харин энэ хүнд бол өрөөсөн гараа тайруулаагүй эрхтэн бүтэн үлдэж байхад хоёр сая төгрөг юу юм бэ” гэсэн гэнэ... Тиймээ би ийм тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй гэж үзэж зүтгэж явдаг хүн.

-Таныг бас Гэмтэлийн эмнэлэгт Уламжлалт эмнэлгийг нэвтрүүлж байгаа, өөрийнхөө үйлдвэрийн монгол эм танг Гэмтэлийн эмнэлэг  дээрхи 5 аптекаар борлуулдаг гэж буруутгасан байсан.

Гэмтэлийн эмнэлэгт  надтай, надгүй уламжлалт эм тан зайлшгүй хэрэгтэй юм аа. Юу гэхээр аливаа гэмтэл бэртэл авахад гэмтсэн халуун гээч юм үүсдэг. Үүний хорыг дарахгүй бол цаашид гэмтэлийн урхаг муу цус болж үүсдэг Энэ муу цус нь эсхүл даралт ихсэх, цус өтгөрөх магадгүй элгэнд хурж хуримталсаар элэгний хавдар ч юм уу олон архаг эмгэг үүсгэдэг жамтай хэмээн Уламжлалт Анагаах Ухаанд сургадаг.  Ер нь нүүдэлчдэд голлон тохиолддог өвчин бол бэртэл гэмтэл байсаар ирсэн тул үүнийгээ анагаах мянганы туршлага уламжлалтай гэдэгтэй маргах хэрэггүй.

Өнгөрсөн жилийн ГССҮТ-ийн “Онол практикийн бага хурал”-ын эмхэтгэлд “Уламжлат Анагаах Ухааны тулгуур судрууд дахь Гэмтэл ослын тусламжийн талаар өгүүлсэн нь” гэх утгатай том өгүүлэл нийтлүүлсэн байгаа.

Уг нь Монголын гэмтлийн эмч нарын нэг давуу тал нь энэ уламжлалт эм тангаа, гэмтсэн хүмүүстээ зөв хавсруулан хэрэглэж чаддаг болвол мөн их буян болохоос гадна “хос морьтой” болж хоёр цонхоор харж чаддаг болж байгаа юм. Энэ талын арвин баялаг өвтэй Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг олон орон ингэж хэрэглэж ирсэн. Одооны хэлээр ярьвал гэмтэлийн бас нэг эмчилгээний Modality-ийн бүхэл бүтэн систем нэмэгдэж байна гэсэн үг. Би энэ эмнэлэгт дарга хийхийн зэрэгцээ аль нэг хүнд өвчтөнийг эмч нарынхаа хүсэлтээр үзэж ганц нэг эм тан бичиж өгч хүмүүс нь түргэн илааршиж байсан. Манай эмч нараас сэхээний зөвлөх Батмагнай, мэс заслын тасгийн эрхлэгч Өлзийбаатар зэрэг олон эмч  өвчтөн дээр нь үр дүн гаргаад  байгаа болохоор ихэд сонирхон хэрэглэх болсон. Яс бороолуулахад л гэхэд өдий төдий монгол эм тан бий.Гэтэл ийм үр дүнтэй эм Ёвроп АУ-д байхгүй л байгаа шүү дээ.

 Иймээс  2015 оны тендерт гэмтсэн үед хэрэглэдэг цөөн тооны олон найрлагатай монгол эм танг оруулахаар шийдвэрлэж Уламжлалт Анагаахын ШУТехникийн корпорац/Ардын эмнэлгийн хүрээлэн/ шалгарч эм тан нийлүүлж, өвчтөнд туршлагатай клиницист ахмад эмч Зина ахлагчтай сэргээн засалтын эмч нар эмчлэгч эмч нарын хүсэлтээр эмчилгээний нэг хэсэг болгон хэрэглэж байгаа.

Гэтэл Ардын эмнэлгийн хүрээлэн өөрсдийн хийж чадахгүй байгаа зарим цөөн эм танг миний ажиллаж байсан Монг-Эм ХХК-ийн үйлдвэрээс авахаар аль 3 сард гэрээ хийж, тэндэрт орсон нь сайд албатуудтайгаа ГССҮТ дээр десант буух үеэрээ “илрүүлж”, “Уламжлалт эмийг гэмтэлд хэрэглэж болохгүй, энэ тэндэрийг зогсоо, мөнгөөр/мөнгө нь шальгүй юм байгаа/ нь европ эм ав” гэж ярьсан байгаа юм. Гэтэл монгол улс аль 25 жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанаа европ эмнэлэгтэй хослуулан хөгжүүлнэ гэсэн төрийн бодлоготой улс. Эрүүл мэндийн хуулинд бүр “Сум тосгоны эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг уламжлалт болон орчин үеийн аргаар үзүүлнэ” гээд заачихсан юм ш дээ түүнийг үзсэн баймаар юм. Намайг 5 аптекаар эмээ зарсан гэж гөрдсөн нь бишдээд ирэхээр ийм юм гаргаж ирж байгаа юм. Уг нь аль нэг эмнэлэгт тендерт, аль нэг байгууллага орохдоо өөрт байхгүйгээ бусад компанитай гэрээ хийх замаар хамтран нийлүүлэхийг аль эрт хуулиар зөвшөөрөгдсөн эд л дээ. Манай эмнэлэгт/ГССҮТ/ хүнд өвчтөн дээр монгол эм хавсран хэрэглээд олон хүн боссон. Нэг жишээ нь автын аюултай осолд ороод, эдгэрч боссон Атармаа эмч (Эрүүл мэнд спортын дэд сайд асан) байна.

