Зөн сэрэхүй: Колериж, Хубилай хаан
“Хүйснээс бадрах наран мэт билгийн гал дээш түгэхүйеэ оройн хүрдэн – их амгалангийн агуйд хуралдсан бодь шимийн мөс хайлж, ариун мөрөн болон урсаад бүх бие сэтгэлийг хамт төрсөн жаргаланд уусгана” хэмээн Баясгалант Очирын тантарт өгүүлдэг.
“Суут яруу найрагч Самуэл Колериж дөчин мянган дутуу шүлэг бичсэн гэдэг. Гурван мөр... хэдэн жилийн дараа гэнэт нэмэгдсэн хоёр мөр... гэхчлэн. Нас барахынх нь өмнө нэг хүн: - Та яагаад ийм сайхан шүлгүүдээ дуусгалгүй орхичихсон юм бэ? гэж халаглахад тэрээр: - Би яаж дуусгах билээ? Надаас хамаарахгүй өөрсдөө л ирдэг. Ирэхгүй байна гээд хүчээр авчрах боломжгүй. Хаанаас ирдгийг нь ч би мэдэхгүй гэж хэлжээ. Зүгээр л үг өрж, шүлэг эвлүүлээд яруу найрагч болчихгүй. Жинхэнэ яруу найраг бясалгалаас төрдөг. Өөрөөр хэлбэл, яруу найргийг зохиодог юм биш, түүнтэй учирдаг юм. Зохиогч арилж, түүний орон зайд нууцлаг нэгэн хийбод салхи сэвэлзэх шиг нэвтэрнэ. Тэр л салхин сэвшээг хүний хэлэнд хөрвүүлэх нь яруу найраг. Яруу найрагч бол зохиогч биш, дуун хөрвүүлэгч” гэж Ошо багш ярьжээ.
Энд нэр дурдагдсан Английн яруу найрагч Самуэл Колериж (1772-1834) идэрхэн насандаа 1797 оны зуны нэгэн өдөр эмчийн жороор бага зэрэг мансууруулах орцтой эм хүртээд сандал дээрээ хэсэг зуур дуг хийжээ. Энэ үедээ ер бусын зүүдэнд орж, тэнгэрт халих шиг болоод чихэнд нь урьд өмнө сонсоогүй туульсын найраг дуурьсаж гэнэ. Түүнтэй зэрэгцэн шидэт үгсийн биелэл болсон сонин гайхамшигт үзэгдэл нүдний өмнө хөвөрчээ. Сэрсэн даруйдаа ой тойнд нь дурайж байсан хэдэн зуун бадгийг тэмдэглэхээр яаран үзэг, цаас нийлүүлж байтал хаалга балбах чимээ түүнийг тасалдуулжээ. Орж ирсэн албаны хүнийг аргацаан байж явуулаад үргэлжлүүлэх гэтэл хэдхэн мөчийн өмнө дурайж байсан бадгууд огт-оргүйд уусан замхарчээ. Санах гэж хэчнээн хичээсэн ч болоогүй гэдэг.
Хүмүүн хэмжиж үл барах агуу ангал тольдогсон,
Наран хажиж үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанду хэмээх нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд дүвлэжээ...
(Д.Бямбаа гуайн орчуулга)
Ийнхүү эхэлсэн туульсын тавин дөрвөн мөр л цаасан дээр бууж амжжээ. Өвөрмөц хэмнэл, хөгжимлөг аязаараа англи хэлтний утга зохиолд сор болон гялалздаг энэ төгсөөгүй найраглал “Хубилай хаан” нэрээр мөнхөрсөн юм. “Зүүд зөнгийнхөө биелэл болгож газар дэлхийд бүтээсэн орд харш нь сүйрснийг үзээд Эзэн хааны сүнс яруу найрагчийн биед орж, гантиг чулуу, ган төмрөөс илүү бат найдвартай үгийн увдисаар мөнөөх ордноо сэргээн дархалсан биз ээ” хэмээн Зүүдний ном-ыг тэрлэсэн Аргентины их зохиолч Борхес тэмдэглэжээ.
