-УИХ-ын дэгийн тухай хуулиар чуулганы хуралдаанд таван гишүүн асуулт тавих, гурван гишүүн үг хэлэх заалт оруулж иржээ. Энэ асуудал дээр гишүүд байр суурийн ялгаатай байгаа. Харин та юу гэж үзэж байна?

-Дэгийн тухай хуулийн өөрчлөлт яг өнөөдөр яригдаж байгаа. Манай парламентыг бусад парламенттай харьцуулаад харахад дэггүй юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа юм л даа. Дэггүй гэдэг нь хүн болгон асуулт тавьдаг, хүн болгон үг хэлдэг, хүн болгон санал хэлдэг. Сунжрах дээрээ хүрвэл хязгааргүй сунжирч болдог ийм дэгтэй байгаа. Тэгээд байнгын хороон дарга Ө.Энхтүвшин, бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарын хүмүүс энэ хэлбэрийг жаахан багасгая, шуурхай явдаг болъё, гадаадын парламентын зарим сайн жишгээс авъя гэсэн ийм санал шинээр оруулж ирж байгаа юм. Миний хувьд дэмжмээр л санал байгаа юм. Гэхдээ яагаад яг хатуу дэмжинэ гэж хэлж болохгүй байна гэхээр нөгөө С.Баярын байгуулсан стандарт бус Засгийн газраас болоод байгаа юм. Стандарт Засгийн газартай буюу олонхи цөөнхтэй, олонхи нь сонгуулийнхаа амлалтыг биелүүлдэг, цөөнх нь ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг газар бол саяных шиг дэг ажиллах ёстой л доо. Зохион байгуулалттай, цөөнх нь шүүмжилж үг хэлдэг, мэтгэлцэж болдог. Манай одоогийн дэгэнд бүтэхгүй заалт бол олон бий. Жишээ нь, би чуулганы хуралдаанд сайдаас асуулт асууж байгаа гээд бодъё. Би юм асуугаад, хариулсан зүйлтэй нь холбогдуулаад өөрөө үгээ хэлье гэхээр нэг удаа л тийм эрх олгодог. Хоёр, гурав дахь удаагаа ямар ч эрх байхгүй болчихоод байгаа юм. Би Норвегийн парламентын яг асуулт хариултын цаг дээр нь орж үзэж байсан. Тэнд бол ерөөсөө л асуугаад хариулаад харилцан яриа (дебат) явдаг. Энэ бол жинхэнэ мэтгэлцээн. Шинэ төсөлд бас дэмжмээр юм байгаа.

-Жишээ нь?

-Жишээ нь энэ дебатыг нээж өгч байгаа юм. Одооных шиг модон биш. Би нэг юм асуучихдаг, сайд огт худлаа юм ярьчихсан байхад би залруулах боломжгүй асуудал хаагдчихаад байдаг. Тэгэхээр миний байр суурь бол хоёр дэгийн хуулийн өөрчлөлтийг хоёуланг нь хэлэлцэхийн төлөө байгаа юм. Харин хэлэлцэх явцдаа цаашид энэ стандарт бус гэдэг юмаа яах юм бэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Манай дэгийн хуулинд Норвегийн парламентын дэгийн хуулиас хуулж авсан хоёр бүлэг байгаа. Нэг нь Ерөнхий сайдын мэдээллийн цаг, нөгөөдөх нь асуулга, асуултын цаг гээд. Тэгш долоо хоног нэг нь явдаг, нэг нь сондгой долоо хоног явдаг. Маш нарийн дэгтэй. Асуудаг, хариулдаг, долоо хоногийн өмнө бичгээр тараадаг. Тэр маань хүртэл ажиллахаа больчихсон. Яагаад гэхээр хууль зүйн хувьд олонхи, цөөнх байгаа боловч нэг Засгийн газарт орчихоороо нөгөө сөрөг хүчний хяналт тавьдаг механизм ажиллах боломжгүй болчихсон. Ерөнхий сайдын цаг бол сөрөг хүчний хяналт тавьдаг цаг байна. Эрх барьж байгаа МАХН-ын дарга Ерөнхий сайд Сү.Батболд орж ирээд бодлогоо ярихаар цөөнх АН-ынхан альтернатив бодлогоо дэвшүүлж тавих, тэр хүний бодлогыг шүүмжлэх тэр бололцоогоор хангагддаг Ерөнхий сайдын цаг одоо хуулинд байгаа. Гэхдээ хэрэгжихээ больчихсон. Яагаад гэвэл стандарт бус Засгийн газартай байгаа учраас. Цаашид энэ стандарт бус Засгийн газар гэдэг юм маань аль зэрэг настай байх юм. Олон жил явах юм уу, эсвэл үгүй юм уу. Тэрийгээ бодож байж энэ дэгийн хуулиндаа гар хүрэхгүй бол болохгүй байгаа юм.

-Одоо бол сонгуулийн хуулийн шинэ хувилбарын тухай ид л ярьцгааж байна. Парламентын түвшинд ч гэсэн асуудал нэлээд эрчтэй явж байна. Харин одоо хэлэлцээд явж байгаа хувилбарыг жижиг намууд нэг их таашаахгүй байх шиг?

-Хоёр хувилбар байгаа шүү дээ. Хоёуланг нь уу. Нэгийг нь С.Оюун гишүүн өргөн барихад оролцсон шүү дээ.

-Хоёр том намд л дулдуйдсан төсөл. Эргээд энэ хоёр нам л төр барих дархан эрх баталгаажих гээд байна. Дараагийн парламентын дүр төрх тодорхой харагдаж байна гэх зэргийн байр сууриуд хэвлэлээр их явж байгаа шүү дээ?

-Жижиг намууд хэрвээ пропорциональ сонгуулийн бүрэн буюу хэсэгчлэн орсон тэр хувилбарыг эсэргүүцэж байгаа бол жижиг намууд ерөөсөө сонгууль гэдгээ ойлгоогүй байна гэсэн үг. Мажоритар сонгуулийн тогтолцоо бол жижиг намуудыг хяргаад, тасдаад алга болгочихдог ийм л тогтолцоо. Жижиг намууд өндийх ямар ч боломжгүй. Хоёр том нам яриад пропорциональ сонгуулийн элемент оруулъя гэж байгаа бол жижиг намуудад шанс гарч ирж байна л гэсэн үг. Тийм учраас С.Оюун гишүүн ажлын хэсгийн хувилбарт оролцоод гарын үсгээ зураад өргөн барьсан шүү дээ. Тэрэн дотор С.Оюун гишүүнд таалагдахгүй нэг л юм байгаа. Тэр нь долоон хувийн босго. Хэлэлцүүлгийн явцад таван хувь болчих юм бол бүр сайн вариант гэж үзэж байгаа. Тэгэхээр С.Оюун гишүүний “Иргэний Зориг” намд таалагдаж байгаа бол бусад суудалтай болон суудалгүй бүх жижиг намд таалагдах ёстой. Би онолын хувьд яриад байна ш дээ. Тэгэхээр жижиг намуудыг төлөөлж дуугарч байгаа хүмүүс юу ярьж байгаагаа мэдэхгүй тийм улсууд байна л гэсэн үг. Цэвэр мажоритараас хамаагүй дэвшилттэй хоёрын хоёр хувилбар өргөн баригдсан байгаа. Хуучин бол жижиг нам улс даяар авсан саналаа тооцуулж чаддаггүй байсан болбол пропорциональ сонгуулийн элементтэй үед авсан санал болгон нь тоологдож байгаа юм. Дөрөв таван сонгууль явуулчихсан мажоритар системээсээ хоёр нам ухамсартайгаар яагаад татгалзах гээд байгаа юм бэ гэхээр хамгийн гол дутагдал бол дөнгөж цөөхнөөр ялсан, нэг саналаар ч хамаагүй ялсан бай бүх суудлыг нь аваад явчихаж байгаа юм. Онолын хувьд 50 хувийн санал нэмэх нь нэг саналаар 76 суудлыг бүгдийг нь авах боломжтой. 50 хувь хасах нь нэг санал байхад Монголын ард түмний 50 хувь нь парламентад огт төлөөлөлгүй, миний сонгосон хүн тэнд ерөөсөө харагдахгүй дөрвөн жил болно гэсэн үг. Ийм том дутагдал байгаа учраас цэвэр мажоритараас татгалзъя. Үндсэн хуулиндаа нийцүүлээд тойрог болгоноос нэг хүн мажоритараар сонгогддог байг. Намуудад өгсөн саналыг нь порпоционалиар нь тоолъё. Эсвэл 76-гаа хоёрт хуваагаад 38 тойрогтоо 38 намын нэрээр сонгогддог болъё. Эсвэл бүр улсаа нэг тойрог болгоод явъя. Улсаа нэг тойрог болгоход цэвэр пропорциональ хувилбар болно. Бусад 38:38 эсвэл 50:26 гэдэг бол пропорциональ, мажоритарын холимог гэх мэт янз бүрийн хэлбэр байгаа юм. Тэгэхээр одоо яригдаж байгаа аль ч сонгуулийн хуулийн хувилбар жижиг намуудад хэрэгтэй.

-Уг нь бол та сонгуулийн хуулийн асуудлаар байр сууриа цөөнгүй илэрхийлсэн. Гэхдээ яах аргагүй өнөөгийн сэдэв учраас давтаж асуулаа?

-Би сонгуулийн хуулийн ажлын хэсэгт байгаа учраас нэлээн их  яриад байгаа юм.

-Ахиад л нэг биш удаа ярьсан сэдвийг тань хөндөх нь. Тэр бол Оюутолгойн асуудал. Одоо Тавантолгойн төсөл ид яригдаж байна. Зарим нь Оюутолгойн гэрээ бол үнэхээр муу гэрээ болсон. Гэхдээ одоо дараа дараагийн төслүүд дээр сайжраад явах байлгүй дээ гэж ярьж байгаа харагдах юм. Үнэхээр ийм хэмжээний том төслүүдийг дараа нь сайжрах байлгүй дээ гэх маягаар явж болдог юм уу?