-Та чинь бас Нэгдүгээр эмнэлгийн дарга байгаад “хөөгддөг” бил үү хэдэн онд билээ

1996 оны 12-р сарын 12нд Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдон 6 жил орчим ажиллаад 2001 онд сонгуульд оролцсон “улс төрч” хүн гэдэг шалтгаанаар ажлаас халагдаж байв.Дээд Шүүхээс үндэслэлгүй халагдсаныг тогтоосон ч би дахиж орохыг хүсээгүй.  Нэгдүгээр эмнэлгийг би 70 гаруй сая төгрөгийн өртэй хүлээж аваад 150 гаруй сая төгрөгийн ашигтай хүлээлгэж өгч байв. Улаанбаатар тойрсон гүүний саамны сувилалыг бид эхлүүлж байв. Нэгдүгээр эмнэлэгт “аж ахуйн дотоод тооцоо” нэвтрүүлж тасаг нэгжүүд ажилласны хирээр цалин пүнлүүгээ нэмэгдүүлж бас хорогдуулж болдог систем нэвтрүүлж байв. Эмнэлгийн гал тогоо угаалга болон бусад боломжийн туслах үйлчилгээг хувийн компаниар гүйцэтгүүлэх ажлыг эмнэлгийн байгуулагад анхлан нэвтрүүлж байсныг 2010 онд л концессын хууль болгон батлан гаргасан.

-Нэгэнт уулзсанийх танайхан чинь бараг бүгдээрээ эмч нар гэл үү

Эхнэр Цэвэлмаа зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор. 3-р эмнэлгийн зүрх судасны тасгийг сүүлийн хориод жил ахалж явсан алтан гартай эмч дээ. Зүрх судасны аль хүнд ноцтой эмгэгийг гардан эмчлэхдээ гаршсан хүн. 2 жилийн өмнөөс тэтгэвэртээ суусан ч долоо хоногийн хоёрдах өдөр болгон 3-р эмнэлэгтээ /тасагтаа/ очиж зөвөлгөө өгдөг. 1.3.5 өдрүүдэд Монг-Эм эмнэлэг дээрээ зүрхний эхо-гоо хийж хүн шавуулсан, хажуугаар нь намайг гэмтэлд очсоноос хойш энэ жижиг эмнэлгийнхээ тамгыг барих ажилтай суугаа. Хоёр охин нэг нь сэхээний нөгөөх нь Уламжлалтын эмч. Хүү маань харин комьпютерийн инженер.

-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Танд баярлалаа.

-Би нэг юм хүсвэл болох уу.

-За ямар ч байсан хүсээд үз. Болох болохгүйг дараа нь хэлье.

Нэг талаасаа улиг болсон, сэтгүүл сониныхон дургүй байдаг зүйлийг хүсэх гэсэн юм. Танай сэтгүүл зүйн салбарт багш шавийн холбоо ямар байдгийг мэдэхгүй. Их төлөв хувь хүний авъяас билиг дээр тогтож явдаг болохоор багш энээ тэрээ гээд сүйд болоод байдаггүй ч байж магад. Харин анагаах ухаан бол боловсрол, авъяасаас гадна туршлага дээр оршин тогтнодог. Ийм учраас эмчийн багш бол насан турш хэрэг болж, эрдэм онолоос гадна туршлагаараа тэтгэж явдаг насан туршийн багш байдаг.

-За ойлголоо. Энэ завшааныг ашиглан гэж ирээд л баахан багшийн нэр хэлэх нь байна

-Ер нь бол тийм

-За яахав, гаргалгаа нь сонин санагдлаа шүү.

-”Энэ завшааныг ашиглан” сонины тань уншигчид болон намайг эмнэл зүйн анагаах ухаанд хөтлөн оруулж бас нэг “эмчирхүү дүр” оруулахад үнэлж баршгүй тусламж үзүүлсэн Монголын анагаахын ноён оргилууд болсон Монгол улсын гавьат эмч доктор профессор Ч.Цэрэннадмид, Х.Гэлэгжамц, Цагаанхүү, Ичинхорлоо/эмэгтэйчүүдийн/,И.Пүрэвдорж, Д.Дүнгэрдорж, Дашзэвэг болон бусад ачит багш нартаа эрүүл энх сайн сайханыг хүсэн мэндчилье дээ.