Ардчилсан хувьсгал ба түүний аймаархи тайлбар
Ардчилсан хувьсгал Монголд өрнөөд 18 жил болж байна. Үе гэсэн ойлголт бий. Монгол хүн эрт гэрлэдэг гэж үзвэл 18 жил нь хүний нэг үе болох юм.
Саяхан Америкт үе өнгөрч амжаагүй байгаа Монголын ардчилсан хувьсгалын тухай Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, капиталистууд хүртэл гэсэн авсаархан ном хэвлэгджээ. Зохиогч нь Колумбын их сургуулийн профессор Моррис Россаби гэгч. Хятад судлаач. Гэхдээ дундад зууны Хятадын түүхээр мэргэшсэн нэгэн. Тэрээр Хубилай хаан гэж нэг ном бичсэн. Хубилай нь дундад зууны Хятадын хаан учраас энэ асуудлыг шүүрч авсан болохоос талын монгол гэдэг нь түүний судалхуун биш аж. Урьд нь Хубилайн тухай олон монографи гарсан, Россаби нэмж шинээр ганц мөр дүгнэлт бодож олж чадаагүй юм. Хэдийгээр Россаби араб гаралтай нэгэн авч тэр үеийн араб хятадын хооронд шинээр үүссэн олон талт харилцааны тухай нэмж юу ч олж судалсангүй. Ер нь дундад зууны монголчуудын түүхийг эхлэн гуйвуулагчид нь араб, персийн түүхчид байсан юм шүү.
Монголын тухай ойлголтгүй америкчууд Хятад Монгол хоёрыг өөрийн орны баруун зүүн хоёр эргийн дайтай ялгаж байвал их юм. Ингэхээр XII зууны хятадууд ХХ зууны сүүлчийн монголчууд төдийлөн ялгаагүй бололтой. Адилхан л онигор нүдтэй, хавтгай нүүртэй, ойлгомжгүй хэлээр ярилцдаг. Ингээд Рассаби гуай 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал хэмээх мэдэхгүй сэдэв рүү занг нь мэдэхгүй моринд дөрөөлөх мэт зоригтой орлоо. Гол нь ийм төсөл хэрэгжүүлэх мөнгө бэлэн болсон байсан хэрэг. Мөнгөнд дургүй хэн байх билээ?
Орчин үеийн Монгол ном туурьвих гэж тэрээр өөртөө нэг их зовлон хураасангүй. Америкт сурч байсан болон түүгээр явж байсан явуулын ганц хоёр монгол хүнтэй уулзсанаар эх материал цуглуулах ажлаа өндөрлөжээ. Ер нь бичих нь гол байснаас нотлох, хүнд зөвөөр ойлгуулах, тэр ч бүү хэл ядахнаа өөрөө бодитой ойлгоод авчих энэ тэр нь хоёр гуравдугаар асуудал байжээ гэлтэй. Хубилайн тухай бичихэд амьд гэрчүүд түүнд тааралдаагүйтэй харьцуулахад Орчин үеийн Монгол монографи түүнээс илүүтэй хөлс хөдөлмөр, чармайлт шаардсанаараа харьцуулшгүй “хүнд”, “шинжлэх ухаанч” болсон бололтой. Үнэндээ Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан олон америкчуудтай харьцуулахад орчин үеийн байтугай ерөөсөө монголчуудын тухай Россабигийн ойлголт илүүтэй үлгэр домгийн шинжтэй юм.