-Тавантолгой дээр алдах эрх бидэнд байхгүй болчихсон. Бид Оюутолгой дээр их юм сурсан. Бид ыгэдэг маань Монгол Улс тэр чигээрээ. Ерөөсөө бүгдээрээ л том уул уурхайн мэргэжилтэн болчихлоо шүү дээ. Хөрөнгө оруулалтын үр ашиг гэж юу байдаг юм, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа гэж юу байдаг юм, ил уурхай, далд уурхай гэж яг ямрыг нь хэлдэг юм, блоклон олборлох арга гэж юу байдаг юм гэх мэт маш өргөн технологиудыг дэлгэрэнгүй байдлаар хэлэлцлээ. Монголчууд нийгмээрээ тэр сургалтад суусан. Тэгж их сургалтад суусны ачаар маш том алдаж болох байснаа багасгасан гэж бодож байгаа юм. Жишээ нь, Оюутолгой дээр миний зарчмын байр суурь УИХ-аар дэмжигдсэн л дээ. Одоо УИХ-ын архивыг ухаад үзэх юм бол байж байгаа. Оюутолгойн гэрээ анх орж ирэхдээ буцсан даа. Өнгөрсөн наадмаар буцсан тэр гэрээ чинь тав бил үү зургаан сард орж ирсэн. Баахан татварын хөнгөлөлтүүдтэй. Оюутолгой өөрөө татвараас чөлөөлөгдөнө. Оюутолгойд бараа нийлүүлдэг, ажил үйлчилгээ үзүүлдэг компаниуд татвараас чөлөөлөгдөнө. Үндсэндээ Оюутолгой манай эдийн засгийн хагас юм бол манай эдийн засгийн хагас нь татвараас чөлөөлөгдчихөөр Оюутолгойг байгуулсны ач холбогдол нийт монголчуудад хүртээлгүй болчихож байгаа юм. Тийм учраас би эсэргүүцсэн. Тэрийг УИХ дэмжээд буцаасан. Тэрний дараа бол бүх төрлийн татвараа төлье гэдэг тийм шинэ хувилбар орж ирээд тэр нь батлагдсан л даа. Мэдээж буцаагаад байх юм бол хязгааргүй сайжраад байх байсан гэдэг хүмүүстэй бол би санал нийлдэггүй юм. Оюутолгой хэдийгээр том ч гэсэн Монголын аж ахуй нэгжийн хувьд төлдөг татвараа төлөөд л явна. Бусдын адил л явах ёстой. Хөнгөлөлт чөлөөлөлтийн ямар нэгэн урамшуулал үзүүлэх шаардлагагүй уурхай гэж үзэж байгаа юм. Тийм шаардлагатай уурхай байж магадгүй. Маш их хөрс хуулалттай, маш их хүнд нөхцөлтэй, огт дэд бүтэцгүй, зах зээлээсээ хол тийм уурхай байх юм бол үзүүлье гэхэд үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ дэлхийн хамгийн том зэс хэрэглэгчийн бөөрөнд байгаа энэ уурхайд бол яаж ч байсан хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Тэгээд сүүлийн хувилбар нь нэлээн сайжирсан. Тавантолгой бол Оюутолгойгоос шал өөр. Оюутолгой дээр одоо тэгчихсэн бол сайн байж, ингэчихсэн бол сайн байж гэдэг тэр харамсдаг үе бол өнгөрсөн, бидний хувьд. Одоо тохиролцохгүй юм бол олон улсын шүүх дээр л очно. Гэхдээ Оюутолгойг батлуулах гээд Засгийн газраас өргөн барьж, бид цаанаа хөрөнгө оруулагчидтай тохирчихсон, бид жишээ нь одоо Оюутолгойг баригдах хооронд дөрвөн жилийн хугацаанд 10 мянган ажилчин ажиллахын 9000 нь монгол хүн байна гэдэг хуулийн заалтыг биелүүлж чадахгүй нь ээ. 6000 болгож бууруулъя гээд байна гэсэн. УИХ-ын гишүүд за тэгье, тэгэхгүй бол наад хүн чинь больё гээд байгаа юм бол тэрийг нь зөвшөөрье гээд зөвшөөрсөн. Гэтэл нөгөө 6000 ажилчны 3000 нь Улаанбаатарт хог цэвэрлэх ажилтай болно гэхээр Оюутолгойн гэрээний биелэлт бол санаанд хүрэхгүй байгаа юм л даа. Тэгээд АН-ын бүлгийн гишүүд бас энэ талаар асуулга тавьж тодруулах гэж байгаа. Оюутолгойд очиж 500 мянган төгрөгийн цалин авах ёстой монголчууд яагаад Улаанбаатарт хог шүүрдээд 108 мянган төгрөгийн цалинтай байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Гэрээгээ батлуулахдаа юу гэж ярьж явсан тэрийгээ л хийх ёстой. Түүнээс биш манайд нэг ийм практик байгаа ш дээ. Тендерт ялахын тулд хамгийн бага үнийн санал өгчихөөд тендерт ялсан хойно үнээ өсгөөд мөнгөө авчихдаг. Тэрийг нь хэн ч хянадаггүй. Өрсөлдөж байсан хүмүүс нь ч хянадаггүй. Тэрэнтэй адилхан Оюутолгой гэрээгээ батлуулахын тулд гоё гоё өнгөт зураг үзүүлж байгаад батлуулсныхаа дараа хар зураг болчихсон. Яасан гэсэн одоо буцахгүй бол арбитрын шүүхэд очно шүү гэх маягаар хандаж байгаа бол болохгүй л дээ. Энэ чинь харахад жижиг зөрчил юм шиг мөртлөө 3000 хүний дөрвөн жилийн аж амьдралын асуудал, цалингийн тухай асуудал шүү дээ. Нөгөө манай солонгос явахаар тэмүүлээд байгаа хүмүүсийн 3000-ынх нь ажлын байр Оюутолгойд УИХ-аар гэрээ батлагдах үед байсан. Тэгснээ хэрэгжих үедээ алга болчихсон гэдэг ийм л юм ярьж байна шүү дээ. Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээнд бас нэг ойлгомжгүй үлдсэн зүйл бол хөрөнгө оруулалтаа нөхмөгц нэн даруй, тэр даруйд нь Монголын хувь 34-өөс өсч 50 хувь болох ёстой заалтыг УИХ өгсөн байдаг юм. Гэтэл гэрээ хийсэн улсууд тэр заалтыг 30 жил гэж хатуу гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа бол үйлдвэр баригдах дөрвөн жил, за таван жил гэж бодъё. Үйлдвэр баригдсанаас хойш 3,6 жил ингээд 8,6 жилийн дараа үйлдвэр өөрийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөж дуусах ийм хугацаа байгаа юм. 8,6 жил, 30 жил гэдгийн хооронд бол есөн жил, арван жил, 15 жил, 20 жил, 25 жил, 30 гээд маш их хугацаа байна аа даа. Яагаад заавал миний саяын хэлсэн олон хугацааны аль нэгээр хийж болоогүй юм. Яагаад заавал 30 дээр хийсэн юм бэ гэдэг асуулт гараад байгаа юм. УИХ маш ойлгомжтой хэлсэн байгаа. Хөрөнгө оруулалтаа нөхөгдмөгц гэдэг ийм нөхцөл байна ш дээ. Тэр нь хэд юм бэ гээд асуухаар 8,6 жил гэж байгаа юм. Манай байнгын хорооны ажлын хэсэг бол энэ маапаанаа залруул гэдэг үүрэг өгье гэсэн. Гэрээ хийсэн Сангийн сайд энэ талаар хэлэлцээрт орж болно гэж хэлж байгаа. Тэгэхээр найдлага байна гэж би харж байгаа юм. УИХ-ын өгсөн үүрэг энэ ширээ шиг байлаа гэж бодоход ширээнийхээ түвшинд л ярихаас биш одоо гарч ирээд 34-өөр тохирчихсон юмыг 64 байх ёстой гээд орилоод байх юм бол Монгол өөрөө соёлгүй хүн шиг л харагдана. Нэгэнт гэрээ хэлцэл хийгээд, гар хөлийн үсэг зурчихсан юм бол энэ нэг тойрог дотроо л байхаас биш. Гэхдээ  энэ тойрог дотроо юм маань бүрэн биелж байна уу үгүй юу, анх ажилд орохдоо 6000 хүн ажилд авна гэж байснаа 3000 хүнийг нь Улаанбаатарт хог шүүрд гээд цалинг нь хамгийн доод түвшнээр өгчихөөр энэ нь одоо тэнд ажил хийж байснаар тооцогдох юм уу, үгүй юу гээд дараа дараачийн гэрээний хяналтын асуудлууд бол байнга л гарч ирнэ л дээ.

-Манай намын бүлэг дээр асуулга тавихаар тохиролцсон гэж та ярилаа. Танай намын бүлэг гэж байгаа юм уу гэж асуумаар санагдаад байх юм?

-УИХ-д уу.

-Тийм ээ?

-Байгаа.

-Нөгөө л улаан, цэнхэр болгож үзэлцүүлж байхыг хүсдэгтээ ингэж асууж байгаа юм биш л дээ. Ерөнхийдөө үзэл баримтлалын ч ялгаа байхгүй, баруун зүүн нь ч мэдэгдэхгүй, нэг л их сайхан ягаан парламент тунарч байдаг болчихлоо. Зүүний чиглэлийн нялуун бодлогууд яваад л, мөнгө тарааж хуураад л. Үнэхээр биш байна л даа. “Одоо ер нь байх байх газраа очвол яасан юм бэ” гэх маягаар аядуухан дуугарч үзсэн. Урдаас дайн тулаан хүслээ, Монгол талцаж ханасан гэсэн л өндөр дуутай хариу намуудын дарга нараас ирдэг юм билээ?   