Дорнын гүн ухаанд аливааг гадаад, дотоод, нууц гэсэн гурван төвшинд задлан тайлбарладаг. Энэ жишээн дээр Хубилай хааны зарлигаар өнөөгийн Өвөр Монголын Шилийн голд сүндэрлэсэн, Марко Пологийн магтан дуулсан “Мөрөөдлийн хот”, Тогоонтөмөр хааны гэмшлийн дуунд дурдагдсан “Эртний хаадын зуслан Шандугийн шар тал минь, Эрхлэн жаргах сэрүүн сайхан Хэйвэн балгасан минь, Хан тэнгэрийн хөвгүүн Чингис хааны алтан ураг, Хамаг бурханы хувилгаан Сэцэн хааны алтан харш” гэгдэх Их Юань гүрний дэд нийслэл Шанду хот, улаан алчууртны хөлд талхлагдаж, Мин улсын довтолгоонд ором туурь болж хоцорсон гунигт түүх, эсвээс тэртээ хойно таван зууны дараа дорнын оронд насандаа очиж үзээгүй англи яруу найрагчийн домоглон дуулсан Их хаан, Шанду хотын тухай “дутуу тэмдэглэгдсэн” туульс бол гадаад утга юм. Харин тэр мөрөөдлийн хотыг барих сэдэл болсон Хубилай хааны зүүдэнд ургасан ариун дагшин хот мандал, мөн түүн лүгээ орон, цагийн хэмжээсийг цуулан учирсан яруу найрагчийн зүүд зөнгийн амсуур бол дотоод утга юм. Дорнын их хаан, өрнийн их найрагчийн хэн хэнд нь тухайн үедээ ухаж үл дийлэх зүүд зөнгийн ёгт дохиогоор ирсэн Тэнгэрийн бошиг гэх үү, Оршихуйн чанад илгээлтийг нууц утга хэмээнэ. Гадаад утгаас дотоод утгыг, дотоод утгаас нууц утгыг мөшгөн тайлж гэмээ нь Нагаржуна багшийн хэлсэнчлэн “Бэрх утгыг тайлан чадагч хурц болой”. Уг туульсын төгсөөгүй төгсгөл нь:
Найраг эгшиг чангаран чангаран уянгалах тусам
Нарлаг тэр ордныг мөсөн агуйтай шүтэлцүүлэн
Намуухан агаарт би сэтгэлээрээ сүндэрлүүлнэ,
Тэр дууг сонссон бүхэн их ордыг олж хараад
Тэсгэл алдан “Бүү сарни, бүү сарни” гэж дуу алдана.
Тэнгэрт хааны гялалзсан мэлмий, гилтэлзсэн үс тодорно.
Дээдсийн дүрийг тойрон гурвантаа хүрээ үүсэхүйд
Дэмий л сүрдэж биширсэндээ нүдээ анин хүсэхүйд
Диваажингийн сүү амсаж, бал амтлан
Дэлгэр их жаргал эдэлсэн мэт болно.
Эхлээд хоосон чанар – сэтгэлийн агаарт бүрэн уусч, тэр амгалан хоосны агаараас Оршихуйн бүтээлч хүчийг бэлгэдсэн тарнийн эгшиглэн тодорч, уг бүтээгч аялгууг бэлгэдсэн тарнийн үсгийг дохио болгон төвлөрөхөд дотоод гэрэл аялгуу бурхадын хот мандал болон задран дэлгэрдэг Очир хөлгөний үүсгэл, төгсгөлийн зэрэг хэмээх гүн нууц увдисыг Колериж абугай санамсаргүй зөнгийн туршлагаар илт мэдэрчээ. “Нарлаг тэр ордныг мөсөн агуйтай шүтэлцүүлэн” сэтгэлийн агаарт сүндэрлүүлж буй нь үнэхээр гайхалтай ёгт дохио. Дотоод ахуйн эерэг, сөрөг туйлууд шүтэн барилдаж гэмээ нь бурхадын хот мандал амилах учиртай.
“Хүйснээс бадрах наран мэт билгийн гал дээш түгэхүйеэ оройн хүрдэн – их амгалангийн агуйд хуралдсан бодь шимийн мөс хайлж, ариун мөрөн болон урсаад бүх бие сэтгэлийг хамт төрсөн жаргаланд уусгана” хэмээн Баясгалант Очирын тантарт өгүүлдэг.
