Өөрийгөө хайрлах минь
Бусдаас болж зовдог бол Будда ч зовсоор дуусна. “Будда, та хоёр нэг л нарны дор, нэг л гараг дэлхий дээр амьдардаг. Гэхдээ тэр диваажинд, чи тамд байна” гэж багш хэлнэм.
“Өөрийгөө л цэгцэл. Чамайг цэгцэрвэл ертөнц аяндаа цэгцэрнэ.” – Агнистын Гэгээ
Тийм ээ, эхлээд би өөрөө л эмх цэгцэндээ орох ёстой. Уур бухимдал, гуниг гутрал, айдас зовнил, сэтгэл ханамжгүйн мэдрэмж бүхэн миний дотоод ертөнц хөл, толгойгоо алдсаныг илтгэнэ. Түгшүүрийн дохио асч байгааг мэдэрсэн л бол бушуу “өрөөндөө” ор гэж багш хэлж байна. Энэ өрөө бол миний дотоод ертөнц. Өөр хэн ч хөл тавих эрхгүй орон зай. Энд хог новш хөглөрч байгаа бол өөрийн минь л “уран бүтээл”. Хэн нэгэн орж ирээд цэвэрлэх боломжгүй. Хог тарьсан хүн өөрөө л цэвэрлэх ёстой. “Бусад хүн намайг гомдоосон, би тэднээс болж үймэрч байна” гэж үглэн дуу тавихаа больё.
Бусдаас болж зовдог бол Будда ч зовсоор дуусна. “Будда, та хоёр нэг л нарны дор, нэг л гараг дэлхий дээр амьдардаг. Гэхдээ тэр диваажинд, чи тамд байна” гэж багш хэлнэм. Учир нь, хүн бүр өөр өөрийн ертөнцөд амьдардаг. Адилхан агаар мандал биднийг хүрээлэвч атгаг сэтгэлтэнд үл хүртэгдэх рашаан бясалгагч, хайрлагч хүний амьсгал бүрээр урсана. Наран эх биднийг сайхан, муухай гэж ялгалгүй ивээдэг. Дэлхий ээж биднийг дээдэс, доодос гэж алагчаалалгүй өргөдөг. Гагцхүү хайрлан мэдрэх, талархан баясах зүрхэнд л Оршихуйн их хайр ариусал, амарлил болон гийдэг юмсанж.
Гэтэл миний ертөнц юу болоод байна?
Өөрөөс ондоо сайн юмгүй
Өл овоо шиг тунирхдаг ертөнц.
Өөрийн сайн юмыг ч баллах
Үзэл балай сохор ертөнц.
Зововч аврал эрэхгүй
Дүлий тэнэг ертөнц.
Жаргавч сууж чадахгүй
Ааш муут ертөнц.
Бурхан бүгд дээш татавч
Болдоггүй ертөнц.
Бух толгойт эрлэг зүхэвч
Хаширдаггүй ертөнц.
Буянт мөрийн эрдэмтэйг мэдэвч
Дурладаггүй ертөнц.
Буруу үзлийн шуламтай
Аяндаа ханилдаг ертөнц.
Унтаж гээд барагдахгүй
Ухаангүй нойрмог ертөнц.
Алж идэж гээд энэрэхгүй
Адаг мангас ертөнц.
Цөхрөлтгүй шамдуулах
Чөтгөр хөлт ертөнц.
Гэмээ нуугаад нэрэлхэх
Гэдсэндээ бадганат ертөнц...
Ертөнц авгай гэвч би чинь өөрөө юмсанжээ хэмээн Ноён хутагт минь сануулж байна. Бурууг бусдаас эрж, гаднаас хайлгүй зүгээр л өөр лүүгээ оръё. “Үймэрч бухимдаж л байгаа бол чи зам мөрөөсөө гажсан байна. Сэтгэлийн айзам алдагдахад амьсгалын айзам алдагддаг. Амьсгал уужрахад дагаад сэтгэл ч мөн уужирдаг. Өөр юу ч бодолгүй зөвхөн амьсгалаа ажигла. Ухамсарт таван амьсгалын дотор уймрал бүхэн тайлагддаг юм шүү” гэж багш хэлж байна.
Энэ хэдэн хормыг зөвхөн өөртөө, амьсгалдаа зориулъя. Миний амьдрал бол миний амьсгал гэж мэдэрье. Би амьсгалж байна – би амьдарч байна. Амьсгалаа орж байгааг нь ажиглая. Гарч байгааг нь мэдэрье. Завсар чөлөөг нь анзааръя. Хоногт хүн дунджаар хорин нэгэн мянган удаа амьсгалдаг гэнэ. “Ажиглаж, ухамсарлаж амталсан амьсгал чинь л чиний жинхэнээсээ амьдарсан хором” гэсэн багшийн захиасыг саная. Амьсгалаа хүчилж өөрчлөлгүй, буй хэвээр нь ажигласаар байтал аясаараа л уужраад. Түрүүхэн багтарч ядан байсан түгшүүрт ертөнц айзам төгөлдөршөөд ирнэм.
Амьсгалаа хөлөглөн зүрхэн төв рүүгээ оръё. Амьсгал бүрээр зүрх минь тэлээд, багш бурхадын энэрэл хайрын долгион бүх биеэр түгээд, атгаг сэтгэлээс үүдсэн зангирал бүхнийг талбируулж, бүгдийг уучлан нигүүлсэх, орчлонг ойлгон ухаарах уярал тайтгарлаар адислана. Хэдхэн мөчийн өмнө тамын ертөнц аятай эрчилж байсан салхи шуурга, униар тоос тийнхүү намжаад, уяхан замбутивийн наран урьдынх шигээ л ивээнэм зээ.