-2004, 2008 оны сонгуулийн үр дүнг санах хэрэгтэй л дээ. 2004 онд бол олонхигүй парламент байсан. Хэн нь ч 39 суудал аваагүй. Тэр үед бол хамтарч засаг барих шаардлага Үндсэн хуулийн дагуу гарч ирсэн. 2008 онд бол байдал огт өөр байсан. Ганцаараа 45 суудал авчихсан нам засгийн эрх барихаасаа татгалзаад, АН-д хамтаръя гэдэг урилга ирүүлсэн л дээ. Тэр урилгыг манай намын ҮЗХ хэлэлцсэн юм. Миний тэр үед хэлсэн үг, одоо ч гэсэн хоёр жилийн турш хэлж байгаа үг яг адилхан л байгаа. Олонх хуулийн дагуу бүрдчихээд байхад олонхи цөөнх хамтарч засаг барина гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Тэгвэл сонгууль явуулах ямар утга байгаа юм. Ялсан ч, ялагдсан ч засгийн эрх барьдаг юм бол сонгууль явуулж яах юм. Гэвч нэгэнт сонгууль явуулахгүйд хүрэх юм бол энэ “Ардчилал” гэдэг юмаа оршуулчихсан нь дээр л дээ. Тэгээд нэг намынхаа засаглалтай явсан нь дээр. Тэгээд яахав, хамтаръя гэсэн саналтай улсууд олонхи байсан учраас намын даргаар одоогийн дарга сонгогдоод явсан. Би бол одоо ч тэр байр сууриа л илэрхийлж байгаа. Ардчилсан хүчний холбооны хурал дээр ч гэсэн хэлсэн. Олонхи нь олонхи шигээ амлалтаа биелүүлээд явах хэрэгтэй. Цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад явах хэрэгтэй гэдгийг. Ард түмэн биднийг цөөнх бай гэж сонгосон бол цөөнх шигээ л байх хэрэгтэй ш дээ. Тэрийгээ мэдэхгүй олонхи шиг царайлаад, дагаж давхиад байгаа нь Үндсэн хуулийн дагуу бол буруу. Гэтэл Үндсэн хууль зөрчиж байгаа энэ үйл явдлыг залруулах ёстой Үндсэн хуулийн Цэц чимээгүй л болж байна гээд суугаад байх юм. Би бол буруу гэж үзэж байгаа. Тэр үед ч тэгж үзэж байсан. Одоо ч буруу гэж үзэж байгаа. Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдааны индэр дээрээс үндсэн илтгэл дотроо бас оруулж хэлсэн. Энэ үгийг гишүүд бодож байгаа байх. Цаашдаа олонхи нь олонхи шигээ, цөөнх нь цөөнх шигээ байхгүй бол УИХ-ын дэгийн хууль нь хүртэл ойлгогдохоо болиод ирж байна ш дээ. Дэгийн хууль чинь үргэлж олонхи, үргэлж цөөнхтэй байна гэж бодоод хийчихдэг. Европын парламентын хуулиуд тийм ш дээ. Олонхи, цөөнх хоёр нийлээд засаг барина гэдэг ойлголт тэнд сүүлийн 2004 оны Германы сонгуулийн дүн гарах хүртэл байгаагүй. Тэнд олонхигүй засаг үүсчихсэн учраас анх удаа хоёр хүчин нийлж засаг барьсан л даа. Зөв зам руугаа л орохгүй бол болохгүй байгаа юм аа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд ийм байгаа юм. Засгийн газар зэсийн үнийг 7500-аар оруулж ирж байгаа юм. Сайндаа биш баахан зарлага нэмэхийн тулд. Орлого байхгүй бол зарлага байхгүй ш дээ. Гэтэл энэ жил зэсийн үнэ 7500 байх ямар ч үндэсгүй болчихлоо. Грекийн хямралыг хар. Грек чинь өөрөө Европын хямрал, Европын хямрал өөрөө дэлхийн хямрал болж эхэлж байна. Энэ долоо хоногийн биржүүдийн индексийг хар. Бүгд бууж байна. Нефтийн үнэ бууж байна, металлуудын үнэ бууж байна. Нөгөө сэргэж магадгүй гэж найдаад байсан эдийн засгийн сэргэлт бол одоо асуултын тэмдэг тавигдаж байна ш дээ. Тэгээд бодохоор зэсийн үнэ юун 7500, өнөөдрийн байгаа 6400-аасаа буух магадлалтай болчихсон байхад, бид шал худлаа мөрөөдлийн төсөв хийж байгаа. Аягүй бол наадмын дараа төсвийн тодотгол хийе, зэсийн үнэ 6000 болчихлоо гэж орж ирэх гэж байгаа юм. Тэгэхээр одоо бидний батлах гэж байгаа тэр бүх зарлага бол худлаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурахгүй бол Грек шиг л болно. Одоо нөгөө мангас байна гэж айлгадагтай адил муу явах юм бол Грек шиг болно шүү гэдэг үг гарах гээд байна шүү дээ.

-Харамсалтай нь таныхтай ижилхэн байр суурийн дуу хоолой одоо сонсогдохгүй байна. Энд тэндээс ганц нэгхэн улстөрч л хашгирч байна шүү дээ?

-АН-ын бүлэг дотроо бид олонхи болж чадахгүй байна л даа.

-Насаа яривал 20 гарчихсан, эрийн цээнд хүрчихсэн ийм нам хүүхэд шиг ингэж хууртагдаад явж байх гэж. Засгийн газар иргэддээ намуудын амласан мөнгийг өгнө гэсэн. Хамтарсан нөхдүүд хуралдаж хуралдаж шийдвэрээ гаргасан. Гэвч нөгөө гаргаж ирсэн томъёололд нь “Эрдэнийн хишиг”-ийн талаар үсэг ч ороогүй. Өгөх хэмжээ нь хүртэл МАХН-ын сонгуулийн өмнө амласан 1,5 гэсэн тоогоор гарч ирсэн. Эргээд ард түмэнд ажлаа дүгнүүлэхдээ үүнийг юу гэж тайлбарлах юм бэ?

-Тийм учраас л олонхи нь олонхи шигээ, цөөнх нь цөөнх шигээ л явах ёстой. Бид цөөнх учраас манай мөрийн хөтөлбөр биелэх боломжгүй болж байгаа юм. Яагаад гэвэл цөөнх бодлого явуулах боломжгүй. Учир нь цөөнх учраас. Одоо жишээ нь “Ард түмний амлалт нэхэх холбоо” гээд нэг нөхдүүд их сонин юм яриад байгаа. АН-ын нэг сая төгрөг нэмэх нь МАХН-ын 1,5 сая төгрөг, нийлээд 2,5 сая төгрөг гээд. Тийм юм байхгүй шүү дээ.

-Очиж нийлж, хамтарсан засагт орж, завсрын тоглогчдод сууж тоглох ийм сайхан овоо босгоод өгчихсөн юм чинь тиймэрхүү шаазгайнууд ирж шагшрах нь жам биз дээ?

-Хэрвээ С.Баяр стандарт бус ийм шийдвэр гаргаж хамтраагүй бол тэр нэг дээр нэмэх нь 1,5 гэдэг тоглоомын томъёолол чинь үүсэхгүй байсан. Хоёулаа эрх баригч болчихоор хоёулангаас нь юм шаардах хууль зүйн биш моралийн эрх үүсчихэж байгаа юм. Тэгэхээр салчих юм бол МАХН 1,5-ынхаа амлалттай л үлдэнэ ш дээ. Бид харин тэрийг нь зөв өгүүлэх талаар л ажиллах ёстой.

-С.Баяр гэдэг лидер өөрсдөдөө тун ашигтай идей гаргажээ. Тэрэнд нь  соронзон шиг татагдаж наалдсан танай хүмүүсийн гол буруу биз дээ?

-Түрүүнд би Тавантолгойн асуудлыг хариулалгүй үлдээчихсэн. Тэрийгээ ярьчих уу.

-Тавантолгой юу. За, тэгье тэгье. Би намтай холбоотой асуултаа дараа нь тавья?

