Монголын хөгжмийн урлагийн уурхай болсон Хөгжим бүжгийн коллежоор үргэлж сонин сайхан ихтэй байдаг билээ. Тус сургуулийн концертын танхимд мягмар гариг бүрийн 17 цагт оюутан, сурагчдын уран бүтээлийн тоглолт тогтмол болж байдаг юм. Энэ нь ардын болон сонгодог хөгжим, балет, дуулах урлагт суралцагч хүүхдүүд юу сурч мэдсэнээ тайлагнах тоглолтууд байдаг. Тэр бүхнийг нь мэргэжлийн багш нар үзэж, шалгадаг тул энд болдог тоглолтууд хамгийн хүнд хэцүү  байдаг гэж уран бүтээлчид ярьдаг. Зарим нэг нь энэхүү концертын танхим цаазын тавцан мэт санагдах үе ч бий гэж хэлсэн байх.  

Энэ удаа мягмар биш, харин лхагва гаригт буюу гуравдугаар сарын 24-нд болох нэгэн онцлог тоглолтын талаар мэдээлэл хүргэх гэсэн юм. Энэ бол суут хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 200 жилийн ойд зориулж төгөлдөр хуур суралцагч хүүхдүүдээс өргөн барьж буй тусгай тоглолт. Төгөлдөр хуурын нэгдлээс нь санаачилж, сургуулиараа хөдөлж хийж буй уг тоглолтоор Ф.Шопены хаан хуурт зориулан бүтээсэн төрөл бүрийн гайхамшигт зохиолуудыг оюутан, сурагчид эгшиглүүлнэ. Түүний алдарт вальсууд, хээнцэр полонезууд, гялалзсан прелюди, түргэн хэмнэлт мазурка, скерцо, этюдүүд эгшиглэх нь ээ.    

Энэ онд дэлхий дахинаа сонгодог хөгжмийн ертөнцөд суут Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрөл бүрийн ажил зохион байгуулж, томоохон хэмжээний тоглолтууд болж буй юм. Энэ хүрээнд Монголын хөгжимчид, тэр дундаа суралцагсад тэрхүү суутанд хүндэтгэл үзүүлэхээр ийн зэхжээ.

Ф.Шопен зөвхөн төгөлдөр хуурт зориулж бичдэг хөгжмийн зохиолч байсан юм билээ. Түүний вальс, этюд, полонезууд маш гоё, үгээр илэрхийлэх аргагүй. Зарим алдартай  богино хэмжээний зохиолуудад  нь Оросын нэрт мастер М.Фокин бүжиг дэглэж, хооронд нь их гоёор эвлэлдүүлэн бүжгийн жүжиг дэглэсэн байдаг нь “Шопениана”. Түүнийг Монголын тайзнаа тавиад олон жил болж буй бөгөөд ДБЭТ одоогоос 20-иод хоногийн өмнө мөн суут хөгжмийн зохиолчид хүндэтгэл үзүүлэн энэхүү балетыг үзэгчдэдээ хүргэсэн юм. Тэрхүү тоглолтын үеэр ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн “Шопенд хүндэтгэл үзүүлэх нь уран бүтээлчдийн ч, үзэгчдийн ч хувьд их том соёл” хэмээн хэлж байсныг энэ удаа ч мөн давтан хэлье.

Хүүхдийнхэ хөгжмийн боловсролд санаа тавьдаг эцэг эхчүүд охид, хөвгүүдээ дагуулаад энэхүү тоглолтыг зоривол нэгийг үзэж, хоёрыг тунгаан харих буюу.