Энэ 7 хоногт
Тоглоомын дүрмээ хамтран зохиосон МАХН, АН сайдыг унагах “бор шувууг” дагаж нисэхгүй
Эрүүл мэндийн сайд С.Ламбааг унагахаар УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж явна.
Эрүүл мэндийн сайд С.Ламбааг унагахаар УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж явна. Яг 12 хүний нэр бүрдчихээд, хоёр намын бүлгээр оруулах дээрээ тулжээ. Ийм мэдээлэл амралтын өдрүүдийн гол дуулиан байлаа. Дуулианы эзэн, ширээнээсээ албан бусаар уначихаад байгаа С.Ламбаа харин одоогоор эзгүй, ирэх даваа гаригт эх орондоо ирэх юм.
Сайдыг эзгүйд гарсан энэ мессеж бодитой, нэр бүхий хүмүүсийн оролдлого болохыг АН-ын гишүүд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүртэл хүлээн зөвшөөрч байна. Ажлаа хийж чадаагүй, хүлээсэн үүрэгтээ түүртсэн нэгнийг төр гуйж ажиллуулах учиргүй ч, С.Ламбааг огцруулах тухай энэ яриа яг хэний шидсэн чулуу болох талаар таамаг хараахан сонсогдсонгүй. Анхнаасаа хамтарсан Засаг байгуулан тоглоомын дүрмээ зохиосон МАХН, АН энэ зэргийн “бор шувууг” дагаж дэвэхгүй гэсэн мэдээллийг хэлж байгаа юм.
Гахайн ханиадны вирусыг нутагтаа “урьж” оруулж ирсэн гэх шүүмжлэлтэй хамт албан тушаалд нь үлдээх, эсэх талаар ил яригдсаныг санаж байна. Сайд тэр үед, үнэхээр улс орныг хамарсан их эмгэнэл болж, түүнд нь би шууд хамаатай бол ажлаа өгсөн ч болохгүй гэх газаргүй гэж хэлсэн нь бий. Одоо харин түүнийг нялхсын эндэгдэлд буруутгаж байгаа. Нэгдүгээр төрөх төдийгүй, бусад бүх эрүүл мэндийн байгууллагын ажлын завхрал сайдын арчаатай шууд холбоотой гэлцэн “буудаж” гарлаа.
Шүүмжлэл бас үнэний ортой. Эрүүл мэндийн салбарын үе үеийн сайд, удирдлагууд зохион байгуулалтын шинэ санаа дэвшүүлж, хэрэгжүүлж байсангүй. Улсын томоохон эмнэлгийн даргаар томилогдсон хүмүүс эмнэлгийн газраас зарах, өөрийн бизнесээ шахах гэсэн хоёрхон шинэ санаа дэвшүүлдэг. Харин оношилгоо эмчилгээг сайжруулах, гадагш урсаж буй мөнгийг эх орондоо тогтоох талаар нэг ч удаа ганхийхгүй. Ингэх эрх боломж ч байхгүй, бас мөнгө хүрдэггүй гэх шүүмжлэл бий. Өөр нэг мэдээ байдаг нь иргэд ЭМЯ-нд ажлаа сайжруулаач гэж хандахаас илүү, гадаадад эмчлүүлэхэд туслаач гэж гуйдаг гэсэн. С.Ламбаагаас өмнө алба хашиж асан нэгэн сайд ийн хэлээд, жилд бараг далаад өвчтөн гадаадад илгээдгээ хэлж байв. Өөрийнхөө эрүүл мэндийн салбарт ДНБ-ийхээ 10 хувийг ч зарцуулдаггүй манай улс Хятад /53 хувь/, Орос /3 хувь/, Солонгос /31 хувь/, АНУ /6 хувь/-гийн эмнэлгүүдийг мөнгөөр тэтгэдэг нь нууц биш. Энэ утгаар яривал эрүүл мэндийн салбарт ярих юм их бий. Муу дүнг зөвхөн сурагч төдийгүй багш нь хамт үүрдгийн адилаар, мань сайдад бас хариуцлага тооцох үндэслэл байгааг үгүйсгэхгүй. Гэвч өнөөдрийн өнцгөөс харвал, хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж буй эрх баригч хоёр нам гүйцэтгэх засаглалаа авч үлдэх шаардлага бий. Танхимаас ганц нэг сайд цөмөх гэж байгаад, бүрэн бүрэлдэхүүнээрээ ганхаж байсан туршлага бишгүй тул энэ удаа С.Ламбаа сайдын асуудлаар аль аль тал нь түрүүлж дуугарахгүй бололтой. Сайдын хувьд бусдаас илүү гараагүй ч, жишгээр ажиллаж ирсэн тул салбарын муу дүнг ганцаараа үүрэхгүй гэх болов уу. Ийм л нэгэн дүр төрх хариас ирэх С.Ламбаа сайдыг, удахгүй завсарлах УИХ-ын чуулганыг угтаж байна.
Золзаяа.Д
Dr pradhan
Зочин
зочин
lambaa uneesei
baigal