-Тавантолгой бол дэлхийн хэмжээний том орд. Зургаа долоон тэрбум тонн нүүрс байна. 40 хувь нь коксжих нүүрс. Гангийн үйлдвэрийн чухал түүхий эд. Тийм ч учраас 10-аад улсын 15-16 компани оролцъё гээд ирж байна, дэлхий сонирхож байна. Бид Тавантолгойн ордыг ашиглахдаа хамгийн түрүүнд ажлын байраа бодож ашиглах ёстой юм. Тавантолгой ахиад төмөр замтайгаа холбогдчихож байгаа юм. Одоогийн хувьсгалт намын Рааш тэргүүтэй гишүүдийн яриад байгаа шиг нарийн царигтай төмөр зам тавиад Хятадын „Шинхуай” компанийг оруулаад ирье гэж бодъё. Тэд бол хамгийн хямдхан олборлож, өөрийнхөө төмөр замаар хамгийн хямдхан тээвэрлээд, хамгийн их үнэ хүргэж зарах л ийм л зорилготой компани. Тэр компанийг буруутгах аргагүй. Тэр бол ашгийн төлөө л явж байгаа айл. Хамгийн амархан арга бол энэ. Энэ арга замыг хэрвээ Засгийн газар сонгох юм бол хамгийн буруу зам болж байгаа юм. Бидэнд өнөөдөр мэдээж мөнгө хэрэгтэй байгаа. Ахиад нөгөө сонгуулийн амлалтын сая, сая таван зуу руугаа орчихоод байгаа юм л даа. Тэрийгээ өгөхийн тулд энэ айлаас бушуухан шиг мөнгө аваад бушуухан шиг тэр нарийн төмөр замыг нь зөвшөөрөөд ингээд явуулчихъя гэсэн саналтай хэсэг улс байгаа юм. Тэгвэл Монголд татвараар авдаг жаахан мөнгөнөөс нь өөр юу ч үлдэхгүй. Онгорхой нүх л үлдэж байгаа юм. Хятад өөрөө нүүрс олборлохоо байгаад Тавантолгойгоор зөвхөн амьдарна гэх юм бол Хятадын хоёр жилийн хэрэгцээ л байгаа юм. Жилд тэд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэж байна ш дээ. Монгол хэрвээ ариг гамтай ашиглаад, тэр бидэнтэй хамтаръя гээд ирээд байгаа арван хэдэн улсын гангийн үйлдвэрийн компаниудтай хамтарч ажиллаж, тэдний түүхий эд болгож чадах юм бол 100-200 жилийн настай уурхай үлдэж байгаа юм. 100-200 жилийн настай уурхай дээр монголчуудын оролцоо ямар байх юм бэ. Бид эхлээд мөнгө төгрөг сонирхох юм уу, эсвэл хүмүүсээ сайн цалинтай ажлын байр сонирхох юм уу гэдгээ эхлээд шийдэх ёстой. Миний хувьд ажлын байрныхаа асуудлыг нэг номерт тавих ёстой. Ажлын байр яаж үүсдэг юм гэхээр үйлдвэрүүд үүсгэнэ. Ямар үйлдвэрүүд сайн ажилладаг юм гэхээр, их үнэтэй бүтээгдэхүүн гаргадаг  үйлдвэр л сайн ажиллаж, олон хүн ажилд авч байгаа юм. Хямдхан юм хийдэг үйлдвэр бол цөөн хүн ажилд авна шүү дээ. Эсвэл бага цалин өгнө. Тэгэхээр яаж их олон хүнд сайн цалин өгдөг үйлдвэрүүдтэй болох юм бэ гэхээр нүүрсээ аль болох дээд хэмжээний боловсруулалт хийх шаардлагатай болж байгаа юм. Жишээ нь Солонгосын “Поско” гэдэг компани байгаа юм. “Поско” компанийнхан ярихдаа бид ерөөсөө танайхаас коксжих нүүрс авъя гэж яваад байдаг нь буруу юм байна. Танайхаас авлаа гэж бодъё, Тавантолгой руугаа танай улс орууллаа гэж бодоход бид Орос юм уу, Хятадаар дамжиж Солонгост аваачна. Дараа нь Австралиас төмөрлөгийн хүдэр авчирна. Тэрийг нь нийлүүлээд ган болгоод дараагийн шатны машины үйлдвэр, хөлөг онгоцны үйлдвэрт ч юм уу өгнө. Тэрний оронд Huyndai машины тэр гадна төмрийг нь Монголд үйлдвэрлэх нь ашигтай юм байна. Яагаад гэхээр Монголоос далайн боомт хүрэх зам өөрөө хоёр улсын нутгаар явдаг. 1000-3000 километрийн хол байдаг учраас аль болохоор үнэтэй ачаа зөөх нь зөв юм байна. Танай Тавантолгойгоос “кокс”-оо авъя, Дарханаас төмрийн хүдрээ авъя. Нийлүүлээд гангаа үйлдвэрлээд аваад явах нь ашигтай юм байна. Нэг тонн ган, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 1000-5000 долларын үнэтэй. Тэгээд бодохоор 50 долларын үнэтэй эрчим хүчний нүүрс Орос, Хятадын нутгаар дамжаад очиход бол Австралийн нүүрстэй өрсөлдөж чадахгүй байгаа юм. 5000 долларын үнэтэй тонн ган бол энэ 1000-3000 км транзит замыг өлхөн дааж чадаж байгаа юм. Яагаад гэхээр үнэтэй бараа учраас. Тэгэхээр “Поско”-гийн гаргасан шийдвэр хамгийн зөв шийдвэр болж таарч байгаа юм. Яагаад гэхээр манай улсад бүх түүхий эд нь байгаа учраас. Манай улсад боловсруулаад, бараг эцсийн бүтээгдэхүүн хийгээд аваад гар гэсэн үг ш дээ. Түүнийг Солонгост аваачихаар нь хэвлэдэг л үйлдвэр байгаа ш дээ. Машины үйлдвэр гэдэг нь. Лист орж ирээд л тал талаас нь нүдээд л тэгээд машин болгоод хувиргачихаж байгаа юм. Эхний бүх дамжлага нь Монголд хийгдэнэ гэсэн үг. Тэрэнтэй адил энэ 10 гаруй компанийг та нар манайд коксныхоо үйлдвэрийг барь, болж өгвөл гангийнхаа үйлдвэрийг барь. Энэтхэгийн “Жиндаль” гээд компани байна. Бас л хаа байсан Энэтхэг рүү нүүрс зөөж байхаар ган болгоод аваад явах нь хэрэгтэй. Бас хоёр түүхий эд нь хоёулаа Монголд байна. Хятадын гангийн үйлдвэрүүд бол кокс авъя гэж байгаа. Коксжих нүүрсээ өгөөд кокс болгоод экспортлоход нэг тонн коксны үнэ 200 доллар байгаа. 200 долларын кокс бол ахиад төмөр замын тээврийнхээ зардлыг дааж байгаа. Жишээ нь би ингэж мөрөөдөж байна л даа. Япон, Солонгос, Энэтхэг, Хятад энэ дөрвөн улс Чойбалсанд хоёр нь үйлдвэрээ байгуулчих, Сайншандад хоёр нь байгуулчих. Тэгээд бүгдийг нь төмөр замаар холбоод, танай байгуулсан кокс, химийн үйлдвэр, эсвэл гангийн үйлдвэрийн түүхий эдийг манай улс найдвартай хангаж өгнө. Тавантолгой руу та нар орохгүй. Тавантолгой дээр манай үндэсний компани ажиллана. Үндэсний компани та нарт нүүрсийг чинь хүргэж өгнө. Та нар коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй байна, тэр үнээр нь ав. Гаргаж авсан, өөрийнхөө технологиор хийсэн, өөрийнхөө үйлдвэрийн түүхий эдээ өөрсдөө зөөгөөд явцгаа. Орос, Хятад хоёртой транзит тээврийн хэлэлцээрээ өөрсдөө хийцгээ гэе. Жижигхэн Монгол улс энэ хоёр том улстай хэлэлцээр хийх гэхээр жижигдээд байна ш дээ. Тэгэхээр Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Оросууд нь өөрсдөө хоорондоо тохиролцог. Яаж тохиролцох нь бол тэд нарын хэрэг. Баруун тийшээ жишээ нь Германы үйдвэрийг барьж болж байгаа юм. “Тиссен” группийн Германы хамгийн том машины үйлдвэрийн коксны үйлдвэр Тяньжинд байна. Манай Тавантолгойгоос баахан дамжсаар байгаад Тяньжинд очиж кокс болж хувираад буцаагаад Улаанбаатараар дамжаад, Оросын нутаг дундуур Герман руу явж байгаа. Энэ оны эхнээс Хятад улс кокс экспортлох татвараа 40 хувиар нэмсэн байгаа.

-Урьд нь татваргүй байсан биз дээ?

-Урьд нь татваргүй байж байгаад одоо тэр үйлдвэр ашиггүй болчихож байгаа юм. Энд нүүрс худалдаж аваад, кокс хийгээд Герман руу зөөхөөр өрсөлдөх чадваргүй болчихоод байна ш дээ. Тэгэхээр “Тиссен” групп жишээ нь энэ үйлдвэрээ Ховдод яагаад барьж болохгүй гэж. Тэгэх юм бол бид Тавантолгой, Ховд, Баян-Өлгий гэсэн төмөр зам бариад, Баян-Өлгийгөөс цаашаа Оросын, Казакстаны төмөр замаар Герман руугаа авч явах нь Германы өөрийнх нь үүрэг болж байгаа юм. Ийм маягаар бид улс орныхоо үйдвэржилтийн газрын зурган дээр сонирхсон бүх улсыг оруулж ирж байгаад, за одоо та нар үйлдвэрээ энд барина аа. Чаддаг чаддаг юмаа хийцгээе. Бид кокс хийж чадахгүй байна, бид коксыг чинь борлуулж чадахгүй байна, манай хийсэн юм борлогдоо ч үү, үгүй ч үү. Бид Багануур шиг, Шивээ-Овоо шиг ухаж чадаж байна. Ангилж чадаж байна, угааж чадаж байна. Сортлоод та нарт аваачиж өгөөд байя. Хөдөлмөрийн хуваариа ингэж л гаргая. Та нар нэг коксны үйлдвэр жилдээ дор хаяж таван сая тонн кокс боловсруулна шүү гэж л яримаар байгаа юм. Найман сая тонн нүүрс өгнө, таван сая тонн бүтээгдэхүүн гарна. 30 төрлийн химийн аж үйлдвэрийн түүхий эд гарч байгаа юм. Монголчуудын мэддэг хамгийн том үйдвэр бол Эрдэнэт үйлдвэр байдаг. Эрдэнэт үйлдвэр зэсийн үнэ 7000-8000 байх үед тэрбум долларын борлуулалт хийдэг байсан. Ер нь олон улсын түвшинд тэрбум долларын борлуулалт хийдэг компани сайн компанийн тоонд ордог. Гэтэл миний мөрөөдөж байгаа энэ бүх гангийн үйлдвэр, коксын үйлдвэр таван сая тонн байх юм бол таван сая тонныг 200 доллароор үржүүлэхээр нэг тэрбум доллар байгаа юм. Тэгэхээр бидэнд 10 улсын 10 Эрдэнэтийг өөрийнхөө нутаг дээр байгуулах бололцоо анх удаа гарч ирж байгаа юм. Үүнд хамгийн их саад болж байгаа юм юу вэ гэхээр урагшаа тавихаар зарим гишүүний зүтгүүлээд байгаа нарийн төмөр зам л саад болоод байгаа юм. Урагшаа нарийн төмөр зам тавиад, Хятадын нүүрс олборлогч компанийг оруулж ирээд явуулчих юм бол энэ бүх үйлдвэр бол мөрөөдөл болно. Яагаад гэхээр хэн ч тийшээ өрсөлдөж чадахаа байчихаж байгаа юм. Нарийн төмөр замыг бид ойрын 15 жилд барилгүйгээр, энэ хооронд машинаар зөөж болж байгаа юм. Машинаар зөөхийн хамгийн том ашиг бол өнөөдөр 1000 машин явж байна л даа, дараа жил энэ машиныг 10 мянга болгож болж байгаа юм. Өнөөдрийн явж байгаа нүүрсний экспортыг 10 дахин нэмэгдүүлэхэд л болно. Тэр машинуудад ямар ажил байна гэхээр эрчим хүчний нүүрс зөөх ажил байгаа юм. Нөгөө 50-100 долларын үнэтэй байдаг эрчим хүчний нүүрсийг угаагаад, сортлоод машинаар зөөх юм бол 10 мянган машины жолооч гэдэг бол 20 мянга ээлж байгаа. 20 мянган жолоочтой хот байгуулж болж байгаа юм. Гэтэл тэрийг дагасан бизнес хийдэг, жишээ нь  түлшийг нь зардаг, дугуйг нь сольж өгдөг, хоолыг нь хийдэг, хувцсыг нь угаадаг бас нэг хэсэг хүмүүс гарч ирж болно. Ингээд өнөөдөр Солонгос явж ажил хийх гэж байгаа ид насны сайхан залуучууд Солонгост ажиллаж 1000 доллар авахын оронд говьдоо ажиллаад 1000 доллар авч болж байгаа юм. Тэрний тулд засмал зам барих хэрэгтэй, тэрний тулд машин орж ирэх ёстой, тэрний тулд бид урагшаагаа нарийн төмөр зам тавихгүй байх хэрэгтэй. Хятадын эдийн засгийг хямдхан нүүрсээр хангая гэвэл нарийн төмөр замаа татаж болно. Монголчуудын ажлын байрыг шийдье гэж байгаа бол нарийн төмөр замаа 10-15 жилээр хүлээ. Манайхан машинаар нүүрсээ зөөсөөр байгаад сүүлдээ залхах байлгүй дээ. Арай өөр цэвэрхэн ажил хийе гээд, тэгээд машин барих хүн олдохоо болих юм бол төмөр зам тавьж болно ш дээ. Энэ 15 жил дотор миний мөрөөдөөд байгаа 10-аад улсын гангийн болон коксын маань үйлдвэр ороод, ажиллаад, жигдрээд, дахиад 90 жил ажиллах нь тодорхой болоод авах юм бол монгол улс дэлхийн эдийн засгийн тэр хэлхээ холбоо руу хуруугаа гүн гүнзгий дүрээд авч байгаа юм. Тэгсэн байхад нэг Эрдэнэт үйлдвэрийн, нэг зэс гэдэг бүтээгдэхүүнээс төсөв нь хамаараад л, маш их савлаад л, их мөнгө олохоороо тансаглачихдаг, мөнгө олдохгүй болохоороо байрнаасаа хөөгдөөд гарчихдаг тийм хариуцлагагүй айл шиг биш. Улс орны хөгжил тогтвортой явах боломж гарч ирж байгаа юм. Дээр нь тэр 10-аад кокс, химийн үйлдвэрт ажиллах ажилчид бүгд монгол байх боломж байгаа юм. ШУТИС-ийн хими технологийн ангийг сайжруулах юм бол. Нэг кокс химийн үйлдвэр гэдэг бол хэдэн мянган хүн л ажиллуулна. Тэрнийг дагасан хотууд бий болж байгаа юм.