Хот мандлын төвөөс ядам бурханы дүр тодрох шиг Их хааны гэрэлт бүрэлбаа яруу найрагчийн билгийн нүднээ илт гарч иржээ. Түүнийг тойрсон гурван хүрээ тойрог ч гурван биеийг бэлгэднэ. Сэтгэлийн агаар – хоосон чанар – үнэмлэхүй бие (дармакаяа). Дотоод гэрэл, аялгуу – солонгон бие (самбогакаяа). Үзэгдэл ертөнц – хувилгаан бие (нирманкаяа). Орчлон ертөнцийн үүсэл, мөхөл хийгээд хүмүүний үхэл, төрөл ч энэ эрэмбийг агуулдаг. Тодруулбал: Үүсэхдээ хоосон чанараас нарийн долгиолог хэлбэрт шилжиж, улмаар бүдүүн буюу биежсэн төлөвт ордог бол арилах үедээ бүдүүн төлвөөс нарийн төлөвт шилжээд улмаар хоосон чанарт шингэдэг. Энэ зүй тогтлыг таньж мэдсэнээр өөрийгөө хоосон чанарт уусгаж, тэнгэрлэг утгаар дахин эмхлэх бясалгалыг л үүсгэл, төгсгөлийн зэрэг (төвд: жидрэм зогрим) гээд байгаа юм. Үхлийг үнэмлэхүй номын бие, зуурдын төлвийг солонгон бие, дахин төрөхөө хувилгаан биед хувирган бясалгах ч ийм утгатай. Үхэл, зуурд, дахин төрөлтийг өдөр тутмын туршлага: унтах, зүүдлэх, сэрэх гурав дээрээ бясалгаж дадуулдаг. Колерижийн хувьд уг тохиолдол дээр мөн л гурван биеийн шилжилтийг амссан аж. Унтах нь самади болж, зүүд нь зөнгийн үзэгдэл болоод, сэрсэн нь уран бүтээл болон биежжээ.
Энэ бүхнийг Буддын номоор тайлж буй нь учиртай. Хубилай хаан өөрөө Баясгалант Очир (санскр: Hevajra)-ын авшиг хүртэж, бясалгадаг байсан тухай түүх шаштирт тэмдэглэжээ. Энэ бол Буддын Тантрын охь шим нь юм. Хубилай хааны зохиосон гэх цорын ганц шүлэг бидний үед иржээ. Өгүүлэн буй арилсан үзэгдийн утга санаа уг шүлгээс тодорно:
Хавар цагийн найрамдуу улирал дор анхилам уулнаа авирч
Халшралгүй оргил дээр гараад Алтан нүүртэд бараалхахуй
Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй.
Хүжисийн утаа хүдэнтэн тунараад билэгт гэрэл сацармуй.
Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн,
Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхи хөгжимдмүй.
Буддын сүм дор бурханы өмнө хүж өргөн аяарлаад
Буцах замд сүйх тэрэгнээ хөх луу хөлөглөжүхүй.
Алтан нүүрт гэдэг нь Бурхан багшийн сэрэг дүрийг ёгтоор хэлжээ. Аглаг байгалийн сэлүүн сайханд Буддын сүмд мөргөл үйлдээд бие, сэтгэл амарлин заларсан хааны аялал бол мөнөөх гадаад утга. “Өлзийт өнгө солонгорч, билэгт гэрэл цацарч”, үзэгдэл ертөнц ариун дагшин бурханы орон болж сэрж мэдэгдэх нь дотоод утга юм. Хөх лууг хөлөглөсөн зэргийг яруу найргийн хийсвэрлэл төдийгөөр ойлгох хүн олон. Хийсвэр чамирхал, бодит амсуур хоёр ижил үгээр илрэвч чанад эрчисийг сэргэг зүрх ялгаж мэдэрдэг. Бясалгал, залбиралд ууссан сэтгэлийн агаарт “арилсан үзэгдэл” ургах тохиол бишгүйг үзсэн хүмүүс мэднэ. Дэргэдэх хүнд ч үл мэдэгдэх, зөвхөн өөрт харагдах зөнгийн үзэгдэл бий. Онцгой нандин амсуур хүртсэн учраас л их хаан үгээр илэрхийлшгүй утгыг яруу найргаар хайлсан биз ээ. Түүнээс үлдсэн цорын ганц гүр дуулал шүү дээ. Нууцын утгыг уншигч та өөрөө болгоо.