1989 оны 12-р сарын 10 өдөр анхны цуглаан Улаанбаатарт болсон тухай Россабигийн таамаглал огнооны болон газрын хувьд зөв таарч байгаа нь нэн олзуурхууштай. Уг нь бүр нарийвчилбал гурав хоногийн өмнө Ховдод, нэг хоногийн өмнө Эрдэнэтэд мөн жагсаал цуглаан болсон байдаг юм. Харин цуглаан Засгийн газрын ордны өмнө болж, хүүхдүүдээ хэрхэн сахилгагүйтэж буйг элит аав ээж нь албан тасалгааныхаа цонхоор харж суусан гэдэг ч арай дэгсдүүлэл байхаа. Анхны цуглаан зохион байгуулсан бүх хүмүүсийн дотор төрийн ордонд ядахнаа үйлчлэгч ажил бүхий эцэг эхтэй ганц ч хүн байгаагүй гэдгийг энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүний хувьд баттай хэлэх байна. Энэ хувьсгалыг яахаараа заавал сайд дарга нарын хүүхдүүд хийсэн гэж Россаби зүтгээд байгаа нь хачирхалтай. Гадаадад дипломат ажил хийж байсан хүнийг элит гээд байгаа шинж харагдана.
Ядарсан бүдүүлэг тэнэг мунхаг монголчуудын хувьд Москвад гурван жил амьдарсан л бол элит болчихдог нийгэмтэй ажгуу. Дээр үед цэрэгт алба хаагаад ирсэн залуу сумандаа элит болчихдог шиг л юмаа даа. Гэтэл цуглаан зохион байгуулагчдын дотор цор ганц Нинжийн эцэг Гадаад яаманд ажиллаж байсан бололтой байдаг. Харин өөрөө ямар зорилгоор Ардчилсан холбоонд нэгдсэн нь тусдаа асуудал юм. Хэрэв сэхээтнийг элит гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан. Арван мянган хүнд ноогдох сэхээтэн, оюутны тоогоор Монгол нь хөгжилтэй орны зэрэглэлд багтаж байлаа. Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтөвшин гээд дундач сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан. Тэр үед Улаанбаатарт дундач хамтлаг буй болгоход ямар бүрэлдэхүүн үүсэх байв, тийм л дундач дүр зургийн хамт олон байлаа. Хожим хоёр сарын дараа нэгэн цуглаан дээр үг хэлсэн Сүх-Эрдэнэ Америкт суугаа дипломатчийн хүүхэд байснаараа Россаби авгайн хүсээд байгаа “элит” гарлын цорын ганц аймаархи үнэн юм.
Россабигийн мэтгэж байгаагаар Ардчилсан хувьгалыг гардагсад нь Москва хавьд перестройкийн нууц дугуйлангаар хүмүүжсэн, юм ойлгодог гадаад хэлтэй хэдэн нөхөд байжээ. Бараг л Горбачевийн тагнуулууд байсан бололтой. Эд л төрийн ордонд ажилладаг аав ээжүүдтэйгээ нийлж урдаас төлөвлөж бодож байгаад л хувьсгал хийсэн гэнэ. Нийгмийн хамгааллыг сайтар бодсон, капитализмын муу талуудыг олж илрүүлээд дүн шинжилгээ хийсний дүнд тойрон гарах аргуудыг нь тодорхойлчихсон хүмүүнлэг хувьсгалыг “нуль ухаан” болсон “элит” нар хийжээ. Тэр байтугай авилга хөгжинө гэдгийг мэдээд урьдчилан эсэргүүцэж байсан байх юм. 1917 оны большевик хувьсгалтай их төстэй байгаа биз? Гадаадад олон жил суусан, ард түмэндээ аз жаргал авч ирэхээр зориг шулуудсан мэргэжлийн элит хувьсгалчид ажилчин ангид хувьсгалын санааг халдаан хүн төрлөхтнийг мөнхийн жаргалд дуудан дагуулсан тухай Коммунист намын түүхийг цээжээрээ мэддэг хүний үг байгаа биз? Ер нь ном их наргиантай, элитийн хувьсгал гээч нэг юм түрүүлээд бодоод олчихсон, түүндээ тохируулж үйл явдлыг санаанаасаа зохион “баримтжуулжээ”. Бичлэг, дизайн, баримтжуулалт, дүгнэлт зэрэг нь Сталиний 1938 онд хэлж өгч бичүүлсэн Большевик намын түүх-тэй гайхмаар төстэй