-Тавантолгойд өөрт нь яагаад кокс химийн үйлдвэр барьж болохгүй байна вэ?

-Хамгийн том бэрхшээл ус. Тэгэхээр бид устай газрууддаа үйлдвэрүүдийн байршлыг гадаадын компаниудад зааж өгөөд тэр рүүгээ дотоодынхоо бүдүүн төмөр замын сүлжээгээр нүүрсийг нь л аваачиж өгөх асуудал байгаа. Бид нүүрсээ зарлаа. Болоо. Одоо та нар цааш нь аваад яв. Бид харин монгол хүнээ ажилд оруулна шүү. Сарын 1000-2000 долларын цалин өгнө шүү гэх мэтээр. Тавантолгойн ирээдүйг бол би ингэж харж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлж байгаа төмөр замын асуудал дээр миний байр суурь бас л ийм байгаа. Үүнийгээ илэрхийлж байгаа. Ерөөсөө л хоёрхон зам байна. Хятад улсын түүхий эд болъё гэвэл бушуухан тэр нарийн төмөр замаа татаад л, монголчууд ажилгүй Солонгос явж ажил хийдэг хэвээрээ л явж байг. Хятадын “Шинхуай” гэдэг компани баяжаад л үлдэг. Тэр бол олборлогч компани учраас Монголд ажлын байр бий болгох, Монголд нэмүү өртөг үлдээх талаар ерөөсөө бодохгүй. Бид харин эсрэгээр Хятадын металлургийн корпорацтай хамтрах юм бол ашигтай. Тэдний зорилго бол коксоор өөрсдийнхөө үйлдвэрүүдийг хангах. Тэгэхээр энэ компани бидэнд илүү хэрэгтэй байгаа юм. Яагаад гэхээр энэ компани өндөр үнэтэй нүүрс монголчуудаас худалдаж авах гэж байгаа юм. Тэгээд боловсруулалт хийгээд тэрийгээ өөрөө урагшаа аваад явах. Тэгэхээр Хятадын хоёр компанийн хэнтэй нь хамтрах вэ гэдгээс чанарын маш том ялгаа гарч байгаа юм. Олборлогчтой хамтрах юм бол нэмүү өртөг Монголд үлдэхгүй. Боловсруулагчтай хамтрах юм бол нэмүү өртөг Монголд үлдэнэ. Нэмүү өртөг үлдэнэ гэдэг чинь хүний цалин үлдэж байна гэсэн үг.

-Тавантолгой дээр монголчууд ухаанаа уралдуулж байна. Хамгийн сүүлд гэхэд “Монгол-999” гэдэг үндэсний компаниудын нэгдэл үүсгэн байгууллаа. Зарим нь мянган ТҮЦ нэгдчихээд юу гээд байгаа юм гэх маягаар угтаж байх шиг байна. Би бол үзэгдлийнхээ хувьд их зөв зүйл гэж харж байгаа. Та яаж харж байна?

-Хэрвээ “Монгол-999” нээлттэй хувьцаат компани байгаад, Тавантолгойд хөрөнгөө оруулахыг хүссэн бүх монголчууд нийлэх юм бол энэ компани ажиллаад л явчихна. Манай улсын банкинд байгаа хадгаламжийн 1,6 триллион төгрөг байгаа юм. Тавантолгойг ашиглахад хангалттай мөнгө. Хэрвээ манай улс гаднаас хөрөнгө хайлгүйгээр өөрсдийнхөө чадлаар хийвэл шүү дээ. Нийт монголчууд ийм бэлэн хоолоо гадаадынханд зүгээр өгөхийн эсрэг байгаа. Бид чадах юмаа өөрсдөө хийх ёстой. Чадахгүй юм руугаа алхам алхмаар тэмүүлэх тухай ярихаас биш хамгийн сайн чаддаг ил уурхайгаа “Шинхуай”-д өгчихөөд явахын бол эсрэг байна шүү дээ. Тэгэхээр Тавантолгойг үндэсний компаниуд олборлох бүрэн боломжтой. Хувьцаат компаниа байгуул. Хүмүүсийн мөнгийг тат. Гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарга. Тоног төхөөрөмжөө худалдаж ав. Тэгээд Тавантолгойн лицензийн эзэн улс өөрөө учраас улсдаа бүтээгдэхүүн хуваах хэлэлцээр ч юм уу, ямар нэг хэлбэрээр үндэсний олборлогчтой гэрээ байгуул. Тэр 10-аад улсыг үйлдвэр оруулаад ир гэж улс өөрөө урьсан юм бол түүхий эдээр хангах үүргээ тэр “Монгол 999”-дөө өг. Чи бол “Поско” компанид 100 жилийн турш тийм тийм чанартай нүүрс жилийн найман сая тонныг хүргэж өгөх ёстой. Японы коксны үйлдвэрт чи бол ахиад найман саяыг өгөх ёстой, “Тиссен” группт ингэж өгнө. Чиний төлөвлөгөө энэ, ингээд ажилла гээд явах бүрэн боломжтой. Монголын төр засаг, Монголын компаниуд, Монголын инженерүүдийг юм чаддаггүй, мэддэггүй гэж басамжилдаг үе өнгөрөх ёстой гэж үзэж байна. Монгол Улс инженерийн мэдлэгтэй хүн бэлтгээд 60-аад жил болж байна шүү дээ. Тэгэхээр монгол инженерүүд тэр болгоныг хийх бүрэн боломжтой. Өнөөдөр монголчууд Эрдэнэтийг авч явж байна, Багануурыг авч явж байна, Шивээ-Овоог авч явж байна. Дутаад байх юм ерөөсөө байхгүй. Дутагдаж байгаа юм бол бий. Орчин үеийн техник технологи мэдэхгүй байна. Тэрэн дээрээ л гаднынхныг ав л даа. Ядаж ил уурхайгаа өөрсдөө явуулж чаддагаа дэлхий дахинд харуулах хэрэгтэй ш дээ. Чи болоогүй байна, 10 жилийн дараа ир гэж явуулаад байх юм бол тэр хүн юм сурах уу. Бушуухан л өөрсдөө юмаа хийж сурахгүй юм бол, нэг хэсэг оросуудыг зарсан, одоо хятадуудыг зараад өөрсдөө юу ч хийж чадахгүй сууж байна. Энэ хэвээрээ байх юм бол МАХН-ын амласан 1,5 саяыг аваад л архи ууж байдаг л ард түмэн болно. Сар ажиллаад дэлхийн түвшний цалин авах ажлын байр бий болох эсэх нь энэ УИХ-аас хамаарч байна ш дээ. Төмөр замын бодлогыг яаж шийдэх вэ. Зөв шийдэх юм бол ажлын байр гарна, буруу шийдэх юм бол ажлын байр гарахгүй. Тавантолгойг яаж шийдэх вэ. Үндсэний компаниудаа дэмжих юм уу, гадаадын компаниудад өгөөш өгөх юм уу. Оюутолгой, Тавантолгой хоёрт маш том ялгаа байгаа. Оюутолгойг бид тэр доор зэс байгааг мэдээгүй. Гадаадын компаниуд нэлээн их мөнгө зарж байж олсон байдаг. Тавантолгой бол социализмын үеэс бүх юм нь тодорхой, улсын мэдэлд байж ирсэн, одоо ч байгаа. Лиценз нь ч байна, тэр судалгааны материал нь ч байна. Одоо зөвхөн олборлолтоо хийгээд зарахад л бэлэн байгаа. Үүнийгээ бид ажлын байр бий болох, нэмүү өртөг бий болгох, гадаадын компанийн хөрөнгө оруулалт татах хэрэгслэл болгож чадах юм болбол явна. Тэгэхгүй нүүрсний ченжүүдийн шахаасаар буруу бодлого явуулах юм бол улсынхаа эдийн засгийг, аж үйлдвэржүүлэх бодлогыг шинэ шатанд гаргах боломжоо л алдана шүү дээ.

-Манай ягаан парламент энэ бүхнийг ухамсарлаж байгаа гэж үү. Монгол орны цаашдын ирээдүй одоогийн УИХ-аас ихээхэн шалтгаална гэж та тусгайлан анхааруулж байх шиг байна?

-Яг одоо хэлэлцэж байгаа гурван том бодлого байна. Одоо Тавантолгой орж ирнэ, төмөр зам яригдаж байна, 100 мянган айлын орон сууц яригдаж байна. Тавантолгойн нүүрснээс ердөө л 130 сая тонн нүүрсний эрхийг дэд бүтэц барих гэж байгаа Зам тээврийн яаманд өгчих юм бол, эсвэл бушуухан Тавантолгойгоо эхлүүлээд эрчим хүчний нүүрсээ урагшаа урсгачих юм бол нөгөө машинаар Монгол бүх дэд бүтцийнхээ асуудлыг өөрөө шийдэж болж байгаа юм. Өнөөдөр төсвөөс зам барина гэдэг бол нөгөө харганын ноос түүж эсгий хийнэ гэдэгтэй адилхан үлгэр болчихоод байгаа юм. Төсвөөс нэг километр зам барьж байхад, Тавантолгойн нүүрсээр бол 1000 км зам барих боломжтой. Ердөө 2012 он гэхэд бүх аймгийн төвөө засмал замаар холбох Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилго биелэх боломжтой. Ийм олон гэр хороолол байх ямар ч шаардлага байхгүй. Бүгдээрээ тохилог орон сууцанд орох бүрэн боломж байгаа юм. Тэгэхээр энэ гурван бодлого УИХ-аар гарчих юм бол өнөөдрийн бүх зовлон зүдгүүр хурдан арилна. Хувийн компаниуд хийж чадаж байна шүү дээ. “Энержи ресурс” хийж чадаж байна. “Жижиг Тавантолгой” хийж чадаж байна.

-Хувийн хэвшлийнхний ажил гялалзаад л, төрийн ажил зогсонги байдаг шүү дээ?

-Төрийн ажил нь явахгүй. Төрийн Тавантолгойн 70-80 хувьтай “Эрдэнэс Монгол” гэж компани байгаа. Юу ч байхгүй, орлого байхгүй. Дотоодын “Тавантолгой транс” анх удаа хамгийн их татвар төлөгчийн нэг боллоо ш дээ. Хоёрт орлоо. Нэгд нь нөгөө “Бороо гоулд” байгаа л юм байна лээ. Нөгөө архины компаниуд хамгийн их татвар төлдөг гажиг юм чинь алга болж байна. Үнэхээр юм бүтээдэг, экспортолж чаддаг компаниуд одоо дээшээ гарч ирж байна.

-Өнөөгийн парламент өөртөө хувь заяагаар олгогдсон үүргээ хэр мэдэрч байгаа юм бол. Таны үгнээс бол Монголд хамгийн илүү ашигтай шийдвэрийг гаргаж чадна гэдэгт найдахгүй байгаа шинж л үнэртэж байна?

-Би энэ байр сууриараа бас нөгөө талд байгаа улсуудаа шахаад байна ш дээ. Засгийн газар бол сайн ажиллаж байгаа. Би хэдийгээр стандарт бус Засгийн газар, Үндсэн хуулийн эсрэг байгаа гэж хэлж байгаа ч оруулж ирсэн төмөр замын хөтөлбөр сайн болсон. 100 мянган айлын орон сууц сайн болсон. Утаагүй Улаанбаатар хөтөлбөр ш дээ нөгөө нэр нь. Тавантолгойг би сайн орж ирээсэй гэж хүсч байгаа. Бас залруулагдаж байгаа. Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд орж анхны боловсруулсан саналтай нь танилцсан. Залруулахаар юм их байна лээ. Тэд хүлээж авсан. Хаа очиж энэ одоогийн Ерөнхий сайд чинь бизнесмен байсан юм болохоороо вагоноор зөөх, машинаар зөөхийн аль нь илүү ажлын байр бий болгох вэ гэдэг тооцоог надтай адилхан толгойдоо хийгээд байна ш дээ. Нэг вагоны цуваа 4000 тонн нүүрс чирнэ. Үүнийг хоёр машинист жолооддог юм. Үүнийг өнөөдрийн зөөж байгаа 100 тоннын машинаар зөөх юм бол 40 машинаар зөөж байгаа юм. 40 машиныг 80 хүн жолоодож байгаа юм, ээлжийн жолоочтой. Тэгэхээр хоёр машинистын ажлын байрыг гаргах уу, 80 жолоочийн ажлын байрыг гаргах уу гэдэг л сонголт байгаа юм. Тийм учраас Засгийн газраас урагшаа тавих төмөр замын асуудлыг хоёрдугаар шатанд гэж оруулж ирж байгаа юм. Хоёрдугаар шат гэдэг бол нэгдүгээр шат яваад миний нөгөө мөрөөдлийн бүх үйлдвэр баригдсаны дараа хийгдэх учраас аюулгүй байгаа юм. Гэтэл МАХН-ын бүлэг дээр санал гаргаад нэг, хоёрдугаар шатыг нийлүүл, ойрын хугацаанд хий гэдэг шийдвэр гаргачихаад бариад ороод ирсэн юм. Тэгэхээр нь аюулгүй бодлого, гадаад бодлогын байнгын хорооны хурал хийлгээд хаалттайгаар төмөр замын асуудлыг сонссон. Манай байнгын хорооны  гишүүдийн олонхи нь МАХН-ын гишүүд л дээ. Тэгээд бид ер нь бүлэг дээрээ дахиж яръя. Нэг, хоёрдугаар шатыг нэгтгэдэг юм бол арай сэрүүн болчихжээ. Нөгөө мөрөөдөөд байгаа хоёр дахь хаалга, ажлын байр, үйлдвэржилт гэдэг юмыг, энэ нэг, хоёрдугаар шатыг нэгтгэ гэдэг заалт үгүйсгэчих гээд байна. Бид бүлгийнхнийгээ очиж ухуулна гээд гарсан юм. Тэгэхээр МАХН дотор эрүүл саруул бодолтой хүн зөндөө байна гэсэн үг.

-Засгийн газрыг сайн ажиллаж байна гэв үү?

-Гурван хөтөлбөр дээр. Ерөөсөө сайн ажиллаж байна гэж хэлээгүй шүү дээ. 

-Хууль зүйн байнгын хороо, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан нээлттэй сонсгол гэж болсон. Энэ яг юу вэ. Долдугаар сарын 1-нээр хийсэн эхний хэлэлцүүлэг бол огт өөр агуулгатай, нийгэмд өөр дохио өгсөн акц байсан. Сая харин юу болоод өнгөрсөн бэ. УИХ чинь шүүх юм уу. Эсвэл томсгосон Засгийн газар юм уу. Хоёр гурван байнгын хороогоороо очиж нэг төрийн байгууллагыг дарамталж шалгаад л. Ерөөсөө ойлгохгүй байна?

-УИХ-ын хяналтын функц Үндсэн хуульд байгаа юм. Тэрийгээ яаж хэрэгжүүлэх гэдэг хөлөө олохгүй олон жил болсон. Нээлттэй сонсгол бол хэлбэрийн хувьд дэлхийн бусад орны парламентад байдаг, Үндсэн хуульд бол нийцэж байгаа. Та нар долдугаар сарын 1-ний сонсголыг сайн болсон гэж үзэж байгаа бол яг тэр нэг зааг байна ш дээ. Энэнээс цааш хуулийн байгууллага хийнэ, энэнээс нааш УИХ-ын хяналт. УИХ дээр дуудаад сонсч байгаа цорын ганц үндэслэл байгаа юм. Бид долдугаар сарын 1-нээр хоёр дахь сонсголыг хийх гэж байгаа. Тэр нь Галт зэвсэг хэрэглэдэг хууль ер нь долдугаар сарын 1-нд шалгагдлаа шүү дээ. Тэгээд болж байна уу, болохгүй байна уу. Хэрэглэсэн улсуудыг нь дуудаж сонсоно, хэрэглүүлсэн улсуудыг нь бас дуудаж сонсоно. Тэгээд засах юм нь юу байна гэдэг ийм л ганц шалгуураар ярьж байгаа юм. Тэрнээс УИХ нөгөө буудсан цагдааг авчирч байгаад чи яагаад буудаж алсан юм бэ, тийм учраас чамд тийм ял өглөө гэдэг тэр эрх бол байхгүй шүү дээ.

-Буудсан нь ч, тушаал өгсөн нь ч тогтоогдоогүй байгаа биз дээ?

-Буудсан нь тогтоогдсон. Тушаал өгсөн нь тогтоогдоогүй байгаа юм билээ. Буудсан таван хүн бол олдчихсон. Буу нь олдсон, сум нь ч олдсон, хонгио нь ч олдсон. Тэгэхээр энэ нэг ялгаа заагаа бариад сонсголоо хийх юм бол хүмүүст их хэрэгтэй юм байна гэдэг сэтгэгдэл үлдэж байгаа юм. Энэнээсээ ингээд хэтрээд байх юм бол одоо мөрдөн байцаагч ч юм шиг авирлаад, зарим залуу гишүүд бас тэр нэг хил хязгаараа зөрчөөд байх шиг санагдаад байсан. Би сонсголын эхэнд хэлсэн. 50 гаруй мянган хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байхад яагаад тэр 11 хүнийг авчирсан бэ гэдэг нэг асуудал байгаа юм. Ерөөсөө 11-хэн хүн буруу өгчихөөд 59950 нь ямар ч алдаагүй сайхан байсан юм уу гэхээр үгүй гээд байгаа юм. Тэгээд яагаад энэ 11 хүнийг авчирчихсан юм бэ гэхээр танай ажлын хэсэг энэ хэдийг сонгосон ш дээ гээд байгаа байхгүй юу. Би тэр ХОМ-ийн сонсголын ажлын хэсгийн зохион байгуулалтад оролцоогүй. Тэр өдөр сонсгол болох гэж байна шүү гэж хэлэхээр нь л очсон. Ер нь бол АТГ ажлаа муу хийж байгаа гэдэг үнэлгээтэй л үлдсэн.

-Хүүхэд хөгшдийг элэг барина гэгчээр хүүхнүүдийг авчирч байцаагаад л, үнэхээр хачин харагдсан?

-Хоёр ядарсан хүүхэн авчирчихсан, нөгөөдүүл нь ч шалтгаантай байсан юм байна лээ. Гэхдээ шалтгаантай байсан нь өөрөө мэдүүлгээ цагтаа өгөхгүй байх үндэс бас болохгүй. Өмнө нь өгөх бололцоо бүрэн байсан. Тэрийг ч би хэлсэн. Авлигатай тэмцэх хуулийн 14.3 гэж чухал заалт байгаа юм. Миний оруулсан заалт. Одоо санал хураалтын нэрээр нь хайвал байж л байгаа. Би ямар юм оруулсан бэ гэхээр, АТГ-ын вэб сайтан дээр сүүлийн таван жилийн 50 гаруй мянган хүний хөрөнгө оруулгын мэдүүлэг харагдаж байх ёстой. Тэрэн дотроос Дорж гэдэг гаалийн байцаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг урд онуудаасаа 2006, 2007, 2008, 2009, 2010 онд яаж өссөн байна, яаж өөрчлөгдсөн байна, эсвэл буурсан юм уу, нэмэгдсэн байна уу, хасагдсан байна уу, шинэ шинэ эд хөрөнгө гарч ирж үү, орлого нь нэмэгдэж үү, хасагдаж уу гэдгийг нь харах боломж иргэн Долгор, Дондог, Дулмаад бүгдээрэнд нь гарах ёстой юм. Хууль батлагдаад дөрвөн жил болж байхад яг тэр амин чухал заалт 14.3-г хэрэгжүүлэх талаар АТГ ямар ч ажил хийгээгүй. Мөнгө байхгүй гээд. 

-Харин ч мөнгөтэй газар биш бил үү?

-Энэ газар байгуулагдаад дөрвөн жил болж байна. Тэгээд яасан юм бэ гэхээр 350 гаруй сая төгрөгөөр өөрсдөдөө төсвийн хууль зөрчиж орон сууц авсан байдаг. УИХ АТГ-г ажилчдадаа байр авч өг гэдэг шийдвэр нэг ч гаргаж байгаагүй. Би өөрөө шалгаж үзсэн юм. Бид энэ төсвийн хуулин дээрээ АТГ-ын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд бичээд өгчихсөн юм биш байгаа даа гээд. Тийм юм нэг ч байхгүй байна лээ. Саяын ажлаа өгдөг прокурор тэрийг шалгаад хууль зөрчөөгүй байна, УИХ байр авах зөвшөөрөл өгнө үү өгөхгүй байна уу Сангарагчаа бол хувьдаа 45 сая төгрөгөөр байр авах эрхтэй юм байна гэдэг бичгийг ирүүлсэн ш дээ. Тэрийг би одоо энэ шинэ прокурорыг шалгаасай гэж бодож байна. Яагаад гэвэл тийм байж болохгүй. УИХ зөвшөөрөл өгч байж байр авдаг болохоос биш хоёр тэрбум төгрөг чамд өглөө. Чи дураараа шийд гэж хэзээ ч хэлдэггүй. Яагаад гэвэл төсвийн бүх зарцуулалт нэрээрээ явдаг. Одоо та нар төсвөө ажиглах юм бол прокурорын байгууллагын нийгмийн асуудал, аудитын байгууллагын нийгмийн асуудал, хилийн цэргийн нийгмийн асуудал, шүүхийн нийгмийн асуудал гээд байж байгаа юм. Тэр бол дандаа байр өг гэж байгаатай адилхан. Албан тушаалын байрнуудыг бид зөвшөөрч байгаа юм. Шүүх, прокурор, гааль энэ тэр бол байнгын эргэлтэд байдаг. Нэг газар нэг хүнийг удаан ажиллуулдаггүй. Өвөрхангайд ажиллаж байсан хүн хоёр жилийн дараа өөр газар очоод ингээд явчихдаг. Тэр байранд нь зориулж мөнгө өгч байна л даа. Гэтэл АТГ-ын сүүлийн таван жилийн төсвийг нэмээд аваад үзэхээр тэнд нийгмийн асуудлын тухай байхгүй. Тоног төхөөрөмж ав, үйл ажиллагааны урсгал зардлын мөнгө гээд өгснийг гурван жил дараалан 300 гаруй сая төгрөгийн байр авсан байгаа юм. АТГ-ын дарга нь хамгийн түрүүнд өөртөө байр авсан байгаа юм. Өөрөө очиж ажилд орсон жилээ. Тэр хүн насаараа цагдаа, цэргийн байгууллагад байргүй байсан гэж би бодохгүй байна л даа. Би энэ 45 сая төгрөгөөр хувьдаа байр авчихад намайг хэн шалгадаг юм. Шалгасан хүнийг нь би шоронд хийчихнэ гэдэг тийм цагдаа маягаар хандаж байгаа байхгүй юу.

-Баахан ярилцлага өгөөд л өөрсдийгөө өмөөрөөд унасан. Тэгээд сүүлдээ бараг сэтгүүлчид бид буруу шүүмжилсэн юм шиг болоод явчихсан шүү дээ?

-Тийм юм байхгүй. Наадахь чинь прокурор өөрөө Сангарагчаагийн өмнө дарамтлуулах шалтгаантай байсан л гэж харуулж байгаа юм. Тийм учраас хэргийг нь зохих ёсоор шалгаж чадаагүй. Одоо бол би дахиж шалгуулахыг шаардана. Яагаад гэвэл би төсөв гэдэг юмыг яаж ажилладгийг сайн мэддэг юм ш дээ. Төсөвт байр авна гэж суулгаж өгөөгүй байхад байр авч болохгүй л гэсэн үг. Ямар ч гоё шалтаг бодож олоод нэмэргүй. Би 14.3-ыг ярьж байгаад ийшээ орчихлоо ш дээ. 14.3 гэдэг заалтыг Сангарагчаагийн авсан 45 сая төгрөгөөр хийчих бүрэн боломжтой. Ямар ч асуудалгүй. Тийм байхад нь тэр сонсгол хэлэлцэхдээ миний үгэнд тэр АТГ-ын залуу байсан та нар хариулж хэлэх ёстой байхгүй юу. Бид шалгасан. Таван жилээр нь шалгасан чинь зөрчилтэй хүн 1000 гарсан. Тэр 1000-аас наад хэд чинь улс төрийн зорилгоор 11 хүнийг авчирч тавиад байгаа. АН-ын нэг нөхөр, Замын-Үүдийн Засаг дарга, МАХН-ын бас нэг нөхөр, Дорнодын Засаг дарга гэж бүр зохион байгуулалттайгаар сонгож авсан байгаа байхгүй юу.

-Ерөнхийлөгч бараг нэг жил үзэж байж ерөнхий прокурорыг өөрчиллөө. Гуйж, учирлаж, арга мэх сэдэж юм юм болж байж шүү дээ. Хэрэв асуудал ингэж явах юм бол нөгөө шүүх засаглалд хийгдэх шинэчлэл мөд ахихгүй нь?

-Жишээ нь АТГ-ын даргыг нэг их гуйгаад байх шаардлагагүй гэж бодож байна. Төсвийн хууль зөрчсөн нь тодорхой, эрх мэдлээ хэтрүүлсэн нь тодорхой. Тэгээд энэ шинэ ерөнхий прокурор УИХ- д оруулж ирж асуудлыг нь шийдэх хэрэгтэй ш дээ.

-Нөгөө зургаан жилээр томилсон хуулийн хугацаа яах вэ?

-Хууль зөрчсөн бол огцруулдаг хуультай шүү дээ. Хуулд зөрчсөнийг нь хараагүй дүр үзүүлж явдаг учраас энэ нийгэмд чинь бүгширчихсэн асуудал үүсээд байгаа. Хууль зөрчсөн даруйд нь огцруулаад байх юм бол тэр ерөнхийлөгчийн ярьсан  шударга ёс  тогтоно шүү дээ. Яаж ч хууль зөрчиж байсан байгаад л байдаг. Уг нь  хууль зөрчсөн хүмүүсийг шийтгэж байдаг үүрэг нь прокурорт байгаа юм.  Нотлох баримтаа бүрдүүлээд, шүүхээр арга хэмжээ авахуулаад явах ёстой. Тэр прокурор нь ажлаа хийхгүй болохоор хуулийн систем даварч эхэлж байгаа юм. Намайг хэн хэлж, нохой хэн саадаг юм гээд л. Тийм учраас л ерөнхий прокурорыг сольсон.

-Зарим улстөрчид бол Ерөнхийлөгчийн эрх хэмжээний асуудал биш гэж хэлдэг?

-Юуг?

-Прокурорыг дуудаж сануулах, ажлаа өг гэж гуйх, шаардах аль алиныг нь?

-Томилдог хүн нь өөрөө л хариуцахгүй бол өөр хэнд эрх нь байгаа юм. УИХ-ын даргад байх юм уу.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсний нэг жил тохиож байна. Түүний ажилд ямар дүн тавьж байна?

-Ерөнхийлөгч ажлаа аваад 22 хуулийн төсөл боловсруулсан байгаа юм. Ерөөсөө энэ хууль, шүүх, цагдаагийн байгууллагатай холбоотой 22 хууль. Чимэд гуай энэ ажлын хэсгийн ахлагч нь. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш гарсан бүх хуулийн байгууллагыг шинэ Үндсэн хуульд нийцэж ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдэг шалгуураар шалгасан. Эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь үе шатанд дүгнэлт хийсэн. Одоо шүүх, цагдаа, прокурор, өмгөөлөл, эрүүгийн байцаан шийтгэх, иргэний байцаан шийтгэх, иргэний хэргийг шүүхэд шийдэх гэх мэтийн 22 хуулийг өөрчилчих юм бол, энэ бол реформ болно. Хүмүүс ерөнхийлөгчийг гарангуут муу цагдаа нарыг нь хөөж явуулаад, сайн цагдаа тавьчих юм бодож их хялбархнаар төсөөлж байсан. Ерөнхийлөгч асуудлыг их өөрөөр харж байгаа. Асуудлын сайн муу нь хүндээ гэхээсээ илүү хуулиуддаа байна. Хүндээ ч байлгүй яахав. Ажлаа сайн хийдэг хүн бол хамаагүй өөр үр дүн гаргана. Энэ 22 хуулийн өөрчлөлтөд байна гээд. Тэгээд эхний хуулиараа  Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулийг оруулж ирсэн. МАХН-ын бүлэг завсарлага аваад одоо гурав дахь долоо хоногтоо орж байна л даа. Тэгээд ийм маягийн байдал байгаад байх юм бол, МАХН-ын бүлэг юу гэж үзэж байна гэхээр өөрчлөлт хийх шаардлагагүй, болж байна гэж үзэж байна ш дээ. Ерөнхийлөгч болохоор болохгүй байна. Би сонгуулиар явсан. Хүмүүс болохгүй байна гэж хэлсэн. Одоо үүнийг чинь өөрчилье гэхээр МАХН-ын бүлэг завсарлага гэдэг юмаар боогоод байна шүү дээ.

-Тэгвэл одоо ерөөсөө байх байх газраа байя гээд хөдөл л дөө. Засгийн газраас гишүүдээ тат. Ийм байдлаар тэд хандаж байгаа бол ухсан нүхнийх нь урд орхиод гарч бас болно шүү дээ?

-Тэгэхийн тулд АН шийдвэр гаргах хэрэгтэй л дээ.

-АН-д хямрал нүүрлэчихээд байна. Эзэнгүйдэл, түүнтэй холбоотой онгорхой орон зай. Хамгийн сонгодог үзэл баримтлалын түүчээ болж явдаг энэ нам үнэхээр хачин харагдаж эхэллээ. Барууны хүчний холбоо?

-Ардчилсан хүчний холбоо (АХХ). Яриаг чинь тасалсанд уучлаарай.

-Ямар ялгаа байгаа юм бэ. Тэр тусмаа барууны гэх үзлийн гялбаа ч байхгүй шахам энэ үед ядаж барууны гэдэг үгийг нь ашиглая л даа. Тус холбоо таны нэр хоёр хамтдаа сонсогдох болсоор удаж байна. Энэ талаар?

-Холбоо бол манай улсад байгаагүй шинэ төрлийн байгууллага юм. Хууль зүйн хувьд хэдийгээр бид 6000 ТББ-ын нэг боловч гадаад улсуудад байдаг, манайд байдаггүй тийм нэг хэлбэрийг олж хараад хөгжүүлэх гэж оролдоод байгаа юм. Хуучин бол их амархан байлаа ш дээ. Чи бол коммунист, эсвэл коммунистын дайсан. Хоёрхон үзэл сурталтай, ойлгомжтой. Сүүлийн 20 жилд юу өөрчлөгдсөн гэхээр хүмүүс бол маш их ашиг сонирхол руу нэгддэг болчихсон. Эмч нарын ашиг сонирхол өөр, өвчтөнүүдийн ашиг сонирхол өөр. Өвчтөнүүд аль болохоор хямдхан, сайн үйлчилгээ авахыг бодно, эмч нар болохоор үнэтэй үйлчилгээ өгч, сайн цалинтай байхыг бодно. Багш нарын сонирхол өөр, сурагчдын сонирхол өөр, төрийн албан хаагчдынх өөр, ажилдаа удаан тогтохыг бодно. Гэтэл иргэд болохоор чи ингээд лаглайж суугаад насаараа энд байж байдаг, яагаад манай хүүхэд орж болдоггүй юм бэ гээд ашиг сонирхлын бүлэглэлүүд үүсч эхэлж байна. Нийгэм өөрөө коммунистууд ба эсрэг гэдэг шиг олноороо байхаа болж эхэлж байгаа юм. Нэг цул юм байлаа ш дээ. Бүгдээрээ коммунизмыг 99 хувь дэмждэг байсан. Одоо бол пиво үйлдвэрлэгч нэг өөр сонирхолтой, пиво импортлогч нэг өөр сонирхолтой. Тэр хоёр бол хоорондоо нэгдэхгүй. Тэгэхээр энэ олон ашиг сонирхлын бүлэглэл энэ ардчилсан нийгэмд яаж амьдарч болоод байна гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Бүгдээрэнгийнх нь явж явж юмаа их сайн хэлэлцдэг юм байна, сайн гарцаа олдог юм байна. Яг тэр мэргэжлийн нарийн юман дээр хамгийн сайн шийдлийг бол тэр мэргэжлийнхэн л гаргадаг юм байна. Одоо ЭМЯ-ны гол гол шийдлүүдийг ЭМЯ гаргаж байна ш дээ. Эрүүл мэндийн хууль ямар байх вэ, эмийн тухай хууль ямар байх вэ гээд. Гэтэл тэр хуулиудыг биелүүлдэг эмч, сувилагч, асрагч нараас хэзээ ч асууж байгаагүй. Энэ эмч, сувилагч нар энэ эмийн тухай хууль, эрүүл мэндийн тухай хуульд, бид  ер нь ингэж бодож байна  гэж санал өгч болдог бол маш том дэвшил гарах гээд байгаа юм. Яагаад гэвэл тэр хуулийг гарсны дараа энэ хэд л хэрэгжүүлнэ ш дээ. Тэгэхээр бид хүмүүсийг ашиг сонирхлоороо нэгд, клубүүдээ байгуул, сонирхлын бүлгүүдээ байгуул. Тэгээд энэ нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа юмыг битгий амандаа яриад бай. Шийдлүүдээ гаргаад ир. Тэрнийг бид бодлого болгоод өгье. Энэ АХХ-ы гол удирдлагууд нь дандаа УИХ-ын гишүүд байна. УИХ-ын гишүүд юугаараа иргэнээс илүү юм бэ. Хууль санаачлахаараа л илүү байгаа. 76 хууль санаачлагч байгаа. 77 дахь нь Засгийн газар, 78 дахь нь ерөнхийлөгч. Тэгэхээр ийм их эрх ард түмэн бидэнд өгчээ. Энэ эрх мэдлээ та бүхний төлөө зориулъя. Хоёрхон шалгууртай. Ардчилсан үзэлтэй бай, Монголоо шинэчилье гэсэн зорилготой бай. Шинэчлэх гээд байгаа арга замаа гаргаад ир. Тэрийг чинь бид хууль зүй, дүрэм журам, тогтоол, энэ улсын амьдралд нөлөөлөхүйц бодлого болгоод өгье гэж л ийм зорилгоор байгуулагдсан. Тэгэхээр энэ зорилго бол зөвхөн АН-ын даргын суудлын төлөө нэг фракцын тэмцэл биш юм. Бид хамаагүй илүү өргөн харж байна, хамаагүй олон хүнийг оролцоосой гэж хүсч байгаа. Голцуу залуучууд “Мэдлэгийн эдийн засаг“ гэдэг клубыг энэ дөрөв дэх өдөр байгуулж байна. Ерөөсөө мэдлэгийн эдийн засаг гэдэг бол уул уурхайтай өрсөлдөх ёстой. Бид тэрүүгээрээ дэлхийн тавцан дээр гарах ёстой. Тэгэхийн тулд ийм юм хийж өгөөч төр засгаа гэдэг бичиг баримтаа гаргаж ирж байна.  Геологичид, эдийн засагчид “Хөгжлийн бүс” гээд бас нэг клуб байгуулагдсан. Манай улсын бүх ашигт малтмалын 80 хувь нь 47 дугаар өргөргөөс урагшаа байгаа юм байна. Тийм учраас энэ ашигт малтмалынхаа дундуур өргөн төмөр зам татъя эхлээд. Тэгэхийн бол олон уурхай ажиллана. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой ярих биш олон юм нээгдэх гээд байна гэж байгаа юм. Хүн ам зүйн бодлого чинь зөв болж эхэлж байгаа юм. Нэг сая монголчууд Улаанбаатарт төвлөрөхөө больж эхэлж байгаа юм. Хаана ажил байна тийшээ л очихоос биш, энд дэмий суугаад утаа гаргаад байх шаардлагагүй ш дээ. Гэх мэтээр ингэж уриалсны хүчинд урд мэддэггүй байсан маш олон шинэ санаа, салбар болгондоо хэлэлцүүлэг хийгдээд ороод ирж байна гэсэн үг. Ийм л юм бид хүсч байгаа юм. Энэ дотор АН-ыг шинэчлэх гэдэг клуб байгуулагдахыг үгүйсгэхгүй. АН-ын одоогийн удирдлага унхайгүй байна. Намаа шинэчилье, Засгийн газраас гаръя гээд клуб байгуулагдвал энэ бол байж болох олон клубүүдын нэг болоод л явна гэсэн үг.

-Намын даргыг солих ёстой гэсэн байр суурьтай гишүүн олон байдаг. Та ямар бодолтой байдаг юм бэ. Та түүнтэй намын даргад өрсөлдсөн. Гэхдээ идэвхгүй, бэлгэдлийн чанартай өрсөлдөх шиг санагдсан?

-Үгүй үгүй. Би байдгаараа өрсөлдсөн. Бүх хүчээ дайчилж оролцсон. Тэр үед манай ҮЗХ-ын дийлэнх гишүүн нь хамтарч байж их сайхан АН-ын бодлого хэрэгжинэ гэдэг ойлголттой байсан.

-Танаас идэвхтэй хүсэл бол харагдахгүй л байх шиг байсан?

-Үгүй яахав, би хамтарч байж сайн явна гэдэг хүмүүсийг бүгдийг нь өөрөөсөө түлхсэн үг хэлчихсэн юм чинь. Олонхи нь олонхиороо, цөөнх нь цөөнхөөрөө байх ёстой гээд.

-Одоо энэ олон том төсөл явах гэж байна. Хяналтын механизмаас өөр чухал зүйл одоо алга. Яаж энэ том гэрээнүүдийг элдэв но-гүй хийгдэж байна гэж итгэх юм. Бидний энэ хардах, хянах эрхийг төрийн дээд түвшинд хэн төлөөлөх юм бэ. Үүнд тээг болж буй бол өнөөдөр намын толгойтой ноцолдохоос аргагүй биз дээ ер нь бол?

-Манай намын хамтрахын төлөө байдаг гишүүд ингэж байгаа юм. Тэдэнд бас нэг аргумент байгаа байхгүй юу. Яагаад заавал хамтраад байгаа юм гэсэн чинь. Яагаад хамтрахыгаа тэд зөв гэж байна гэдгийг бас сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бол минийх туйлын зөв, чинийх туйлын буруу гээд ингээд яваад байх юм бол бас буруу хариу гарчихна шүү дээ. Чи бод л доо гэж байгаа юм. Тавантолгой, Оюутолгой хамтрахгүйгээр явах уу. Бид Улаанбаатарынхныг утаагүй болгоно гэсэн хамтрахгүйгээр явах уу, явахгүй. Тэгэхээр хамтаръя, энэ том ажлуудаа бодъё гэж байгаа юм. Энэ аргумент мөн. Тэрийг би ойлгож байгаа юм. Тийм учраас би намын даргаа өг, одоо Засгийн газраас гарна ингээд явна гэж хэлэхгүй байгаа юм. Бид олонхи, цөөнхийг хэтэрхий сөргөлдөөнтэй талаас нь харж, асуудлыг явуулахгүй удааж байсан тал байж магадгүй. Гэхдээ энэ бас нөгөө талд нь тэднийг би юу нь буруу гэж байгаа юм гэхээр, хэрвээ хамтраад бүх юм сайхан болчих юм бол яагаад Тавантолгой шууд ажиллаж эхлэхгүй байгаа юм бэ. Оюутолгойтой адилхан батлагдахгүй байгаа юм. Тэгэхээр асуудал нь хамтарсан, эсвэл хамтраагүйдээ биш байна. Тэр ОТ, ТТ гэх мэт асуудал нь өөрөө нийгэмд таалагдах кондицид хүртлээ боловсрохгүй байгаа учраас болохгүй байна. Түрүүчийн миний хэлдэг шиг нарийн төмөр зам татаад “Шинхуай”-д Тавантолгойг өгнө өө гэх юм бол энэ УИХ бол яагаад ч зөвшөөрөхгүй ш дээ. Гэтэл  үйлдвэрүүдээ харсан, ажлын байраа харсан төсөл ороод ирвэл олонхи байна уу, цөөнхдөө байна уу, ялгаагүй зөвшөөрөөд явуулна. Хэрвээ миний яриад байгаа вариант орж ирвэл олонхи, цөөнх байхаасаа үл хамаараад дэмжинэ. Хамтарсан байгаад “Шинхуай”-д өгөөд нарийн төмөр зам дахь хувилбар орж ирвэл би хамтарсан ч бай, хамтраагүй ч бай, олонхи ч бай, цөөнх ч бай эсэргүүцээд л явна. Тэгэхээр асуудал өөр юманд байгаа гэдгийг аль аль талдаа л харах хэрэгтэй байна.